Энэ одоо юу вэ. Больё оо

Posted on October 27, 2011

3


“Монголын топ 100 залуу” шалгаруулж байгаа юм байна. http://www.today.mn/ гэх сайтад маш урт жагсаалт нийтлэгджээ. Жагсаалтад багтсан хүмүүсээс олонхийг нь таних ч үгүй, сонсоо ч үгүй л юм байна. Хүн тус бүрээр нь гаргасан танилцуулга ч гэж алга. Удирдамж дээрээ “News.mn, Zaluu.com, МН-25 телевиз, ТВ-8 телевиз, Өнөөдөр сонин, Монголын Мэдээ сонин, Сэрүүлэг сонин, МҮОНРадио, Элгэн нутаг FM 96.9, Инээмсэглэл FM 99.3, Медиа PR агентлаг, Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутан Залуусын сайн дурын нэгдэл хамтран зохион байгуулж байгаа” гэж бичсэн байх боловч энэ талаар нэг их мэдээлэхгүй байх шиг. Тэгэхээр үүнийг хэн, ямар зорилгоор зохион байгуулж байгаа нь тун нууцлаг байна гэж хэлж болох. Юуг үндэслэж эдгээр хүмүүсийн нэрийг дэвшүүлсэн юм бол. Илүү чадвартай, авьяаслаг монгол залуус хэдэн зуугаараа байна даг.

Жагсаалтад багтсан хүмүүсээс заримыг нь авч үзье. Ж.Айдос гэж хэн юм бүү мэд. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн албан бланкийг ашиглан залилан хийсэн Айдос гэгч мөн үү биш үү. Овгийн үсэг нь өөр л юм шиг байна. Гэхдээ хэн мэдлээ. Ямар ч танилцуулга байхгүй юм чинь. Мөн Ц.Ганцоож, Х.Бат-Ирээдүй гэж хэн юм бол. Эсвэл хүн нэг бүрээр нь интернетээс мэдээллийг нь хайх ёстой юу. Үл таних энэ хүмүүс ямар шалгуураар бүхэл бүтэн “Монгол Улсын” шилдэг залуу болох гэж санал цуглуулж суугаа юм бол. УИХ-ын гишүүд хүртэл энэ дунд цохиж явна. Ч.Сайханбилэг, Ж.Энхбаяр, Г.Баярсайхан, Д.Зоригт гээд хүмүүсийн нэрийг хэн дэвшүүлсэн юм бүү мэд. Шалгаруулалтын удирдамж дээрээ “Хамрагдах хүрээ: 18-40 насны Монгол Улсын иргэн” гэжээ. Дээрх гишүүд (Ж.Энхбаяраас бусад нь) европ тооллоор бол энэ жил бүгд 40 хүрчихсэн. Монгол тооллоор бол бүр 42-ныхоо жил рүү орж яваа хүмүүс. Болдог л юм байх даа.

Алдартай аавуудын хөвүүд ч бас байна. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ганзоригийн хүү Тэмүүлэн байна. Энэ залуу “Эрдэнэс МГЛ”-д ажилладгаас өөр ямар ид шидтэй хүн бэ. Одоо ажиллаж байгаа албаныхаа талаар ганц ч болов ярилцлага өгөөгүй, өгөхгүй л байгаа хүн дээ. Моринд хорхойтой болохоор нь шилдэг залуугаар нэр дэвшүүлсэн юм биш байгаа даа. Тэгвэл ч зохион байгуулж байгаа хүмүүсийн толгой нь олгой болчихсон юм байна гэж хэлэхээс аргагүй болох нь.

Олон сайхан, авьяастай залуусыг багтааж чадах орон зайг энэ мэт хүмүүсээр дүүргэх шаардлага байв уу. Алдарт “Facebook”-т инженерээр ажилладаг Н.Мэргэн гэх залуу багтаагүй байх шиг. Энэ залуу монгол хүний оюуны царыг дэлхийд гайхуулж яваа залуу шүү дээ. Ийм хүнийг “Монголын шилдэг залуу” гэхгүй юм бол өөр хэнийг хэлэх вэ. Ж.Энхбаяртангуудыг хэлнэ гэж үү.

Бас 21 настайдаа докторын зэрэг хамгаалсан, сургуулийн захирлаар ажилладаг Энхпүрэв багтаагүй харагдана. Тэр хүү дуучин Маралжингоогоос юугаараа дутсан юм бол гэдгийг мэдэхсэн. Гиннесийн номд орсон Оюунгэрэл бүсгүй алга. Ер нь дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж яваа олон сайхан залуу бий. Эндээс дэлгэрэнгүй үзэх боломжтой. Тэд энэ жагсаалтын хаана нь явна вэ.

Энд ганц л зүйл ойлгомжтой байна. Энэхүү санал асуулга хэн нэгний эрх ашигт нийцэх учиртай аж. Тийм учраас нэр дэвшүүлж буй хүмүүсийнхээ танилцуулгыг огт тавиагүй хэрэг. Хэн нэгний эрх ашигт нийцүүлэх гэсэн булхай байх нь. Сайтын дизайн нь ч үүнийг баталж байгаа бус уу. Хэний сонгуулийн сурталчилгаа вэ, энэ одоо.

Эцэст нь хэлэхэд, өнөөгийн залуусын хийх ёстой нэн тэргүүний асуудал энэ санал асуулга мөн үү. Мэдээж биш. Тийм ч учраас зүй ёсоор “Монголын шилдэг” гэж хэлэгдэх эрхтэй залуус маань тус тусынхаа ажлаа үргэлжүүлэн хийж, илүү ихийг бүтээж яваа ажгуу. Тэртээ тэргүй шилдгийн шилдэг тул тэд нарт иймэрхүү санал асуулга огт хэрэггүй биз ээ.

Posted in: Нийтлэл