Улс төр дахь томоохон 10 зодоон

Posted on October 6, 2011

4


Өнгөрөгч есдүгээр сард Оросын бизнесмен Александр Лебедев (өдгөө улстөрч, Forbes-ын судалгаагаар ОХУ-ын хамгийн баян 200 хүний жагсаалтад 45-д орж байсан, 2.1 тэрбум долларын хөрөнгөтэй) ОХУ-ын “НТВ” сувгийн нэгэн нэвтрүүлэгт оролцож байхдаа Оросын мөн л алдартай бизнесмен Сергей Полонский (Forbes-ын судалгаанд нэг бус удаа нэр нь дурдагдаж байсан)-тэй зодолдож нэлээд шуугиан тарив. Одоо хоёул шүүхэд дуудагдаад байгаа.

Ер нь цагаан захтнууд, зузаан түрийвчтэнгүүд болон эрх мэдэлтэй хүмүүс аливаа асуудлыг нударгаар шийддэг явдал элбэг тохиолддог билээ. Үүнтэй холбогдуулан Forbes сэтгүүлийнхэн улстөрч, бизнесменүүдийн хооронд гарсан зарим томоохон зодоон, үүнээс гарсан үр дагавруудыг танилцуулжээ.

1.Туркийн парламент: нэг хүн амиа алдав

Туркийн парламентын 2001 оны нэгдүгээр сард болсон нэгэн хурал зодооноор төгссөн юм. Уг хурал дээр эрх баригч намынхан хуулийн төсөл хэлэлцэх хугацааг богиносгохыг шаардсаны улмаас ойролцоогоор хориод хүн хоорондоо зодолдож эхлэв. Хэт барууны Үндэсний хөдөлгөөний намын зарим гишүүн Февзи Сиханлиоглу хэмээх курд үндэстэй гишүүнийг газар унагаж толгой руу нь тав, зургаан удаа цохижээ. Энэ явдлаас хойш хэдэн цагийн дараа Сиханлиоглугийн зүрх нь хаагдсан билээ.

2. Украины Рада: 5 хүн эмнэлэгт хүргэгдэв

Украины парламентад өнгөрөгч оны арванхоёрдугаар сард болсон зодоон нэлээд ноцтойд тооцогдоно. Юлия Тимошенкогийн блок (БЮТ)-ийн гишүүд түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж танхимд зурагт хуудсуудыг наан хурлын индэр рүү хэнийг ч нэвтрүүлэхгүй байв. Мужуудын намаас сонгогдсон гишүүд хурлын индэрийг хүчээр чөлөөлөхийг хичээсэн юм. Үүний үр дүнд хэдэн хүн ноцтой гэмтэл авсан тул танхимаас дамнуургаар зөөж гаргахаас аргагүйд хүрсэн ба таван хүн эмнэлэгт хүргэгдэж байлаа. Мужуудын намын гишүүдийн нотолж буйгаар, БЮТ-ын гишүүд хуралд ирэхдээ жижиг лоом, гинж тэргүүтнийг авчирсан байсан ч тэднийгээ хэрэглэж амжаагүй гэх.

3. Владимир Жириновскийн өдүүлсэн зодоонууд: норсон костюм, зулгарсан үс, хамрын цус

Оросын телевизийн түүхэн дахь анхны томоохон зодооноор 1995 онд ОРТ сувгийн “Нүүр тулсан ярилцлага”-д оролцсон Владимир Жириновский, Борис Немцов хоёрын дунд болсон зодооныг нэрлэж болох юм. Жириновский уг нэвтрүүлэгт оролцохдоо Нижегородск мужид (Немцов нэг хэсэг уг мужийг хариуцан ажилладаг байсан юм.Орч) тэмбүү өвчин дэгдээд байгаа талаар өгүүлсэн юм. Немцов хариуд нь Жириновскийн 200 хүүхэнтэй амраглаж явсан тухайгаа ярьсан ярилцлагатай “Playboy” сэтгүүлийг харуулав. Жириновский үүнд уурлаж Немцовын нүүр өөд жүржийн шүүс цацаж орхисон юм. Немцов ч бас мөчөөгөө өгөлгүй урдаа байгаа шүүсийг түүн рүү цацав. Жириновский хариуд нь шилэн аягаа түүн рүү шидэж билээ.

1995 оны намар Жириновский мөн Евгения Тишковская хэмээх эмэгтэй гишүүний үсийг зулгааж харин 1997 онд Юлия Ольшанская хэмээх эмэгтэй сэтгүүлчийг зодож, машиндаа чихсэн хэрэг гарсан билээ. 2003 онд тэрбээр “Эх орон” намаас сонгогдсон Михаил Делягин гишүүнд уурлаж тэрхүү уурандаа Сергей Митрохин гэх өөр нэг гишүүнийг өшиглөж “таван салаа боов” авч байв. Дээрх намаас сонгогдсон Александр Савельевтэй бол Жириновский бүр хоёр ч удаа барилцаж авсан түүхтэй. Эхний удаад нь буюу 2003 онд телевизийн нэтврүүлэгт оролцож байхдаа Савельев Жириновскийг унатал нь цохиж авсан юм. Дараагийн удаад нь буюу 2005 онд Жириновский Савельев руу нулимсны улмаас хоёр улстөрч бие биеийнхээ хамар, шанааг цохилцоод авч билээ. Жириновский хуруугаа гэмтээж, Савельевийн хамарнаас цус гарснаар энэ зодоон өндөрлөж байв.

4. Бас л Украины Рада: өндөг шидсэний улмаас хөхөрсөн нүд

2010 оны дөрөвдүгээр сард Украины Радад Хар тэнгисийн флотыг Украинд үлдээх тухай хэлэлцээрийг батлах явцад гарсан зодоон нэлээд өргөн хүрээг хамарсан зодоонд тооцогдоно. Радагийн дарга Владимир Литвин рүү түүхий өндөг шидэж эхэлснээр чуулганы тэрхүү хуралдаан нээгдэж байв. Үүний дараа гишүүдийн дунд зодоон үүссэн тул нулимс асгаруулагч утаат хийг тавьж байлаа. Бие хамгаалагчид нь хурлын даргыг шүхрийн тусламжтайгаар өндөгнөөс хамгаалж байсан хэдий ч нэг өндөг хурлын даргын нүдийг онож хөхрүүлснийг эс тооцвол энэ зодоон тухайн үедээ ноцтой хохиролгүйгээр өндөрлөж билээ.

5. ОХУ-ын Төрийн Думын гишүүн Федулов, Шандыбин нарын зодоон: хамраа хазуулах дөхөв

2003 оны хоёрдугаар сард Төрийн Думын нэгэн хуралдаан дээр коммунист-гишүүн Василий Шандыбин бие даан нэр дэвшиж сонгогдсон Александр Федулов руу нударга зангидан дайрсан юм. Тухайн үед Федулов Геннадий Зюгановыг “улс төр дахь биеэ үнэлэгч” гэж хочилж орхив. Хоёр эрхмийг бие биедээ ноцтой хохирол учруулахаас нь өмнө амжиж салгасан юм. Энэ зодооны дараа Федулов “Хэрэв Шандыбин над дээр мордсон бол би шууд л түүний хамрыг хазах байсан. Энэ бол маш амархан бөгөөд их үр дүнтэй арга. Энэ аргыг хэрэглэж чадаагүйдээ харамсаж сууна” хэмээн ярьж байв. Харин Шандыбин “намынхаа нэр хүндийг хамгаалах”-ын тулд ингэхээс аргагүйд хүрсэн гэж мэдэгдэж байлаа. “Ленин хүртэл Троцкийг “улс төр дахь биеэ үнэлэгч” гэж хочилж байсан. Би ердөө марксизм-ленинизмийг үндэслэгчийн хэлсэн тэр үгийг л иш татсан хэрэг” гэж Федулов бухимдаж билээ.

6. Өмнөд Солонгосын парламент: танхимын тавилгуудыг хэмхэлж, нэг хүн эмнэлэгт хүргэгдэв

2009 оны долдугаар сард Өмнөд Солонгосын парламентад хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулийн шинэ төслийг хэлэлцэх явцад олон гишүүнийг хамарсан зодоон болсон юм. Энэ зодоонд бараг бүх гишүүн оролцов: эмэгтэй гишүүд нь чангаар орилолдон бие биеийнхээ хувцаснаас зуурцгааж, харин эрчүүд нь бие биеийнхээ дээрээс тавилга шидэлж, зодолдож буй хүмүүс рүү индэр дээрээс үсэрч байлаа. Эцсийн дүндээ нэг гишүүн эмнэлэгт хүргэгдсэн юм.

7. Чехийн Эрүүл мэндийн сайдын уулзалт: гэмтсэн нүүр

2006 онд Эрүүл мэндийн сайд Давид Рат Чехийн эрүүл мэндийн салбарт явуулж буй шинэчлэлийг нь эсэргүүцсэн шүдний эмч нартай уулзалт зохион байгуулсан юм. Уг уулзалт дээр Рат сайд Ерөнхийлөгчийн зөвлөх Мирослав Мацектай зодолдож билээ. Эхлээд Мацек түүний толгой руу цохисон. Эхэндээ Рат түүнийг “хулчгар” гэж хочлоод дараа нь биеэ барилгүй хариу барьсан юм. Энэ явдал Чехийн улс төрд болсон цөөн зодооны нэг байлаа.

8. Тайванийн парламент: хуулийн төслийг зооглож, бие биеэ хазав

Тайванийн парламентад байнга л зодоон гарна. Гишүүд бие бие рүүгээ гутал, ном, микрофон шидэж л байдаг. Харин өнгөрөгч онд нэгэн хуулийн төслийг хэлэлцэх явцад санал хураалтыг зогсоох зорилгоор нэг гишүүн уг төслийг зооглочихсон юм. Үүний улмаас парламентын гишүүд жү-догоор “үзэлцэх” дээрээ туулсан.

Мөн өнгөрөгч оны нэгдүгээр сард болсон олон гишүүнийг хамарсан зодооны үеэр сөрөг бүлгийн гишүүн эрх баригч намаас сонгогдсон нэгнийг хазаж орхисон. Английн “Daily Mail” сайтад бичсэнээр, Тайванийн парламентын гишүүд зодооныг зориуд гаргадаг ба урьд өдөр нь бие бие рүүгээ утасдан хөнгөн хувцаслаж ирэхийг сануулдаг гэнэ.

9. Гүржийн парламент: нэг хүн эмнэлэгт хүргэгдэв

кастет хэмээх зэвсэг

2002 оны арваннэгдүгээр сард Гүржийн парламентын гишүүн Петре Цискаришвили хуруунд угладаг төмөр хэрэгслээр Давид Саганелидзе хэмээх гишүүний нүүр рүү цохисон хэрэг гарч байлаа. Ер нь Гүржийн парламентад зодоон нэг бус удаа болж байсан. Тухайлбал, 2003 оны тавдугаар сард сөрөг намын гишүүд парламентын дэд дарга Вахтанг Рчеулишвилиг зодсоны улмаас тэрбээр эмнэлэгт хүргэгдэж байсан юм. Харин хамгийн сүүлийн зодоон нь өнгөрөгч сард гарав. Энэ өдөр Петре Мамрадзе гишүүн 2008 онд болсон дайныг “Саакашвилийн өдөөн хатгалга” байсан гэж хэлсэн учраас Акакий Бобохидзе гишүүн түүнийг алгадсан юм.

10. Энэтхэгийн нэгэн мужийн парламент: сандалуудыг шидэлж, бие биеэ гэмтээв

Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн парламентад олныг хамарсан зодоон болж байв. Доорх видеоноос харахад, гишүүд хавтас, микрофон, сандалаар бие биеэ зодно. Зарим нь ширээн дор нуугдахыг хичээжээ.

http://www.forbes.ru/ekonomika-photogallery/vlast/74798-10-samyh-krovavyh-drak-mezhdu-politikami-i-biznesmenami/