Мэдээлэл алдагдалтын эрин жаргах тийшээ хандав уу

Posted on October 27, 2011

1


Викилийкс (Wikileaks) сайт түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоолоо-

20 ширхэг утас: 5 мянган доллар. Шүүхийн зардал: 1 сая доллар. 40 оронд сервер байршуулсны зардал: 200 мянган доллар. Хаалгуулсан хандивын хэмжээ: 15 сая доллар. Гэрийн хорионд гарахын тулд төлсөн барьцаа: 500 мянган доллар. Өөрийн ажил үйлсээрээ дэлхийг өөрчилсөн байдал: хэмжээлшгүй үнэтэй.

MasterCard-ын сурталчилгааг дуурайн хийсэн, дөрвөн сарын өмнө нэвтэрсэн дээрх үгстэй Wikileaks-ын видео сурталчилгааг (http://vimeo.com/25412550) хагас сая хүн үзжээ. Гэтэл өнөөдөр хэмжээлшгүй үнэтэй гээд байсан мэдээллийн эрх чөлөөний төлөөх тэмцэл өөрийн гэсэн үнэлгээтэй гэж ойлгогдоход хүрлээ. Учир нь энэ (аравдугаар) сарын 24-нд Викилийкс сайтынхан шинэ мэдээллүүд нийтлэх ажлаа түр зогсоон сайтынхаа цаашдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор мөнгө олох үйлсэд бүх анхаарлаа хандуулах болно гэдгээ мэдэгдэв.

Викилийкс нь энгийн хүмүүсийн хандив дээр тогтож байсан юм. 2010 оны эцсээр хандивын хэмжээ эрс өссөн ч энэ эрчээрээ цаашдаа эрс буурч эхэлсэн байдаг. Энэ бүхэн Visa болон MasterCard хэмээх төлбөрийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд тус төсөлтэй хамтран ажиллахаас татгалзсантай холбоотой билээ. Викилийкс сайтынхан энэ явдлыг “бүслэлт” хэмээн тодорхойлон дээрх байгууллагуудын буруугаас болж 40-50 сая доллар буюу цугларсан нийт хандивын 95 хувийг авч чадаагүй гэж мэдэгдэж байна.

Викилийкс өмнө нь ч мөнгө олох зорилгоор үйл ажиллагаагаа зогсоож байсан удаатай. 2010 оны эхээр тус сайтын сервер сар гаруй хугацаанд үйл ажиллагаагаа зогсоон энэ хооронд дутагдаж байсан 70 мянган доллараа цуглуулж чадаж байлаа. Дөрөвдүгээр сард нь Афганистанд сэтгүүлчдийг хэрхэн хороож байгаа бичлэгийг нийтэлсний дараа дансанд нь 300 мянган доллар орсон байв.

Бүр ихийг буюу 800 орчим мянган долларыг тус сайтынхан 2010 оны эцсээр цуглуулж чадсан юм. Тухайн үед тус сайтыг тойрсон дуулиан дээд цэгтээ хүрсэн байлаа. Дуулианы улмаас ердөө сарын дотор томоохон компаниудын олонх нь Викилийкстэй хамтран ажиллахаас татгалзсан билээ. Тэдний дотор төлбөрийн PayPal, MasterCard, Visa компаниуд байсан төдийгүй Bank of America, Western Union, PostFinance зэрэг алдартай банкууд ч байлаа. Эдгээрээс гадна “Apple” компани Викилийкс сайтын мобайл хувилбарыг өөрийн AppStore-доо нэвтрэх боломжийг нь блоклов. Amazon компани Викилийкст хостингийн үйлчилгээг үзүүлэхээ болив. Харин EveryDNS компани WikiLeaks.org домэнийг нь хааж орхисон.

Энэ бүхний цаана АНУ-ын шууд оролцоо харагдаж байлаа. Тус улс Ирак дахь цэргийн ажиллагааны талаарх нарийн мэдээлэл, цаашлаад дипломатчдынх нь захидлуудыг нийтэлснийг хүчтэй эсэргүүцэж байсан юм. Викилийкс сайтын тайландf дурдсанаар, Amazon компани тухайн үед Америкийн сенаторуудын үгэнд орсон бол бусад компаниуд “хууль зөрчсөн”, “үүдэн гарах үр дагавраас сэргийлсэн” гэх шалтгаануудыг тоочсон ажээ. Дашрамд сануулахад, сэтгүүлчид үүнийг нотлох баримтуудыг нийтэлж байсан юм. Тухайлбал, PayPal-ынхон АНУ-ын Төрийн департаментаас Викилийксийн төлбөрийн дансыг хаахыг шаардсан захидал хүлээн авсан байдаг. Энэ захидалтай холбогдон гарсан шуугиан тухайн үед Викилийс сайтынханд тун ашигтай зүйл болж чадав. Учир нь улстөрчдийн бодлогод “дарамтлуулж” буй том корпорациудын тулаан дунд Викилийкс төсөл золиос шиг харагдаж байсан юм.

Дээрх дуулианы дараахан Исландын эрх баригчид тус сайтыг дэмжиж байгаагаа илэрхийлж билээ. Энэ улсын парламент Visa, MasterCard компаниудын лицензийг хураан авах хувилбарыг хүртэл хэлэлцэж байсан юм. Дээрх “бүслэлт”-ийг “Amnesty International” болон НҮБ-ын Хүний эрхийн комиссар ч буруушаасан. Гэтэл энэ бүхэн яаж ч нөлөөлж чадаагүй. 2011 оны долоодугаар сард Викилийкст үйлчилгээ үзүүлж байсан DataCell төв хандиваар цугласан мөнгийг нь зээлийн картаар олгох боломжтой боллоо гэж зарлав. Гэтэл ердөө маргааш нь Valitor компани, Исланд дахь Visa-ийн төлөөлөгч зэрэг этгээд DataCell компанитай хамтын ажиллагаагаа цуцалснаа мэдэгдэж билээ.

Энэ бүхний эцэст Викилийкс үндсэндээ ямар ч мөнгөний эх үүсвэргүй болж орхисон. Яах вэ, уг сайтад хэдэн ширхэг Биткойн явуулж болно. Гэвч энэ валютын талаар тэр бүр хүн мэддэггүй, тэр утгаараа маш бага ашигладаг. Викилийкстэй хамтран ажилладаг хэдэн банк бий нь бий. Гэхдээ тус сайтынхны мэдээлж байгаагаар, эдгээр банк нийт төлбөрийн ердөө таван хувийг л гаргах чадамжтай аж.

Хөрөнгө босгох үүднээс Жулиан Ассанжийн фото зураг, мөн нууц материалуудаа нийтлэж байсан компьютер зэргийг нь дуудлага худалдаагаар оруулж байсан. Тэр бүү хэл, түүнтэй хамт үдийн зоог барих шагналыг хүртэл амлаж байв. Гэсэн ч дуудлага худалдаагаар хэдий хэр их мөнгө олж чадах вэ. Тийм учраас өнөөгийн гарцгүй байдалдаа эргээд л орчихлоо.

Одоо Викилийкс цаашдаа энд тэндээс хөрөнгө цуглуулж чадах болов уу (зарчмын хувьд төр засгаас, том корпорациудаас хандив авдаггүй), эсвэл чимээгүйхэн байсаар хаагдах болов уу. Юутай ч, шүүхийн мөрдөх ажиллагаа, Ассанжийг егүүтгэх тухай ярианаас илүүтэй эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь нэлээд үр дүнтэй болох шиг боллоо. Мэдээллийг чөлөөтэй авах эрин зуун ирээгүй л байгаа юм байна.

http://lenta.ru/articles/2011/10/25/wikileaks/