Хэдийнэ буруутан

Posted on September 30, 2011

2


-Майкл Жексоны эмчийг шүүх хурал эхэллээ-

Лос-Анжелесийн тойргийн шүүх Майкл Жексоны хувийн эмчид нээсэн хавтаст хэргийг хэлэлцэх ажиллагааг эхлүүллээ. Конрайд Мюррейг нойргүйдлээр шаналж байсан дуучинд 2009 оны зургадугаар сарын 25-нд хүчтэй үйлчилгээтэй эмийн өндөр тунг тарьсан гэж буруутгаж байгаа юм. Хурлын эхний өдөр шүүхийн танхимын гадаа эмчийг буруутай гэдэгт итгэлтэй байгаа Жексоны хэдэн зуун бишрэгч цугалсан байлаа.

Хурлыг нээх үед прокурор Дэвид Уолгрэн (David Walgren) Мюррей эмчийг дуучин Майкл Жексоны “хязгааргүй итгэл”-ийг нь дааж чадаагүйгээр үл барам санаатай биш ч түүнийг алсан нь үнэн гэж мэдэгдэв. Тэрбээр хийсэн мэдэгдлээ батлахын тулд нас барахаасаа хэдэн долоо хоногийн өмнө Жексон, Мюррей эмчтэй утсаар ярьсан аудио бичлэгийг иргэдийн төлөөлөлд сонсгосон юм. Бичлэгт 50 настай дуучин маань (эсвэл түүнтэй төстэй хоолойтой нэгэн) Мюррей эмчид ямар мартагдашгүй сайхан шоу (Жексоны “This Is It” хэмээх концерт нь 2009 оны долдугаар сард болох байлаа)-г хийхээр бэлдэж байгаа талаараа ээрэн байж ярьж байгаа нь сонсогджээ. “Энэ тоглолт үнэхээр гайхалтай болно. Тоглолт дууссаны дараа хүмүүс танхимыг орхиж эхлэх үед би энэ шоу… миний шоу… би тэдэнд хандаж ийм гайхамшгийг урьд өмнө харж байсангүй гэж хэлэхийг хүсч байна” гэж ярьж байгааг нь сонсвол Жексон эмийн үйлчлэл дор байсан бололтой. Жексонд бичиж өгсөн эмнүүд нь түүнд муугаар нөлөөлж байгааг Конрад Мюррей эмч сайн мэдэж байсан гэдгийг энэ бичлэг яруу тод нотолж байна хэмээн прокурорууд үзэж байгаа аж.

Ингээд яллагч тал попын хааны нас барсан өдрийг дараах байлаар дүрслэн ярьсан байна. Зургадугаар сарын 25-ны өглөө Жексон өмнөх саруудын адилаар нойр нь хүрэхгүй шаналж унтлагынхаа өрөөнд байжээ. 10.40 цагт Мюррей эмч тайвшруулах үйлчилгээтэй хэдэн эмийг өвчин намдаах хүчтэй үйлчилгээтэй пропофол гэдэг эмийн хамт өгсөн байна. Үүний дараа эмч өрөөнөөс нь гарч найз нөхөд болон бизнесийн хамтрагчтайгаа утсаар ярьж, Жексоны даатгалыг хариуцсан ажилтанд түүний бие сайн байгаа талаар захидал биччихээд 11.51цагт зөөгч ажилтай найз бүсгүйтэйгээ утсаар ярьжээ. 5 минутын дараа нөгөө бүсгүй нь Мюррейг ямар нэгэн юманд санаа зовж эхэлснийг мэдэрсэн аж. Үүний дараа Мюррей эмч утсаа тасалсан байна.

Эмчийг унтлагын өрөөнд эргэн орж ирвэл Жексон амьсгалахгүй байгаа нь илт байж. Тиймээс Мюррей дуучны туслах болох Майкл Амир Уильямс (Michael Amir Williams)-ыг дууджээ. Туслах нь улмаар Жексоны бие хамгаалагч Альберто Альварес (Alberto Alvarez)-ыг утсаар дуудан унтлагын өрөөнд яаралтай орж ирэхийг тушаасан аж.

Альваресийг орж ирэхэд Мюррей эмч Жексоныг сэхээн амьдруулахыг оролдож байжээ. Үүнийг нэг гараараа хийж байсан гэнэ. Үүнээс гадна бие хамгаалагч маань Жексоны биед гуурсан хоолой шургуулсан байгааг олж харсан аж. Прокурор Уолгрений шүүхэд тайлбарлан хэлснээр, өвчтөн ухаангүй болсон үед шээсийг нь гадагшлуулах зорилгоор энэхүү гуурсыг ашигладаг байна.

Мюррей эмч Жексоныг сэхээн амьдруулж чадахгүй гэдгээ ойлгомогц ил байсан эмүүдийг цүнхэндээ яаран хийж эхэлжээ. Зөвхөн энэ үйлдлийнхээ дараа л тэрбээр Альварест түргэн дуудахыг тушаасан аж. Энэ бүх явдал 12.20 цагт буюу эмч найз бүсгүйтэйгээ утсаар ярьснаас хойш 24 минутын дараа болсон байна. Түргэний эмч нар Жексоныг 12.26 цагт нас барсан гэсэн дүгнэлт гаргажээ. Сүүлд болсон задлан шинжилгээний хариугаар дуучин маань тайвшруулах үйлчилгээтэй эмнүүдийг пропофолтой хольж хэрэглэсний улмаас хордож нас барсан болох нь тогтоогдсон юм.

Есдүгээр сарын 27-нд болсон шүүх хурал дээр Жексоны нас барсан үеийнх нь зургийг харуулсан бөгөөд зурагны дор “Аллага” гэсэн тайлбар байжээ. Яллагч тал Мюррейн өвчтөндөө хандсан хандлага нь “эмчийн ёс зүйн бүх зарчмууд”-ыг зөрсөн үйлдэл хэмээн үзэж байна. Нэгдүгээрт, пропофол эм Жексонд хэрхэн нөлөөлдгийг мэдсээр байж Мюррей эмч хоёр сар гаруйн хугацаанд үүнийг нойрны эм болгон хэрэглүүлж байжээ. Хоёрдугаарт, онцгой нөхцөл тохиолдоход өвчтөний амийг аврахад шаардагдах хэрэгцээт багажтай явах тал дээр санаа тавиагүй гэнэ. Эцэст нь, Мюррей түргэний эмч нарт Жексоныг нас барахынхаа өмнө ямар эм хэрэглэж байсан талаар мэдээлэл өгөөгүй зэрэг үйлдлийг нь буруутгаж байна.

Мөн Мюррей 2009 оны дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд нийт дүнгээрээ 155 грамм пропофол захиалан авсан тухай баримт яллагч талынханд байна. Энэ дүнг тооцож үзвэл түүнд өдөр бүр бараг хоёр грамм пропофол хэрэг болдож байж. Учир ийм аваас өмнө нь Жексонд өдөрт дээд тал нь 25 миллиграмм пропофол өгдөг байсан гэх Мюррейн цагдаад өгсөн мэдүүлгийг нь энэхүү баримттай тулгаж үзэхийг яллагч тал санал болгосон байна.

Мюррейн үйлдэл шударга бус байсан гэдгийг Жексоны захирал, бүжгийн найруулагч Кенни Ортега (Kenny Ortega) ч баталсан байна. Тэрбээр Жексоныг амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд нэг л бие султай, ярихдаа өгүүлбэрүүд нь авцалдахгүй, гэнэт даарах эсвэл гэнэт айж чичирдэг болсон байсан тухай ярьжээ. Ортега санаа зовон тухайн үед энэ талаар Мюррей эмчид хэлтэл тэрбээр хэрэгтэй, хэрэггүй зүйлд хошуугаа дүрэхгүй байхыг зөвлөсөн гэнэ.

Харин Мюррейн өмгөөлөгч болсон явдлыг арай өөрөөр тайлбарлав. Өмгөөлөгч Эд Чернофф (Ed Chernoff) Жексоныг шинэ тоглолтондоо бэлтгэх нэрийдлээр эмчийн зөвшөөрөлгүй хүчтэй үйлчилгээтэй эмүүдийг дураараа хэрэглэдэг байсан гэв. Өөрийнхөө өвчтөнтэй найз нөхдийн холбоотой байсан Мюррей хорт зуршлаас нь салгах гэж мэрийсэн ч амжилт олоогүй ажээ.

Нас барах өдрөө эмчийг унтлагын өрөөнөөс гарч явсан тэрүүхэн хугацааг ашиглан Жексон тайвшруулах болон “зургаан хүнийг ч нам унтуулж дийлэх” хэмжээний пропофолын тунг дураараа уусан гэнэ. Энэ тун л дуучинг газар дээрээ амьсгал хураахад хүргэсэн аж. Өмгөөлөгчийн нотолж буйгаар, Жексон маш богино хугацаанд амьсгал хураасан учир эмч “түүний нүдийг ч аниулж амжаагүй” гэнэ. Үүнээс гадна анагаах ухааны салбарын мэргэжилтэн биш байж хэн нэгний эмчлэх ёс зүйн талаар шийдвэр гаргах эрх иргэдийн төлөөлөлд байхгүй хэмээн өмгөөлөгч үзжээ.

Хэрэв иргэдийн төлөөлөл Мюррейг буруутай гэж үзвэл түүнийг дөрвөн жил хүртэлх хугацаагаар хорих, эмчлэх эрхийг нь хасах зэрэг ял оноох магадлалтай. Нөгөө талаар, шүүх юу гэж ч шийдсэн бай Мюррей эмч хэдийнэ бүлэг дайсантай болоод авлаа. Тэр нь Жексоны уран бүтээлийг бишрэн шүтэгчид юм. Есдүгээр сарын 27-ны өдөр шүүхийн гадаа Мюррейг гэм буруутай гэдэгт итгэлтэй байгаа хэдэн зуун шүтэн бишрэгч цугласан байлаа. Итгэлтэй байгаа гэдгээ ч авчирсан наранцэцэг (Жексоны дуртай цэцэг) болон “Алуурчин!” гэж хашгиралдаж буй төрхөөрөө илтгэж байлаа. Хэдийгээр Мюррейг дэмжих хэдэн арван хүн хүрэлцэн ирсэн боловч шүтэн бишрэгч нарт яалт ч үгүй дийлэгдэж байв.

Дашрамд хэлэхэд, Жексоныг нас барсан өдрөөс эхлээд л шүтэн бишрэгчид нь Мюррейг зовоож эхэлсэн юм. Эмчийг төлөөлж буй хүмүүсийн ярианаас үзэхэд, олон тооны заналхийллээс болоод Мюррей эмч бие хамгаалагч хөлсөлж авах дээрээ тулан, гэрээсээ ч гарах аргагүйд хүрсэн байдаг. Мюррейг дэмжигчид энэ хугацаанд зүгээр суугаагүй (2009 оны наймдугаар сард Мюррей Youtube-ээр дамжуулан түүнийг дэмжиж байгаад талархал илэрхийлж байв www.youtube.com/watch?v=x1bjDWRJx9I) ч олон нийтийн санаа бодол яалт ч үгүй түүний эсрэг байгаа бололтой.  

Гэхдээ хамгийн хэцүү зүйл гэвэл Мюррейд тааламжгүй хандаж байгаа хүмүүс зөвхөн шүүхийн гадаа бус шүүх танхим дотор ч бас байгаа юм. The Sun сайтын мэдээллээс үзвэл иргэдийн 12 төлөөллийн найм нь шүүх хурлын өмнө бөглөсөн анкетад Жексоны уран бүтээлийг биширдэг эсвэл хэзээ нэгэн цагт биширч явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байжээ. Үүнээс гадна энэ шүүх хуралд байнга хүрэлцэн ирэх хүмүүсийн дунд Майкл Жексоны эцэг Жозеф, эмэгтэй дүү Жанет, Латойяа нар болон эрэгтэй дүү Жермен, Ренди, Тито нар багтаж байгаа аж.

Конрад Мюррейг шүүх хурал дөрвөөс зургаан долоо хоногийн турш үргэлжлэх магадлалтай. Лхагва гаригт буюу есдүгээр сарын 28-нд шүүгчид Майкл Амир Уильямсийн мэдүүлгийг сонсоно. Жексоны зөвлөх байсан энэ хүнээс Мюррейн өмгөөлөгч Беверли-Хиллз дахь Арнольд Кляйны эмнэлэгт дуучин маань яах гэж очсон талаар байцааж асуух хүсэлтэй байгаа аж. Зарим мэдээлэлд үндэслэвэл Майкл Жексон нас бархаасаа өмнө энэ эмнэлэгт очин демерол хэмээх хар тамхины хөнгөн төрөлд багтах нийлэг опиумаас нэлээд хэмжээг хүртсэн бололтой. Чухамхүү энэ л бэлдмэлээс хамааралтай болсны улмаас Жексон нойргүдлээр шаналж байсан гэх магадлал бий.

Гэхдээ энэ өдрийн хуралдааны дараа Мюррейг зөвтгөх боломж нэмэгдэнэ гэж үзвэл эндүүрэл болох биз ээ. Учир нь Жексоны туслах Уильямс өмнө нь тэрхүү гайт өдөр Мюррейн хийсэн үйлдлийг “хачирхалтай, ер бусын бөгөөд ойлгомжгүй” гэж тодорхойлж байсан билээ.

 

http://lenta.ru/articles/2011/09/28/jackson/