Чингис хааны тухай товч тайлбар толь-7

Posted on October 13, 2011

0


-“Чингис хааны тухай товч тайлбар толь” номоос үргэлжлүүлэн нийтэлж байна-

 

ӨНЧДИЙН САН – Чингис хаан дайн байлдаанд үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнийг тэтгэх зорилгоор өнчдийг тэтгэх сан гэдгийг байгуулжээ.

Чингисийг залгамжлагч Өгэдэй хаан энэ санг өргөтгөн байгуулж улсын бүх хонин сүргээс 100 хонь тутам нижгээд хонийг татварлан авч дайнд амь үрэгдэгсэд болон үгээгүй ядуучуудад тусламж болгон олгож байхаар тогтоожээ. Үүнийг “авилга” гэж нэрлэдэг байв.

 

ӨЭЛҮН – Есүхэй баатрын гэргий. Чингис хааныг төрүүлсэн эх. Олхонууд аймгийн хүн ажээ. Анх мэргидийн сурвалжит эр их Чилэдү Өэлүнг гэргий болгож аваад мухлаг тэргэнд суулгаад явж байлаа. Шувуу агнаж явсан Есүхэй баатар тэр хоёртой тааралддаг билээ.

Чилэдүгийн хөтөлж яваа мухлаг тэргийг Есүхэй өнгийж үзвэл үзэсгэлэн гоо хүүхэн сууж байлаа. Есүхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгүүн тайши, дүү Даридай отчигин хоёрыг дагуулан мордож их Чилэдүг гүйцэж очив. Ах дүү гурваас их Чилэдү айж, хурдан ухаа мориныхоо гуяыг ташуурдан уулын бэлээр зугтаав. Түүнийг гурвуулаа цувалдан хөөлөө. Чилэдү хурдлан зугатсаар хошуу тойрч эргэж тэргэндээ хүрч ирэхэд Өэлүн үжин: “Тэр гурван хүний учрыг мэдэв үү чи. Тэдний царай сэжиглэмээр харагдана. Чиний аминд хор хүргэж болно. Амьд мэнд үлдвэл эхнэрийг олоход бэрхгүй. Мухлаг тутам охид бий. Тэрэг тутам хатад бий. Хэрэв намайг санавал дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгтүн. Одоо амиа арчил. Миний үнэрийг үнсэж яв” гээд өмссөн цамцаа тайлж өгчээ.

Их Чилэдүг тэднээс зугтаж явсан хойно Есүхэй баатар Өэлүний суусан мухлаг тэргийг хөтөлж гэрийн зүг хөдлөв. Тэгэхэд Өэлүн үжин:

“Миний эр Чилэдү

Сэрүүн салхинд

Сэвлэг үсээ хийсгэж

Хээр хөдөө

Гэдсээ өлсгөж яахан зовох болов?

Одоо би хоёр сэвлэг үсээ хойш урагш унжуулж яахин одон? гээд Онон мөрнийг долгитол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Даридай Отчигин хажуунаас нь:

“Тэврэх хайрт эр чинь

Тэртээ давааг давав.

Уйлах сөнөх эр чинь

Улс олныг гэтлэв.

Хайлж уйлавч

Харж чамайг үзэхгүй

Хайж эрэвч

Хаалга зам нь олдохгүй

Дуугүй бай” гэж ятгав.

Өэлүн үжинийг Есүхэй баатар гэртээ авчирч гэргий болгов. Өэлүн үжингээс Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ дөрвөн хөвүүн төрөв. Бас Тэмүлүн нэртэй нэг охин төрөв.

Хүүхдүүдийг нь эрийн цээнд хүрч амжаагүй байтал эр нөхөр Есүхэй нь нас барж, Өэлүн бэлэвсрэн хоцорчээ. Түүнээс хойш удалгүй Есүхэй баатрын захирсан улс тайчуудын Таргудай Хирилтуг, Торойн Гиртэ нараар толгойлуулж Онон мөрөн рүү нүүв.

Өэлүн үжин өөрийн биеэр цагаан туг барьж мордоод, орхиж нүүсэн зарим иргэдийг буцааж авчрав. Гэвч буцаж ирсэн иргэд тийм ч удаан тогтсонгүй тайчуудын хойноос нүүжээ. Ийнхүү тайчууд ах дүү нар бэлбэсэн Өэлүн үжинийг бяцхан хөвүүдтэй нь хамт хар нутаг дээр хаяжээ. Ийнхүү Өэлүн үжин ядуу зүдүү амьдрал дунд хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх хэрэгтэй болжээ. Энэ талаар Монголын нууц товчоонд өгүүлсэн нь:

Оюунтай төрсөн Өэлүн эх

Оёдолт дээлийг огшуулан өмсөж

Оготор хормойг шуун бүсэлж

Онон мөрнийг өгсөж уруудаж

Олирс мойлыг түүж явж

Өчүүхэн хөвүүдээ хайрлан тэжээж

Өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэв.

Чадалтай төрсөн үжин эх

Царсан модыг барин явж

Цавчим газрыг өгсөж уруудаж

Сөдөн гичгэнийн үндсийг малтаж

Шөнө өдрийг хатамжин өнгөрүүлж

Суут хөвүүдээ тэжээн өсгөв

гэжээ.

Өэлүн үжин хөвгүүдээ эв эетэй байлгахад их анхаарч байв. Эх өөр, эцэг нэгтэй Тэмүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүтэй нарыг хоорондоо муудалцахад Өэлүн:

“Та нар нэг эцгийн хөвүүд байтал юунд тэгж маргалдана? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байгаагаа мэдэх биз. Ийм бол тайчууд нараас яаж өшөөгөө авч чадна. Урьдын Алун эхийн таван хөвүүн мэт яагаад эв эегүй болов? Та нар битгий тэг” гэж сургажээ.

Тэмүжин Хасар хоёр Бэгтэрийг харваж алаад гэртээ ирэхэд Өэлүн үжин хоёр хөвүүнийхээ царайг хармагц тэдний ямар аймшигт хэрэг тарьсныг даруй мэдэж:

“Ханиа барагсад

Ижлээ идэгсэд

Халуун хэвлээс гарахдаа

Хар нөж атган төрсөн билээ

Хавиргаа хазах

Хар нохой мэт

Хаданд довтлох

Харцага шонхор мэт

Уураа даран ядах

Омогт арслан мэт

Амьдыг залгих

Аюулт мангас мэт

Сүүдрээ довтлох

Сүрхий араатан мэт

Цугыг залгих

Цурхай загас мэт

Ботго тормын

Борвийг хазах

Өл буур мэт

Бороот өдөр

Довтлон халдах

Өлөн чоно мэт

Нялх үрээ

Гилэн ядаж

Нядлан идэх

Нүгэлт ангир мэт

Хэвтшийг хөдөлгөвөл

Гэдрэг довтлох

Хэрцгий цөөвөр мэт

Барьж идэх

Барс араатан мэт

Балмад амьтад буюу

гэж хөвүүдээ ихэд буруушаан зэмлэдэг билээ.

Өэлүн эх хүүхдүүдээ тайчууд, мэргид, татарын хөнөөлөөс үргэлж сэргэмжлэн хамгаалж өсгөн эрийн цээнд хүргэжээ. Тэмүжин хүү нь монгол туургатныг улам улмаар нэгтгэн захирч их хаан өргөмжлөгдөхөд Өэлүн төрийн эх гэгдэх болов. Өэлүн угаасаа зөөлөн сэтгэлтэй ухаалаг эмэгтэй учир татар, мэргид, найманы олон өнчин хүүхдүүдийг цуглуулан тэжээжээ. Хорон санаатай хүмүүс Тэмүжин, Хасар хоёр хүүг нь сөргөлдүүлж завсраас нь ашиг завшаан олохыг хичээх тул Өэлүн ямагт сэтгэл зовж явав.

Нэг удаа Чингис хаан Хасарыг барьж ирээд ханцуйг нь уяж, малгай бүсийг нь аваад байцааж байх үеэр Өэлүн эх сүйх тэргээр шөнөжин явж, ургахын улаан нарнаар ах дүү хоёр дээр хүрч ирээд Хасарын хүлгийг тайлж, уур хилэнгээ дарж ядан хоёр хөхөө гаргаж, өвдөг дээрээ барьж өгүүлрүүн:

-“Үүнийг харж байна уу. Хөхсөн хөх чинь энэ байна. Хавиргаа хадагчид хүйгээ хүчирхэн таслагчид! Хасар яав? Тэмүжин энэ нэгэн хөхийн сүүг хөхөж үл барах билээ. Хачиун, Отчигин хоёулаа нэг хөхний сүүг хөхөж үл барах билээ. Хасар бол хоёр хөхний минь сүүг дуустал хөхөж цээжийг минь уужим болгож амруулдаг билээ. Тийнхүү Тэмүжин цээжиндээ эрдэмтэй, Хасар хав хүчтэй тул хатгалдан дайлагсдыг харвах сумны хүчээр хамж авчирдаг билээ. Огшиж дутаахсдыг онох сумны хүчээр оруулж авчирдаг билээ. Одоо дайсныг дарж төгсөв хэмээн Хасарыг үзэн ядаж байна уу гэв. Эхийнхээ уурыг амирлуулан Чингис хаан өгүүлрүүн:

-Эхийн хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ болье гэжээ.

Хожим Өэлүн Мэнлигтэй эр эм болон сууж байв. Хэдий тийм ч Өэлүн төрийн эх, шулуун шударга төв голч зангаа алдалгүй насан өөд болжээ.

 

С

 

САЧА БЭХИ – Сача бэхи нь жүрхин овогтны тэргүүн билээ. Жүрхин овогтон бол Тэмүжиний өвөг эцэг Бартан баатрын ах Охин Бархагийн үр хойч нь болно.

Охин Бархаг нь Хабул ханы ахмад хөвгүүн тул Хабул хаан иргэдийн дотроос

Элгэндээ сөст

Эрхийдээ ончтон

Уушиг дүүрэн зүрхт

Ам дүүрэн ууртан

Эр тутам эрдэмтэн

Бөх хүчтэнийг ялган өгч

ууртан сөстөн, омогтон зүрхтэн цугласан тул тэднийг Жүрхин хэмээжээ.

Сача Бэхи бол Охин Бархагийн хөвүүн Хутугту Жүрхийн хөвгүүн болно. Сача бэхи эхэн үедээ Жамухыг дагалдан нүүдэллэж байгаад Жамух өөрийн хамсаатан аймгийг дээрэмдэх, харгислах зэргээр ёс бусчилсан учир санаа алдагдаж Жамухаас салж Тэмүжинийг Харгана гэдэг газар байхад нь ирж нийлжээ. Үүнд Тэмүжин баясан Ононгийн шугуйд хурим хийжээ.

1189 онд Хотала хааны гутгаар хөвгүүн Алтан отчигин, Есүхэй баатрын ах Нэгүн тайжийн хөвүүн Хучар Бэхи болон Бартан баатрын ах Охин Бархагийн ач хөвүүн Сача Бэхи Сэнгүр Гороханы Хар Зүрхний Хөх нуур гэдэг газар хуралдан Тэмүжинийг Хамаг Монголын хаанд дэвшүүлж Чингис хаанд өргөмжилжээ. Тэмүжин хаан ороос татгалзан Сача Бэхи, Алтан, Хучар, Даридай отчигин нарт найр тавьсан боловч тэд хүлээн аваагүй билээ. Тэд хэдийгээр хаан ширээнээс татгалзсан боловч Монголын хаан ширээнд санаархсан Тэмүжиний гол өрсөлдөгчид хэвээр үлдсэн юм.

Мэнлиг эцэг, Жүрчидэй, Хулидар нар Чингис хаанд нийлэн ирэхэд Чингис хаан, Өэлүн үжин, Хасар, Сача бэхи, Тайчу нар хэримлая хэмээлдэж Ононы шугуйд их хурим зохиожээ. Хуримлахад Чингис хаан, Өэлүн үжин, Хасар, Сача бэхи нарт эхлэн сөн сөгнөжээ. Бас Сача Бэхи бага эх Эбэхэйд сөн сөгнөсний учир Сача Бэхийн Хорижин хатан, Хуурчин хатан хоёр хүндэлсэнгүй хэмээн буурч Шихихүрийг занчив. Найрын үед Жүрхиний Бүри бөх Бэлгүтэйн мөрийг цавчсанд Чингис хаан уурлан хоёр иргэний хооронд зодоон үүсч, Жүрхинийг ялж, Хоржин хатан, Хуурчин хатан хоёрыг булааж авав. Тэгээд тэд зохилдож Чингис хаан Сача Бэхид хатдыг нь эргүүлэн өгч эвлэлдье хэмээн элч илгээжээ.

Энэ үед хятадын Алтан ханы цэрэг Татарын Мэгүжин сүүлтийг Улз өөд түрэн байлдаж байгааг сонсоод Чингис хаан Тоорил хантай хамтран эцэг өвгөдийг өсийг санан Мэгүжин сүүлтийг хамсая хэмээн цэрэг хөдөлгөжээ. Тэгээд Сача бэхид элч илгээн хамт морилъё хэмээвээс Жүрхинээс цэрэг эс иржээ.

Чингис хаан, Ван хан хоёр татартай байлдаж бүхийд Сача Бэхи, Тайчу нар цэрэг аван Чингисийн ауругийг довтлон арван хүнийг алж дээрэм тонуул хийн явсан байлаа. Чингис хаан маш хилэгнэж өгүүлрүүн: “Жүрхинээ бид яагаад ийн хөнөөгдөх болов? Ононы шугуйд хуримлахад тогооч Шихихүрийг занчив. Бэлгүтэйн мөрийг бас цавчив. Зохилдоё хэмээж Хорижин хатан, Хуурчин хоёрыг буцааж өгөв бид. Түүнй хойно эртний өшөөтөн татарыг хамсан морильё хэмээн Жүрхинийг 6 өдөр хүлээж эс ирцгээв. Эдүгээ бас дайсантай хамжиж дайсантай болов” хэмэгээд Жүрхинд морилов. Жүрхинийг Хэрлэнгийн Хөдөө арлын Долоон болдогт байхад ард иргэнийг нь эзлэн авав. Сача бэхи, Тайчу хоёр цөөн хүн авч зугтав. Хойноос нь нэхэж Тэлэтү амсарт гүйцэж тэднийг барив. Чингис хаан Сача бэхи, Тайчу хоёрт өгүүлрүүн: “Эрт өдөр бид юу хэмээгдлээ?” гэсэнд тэд: “Өгүүлсэн үгэндээ бид эс хүрэв. Үгэнд минь хүрэг!” хэмээхэд үгийг нь мэдрүүлж, үгэнд нь хүргэж бүтээж алаад тэнд нь хаяв.

 

СОРХОН ШАР – Тэмүжин зориг самбаатай гэж олны дунд нэлээд нэрд гарч эхлэхэд тайчуудын ноён Таргудай Хирилтуг өшөө хонзон нэхэх буюу Хамаг Монголын хаан ширээг булаах этгээд болж магадгүй гэж болгоомжлон нэг зун Тэмүжиний гэр өргөөг гэнэт дайрчээ. Ийнхүү Тэмүжин тайчуудын гарт орон, хүзүүндээ модон дөнгө өмсүүлж, түүнийг өлбөрүүлэн үхүүлэхгүйн тулд айл айл хэсүүлэн нэжгээд хонуулдаг байв. Зуны тэргүүн сарын 16-ны өдөр тайчууд Онон мөрний эрэг дээр хуримлаж байх үед Тэмүжин оргон, Ононгийн усанд ороод гэдрэг хэвтэж дөнгөө ус руу урсган нүүрээ ил гарган хэвтэж байв. Тайчууд ч түүнийг хайж эхлэв. Сүлдэсүний Сорхон шар гэдэг хүн мөрний захаар явж байгаад Тэмүжинг олж харсан боловч түүнийг барьж өгсөнгүй. “Чи ийм аргатай, нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хүн учир тайчууд атаархдаг ажээ. Чи ингээд хэвтэж бай. Би чамайг зааж өгөхгүй” гэж сэм хэлээд явжээ. Баахан байгаад дахин ирж “Ах дүү тайчууд ам шүдээ билүүдэн айсуй. Чи хатуужин хэвтэж бай” гэж хэлээд явжээ. Тэмүжин дотроо сэтгэрүүн: “Саяын хэдэн өдөр айл хэсэж хоноход Сорхон шарын хүү Чимбай, Чулуун хоёр намайг өрөвдөн хайрлаж, шөнө дөнгийг минь суллан хонуулдаг билээ. Одоо бас Сорхон шар намайг үзсэн атлаа зааж өгсөнгүй өнгөрөн явав. Тэд намайг аврах ч биз” гэж бодоод Сорхон шарын гэрт очихоор шийджээ. Сорхон шарын гэрийг хялбархан олж очжээ. Сорхон шарын гэрийн тэмдэг нь шөнө турш, үүр цайтал эсгээ бүлдэг ажээ. Сорхон шар Тэмүжинг орж ирэхэд дургүйцсэн боловч хөвгүүн Чимбай, Чулуун хоёр “Болжмор харцаганд хөөгдөж бутны ёроолд хоргодоход бут түүнийг хамгаалж авардаг биш билүү” хэмээн эцшээ буруушаан, дөнгийг нь эвдэж галд түлж Тэмүжинг унгаст тэргэнд нуув. Чулуун, Чимбай хоёрын охин дүү Хадаан Тэмүжинд хоол унд өгч асрав. Маргааш нь нэгжүүлийн хүмүүс ирж тэрэгний унгасыг онгичиход Сорхон шар “Ийм халуунд унгасан дотор амьд хүн яаж байх вэ? Сэтгэлээ ханатал эр” гэж хэлжээ. Нэгжүүлийн хүн явсны дараа Сорхон шар Тэмүжинд “Намайг үнсээр хийсгэн алдав чи. Одоо даруй эх, дүү нарын зүг яв” гэж тэлээ хурга чанаж, хөхүүр ба нэг нум, хоёр сум өгч ам цагаан эрмэг хулагч гүү унуулж явуулав.

1202 онд Чингис хаан тайчуудыг байлдан дарж, байлдааны дараа Сүлдэсүний Сорхон шар Чингист нийлэхээр хүрч ирдэг билээ. 1206 онд Чингис хаан хаант Монгол улсаа тунхаглаж, гавьяатнаа шагнасан билээ. Үүнд Сорхон шард “дархан” цол өгч, есөн удаагийн ослоос хэлтрүүлэх, дайнд олсон олзоо өөрөө авдаг, агнасан ангаа бүрэн эзэмшдэг эрх олгожээ.

Сорхон шарын хөвгүүн Чулуун нь Чингисийн дөрвөн хөлөг баатрын нэг нь юм. Чингис хаан наян найман гавьяатныг шагнахад Сорхон шарыг мянганы ноёноор томилсон билээ.

Сорхон шарын охин Хадааныг Чингис өөрийнхөө татвар эм болгосон билээ.

 

СОЧИГЭЛ – Есүхэй баатрын хоёрдахь хатан. Бэгтэр, Бэлгүтэй хоёрын эх. Хоёр хүүхдээ Өэлүн хатны дэргэд орхиод мэргид нартай нийлж амьдарч байжээ. Мэргидийн хэсэг цэрэг Өэлүн эх, түүний хөвүүдийг довтлоход тэдгээр цэргүүдийн нэг нь Бэлгүтэйн эхийг сундалж, хоёр хөлийг нь санжуулсаар давхиж иржээ.

Хожим Чингис хаан мэргидийг довтлоход эхээ сурвалжлан байсан Бэлгүтэй Хаа Дармалын гэрт эхээ байгааг сонсоод олж авъя хэмээн очиход халцгай нэхий дээлтэй Сочигэл гэрийн зүүн үүдээр гарч гаднах хүнд:

-Хайрт хөвүүд минь хаадын зэрэгт хүрч байхад харин би энд харц муу хүнд харьяалагдаж явна. Хан хөвүүдийн нүүрийг харж яахан үзэх билээ гээд гүн шугуйд гүйн оржээ.

Бэлгүтэй эхийнхээ хойноос хичээн эрэвч ой шугуй дотроос олсонгүй. Бэлгүтэй мэргид хүнтэй дайралдах бүрт эхийг минь авчир гэж харвадаг байжээ. Есүхэй баатрын нэг хатан Сочигэл хэдийд мэргид нартай хамт амьдрах болсон нь тодорхойгүй. Есүхэйг амьд байх үед ч мэргид нарт олзлогдсон байж магадгүй.

Академич Ш.Нацагдорж “Чингисийн цадиг” зохиолдоо:

-Харц муу хүнд харьяалагдаж явна гэж хэлснийг үзвэл тэр харц муу хүн нь харин Сочигэлийн эр нөхөр нь байж болох юм. Өэлүн Сочигэл хоёрын алин нь тэргүүн хатан, аль нь эгчмэд болох тухай сурвалж бичигт тодорхойгүй. Эсвэл үе тэнгийн ч байж болох юм. Учир нь Бэгтэр Тэмүжинтэй, Бэлгүтэй Хасартай бараг чацуутан байжээ гэж тэмдэглэсэн байна.

Сочигэл хатны амьдрал үл мэдэгдэм гунигтай төгссөнийг түүхчид судлууштай юм.

 

СҮВЭЭДЭЙ – Сүвээдэй баатар бол Жарчиуд урианхайн овогт бөгөөд дээд өвөг Нирги гэж хүн байж Онон мөрнөөр нутагладаг Түмбинай сэцэнтэй ураг бололцжээ. Түүний удам Хабулын хүү Сүвээдэй 1176 онд мэндэлжээ. Чингис хаан дээрэмд өртөн зүдэрч явахад Сүвээдэй баатар анх аварч танилцжээ. Түүнээс хойш Чингис хааны дэргэд явж түүнийг асран хамгаалагч нь болсон байна. Сүвээдэй угаасаа эрэлхэг баатарлагаар алдаршин эхлээд зуутын ноён болжээ. 1204 онд Найман аймгийг довтлон дайрахад их цэргийг манлайлан явж онц гавьяа байгуулсан тул 1206 онд мянгатын ноён болжээ. Түүнээс хойшхи олон дайнд хошуучлан явсан бөгөөд Өрнө зүгт хийсэн байлдааны тэргүүлэгч жанжин нь байлаа. Сүвээдэй баатар “хамгийн хашир ганц нүдэт чоно” гэж европынхонд алдаршжээ. Аян дайнд явж өрөөсөн нүдгүй болсон боловч ухаан ялгуун, бодлого гүн, цэргийн арга ухаан нарийн тул Сүвээдэй баатрын удирдсан цэрэг ямагт ялдаг байжээ. Сүвээдэй баатар Чингис хааны ач Бат хааны багш байсан юм. Чингисийг залгамжлагч Өгөөдэй, Гүюг Мөнх хааны үед Сүвээдэй баатар цэргийн их жанжин хэвээр явсаар ерэн есөн насандаа өөд болжээ. Зэв, Сүвээдэй хоёр бол дэлхий дахинаа алдаршсан Чингис хааны жанжингууд байжээ.

 

СЭНГҮМ – Хэрэйдийн Ван (Тоорил) ханы ганц хүү билээ. Тэр багаас эрх дураар өссөн учир түүнийг Нялх Сэнгүм гэдэг билээ. Сэнгүм Хамаг Монголын хан ширээнд санаархагчдын нэг учир Чингисийн эвдэршгүй дайсан байжээ. Тэмүжинг Хамаг Монголын их ханд өргөмжилсний дараан Жамуха их цэрэг цуглуулж Тэмүжинтэй дайтахаар хөдөлжээ. Тэмүжин Ван ханд элч хүргэж Ван хан цэргээ хөдөлгөн ирж нийлжээ. Ван ханы манлай цэргийг Сэнгүм, Жаха-Гамбу, Билгэ бэхи гурав захирч явжээ.

1202 онд Чингис хаан, Ван хан хоёр Найманы Хүчүүдийн Буйруг ханд морилж байлдан, буцаж явахад нь Найманы жанжин Хөгсэү Сабраг Байдраг бэлчирт цэрэг засан байжээ. Гэвч шөнө нь Ван хан цэргээ авч зугтан Хар сүүл өөд хөдлөн явжээ. Ван хан зугтсаныг үзээд Чингис цэргээ хөдөлгөн Саарь хээрт хүрч буужээ. Хөгсэү Сабраг Ван ханы хойноос нэхэн Сэнгүмийн эмс хүүхэд, ард иргэн сэлтийг булаан, Улаан Хутад Сэнгүм байлдахдаа мориныхоо гуяыг харвуулж, автах болж байхад Чингис дөрвөн хүлэг баатраа явуулж аварч, ард иргэд, эмс хүүхэд бүгдийг аварч өгжээ. Ингээд Ван хан Чингистэй эцэг хүү хэмээлдэн, Тэмүжинг Сэнгүмийн ах болгожээ. Амраг дээрээ давхар амраг болъё хэмээн Чингис хаан бодож Зүчид Сэнгүмийн дүү Чаур бэхийг гуйхдаа Сэнгүмийн хөвүүн Тусахад Хожин-бэхийг сольж өгье хэмээн гуйваас Сэнгүм ихэмсэглэн:

“Бидний ураг эдэнд очвоос үүдэнд суун эгнэгт хоймор харах ажгуу. Эдний ураг бидэнд ирвээс хоймор сууж үүд харах ажгуу” хэмээн татгалзжээ. Тэр үгэнд Чингис хаан дотроо Ван хан, Нялх Сэнгүм хоёрт дургүй болжээ. Гахай жилийн хавар Жамуха, Алтан, Хучар, Хартагидай, Өвөгжин, Ноёхон, Сэхээдэй, Тоорил, Хачиун-бэхи нар Чингисийн эсрэг хуйвалдаан зохиож, Нялх Сэнгүмийг ятган талдаа оруулжээ. Нялх Сэнгүм Ван хан дээр биеэр одож өгүүлрүүн: “Бүр чамайг өдийд амьд байх цагт биднийг юу ч эс тоох буюу. Үнэхээр хан эцэг чамайг

Цагаанаа цацваас

Хард хахваас

Хурчакус Буйруг хан эцгий чинь зовон өдий хурааж ачсан улсыг чинь манд мэдүүлэх үү? Хэнээр яахин мэдүүлэх?” хэмээжээ. Тэр үгэнд Ван хан өгүүлрүүн: “Хүүхдээ, хүүгээ хэрхэн тэвчинэ? Эдүгэ түүгээр түшиг болгож муу санаа санаваас зохих уу? Тэнгэрт үл таалагдана бид” хэмээв. Тэр үгэнд хүү Нялх Сэнгүм нь уурлаж үүд хаяж гарав. Жич хөвүүн Сэнгүмийнхээ дур хүслийг хайрлаж урьж ирүүлж Ван хан өгүүлрүүн: “Тэнгэрт магад таалагдана уу бид? Хөвүүнийг хэрхэн тэвчье хэмээмой та нар? Чадвал үйлдэгтүн! Та нар мэдэцгээ” хэмээжээ.

Ингээд Ван ханы цэрэг хөдөлж Муу өндрийн хярд Чингисийн цэрэгтэй байлджээ. Энэ тулалдаанд Сэнгүм эцгийн зөвшөөрөлгүй довтлон орж, энгэнсэг хацраа харвуулж унажээ. Ван хан өгүүлрүүн: “Хөвүүн минь алжаагуузай. Хөвүүнийг үл донсолгон асрагтун!” гээд хатгалдсан газраас буцжээ.

Чингис хаан Түнхлэг горхины дорно талд бууж, Архай Хасар, Сүхэхэй-Жэүн хоёроор элч болгон Ван хан, Сэнгүм нарт илгээжээ. Чингис хаан Сэнгүмд өгүүлрүүн: “Дээлтэй төрсөн хөвүүн би ажгуу. Нүцгэн төрсөн хөвүүн чи ажгуу. Бидний хан эцэг бид хоёрыг сацуу асрах бөлгөө. Бидний завсар хүн орсноос Сэнгүм анд надад атаархаж үлдэн хөөв чи. Эдүгээ бидний хан эцгийн зүрхийг нь үл зовоон өглөө үдэш орж гарч сэргээж яв. Үжирхий сэтгэлээ үл талбин хан эцгийг амьд бөгөөтөл хан болъё хэмээн хан эцгийн сэтгэлийг бүү зовоож алгасуул!” хэмээн элч илгээжээ. Гэвч Сэнгүм Чингисийн үгийг үл тоон, цэрэг хөдөлгөн байлдахаар морджээ. Ван ханы цэрэг Жэжээр өндрийн Жэр хавцгайд алтан тэрэм босгож хуримлаж байхад Чингисийн цэрэг шөнө дөлөөр бүслэн гурван өдөр гурван шөнө байлдаж, гутгаар өдөр Ван ханы цэрэг бууж өгчээ. Гэтэл Ван хан, Сэнгүм хоёр оргон зугтсан байлаа. Тэр хоёр зугтан гарч Тидиг хахалын Нэгүн усан гэдэг газар хүрч, тэнд Ван хан найманы харуулд алагджээ. Сэнгүм зугтан гарч, Тангудын Цэл хотыг дайран, Бүлүнхир төвдөд хүрч, дээрэм хийж байгаад хөөгджээ. Ингээд баруун оронд дутааж Хотон, Калигарт хүрч, Гүсэн Хиргисманы газар сууж байгаад Харачи аймгийн түрүү Хэрэлч Хар гэгчид алагдлаа гэдэг.

 

СЭЦДИЙН ЗӨВЛӨЛ – Чингис хаан хэдийгээр өөрийн төрийн дотоод гадаад бодлогоо алсын хараатай, чадварлаг явуулж хэний ч, хэзээ ч хүрч чадаагүй тийм амжилтанд хүрч байсан ч гэсэн бусдын санал, зөвлөгөөг их авдаг хүн байв.

Их хаанд өөрийн бодсон санаснаа түүний зөвхөн ойр дотны хүмүүс чөлөөтэй илэрхийлээд зогсохгүй тодорхой зорилгоор гадаадын тухайн үеийн их ухаантнуудыг ч зориуд урьж ирүүлж сонсдог байв.

Энэ нь нэг талаас өөрийн бодож төлөвлөсөн зүйл нь хэр зэрэг оновчтой болсныг давхар шалгах, нөгөөтэйгүүр онож бодоогүй, орхигдсон, хийдэгдсэн зүйл байх ахул нэмж ухаарах зорилготой юм.

Хэдийгээр шинэ хаан сонгох, бусадтай байлдах, найрамдах зэрэг стратегийн том асуудлыг “Их Хурилдай”-гаар шийддэг байсан боловч өнөөдрийн бидний ойлголтоор тактикийн болон өдөр тутмын чухал асуудлыг Сэцдийн зөвлөлөөр, хамтын хэлбэрээр шийдэж байв.

Их хааны дэргэдэх сонгомол ихэс, дээдэс ухаантан мэргэдийн бүрэлдэхүүнтэй ийм байгууллагыг хааны дэргэдэх Сэцдийн зөвлөл гэж нэрлэдэг байв.

 

 

Үргэлжлэл бий