Дэлхий ертөнц алан хядагчдаар дүүрсэн (төгсгөлийн хэсэг)

Posted on November 11, 2011

1


Израилийн цэргүүдийг арабын гэмт хэрэгтнүүдээр сольж байсан түүх

Израиль ийм гэрээг анх удаа байгуулж байгаа ч юм биш. Тэгэх тусам энэ асуудал энгийн ардуудын дунд улам бүр хөндүүр сэдэв болсоор байна.

Израилийн цэргүүдийг арабын гэмт хэрэгтнүүдээр солих асуудал ерөнхийдөө 45 жилийн турш хэрэгжиж иржээ. Гэхдээ Гилад Шалитийн хэрэг шиг ингэж сунжирч байсан нь үгүй аж. Гилад палестинчуудын гарт 5 жил хоригдсон. Энэ олон жилийн турш Израилийн тал түүнийг суллах талаар гэрээ хэлэлцээр хийхийг оролдож байсан ч бүтэлгүйтсээр олон жилийг үдсэн байдаг. Харин өнгөрөгч сард тохиролцоонд хүрсэн нь энэ юм.

Израилийн цэргүүдийг гэмт хэрэгтнээр сольж байсан түүхэн замналаас сонирхуулъя (http://pda.mn.ru/newspaper_world/20111018/305972425.html). Суллагдсан хүмүүсийн тоо ямар харьцангуй байгааг анзаараарай.

-1968 оны долоодугаар сарын 23-нд Палестиний Ардын чөлөөлөх фронтын дайчид Ром хотоос Тель-Авивийн чиглэлд нислэг үйлдэж байсан “Эль-Аль” авиа компанийн нисэх онгоцыг барьцаалан авав. Уг онгоцонд 38 зорчигч, нисэх багийнхны 10 гишүүн байсан агаад дээрэмчид онгоцны чиглэлийг өөрчлөн Алжирт газарджээ. Итали улс зуучлагчаар нь оролцсон нөр ажиллагаатай гэрээ хэлцлүүдийн эцэст Израиль улс алан хядах ажиллагаануудад гардан оролцож байсан Палестиний 24 хоригдлоор солилцохыг зөвшөөрч байжээ.

-1978 оны дөрөвдүгээр сарын 4-нд ЦАХАЛ-ын 7 албан хаагч тухайн үед Израилийн мэдэлд байсан Өмнөд Ливанд ажиллаж байхдаа Палестинийг чөлөөлөх байгууллагын дайчидтай байлджээ. Палестинийг чөлөөлөх байгууллага Ливанд суурьшиж байсан үе байв. Байлдааны үеэр Израилийн армийн дөрвөн албан хаагч амь үрэгдэж, хоёр нь амжиж зугтав. Харин нэг албан хаагч нь олзлогдсон аж. Олзлогдсон албан хаагчийг нутагт нь буцаан авчрахын тулд Палестиний 70 хоригдлыг суллаж байв.

-1983 оны арваннэгдүгээр сарын 23-нд Израиль улс жилийн өмнө олзлогдон Ливаны шоронд хоригдож байсан цэргийн 6 даргаа 4765 (!) хоригдлоор солилцов. Мөн 1984 оны зургаадугаар сарын 28-нд Израиль улс Сиритэй хэлцэл хийн цэргийн хоригдлуудаа солилцжээ. Израиль улс Сирийн цэргүүдэд олзлогдсон дөрвөн цэрэг, Гадаад хэргийн яамны хоёр ажилтнаа Сирийн 291 цэрэг, 21 хоригдлоор сольсон түүхтэй. Хоёр орон байгуулсан гэрээнийхээ хүрээнд амь үрэгдсэн цэргүүдийнхээ цогцсыг хүртэл авсан аж.

-Дээрх хэргээс хойш нэг жилийн дараа буюу 1985 оны тавдугаар сарын 21-нд түүхэнд “Жибрилийн тохиролцоо” гэх нэрээр үлдсэн гэрээний дагуу хоригдлуудаа солилцох ажиллагаа явуулсан. Палестиний иргэн Ахмад Жибрилийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг “Палестинийг чөлөөлөх ардын фронт – Гол удирдлага” гэсэн нэртэй террорист байгууллага Израилийн гурван цэргийг сулласныхаа хариуд Израилийн шоронгоос 1500 хүнээ суллуулж байжээ. Суллагдсан хүмүүсийн дотор “Японы Улаан арми” хэмээх байгууллагын дайчин, Японы иргэн Козо Окамото гэгч байсан аж. Энэ этгээд 1972 оны тавдугаар сарын 30-нд хоёр хамтрагчтайгаа цуг Тель-Авивийн нисэх буудалд гал нээж 26 хүний амийг хороосон хэрэгт буруутгагдаж байжээ.

-1990-ээд оны турш Израиль улс Ливаны нутаг дэвсгэрт нас барсан цэргүүдийнхээ цогцсыг авсны хариуд хоригдлуудыг нутагт нь илгээсээр байжээ. 1998 оны зургаадугаар сарын 25-нд Ливаны шиитийн “Хизбалла” бүлэглэл Израилийн тэнгисийн тусгай албаны дайчных нь цогцсыг өгснийхөө хариуд элэг нэгт 60 хүнээ, мөн “Хизбалла”-ийн амь үрэгдсэн 40 дайчныхаа цогцсыг хүлээн авсан аж.

-2004 оны нэгдүгээр сарын 29-нд алан хядагчдад олзлогдоод байсан Израилийн бэлтгэл хурандаа Эльханан Танненбаумыг солилцох ажиллагаа явагдав. Бэлтгэл хурандаа байлдааны ажиллагааны явцад олзлогдсон хэрэг огт биш байв. Тэтгэвэрт гармагцаа өрөнд баригдсан Танненбаум хар тамхины наймаа эрхлэхээр шийдэж. Ингээд 2000 онд хуурамч паспорт ашиглан Брюсселиэс Арабын нэгдсэн Эмират улс руу нисч очмогцоо иранчуудад баригдсан аж. Тэд түүнийг цааш нь Ливаны “Хизбалла” бүлэглэлд тушаажээ. Израиль улс “Хизбалла”-тай гурван жил хэлэлцээр хийсний эцэст Палестиний 401 хоригдлоор солилцож авсан байна.

-2008 оны долоодугаар сард Израиль улс цэргийн хоёр албан хаагчийнхаа цогцсыг хүлээн авсныхаа хариуд Ливаны хамгийн харгис хоригдлуудын нэг болох Самир Кунтар гэгч мусульман эрийг суллажээ. Энэ этгээд 16 настай байхдаа хамсаатнуудынхаа хамтаар моторт завь хөлөглөн Израилийн нутаг дэвсгэрт нэвтрэн 4 хүнийг хороосон ажээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор хоёр цагдаа байснаас гадна Нагария хотын 28 настай оршин суугч 4 настай охиныхоо хамтаар хохирчээ. Самир тэр жаахан охины толгойг бууны бөгсөөр цохиж хороосон хүний үнэргүй, харгис этгээд аж.

Өнөөдрийн байдлаар Израилийн цэргийн зургаан албан хаагч олзлогдсон эсвэл сураггүй алга болсонд тооцогддог байна.

Терроризмийн өмнө өвдөг сөхөрсөөр байх уу

Гиладыг суллах тухай асуудал дэлхий ертөнцийг хоёр хэсэгт хувааж орхисон билээ.

Нэг хэсэг нь ганц хүний амийг ийм олон алан хядагчдаар сольсныг эсэргүүцэн өдгөө ч бухимдсаар байна. Нэг хүний амийг аврахдаа цаана нь хэдэн зуун, хэдэн мянган хүний амийг аюулд оруулж байгаа учраас тэр. Алан хядагчдын бүлэглэлүүд дахиад хүн хулгайлж барьцаалаад эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хороосон хэдэн мянган хүн-хогуудаа шоронгоос гаргуулсаар байх болно гэдгийг үгүйсгэх аргагүй. Ингэх магадлал ч өндөр. Учир нь Гиладыг суллагдах үед хэдэн зуун палестинчууд Иордан голын баруун эрэг дээрээс ХАМАС-ын тугийг намируулан “Бид дахиад нэг Гиладыг (олзлохыг) хүсч байна” хэмээн хашгирч байсан гэдэг.

Алан хядагчид цаашдаа юу сэдэх бол. Дараагийн хүсэлт нь юу байх бол гэж бодохоор аймаар. Улс орныг бүхэлд нь эзэмшихийг хүсч байна гэвэл яах вэ. Гадаадын зарим хэвлэлд Израилийг цөмийн зэвсэгтэй гэж мэдээлдэг. Хэрэв тэрийг нь авмаар байна гэвэл яах вэ. Энэ бүхнийг яаж зогсоох вэ. Хязгаар нь хаана төгсөх вэ. Терроризмийн өмнө ингээд л өвдөг сөхөрсөөр байх уу. Алан хядах ажиллагаануудад үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөө алдсан хүмүүс Гиладыг суллах хэлэлцээрийг зогсоохыг шаардан алан хядагчдыг суллахыг эрс эсэргүүцэж байсан. Гэвч тэд дийлдсэн юм. Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес эдгээр хоригдлыг суллахдаа “үйлдсэн нүглийг чинь мартахгүй, өршөөхгүй” гэсэн гоё үгсээр талийгаачдын сэтгэлийг хуураад л өнгөрсөн.

Харин израильчууд өөрсдөө энэ гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг хоёр гараа өргөн дэмжсэн гэж хэлж болно. Юутай ч тэдний явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл 69 хувь нь уг тохиролцоог хийж Гиладыг суллаж авах нь зүйтэй гэж үзжээ. Зарим уншигчдын сэтгэгдлээс уншвал “Манай заншлаар нэг хүний амийг аварвал дэлхийг аварч байна гэж үздэг. Бид байлдааны талбарт амь үрэгдсэн, шархтсан эсвэл дайснуудад олзлогдсон цэргүүдээ заавал нутагтаа авчирдаг уламжлалтай. Ийм байсан, цаашид ч энэ хэвээр байх болно” гэж бичсэн байх юм. Алан хядагчдыг суллаж байгаа асуудалд ердөө л ийм маягаар хандаж байгаа юм байна. Бид ёс заншлаа дээдэлдэг төртэй, энэ тэр гээд л… Хүнийхээ төлөө юугаа ч хайрладаггүй төр засагтай байх сайхан л байх. Гэвч ийм хуучинсаг үзлийг чигээ болгож амиа бодож байгааг юу гэж ойлгох вэ. Энэ бол хар амиа бодож байгаа л хэрэг. Израилийг сайшаах ямар ч үндэслэл алга.

Алан хядагчид маш зальтай, ов мэх ихтэй хүмүүс байх. Тиймээс ч тэд нөхцөл байдлыг ашиглахдаа гаргууд харагддаг. Гиладыг сулласныхаа хариуд израильчуудтай ямар ашигтай наймаа хийсэн талаараа хөөрөлдөн өдгөө бахдалтай нь аргагүй хөхөрч суугаа биз. Ердөө ганцхан цэргийг нь барьцаалахад л энэ орон өмнө нь бохирон сууж дэлхий ертөнцийд хэдэн мянган хүн-хогийг дураар нь тавьж явууллаа. Израилийн хувьд энэ бол дэлхийн хүн төрөлхтний өмнө маш том хариуцлага хүлээж байгаа хэрэг мөн билээ.

Эмэгтэй амиа золиослогч нэгэн "шахидын бүс" хэмээх төхөөрөмжийг ажиллагаанд оруулж олон хүний амь насыг хохироосон. Ийм учраас хүн төрөлхтөн алан хядагчдыг хэзээ ч өршөөхгүй биз ээ.

2004 онд Хойд Осетийн Беслан хотын нэгэн сургуульд болсон алан хядах ажиллагааг санагтун!

Есдүгээр сарын 1-нд сургуульдаа дөнгөж ороод байсан бяцхан үрс алан хядах ажиллагааны золиос болсон билээ.

Энэ эх алан хядагчдыг өршөөх болов уу?

Эсвэл хүүхдээ чөтгөрийн гараас мулталж авсан энэ эцэг алан хядагчдыг уулчилна гэж үү

Хэн ч хэзээ ч уучлахгүй биз ээ

Posted in: Нийтлэл