Чингис хааны тухай товч тайлбар толь-6

Posted on September 29, 2011

11


-“Чингис хааны тухай товч тайлбар толь” номоос үргэлжлүүлэн нийтэлж байна-

 

МОНГОЛ ТӨМӨРЛӨГИЙН АЖ АХУЙ – Монгол гүрний цэргийн зэр зэвсгийн үлэмж давуу чанар, хүрэлцэхүйц хэмжээтэй нөхөн сэлбэх байнгын хангамж, нөөцтэй байсан гол нөхцөл нь тухайн үедээ өндөр хөгжсөн төмөрлөгийн аж ахуй олон газар, эрчимтэй хөгжиж байсны үр дүн мөн юм.

Түүх судраас үзэхэд монголын төмөрлөгийн гар үйлдвэр нь XIII зууны эхэн гэхэд хөл дээрээ баттай зогссон биеэ даасан томхон салбар байжээ.

Энэ үйлдвэрлэл нь хуруу дарам цөөхөн төвүүдэд биш монгол гүрний зах хязгаар нутгаар байсан төмөрлөгийн үйлдвэрүүдийг нутгийн гүндээ шилжүүлэн байрлуулах, шинийг байгуулах, хуучныг өргөтгөх ажил эрчимтэй хийгдэж байжээ.

XII зууны II хагаст хамаг монголын хан Хотола Чингисийн эцэг Есүхэй баатар нар Алтан улс болон Татарын довтолгооны эсрэг байлдаж байх үед ч, монголын тулгар төрийг байгуулахын өмнө Тэмүжин, ван хан Тоорил, Жамуха сэцэн нарын олон түмэн цэрэг хэдийгээр нэгэн зэрэг байлдаанд орж байгаа ч гэсэн зэвсгээр сайн хангагдсан байдаг байв.

Байлдааны бэлтгэлийг хангах нэг чухал шаардлага нь цэргийг шаардлагатай зэвсгээр хангах хэмжээ байсан бөгөөд энэ нь хэр хангагдав гэдэгт хатуу хяналт тавьж хүч гарган заавал хэрэгжүүлдэг байсанд оршино.

Тэр үейин “нэг хүний” биедээ заавал авч явах чухал зүйлүүдийг хүртэл нарийвчлан тогтоосон байжээ.

Үүнд биеэ хамгаалах хөө хуяг, эмээлийн дөрөө (хэрэглэж яваа дөрөөний сэнж сэтрэх үед солих), хазаарын амгай, сумны төрөл бүрийн зориулалттай зэв 30-60 ширхэг, илд, жад, хутга, зэр зэвсгээ ирлэх хуурай ордог байв.

Энэ хэмжээний нөөц зэр зэвсэг, багаж хэрэгслийг хэдэн арван мянган цэрэгт хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэхэд ямар их төмөр материал орж, олон зуун гар үйлдвэрийн газар олон арван мянган хүн ажиллаж байсан нь тодорхой биз ээ.

Тэр үед зөвхөн зэр зэвсэг үйлдвэрлээд зогсохгүй төмрийн дархчуудаар байлдааны төмөр тэрэг ч үйлдвэрлэж байжээ.

Төмрийн аж ахуйг зөвхөн Чингис хааны үед үүссэн гэж үзэж болохгүй.

Учир нь төмрийн үйлдвэрлэл монгол нутагт МЭӨ II мянган жилээс наанагүй үед үүссэн гэж үзэх баримт материал олон тохиолддогийн зэрэгцээ монголын төмөрлөгийн хүдэр хайлуулалт нь эртний төмөрлөг хайлуулалтын түүхэн үе шатыг бараг бүрэн дамжжээ.

Гагцхүү Чингис хааны үед урьдын ололт, туршлагын үндсэн дээр уг аргыг улам боловсронгуй болгон өндөр зохион байгуулалтад оруулан тодорхой зорилготойгоор чадварлаг хийж чадаж байсанд оршино.

Чингис хаан зөвхөн өөрийн гүн сэтгэгчид, уран гартангуудын мэдлэг, чадварыг ашиглаад зогсохгүй гадаадын хосгүй авьяастангуудын хүчийг ч ашиглаж энэ ажлыг улам боловсронгуй болгож байжээ.

 

МОНГОЛ ЦЭРГИЙН ШИДЭГЧ БОЛОН ГАЛТ ЗЭВСЭГ – Дээр үеийн Монгол цэргийн сүр хүч, ялалтын уг сурвалж нь олон хүчин зүйлсээс хамаарч байсан нь тодорхой.

Байлдааны урьдчилсан бэлтгэл, судалгааг маш нарийн хийж, дайны үеийн баримтлах зарчим, амьд хүч, зэвсэг, материалын нөөц, замд зарцуулах хугацаа, дайсантай тулалдах цаг үеийг нарийн сонгодог нь шийдвэрлэх үүрэгтэй байжээ.

Зөвхөн дээрх зүйлүүдэд анхарааад зогсохгүй, цэргийн зохион байгуулалт, байнгын дасгал сургууль, зэвсэг техникийн давуугаар өрсөлдөгчөө дийлэх, арга ухаанд тун ч их мэргэжсэн, түүнд онцгой ач холбогдол ч өгч байжээ.

Үүний тодорхой жишээ нь тухайн үедээ монгол цэргийн хэрэглэж байсан зэвсэг нь өөрийн хөгжил дэвшил, чанарын өндөр төвшнөөрөө бусдаас давамгайлж байсан юм. Түргэн хөдөлгөөнтэй, хөнгөн, маневрлах чадвар сайтай, бага хүчээр дайсны их хүчийг амархан дийлж байсны нууц ч энд оршиж байгаа юм.

Манай өвөг дээдсийн хэрэглэж байсан зэвсгийн талаар ном сударт бага бичигдэж байсан бөгөөд гол төлөв гадаад орны түүх, соёлын музейд буй үзмэр, монгол орны археологийн олдворуудаас л гол дүгнэлт хийж болдог ажээ.

Зэвсэг хэрэглэлийн тухай тодорхой бичигдээгүй нь монголчууд дээр үеэс цэрэг зэвсгээ бусдаас онцгой нууцалж байсных буй заа.

Ер нь бидний монголчууд цэргийн нууцаа байтугай өөрийн удам судраа ч гаднын хүнд ил тод ярьж сурталчилдаггүй маш нууцлан зөвхөн хойч үедээ сайн мэдүүлэн өвлүүлж гал голомт, эх нутгаа сахин хамгаалж олон зууныг элээсэн билээ.

Монгол цэрэг XIII зууны 11 онд Зүрчидийн довтолгооныг няцаах, 27 онд Цзинь, Алтан улсын эсрэг хийсэн тулалдаанд шидэгч зэвсгийг хэрэглэж байжээ.

Тэгэхдээ зөвхөн энэ онуудад л шидэгч зэвсэг анх буй болсон гэвэл ташаарал болно биз ээ.

Учир нь монголчуудын дээд овог Кидан гүрний чулуу шидэгч болон галт зэвсгийн нууцыг нь бусдаас чандлан хамгаалж улам боловсронгуй болгон хөгжүүлж иржээ.

“Юань улсын түүх”-нд Монголын баргужин овгийн Бөхпүүгийн хүү Ямухай өөрийн цэргийн дотроос 500 гаруй хүнтэй чулуу шидэгч тусгай анги байгуулж тэр нь дайн байлдааны явцад онцгой үүрэг биелүүлж байсан төдийгүй хожим Өгэдэй хаан XIII зууны 35 онд Ямухайг цэргийн эрдмийн багш болгож байсан байна.

Мөнх хааны үед (1251 он) Ямухайг цэргийн жанжин болгож байлаа. Монгол цэргийн чулуу шидэгч ангийн ерөнхий удирдагч, энэ төрлийн зэвсгийн түмтийн даргаар Ямухайг нас барсны дараа түүний хүү Тэмүтар, Тэмүтарын хүү Худутар нар ажиллаж байжээ.

Чулуу шидэгч зэвсэг нь Монгол цэргийн өөрийнх нь мах цусны унаган зэвсэг юм.

Монгол цэрэг нь түүнчлэн жадаар бууддаг 3000, шатаах бодис шиддэг хэрэгсэл 700, үүлэн шат 4000, барилгын хана хэрэм нураагч төмөр тэрэг зэрэгтэй байсан тухай ном сударт тэмдэглэжээ.

Монголчууд тэр үед дарь хийж чаддаг байсан нь галт зэвсгийн хүч, тусгалыг сайжруулахад онцгой тус болсон юм.

Монголчууд XIII зууны 15-34 оны үед “тэнгэр доргиулах аянга” нэртэй ширмэн үрэл сумаар бууддаг буутай байсан бөгөөд орчин үеийн ойлголтоор бол дэлбэрдэг бөмбөгийн нэг төрөл гэж болно.

XIII зууны 35 оны үеэс Монгол цэргийн галт зэвсэг тоо ба чанарын хувьд их сайжирсан бөгөөд 58 оны үед Монголын Хулагу хааны цэрэг “дарьтай төмөр саваар” буюу дарьт сумаар буудаж хана хэрэм эвдэн нурааж байжээ.

Дундат зууны үед дайн байлдааны явцад утаан хөшиг хэрэглэж байсан нь зөвхөн Монгол цэргүүд болой.

Ер нь галын утааг монголчууд элдсэн арьс ширээ утаж хувцас хунар хийх, ялаа шумуулаас гэр, малаа хамгаалахын тулд май тавих, тариа будааныхаа талбайг гэнэтийн хүйтрэлээс хамгаалах, мах хүнсээ утаж удаан хадгалах, утаан дохиогоор алсаас мэдээ өгөх, өвлийн цагт ан амьтан утаж агнах зэргээр их эрт дээр үеэс утааг хэрэглэж ирсэн нь зэвсэг техниктээ өргөн ашиглахын үндэс болжээ.

 

МӨНГӨЛҮНГОО – Мөнгөлүнгоо нь тайчуудын Жамухын эхнэр билээ. Тэр их үзэсгэлэнтэй хүүхэн учир Богд эзэн Чингис хаан таалж явдаг байжээ.

 

МӨНХ ХААН – (1208-1259) – Чингис хааны отгон хөвүүн “Төр баригч” хэмээх Толуйн ахмад хүү Шиянзун Мөнх хаан 1251-1259 онд төр барьсан, монгол гүрний анхны дөрвөн их хааны нэг болно. Эх Сорхогтани нөхөр нь эрт өнгөрснөөс хойш өнчин хүүхдүүдээ сурган хүмүүжүүлж алдартай хүмүүс (их Мөнх, Хубилай, ил хаан Үлэгү гэх мэт) болгосон мэргэн эх юм. Эш хатан христос, лалын шашныг дэмжих авч бурхны шашныг илүү талархдаг хүн байсан тул эдгээр шашинтны дунд ихээхэн нэр алдар олсон байжээ.

Мөнх бага залуугаасаа эцэг өвгийг дагаж Алтан улсыг дайлах, сартуул болон өрнө зүгийн дайнд идэвхтэй оролцож явсан гавьяатайн дээр Монголын төв нутаг, шадар Хишигтэний дунд онц эрхийг хадгалсан хүн байлаа.

Өгөөдэйн хөвгүүн Гүюг хаан 1249 оны дөрөвдүгээр сард нас барсны дараа хатан Огул каймаш нь төрийн хэргийг мэдэх болсон тул төрийн эрхийн төлөө тэмцэл ихэд хурцадсан байна. Чингисийн алтан ургийнхан хоёр тал болж нэг хэсэг нь Бат хааны дэмжсэн Толуй, Зүчийн удам, нөгөө нь Цагаадай Өгөөдэйн угсааныхан болсон бөгөөд Батын чиглэл ялж Толуйн угсааг төрийн тэргүүнд гаргаж чаджээ. 1251 оны зургадугаар сард асар их цэрэг зэвсгийн сүрэн дор Хурилдайг хуралдуулж Мөнхийг хаан ор суулгасан юм. Энэ үед Мөнх 44 настай байв.

Мөнх их хаан болоод Хар хоринд ерөнхий захирагч бий болгох, Янжин (Бээжин), Бишбалык, Аму гол хэмээх гурван газар төрийн засгийн гурван салбар байгуулах, дэг журмыг чангатгах зэргээр зохион байгуулалтын нэлээд шинэчлэл хийсэн байна. Үүний зэрэгцээгээр дорно, өрнө зүгт аян дайн хийх өвгөдийн хэргийг үргэлжлүүлэн дүү Хубилайг 1251 оноос дорно зүг дэх их захирагч болгон 1252 онд нөгөө дүү Үлэгүг Ираныг захирах их захирагчаар томилж тухайн газар орныг төвшитгэхээр илгээжээ.

Мөнхийн үед Гуулин улс-Анам улс элч илгээж дипломат харилцаа тогтоосон юм. Түүнчлэн Европоос франкийн элч В.Рубрук зэрэг хүмүүс Мөнх хааны ордонд ирсэн байна.

Мөнх хаан өмнөд Сүн улсыг дайлах бодлогыг эс орхин, бэлтгэлээ сайтар хангаад 1256 онд болсон цэрэг дайчдын хурилдай дээр зорилго бодлогоо ярилцаж хаан өөрийн биеэр дайлаар мордох болсноо мэдэгджээ. Ингээд 1258 оны хоёрдугаар сард Мөнх хааны их цэрэг өмнө зүг хөдөлж Хатан голыг гэтлэн сычуань хүрсэн юм. 1259 оны эхээр монгол улсын цэрэг олон, хүчин ихдээ түшиглэн дайсныг ихэд дийлж байх зуур цэргийн дотор халуун хижиг өвчин гарч жанжин баатар цэрэг эрс олноор нэрвэгдэж сүйрч эцэст нь Мөнх хааны бие мөн оны долдугаар сард хижиг өвчин хүрч хуарандаа нас эцэслэжээ.

Түүний үйл хэргийг дүү Хубилай нь залгамжлан авч их цэргийг нутаг буцаалгүй барьж, өмнөд Сүн улсыг эзлэх бодлогоо үргэлжлүүлэн явуулсан юм. Мөнх хаан нь Асудай, Олдаши, Сэрихин зэрэг гурван хүүхэдтэй байв.

 

МУХУЛАЙ – Залайр аймгаас гаралтай, үе улиран Онон голын зүүн биеэр нутаглаж явжээ. Тэлэгэт баяны үр сад юм. Мухулай 1170 онд мэндэлжээ. 1197 онд Чингис хаан Жүрхэн нарыг байлдахад Тэлэгэт баян хөвгүүд ач нараа дагуулан ирж Чингистэй нөхөрлөн Чингисийн дүү Хасарт тэднийг өгч идэрхэн үеэс нь үйлчлүүлжээ. Тэр цагт Тэлэгтийн хүү Мухулай залуухан байв. Ингээд Мухулай өсөж эрийн цээнд хүрээд, олноос онцгой оюун билэгтэй, хатан зоригтой, арсланы цээжтэй, заан хүчтэй, харвах намнахдаа мэргэн баатар болжээ. Тэр цагаас Мухулай Чингисийн хамт дотоод, гадаадад олон дайнд зэрэгцэн явж сүүлдээ хойт Хятадыг (Алтан улсыг) захирсан их ноён болсон байна. Иймээс түүнийг Го ван буюу улсын ван гэдэг.

Өрлөг жанжин Мухулай тэр үеийн олон үйл хэрэгт оролцон явсаар 1223 онд нас баржээ. Го Мухулайн албат нь одоо Монгол улсын Халхын доторх Залайр овгийнхон хийгээд Өвөрмонголын өөртөө засах орны Ордос нутагт суугаа Шар дархадын нэгэн хэсэг болно.

 

МЭНЛИГ ЭЦЭГ – Мэнлиг нь хонхотаны Чарха өвгөний хөвгүүн билээ.

Тэмүжинийг есөн настай байхад Есүхэй баатар түүнийг Дай сэцэнийд орхиж буцах замдаа татаруудад хорлогдож, гэртээ хүрээд улам дорой болж өгүүлрүүн: “Дотор минь муу байна. Зэргэлдээ хэн байна” гэвэл Хонхотаны Чарха өвгөний хөвүүн Мэнлиг байна гэвэл түүнд Есүхэй өгүүлрүүн: – Мэнлиг хүү минь! Хүүхдүүд маань балчир бөлгөө. Би Тэмүжин хүүгээ хүргэдэд талбиж ирэх зуур татаар иргэдэд хорлогдлоо. Дотор минь муу байна. Нялх хоцорсон дүү нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд. Хүү минь Тэмүжинийг хурдан явж авч ир. Мэнлиг хүү минь гээд нас нөгчив. Мэнлиг эцэг ч хурдан явж Тэмүжинийг авч иржээ. Үүнээс хойш Мэнлиг Есүхэй баатрын гэрээсийн дагуу Өүлэн эхэд түшиг болж байжээ. Энэ тухай Тоссоны зохиолд, Есүхэй баатар нас барсан хойно Тэмүжиний эх Өүлэн үжинтэй энэ Мэнлиг залган суулаа гэдэг. Гэвч энэ нь тодорхой баримтгүй.

Ах дүү Тайчууд бэлэвсэн Өүлэн үжинийг их бага хөвгүүдтэй нь орхин нүүхэд Мэнлиг эцэг ч айл өрхөө салган нүүсэн гэдэг.

1190 онд Далан Балжууд гэдэг газар болсон Арван гурван гарын байлдааны дараа Жамухын зархиргаан дор байсан Уруудын Жүрчидэй, Мангуудын Хуйлдар нар аймгаа удирдан мөн Хонхотаны Мэнлиг эцэг долоон хөвүүнээ дагуулан Чингис хаанд нийлэн иржээ. Эдгээр хүмүүсийг ирэв хэмээн Чингис хаан баясаж Ононы шугуйд том хурим хийжээ.

Харагчин гахай жил буюу 1203 оны хавар Жамух, Нялх Сэнгүм нар хуйвалдан Чингисийг барих арга зохион мөнөөхөн тэд Чаур-бэхийг гуйсан бөлгөө. Одоо багалзуур идэхээр урьж ирүүлж барихаар шийджээ. Чингис хаан уригдаж арван хүнтэй явах зуураа Мэнлиг эцгийн гэрт хоновоос Мэнлиг өгүүлрүүн: “Чаур-бэхийг гуйхад биднийг доромжилж үл өгсөн бөлгөө. Эдүгээ яахан эргэж багалзуур идүүлэхээр урих болов. Өөрсдөө ихэрхэгч хүмүүс яахин гэнэт эргэж өгье хэмээн урих бөлгөө? Зөв үү, тав уу ямар сэтгэл буй. Хөвүүн ухаж одох биз. Хавар болов. Бидний адуу туранхай буй. Адуугаа тэвээрүүлье хэмээн шалтаж илгээе гэж үл одон өөр хүн илгээж, Чингис хаан Мэнлиг эцгийн гэрээс харив. Ингэж Мэнлиг эцэг Чингис хааныг зайлшгүй аюулаас аварсан билээ.

1206 онд Чингис Монголын Нэгдсэн улсын хаан болоод, гавьяатныг шагнахад Мэнлиг эцгийн ач тусыг магтан, ялангуяа Ван хан, Сэнгүмийн хуйвалдааныг илчилсэн тухай дурдаж, энэ тэргүүн суудалд суулгаж, он бүр осолдохгүй, сар бүр саатахгүй сайшаал шагнал өгч байя хэмээн зарлиг болжээ. Чингис хаан Мэнлиг эцэгт өгүүлрүүн:

“Төрөхөд төрөлцсөн

Өсөхөд өсөлцсөн

Тус ивээл чинь

Хичнээн их ажгуу жээ”

хэмээжээ. Мөн ерэн таван хүнийг мянгатын ноёд болгосноос эн тэргүүнд Мэнлиг эцгийн нэрийг дурьджээ. Мэнлиг эцгийн ургийнхныг ч мөн өндөр албан тушаалд тавьсан. Үүнд түүний хөвүүн Хөхчүг төрийн заарин болгож, мөн өөр нэгэн хөвүүн Их Нэгүринг түмэн хишигтний мянган хүний захирагчаар томилжээ. Бас нэг хөвүүн Толон чэрби нь мянганы ноён байсан.

Гэвч Мэнлигийн хөвгүүн Хөхөчү нь Чингис хаантай сөргөлдсөнөөс амиа алджээ. Чингис хаан Мэнлиг эцэгт хэлрүүн: “Хөвүүдийнхээ авир занг үл ятган бидэнтэй тэнцэхийг бодож явсаар Тэв тэнгэрийн толгойд хүрэв та нар! Дээгүүр авираа татсан бөгөөс Мэнлиг эцгийн урагт хэн тэнцэх бөлгөө” хэмээжээ.

Үүнээс үзэхэд Мэнлиг эцгийн хүргэсэн тусыг Чингис хаан хэрхэн үнэлж байгаа нь харагдаж байна.

 

НАХУ БАЯН – Чингис хааны анхны нөхөр, ууган өрлөг алдарт жанжин хөлөг Боорчийн эцэг нь Наху баян хэмээх нэртэй баян хүн байлаа. Боорчи хийгээд Наху баяны дээд уг нь Чингис хааны өвөг Хайдугийн гутгаар хүү Чаужин уртөгөйн үр Аруладын удмын хүн аж. Чингис хааныг бага цагт Сэнгүр горхины хөх нуурт нутаглаж байхад Жүрхин аймгийн хүн Чингисийн Найман шарга морийг дээрэмдэн авч одохуйд хойноос нь нэхэж явах замд олон адуунд хүрвэл нэгэн гавшгай хөвгүүн гүүгээ сааж байхад нь хэрэг учраа хэлэхэд тэрбээр хамт явалцан агтаа эргүүлэн авахад нь үлэмж туслаж нөхөрлөхөд найр тавьж таниулсан эцэг нь Наху баян гэдэг хүн байлаа.

Тэр цагт Наху баяны гэрт хүрвээс Наху баян захиж өгүүлсэн нь: “Хоёр залуус үүнээс хойш сайхан нөхөрлө. Бие биеэ битгий орхи!” хэмээв. Ингэхэд Боорчи Чингист нэг тэлээ хурга алж хүнс болгоод ганзгын тулам өгч морин дээрээ ачиж явуулжээ. Тэр цагаас хойш Боорчи Чингисийн дэргэдэх сүүдэр шиг салсангүй үргэлж хамт явж монгол овогтныг нэгтгэж тулгар төрийг байгуулах хийгээд гадагш хийсэн олон дайнд явалцаж, Монгол улсын төрийн түшиг, Чингисийн алтан ургийн өмөг зөвлөгч, үнэнч нөхөр нь болж түүхэнд мөнхөрсөн юм. Наху баян Хиад боржигин удамтай, сурвалжит гэрийн баян чинээлэг хүн байжээ. Тэр холын бодлоготой, хүн журам, андын ёсыг хүндэтгэдэг, хүн таньдаг өтгөсийн нэгэн байв. Тийм ч учраас Боорчи үг мэдээгүй явж Чингисийн хэргийг бүтээлцэж байхад далдуур талархан дэмжиж байлаа. Иймээс Наху баяныг тэр цагт монгол овог аймгийг нэгтгэж нэгэн гүр улс болохыг дэмждэг тал нутгийн сурвалжтаны нэгэн гэж үзэж болно.

Тэгээд ч Наху баяны удам судар, сайн хүүгийн буянаар үеийн үед мөнхөрч, түүх шастирт үүрд хадгалагдан үлджээ. Хожим Хубилай хааны үед Чингисийн онгон тахилгыг буй болгоход эзний хамгийн үнэнч ахмад өрлөг Боорчи Мухулай хоёрын удмынхнаар Богд эзний онгоныг сахиулан суулгасан нь одоогийн Өвөр монголын эзэн хорооны 500 шар дархадууд ажээ.

Наху баяны залгамчир нь Тэмүжин хэмээх суут Богд Чингис хааны есөн өрлөг түшмэдийн ахмад монгол эрхэм сайд Чин хичээлт мэргэн тайж хөлөг Боорчи ноёны ахмад хөвгүүн Чин хичээлт Мэргэн тайж Өгэлэн, гутгаар хүү Ойбилэгт зэрэг ноёдын үр сад байжээ.

 

НУУР БАЙТ БАЙЛДАХ АРГА – Чингис хаан энэ аргыг Хэрэйдийн Ван хааныг бүслэн устгах үйлсэд хэрэглэжээ. Дайсныг зориуд хууран мэхэлж, хүчийг нь задруулан салгаж, хэсэглэн утсгах, олон гол горхи нийлж нуур болж чадах лугаа адил нуур хэлбэрээр бүрэлдсэн энэхүү жагсаал догшин давалгаа ширүүн урсгал эргэн тойрноо хумин авах усны хөдөлгөөний хэлбэр олдог ажээ. Энэ арга цөөн хүчээр олныг дарах буюу нуур мэт жагсаалаар дайсны далай мэт цэргийг бүслэн устгаж чаддаг байна.

 

О

 

ОЮУН ТҮЛХҮҮР – Оюун түлхүүр нэртэй шүлэглэсэн сургаал нь Чингисийн билэг сургаалтай адил чанарын зохиол бөгөөд XIII зууны үеэс уламжлагдан иржээ.

Энэ зохиолыг Чингис хааныг зохиосон гэдэг домог ч байдаг.

“Эртний богд Чингисийн зохиосон шастирыг өчүүхэн сануулахын учир

Эзэд хаадтан, олныг хураая гэвэл өглөгөө өг

Осолдолгүй явъя гэвэл түшмэдээ өргө

Аугаа хүчнээ ихэтгэе гэвэл цэргээ асар

Уудам сул жаргая гэвэл эеэ хичээ

Өдөр явсан явдлыг шөнө шүүгтүн

Ичгүүр гэмт явдлыг ятгаж орхигтун.

Олны дотор үгээ бэхэл

Ганцаар суухдаа сэтгэлээ шинжил…”

Чингис хаан зарлиг болруун:

“Төрийн эзэн хаан мэргэн цэцэн болбол

Төр ёсон төвшин байвал

Төрүүлсэн эцэг эх бүтэн болбол

Төрөлдсөн ах, дүү төгс болбол

Төр ёс сэдэх түшмэдтэй болбол

Түүрилтгэлгүй дайсныг дарах цэрэгтэй бол

Түмэн бид гэргий хөвгүүн, ач үр мэнд байвал

Дэлхийн эрхт мөнх тэнгэр ивээх бол

Тэнсэлгүй их жаргалаас тэр буй…”

хэмээн сургасан ажээ.

“Хорь гучин хүн боловч эе эвгүй болбоос

Эвдэрхий хороо мэт хэврэг

Хоёр хүн ч эвтэй болбоос төмөр хороо мэт бэх”

“Өрсөх дайсанд цусаа бүү үзүүл,

Өшөөт хүнд муугаа бүү үзүүл”

гэх мэт энэ ертөнц дээр амьдрах явдлыг энгийн олон, ихэс дээдэс хэн хүнгүй санаж явбал зохих олон сайхан онож хэлсэн сургаал бий юм.

Оюун түлхүүр гэдэг энэхүү зохиол монголчуудын дунд их дэлгэрсэн бөгөөд ардын хувьсгалын өмнө ч хойно ч түшмээл бичээч нарыг хүмүүжүүлэх сургаал болж байв.

Олон бичээч нарын гарыг дамжин хуулагдаж байх үедээ тухайн цаг үеийн амьсгаа, ямар нэгэн хэмжээгээр тусгагдсан нь тодорхой байна.

“Лам хүний эд малд бүү хурьц”

“Бурхны шажинд амиа тавь” зэрэг утга санаа бүхий үгийг нэлээд хожмын цагт оруулсан байна.

 

Ө

 

ӨГЭДЭЙ (1186-1241) – Чингис хааны их хатан Бөртэгээс төрсөн гуравдахь хүн. Чингис хааны дараа Өгэдэй монголын их хаан болжээ. Өгэдэй нь эцэг Чингисийг амьд байхад Ван хааны цэрэгтэй байлдан шархдаж байв. Алтан улс, Хорезмын эсрэг дайнд цэрэг удирдан оролцож байв.

Өгэдэй багаасаа ухаалаг, уян зөөлөн сэтгэлтэй, голч, шударга, зарчимч, юмны нарийн учрыг олохыг эрмэлздэг, үсэг бичиг мэддэг болж өсчээ. Тийм ч учраас гурван хүү нь Хорезмыг эзлэх дайнд биеэ даан мордохдоо:

-Бид хэнийхээ үгээр явах вэ? хэмээн өчиж илгээвээс Чингис хаан:

-Өгэдэйн үгээр явагтун гэж зарлиг буулгажээ.

Чингисийн дараа Монголын их хааны орыг зүй нь ахмад хөвүүн Зүчи залгамжлах ёстой байжээ. Гэтэл Зүчи Бөртэ хатан мэргидэд олзлогдож байхдаа гэдсэнд олж ирсэн хүүхэд гэж Чингисийн алтан ургийнханд шоовдорлогддог байжээ. Хоёрдахь хөвүүн Цагаадай бол догшин ширүүн араншинтай хүн байв. Түүнийг хаан өргөмжлөх гэвэл Зүчи бас зөвшөөрөхгүй байв. Иймээс гуравдахь хөвүүн Өгэдэйг их хааны орыг залгамжлуулахаар Чингис хаан өөрөө шийдвэрлэжээ. Энэ хэрэг Дундат Азийг байлдан дагуулахын өмнө болсон юм. Энэ талаар “Монголын нууц товчоо”-нд тодорхой өгүүлсэн байдаг. Зүчи, Цагадай хоёр их хааны оронд Өгэдэйг өргөмжлөхийг эцгийнхээ дэргэд зөвшөөрсөн юм. (Ахмад хөвүүн Зүчи нь Чингис хааныг амьд байхад нас баржээ)

Чингисийг нас барсны дараа эцгийнхээ гал голомтыг сахиж үлдсэн отгон хүү Тулуй төрийн хэргийг түр хамаарч байгаад 1229 онд Хэрлэнгийн Хөдөө арал гэдэг газар их хурилдай хийлгэн Өгэдэйг хаан өргөмжилжээ.

Өгэдэйг хаан өргөмжлөх ёслолд Зүчийн хөвүүд Бат, Бэрх нар, Цагаадай хан хөвүүдийнхээ хамт, Отчигин, Бэлгүдэй, Алчидай нарын зэрэг ойр төрлийн ноёд зүг бүрээс ирж оролцсон байна. Өгэдэйг хаан өргөмжлөхөд бүгдээрээ малгайгаа авч бүсээ тайлан хүзүүндээ тохож, Цагадай баруун талаас, Тулуй зүүн талаас түшиж, Отчигин ар талаас тулж хаан ширээнд өргөн суулгажээ. Тулуй аягатай сүү өргөн барихад бүх хуралдагсад есөн удаа сөгдөж “их хаан” гэж өндөр дуугаар дуудан өргөмжилжээ.

Чингис хааны амийг сахиж байсан хэвтүүл, хорчин, мянган торгууд, хаан эцгийн шадар явсан түмэн хишигтнийг Цагадай, Тулуй хоёр Өгэдэй хаанд өгөв. Голын улсыг мөн ёсоор Өгэдэй хаанд өгчээ.

Өгэдэй төрөл төрөгсөд, бүх цэрэгтээ гурван өдөр дараалан хишиг өглөг тарааж, бас улсын дотроос дөчин тооны гоо үзэсгэлэн охидыг сонгон авч торго магнаг өмсгөн алт, эрдэнийн чулуугаар чимэн зассаны дараа аргамаг хүлэг морины хамт алж, эцэг Чингис хаанд эртний заншил ёсоор тахилга өргөжээ.

Өгэдэй хаан болоод эцэг Чингисийн төрийн бодлогыг цаашид үргэлжлүүлэв. Чингис хааны үед дагаж шийтгүүлж байсан бүх зарлиг тушаалд ямар ч өөрчлөлт нэмэлт оруулахгүй хүчин төгөлдөр хэвээр явуулна гэж тусгай зарлиг гаргажээ.

Чингисийн дэргэд алба хааж байсан бичгийн хүн Елюй Чу-цай Өгэдэй хааны зөвлөхөөр ажиллав. Тэрбээр “морин дээр байгуулсан улсыг морин дээрээс жолоодож болохгүй” гэж сануулаад хятад мэтийн орнуудыг Хятадын өөрсдийн нь хуулиар захирах хэрэгтэй гэж зөвлөжээ.

Өгэдэй 1234 онд Алтан улсыг эзлэн авав. Өгэдэй алба татварын ажлыг эмх цэгцтэй болгох зорилгоор 1229 онд хааны санд хураах улсын нэгдсэн алба татварын хууль гаргажээ. Өгэдэйн авч явуулсан бас нэг арга хэмжээ бол уургын улааг устгаж, улсын өртөөг өргөтгөн байгуулсан явдал юм. Өгэдэй 1232-33 онуудад өртөөний ажлыг эмх журамтай болгох хэд хэдэн нэмэлт зарлиг гаргажээ. Үүнд: пайз тэмдэггүй, зар бичиггүй өртөөгөөр явахыг хоригложээ. Өртөөгөөр явагчдад олгох хүнс шүүсний хэмжээг тогтоож, хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хатуугаар цээрлүүлэн шийтгэнэ гэжээ. Өртөө замыг зөвхөн Монгол орны дотор төдийгүй бүх Монгол гүрний уудам нутагт байгуулсан байна. Өгэдэй хааны зарлиг ёсоор Цагадайн улс, Батын улс тус тусдаа салбар өртөөг угтуулан залгаж байгуулжээ.

Чингисийн үед өнчдийг тэтгэх сан гэж байсныг Өгэдэй өргөтгөн байгуулж, улсын бүх хонин сүргээс 100 хонь тутам нижгээд хонийг татварлан авч дайнд амь үрэгдэгсэд ба үгээгүй ядуучуудад тусламж болгон олгож байхаар тогтоожээ.

Өгэдэй өөрөө бөө мөргөлтэй байсан боловч бүх шашныг адилхан хөхүүлэн хөгжөөж байв.

Өгэдэй нийслэл Хархорумд 1235 орд харш байшин барилга нэмэн бариулж, хотыг тойруулан бэхлэлт хэрэм босгуулжээ.

Өгэдэй хятадыг байлдан дагуулах ажлыг үргэлжлүүлэв. Түүний зарлигаар Чугамган ноён 1230 онд цэрэг авч өмнөд Азербайжаныг эзлэн аваад дараа нь 1235-1239 онд Умард Азербайжан, дорнод Гүрж, Арменыг дахин довтолж, Гянже, Шамхор, Ани, Карс, Дербент зэрэг хотыг эзлэн авчээ. Монгол цэрэг 1231 онд Солонгост цөмрөн оржээ.

Өгэдэй 1235 онд Хархорум хотод их хурилдай зарлаж, баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг хэлэлцсэн байна. Баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг тэр зүгийн газар орныг эзэмших эрхийг Чингис хаанаас соёрхогдсон Зүчийн хүү Бат хаанд эрхлүүлжээ. Цагадай хааны зөвлөснөөр мөн дайнд Өгэдэйн ахмад хүү Гүюг, Цагадайн хүү Бури, Байдир, Тулуйн хүү Мөнх нар болон Чингис хааны Хулан хатнаас төрсөн Хүлгэн бас оролцжээ. Бат хааны зөвлөгчөөр 1223 онд цэргийн аялал хийж байсан Сүбээдэй жанжин явжээ.

Өгэдэй 1241 оны 12 дугаар сарын 11-нд нас баржээ. Түүнийг бусдад хорлогдон үхсэн гэдэг яриа таржээ. Юан улсын сударт, Өгэдэй хаан хээрийн ордондоо Лалын худалдаачин Абдурхмантай шөнө орой болтол дарс ууж байгаад үхэв гэсэн байдаг.

Үргэлжлэл бий

About these ads