Төрийн тэргүүний албыг олон жил хаших 12 арга

Posted on September 30, 2011

0


-Албан тушаалын суудлаа хадгалж үлдэхийн төлөө төрийн тэргүүнүүд ямар заль хэрэглэдэг вэ-

 

В.Путин

1. “Хос суудал”-ын аргыг хэрэглэх

Владимир Путинг багаар бодоход 24 жил төрийн толгойд байлгах энэхүү арга яриа байхгүй шинэ зүйл мөн юм. Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол нэгээс илүү удаа улиран сонгогдох эрхгүй гэх Үндсэн хуулийн заалтыг аргалж чадсан “хос суудал”-ын аргыг түүнээс өмнө хэн ч хэрэглэж байсангүй. Онолын хувьд бол “хос суудал”-ын гэх энэ аргыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албыг ээлжлэн хашсаар хязгааргүй олон удаа хэрэглэх боломжтой. Гэхдээ Путин дээрх аргаас гадна дарангуйлагчдын цуглуулгад байдаг зарим нэг залийг ашиглажээ. Тодруулбал, Үндсэн хуулийг мөрдөж байгаа мэт боловч хэрэг дээрээ бүрэн эрхээ хязгааргүй хугацаагаар сунгах боломжоор хангагдах аргыг хэрэглэсэн байна.

 

Сапармурат Ниязов

2. Насан туршийн Ерөнхийлөгч болох

Туркменийн Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Сапармурат Ниязов анх 1990 онд тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тухайн үед түүнтэй эн зэрэгцэх нэр дэвшигч байсангүй. 1994 онд түүний бүрэн эрхийг ард нийтийн санал асуулгаар сунгаж байсан бол 1999 онд Ардын зөвлөл түүнийг Туркменийн насан туршийн Ерөнхийлөгчөөр томилж орхисон. Дөрвөн жилийн дараа Туркменбаши (Сапармурат Ниязовын цол.Орч) бүр Ардын зөвлөлийн насан туршийн удирдагч болов. Энэ мэтээр Ниязов 1985 оноос хойш 2006 онд хорвоог орхитлоо 21 жил төрийн толгойд байсан байдаг. Энэ хугацаанд Туркменбашид зориулан хэдэн мянган хөшөөг босгож, харин түүний бичсэн “Рухнама” номыг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт багтаах болов.

 

Александр Лукашенко

3. Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох тоог цуцлах

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд төрийн толгойд гарсан дарангуйлагчид ихэнх тохиолдолд үзэмж төдий ардчиллыг ашиглан эргэн эргэн сонгогдох замаар жолооны хүрдний ард үлдэхийг хичээдэг. Үүнд ашиглах хамгийн эвтэйхэн арга нь төрийг жолоодох нийт хугацаанд тавьсан хязгаарыг ард нийтийн санал асуулгаар цуцлах явдал юм. 2004 онд Белоруссьт ийм санал асуулгыг явуулсны ачаар Александр Лукашенко дахин сонгогдох эрхээр хангагдаж байв. 2002 онд Тунист мөн л ийм санал асуулгын ачаар Ерөнхийлөгч Бен Али хязгааргүй сонгогдох эрхтэй болж байсан юм. Александр Лукашенко анх 1994 онд Белоруссийн төрийн тэргүүн болж байсан бөгөөд өнгөрөгч онд бас дахин сонгогдсон. Харин Бен Али 1987 онд Тунисийн тэргүүн болсон хэдий ч энэ оны эхэнд ард түмний шахалтаар огцорсон билээ.

 

Жан-Клод Дювалье

4. Ард нийтийн санал асуулгаар бүрэн эрхээ баталгаажуулах

Ард нийтийн санал асуулга явуулах нь авторитар засаглалыг хадгалан үлдэх хамгийн түгээмэл аргуудын нэг билээ. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак, мөн Киргизийн Ерөнхийлөгч асан Аскар Акаев нар бүрэн эрхийн ээлжит хугацаагаа сунгуулах, ингэх болсон шалтгаанаа хуулийн дагуу мэт харагдуулах зорилгоор ард нийтийн санал асуулгыг явуулж байлаа. Сонгогчид тэдний хүсэлтийг хууль мэт дагаж бараг 100 хувь дэмждэг байв. Ийм зорилгоор явуулсан ард нийтийн санал асуулгын хэлбэр, асуулт тодорхойлсон байдал зэрэг нь санал өгөгсдөд сонголт хийх боломжийг нь хязгаарласан байдаг юм. 1971 онд Гаитид төрийн тэргүүнээр Жан-Клод Дювальег буюу тус улсын өмнөх Ерөнхийлөгч Франсуа Дювальегийн хүүг сонгох ард нийтийн санал асуулгыг явуулжээ. Энэ үед гаитичууд “Иргэн, доктор Франсуа Дювалье насан туршийн Ерөнхийлөгчийн суудлыг нь залгамжлах хүнээр иргэн Жан-Клод Дювальег сонголоо. Энэ сонголт таны хүсэл эрмэлзэлд нийцэж байна уу? Та түүнийг дэмжих үү?” гэсэн асуултад хариулах байв. 1985 онд явуулсан ард түмний ээлжит санал асуулгаар бага Дювальегийн бүрэн эрхийг баталгаажуулж чадсан байдаг. Сонгогчдын 99.98 хувь нь түүнийг насан туршийн Ерөнхийлөгчөөр хэвээр үлдээх нь зөв төдийгүй залгамжлагчаа сонгох эрхтэй байх ёстой гэж үзжээ. Гэсэн хэдий ч нэг жилийн дараа ард түмэн нь Дювальег албан тушаалаас нь огцруулсан тул тэрбээр эх орноосоо дүрвэн гарч байсан (2010 онд Гаитид болсон газар хөдлөлтийн үеэр эргэж ирсэн.Орч) түүхтэй.

 

Эмомали Рахмон

5. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тэглэх

СНГ буюу Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад бүрэн эрх сунгах түгээмэл аргын нэг нь Ерөнхийлөгчийн төр барьсан анхны хугацааг “тэглэж” дахин нэг удаа сонгогдох боломжийг олгох явдал байдаг. “Тэглэх” аргын тусламжтайгаар Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, болон Киргизийн Ерөнхийлөгч асан Аскар Акаев нар бүрэн эрхээ сунгаж байлаа. Белоруссийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ч энэ замаар замнаж 1996 онд шинэ Үндсэн хуулийн төслийг ард нийтийн санал асуулгаар баталгаажуулан бүрэн эрхийн хугацааг шинээр тоолж эхлэхийг санаачилж байв. Гэхдээ Ерөнхийлөгч нар үүгээр зогсдоггүй өөрийн эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд бусад аргыг ч ашигладаг билээ.

 

Ислам Каримов

6. Ерөнхийлөгчийн төр барих хугацааг уртасгах

Дахин сонгох болон ард нийтийн дунд ээлжит санал асуулга явуулах асуудлыг ойр ойрхон гаргуулахгүйгээр төрийн эрхээ хадгалан үлдэх бас нэг түгээмэл арга нь Ерөнхийлөгчийн алба хаших хугацааг уртасгах явдал юм. 2002 онд Узбекистаны Ерөнхийлөгчийн албаны хугацааг таван жил байсныг нь уртасгаж долоон жил болгосноор хэтэрхий ойрхон хугацааны дараа дахин сонгогддог байсан Ислам Каримовт таатай боломжийг олгосон байдаг. 2008 онд яг энэ аргыг Владимир Путин хэрэглэсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн алба хаших хугацааг зургаан жил болгосон учир тэрбээр 2024 он хүртэл төрийн тэргүүний албыг хаших боломжтой боллоо.

 

Чарльз Кинг

7. Сонгуулийн үед заль хэрэглэх

Төрийн тэргүүнээ үнэндээ ардчилсан бус замаар томилдог атлаа сонгуулийн байгууллагуудыг ажиллуулсан хэвээр байгаа нь эртнээс улбаатай уламжлал билээ. ЗХУ, Хойд Солонгос, Хятад болон хуучин коммунист дэглэмд багтаж байсан бусад орон ийм маягаар сонгуулиа явуулж ирсэн. Саналыг буруу тоолох, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчдэд боломжийг тэгш бусаар олгох, саналын хуудсан дээр “бүгдийн эсрэг” санал өгөх боломжийг олгохгүй байх зэрэг янз бүрийн арга залийг өнөө үед ч Африк, Ази, ОХУ-ын олон оронд хэрэгжүүлсээр байгаа. 1927 онд Либерит болсон сонгуулийн үеэр хэрэглэсэн зальт аргыг хамгийн шившигтэйд тооцдог. Тэр үед Ерөнхийлөгч Чарльз Кингийг 234 000 санал буюу нийт сонгогчдын 1560 хувийн саналыг авсан гэж зарлав. Гэтэл Либерит ердөө 15 000 сонгогч саналаа өгсөн байв.

 

Нурсултан Назарбаев

8. Үндэсний удирдагч хэмээх онцгой статустай болох

Нурсултан Назарбаев 1989 оноос буюу Казахстаны Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын албыг хаших болсноосоо хойш тус улсыг удирдаж байна. Тэр цагаас хойш Ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дараалан ялж, нэг удаа ард нийтийн санал асуулгын тусламжтайгаар бүрэн эрхээ сунгуулж байжээ. 2007 онд Казахстаны парламент Назарбаевын насан туршийн Ерөнхийлөгч байх эрхийг нь баталгаажуулж, харин 2010 онд “үндэсний удирдагч” гэх онцгой статусаар шагнасан нь энэ насанд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болгосон юм. Назарбаев энэ зүйл заалтыг зөвшөөрөөгүй ч хориг тавьсангүй. Эцэст нь энэхүү заалт хүчин төгөлдөр мөрдөгдөх болсон юм.

 

Бен Али

9. Насны хязгаарлалтыг цуцлах

Хэрэв Үндсэн хуульд нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн насны хязгаарыг тогтсон байвал өтөлж буй дарангуйлагчид үүнийг цуцлахын төлөө тэмцэх нь зүйн хэрэг биз ээ. 2002 онд Тунисийн Ерөнхийлөгч асан Бен Алид тусгайлан явуулсан ард нийтийн санал асуулгын үр дүнд тус улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн насны дээд хязгаарыг 70 байсныг болиулж 75 нас болгосон юм. Мөн Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон нарын дахин сонгогдох нөхцөлийг бүрдүүлэх үүднээс насны хязгаарыг тусгайлан цуцлаж байв. ОХУ-ын өнөөгийн Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны дээд хязгаарыг тогтоогоогүй байдаг юм.

 

Хосни Мубарак

10. Онцгой байдал зарлах

Төрийн тэргүүний эрх мэдлээ хадгалан үлдэх хамгийн шийдмэг аргуудын нэг нь хяналт тогтоох, цэргийн шүүхүүдийг бий болгох, улс төрийн сөрөг хүчинг хориглох, сөрөг хүчнийхнийг хэрцгийлэн дарах замаар онцгой байдал зарлаж олон жилийн турш сонгууль явуулах боломжгүй болгох явдал байдаг. 1972 онд Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос “коммунизмын заналхийлэл”-ээр шалтаглан улс орондоо есөн жилийн хугацаагаар онцгой байдал зарлаж байлаа. Хосни Мубаракийн засаглалын үед Египетэд 30 жилийн турш онцгой байдлын дэглэм үйлчилсэн юм. Харин Сирид 1963 оноос хойш 48 жилийн турш онцгой байдлын дэглэм үйлчилж байгаад энэ оны дөрөвдүгээр сард жагсагчдын шахалтаар цуцлагдсан билээ.

 

Ильхам Алиев

11. Төрийн эрхийг үе залгамжлуулах

Албан тушаалаасаа бууж буй төрийн тэргүүнүүд хаант засаглалын уламжлалыг дуурайн өөрийн үр хүүхэддээ эрх мэдлээ залгамжлуулах аргыг ч бас олдог. Энэ аргыг хэрэглэхдээ тэд ардчилсан ёсыг ашиглаж байгаа нь олонтаа ажиглагддаг ч нэр төдий л зүйл. Дээр дурдагдсан Жан-Клод Дювалье эцгийг нь нас барсны дараа явуулсан ард нийтийн санал асуулгын ачаар Гаитигийн насан туршийн Ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким Чен Ир цагтаа эцэг Ким Ир Сений халааг авч одоо хүүгээ өөрийнхөө залгамжлагчаар томилоод байгаа. Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевийг ч мөн эцэг Гейдар Алиев нь залгамжлагчаараа тодруулж байсан юм. 2003 оны сонгуулиар сонгогчдын олонх нь эцэг Алиевийн хүсэлд захирагдан хүүгийнх нь төлөө саналаа өгсөн байдаг.

 

Муаммар Каддафи

12. Төрийн байгуулалтын онцгой хэлбэрийг бий болгох

Дарангуйллын аливаа нэг хэлбэрийг гол төлөв төрийн эргэлт хийх, төрийн эрхийг хүчээр булаан авах зэрэг үзэгдлийн үр дүнд тогтоосон байдаг. Төрийн байгуулалтын шинэ хэлбэр нь оршин буй хэлбэрүүдээс хамгийн ардчилсан, шударга нь хэмээн итгүүлдэг нь ёс мэт. 1969 онд хаант засаглалыг унагаасныхаа дараа Муаммар Каддафи Ерөнхий дээд командлагч, Хувьсгалт командлалын зөвлөлийн дарга, хожмоо Ерөнхий сайд болж байлаа. Тэрбээр өөрийн “Ногоон ном”-доо “Жамахири” буюу “олон түмний төр” гэх төрийн байгуулалтын шинэ хэлбэрийн үндэс нь “ардын зөвлөл”-ийн удирдлага хэмээн тайлбарладаг байв. Гэтэл үнэн хэрэгтээ Каддафи бүх эрх мэдлийг гартаа авч сөрөг хүчнийхэнтэй үзэлцдэг байжээ. Энэ оны хоёрдугаар сард Ливид иргэний дайн эхэлсэн билээ. Харин Каддафи өдгөө хаана байгаа нь тодорхойгүй байна.

 

 

http://www.forbes.ru/ekonomika-photogallery/74434-13-sposobov-uderzhat-vlast-tandem-i-drugie-varianty/photo/1