Чингис хааны тухай товч тайлбар толь-8

Posted on October 24, 2011

0


-“Чингис хааны тухай товч тайлбар толь” номоос үргэлжлүүлэн нийтэлж байна-

 

Т

 

ТАЙЧИР – Тайчир бол Жамухын дүү, жадаран овогтон билээ.

Жамух Тэмүжинтэй Хорхоног Жубурт айлсаж байгаад салснаас хойш, Тэмүжинтэй байлдах шалтгаан эрж хүлээж байсан ажээ.

Гэтэл Жамухын дүү Тайчир Жалама уулын өвөр өлгий булагт нутаглаж байхдаа Саарь хээрээр нутаглаж байсан Чингисийн харьяат хүн Жалайр овогтон Жүчи-Дармалагийн адууг дээрэмдэн хөөж явжээ. Жүчи-Дармалагийн нөхөд адууны хойноос нэхэн хөөхөөс зүрх алдан шантран хоцорсон аж. Харин Жүчи-Дармала өөрөө нэхэн хөөсөөр шөнө дөлөөр адууныхаа захад хүрч, мориныхоо дэлэн дээр элгээрээ хэвтэж ойртон очоод, Тайчирын нурууг хуга харваж алаад адуугаа эргүүлэн авчирчээ.

Энэ гунигт явдал Чингисийн өмнөөс цэрэглэн мордоход Жамухад аятайхан шалтаг болсон байна. Жамуха Чингис хоёрын Далан Балжуудад хийсэн тулалдаан нь түүхэнд “Арван гурван хүрээний байлдаан” гэдэг нэрээр үлдсэн билээ. Энэ бүх явдал 1190 онд болсон бөлгөө.

 

ТАРГУДАЙ ХИРИЛТУГ – Таргудай Хирилтуг буюу Төтүгэн Хиртэ бол Амбагай хааны хөвгүүн болно. XII-XIII зууны үед Хэрлэн голын орчмоор нутаглаж байсан тайчуудын тэргүүлэгч билээ. Есүхэй баатрыг үхсэний дараа цуг нүүдэллэж байсан Таргудай Хирилтуг тайчуудаа аван, Өэлүн эхийг хүүхдүүдтэй нь орхин Онон мөрөн рүү хөдлөв. Хонхотаны Чирха өвгөн нүүгсдийг очиж ятгахад Төтүгэн хиртэ өгүүлрүүн:

Цээлийн ус тасарлаа

Цэгээн чулуу цуурлаа

хэмээн Чирха өвгөнийг “Чи хэрхэн ятгана” гээд зоо нурууг нь араас нь жадлан шархтуулжээ. Тэгж байтал Есүхэйн өнчин хөвгүүд тэнхжирч ирэхэд тайчуудын Таргудай Хирилтуг шилдэг нөхдөө удирдаж

Хулхи нь гуужиж

Шүлс нь сэвэрчихлээ

хэмээн довтлон ирэв. Тэмүжин зугтсан боловч тэдэнд баригдсан юм. Тэмүжинг Таргудай Хирилтуг авч явж улс иргэддээ засаглан шийтгүүлж, гарт нь гав, хүзүүнд нь дөнгө зүүлгэж, айл бүрт нэг хонуулан хэсүүлж байжээ. Гэвч Тэмүжин Сорхон шарын туслалцаатайгаар оргон зайлсан билээ.

1200 он буюу цагаан бичин жилийн хавар Чингис хаан, Ван хантай Саарь хээрт нийлэн Тайчуудтай байлдахаар морджээ. Таргудай Хирилтуг тэдний эсрэг байлдсан боловч ялагдсан билээ. Түүний хойно тахиа жил (1201 он) Хатагин Салжууд хамтран дөрвөн татартай эвцэлдэн татарын Алчи, Жалин-Буха, ихэрэсийн Түгэ маха, Хонгирадын Тэрхэг, Эмэл, Алхуйтан, Горлосын Чунаг, Цагаан, Найманы Буйруг хан, Мэргидийн Хуту, ойрадын Хутуга Бэхи, тайчуудын Таргудай Хирилтуг нар Жамухыг “Гүр хаан”-д өргөмжлөн, Чингисийн эсрэг хуйвалдаан зохиожээ. Гэвч тэдний хэрэг илэрч, Чингисийн цэрэгт бутцохигдсон байна. Чингис хаан тэнд тайчуудыг дагуулж яст хүмүүсийг Агучу баатар, Хотон орчан, Хутуударт тайчуудыг ургийн ураг хүртэл үнсээр хийсгэн хядав. Таргудай Хирилтуг зугтан ойд явж байсныг Ничигүүд баарины Ширээт өвгөн Алаг, Наяа хөвгүүдтэйгээ элбэн өст хүн бөлгөө хэмээн морь унаж үл чадах Таргудайг барьж тэргэнд суулгажээ. Гэтэл Таргудай Хирилтугийн хөвгүүд, дүү нар нь булааж авъя хэмээн нэхэж ирэв. Ширээт өвгөн хөдөлж ядах Таргудайг тэргэн дээр унагаж гэдрэг харуулж дээр нь сууж хутга гарган өгүүлрүүн: “Хөвгүүн дүү нар чинь чамайг булаан авахаар ирэв. Хан чамд халдав хэмээн эс алсан ч Хан эзэндээ халдав гэж намайг тэд ална. Чамайг алсан ч мөн би алагдана. Үхэхдээ дэр аван үхье” гээд том хутгаараа хоолойгий нь огтлох гэхэд Таргудай Хирилтуг их дуугаар дүү нар хөвгүүддээ хашгирч хэлсэн нь: “Ширээт намайг алах буюу. Нэгэнт алж дуусгавал үхсэн амьгүй биеийг минь авч явж юу хийнэ та нар? Намайг алаагүй байхад хурдан харигтун! Тэмүжин намайг алахгүй. Тэмүжинийг бяцхан байх цагт:

Нүдэндээ галтай

Нүүрэндээ гэрэлтэй бөлгөө

хэмээн эзгүй нутагт хоцорч амуй хэмээн эмнэг үрээ даага сургах мэт сурган соёрхож явлаа. Түүнийг үхүүлэх гэсэн бол үхүүлж ядах юу билээ. Би одоо түүний ой ухаанд нь орж, сэтгэлийг нь сэнхрээж байна гэлцэнэ. Тэмүжин намайг үл үхүүлнэ. Хөвгүүд, дүү нар минь хурдан харигтун! Ширээт намайг тавьж явуулах биз!” хэмээн их дуугаар хайлав. Хөвгүүд, дүү нар нь хэлэлцэж буцсаны хойно Ширээт өвгөний хөвгүүн Наяа Таргудайг тавьж явуулахыг эцэгтээ зөвлөхөд Ширээт өвгөн зөвшөөрөн Таргудай Хирилтугийг Хутухул нутгаас тавьж явуулжээ.

 

ТАТАТУНГА – Чингис хаан 1204 онд Наймантай байлдан ялж байх мөчид нэг хүн зугтжээ. Чингисийн дүү Хасар

-Тэр зугтсан хүнийг амьдаар барьж ир гэж Батыг явуулжээ. Бат тэр хүнийг гүйцээд барьж ирэв. Түүнийг нэгжихэд өврөөс нь нэгэн тамга гарчээ.

-Танай олон аймаг цэрэг цөм маныг дагаж байхад чи энэ юмыг өвөрлөж хааш одно гэж Хасарыг асуухад тэр хүн:

-Миний бие тушаалын газраа үхтэл сахина. Энэ тамгыг хуучин эзэндээ хүргэж өгье гэсэн билээ. Аз дутаж баригдав гэж өгүүлэв.

Хасар:

-Чи аль овгийн хүн бэ? Ямар тушаалтай байсан бэ? гэхэд

-Би язгуураас уйгар газрын хүн. Нэр Тататунга. Миний эзэн энэ тамгыг надад тушааж, эд идшийг гаргах ба оруулах явдлыг надад тушаасан билээ гэв.

Хасар:

-Энэ тамгыг юунд хэрэглэнэ?

Тататунга:

-Сайн хүнийг сонгож, зарлиг бичиг явуулах аливаа үйлсэд хэрэглэнэ гэв. Хасар Тататунгааг шударга журамтай хүн гэж сайшааж Чингис хаанд мэдүүлж, өөрийн улсын албанд тэр тамгыг хэрэглэхээр мөнхүү Тататунгаад тушаав.

Хасар Тататунгааг багшаа болгон бичиг, хууль, цэргийн бодлого тэргүүтэн олон зүйл эрдэм заалгаж сурав.

Чингис хаан эзэндээ үнэнч хүнийг хэзээний үнэлдэг ёсоор Тататунгааг бат журмын хүн байна гэж олзуурхан үзэж уйгар бичгээр хан хөвүүдийг зааж сургахыг түүнд тушаажээ.

 

ТАЯН ХАН – 1197 онд Найманы Инанча хан үхэж, түүний ахмад хөвгүүн Тайбуха гэгч Найманы хан орыг залгамжилжээ. Түүхэнд тэр “Таян хан” гэдэг нэрээр бичигдсэн байна. Таян хан гэсэн нь “Тай ван” (Их ван) гэсэн үгний хувирал гэдэг. Энэ цолыг Алтан улсаас Найманы ханд өргөмжилжээ. Таян хан Найманы умард хэсгийг захирч байжээ.

1203 онд Чингис хаан Хэрэйд улсыг мөхөөснөөр монголын хил хязгаар нь наймантай нийлсэн билээ. Ингээд “шувуулах авлах”-аас өөр эрдэмгүй боловч ихэрхэг зантай найманы Таян хан “Тэнгэр дээр наран саран хоёр хэрэлдэн гэгээн болтугай хэмээн наран саран буй за. Газар дээр хоёр хаан хэрхэн байж болох? Бид одож тэдгээр монголыг авчиръя” гэж Ехонан нэрт илчээ онгуд аймгийн түрүү Алахуш Дигитхорид илгээж, “Энэ дорно цөөхөн монгол бий хэмээгдмой. Чи баруун гар бол, би эндээс хамсаж тэдгээр монголын хоромсогыг нь авъя” гэж хэлүүлжээ. Гэвч Онгуд аймаг найманыг дагалгүй Чингист ирж нийлэн Найманаас болгоомжлохыг Чингист сануулжээ. Тэр үед Таян ханы дэргэд мэргидийн Тогтаа бэхи, Хэрэйдийн Арин тайж, Ойрадын Хутуга бэхи, Жадараны Жамух болон дөрвөд, татар, хатагин, салжиуд аймгийн үлдэгдлүүд цугларсан байжээ.

1204 онд Чингисийн цэрэг Найманыг дайлахаар мордож Саарь хээрт буужээ. Шөнө болоход монголын цэрэг бүр таван гал түлж, Найманы харуул Хангай ханы тэргүүнээс олон галыг олж үзээд сүрджээ. Тэр мэдээг Таян хан олж аваад, Хүчүлүг хан хөвгүүндээ: “Монголын агт туранхай ажгуу, гэвч одноос олон гал ноцож байна гэнэ, монгол олон ажгуу. Одоо бид улсаа Алтайг давуулан ухарч, тэнд цэргээ засан, монголчуудыг өдөөн Алтайн үлгэс хүртэл чирэлдүүлэн оруулбал, монголын агт улам туранхайлан ядарч тэр үед бид тарган цатгалан агтаараа өмнөөс нь довтлон орвол дийлж болно” гэж хэлүүлжээ.

Гэтэл Хүчүлүг болон Найманы жанжин Хорисубэчи нар: “Монголчууд хаанаас олон байх вэ, монголын олон Жамухыг дагаж энд бидэнтэй байна” гэсэн бөгөөд Таян ханыг: “Хүнд эмийн шээх газраас эс гарсан. Хүрдэн тугалын бэлчээрт эс хүрсэн. Анай эмс мэт Таян хан. Айж зүрх нь ядран буй за” гэж доромжилсон гэдэг билээ. Үүнд Таян хан уурлаж “Тийм бөгөөс хатгалдая” гээд Наху гүний зүүн хормойд хүрчээ. Наху гүний тулалдааны явцыг “Нууц товчоонд” Жамух Таян хан хоёрын яриагаар дүрсэлсэн байдаг. Чингис хаан өөрөө манлайлж, хамгийн өмнө нь Зэв, Хувилай, Зэлмэ, Сүбээдэй дөрвөн хошуучаа, дараа нь урууд мангуудын Хадан баатар, хойноос нь өөрөө биеэр оржээ. Хоёрдахь хэсгийг хааны дүү Хасар захирч, гуравдахийг хааны дүү Отчигин ноён толгойлон явжээ. Чингисийн цэрэг Таян ханы цэргийг Наху гүний ууланд шахан бүсэлж, шөнө нь найманы цэрэг бүслэлтийг сэтлэж дутаах гээд уулан дээрээс халтиран унаж, дээр дээрээсээ даралцаж, ясаа хугалан, амиа алдсан нь цөөнгүй байв. Маргааш нь Таян ханыг мохоож барив гэдэг. “Суудрын чуулганд” хүнд шархтаж үхэв” гэсэн мэдээ байдаг.

 

ТЕРКИН – Хорезмын шах Ала Аддин Мухамедын эх. Теркин хатан төрөлхийн эзэнлэг учир хүү Мухамед нь эхийн үгнээс гажиж ямар нэг үйл хэрэг хийж байсангүй.

Теркин хатан угтаа Хорезмын нэг хаан байлаа. Тэр хатан улсын бүх эрхийг шүүрэн авч, санхүүг эрхлэн мэдэж, бүх сайд түшмэд түүний зарлиг тушаалыг үирхэгчлэн биелүүлдэг байжээ.

Хорезмын шахын ширээг түүний ахмад хөвгүүн Желал-Ад-дин залгамжлах ёстой боловч Теркин хатан түүний эхийг үзэн яддаг учраас өөр хатнаас төрсөн хөвгүүнээр хан ширээ залгуулах шийдвэр гаргажээ. Гэвч Мухамед эхийн энэ шийдвэрийг давж чадсангүй арга буюу зөвшөөрчээ.

Чингис хааныг Хорзм руу довтлох үед Мухамед болон түүний Эмир сайд нар бие биесээ үл итгэлцэн дайсагналцаж, ялангуяа Теркин хатны ураг төрлийн хүмүүстэй зөрчилдөх нь туйлдаа хүрсэн байв.

Теркин хатан байлдааны үеэр нийслэл Ургенчээ орхиж зайлжээ. Тэгж дайжиж явахынхаа өмнөхөн олзонд байсан хаад ноёдын 26 хүнийг Аму-Дарьяа мөрөнд живүүлэн алах тушаал өгсөн байна. Теркин хатан оргож яваад монголын цэрэгт баригджээ. Теркин хатан Чингис хааны ордонд байхдаа хоол ундны шавхруу идэж ууж, хаяж өгсөн ясыг нохой шиг хэмлэн туйлын ядарч байгаад 1233 онд үхсэн гэдэг.

 

ТОГТОА БЭХИ – Тогтоа бэхи нь удуйд мэргидийн түрүү болно. Тогтоа бэхи бол Их Чилэдү гэгчийн ах нь билээ. Урьд Их Чилэдү Өүлэн үжинийг хонгирадын Олхунуудаас ураглан авч явж байхад нь Есүхэй баатар зам зуураас нь булаан авсан юм. Ингээд мэргид боржигид нар хоорондоо өшөөтөн болжээ.

Мэргидүүд энэ өсийг санаж, ялангуяа Тогтоа бэхи дүүгийнхээ өшөөг авахын тулд увас мэргидийн түрүү Дайр Усун, хаад мэргидийн түрүү Хаагай Дармала нар холбоолж, гурван зуун шилдэг цэрэг дайчилж, Хэрлэн голын Бүрх эрэгт нүүн ирсэн Тэмүжиний гэрийг шөнөөр гэнэт дайрчээ. Тэмүжин эх дүү нарын хамт зугтан гарсан боловч Бөртэ үжин, Хуагчин эмгэн нар мэргидэд баригджээ.

Шарагчин гахай жил (1179 он) Тэмүжин, Ван хан, Жамух нарын цэрэг нь Онон мөрний эх дэх Ботоган Бооржи гэдэг газар цугларч Мэргидийг дайлахаар мөрджээ. Тэгээд Буур хээрт Тогтоа бэхийг унтаж байхад нь хүрэх гэтэл Хилго мөрнөө байсан загасчин, булгачин зэрэг гөрөө хийгсэд “дайсан айсуй” хэмээн шөнө дөл хэл хүргэн очжээ. Тэд хэл аваад Тогтоа бэхи, Увас мэргидийн Дайр усун хоёр хамтарч Сэлэнгэ уруу Баргужин оронд цөөн биеэр дутаан буруулжээ.

1198 онд Ван хан цэрэг авч мэргидийн үлдэгдлийг Буур хээрт дайрч, Тогтоа бэхийг Баргужин төхөм өөд үлдэн хөөж, түүний их хөвгүүн Төгс бэхийг алж, Хутугтай, Цагарун гэдэг хоёр охин ба хатадыг нь олзлон, Тогтоа бэхийн хөвүүд Хуту, Чулуун хоёрыг харьяатных нь хамт олзлон авчээ. Гэвч удалгүй Ван ханыг найманы Хөгсэү Сабрагт цохигдсоныг ашиглан Тогтоа бэхийн хөвгүүн Хуту, Чулуун хоёр албат иргэдээ авч дутаан гарч, Сэлэнгэ мөрнөөр дамжин Баргужин төхөмд хүрэн эцэгтээн нийлсэн байна. 1199 оны өвөл Тогтоа бэхи Баргужин төхөмөөс гарч, Тунгалаг нуурт ирээд тайчуудтай сүлбээлдэн Чингис хааныг халдахаар хуйвалджээ. Гэвч Чингис хаан энэ мэдээг авмагц түрүүлж хөдлөн тэднийг дарсан билээ.

Хулгана жил (1204 он) мэргидийн Тогтоа бэхи найманы Таян хантай сүлбэлдэж Чингис хаантай байлдсан боловч бут цохигджээ. Энэ оны намар Хар талын угт Чингис хаан Тогтоа бэхитэй байлдаж Тогтоаг хөдөлгөж Саарь хээрт ард иргэн улсыг нь дагуулав. Тогтоа бэхи Хуту, Чулуун хөвгүүдтэйгээ цөөн хүн дагуулж амь зулбаж гарчээ. Тэд Найман өөд зугтан Хүчүлүгт ирж нийлсэн боловч Хүчүлүг Чингис хааны их цэрэгт бутцохигдон Тогтоа бэхийн хамт баруун зүг зугтсан байна. Чингисийн цэрэг Арайн даваагаар давж, Эргисийн богтромын эхинд гүйцэн байлджээ. Энэ тулалдаанд Тогтоа бэхи зэрлэг суманд оногдож үхсэн тул хөвгүүд Хуту, Чулуун, Мажар, Сэтүгэн дөрвүүл толгойг нь огтлон авч дутаалаа гэдэг.

“Биеэр дайлсан тэмдэглэл”-д Тогтоа бэхийн дөрвөн хөвгүүний нэрийг дээрхийн адилаар тэмдэглэжээ. Рашид-Ад-Дины “Судрын чуулган”-д зургаан хөвгүүнтэй хэмээн тэмдэглэжээ. Үүнд Төгс, Түшэ, Хуту, Чулуун, Чибэг, Хулдухан мэргэн зэрэг болно.

 

ТОЛОН ЧЭРБИ – Толон чэрби бол хонхотаны Мэнлиг эцгийн долоон хөвүүдийн нэг билээ. Тэр эцгийн хамт Жамухаас хагацан Чингист нийлэн ирсэн билээ. Чингис хаан Мэнлиг эцгийн ачийг санаж хөвүүдийг нь их тушаалд дэвшүүлэн, албандаа авч байжээ. Чингис хаан цэргээ мянгат, зуут, аравтаар зохион байгуулж тэргүүлэн захирах зургаан түшмэл-чэрбийг томилжээ. Эдгээрийн нэг нь Толон бөгөөд түүнээс хойш түүнийг Толон чэрби гэх болжээ.

1206 онд улс байгуулаад гавьяатнаа шагнахад Чингис хаан Толонд өгүүлрүүн: “Эцэг, хөвгүүн хоёр өөр өөр мянганыг хэрхэн мэдэх бөлгөө? Чи улс хураалцан өрөөсөн жигүүр болон зүтгэж улс хураалцсан тул чэрби цол өгвөө. Эдүгээ өөрийн олсон, зөөснөөрөө өөрийн мянга болгож Турухантай зөвлөлдөж үл байх буюу чи?” хэмээн зарлиг болгов.

1214 онд Чингис хаан хятадыг дайлахад Толон чэрби Хасарын удирдлагаар зүүн гарын цэрэгт байлдан Буйшн балгас, зүрчидийн Рухануг элсүүлж, Жижүү, Лүванзү хотуудыг эзлэн авчээ. 1215 онд Чингис хаан цэргээ гурав хуваан Алтан улсыг дайлсан билээ. Дунд замын монгол, кидан цэргийг хонхотаны Толон чэрби захирч байлджээ.

1277 оны зургадугаар сард Тангудын эзэн Чингис хаанд элч илгээн бууж өгөхөөр тохирсон билээ. Элчийг Толон чэрби хүлээн авчээ. Тангудын бурхан Ли Сян хүрэлцэн ирэхэд, хааны бие муу гэж шалтаглан, түүнийг харшийн гаднаас ёслуулжээ. Гурван өдрийн дараа Толон чэрби түүнийг алсан гэдэг билээ. Чингис хаан зарлиг болруун: “Тангуд иргэнтэй үг ололцохоор айсууд зам зуур Арбухын хулан авлахад бэртсэн биеийг минь анагаатугай хэмээн амь биеийг минь хайрлаж үг дурдсан нь Толон буйзаа. Нөхөр хүний хорон үгэнд ирж мөнх тэнгэрт хүч нэмж гартаа оруулж өсөө авлаа бид. Илухугийн энэ авчирсан нүүдлийн харш аяга сав сэлтийг Толон автугай” хэмээжээ.

 

ТОМ ТЭРЭГ – Тэрэг нэртэй тээврийн хэрэгслийг бүр эхний болхидуу хэлбэр барагцаалбал одоогоос 5000 гаруй жилийн өмнө үүсчээ.

Монгол үндэстний үүх түүх, соёл, ёс заншил, цэргийн хэргийн хосгүй бүтээл нууц товчоонд XIII зууны үед Монгол аймгууд төмөр тэрэг хэрэглэж байсан тухай бий.

Тэрэг анх Төв Азийн тал хээрийн нүүдэлчдийн дунд үүссэн гэж үздэг ажээ.

Монголчуудын XIII зууны үед хэрэглэж байсан тэрэгний тухай П.Карпини, Г.Рубрук, Марко Поло зэрэг жуулчид бичиж байснаас үзэхэд тэргэнд хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд сууж явдаг бөгөөд харин хөллөсөн моринд эмээл тохож эрэгтэй хүн унаж явдаг байжээ. Тэргэнд хөллөдөг гол мал, зүтгэх хүч нь морь, үхэр, тэмээ байв.

Тэрэг их л олон янз байжээ. Нийгмийн хөгжлийн дагуу улам боловсронгуй болж зориулалт нь ч тодорхой зүйлд чиглэж байв.

Төмөр тэрэг гарсан нь эдэлгээний хугацаа даах, бат бөх чанараас гадна хамгаалах хэрэгсэл болж цэргийн зориулалттай байсныг үгүйсгэх аргагүй.

Монголчууд эрт дээр үеэс эхлэн төмрийн хүдэр олзворлон янз бүрийн төмөр эдлэл хэний ч гар харалгүй, бие даан үйлдвэрлэж байсан нь их, бага янз бүрийн хэмжээтэй тэрэг хийх бололцоо олгож байлаа.

Тэр үеийн том тэрэгний тухай Г.Рубрук өөрийн үзсэнээ бичихдээ: “Тэд гэр мэтийн орон сууцыг маш том хэмжээгээр үйлдвэрлэдгийг өгүүлбэл, заримдаа өргөөшөө 30 фут (10 метр) хүрмүй.

Би нэг тэрэгний хоёр дугуйн хоорондын зайг хэмжвэл 20 фут буюу (6 метр гаруй болж) дээрх гэр нь дугуйнуудаас хоёр тийш тус бүр 5 фут (1.5 метр) илүү гарч байв.

Нэг тэргэнд 22 шар хөллөсний 11 нь хөндлөн нэг эгнээ болж, нөгөө 11 нь түүний урьд эгнэн зогсч байхыг би үзсэн.

Тэрэгний гол нь далбаат онгоцны шургааг мэт урт бүдүүн бөгөөд тэргэн дээр гэрийн үүдэнд нэг хүн шарыг гилж зогсумуй” гэжээ.

Гэр тэрэгний цөнг төмрөөр ихэвчлэн ширмээр хийдэг байсан бөгөөд бидний үед олдсон ийм цөнгийн зарим нь 20 кг-ын хүндтэй байна.

Монголчууд тухайн үедээ нарийн хийцтэй, янз бүрийн овор хэмжээтэй сайн тэрэг хийж чадаж байсан нь зөвхөн гардан хийгчдийн ур дүйтэй холбоотой төдийгүй төмөр боловсруулах үйлдвэрлэл өндөр төвшинд хүрч хөгжсөний үр дүн юм.

 

ТӨРИЙН БИЧИГ – Аливаа улсын дотор албан хэрэг хөтлөхөөр хуулиар тогтоон хэрэглүүлсэн бичгийг төрийн бичиг гэдэг. Дэлхй дахинаа үлэмж тархсан латин, араб, санскрит зэрэг бичгийг нэлээд улсууд төрийн бичиг болгожээ. Тэрчлэн олон улс орон өөр өөрийн үндэсний бичиг үсгийг зохион гаргасан байна. Монголчуудын хувьд гэвэл арваад зүйлийн бичиг хэрэглэж ирснээс тодорхой хэдэн бичгийг төрийн албаны бичиг болгон хэрэглэж иржээ.

Үүний хамгийн эртний бөгөөд удаан хэрэглэгдсэн бичиг нь уйгуржин монгол бичиг юм. Хэдийгээр энэ бичгийг уйгуржин гэх авч Уйгур, Монгол хоёр согдоос нэгэн зэрэг манай тооллын нэгдүгээр мянган жилийн дундуур авч хэрэглэсэн бололтой.

Харин түүнийг улс гүрний хэмжээгээр хэрэглэх бичиг болгосон нь XIII зуунд холбогдоно. Тухайлбал, Чингис хааны зарлигаар эл бичгийг улсын бичиг болгосон юм. Тиймээс монгол худам үсгийг монголын эртний сурвалжит төрийн бичиг гэж үздэг.

Үүний дараа монгол гүрэн өргөжиж харьяанд Хятад, Төвд, Солонгос, Түрэг, Тажик зэрэг олон үндэстэн харьяалагдах болсон тул тэд угсаатнуудын хэл аялгууг зэрэг тэмдэглэж чадах нийтлэг бичиг гаргах хэрэгтэй болсон учир тэр цагийн монголын их хаан Хубилайн зарлигаар улсын багш Пагва ламын зохиосон “дөрвөлжин бичиг” гэдгийг төрийн бичиг болгож аливаа тархаах зарлиг түгээх гэрээ (пайз), шагнах өргөмжлөл мэтэст хэрэглэдэг болов. Юан гүрний шинэ бичиг 100 гаруй жил хэрэглэгджээ.

Тэгэхдээ энэ бичгийг монгол бичигтэй хавсарган хэрэглэдэг байсан байна. XVII зууны үеэс тод, соёмбо зэрэг шашин-төрийн утгатай шинэ бичиг гарснаас тод бичиг нь Ойрад монголд өргөн дэлгэрчээ.

XVIII зуунаас монгол орон манж чин улсын харьяат болсон тул манж бичгийг төрийн гол бичиг болгон монгол үсгийг дагалдуулан хэрэглэдэг болов.

ХХ зууны эхэн 1911 онд монгол орон тусгаар тогтнолоо олж Монгол улсыг сэргээн байгуулсан тул монгол бичиг дангаар төрийн бичиг болов.

Улс төр-соёлын учраар монгол бичгийг халах оролдлого 1930-1940-өөд онд идэвхжиж Зөвлөлт Орос улсын нөлөөгөөр кирилл бичгийг 1943 оноос төрийн бичиг болгосон нь монгол бичиг мартагдахад хүргэжээ. 1990 оноос монгол дахь өөрчлөлт, шинэчлэлтийн ачаар монгол бичиг ахин төрийн бичиг болон амилах хандлагыг бий болгов.

 

ТӨРСӨН ӨДӨР – Суут богд Чингис хаан Цагадай хөвгүүнээсээ хуримын дээд хурим аль вэ? хэмээн асуужээ. Тэгэхэд нь Цагадай:

Хуучин он биднээс

Хангирсаж одох хэмээн

Шинэ он бидэнд

Шилжирч ирэв гэж

Өлзийхутаг хэмээн

Хуримлалдах нь хуримын дээд тэр буй заа гэж өгүүлжээ.

Чингис хаан:

-Тэр биш ээ. Нярайгаас хагацсанд нэр эс өгвөөс, хэвлийгээс унаад гэгээ эс үзвээс хэний шинийг шинэлэх та, хэний нэрийг нэрлэх та. Үүнээс хойшид эцгээс үүсэж, эхээс төрсөн өдрөө олж, хүндэлдэн уулзваас дээд хурим чинь энэ буй за хэмээн зарлиг буулгасан ажгуу.

Өгэдэй нэг удаа төрсөн өдрөө мартахад Чингис хаан сануулж байв. Чингис хаан Өгэдэйн төрсөн өдрийг тэмдэглэхээр идээ будаа бэлтгүүлж хүлээж байжээ.

 

Үргэлжлэл бий