“Нэр нь “ховор” болохоос байгальд элбэг байдаг металл”

Posted on October 11, 2011

3


Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ХБНГУ-ын канцлер Ангела Маркелийн манай улсад хийх гэж буй айлалынх нь талаар их бичих болсон. Тухайлбал, энэ айлчалын хүрээнд хоёр тал эдийн засгийн олон хэлэлцээрүүд, тэр дундаа манай улсад газрын ховор элемент олборлох, Тавантолгойг олборлох төсөлд хамтрах тухай хэлэлцээрт гарын үсэг зурна гэж мэдээлж байгаа. Ийм гэрээ хэлэлцээр хийгдэнэ гэдгийг ч манай улсын Ерөнхий сайд С.Батболд батлан, хэрэгжинэ гэдэгт найдаж байгаагаа ч илэрхийллээ гэж онцолж байна. Үнэхээр ч энэ сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарын түншлэлийн ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Үүнийгээ “Хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхэд энэ хэлэлцээр чухал ач холбогдолтой юм. Хэлэлцээр байгуулснаар дэлхийн өндөр хөгжилтэй, Европын Холбооны гол хөдөлгүүр болж байгаа ХБНГУ-тай стратегийн түншлэлтэй болж, ХБНГУ-ын стратегийн сонирхол манай улсад бодит байдлаар бий болно гэж Засгийн газар үзэж байна” хэмээн тайлбарласан.

Германчууд Тавантолгойн төслөөс илүүтэй газрын ховор элементүүдийг Монголоос олборлох тухай хэлэлцээрийг маш их хүсч байгаа аж. Харин яагаад гэдэг асуултад хариулт өгөх зорилгоор Германы “Deutche Welle” сайтад өнгөрөгч онд гарч байсан нийтлэлийг орчуулан хүргэж байна. Өнгөрөгч оны наймдугаар сард БНХАУ стратегийн чухал элементүүдийнхээ экспортод хязгаар тавьсан юм. Үүнтэй холбоотойгоор доорх нийтлэл гарч байсан ажээ.

 

 

Германчууд яагаад дорнодын орнуудын түүхий эдэд чөлөөтэй нэвтрүүлэхийг шаардаж байна вэ

Түүхий эдийн өлгий орнуудад амьдарч буй хүмүүст энэ асуулт их сонин санагдах байх. “Энэ германчууд бүр ичгүүрээ алдаж! Ил цагаанаар Берлинд цугларан Хятад гэж ааштай улс газрын ховор элементэд нэвтрэх эрхийг нь хязгаарчихлаа гэж орилолдох боллоо. Ер нь өөр орны байгалийн баялагт хүрэх эрх тэдэнд байна уу. Хятадууд өөрийн орны нөөцөө шаардлагатай хэмжээгээрээ ашиглах эрхтэй. Тиймээс маш үнэтэй түүхий эдийнхээ экспортыг хязгаарлалаа гэж тэднийг буруутгаж болохгүй!” гэж хэлэх байх л даа.

 

Аль аль талынх нь зөв

Тэгвэл хөгжингүй орнуудын иргэд энэ асуудалд арай өөрөөр хандах биз ээ. Тэд “Энэ хятадууд нээрээ арай л ичгүүргүй байна. Хямд бараануудаараа үндэсний үйлдвэрлэгчдийг маань дампууруулж, дээр нь бидний бүтээгдэхүүнүүдийг ичгүүргүйгээр дуурайн хийж байгаа нь багадаад одоо бүр газрын ховор элементгүйгээр ажил үйлс нь явах боломжгүй манай хамгийн ирээдүйтэй өндөр технологит салбаруудын маань үүдийг бариулахыг санаархаж байна. Тэдэнтэй одоо ингэж нялхраад яадаг юм бэ. Манай зах зээл рүү нэвтрэх замыг нь хааж орхиё. Тэгээд бүтээгдэхүүнээ хаана яаж борлуулахыг нь харъя л даа” гэх вий.

Эндээс үзвэл аль алиных нь зөв байж мэднэ. Гэвч иймэрхүү яриа нь ам мурийхад л хүргэнэ үү гэхээс ямар нэгэн шийдэл гаргахад нэмэр болохгүй. Ялангуяа глобалчлалын үед худалдааны дайнд хэн ч ялдаггүй, дандаа ялагдаж байдаг нигууртай. Тиймээс хэл амаа ололцох нь чухал. Гэвч нэгдсэн шийдвэрийг гаргана гэдэг амаргүй байдаг бололтой.

Харилцан хамааралтай байхад худалдааны дайн гарахгүй

Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр газрын ховор металлын хомсдол бий болж байгаа талаар германы компаниуд түгшүүр зарлах боллоо. Уг зах зээлд бараг дангаараа ноёрхож буй Хятад улс газрын ховор металлуудынхаа экспортыг ¾ -өөр багасгасан нь ирээдүйд энэ түүхий эдийг тойрсон олон улсын маргаан гарах эх үүсвэр боллоо гэж зоригтой хэлж болж байна. Аливааг үгүйсгэгчид хүртэл 21 дүгээр зуунд худалдааны дайн биш байгалийн баялгийн төлөөх жинхэнэ дайн дэгдэнэ гэж баталдаг. Байгалийн баялагт нь эрчим хүчний эх үүсвэр, Арктик буюу умард туйлын баялаг, загасаар баялаг нуур, цөөрөм битгий хэл цэвэр ус ч багтана.

Мэдээж хэрэг ийм зүйл бүү болоосой, талууд үг хэлээ ололцоно гэдэгт итгэхийг хүсч байна. Үүнд талуудын харилцан хамааралтай байдал нь шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж чадна. Ингэх ч ёстой. Европын холбоо, ОХУ хоорондын харилцан хамаарлыг саная л даа. ЕХ, тэр дундаа Герман улс нь ОХУ-ын эрчим хүчний түүхий эдээс тодорхой хэмжээгээр хамааралтай байдаг. Тэр утгаараа ОХУ-ын төсвийг Европт газрын тос, байгалийн хийн борлуулалтаас орж ирэх хөрөнгөгүйгээр төсөөлөхийн аргагүй. Үүнээс гадна барууны орнууд ОХУ-д шинэ орд эзэмших, тээврийн систем шинэчлэхэд нь шаардлагатай хөрөнгө мөнгө, технологио өгөхөд бэлэн байгаа. Ийм учраас оросуудад байгалийн хийн хоолойгоо хаах шаардлага байхгүй биз ээ.

Бээжин түүхий эдээ хай-текийн үйлдвэрлэлдээ хадгалж байна

Хятад болон түүний эзэмшиж буй газрын ховор металлуудын асуудал арай өөр байдалтай харагдана. Экспортынх нь 80 хувийг түүхий эдийн экспорт эзэлдэг ОХУ-аар жишээ авъя. Хэрэв тус улс Европын холбоонд түүхий эдээ гаргахаа больчихвол олборлосон байгалийн баялгаа хааш нь далд оруулах бол. Харин Хятадын хувьд бол скандий, германий, лантан гээд газрын ховор металлуудаа хаана ч борлуулна. Нэг үгээр хэлбэл, Бээжин үүнийгээ мэдрээд эдгээр ховор металлаа өөрийн нутагтаа орчин үеийн технологи үйлдвэрлэхэд ашиглах санааг өвөрлөн ийм алхам хийсэн хэрэг. Нээрээ л түүхий эд чигээр нь экспортлож байснаас дэлхийн зах зээл дээр нэн эрэлттэй байгаа ухаалаг гар утас, нарны зай, цахилгаан мотор болон өндөр технологит суурилсан бусад шинэлэг бүтээгдэхүүнийг өөрсдөө яагаад хийж болохгүй гэж.

Энэ тохиолдолд барууны орнууд, Европ, Герман яах болж байна. Түүхий эдийн хомсдлыг үүсгээд байгаа улс төрийн хэрэгслүүдийг зөвшөөрөөд суух уу. Өөрсдийн боловсруулсан шинэ технологио хүнд зүгээр өгөөд, өндөр технологит суурилсан үйлдвэрлэлээ хааж, дараа нь яг тэр технологиор үйлдвэрлэгдсэн “Made in China” шошготой бүтээгдэхүүнүүд зах зээлд хэрхэн нэвтэрч байгааг дуугүй хараад суух уу. Эцсийн дүндээ түүхий эд, технологи, худалдан авагч гээд байгаа бүхнээ бие биетэйгээ хуваалцах нь зүйтэй болж таарна.

Дотоодын зах зээлээ хамгаалж чадахгүй бол хуваалцаж сурах хэрэгтэй

Германы ажил хэргийн хүрээнийхэн бол ингэж л үзэж байна. Тийм ч учраас германчууд Хятадаас байгалийн баялагт нь чөлөөтэй нэвтрүүлэхийг шаардаж байгаа юм. Түүхий эд авсныхаа хариуд германчууд ч бас өөрсдийнхөө баялгийг өгч байгаа гэж үздэг. Тэр нь төлбөрийн чадвартай асар том зах зээлийг хэлж байгаа юм. Хэдийгээр Германы эдийн засаг бүхэлдээ экспортод төвлөрдөг боловч германы бизнесменүүд дотоодын зах зээлийг хамгаалах арга хэрэгслүүдийг хэрэглэхийн эсрэг байдаг. Учир нь өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр буудаг гэдгийг тэд маш сайн мэддэг. Тиймээс тэд Засгийн газар, ЕХ зэрэг байгууллагуудаас хятадын бараанд гаалийн тээг саад тавьж өгөхийг хэзээ ч гуйдаггүй. Харин ч эсрэгээрээ. Экспортод нь тавьсан хязгаарыг тавиулах, нэг бол арай зөөлрүүлэхийн тулд “Их найм”, “Их 20”, Дэлхийн худалдааны байгууллага зэргээр дамжуулан дарамт, шахалт үзүүлэх хэрэгтэй гэж тэд шаардаж байгаа юм.

Нөгөө талаар, Германы бизнесменүүд ганц төр засагтаа найдсанаар ховор элементүүдийнхээ нийлүүлэлтийг хангах боломжгүй гэдгийг ухаарч байгаа. Тиймээс ойрын үед Хятад шиг газрын ховор элементээр баялаг орныг идэвхтэй хайх эрэлд гарна. Энэ нь ч гарцаагүй амжилтад хүргэнэ гэдгийг доорх түүх батлах болно.

Хятад өөрийгөө ганц нь гэж бодоогүй биз дээ

1973 онд арабын орнууд барууны орнуудад газрын тос нийлүүлэхээ больтол англи, норвеги, голландчууд Хойд тэнгисийн ордуудыг эзэмших ажлыг идэвхтэй өрнүүлэв. Харин германчууд эрчим хүчээ хэмнэн улмаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах талаар нухацтай бодож эхэлсэн билээ. Ер нь хараад байхад, ОХУ эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтээ хоёр жил саатуулахад л Европ тэр аяараа эрчим хүчний дэвшилтэт технологийг хөгжүүлэх, ОХУ-ыг тойруулан хийн хоолой барих ажилд бэлтгэх, шахсан шингэн хийн худалдан авалтаа нэмэгдүүлэх, мөн халаалтад бага түлш зарцуулахын тулд орон сууцнуудыг боломжоороо дуулаалах болов.

Тийм учраас германчууд Хятадын зүгээс хийсэн үйлдэлд ямар хариу барих нь ч өдгөө тодорхой боллоо. Тэд түүхий эдийг дахин ашиглах өргөн их аяныг өрнүүлнэ. Мөн АНУ, Канад, Австрали зэрэг орнуудаас газрын ховор элементүүдийг худалдан авч эхэлнэ. Ингэснээр эдгээр улсад олборлолт нь ч эрс нэмэгдэнэ. Үнэн хэрэгтээ эдгээр элемент “ховор” гэдэг нэртэй болохоос биш байгальд харьцангуй элбэг байдаг эд. Дээрх ажиллагаануудтай зэрэгцээд германчууд ямар ч төрлийн өнгөт металлыг нийлүүлэх боломжтой бусад үйлдвэрлэгчидтэй харьцаагаа зузаатгах арга хэмжээ явуулах нь ойлгомжтой.

ОХУ болон Төв Азийн орнуудад олдож буй шинэ боломж

Дээр өгүүлсэн бүхэн ОХУ-ын эксплортлогчдод давхар нэг боломж олгож байгаа бол Төв Азийн орнуудад цоо шинэ боломжийг олгож байгаа хэрэг юм. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Төв Азийн бүст стратегийн түншлэл тогтоох боломжтой гэдгээ шулуухан хэлэх боллоо. Түүхий эдээ чөлөөтэй экспортолж чадах орнуудад Герман улс хариу барьж технологио харамгүй өгөх, тухайн улс орны үйлдвэржилт, шинэчлэлийн үйл хэрэгт нь төрөл бүрийн тусламжийг үзүүлэхээс гадна мэдээж хэрэг маш том зах зээлээ өгөхөд бэлэн байна.

“Их гүрэнд бүх түүхий эдээ” гэх хуучны колончлолын үеийн загвар хэдийнэ хоцрогджээ. 21 дүгээр зуунд ирээдүйтэй гэх бизнесүүд win-win зарчмаар явагддаг болсон. Энэ нь хоёр тал хоёулаа хожно гэдгийг илэрхийлж байгаа үг юм.

 

http://www.dw-world.de/dw/article/0,,6161758,00.html

 

PS:  Дээрх нийтлэлийг үндэслээд германчууд Хурцыг яагаад ийм үтэр түргэн, гэнэт суллав гэдэг асуултын хариу гарч ирэх талтай. Гэвч энэ нийтлэлийг тийм явцуу сэдэвтэй холихыг хүссэнгүй. Энэ сэдвийг улстөржүүлэлгүй хоёр орон хэн хэндээ ашигтай байдлаар хамтран ажиллахад болохгүй зүйл байхгүй мэт санагдана.

 

 

 

About these ads