Чингис хааны тухай товч тайлбар толь-3

Posted on Наймдугаар сар 30, 2011

0


-“Чингис хааны тухай товч тайлбар толь” номоос үргэлжлүүлэн нийтлэж байна-

Бөртэ- Чингис хааны хатан, Хонгарадын Дай сэцэний охин. 1161 онд төрсөн. Бөртэг 10 настай байхад нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин гэж Есүхэй баатар ихэд таашааж Тэмүжин хүүдээ сүй тавьсан билээ. Тэгэхэд Тэмүжин 9 настай байв.

Бөртэ хатан Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй дөрвөн хан хүү төрүүлсэн юм. Бөртийн залуугийн амьдрал хадам эхийнхтэйгээ төстэй эхэлсэн билээ. Тэр мэргидэд олзлогдож, Чилгэр бөхийн мэдэлд хэдэн сар байлаа. Энэ явдал урьд мэргидийн их Чилэдүгээс Есүхэй баатар Өэлүн үжинг булаан авсны хариу байсан юм.

Бөртэй Тэмүжин Чингис хааны насан туршийн үнэнч хань, төрийн дөрвөн хатны манлай, дотно зөвлөгч нь байжээ.

Нэг өдөр Тэмүжин Жамуха нар хөсгийн өмнө явж байв. Гэтэл Жамуха:

-Тэмүжин анд аа ууланд шахан бууя. Адуучинд гэр болтугай. Голд шахан бууя, хоньчин хургачинд хоол болтугай гэж хэлжээ. Жамухын хэлснийг Тэмүжин эс ойлгон хөсөг ирэхийг хүлээж байгаад эх Өэлүнгээс учрыг асуув. Өэлүн эхийг ам нээж амжаагүй байтал Бөртэ хажуунаас нь:

-Жамуха анд амархан уйддаг гэдэг билээ. Одоо биднээс уйдах цаг нь болсон биз ээ. Тугаарын (саяын) Жамуха хэлсэн нь биднийг жишээлсэн үг мөн. Бид бүү бууя. Энэ хөдөлсөөр шулуухан Жамухаас хагацаж шөнө турш явъя гэжээ. Тэмүжин Бөртийн үгийг зөвшөөрч шөнө турш явж Жамухаг орхин оджээ. Энэ мэтээр Чингис хаантай ил далд өрсөлдсөн хүмүүсийг Бөртэ соргог ажиглан мэдэж тухай бүр эзэн эрдээ сэрэмжлэн сануулж байв.

“Бөртэ хатан бол Чингис хааны гадаад үйлийн гол зөвлөгч, төрийн түшээ мөн” гэж олон эрдэмтэн үнэлжээ.

Бөртэ Чино- Монгол хаадын дээд өвгийг Бөртэ Чино хэмээн түүхэнд тэмдэглэжээ. Бөртэ Чино хэмээх манай он тооллын 8 дугаар зууны эцсээр Бурхан Халдун, Их Хэнтий уулын орчим сууж байсан монгол аймгийн зонхилогч байв.

Монголын нууц товчоонд: Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чино, гэргий Гоо Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвгүүнийг төрүүлжээ гэж дурдсан байдаг.

Лувсанданзангийн зохиосон “Алтан товч” хэмээх зохиолд: Төвдийн эн тэргүүн Хүзүүн сандалт хаанаас салсан Далай совин алтан сандалт хааны хөвгүүн нь гурав буюу ах нь Борочу, дэл нь Шибагучи, отгон нь Бөртэ Чинуа буюу. Өөр зуураа муудалцаж, Бөртэ Чинуа умар зүг тэнгис далай гэтэлж жадын (харийн) газар ирээд, эр үгүй Гоо Марал нэрт охиныг авч Жадын газар нутаглан Монгол омогтон болов хэмээн өгүүлжээ.

А.Амарын “Монголын товч түүх” номд: Бөртэ Чино нь Чингисээс өмнө 1069 оны үед Байгаль далайн хавьд байсан хэмээхээр бодож үзэхэд умард хүннү буюу сяньби, тобануудын доторх нэгэн монгол хүний үр байжээ гэж бичсэн билээ.

Зарим түүхч, утга зохиол судлаачид Бөртэ Чино, Гоо Марал хоёрыг адгуус амьтад, үлгэр домгийн дүр гэж үздэг байна.

Бөртэ Чино хэмээхийг Монгол хүн гэж түүхчид санал нэгтэй тэмдэглэж байгаа юм.

Бурхан Халдун- Бурхан Халдун уул бол олон зууны турш Монгол хүмүүсийн зүрх сэтгэл, сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ.

Монгол туургатны нутгийн цөм, Хэрлэн, Онон, Туул голын эх эндээс эхэлдэг бөгөөд байгалийн үзэсгэлэн төгөлдөр нутаг юм.

Монгол үндэстэний олон арван үеийн буурал түүхтэй энэ онгон уулын нэр салшгүй холбоотой явж ирсэн юм.

Бурхан Халдун уул нь бэлийн буюу бага, дунд, их гэж нэрлэсэн 3 овоотой, ар өврөөрөө битүү модоор хучигдсан зөвхөн онгон хяр хавьдаа сийрэг модтой, тагийн тачир ургамалтай.

Бэлийн овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг.

Дунд овооны тэнд олон метрийн голчтой том хүрэл тогоо бий. Хэзээ, хэн, ямар арга хэрэглэж энэ тогоог хүргэснийг мэдэж чадвал мөн сонин байхсан.

Уулын орой дахь Их овооны тэндээс доошилмогц энгэр талын зуувандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий.

Энэ уулын болон орчмын газар нутагтай эзэн Чингис, түүний өвөг дээдсийн олон үеийн нэр, түүх холбоотой билээ.

Ийм ч учраас монголчууд:

Өндөр дээд бурхан Халдун чамайг

Өглөө бүр мялайж байя

Үрийн үрд тахиж

Үеийн үед үргэлж шүтье

гэж их эзэн Чингис гэрээслэн захисан тэр захиасыг олон зууны турш үнэнчээр сахиж онголон тахиж, шүтэж биширсээр ирсэн билээ.

Монголчуудын хувьд ариун шүтээн болсон энэ сүрлэг хайрхан цаашид ч ийм байх биз ээ.

Бэгтэр- Бэгтэр болбоос Тэмүжинтэй эцэг нэг, өөр эхээс төрсөн түүний үеэл ах нь билээ. Бэгтэр Есүхэй баатрын нөгөө гэргий Сочигэл эхээс төрсөн болно. Бэлгүтэй Бэгтэрийн дүү бөгөөд хожим Тэмүжинд үнэнчээр зүтгэж байжээ. Бэгтэр Тэмүжинээс ах бөгөөд дээрэнгүй зантай нэгэн бөлгөө.

Нэгэн өдөр Тэмүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүтэй дөрвүүл загас гөхидөхөд нэг гэгээн согос загас гөхид торжээ. Бэгтэр, Бэлгүтэй хоёр тэр загасыг Тэмүжин Хасар хоёроос булааж авав. Урьд өдөр нь нэг болжмор харваж алсныг тэд мөн булааж авсан билээ. Үүнээс болж Тэмүжин Хасар хоёр Өүлэн эхийн үгийг сонсолгүй Бэгтэрийг алахаар шийджээ.

Бэгтэрийг есөн шарга морио хариулж суутал Тэмүжин хойноос, Хасар өмнөөс нууцаар сумаа онилж хүрэхэд Бэгтэр үзээд өгүүлрүүн: “Тайчууд ах дүү нарын хөнөөлийг хүлээгээд, өшөөгөө дуусган авч чадаагүй байтал, та нар намайг яаж нүдний сормуус, амны бөөлжис болгоно? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй атал юунд ингэж байна, та? Голомтыг минь бүү бүрэлгэгтүн. Бэлгүтэйг бүү хөнөөгтүн” гээд завилан сууж хүлцэв. Тэмүжин Хасар хоёр хойно урдаас харван алж одов. Тэр хоёр гэрт орж ирэхэд Өүлэн эх учрыг мэдэж ихэд буруушаан зэмлэсэн билээ.

Тэмүжин Бэгтэр хоёрын зөрчлийг түүхчид янз янзаар тайлбарладаг билээ. Эрдэмтэн П.Рачневский Бэгтэрийг алсан явдал зөвхөн олзоо булаалдсанаас биш, Тэмүжин өрх гэрийн толгойлогч байх хүслээс болсон хэрэг бололтой гэжээ. Оросын нэрт эрдэмтэн А.Гумилёв гуай Бэгтэр, түүний эх Сочигэл хатан хоёр тайчуудтай нууц сүлбээтэй, тэдэнд ямагт хов зөөдөг учир Тэмүжин Бэгтэрийг алсан бололтой гэжээ.

Академич, эрдэмтэн Ш.Нацагдорж гуай Бэгтэрийн дээрэлхэх, доромжлох нь ганц нэг удаагийн хэрэг биш. Бэгтэрийн доромжлол нь тайчуудын дарлалд хорсон тачаадаж явсан Тэмүжиний бухимдлыг туйлд нь хүргэн эцсийн бүлэгт Бэгтэрийг хороох аймшигтай алхам хийхэд хүргэсэн бололтой гэж үзжээ.

Г

Газрын тос- Чингис хаан газрын хөрсөн дээр ил гарч ирсэн хар өнгөтэй, өмхий үнэрт шатамхай шингэнийг анх удаа дайн байлдаанд хэрэглэжээ.

Чингис хааны цэрэг 1220 онд бүслэгдсэн Бухар, Самарканд хотуудыг бөөрөнхий атлаа шовх хэлбэртэй “нефтийн бөмбөг”-карурэ гэж нэрлэдэг савтай нефть харван шатааж эзлэн авчээ. Энэ тухай Рашид дины бичсэн түүх болон эртний Самарканд хотын үлдэгдэл тууриас олдсон түүхийн дурсгал бичгүүдэд тэмдэглэн үлдээжээ.

Түүнчлэн 1179-1229 онд амьдарч байсан Арабын газар зүйч Якут ал Хасиави газар зүйн толь бичиг гэдэг номдоо 1220 онд Ираны хойт зүгт орших Нашапура хотыг Монголын цэрэг бүслэн хааж, нефттэй сав харваж цацах 700 гаруй машин хэрэглэн хотыг бүхэлд нь галдан шатааж эзлэн авсныг дурджээ.

Чингис хааны цэрэгт нефтийн бөмбөг хаядаг тусгай анги байв. Тэр ангиа “нефтьандоз” гэж нэрлэдэг байжээ.

Годан- Өгэдэй хааны хоёрдугаар хүү. Дөргэнэ хатнаас төржээ. Чингис хаан амьд байхдаа Өгэдэйн дараа хаан ор суух хүнд Годангийн нэрийг зааж байв. Дөргэнэ хатан Өгэдэй хааныг үхсэний дараа төрийн эрхийг хэдэн жил түр хамаарахад Годан илт дургүйцэж байжээ. Годан ноён тэр цагт Монгол гүрний нэг чухал муж хязгаар болох Хөх нуурын газрыг захирч байв.

Дөргэнэ хатанд хяхагдаж хавчигдсан Чингис хааны итгэлт хүн, худалдаачин Мухамед Ялвач, Чингай Чинсан нар Годангийн дэргэд очиж амь хоргодсон байна. Тэднийг нэхэж Дөргэнэ хатан элч явуулахад Годан эсэргүүцэж “Болжмор шувуу начин шонхроос зугтаж бутны ёроолд амь хоргодон, аюулаас аврагдах адил эдгээр хүмүүс бас бидний энд хоргодохоор манай мэдлийн хязгаарт орж иржээ. Эднийг барьж өгвөл энэрэх сэтгэлийн хууль зүйд үл зохицохоос гадна хүний ёсноос гажуу хэрэг болно. Намайг хол ойрын хүн, түрэг, тажик ялгаагүй цөм учрыг мэдэж өршөөнө. Мөн хуралдаан болох тулд эдний ураг, удам, ноёд түшмэдийн өмнө аваачиж, гэм буруугий нь тоочин хэлэлцүүлж, зохих ялыг хүлээлгэе” гэж хэлж, элчийг буцааж байв.

Эцэст нь Дөргэнэ хатан төрийн эрхийг Чингис хааны гэрээсэлсэн Годанд өгөхийн оронд өөрөө барьж байхыг сонирхож байв. Тийм учраас төрийн эрхийн төлөө эх хатан Дөргэнэ, хүү Годан хоёрын хоорнод далдуур тэмцэл явагдах болов.

Дөргэнэ хатан лалын шашинт Фатима гэдэг эхнэртэй хуйвалдан хүү Годанг хорлохоор шийджээ. Годангийн үхсэнийг Фатимагийн нэртэй холбож, түүхэнд тэмдэглэсэн байдаг. Годан өөрөө үхэхийнхээ өмнө Фатимад далдуур хорлогдлоо гэж ярьж байжээ.

Гүюг хаан- (1206-1248) Их Монгол гүрний угсаа залгамжилсан гурав дахь хаан бол Өгэдэйн ууган хүү юм. Их Монгол гүрний хаан ширээнд Гүюг 1246 онд өргөмжлөгдсөнийхээ дараа төрийн эрхийг ёс бусаар булаалдах хэрэгт идэвхийлэн оройлж оролцогчдыг хатуу цээрлүүлэн шийтгэж, Дөргэнэ хатны үед огцорсон сайд түшмэдийг хуучин тушаалд эргүүлэн тавьсан байна. Дөргэнэ хатны ноёрхлын үед түүний буулгасан зарлиг, бусадтай тогтоосон гэрээг Гүюг цуцлан хүчингүй болгож улсын дотоодын хэргийг цэгцлэхийн зэрэгцээ 1247 оны өвөл хүн амын толлого явуулжээ. Гүюг хаан эцгийнхээ явуулж байсан гадаад бодлогыг сэргээн баримталж Зүрчидийн Алтан улсыг бүрэн эзлэн дагуулах, Өмнөд Сун улс, Өрнө зүгийн Исмайл зэрэг орныг байлдан дагуулах цэрэг илгээж байв. Тэр цагт Их Монгол улсын төр засагт Алтан ордны улс захирагдахгүй биеэ даахыг санаархан зорьж байсан тул Бат хааныг гэнэдүүлэн цохих эчнээ санаа өвөрлөн 1248 оны өвлийн сүүл сард Өрнө зүгт аян хийхээр аялан явж байхдаа мөн оны 4 дүгээр сард Самарканд хотын орчим хорвоогоос хальсан байна.

Д

Дай сэцэн- Тэмүжин Чингис хааны хадам эцэг. Хонгирад аймгийн хамгийн нөлөө бүхий баян хүн Дай сэцэн Тэмүжинг 9 настай байхад эцэг Есүхэй баатар, Өүлэн эхийн төрхмийн Олхонуудад очиж хөвгүүндээ хүүхэн гуйхаар явж байхад Дай сэцэн тааралдаж, Есүхэйн зорьж яваа хэргийг сонсоод: “Энэ хөвгүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвгүүн байна. Манай хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, өнгө сайн охидтой тул зээгийн зүсээр, охидын өнгөөр явдаг. Би энэ шөнө цагаан шонхор шувуу наран саран хоёрыг атган нисч ирээд миний гар дээр буув гэж зүүдлэв. Гайхалтай ямар сайхан тохиол учрах болов гэж би бусдад хэлсэн билээ. Есүхэй худ чи хөвгүүнээ дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Танай хияад аймгийн сүлд ирсэн ажээ. Есүхэй худ миний гэрт оч. Над өчүүхэн охин бий, та үз” гэж хэлээд Есүхэйг гэртээ дагуулан ирдэг. Есүхэй Дай сэцэний гэрт хоноод хүүдээ сүй тавихаар охиныг нь гуйваас: “Олон удаа гуйлгавал эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөөс доромжлогдох гэдэг боловч охин хүний заяа төрсөн үүдэнд өтлөхгүй тул охиноо өгье. Чи хөвгүүнээ хүргэн болгож, манай гэрт үлдээ!” гэв.

Дай сэцэн Есүхэй баатрыг нас барснаас хойш ч тавьсан сүйдээ үнэнч байж, Тэмүжин хүргэндээ сайн байлаа.

Дай сэцэн нэг удаа Чингис хааны эсрэг Хонгирад, татар аймаг хуйвалдаж байгаа мэдээ хүргүүлж түүнд тус хүргэсэн билээ.

Даридай отчигин- Даридай отчигин бол Хабул хааны хоёрдугаар хөвгүүн Бартан баатрын дөрвөн хөвгүүний отгон нь болно. Чингис хааны эцэг Есүхэй баатар Даридай отчигины төрсөн ах нь билээ. Тэмүжинг Химурга горхины айл харагна гэдэг газар бууж байхад Даридай отчигин нэгэн хүрээ болж нийлэн иржээ. Тэмүжинг Хамаг Монголын хаанд өргөмжлөхөд тэр өөрийн бага авга Даридай отчигинд найр тавьсан боловч тэр хүлээн аваагүй билээ. Жамух болон Чингис хааны хооронд болсон “Арван гурван хүрээний байлдаан”-д Даридай отчигин Чингисийн нэгэн хүрээг удирдан байлдаж явсан билээ.

Хар нохой жил буюу 1202 оны намар Чингис хаан гурав дахь удаа татарыг дайлахаар шийджээ. Тэгээд Далан нөмөргөс гэдэг газар байлдахад Алтан, Хучар, Даридай отчигин нар байлдааны өмнө тогтоосон цаазыг зөрчин, олзонд шунан саатсан учир тэдний олзолсон зүйлийг нь хураан авч олонд хуваан өгчээ. Тиймээс ч тэр гурав урван тэрслэх сэтгэл өвөрлөсөн билээ. “Хүйтний байлдаанд” Алтан, Хучар, Даридай гурав Чингисийн манлай цэрэг болон Жамухтай байлдсан байна.

Алтан, Хучар хоёр Жамуха, Ван хан нартай нэгсэж Тэмүжиний эсрэг хуйвалдаан нэг биш удаа зохиожээ. Энэ хуйвалдаанд Даридай отчигинийг “Хэрэйдтэй нийлж явсан хэмээн нүднээс далд болгоё” гэж Чингис хаан хэлжээ. Гэвч Боорчи, Мухулай, Шихихутаг гурав “Өөрийн голомтыг сөнөөх мэт, өөрийн гэрийг эвдэх мэт болох биш үү. Сайн эцгийн чинь гэрээс болж үлдсэн ганц авга чинь биш үү. Түүнийг үгүй хийж яаж болно? Түүний ухаж мэдсэнгүйг уучилтугай” гэж ятгаж хэлсэн учир эцгээ санаж Даридай отчигинийг шийтгэхээ больж байсан гэдэг.

Дөргэнэ хатан- Мэргид аймгийн ноён Тогтоа бэхийн их хөвүүн Худугийн хатан байжээ. Мэргидийг эзлэн авсны дараа Чингис хаан түүнийг хүү Өгэдэйдээ өгсөн байна. Дөргэнэ Өгэдэйн хатан болоод Гүюг, Годан, Кучуг нэртэй гурван хүү төрүүлжээ.

Дөргэнэ хатан төрөлхийн сэргэлэн ухаантай, эрмэг зантай, чадварлаг эмэгтэй байсан тул бусад хатны дотроос Өгэдэйд ихээхэн эрхэмлэгдэж байв. Өгэдэйн архи уух нь ихсэх үеийг далимдуулан Дөргэнэ улам улмаар төрийн хэрэгт оролцох болжээ. Дөргэнэ хатан лалын худалдаачин нарыг дотночлон, тэдэнд зүйл бүрээр тусалж байв. Лалын шашинт Фатима гэдэг эхнэр Дөргэнэ хатны хамсаатан байв. Ялангуяа лалын худалдаачин Абдурхман Дөргэнэ хатанд онцгой дотночлогдож, 1240 онд эзлэгдсэн орнуудын олон мужаас гааль гувчуур хурааж авах түшмэл болжээ. Тэр Дөргэнэ хатантай хуйвалдаж хааны тамгыг хоосон цаасан дээр олноор даруулж, хааны нэрээр зарлиг зохион бичиж ард олноос албан татварыг өдий төдийгөөр хураан авдаг байв.

Өгэдэйн нас бармагц хаан ширээний төлөө булаацалдах тэмцэл эхэлжээ. Өгэдэй амьд байх цагтаа гуравдугаар хүү Күчүгээр хаан ширээ залгамжлуулах бодолтой байв. Гэтэл Күчүг эрт нас баржээ. Тэгэхэд Күчүгийн ахмад хүү Ширэмүнийг хуантайз болгожээ. Ширэмүн нялх байсан тул хаан ширээнд суухад эрт байв. Түүний эмэг эх Дөргэнэ энэ байдлыг ашиглаж, нөлөө бүхий хэсэг ноёд, түшмэдийг Далан даваанд хуралдуулан хаан өргөмжлүүлэх асуудлыг хэлэлцүүлжээ. Тэр чуулган шинэ хааныг өргөмжилтөл Дөргэнэд төр хамааруулахаар тогтжээ.

Рашид ад-Дин “Ахмад хөвүүдийн эх Дөргэнэ хатан арга заль хэрэглэн хааны ураг садангуудтай зөвлөлгүй өөрийн дураар төрийн эрхийг эзлэн авчээ. Тэр элдэв зүйлийн бэлэг шангаар төрөл садан, ноёд түшмэдийн сэтгэлийг татсан учир, цөм түүний зүг хандаж эрх мэдэлд нь орсон” гэжээ.

Дөргэнэгийн энэ явдалд Өгэдэй хааны ах дүү, үр садан болон хуучин түшмэд, Чингисийн угсааны бусад ноёд сурвалжтан нарын олонх ихэд дургүйцжээ. Өгэдэйн дотны түшмэл, монгол гүрний баруун этгээдийн их сайд Чингай Чинсан, лалын мөргөлт нөлөө бүхий түшмэл Мухамед Ялавач, Өгэдэйн хоёрудгаар хөвүүн Годан нар бусдаас илүү дургүйцэн эсэргүүцэв.

Дөргэнэ хатан монголын их хааны хэргийг хамаармагц Чингай Чинсанг албанаас халж, мөн Мухамед Ялавачийг хань нөхдийн нь хамт барьж авахаар завдахад тэд учрыг мэдэж Годангийн зүг зугтан оджээ.

Дөргэнэ хатны төр барих явдалд дургүйцэн хаан ширээ залгамжлах гэсэн нөгөө нэг өрсөлдөгч этгээд нь Чингис хааны отгон дүү Отчигин ноён байжээ. Дөргэнэ хатныг зайлуулж хаан ширээ эзлэн авах аян шалтаг гарахыг харж Эмил нутагтаа түр хүлгэлзэн байсан Гүюг Отчигинийг эсэргүүцэх нэрийдлээр цэрэг удирдан хүрч иржээ. Хоёр талаас хаан ширээний төлөө ингэж хүч хэрэглэсэн мөргөлдөөн үүсч болзошгүй болсон тул ард олон үймэрч Дөргэнэ хатныг хүнд байдалд оруулсан байна. Тийм учраас Дөргэнэ хатан хүү Гүюгийн талыг барьж, Отчигиний эсрэг тэмцэх болов. Тэмүгэ Отчигин ч Гүюгийн ирж явааг нэгэнт дуулсан тул Өгэдэй хааны нас барсны ойн уй тайлах ёслолд оролцох гэж ирсэн хүн болоод нутаг буцжээ.

Дөргэнэ хатны дөрвөн жил гаруй төр хамаарах хугацаанд Монгол улс хямарч, ноёд түшмэд, ард олон шинэ хаан өргөмжлөх эрмэлзэлтэй болжээ.

Дэлүүн Болдог- Чингис хааны төрсөн газар. Онон голын хөвөөнд оршдог. Үхрийн дэлүү шиг хэлбэртэй бяцхан толгой юм. Тэр толгойн өмнө талд цувраа гурван жижигхэн нуур байжээ. Олон зуун жил өнгөрөхөд баруун талын нуур ширгэж, дундаа аралтай нуурын арал нь доош суужээ.

Домогт өгүүлэх нь: Чингис хааныг төрөхөд эх нь адууны дэлүүгээр шөл хийж уусан учир гурван нуурын зүүн нуурыг Дэлүүн нуур гэх болжээ. Дунд талын нуур нь дундаа аралтай, маш халуун хонхортой, түүнийг Чингисийн гэрийн буурь гэдэг. Баруун нуур нь давстай. Чингис хааны нялх биеийг угааж болгосон учраас Болдог гэдэг нэр авчээ. Зүүн, баруун хоёр нуурын нэр нийлж Дэлүүн Болдог гэдэг нэр үүсчээ гэдэг.

Е

Есөн өрлөг- Чингис хаанд их цэргийн түшмэдүүдийн охь манлай болсон шилдэг есөн баатар нөхөр байжээ. Тэднийг Чингисийн өрлөг гэнэ. Тэдгээр есөн өрлөг жанжин бол Тэмүжинийг эрт, хожим үнэнчээр даган нөхөрлөсөн андууд юм. Тэмүжин есөн өрлөг болон бусад шадарлагчдын хүчээр их улсаа байгуулжээ. Есөн өрлөг Тэмүжинд зөвлөлгөө өгч, сайн мууг сануулан, түүнийг элдэв осол эндлээс хамгаалж явсан гавьяатан нар юм. Тиймээс ч тэд зарлигаар дархалсан үнэнч баатар сайдууд болжээ.

Есөн хөлт цагаан туг- Монгол улсын төрийн үйлс ариунаар мандах бадрахын бэлгэдэл нь есөн хөлт цагаан сүлднээ шингэжээ. Цагаан сүлд хэмээгч нь цагаан адууны дэл сүүлээр манжлага (гөхөл) хийсэн туг болно. Энэ нь голдоо нэг том сүлд, түүнээ тойруулсан найман бага тугнаас бүрэлддэг тул есөн хөлт цагаан сүлд гэгджээ. Тус сүлдний дээр нь оройдоо алтан шармал төмрөөр урласан галтай гурван үзүүрт ган сэрээтэй, түүний доорх дүгрэг царнаас (тавагнаас) доош нь цагаан хялгасан гөхлийг наян нэгэн нүхнээс, нарийхан зүссэн ямааны арьсан сураар бэхэлсэн байдаг. Гол сүлдийг тойруулсан найман дагалт сүлдийг нь элч сүлд гэдэг. Элч сүлдийг гол сүлдтэйгээ чагтгалан холбосон байна. Эртний монголын төрийн ёсонд есөн хөлт цагаан сүлдээ босгож хаанаа ширээнд залдаг заншилтай байв.

Цагаан сүлдийг голчлон энхжингийн үйлд хэрэглэдэг байжээ. Цагаан сүлдний оройн гурван дөлт гал хийгээд нар сар нь мөнхжингийн утгатай юм.

Цагаан сүлдийг Ар, Өвөр Монголын олон хошуунд тахиж байсан бөгөөд Монгол улсын нутагт Чингис болон Цагаадай хааны цагаан сүлд хадгалагдан үлдсэний зарим нь Улаанбаатар хот дахь Улсын төв иузейн үзмэрт буй. Үүнээс Эрдэнэ зуу хийдийн тэнд байсан Чингисийн цагаан сүлдний тухай сонирхуулбал: Эрдэнэ зуугийн өмнө Баруун хүрээ гэж бий. Тэнд жижгэвтэрхэн модон байшинд хадаг яндар болсон цагаан үстэй туг байв. Түүнийг тусгай лам нар харж хамгаалсаар иржээ. Уул тугийн дөрвөн талаас нь төмөр гинжээр дугтуйтай төмөр онгиноос аргамжсан байв. Хадаг яндар дээгүүр сэрээний гурван үзүүр цухуйж байв. Тэр тугийн дэргэд нэг дун бүрээ байдаг аж. Түүнийг Чингисийн цэргийн бүрээ гэдэг. Лам нар нь ном уншиж тугаа тахидаг байжээ. Мөн Цагаадайн цагаан сүлдийг Халхын засагт Хан аймгийн Лу жанжин гүний хошуу буюу одоогийн Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт Хан хөхий уулын өвөрт хадгалан их наадам наадаж тахидаг байжээ. Тэр цагаан сүлдийг хадгалдаг тусгай үе залгамжилсан тугчин хүмүүс байв.

Есүгэн- Татарын Их-Чэрэнгийн охин. Чингис хаан Татарыг эзлэн авсны дараа Есүгэнийг хатнаа болгожээ. Есүгэн хатан Чингис хааны өршөөлд орж, хэлсэн нь

-Хаан соёрхвол, намайг хүнд бодож асрах биз. Миний эгч Есүй надаас дээр, хан хүнд зохилдох гоо бүлгээ. Гагцхүү саяын будлианд хааш очсоныг мэдэхгүй гэжээ. Тэгэхэд нь Чингис хаан

-Эгч чинь үнэхээр чамаас гоо бол эрүүлье. Эгчээ ирвэл чи зайлж сууриа өгөх үү гэв.

-Хаан соёрхож, эгчийг минь уулзуулбал би эгчдээ сууриа тавьж өгч даруй зайлъя гэж Есүгэн хатан өгүүлжээ.

Чингис хаан Есүй хатныг цэргүүдээрээ эрүүлбэл тэрээр эр нөхөртэйгээ хамт ойд зугтааж явсан аж. Чингисийн цэргүүд Есүй хатныг барьж иржээ. Харин түүний эр нөхөр нь зугтсан байна.

Есүгэн хатан хэлсэн үгэндээ хүрч өөрийнхөө сууринд эгчээ суулгаж, өөрөө доод талд нь суужээ. Есүй хатан үнэхээр гоо тул Чингис хаан түүнийг гуравдугаар хатнаа болгожээ.

Есүгэн хатан Чингисийн дөрөвдүгээр хатан болов. Есүгэн хатнаас Харцар, Хархад, Чахуур гэдэг гурван хүү төрсөн байна. Чингис хаан Есүгэн хатандаа найманы Таян хааны ордныг өгчээ.

 

Үргэлжлэл бий      

 

About these ads