Каддафи хэт олон зүйлийн тухай мэдэж байсан

Posted on October 27, 2011

5


-Ливичүүд Муаммар Каддафийн үхэлд баярлаж байна. Үүнтэй зэрэгцээд барууны орнуудын тэргүүн нар ч урт амьсгаа авсан гэдэгт эргэлзэх хэрэггүй-

Хэдхэн жилийн өмнө хурандаа Каддафиг химийн болон цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс татгалзан, Америк, Английн шинжээчдийг Ливид оруулж цөмийн үйлдвэрлэлээ устгахад туслалцаа авахыг зөвшөөрсний хариуд олон улсын нийгэмлэгт буцаан элсүүлэх болж НАТО-ийн эвслийнхэн ч баяртайгаар угтан авч байлаа. Тэгвэл өнөөдөр НАТО-ийн орнууд Ливийн удирдагчийн үтэр түргэн үхэлд ямар үүрэг гүйцэтгэснийг бид үүрд мэдэх боломжгүй боллоо. Каддафи НАТО-ийн зүгээс үзүүлсэн агаарын довтолгооны үеэр үхээгүй, Ливийн босогчид түүнийг амьдаар нь олзолсон гэдгийг дэлхий даяар тархсан видео бичлэгүүд нотолж байна. Харин Ливийн удирдагч буудалцааны үеэр амь үрэгдсэн гэх тайлбар араасаа олон шүүмжлэлийг дагуулсаар байна.

НАТО-ийн зүгээс түүний онгоцууд Сирт хотоос зугтаж явсан Каддафигийн хамгаалалтын салааг бөмбөгдсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч тэдний дунд Каддафи байсан гэдгийг мэдээгүй гэх маягийн тайлбарыг өгч байгаа. Хэрэв энэ үнэн бол франц, англи, америкчууд Каддафиг өөрсдийн гараар алаагүй болж таарах нь. Энэ тохиолдолд тэднийг маш том аз дайрч.

Энгийн үгээр тайлбарлахад, Каддафи хэт олон зүйлийн тухай мэдэж байсан юм. Хэрэв түүнийг амьдаар нь баривчилсан бол гарцаагүй Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэх байлаа. Угаас энэ байгууллага өнгөрөгч зургаадугаар сард түүнийг болон түүний хүү Сейф аль-Ислам, эх нэгт дүү, цэргийн тагнуулын тэргүүн (өдгөө хаана амьдарч байгаа нь тодорхойгүй) Абдулла Сенусси нарыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгасан. Тиймээс хэрэв Каддафи Гаагийн шүүхэд очсон бол ямар их шуугиан, түгшүүрийг дэгдээх байсныг та төсөөл дөө.

Тэрээр (өөрийгөө зөвтгөх) худал, хуурмаг зүйлсийг ярихын хажуугаар Францын Ерөнхийлөгч Николя Саркози, Английн Ерөнхий сайд Тони Блэр нартай хэр дотно байсан тухайгаа болон Ливийн Засгийн газар терроризмтэй тэмцэх салбарт барууны тагнуулын байгууллагуудтай хэрхэн ажиллаж байсан талаарх нарийн ширийн зүйлс, Ливийн эрэг дагуух нутгуудаас цагаачлах хүмүүсийн тоонд хязгаар тавих болон барууны газрын тосны, барилгын компаниудад томоохон гэрээ хэлэлцээр хийх боломжийг олгох зэрэг асуудал дээр Европын холбоотой хэрхэн хамтарч байсан талаараа ярих байсан нь гарцаагүй биз ээ.

Хамтын ажиллагаа нь хэтэрхий том цар хүрээг хамарч байсан тул түүнд ярьж хэлэх зүйлс их байсан нь мэдээж. Тухайлбал, жихадуудын эсрэг явуулсан дайнд Ливийн тагнуулын алба Америкийн Тагнуулын төв газартай нягт хамтран ажиллаж байсан талаар “Human Rights Watch”-ийн судлаачдын илрүүлсэн нууц баримтууд нотолдог. Тэр бүү хэл, Английн тагнуулын МИ6 байгууллагынхан Каддафийн гэр бүлийнхэнтэй тун дотно харьцаатай байсан юм. Нэгэн цагт МИ6-ийн терроризмтэй тэмцэх салбар ангийн даргаар ажиллаж байсан ноён Марк Аллен барууны орнуудыг төлөөлж Каддафитай үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөрөөс татгалзуулах нууц хэлэлцээрүүдийг хийдэг гол хүн нь байсан гэж энэ оны есдүгээр сарын эхээр Английн “Guardian” сонин мэдээлж байв. Мөн тухайн нийтлэлд бичсэнээр, 2004 онд ноён Аллен МИ6-ийн захирал болох гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн тул хувийн хэвшил рүү шилжин улмаар “Monitor Group” хэмээх хууль зүйн пүүсийн ерөнхий зөвлөх болсон аж. Уг пүүст Каддафи их хэмжээний мөнгө төлж дэлхий дахинд өөрийгөө эерэгээр харуулах PR-ын ажлыг хийлгүүлдэг байжээ. Түүнчлэн “Monitor Group” Каддафийн хүү Сейф аль-Ислам (энэ хүүг МИ6-тай харьцах Каддафийн анхны элч нь байсан гэж үздэг)–ын Лондонгийн эдийн засгийн сургуульд докторын зэрэг горилох судалгааны ажилд нь тусалсан байдаг юм. Ноён Аллен дээрхээс гадна газрын тосны мангас “BP” компанийн зөвлөхөөр ажиллаж Каддафийн дэглэмийн үед тус компанид Ливийн уул уурхайн томоохон гэрээнүүдийг олж авахад нь тусалсан билээ.

Гэхдээ Ливийн удирдагч болон түүний гэр бүлийнхэнтэй тун дотно харьцаа тогтоож чадсан ноён Алленыг барууны орнуудыг төлөөлөх цорын ганц хүн байсан гэж үзэх нь үнэхээр инээдэмтэй хэрэг болно. Учир нь нэг их удалгүй Англи, Францын Засгийн газрууд бие биетэйгээ уралдан “хүндэт” Каддафид долигнон гүйлдэж эхэлсэн юм. (Үүний нэг нотолгоо болгож) Английн “Daily Mail” сонин Тони Блэрийн Ерөнхий сайд байхдаа бичсэн захидлыг нийтэлж байв. Уг захидалд Тони Блэр Сейф аль-Исламд хандан Лондонгийн эдийн засгийн сургуульд докторын зэрэг хамгаалах үйлсэд нь тусламж үзүүлэх талаар өгүүлсэн байлаа. Ер нь Тони Блэрийн үед ч тэр, түүний халааг авсан Гордон Брауны засаг захиргааны үед ч тэр Англи улс Ливийн дэглэмийнхэнтэй зэвсэг, хөлөг онгоц тэргүүтэй байлдааны хэрэгслийн наймааг эрчимтэй явуулж, терроризмтэй тэмцэх бодлого боловсруулах Каддафийн үйлсэд тусламж үзүүлэх зорилгоор Агаарын цэргийн онцгой хүчин (SAS, Америкийн “Delta Force”-ын ижил)-ий төлөөлөгчдөө илгээж байсан юм.

Харин Саркози англичуудаас дорд харагдахгүйн тулд 2007 оны арванхоёрдугаар сард Каддафийг Парист хүрэлцэн ирж албан ёсны айлчлал хийхийг урьсан нь кабинетын гишүүдийг нь ёстой алмайруулсан явдал болсон. Гэхдээ айлчлал болдгоороо болж үр дүнд нь францын компаниуд Ливид олон тэрбум долларын өртөгтэй гэрээ хэлцэлүүдийг байгуулж чадсан юм. Магад тийм ч учраас, Ливид бослого гарч эхэлмэгц НАТО-г оролцуулах хүсэлтийг Саркози хамгийн ихээр дэмжсэн биз ээ. НАТО-ийн ажиллагаа эхэндээ “Хамгаалсны төлөөх хариуцлага” гэх шинэ онолын хүрээнд Ливийн иргэдийг Каддафи болон түүний дэглэмийнхнээс хамгаалах НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мандатын дагуу явагдсан мэт боловч тун удалгүй энэ хүрээнээсээ хальсан билээ. НАТО “Хамгаалсны төлөөх хариуцлага”, дэглэмийг нураах гэх асуудлууд угтаа ижил утгатай зүйл байх нь хэмээн ойлгосон тул Ливийн дотоод хэрэгт оролцсон гэдэг нь сүүлд илчлэгдсэн. Тэр бүү хэл, НАТО-ийн онгоцууд энэ ажиллагаа эхэлсэн үеэс л Каддафиг болон түүний гэр бүл, хөвгүүдийг нь нэг бус удаа байгаар сонгож байсан байдаг. Өнгөрөгч тавдугаар сард Английн жанжин штабын тэргүүн, генерал Дэвид Ричардс “Daily Telegraph” сонинд өгсөн ярилцлагадаа НАТО-ийн цэргүүд яг ч Каддафиг онилохгүй байгаа, гэхдээ “хэрэв тэрээр удирдлагын эсвэл хяналтын төвд байхдаа НАТО-ийн цохилтод өртөж, улмаар амиа алдвал хууль бус зүйл болохгүй” гэж мэдэгдэж байв.

НАТО Каддафиг егүүтгэх гэж аргаа барж байсан тэр үед ч Каддафид ямар ч санал тавьсан төрийн эрхээ өгөхгүй гэдэгт гадны олон ажиглагч итгэлтэй байсан юм. Тухайн үед энэ хувьсгалын амжилт Каддафи болон босогчдын талд ээлжлэн шилжиж байсан ч тэд итгэлтэй хэвээр байсан. Тэдний итгэл ч талаар болоогүй. Америкийн Сенат дахь зэвсэгт хүчний асуудлыг эрхэлсэн хорооны гишүүн, Огайо мужийн Бүгд найрамдах намаас сонгогдсон конгрессийн гишүүн Майк Тернер НАТО-ийн цэргүүд Каддафигийн хойноос бараг улааран хөөцөлдөж байгаа гэж Италийн Неаполь хотноо НАТО-ийн нэгдсэн ажиллагааг удирдаж буй АНУ-ын адмирал Сэмюэл Локлеар хэлсэн хэмээн ярьж байсан юм.

Учир ийм аваас, Каддафийн хувь тавилан ингэж төгссөн нь барууны орнуудад ч тэр, Ливийн босогчдын хувьд ч тэр ажлаа цэвэрхэн дуусгах таатай боломжийг олголоо. Ливийн босогчдыг удирдаж байгаа хүмүүсийн олонх нь нэгэн цагт олон жилийн турш Каддафид үнэнчээр зүтгэж, тухайн албанаасаа ашиг хүртэн амьдарч байсан гэдгийг санах хэрэгтэй. Каддафи тэдний гэм буруутай үйлдлүүдийн талаар хангалттай мэддэг байсан учир Олон улсын эрүүгийн шүүхэд мэдүүлэг өгөхдөө тэд нарт нэлээд түгшүүр үүсгэх байсан нь ойлгомжтой. Эцэст нь тэрээр НАТО-ийн бус ливичүүдийн гарт амь үрэгдсэн нь энэхүү ажиллагааг тун цэвэрхэн төгсгөлтэй болгож харагдуулж байна.

Каддафи үхчихлээ. Ингэснээр арабын хавар гэх титэм дээр ялалтын бас нэг тод шигтгээ нэмэгдлээ. Сүүлийн үед эрч нь сулраад байсан хүмүүнлэгийн зорилгоор цэрэг оруулах гэх онол ч дахин сэргэж байх шиг. Арабын ертөнц ардчиллыг хүсэмжиллээ, харин барууны гүрнүүд өөрсдийн хүчээ ашиглан зүй ёсны, дэндүү өөгүй энэхүү үйлсийг нь дэмжлээ. Гэхдээ үүнээс илүү сургамжтай зүйл бий гэж үү.

Өнөөдөр яаж байна. Каддафийн ноёрхол төгссөн нь ойлгомжтой болоод байсан үеэс эхлэн тун чухал хүмүүс өөрсдийгөө магтан дуулж таашаал авах үйлдлээс татгалзахаа болив. Каддафи амьд байсан бол тэдний энэ их баяр баяслыг нь эвдэх байсан биз ээ. Гэвч тэр үхсэн тул хэнд ч заналхийлж чадахгүй боллоо. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Нэви Пиллэй болон “Amnesty International”, “Human Rights Watch” зэрэг байгууллага Каддафийн нас барсан нөхцөл байдлыг тодруулахыг уриалаад байгаа. Гэхдээ маш нарийн мөрдлөг явуулсан ч одоо тогтоод байгаа байдлыг алдагдуулж чадах нь юу л бол. Ер нь Каддафи онилж буудуулсан байна уу, босогчдын тэргүүн, цахилгааны инженер Омран аль-Овейбийн нотолж байгаачлан буудалцааны үеэр амь үрэгдсэн байна уу гэдэг нь чухал биш бололтой. Харин Саркози, Блэр, Браун гэх удирдагч нар, бас Бушийн төрийн департаментынхан энэ хэдэн шөнө амгалан унтаж байгаа биз ээ. Гэвч ийм амгалан байдлыг хүртэх хүмүүс тэд мөн үү гэдэг нь бас нэг асуудал болоод байна.

http://www.foreignpolicy.com/articles/2011/10/24/the_man_who_knew_too_much?page=full