Чингис хааны тухай товч тайлбар толь-5

Posted on September 27, 2011

2


-“Чингис хааны тухай товч тайлбар толь” номоос үргэлжлүүлэн нийтэлж байна-

 

И

 

ИХ БУУ – Дундат зууны үеийн Монгол цэргийн зэвсэглэлд алсын тусгалтай, сөнөөх хүч чадалтай их буу байв.

Энэ тухай тэр үед бусад улс орноос ирж байсан хүмүүсийн дурдатгал, түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлджээ.

Нүүдэлчдийг ямар ч соёл боловсролгүй богино ухаантай зэрлэгүүд мэт үздэг тийм хүмүүст ч Монгол цэргийн зэвсэг, техникийн хөгжил, түүнийгээ хэр зэрэг чадварлаг хэрэглэж байсан нь тодорхой хариулт болох буй заа.

Монгол цэргийн зэвсэглэлд байсан их буу нь Кидан гүрний үеэс өвлөгдөн уламжлагдаж улам боловсронгуй болж ирснийг хэлэх хэрэгтэй.

Энэ төрлийн зэвсэг нь Чингис хааны үед чанарын шинэ төвшинд гарч зөвхөн явган, морьт цэргийн эсрэг төдийгүй баталж бэхэлсэн цайз, хэрэм, хамгаалалтыг сэтлэх, нураах гол хэрэгсэл болж байв.

Ийм буу нь тухайн үедээ гал, утаа, сүрлэг дуу чимээ, хөнөөх чадвараараа хосгүй байжээ.

Чингис хаан баруун зүг хийсэн дайндаа (1218-1220) их буу хэрэглэж байсан бөгөөд түүнийгээ богино буу гэх буюу пуужин буу гэдэг байлаа.

Мөн хурдан буу буюу арван таван гуурс бүхий шувтлагч буу гэх зэрэг сүр хүч ихтэй гайхамшигт их буу байв.

Монголын цэргийн жанжин Тажир Алтан улсын довтолгооноос өөрийн газар нутгаа хамгаалан байлдаж байхдаа (1233 он) мөн монгол цэргийн жанжин Ганбухын цэрэг (1237 он) их буутай байсан тухай Хятадын түүхчид бичжээ.

Хятадын түүхийн сурвалж бичигт Монгол цэрэг дарьт их буу хэрэглэж байсан тухай тэмдэглэжээ.

Хятадын түүхч Чжоу Вэй, монгол цэрэг дарьт их буу, Тогоон төмөр хаан Цинзян хотын дэргэд (1338 он) их буу хэрэглэж байсан, Юань улсын эхэн үед төв азиас чулуун сумтай галт үхэр буу олдож байсан тухай бичжээ.

Энэ түүхч, “монгол цэрэг их буутай тэрэг олонтой, зарим буу нь нэлээд том бөгөөд монголчууд өөрсдөө дарь хийж чаддаг байсан” гэж бичжээ.

Тогоонтөмөр хааны үед Товуу нь (1344 он) галт сумаар дээрэмчний завь руу харвахад уг завь нь бутран ихэнх нь шатаж байсан тухай энэ хүн бичжээ.

Ер нь монголчууд 1200 оноос өмнө дарьт зэвсэг, их буу хэрэглэж байжээ гэж үздэг юм.

Монгол цэрэг зөвхөн их буу, галт зэвсэг хэрэглээд зогсоогүй, мөн янз бүрийн зориулалттай сумтай байлаа.

Дайсныг сүрдүүлэх, их цэргийг удирдан жолоодохын тулд дуут сум хэрэглэж байсан нь одоогийн бидний үеийн дохионы пуужинтай утга нэг юм.

 

ИХ ХОРИГ – Монголын их хаадын үед уул, ус, ой мод, цэцэг, жимс, ан амьтнаар баян, аль ч талаасаа бартаа саад ихтэй тодорхой нутгийг онцгойлон үзэж онголон тахиж тэр нутгийг өөрийн гал голомт, үр удмаа хамгаалах бүтэц газар болгохын зэрэгцээ ертөнцийн мөнх бусыг үзэж халин одсон ихэс дээдсээ бусдын хөлийн гишгүүр, элдэв доромжлолд өртүүлэхгүйн тулд мөн тэнд оршуулдаг байв. Энэ газрыг “Их хориг” хэмээн нэрлэж байсан бөгөөд одоогийн бидний ойлголтоор бол “Их дархан газар”, “Хориотой бүс” гэсэнтэй утга нэгэн буй заа.

Нэг үгээр хэлбэл тэнд бусдын хөл ч хориотой, хэл ч хориотой гэсэн үг юм. Учир нь тэнд хэн дуртай хүн, дуртай цагтаа нэвтрэх учиргүйн нэгэн адил хэн хаана байгаа, хэнийг хаана оршуулсныг ч бусдад задлах эрхгүй байв.

Монголчууд өөрийнхөө өвөг дээдэс, үүх түүхтэй холбоотой нарийн нандин, дээдлэн шүтэж биширдэг бүхнээ онцлон нууцалдаг уламжлалтай бөгөөд дээдсийнхээ оршуулсан газрыг ухаж сэтлэх нь бүү хэл, нэрийг нь хэлэхээс ч цээрлэсээр олон үеийг өнгөрөөж ирсэн уламжлалтай билээ.

Их хориг нь монголчуудын онголон тахиж ирсэн гол шүтээний нэг төдийгүй, эх орны үзэсгэлэнт газрын онгон төрхөөрөө байгаа нэг хэсэг нь юм.

Их хориг руу орох гол хаалга нь Хан Хэнтийн “босго” хэмээн алдаршсан “босгын даваа” юм. Энэ нь монгол гэрийн босго гэсэнтэй утга нэгэн буй заа.

Монголын Их хаадыг төрөлх нутагт нь тэр тусмаа их хоригт л авч ирж хөдөөлүүлж байсан тухай ард олны ам дамжсан домогт ч ном сударт ч тэмдэглэгдэн үлджээ.

Босгын даваанаас цаашаа хүссэн хүн бүр явдаггүй зөвхөн их тахилга, тайллагын үед л олон хүн очдог бөгөөд бусад үед хааны үр удам, ойр төрлийнхэн сан тавьж тахил өргөж ном унших зэрэг эрхэм хүмүүс л очдог ажээ.

Их хориг нь эзэн Чингисийн багадаа өсөж торнисон унаган нутаг Бурхан Халдун уулын орчим болон Баатархайрхан, Их, Бага авхай, Богдын гол зэрэг сүрлэг сайхан уулс, цэвэр тунгалаг устай гол горхи бүхий үзэсгэлэнт цогцолбор нутаг юм.

 

ИХ ХУРИЛДАЙ – Шинэ хаан сонгох, байлдах, найрамдах зэрэг онцгой чухал асуудлыг “Их хурилдай” хэмээх улсын ихэс дээдсийн чуулганаар хэлэлцэж байв. Тухайлбал, 1206 онд Онон мөрний эхэнд есөн хөлт цагаан тугийг мандуулан Их хурилдай чуулж, Тэмүжинг их хаан өргөмжилж, Чингис хаан хэмээн дуудах болсон. Хархорум хотод 1235 онд Их хурилдай зарлаж, баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг зөвлөн хэлэлцжээ.

 

ИХ ЧЭРЭН – Татарын нэг овгийн толгойлогч. Чингис хааны Есүй, Есүгэн хоёр хатны эцэг. Чингис хаан татааруудтай байлдаж дийлээд улс иргэнийг нь яах талаар алтан ургаа цуглуулж, нэг гэрт ороод их зөвлөлдөөн хийжээ.

Тэр зөвлөлдөөнийг Бэлгүтэйгээс Их-Чэрэн асууруун:

-Та нар ямар үг зөвлөлдөв гэв. Бэлгүтэй өгүүлрүүн:

-Та бүгдийг тэнхлэгийн цүүд хэмжиж, түүнээс өндөр нуруутныг цөмийг хядахаар тогтов гэжээ. Энэ үгийг сонсоод Их-Чэрэн олон татаарт тунхаг зарлаж, хороо бэхлэлтэд цуглуулжээ. Тэдний бэхлэлтийг эвдэхийн тулд Чингисийн цэргүүд их хохирол амсав. Бэхлэлтэд цугласан татааруудыг арай гэж элзэн авч тэнхлэгт чацуулан хядахад татаар нар хүн тутам “Дэр авч үхье” гэж хутга ханцуйлж байсан учир түүнээс Чингисийн цэрэг багагүй хохирсон байна.

 

ИХ-ЧЭРЭН – Хулан баатрын хүү. Хулан баатар бол Хабул хааны долоон хөвүүний нэг юм. Их-Чэрэн нь Хотула хаан хүү Алтаны үеэл дүү. Ван хааны хүү Сэнгүм, ах Алтан нарын хэсэг язгууртан “Багалзуур идэх” гэдэг найр хийж Чингис хааныг барьж алах хуйвалдаан зохиоход Их-Чэрэн биеэр байсан ажээ. Тэгээд Их Чэрэн гэртээ ирж өгүүлсэн нь:

-Маргааш өглөө Тэмүжинг барихаар шийдэв. Энэ үгийг хүргэсэн хүнд Тэмүжин юугаа ч хайрлахгүй өгөх биз гэвэл түүний эм Алахчит:

-Чиний энэ дэлэм үг, алд хэл чинь юун болно? Хүн сонсож үнэмшүүзэй гэв. Тэдний үгийг сүү хүргэж ирсэн адуучин Бадай сонсчээ. Бадай хариад Их-Чэрэнгийн үгийг өөр нэг адуучин Хишилигт хэлэв. Хишилиг өгүүлрүүн:

-Би бас тэднийд очиж, учрыг мэдье гээд Их-Чэрэнгийнд давхиж хүрчээ. Их-Чэрэнгийн хөвүүн Нарийн-гэгээн гаднаа сууж, сумаа зүлгэж байв гэнэ.

Нарийн гэгээн:

-Манайхан сая юу ярьсан бэ? Хэлээ татаж амаа барьж яваасай гээд Хишилигт хандаж:

-Мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж авчир. Уяж хоноод өглөө эрт мордоно гэжээ. Хишилиг ирж Бадайд:

-Тугаарын (саяын) чинь хэлсэн үнэн болов. Одоо бид хоёр Тэмүжинд хэл хүргэе гээд мэргидийн цагаан, ам цагаан хоёр морийг барьж, их гэрийн гадна уяад, үдэш хонин дотор орж, нэг хурга алж, чанаад шөнө морджээ.

Тэр хоёр шөнөжин давхисаар Чингис хааныд хүрч ирээд гэрийнх нь араас Их-Чэрэнгийн ярьсан, түүний хөвүүн Нарийн-гэгээн сумаа зүлгэж, ямар нэг юманд бэлтгэж байсан, мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж уя гэсэн бүх үгийг хэлэв.

Бадай, Хишилиг хоёр:

-Чингис хаан соёрхвол, бидний үгэнд эргэлзэх явдалгүй. Хамтран ирж таныг барья гэж хэлэлцэн тогтсон нь магадтай үнэн гэв. Чингис хаан Бадай, Хишилиг хоёрын ачийг санан санасаар Дархадын ноёд болгожээ.

 

М

 

МАЛИГ БАЯГУД – Малиг баягуд гэж Монголын нууц товчоонд гардаг. Добу мэргэн Алангоо нарын гэрийн зарц хүн. Добу мэргэнийг үгүй болсон хойно Алангоогоос эцэггүй гурван хүүхэд гарсан тул ахмад хөвгүүд нь дүү нараа тэрхүү Малиг баягуд зарцын хүүхэд хэмээн сэжиглэхэд Алангоо эх эв эеийн тухай сургаалаа хэлж эдгээр хүүхэд тэнгэрийн гэрлээр төрсөн гэж тайлбарладаг.

Ер нь Баягуд хэмээх нэр Алангоогоос өмнө байсан язгуурын монгол Дарлигин 18 аймгийн бүрэлдэхүүнд оролцдог Баягуд аймгийн нэртэй тохирдог. Гэтэл эдгээр Дарлигиныг захирдаг ноёлог аймаг нь Нирун хиад болох Чингисийн дээд өвгөдийн хараат нь сайхь Малиг баячуд омог болж байна.

Мөн Аглагийн 12 хүрээ халхын дотор багтах өвөр таван отог халх (жарууд, Баарин, Хонгирад, Баягуд, үжрээд)-ийн нэг нь мөнөөхөн баягуд болно. Бас өнөөгийн монгол улсын халхчуудын дотор баягуд яс гэж бий. Түүнчлэн XVI зууны үед Алтайн 12 түмэд, уйчуд, баягуд аймаг ойрадаас салж Хөх хотын газар болон Ордост нүүн ирсэн гэх ба XVIII зууны дунд үед 10 баядынхан Дөрвөд далай ханыг даган Зүүн гараас Увсын газар ирж нутагласан гэх ба Буриадын дотор баяд яс байдаг гэх зэргээр янз бүрийн түүхэнд өгүүлдэг.

Үүнээс харахад Баягуд аймгийг зөвхөн халх, өвөрлөгч, Ойрад буриадын аль нэгэн нь гэж үзэх аргагүй юм. Түүхэн сурвалж аман домгийн мэдээг үндэслэвэл Баягуд нь эрт цагт Байерчу (Баягуд) гэдэг томоохон аймаг Байгаль далайн урдуур умарт монголд нутаглаж байгаад хожим гурван төрөл болон тархсан нь Зэд гол орчмоор нутагладаг Жида баягуд, Алтайд нутаглах Баягуд дуклаас, Халхын тал нутагт орших Хээрийн баягуд хэмээх ялгавартай болсны нэг нь сайхь малиг баягуд ажээ. Иймээс Баягуд нь угтаа язгуурын монгол аймагт багтдаг дарлигин аймгийн нэгэн байгаад хожим нэг хэсэг нь халхын бүрэлдэхүүнд орж, зарим нь Хорь түмэд болон уйчудын хамт Ойрадын хамт явж байсан гэж үзэлтэй.

 

МИЧИН – Чингис хааны шадар хөтөч. Чингис, түүний дүү Хасар хоёрын дунд хов хутгаж, тэднийг хооронд нь эвдэрэлцүүлэхэд их нөлөөлж байжээ хэмээн “Эрдэнийн товч” зохиолд бичсэн байна.

 

МОНГОЛ АЙМАГ – Монгол газар хагас сая жилийн тэртээ хүн сууж байсны дурсгал монголын говиос олонтаа олддогийн нэгэн адил Монгол оронд анхны төр улс байгуулсан монгол удмын овог аймгийн тухай бичгийн болон эд өлгийн баримт хоёр мянган жилийн өмнөөс мэдэгддэг юм. Нийтийн он тооллын өмнөх XVI-XI зууны үед Шанжун, Ян юн, Хүн-юй гэдэг нэртэй нүүдэлчин аймаг эртний хятадын умар этгээдэд байсан тухай нангиад сурвалжинд гардаг. Тэдгээрийн нэгэн залгамчир нь Хүннү буюу Ху аймаг гэдэг. Үүнийг бас өөрөөр (төвдөөр) хор ч гэнэ. Тиймээс төвдүүд эртний монгол аймгийг “Хар”, “Сог” гэж нэрлэх ба Хятад, зөрчид нар “Со фуцубд” хэмээн нэрийддэг ажээ.

Ийнхүү монголчуудын эртний өвөг дээдэс нь Хүннү нар болж байна. Хүннүгийн хаан (Шань юй) Модун (МЭӨ 209-176 онд төр барьсан) Хүннү улсыг байгуулсан бөгөөд эл улс МЭӨ I зууны үед хоёр хуваагдан бутарсан юм. Хүннү улсын бүрэлдэхүүнд монгол болон монгол бус олон аймаг холилдон багтаж байсан нь:

1.Динлин буюу түглигүд (түрэг, уйгар, хасаг, хиргисийн дээдэс)

2.Си-ху буюу баруун ху

3.Ху буюу умарт ху

4.Дунху буюу зүүн ху (Сихуй, Чоба, Мугон, Кидан) хор аймгийн удам зэрэг болно. Түүнчлэн Хүннүгийн дотор Сүтэнь буюу Зүрчид болон Солонгос аймаг багталцаж явжээ.

Хүннүгийн халааг авсан Сяньби (Сүмбэ) улсын цагт (МЭ II-IV зуун) тэдний бүрэлдэхүүнд Еэбэнь, Дувань (Хүннү гаралтай), Мугон, Тоба, Түфа, Хэ-фү зэрэг аймгууд орж байв.

Хүннүд нийтдээ 19 аймаг 4 том овог байсны дотор “Хүянь” хэмээх эрхэм овог нь ноёлдог байв. Энэхүү Хүянь овог нь яваандаа Сяньбийн “Тоба”, Жүжаны “Нирун”, “Киян”, Монголын “Хиад” (Хиад боржигин) болсон гэдэг.

Харин Хүннүгийн харьяанд байгаад дараа нь сүндэрлэн гарч ирсэн Сяньби буюу Сихуй нь дотроо умарт сихум, Өмнөд сихум, Тобу сихум, дай-сихум (дайчууд-тайчууд) гэж ялгарах ба тэдний төрөл Тоба аймагт “Юлянь” (эгүлэн буюу үүл), “Чину” (Чинуа буюу чоно) гэдэг овог байсан нь хожим Киданы “Елюй”, монголын “Чинос” болжээ. Энэчлэн Сяньбийн нэгэн төрөл “ухуань” хожмын Лохан, “улохоу” (“улохунь”) нь олхонуд (XIII зууны хамаг монголын худ аймаг, хожмын халх олгонууд) болсон ажээ. Үүнчлэн “Кумоси” нь Күмүн-күмүс (хүн) гэсэн утгатай монгол нэр болох бөгөөд энэ аймаг нь X-XII зууны үеийн Киданы хамгийн ойр төрлийн аймаг болжээ. Ийнхүү улс төр, нийгмийн шалтгаанаар олон овог аймаг холилдож шинэ аймаг гарч ирсний жишээ нь Хүннү-сяньби хоёрын холимог Тоба аймаг ажээ.

Монголын эртний нэгэн дээдэс болох X-XII зууны үед их улс болж асан Кидан гүрэн нь бас л олон аймгаас бүрэлдэж байв. Иймээс түүхэнд тэднийг 8 кидан гэдэг. Киданы бүрэлдэхүүнд орж явсан аймгууд нь:

1.Сивень-дань

2.Хэдахе

3.Фуфого

4.Сойлин

5.Лянь

6.Цзе

7.Ли

8.Тулуган болно. Эдгээр овог аймгуудын дотроос ноёлох овог нь Дахе, Йони, елюй (сили), сяо зэрэг овгууд болно. Үүнээс хожим залгамжлагдан үлдсэн Дахе овог нь Дахури буюу Дагуур аймаг болсон гэдэг.

8 киданд: Баруун си, Синбай уулын арын си, дамуси, дахуси, бага жүжа си, аванжи си, Жиэрбу си, хувайтоу (шар толгойт) сити си, нали аймаг онгин си нар багтдаг гэсэн мэдээ ч бас буй. Харин хожим монгол аймгийг бүрэлдүүлсэн 70 отогийн дотор багтсан дарлигин, нирун хоёр аймаг байсан ба үүнээс ноёрхох Нирун (Ниругун) хиад дараах 19 аймаг болж байв. Үүнд: 1.Хатангин, 2.Салжиут, 3.Тайчиуд, 4.Хартахан, 5.Сэжигүд, 6.Чонос, 7.Нояхан, 8.Уручуд (уруд), 9.Мангуд, 10.Дорбэд, 11.Баарин, 12.Барулас, 13.Хадархан, 14.Жадаран, 15.Ботагад, 16.Дуклад, 17.Йисут (Бэсүд), 18.Сухан, 19.Кунгият. Нөгөөх Дарлигин нь 18 аймаг байв. Үүнд: 1.Нүкүс (нугус), 2.Урианхан, 3.Хонгирад, 4.Ихирэс, 5.Олхонуд, 6.Горлос, 7.Илжиган, 8.Харануд, 9.Хонгилачуд, 10.Хонхотан, 11.Арулад, 12.Хилингүд, 13.Күнжим, 14.Гүжин (үжин), 15.Сүлдүсүн, 16.Илдурхин, 17.Баячуд, 18.Ортачуд (Кингит) эд болно.

Дээрх аймгуудыг язгуурын монгол аймаг гэх бөгөөд Дарлигин нь монголын нэгдсэн улс байгуулагдахаас бүр өмнө Чингис хааны дээд овог Добу мэргэний бэлбэсэн гэргий Алангоогоос урьд байсан овог аймгийн нэрийтгэл нэр аж. Нирун гэдэг нь мөнөөхөн Алангоогийн хөвгүүдийн шууд удам угсаа болохын дээр яваандаа язгуурын монгол аймгуудын дотор ноёлох давхрага Чингисийн алтан ургийн үүсэл суурь болсон байна.

Чингээд XIII зууны үед болж ирэхэд монгол газар хамаг монгол, тайчууд, жалайр, хэрэйд, мэргид, найман татаар, ойн иргэд (ойрад, хорь, бургуд, түмэд, булгачин, хэрэмчин, уриан хад) зэрэг олон том нэгдэл аймгийн холбоод болоод байв.

Янз бүрийн нэр зүүсэн, нийгмийн хөгжлийн харилцан адилгүй төвшинд байсан эдгээр аймгууд XIII зууны эхээр “Монгол” хэмээх нэрийн дор нэгдэж төвлөрсөн нэгэн төр улсыг байгуулсан юм. Чингэснээр монголын олон аймгийн хоорондын дажин хямрал намжиж тархай бутархай байдал нь устаж, эдийн засаг соёлоо хөгжүүлэх аятай боломж бүрджээ. Түүнчлэн монгол орон, монгол улс, монгол хэл, соёл, монгол зан заншил, аж байдал хэмээн ялгарах угсаатны нийтлэг бий болон төлөвшсөн байна.

Тийнхүү монгол улсын бүрэлдэхүүнд хамаг монгол, Тайчууд, Жалайр, Татаар, Хонгирад, Мэргэд, Хэрэйд, Найман, Кидан, Онгуд, Ойрад, Хорьтүмэд, Урианхан зэрэг олон аймаг багтсаны ихэнх нь монгол хэлтэй, монгол угсааны аймгууд байсны гадна Онгуд урианхай зэрэг монголжсон болон монголжиж байсан түрэг хамниган аймаг хийгээд найман зэрэг түрэгжиж байсан аймгууд орсон байна.

Түүнчлэн монгол гүрний харьяанд монгол, түрэг, хамниган болон өөр бусад олон аймаг угсаатан багталцаж монголын эзэнт улсын бүрэлдэхүүнийг цоохор бүтэцтэй болгосон юм. Бас нэлээд тооны монгол угсааны аймгууд гадагш ойн гарч өөр угсаатны дотор холилдон шингэсэн байна.

XIII зууны үеэс үүсэн бүрэлдсэн овог аймгийн бүтэц нэлээд хугацаанд тогтвортой байгаад XV-XVII зууны үеийн феодалын бутралын үед ахин задарч ялангуяа манжийн байлдан дагууллын үед хүн амын ийш тийш нүүдэллэх хөдөлгөөн ихэссэнээс хуучин овог аймгийн бүрэлдэхүүн задарч ирээд ахин тогтнож, угсаатны шинэ бүлгэмдэл овог аймгийн орчин үеийн бүтэц бий болсон ажээ.

 

МОНГОЛ НУМ СУМ – Төв ази, түүний дотор Монголын өргөн уудам нутагт оршин амьдарч байсан хүмүүс бол нум сумыг амьдрал ахуйдаа олон мянган жилийн тэртээгээс эхлэн хэрэглэж иржээ. Монгол нутгийн хад чулуун дээр эртний хүмүүсийн зурж үлдээсэн нумын зураг, бугын чулуун дээр буй зүймэл нумны зураг ч үүнийг гэрчилнэ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар “Монголын эртний хүн ам нь хуучин чулуун зэвсэгт шилжих цаашдын хөгжилдөө завсрын шат дундад чулуун зэвсэглэлийн (12000-7000 жилийн өмнө) үеийг дамжжээ. Тэр үеийн онцлог нь нум сум, зуулгат зэвсэглэлүүд гарч ирсэн явдал мөн”.

Монгол нутаг энэ төрлийн зэвсгийн нэг гол өлгийн хувьд түүх дурсгалын болон археологийн олдвороор нэн баян юм.

Ф.Энгельс “Нум, хөвч, сум бол удаан хугацаанд туршлага хуримталж, оюуны авьяас чадал нэлээд хөгжсөн, ингэхлээр бусад зүйлийг зохиож бүтээхийг мэдэх болохын хамт бүтээгдсэн маш нарийн зэвсэг юм” гэжээ.

Нум, сумыг амьдрал ахуйдаа ч, дайн тулаанд ч монгол эр чадамгай эзэмшдэг байжээ. Үүний тулд энэ төрлийн зэвсгийг үе улируулан эзэмшүүлж сургах бүхэл бүтэн цогц арга олон байсан болов уу.

Европ зүгээс монгол газар ирсэн хамгийн анхны элч төлөөлөгч П.Карпини (1182-1251) өөрийн тэмдэглэлдээ:

“Эрчүүд нь сум хийх, мал сүргээ харахаас өөр ажил хийнэ гэж байхгүй. Харин тогтмол ан агнаж, нум сумаар харвах сургууль хийх бөгөөд том багагүй цөм мэргэн харваачид ажгуу. Хүүхдээ хоёр, гурван нас хүрмэгц морь унуулан давхиулж сургах ба биенд нь таарсан хавчаахай нум бариулан харвуулж сургах тул тэд самбаа зориг ихтэй бөлгөө. Охид хүүхнүүд нь морь унан давхихдаа эрчүүдээс дутуугүй самбаатай. Тэд мөн ч эрчүүд шигээ нум сум агссан байхыг бид харсан билээ” гэжээ.

Монголын их хаадын үед зориуд цугларан нум сум харвах тэмцээн удаан хугацаагаар явуулдаг, олон мянган хүнийг оролцуулсан ав (авлалт) хийдэг байсан явдал ч зөвхөн цэрэг дайны бэлтгэл төдий хэрэг биш юм.

Тэр үеийн нум сум харвах тэмцээний түүхэнд холбогдох археологийн чухал дурсгал болох “Чингисийн чулууны бичиг” бидний үед уламжлагдан ирсэн бөгөөд түүнд 335 алд газар харваж бай оносон тухай байдаг ажээ.

Монголын түүх, уран зохиолын хосгүй бүтээл, эх нутаг, өвгөд дээдсийн өрлөг түүхийн гэрч “Монголын нууц товчоо”-нд

“Их дэлж харвавал

Есөн зуун алд харвадаг

Татуу дэлж харвавал

Таван зуун алд харвадаг”

нум сумны тухай гардаг. Энэ нь тэр үеийн монголчуудад алс харвадаг их нум, ойр харвадаг бага нум гэж лавтай байсны гэрч биз ээ.

Ардын аман зохиол, үлгэр туульсад ч “далан хүн даадаггүй даргар шар нум” “Далан эрс дамнаж явдаг дархан хар нум” гэх зэргээр үргэлж дурьдагддагийг та бид сайн мэдэх билээ.

Монголын нум сум бол олон зууны буурал түүхийн туршид улам боловсронгуй болж байсан бөгөөд тухайн үедээ шилдэг сайнаараа толгой цохиж байсан юм.

 

 

Үргэлжлэл бий