Алдартнуудын сонирхолтой түүх

Posted on Тавдугаар сар 13, 2011

0


Конан Дойль. Дедукцийн арга
“Дедукцийн арга” гэхээр хэн бүхний санаанд өөрийн эрхгүй алдарт Шерлок Холмс бууна. Харин Шерлок Холмсыг бүтээсэн эмч мэргэжилтэй зохиолч Конан Дойль түүний баатартай эн зэрэгцэхүйц хүмүүстэй нэг бус удаа таарч явчээ.

Нэг удаа Конан Дойль Парист хүрэлцэн ирэв. Галт тэрэгний буудал дээр нэгэн таксины жолооч түүнийг зогсоон
–Ноён Конан Дойль, таныг хаа хүргэх үү? гэж асуусан аж.
-Та намайг яаж танив? гэж зохиолчийг гайхан асуухад таксины жолооч
-Би таны дедукцийн аргыг ашигласан юм гээд үүнийгээ ийн тайлбарлажээ.

Нэгдүгээрт, таныг манай улсад хүрэлцэн ирнэ гэж сонинуудад бичсэн байсныг саналаа. Хоёрдугаарт нь, таны өмссөн хослол тань англи загварынх юм, мөн та биеэ эмч хүн шиг авч явдаг юм байна. Гуравдугаарт, таны баруун гарын долоовор хуруу чинь бэх болсон байгаагаас үзвэл та их бичдэг бололтой гэсэн аж.

Үл таних залуугийн ийм ажигч зан нь Конан Дойлийг бүр алмайруулж орхисон тул тэрээр өөрийн эрхгүй “Та чинь ёстой Шерлок Холмс байна шүү дээ” гэж дуу алджээ. Харин нөгөө залуу маань “Бас нэг жижиг зүйл ажиглалаа. Таны тээшэн дээр нэг наалт байна. Энэ наалт дээр “Конан Дойль” гэж бичсэн байна шүү дээ” гэж хариулж гэнэ.

Жон Драйдэн. Шударга шүүх

Английн зохиолч Жон Драйдэнд бусдын л адил амьдралд нь нэмэр нөөлөг үзүүлдэг ивээн тэтгэгчид байжээ. Рочестер, Дорсет хэмээх лордууд болон Бекингем бэйс зэрэг адартнууд, баячууд түүнийг тэтгэдэг байсан гэдэг.
Нэг өдөр дээрх ноёд англи хэлний өвөрмөц онцлогуудын талаар яриа үүсгэжээ. Ялангуяа хүмүүст санаагаа хэрхэн хамгийн товчоор, агуулгыг нь эвдэлгүй ойлгомжтойгоор хүргэж болох талаар маргалдсан аж. Мэдээж хэрэг, олонд алдаршсан эдгээр ноёдын хэн хэн нь өөрсдийгөө л хамгийн мундаг нь гэж батлахыг хичээж гэнэ. Нэлээд маргалдсаны эцэст нэг шийдэлд хүрч чадахгүйгээ ойлгосон эрхмүүд Драйдэн зохиолчоор маргаанаа таслуулахыг хүсчээ. Ингээд өөр өөрсдийн хувилбартай захиаг илгээх болов. Рочестер, Бекингем хоёр удаан ноцолдсоны эцэст өөрсдийнхөө хувилбарыг бичээд дугтуйлсан аж. Харин Дорсет ноёнтон нэг их түүртэлгүй хэдэн мөр татлачихаад дэргэдэх нөхдөө ажиглаад сууж байсан гэдэг.
Зохиолч Драйдэн захиануудыг хүлээн авч уншиж дууссаныхаа дараа Бекингем, Рочестер нарт хандан “Эрхмүүд ээ, та хоёрын бичсэн хувилбарууд надад тун их таалагдлаа. Гэвч Дорсет ноёнтны хувилбар надад жинхэнэ таашаалыг төрүүллээ. Та бүхэн өөрсдөө уншаад надтай санал нийлнэ биз ээ. Дорсет ноёнтон “Ирэх тавдугаар сарын 1-ний өдөр би Жон Драйдэнд эсвэл түүний итгэмжлэлт төлөөлөгчид 500 фунт стерлинг өгнө. 1686 оны дөрөвдүгээр сарын 16. Дорсет” гэж бичсэн байна” гэсэн хариуг илгээжээ. Нээрээ ч, үүнээс илүү товч тодорхой, ойлгомжтойгоор бичнэ гэж байхгүй биз ээ.

About these ads