Аюултай бүсүүд дахь хөлбөмбөгийн багууд

Posted on October 7, 2011

1


Хөлбөмбөг нь спортын хамгийн осолтой төрөлд багтдаг. Гэтэл үүний зэрэгцээ зарим баг аюултай бүст ажиллаж амьдарч байгаа нь амиараа дэнчин тавьсантай ялгаагүй зүйл юм. Самуэль Это’О Махачкалагийн “Анжи” клубт шилжин орсноор жилд 18 сая еврогийн цалин авна. Энэ утгаараа тэрбээр дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар тодроод байгаа. Гэхдээ Камеруны супер од маань энэ мөнгийг олохын тулд их аюултай газар ажиллаж амьдрах шаардлагатай нүүр туллаа. Өнгөрөгч лхагва гаригт гэхэд л Дагестанд гурван автомашин дэлбэрсний улмаас зургаан хүн нас барж, 50 хүн шархатсан.

Үүнтэй холбогдуулан Dailyrecord.co.uk сайт дэлхийн аюултай бүст ажилладаг хөлбөмбөгийн багуудыг тодруулжээ.

 

1.“Анжи” (Махачкала, ОХУ-ын Дагестан улс)

  

“Анжи” багийнхан төрөлх хот Махачкалад байх нь эрсдэл дагуулдаг. Тийм учраас тэд зөвхөн тоглолттой үед л ийшээ зүглэдэг байна. Тоглолт дуусч, шүгэл дуугармагц тэд 1000 км зам туулан Москвагийн ойролцоо орших баазаа зорьдог аж.

Дэлхийн од-тамирчин Самуэль Это’О-г Махачкалад хүрэлцэн ирсэн өдөр нь тус хотод буудалцаан болж таван хүн амь үрэгдсэн. Махачкалад ноёрхож буй хүчирхийлэл, мөн дайн байлдаанд нэрвэгдсэн Чеченьтэй ойрхон оршдог зэрэг хүчин зүйлсийн уршгаар 2001 онд УЕФА-ийн цомын төлөөх тэмцээний “Анжи” – “Рейнжерс” багуудын тоглолтыг Варшав хотод явуулахад хүргэж байсан юм.

 

2. “Терек” (Грозный, ОХУ-ын Чечень улс)

Оросын Премьер лигийн нэгэн тоглолтод “Терек” багийнхан хожигдсоны улмаас Голландын алдарт мэргэжилтэн Руд Гуллитыг “Терек”-ийн ерөнхий дасгалжуулагчийн албанаас нь огцруулж байв. Тухайн тоглолтын өмнө дасгалжуулагчид “Заавал хожуул. Эс бөгөөс чи нэлээд асуудалтай орооцолдох болно шүү” гэсэн хатуу шаардлагыг тавьсан байжээ. Үүнийг байлдагчдын тэргүүн асан, Чеченийн Ерөнхийлөгч асан Ахмат Кадыровын хүү Рамзан Кадыров өөрийн биеэр хэлсэн аж.

35 настай Рамзан 2004 оны тавдугаар сард амиа алдсан эцгийнхээ алуурчдыг олж өшөөгөө авч чадсан хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. “Би алах ёстой хүнээ хэдийнэ цааш нь харуулчихсан. Түүний ард байсан зарим хүн ч шийтгэл амссан. Амссар ч байх болно. Би үхэн үхтлээ эсвэл шоронд ортлоо тэд нартай тэмцэх болно” гэж байв.

Кадыров гэртээ арслан, бар тэжээдэг бөгөөд түүний дотны найзуудын нэг нь шуугианы эзэн болсон алдарт боксчин Майк Тайсон байдаг юм.

3. “Марсель” (Франц)

Сүүлийн хэдэн сарын хугацаанд “Марсель”-ийн од болсон арван тамирчин зэвсэгт халдлагад өртөж байлаа. Тэдний нэг болох Бразилийн хамгаалагч Витторино Хилтон, Марсель дахь гэрээ тонуулсны дараа багаасаа гарч “Монпелье”-д шилжсэн түүхтэй. Зэвсэглэсэн зургаан дээрэмчин түүнийг хэрцгийгээр зодож, гэр бүлийнх нь 10 хүнийг барьцаанд авч байв. Дээрэмчид түүний гэрээс үнэт эдлэл, бэлэг дурсгалын зүйлс, компьютерүүд болон брэндийн цүнхнүүдийг нь авч одсон юм.

Тус клубийн захирал Хосе Аниго “Энэ жил шинэ тоглогчдыг авахад тэд хамгийн түрүүнд “Танай клуб миний болоод гэр бүлийн маань аюулгүй байдлыг хангаж өгч чадах уу” гэж асууж байсан” гэв.

Витториногоос гадна Аргентины хагас хамгаалагч Лучо Гонсалес “Марсель”-тэй байгуулсан гэрээгээ цуцлахыг гуйж байсан гэх яриа бий. Учир нь бас түүний ч гэрт хулгайч нар нэвтрэн орж Лучо болон найз бүсгүйг нь заналхийлж байгаад гэрээс нь хамаг үнэт эдлэл, төлбөрийн карт, үнэтэй “Бентли” машиныг нь аваад явсан юм.

4. Тогогийн шигшээ баг

2010 онд Африкийн цомын төлөөх тэмцээнд оролцохоор Анголыг зорьж явсан Тогогийн үндэсний шигшээ багийнхан руу зэвсэгт этгээдүүд халдаж автобусыг нь автоматаар шүршсэн хэрэг гарч байлаа. Буудалцааны үеэр жолооч Марио Анжоуа амь үрэгдэн хамгаалагч Серж Акакпо, гоолкипер Кожови Обилале нар хүнд шархтсан юм. Энэхүү буудалцаанд нийтдээ найман хүн шархтсаны дотор сэтгүүлч, багийн хоёр эмч байв. Буудалцаан хагас цаг үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд тамирчид суудал дор нуугдахаас аргагүйд хүрчээ. Эммануэль Адебайор дээрх болсон явдлын талаар ярихдаа “Амьдралдаа харсан хамгийн аймшигт явдал байсан” гэжээ.

5. “Португеза” (Бразиль)

Өөрийн талбай дээрээ “Вилла Нова”-тай тоглоод 2:1-ээр хожигдсоны дараа “Португеза” багийнхны хувцасны өрөөнд зэвсэглэсэн дөрвөн этгээд нэвтрэн орж цаашдаа ч ийм маягаар тогловол нэлээд асуудалтай тулгарах болно хэмээн заналхийлсэн юм. Үүний дараа тус багийн дасгалжуулагч “Ийм хөлбөмбөг гэж юу байх вэ! Ийм ертөнц гэж юу байсан юм бэ!” гэж бухимдан огцрох өргөдлөө өгсөн. “Португеза” багийнхан тааруу тоглогчдоор багаа бүрдүүлсэн гэх заналхийлэлтэй нэг бус удаа тулгарч байв.

6. “Рома” (Итали)

“Рома”-ийн хар арьст тоглогчид руу нэг бус удаа дайрч байв. Тухайлбал, 26 настай Ганын иргэн Ахмед Баруссог үл таних этгээдүүд зодож, багаа орхихгүй гэж эсэргүүцсэнийх нь хариуд явдал дунд машинаас нь түлхэн унагаж байв. Харин довтлогч Стефано Окакаг тоглолтын дараа гарын үсгээ зурахаас татгалзсан гэх шалтгаанаар фенүүд нь зодож байсан билээ.

2004 онд Рим хотын хөлбөмбөгийн багуудын хооронд явуулсан тэмцээний “Рома” – “Лацио” багуудын тоглолтын үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа нэг хүүхэд амиа алдлаа гэх цуу яриа дэгдэж эхлэв. Үүнийг сонссон танхай этгээдүүд ногоон талбайд дайран орж “Рома” багийн ахлагч Франческо Тоттиг энэ хэрэгт тайлбар өгөхийг шаардсан юм. Дөрвөн минутын дараа эмх замбараагүй байдал үүссэний улмаас тоглолтыг зогсооход хүрч байв. Цагдаа нар нулимс асгаруулагч хий тавин танхай этгээдүүдийг тараасны дараа л хоёр багийн тоглолт үргэлжилсэн билээ.

7. “Белградын улаан од” (Серби)

1991 онд Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр 21 настай залуу буудуулж амиа алдсан хэрэг гарсан билээ. Энэ явдлаас болж аварга шалгаруулах тэмцээний таван тоглолтыг үзэгчгүйгээр явуулсан байдаг.

Сербийн хөлбөмбөгийн багийнхан сүүлийн 10 жилийн турш айдас, дарамт дор ажиллаж амьдарч байгаа. Өнгөрөгч оны Европын лигт Францын “Тулуз”, Белградын “Партизан” багуудын учраа тоглолтын өмнөхөн Сербийн фанатууд нутагт нь хүрэлцэн ирсэн Францын фанатуудтай зодолдож улмаар нэг франц залуу амиа алдсан юм. Мөн 2008 онд “Белградын улаан од” багийн шүтэн бишрэгч нэгэн салют ашиглан цагдаагийн аминд халдахыг завдсаны төлөө 10 жилийн ялаар шийтгүүлсэн.

Югославийг задрахаас өмнө буюу 1990 оны тавдугаар сард Хорватад явагдсан Загребийн “Динамо”, “Белградын улаан од” багуудын тоглолтын үеэр сербүүдийн өдөөн хатгалгаар олныг хамарсан зодоон болсон. Тухайн үед тус улсад үндэс угсааны төлөөх тэмцэл ид өрнөж байсан юм. Зодооны үеэр 60 гаруй хүн буу, мэс, нулимс асгаруулагч хийн уршгаар бэртэж гэмтсэн түүхтэй.

8. “Индепендьенте” (Аргентин)

2004 онд Аргентиний хагас хамгаалагч Матиас Алмейд Итали, Испанийн багуудад найман жилийн турш ажилласны эцэст 2004 онд эх орондоо эргэж ирэв. Багийнхантайгаа цуг 35 тоглолтод ялалт байгуулсан Матиас гэр бүлийнхэн нь аюулд өртсөн, тодруулбал барьцаалах хүмүүсийн жагсаалтад орсон байгааг мэдмэгцээ “Индепендьенте” клубтэй хийсэн гэрээгээ цуцалж гэр бүлийнхээ хамтаар Европ руу буцав. Цагдаа нарын байнгын хамгаалалт дор амьдарч, гэрлэн дохион дор зогсох бүртээ байнгын айдастай байсан тул ийм шийдвэр гаргахад хүрсэн гэж Матиас тайлбарлаж байлаа.

9. “Селессьон де Короико” (Боливи)

Энэ багт орж тоглох тамирчид өдөр бүр үхэлтэй нүүр тулна гэдэгт бэлэн байх ёстой. Учир нь зэвсэгт этгээдүүдийн халдлагаас илүүтэйгээр байгаль орчин нь тэдний аминд заналхийлдэг юм. Тус клубт очихын тулд Камино-де-ла буюу “Үхлийн зам”-аар явдаг. 70 км үргэлжлэх энэ зам дээр уулын нуранги орж ирдэг учраас жил бүр 100 гаруй хүн амиа алддаг тул нутгийн оршин суугчид ийн нэрлэжээ.

Короико гэдэг нь Боливийн нийслэл Ла-Пас хотоос зүүн хойд зүгт орших Юнгас мужийн нэгэн жижиг хот юм.

http://www.dailyrecord.co.uk/football/world-football/2011/09/23/football-crazy-sport-really-is-a-matter-of-life-and-death-for-these-scary-teams-86908-23440361/