Чингис хааны тухай товч тайлбар толь-9

Posted on October 25, 2011

0


-“Чингис хааны тухай товч тайлбар толь” номоос үргэлжлүүлэн нийтэлж байна-

 

ТУЛУЙ – Тулуй нь харагчин үхэр жилтэй, 1193 онд төржээ. Тулуй бол Бөртэ үжин хатнаас төрсөн отгон хөвгүүн нь болно. Тэр хар багаасаа хаан эцгээсээ салалгүй, аян дайнд хүртэл дагалдан явж байжээ. Тиймээс хааны цэрэг удирдах арга ухааныг хэнээс ч илүү гүнзгий ойлгосон гэдэг билээ.

Тулуй төрөлхийн талбиу зөөлөн зантай, дайн байлдаанд догшин арслан шиг билээ. 1212 онд Алтан улсын Дэшин балгасыг байлдан эзлэхэд Тулуй болон хүргэн Чихү хоёул хамгийн урьд хотын хэрмийг давж оржээ. Хорезмыг дайлахад тэр ганцаар нэг салаа цэргийг захирч Амударьяа мөрнийг гатлан, Хорасан орныг дайлан дагуулжээ.

1225 онд Чингис хаан хөвгүүддээ газар нутгаа хуваахад Тулуйг гал голомт сахигч отгон хөвгүүн гэж Онон мөрний эх болон Хархорум орчмын нутгийг түүнд хувилжээ. Мөн туулай жил эх, хөвүүд дүү нартаа иргэнийг хуваахдаа Тулуйд таван мянган иргэнийг өгч байжээ.

1219 оны зун Чингис хаан Хорезмын шах Мухамедийн эсрэг аян дайнд мордоход Тулуй эцгийн хамт цэргийн гол хүчийг захирч явжээ. Чингис, Тулуй нарын цэргийн анги Зарнук, Нур, Зарефшан зэрэг нэлээд олон том жижиг боомт хот болон XII-XIII зууны үеийн Дундад Азийн гар урлал, худалдаа, соёл урлагийн нэртэй том хотын нэг Бухар, Самарканд хотуудыг эзэлжээ.

1225 онд Чингис хаан эцсийн удаа Тангуд улсыг дайлахдаа мөн л Тулуйг авч явжээ. Хаан эцэг нь насан эцэс болох үед түүний дэргэд агуу их гүрний эзэн болох гуравдугаар хөвгүүн Өгэдэй, эцгийн гал голомтыг сахиж бадраах отгон хөвгүүн Тулуй нар байсан билээ.

Тулуйг нас барсны дараа түүнийг хаан эцгийнх нь дэргэд, Бурхан Халдунд оршуулсан гэсэн баримт бий.

Туулай жил буюу 1231 онд Өгэдэй хаан хятадыг дайлж, цэрэг буцах замд Өгэдэй хаан хүнд өвдсөн байв. Бөө төлөгчнөөр мэргэлүүлсэнд “Гагцхүү ойр төрлийн хүнийг золио болгож өгье” хэмээвээс Өгэдэй зарлиг болгоруун “Хан хөвүүдээс миний дэргэд хэн байна” гэж асуусанд дэргэд нь байсан Тулуй “Суут Чингис хаан эцэг минь бидний дээр ах нар, доор дүү нар байтлаа, хаан ах таныг агт мэт сонгож, иргэ мэт барилж их ороо биед чинь өгч, олон улсыг дээр чинь ачиж одов? Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв хэмээсэн билээ. Одоо хаан ах чамайг алдваас би хэний мартсаныг сануулж, хэний унтсаныг сэрүүлэх буй? Үнэхээр хаан ах муужирваас, олон монгол улс өнчирч, хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё!” гэж хэлсэнд “бөө нар бөөлөн залбирч, адисласан усыг Тулуйд уулгав” гэдэг. Ингээд хоёр, гурван өдрийн дараа Тулуй зам зуураа Алаг Дэрс гэдэг газар гэнэт нас баржээ. Тэр үе бол хар луу жил буюу 1232 он болно.

Хаант монгол улсын гуравдугаар их хаан Мөнхөөс эхлэн монголын их хааны суурийг Тулуйн үр хөвгүүд гурван зуун ная гаруй жил (1251-1634 он) залгамжилжээ.

 

ТЭМҮЖИН (ЧИНГИС ХААН) – Чингис хааныг анх мэндлэхэд эцэг Есүхэй баатраас өгсөн нэр. Чингис хааныг бага, залуу насанд нь ингэж нэрлэж байв. Тэмүжин III жарны усан морин жилийн зуны тэргүүн сарын 16-ны өдөр буюу нийтийн он тооллын 1162 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр одоогийн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлүүнболдог гэдэг газар төржээ. Тэмүжин баруун гартаа шагайн чинээ нөж атгаж төрсөн гэдэг.

Есүхэй баатар татар аймагтай байлдаж дийлэхэд тэдний удирдагч Тэмүжин үг, Хорибух нарыг барьж ирэхэд Өэлүн хатан хүү төрүүлсэн учир Тэмүжин хэмээн нэрлэсэн ажээ.

Тэмүжиний эцэг Есүхэй баатар бол Хабул хааны ач, Бартан баатрын хүү юм. Хамаг монголын хаан Хабул нь Тэмүжиний өндөр эцэг, Тэмүжин нь Хабул хааны гуч юм.

Тэмүжиний эх Өэлүн хатан Олхонууд аймгийн хүн ажээ. Тэмүжин багадаа нохойноос айдаг хүүхэд байв.

Тэмүжин багаасаа ухаалаг хэрсүү, харвах намнахдаа мэргэн хүүхэд байлаа. Тэмүжинг 9 настай байхад Есүхэй баатар хөвгүүндээ хүүхэн сүй тавихаар Өэлүн эхийн төрхмийн олхонуудад очихоор явжээ. Эцэг хүү хоёр замдаа Хонгирад аймгийн Дай сэцэнтэй тааралддаг. Есүхэй баатарт Дай сэцэний охин Бөртэ таалагддаг билээ. Есүхэй баатар Дай сэцэнийд хоноод маргааш нь охиныг нь бэр болгохоор гуйдаг. Бөртэ Тэмүжингээс нэг насаар эгч байлаа. Дай сэцэн ч зөвшөөрдөг. Тэгээд Есүхэй баатар хүүгээ тэдний хүргэн болгож гэрт нь үлдээдэг. Есүхэй баатар Дай сэцэнд “Би хөвгүүнээ орхиё. Миний хөвгүүн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ, миний хөвгүүнийг бүү цочуул” гэж захидаг. Тэр цагт хүргэн хүн хүүхний гэрт сүй тавьсны дараа үлддэг ёстой байжээ. Энэ нь эхийг эрхэмлэх, умайг хүндэтгэх заншил юм. Ийм заншил эхийн эрхт ёсны үлдэгдэл бүр Сяньбийн үеэс уламжлагдаж иржээ.

Тэмүжин хөвгүүн Дай сэцэний гэрийн гадаа эцгийнхээ барааг далд ортол харсаар хоцордог. Есүхэй баатар замдаа татаруудад хорлогдож, Тэмүжин үү нарынхаа хамт өнчин үлддэг. Эцгийгээ муу байгааг дуулаад Тэмүжин Мэнлигийн хамт маш яаран гурван өдөр, гурван шөнө довтлон гэртээ ирэхэд эцэг нь таалал төгссөн байв. Эцэгтэйгээ амьдад нь уулзаж чадаагүй Тэмүжин газарт унан уйлж гаслахад хонхотаны Чирха өвгөн:

Тул загас мэт юунд

Тулбиран гасланам

Туурга (торгон цэрэг) цэргээ бэхэлье гэж

Тууштай үгээ хэлэлцсэн биш бил үү

Усны загас мэт юунд

Уяран гасланам чи

Улс төрөө байгуулъя гэж

Учиртай үгээ хэлэлцсэн биш бил үү

гэж ятган өгүүлжээ. Тэмүжин үнэнч боолынхоо үгэнд орж уйлахаа зогсов.

Есүхэйг үхсэний дараа түүний захиргаанд байсан овог аймгууд хамаг монголын томоохон аймаг болох тайчуудтай нийлж явав. Есүхэйн шадар нөхөд ч түүний гэр бүлийнхнийг орхин оджээ. Гэрийн зарц нараас ганц Хуагчин гэдэг эмгэн үлдэв.

Өэлүн хатан хүүхдүүдтэйгээ ийнхүү хар нутаг дээр хаягджээ. Тэдэнд 8 шарга морь нэг оготор хонгор морь үлджээ. Өэлүн хатан Онон мөрнийг өгсөн уруудаж алирс, мойл, сөдөл, гичгэнэ, мангир, гогод түүн өөрийгээ ч хүүхдүүдээ ч өл залгуулж байв. Тэгж байтал хүүхдүүд нь өсөн өндийж, загас барьж, шувуу агнаж, тарвага зурам агнаж эхийгээ тэжээх болжээ.

Нэг өдөр Тэмүжин дүү Хасартайгаа нийлж өөрсдийнх нь барьсан загас, болжморыг булааж авлаа гэж хилэгнэн эцэг нэгтэй, өөр эхтэй Бэгтэрийг харваж алжээ.

Энэ хар хэргийн учир:

“Ханиа барагсад

Ижлээ идэгсэд

Хэрцгий цөөвөр (чоно) мэт

Барьж ирэх

Барс араатан мэт

Балмад амьтад буюу

Сүүдрээс өөр нөхөргүй

Сүүлнээс өөр ташуургүй байхад

тайчууд нарын хөнөөлийг хүлээж, өшөөгөө хэн яаж авах вэ гэж байхад та нар юунд ийм хэрэг хийв?” гэж Өэлүн эх эртний үгийг иш татаж, өвгөдийн үгийг үндэс болгож зэмлэжээ.

Өэлүн эх хүүхдүүдээ язгууртны ёсоор хүмүүжүүлж байв. Тэмүжин, Жамуха хоёр арваад настайдаа нэг хэсэг Ван ханы ордонд хүмүүжиж байжээ. Тэр хоёр Онон мөрний мөснөө үе үе тоглоно. Тэгж байхдаа Жамуха нэг гурын шагай Тэмүжинд өгч, нэг цутгамал шагайг Жамухад Тэмүжин өгч анд бололцсон ажээ. Түүний хойд хавар тэр хоёр хавчаахай нумаар харван наадаж байхдаа Жамуха бярууны хоёр эврийг нааж нүхэлж хийсэн дуут сумаа Тэмүжинд өгч, Тэмүжин арц модон годил болцуугаа Жамухад өгч солилцон анд бололцсоноо улам бататгажээ.

Тэмүжин ухаалаг зориг самбаатайгаар тэр нутагтаа алдаршиж эхлэхэд Тайчуудын ноёд өшөө хонзон нэхэх, хамаг Монголын хаан ширээг булаах этгээд тодорч байна хэмээн болгоомжлох болжээ. Зуны нэг өдөр тайчуудын Таргудай Хирилтуг шадар нөхдөө дагуулж, “хурганы үс гуужив. Төлөгний бие төлжив” (Өэлүний хөвүүд тэнхрэв) гэж довтлон ирэв. Өэлүн хүүхдүүдтэйгээ шугуйд нуугджээ. Хасар, Бэлгүтэй хоёр үлдэж, мод хугалж, шивээ халх барьж, Хасар харваж байлдахаар зэхэв.

Тайчууд гэрт дөхөж ирээд,

-Тэмүжин ахаа гаргаж өг. Бусад чинь хэрэггүй гэж хашгиралдав. Тэмүжин зугтаж, тэргүүн өндрийн шугуйд шургав. Тайчууд түүний хойноос нэвтрэн орж чадсангүй. Тэмүжин ой дотор гурав хоножээ. Тэгээд харихаар шийдэж морио хөтлөн явтал мориноос эмээл нь мултран унажээ.

Тэмүжин ажиглан үзвэл эмээлийн олом хөмөлдрөг хэвээр байхад мултарсан байжээ. Олом суларлаа гэхэд хөмөлдрөг мултармааргүй юм. Тэнгэр ятгаж байгаа юм болов уу гэж дахин гурав хоног болов. Тэгээд ойгоос гарч явах гэтэл зам дээр нь гэрийн чинээ цагаан чулуу бөглөн хэвтэж байв. Тэнгэр ятгаж байгаа юм болов уу гэж Тэмүжин бодоод дахин гурав хонов. Бүгд ес хоноод Тэмүжин хоолгүй болж, энэ мэт нэргүй үхэхээр гаръя гэж зам бөглөсөн гэрийн чинээ цагаан чулууг тойрон битүү ширэнгэ модыг сумч хутгаар огтолсоор ойгоос морио хөтлөн гарч ирэхэд түнийг отон хүлээж байсан тайчууд баривчлан авчээ.

Тайчууд Тэмүжингийн хүзүүнд дөнгө зүүж, өлбөрүүлж үхүүлэхгүйн тулд айл айл хэсүүлж, нэжгээд хонуулдаг байжээ. Тэмүжин тэндээс Сорхон шар, түүний хүү Чимбай, Чулуун нарын туслалцаатайгаар оргож Сэнгүр горхины (Цэнхэрийн гол) Хар зүрхний Хөх нуур гэдэг газар хүрч эх дүү нартайгаа уулзалдав.

Тэднийх тарвага, зурам алж идэн өдөр хоног өнгөрөөж байтал дээрэмчид ирж найман шарга морийг нь хөөж одлоо. Тэр өдөр Бэлгүдэй ганц хонгор морио унаж тарвага агнахаар явсан байжээ. Үдэш болсон хойно Бэлгүдэй хонгор мориндоо дааж ядтал тарвага ачиж, хөтөлж ирэв.

Тэмүжин хонгор морио унаж, найман шарга морио нэхэж, өвсний налархайгаар мөрийг нь мөшгин явлаа. Замдаа Наху баяны хүү Боорчитой тааралдан эрлийнхээ сургийг гаргадаг. Боорчи Тэмүжинд хань болж хамт явдаг. Тэр хоёр эрэлхэг зориг гарган найман шарга морийг дээрэмчдийн гараас салгадаг. Тэмүжин Боорчи нарын нөхөрлөл ингэж эхэлдэг.

Тэмүжин арван долоо хүрч эцэг Есүхэй баатрын амьд байхад сүй тавьсан хонгирадын Дай сэцэний охин Бөртэг гэргий болгохоор дүү Бэлгүүдэйн хамт тэднийхийг Цэгцэр Чихургу зэрэг газар нутаглаж байхад нь очиж авчирдаг.

Тэмүжин алдсан улсаа эргүүлж авахын тулд хүчирхэг нөлөөтэй хүнийг түшиглэх хэрэгтэй байлаа. Тэр хүн нь Хэрэйдийн Тоорил хан байв. Тийм учраас Тэмүжин Хэрэйдийн ван ханд бараалхан Бөртэгийн түүнд бэлэглэсэн хар булган дахыг өргөж, тэтгэн туслахыг гуйдаг билээ.

Хэрэйдийн ван хан залуу Тэмүжиний өргөсөн бэлгийг хүлэн авч

Хар булган дахын чинь хариуд

Хагацсан улсыг чинь

Хамтатгаж өгсүгэй

Булган дахын чинь хариуд

Бутарсан улсыг чинь

Бүтээж өгсүгэй

Бөөрий нь бөгсөнд

Цэрий нь цээжинд атугай

гэжээ.

Ван хан Тэмүжинд ингэж амлахдаа урьд Есүхэй баатартай анд бололцон түүний тус хүргэж явсныг дурсан санасан нь магад. Тэндээс харьж ирээд Ван ханы үгийг Өэлүн эхдээ өгүүлбэл цөм баярлалджээ.

Тэмүжингийнх Хэрлэн голын эх Бүрги эрэгт нутаглаж байв. Нэг өглөө Өэлүн эхийн гэрийн зарц Хуагчин эмгэн дадсан заншлаар эртлэн босч гадаа гартал алсад морин төвөргөөн сонсогдож, улмаар ойртон газар дэлбэрэх мэт болжээ. Хуагчин эмгэн сандарч гэрт ороод Өэлүнд:

-Эх эх хурдан бос. Аймшигт тайчууд айсуй бололтой гэв. Өэлүн хөвгүүдийг сэрээгтүн гэж хэлээд өөрөө даруй босов. Тэмүжин яаран босоод морьдоо барьж ирэв.

Тэмүжин, Өэлүн эх, Хасар, Хачиун, Тэмүгэ Отчигин, Бэлгүтэй, Боорчи, Зэлмэ нарт тус бүр нь нэг морь ногджээ. Тэмүлинг Өэлүн эх өвөр дээрээ дүүрэв. Нэгэн моринд бага сага юмаа ачиж хөдлөв. Хуагчин эмгэн хатан Бөртэг бүхэгтэй тэргэнд суулгаж, бөөр алаг үхэр хөллөн Түнхэлэг горхин өөд явжээ. Тэгэхэд тайчууд биш мэргидүүд довтолсон байжээ. Мэргидийн хэсэг цэрэг Хуагчин эмгэнтэй тааралдаж

-Чи юун хүн бэ гэж асуухад

-Би Тэмүжин эзний харьяат билээ. Их гэрт хонь хяргахаар ирсэн билээ гэв.

-Тэмүжин гэртээ бий юу.

-Тэмүжин бий үгүйг би мэдэхгүй. Би хойд гэрээс ирэв гэжээ.

Мэргидүүд Тэмүжинийн хойноос эрж оджээ. Тэмүжин Бурхан Халдун уулын шугуйд шурган оржээ. Мэргидүүд Хуагчин эмгэн, Бөртэ үжин хоёрыг олзлоод Тэмүжинг олж барихаар Бурхан Халдуныг гурав тойроод намаг шавар, битүү ширэнгэтэй тулгарч гэдрэг буцсан байна.

Тэмүжин мэргидүүдийг бүрмөсөн явсан мэдээ авмагц уулнаас бууж ирэв. Энэ явдлын дараа Тэмүжин, Хасар, Бэлгүтэй хоёр дүүгээ дагуулан Туул голын хар шугуйд нутаглаж байсан Ван ханд очиж мэргидүүд довтолж эхнэрийг минь булаан авав. Хаан эцэг минь эхнэрийг минь буцааж авчирахад тусална уу гэжээ. Түүний үгийг Ван хан дуртайяа зөвшөөрчээ.

Тэгээд Тэмүжин, Ван хан, Жамух анд гурав Онон мөрний Батохан бооржоос хөдлөн мэргидийн эзэн Тогтоа бэхийн өргөө гэрийг довтлов. Мэргидүүд цохигдож тал тал тйишээ зугтжээ. Тэмүжин дүрвэгсдийн дундаас Бөртэ хатан, Хуагчин эмгэн хоёрыг олж авав.

Тэмүжин Жамуха хоёр бие биедээ түшиг болж, нэг жил хагас хамт байгаад салж нүүжээ. Тэмүжин, Жамуха хоёр бол Хамаг монголын язгууртан нарын дотроос Хотула хаанаас хойш бараг эзэнгүй байсан хаан ширээг эзлэхийг хүссэн хүмүүс байжээ.

Тэмүжин Жамухаас салж шөнө турш яваад өглөө болоход 20 гаруй их бага овог аймгийн толгойлогч нар Жамухаг орхин хэд хэдэн хүрээ болж, харьяат ардынхаа хамт Тэмүжинд ирж нийлжээ. Тэмүжин ингэж олон монгол овог аймгийн удирдагчдаар хүрээлүүлж чадсан байна.

Тэмүжинг Цэнхэрийн голын Хар зүрхэний Хөх нуур гэдэг газар 1189 онд буудаллаж байхад нь Хотула хааны хүү Алтан, Жүрхэн аймгийн толгойлогч Сача-бэхи, Нэгүүн тайжийн хүү Хучир нар зөвшилдөн хамаг монголын хаанд өргөмжилж, Чингис хаан гэх болжээ.

Тэмүжин өөрийг нь хаан өргөмжлөх хурилдай дээр Алтан, Хучар хоёрыг хамаг монголын хаан бол гэсэн байна. Гэвч тэд бүгдээр Тэмүжинг хаан бол гэж өргөмжилжээ. Тэгэхэд Тэмүжин 28 настай байв.

 

У

 

УРАН ЧИНГҮЙ – Уран Чингүй бол Чингис хааны эсрэг бослого гаргажээ. Тэр бослогыг дүү Хасар нь цус урсган дарсан байна. Үүний учир Чингис хаан Хасарт Болболон гэгч эмэгтэйг шагнажээ.

 

Х

 

ХАБУЛ ХААН – Монголын нууц товчоонд хамаг монгол улсыг Хабул хаан мэдэж байв гэж бий. Хабул хэмээх нь Чингис хааны элэнц эцэг бөгөөд хамаг монголын анхны хаан юм. Хабул XI зууны сүүлчээр (1084 он) Тумбинай сэцний хоёр хөвүүний ахмад нь болон төрсөн гэж Нууц товчоонд дурдсан байдаг бол Рашид-Ад-Диний “Судрын чуулган”-д Тумбинай хааны зургаа дахь хөвүүн, түүний бага хатны ууган хүү болон төрсөн гэж өгүүлсэн байдаг. Хабул хаан бол Бодончарын наймдугаар үеийн ач юм.

Хабул хаан хар багаасаа Онон мөрний усанд шумбаж, сурч, зэгсэн сайн усчин болжээ. Тэрбээр бүтэн хонины мах идэж дуустал усан дор байж чаддаг ажээ.

Хамаг монгол улс Хабул хааны үед хүчирхэгжиж, гадаадад нэр нь алдаршив. Зөрчидийн Алтан улсын элч 1130-аад оны эхээр Хамаг монголд ирж, Хабулыг нутагтаа айлчлахыг урьсан хааныхаа илгээлтийг гардуулжээ. Тэр үед Зөрчидүүд Сүн улстай дайтаж, Хятадын шар мөрнөөс хойшхи бүх нутгийг эзлээд байжээ.

Хабул хаан ч Алтан улсын байдлыг мэдэх эрмэлзэлтэй байсан тул урилгыг хүлээн авав.

Алтан улсын хаан Үжимэйд (1075-1135) Хабулын сүр хүч ихтэйг үзэж, ёслол төгөлдөр угтан, хүндэтгэсэн дүр үзүүлж их найр хийжээ. Хабул хаан хоолонд хор хийсэн байж магадгүй гэж сэргийлж, аагим халуунаас сэрүүцэх нэрийдлээр голын усанд шумбан идэж уусан бүгдийгээ гаргаад дахин Алтан хааны өргөөнд орж ирээд өгсөн бүх хоол унд, архи дарсыг хүртэн сууж байв. Зөрчидүүд сүрлэг том биетэй, ухаалаг царайтай, жавхлан төгс эрийг сонжиж, ямар ч их архи уусан согтохгүй байгааг гайхан “бурхнаас заяасан ер бусын баатар чийрэг эр юм” гэж гайхан шагшиж байжээ.

Нэг удаа Хабул хаан санамсаргүй согтож, Татаар зэрэг аймгийг хамаг Монголын эсрэг Алтан улс ил далд өдөөн турхирч байдгийг эгдүүцэж явдгаа хэлж, Алтан хааны сахлыг шувтарчээ. Тэгэхэд Алтан улсын түшмэдүүд Хабулыг барьж цаазлахыг завдав. Алтан хаан:

-Энэ болбоос ёсыг алдсан хэрэг. Ял болсон бус хэмээн хэлтрүүлж, үнэт бэлэг сэлт өгч хүндэт зочны ёсоор буцаажээ.

Хабулыг буцсаны дараа Алтан улсын сайд түшмэдүүд хааныгаа ятган монголын хааны өдүүлсэн ялт хэргийг өршөөж, нутагт нь буцааж хэрхэвч болохгүй. Даруй түүнийг хороохгүй бол бидэнд аюул тарьж мэднэ хэмээн ятгахад Алтан хаан хэсэг тээнэгэлзэж байснаа тэдний үгэнд орж, элч заран Хабулыг замаас нь буцааж ирүүлэхээр довтлуулав.

Хабул нэхэн ирсэн элчийн үгийг сонсоод “Бидний хооронд ярилцах, зөвших зүйл дууссан, бид (хааны) соёрхлоор салсан…” хэмээн царайгаа хувилган эрс хатуу хэлж, элчийн ятган гуйхыг үл хайхран нутгийн зүг хурдлан явжээ.

Алтан хаан хоёр дахь удаагаа олон хүнтэй элч илгээж Хабулыг хүчээр бариулах гэв. Хабул хаан аймаг олноо зарлан ирүүлж, тэдгээр элчийг хороожээ.

1135 онд Алтан улсын хаан ширээнд Хи Цзун өргөмжлөгдсөнөөс эхлэн Алтан улс Хамаг Монголыг цэрэг зэвсгийн хүчээр шууд эзлэн авахыг эрмэлзэж Хушаху жанжнаар удирдуулсан их цэргийг Монгол нутаг руу илгээжээ. Хушаху Хамаг Монголын эсрэг 4 жил орчим тулалдсан боловч олигтой амжилт олсонгүй. Хабул хаан хүн хүчээр давуу зөрчидүүдтэй ихэд болгоомжтой тулалдаж, бага хүчээр илүү амжилтад хүрэхийг зорьж байв.

Хабул довтлон ирсэн зөрчдийн их цэргийг газар мэдэхгүй байдлыг нь ашиглан нутгийнхаа гүнд эсэргүүцэлгүй шахаж оруулаад тэдний хөдлөх бүрийг хянамгай ажиглаж цөөн цэргээр алсаас өдөж чулуу хөөлгөн дайснаа сульдааж, сэтгэл санаагий нь үхүүлж байлаа. Хушахугийн цэрэг Монголын уудам тал, Хэнтий нурууны бартаат уулс дунд хүн малаа сульдаан ядрааж, хоол хүнсээ дууссаны улмаас аргагүйн эрхэнд буцаж эхлэхэд Хабул хааны удирдсан Хамаг Монголын гавшгай эрчүүд гэнэт уухайлан довтлон цохиж Хайлан уулын орчим 1139 онд бүрмөсөн сөнөөжээ.

Хабул хаан тэр цагаас эхлэн Алтан улсыг өөрийн гол дайснаа гэж үзэж цэрэг, зэвсэг хуралдуулан сургуулилж Алтан улстай дайтаж эхлэв. Алтан улс тухайн үед Хятадын Сүн улстай шийдвэрлэх тулалдаан хийж байсан тул Хабулын довтолгооныг сөрөн зогсож чадалгүй хойд хил орчмынхоо 27 цайз, боомтыг алдсан ажээ. 1141 онд Алтан улс, Сүн улс хоёрын дайн дуусаж, Сүн улс бууж өгснөөр Алтан улс монголчуудын эсрэг бүх хүчээрээ дайтах боломжтой болов. Гэвч Хабул хаан ч цагийг дэмий үрсэнгүй. Тэрбээр өөрийн цэрэг зэвсгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Алтан улсын цэргийн дотор бослого гаргасны улмаас цаазлуулсан Зөрчидийн томоохон ноён Далань хэмээгчийн хүүтэй холбоо тогтоож түүний албат иргэдийг Алтан улсын эсрэг тэмцэлд ашиглах болов. Энэ бүх үйл явдал нь Хабулын хүчийг улам нэмэгдүүлэв. Хи Цзун хаан Хятадыйн Сүн улсыг буулган авч, их ялалт байгуулсан Учжу жанжинг Хамаг Монголын эсрэг их цэргээ толгойлуулан хөдөлгөжээ. Зөрчид, монголчуудын хооронд бүтэн 5 жил үргэлжилсэн энэ дайнд Хабул хааны эрэлхэг зориг, авхаалж самбаа, жанжны ур чадвар ихэд товойн гарсныг хэлэх юун. Алтан улс тухайн үед Төв Азийн хамгийн хүчирхэг улс болж байсан агаад зөрчидийн цэрэг тоогоор олон, түүний дээр өмнөд Хятадад олон жил тулалдаж дайны дадлага туршлагаар илүү байсан зэрэг олон зүйлээр давуутай байсан боловч Хабул хааны удирдсан монголчууд тэр их тулалдаанд ялж гарсан юм.

1147 онд Хамаг Монгол, Алтан улс хоёрын хооронд найрамдлын гэрээ байгуулагдаж түүгээр зөрчидийн Сипинь голоос хойшхи 27 цайзыг Хамаг Монголд шилжүүлэн өгөх, Алтан улс Хамаг Монголд жил бүр үхэр, хонь, амуугаар татвар төлөх болов. Түүнээс гадна Алтан хаан Хабулд ван хэргэм шагнасан боловч тэрбээр эрс няцааж хүлээж авсангүй. Хабул хаан Алтан улсын вангийн хэргэмтэй, хэргэмгүй язгуурын монголчуудын хууль ёсны хаан гэдгээ тэдэнд ойлгуулжээ. Мөн Алтан хааны эчнээ хорт бодлогыг тэрбээр мэдэж байсан тул ван хэргэм шагнасныг эрс шийдвэртэй няцаасан хариу өгчээ. 1147 оны гэрээгээр Алтан улс арга буюу их буулт хийсэн нь Хамаг Монголын сүр хүчин ихэд дээшилж хүчирхэг Алтан улстай эн зэрэгцэхүйц болж ирснийг харуулж байна.

Ийнхүү одоогоос 870 шахам жилийн тэртээ Хабул хаан язгуурын монголчуудын төр улсыг дахин сэргээн байгуулсан нь Төв Азийн улс төрийн амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэх болж, цаашдаа Хамаг Монголыг тойруулан Татар, Мэргид, Хэрэйд, Найман зэрэг монголын бусад аймаг, ханлиг улсыг нэгтгэж, Монголын нэгдсэн улс байгуулах суурийг тавьсан билээ. Хабул хааны үндэслэсэн Хамаг Монгол Улсад Хүннүгээс уламжилсан монголчуудын төрийн гал голомт, сүр сүлд, бэлгэ тэмдэг нь бүгд байсан юм. Хүннү, Сүмбэ, Нирун улсын дараа язгуурын монголчуудын төр ёсны уламжлалыг сэргээн түүхийн тавцанд нь дахин гаргаснаараа Хабул хаан монголын хаадын дотор хүндтэй байр эзэлдэг билээ гэж түүхч Р.Эрдэнэбаатар бичсэн билээ.

Хабул хаан өвчнөөр нас барсан байна.

 

ХАДААН – Сүлдэсний Сорхон шарын охин. Чингис хаан түүнийг сул хатнаа болгожээ. Хадаан охин Чингис хааныг бага залуудаа тайчуудад баригдаад зовж байхад гэр орондоо нууж, хоол унд өгч асарч байв.

Чингис хаан тайчуудтай байлдаад дүрвэсэн хүмүүсийн хойноос мордож явахад улаан дээлтэй эм хүн “Тэмүжин Тэмүжин” гэж их дуугаар уйлан бархирахыг Чингис хаан өөрөө сонсож “Ямар хүний эм ийнхүү уйлж байна?” гэж асуулгахаар хүн илгээв. Тэр хүн очиж учрыг асуувал нөгөө эм өгүүлсэн нь:

-Би Сорхон шарын охин. Хадаан нэртэй. Эрийг минь цэргүүд барьж алах гэж байна. Эрийг минь аварч аль гэж Тэмүжинийг дуудаж уйлав гэв. Тэр хүн буцаж ирээд түүнийг үгийг өгүүлбэл, Чингис хаан сонсоод давхин очиж, мориноос буугаад Хадаантай тэврэлдэв. Гэтэл эрийг нь Чингис хааны цэргүүд хэдийнэ алчихсан байжээ.

Чингис хаан Хадааныг урьж ирүүлж дэргэдээ суулгаад сул хатнаа болгосон явдал ийм буюу.

 

Үргэлжлэл бий