Дэлхий ертөнц алан хядагчдаар дүүрсэн (эхний хэсэг)

Posted on November 11, 2011

4


Энэ сэдвийг барьж авч уншигчиддаа хүргэе гэж бодсоор нэлээд удлаа. Ингээд Wikipedia.org болон мэдээллийн сайтуудаас цуглуулж авсан мэдээллээ та бүхэнд хүргэж байна.

Өнгөрөгч сард Гилад Шалит (зарим хэвлэлийн хэрэгслүүд Жилад, Жилат гэж бичсэн нь бий. Гэвч нэрийнх нь аудио бичлэгийг сонсохоор Гилад гэж сонсогдож байгаа тул энэ хувилбараар нь бичлээ.Орч) хэмээх цэрэг залуугийн тухай дэлхийн хэвлэлийн хэрэгслүүд нэлээд шуугисан. Уншигч та бүхэн ч бас манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ерөнхий мэдээллүүдийг авсан байгаа. Энэ маш ноцтой асуудал байсан тул дахин сөхөж жаахан дэлгэрүүлэхийг хүслээ.

Гилад Шалит гэж хэн бэ

Тэр бол өндөр албан тушаалтан, офицер нэгэн биш. Ердөө л цэрэг. Израилийн армийн. Түүнийг 2006 оны зургаадугаар сарын 25-ны өдөр “Изз ад-Дин аль-Кассамын Бригадууд” (ХАМАС бүлэглэлийн цэргийн жигүүр), Ардын эсэргүүцлийн хороо (ФАТХ, Палестиний ислам жихад, ХАМАС багтдаг) болон Исламийн Арми зэрэг байгууллагууд Израилийн нутгаас олзлон авч ХАМАС хөдөлгөөний барьцаалагчийн журмаар хорьж байсан юм. Тэр үед Гилад бага дарга цолтой байлаа. (Түүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Википедиагаас уншаарай).

2011 оны аравдугаар сарын 18-ны өдөр буюу таван жил дөрвөн сар хоригдсоны эцэст Гилад суллагдан эх орон нэгтнүүддээ эргэж очив. Суллагдах болсон шалтгаан нь Израиль, Палестиний эрх баригчдын хооронд хийсэн гэрээ хэлэлцээрээс үүдэлтэй. Хоёр талын байгуулсан гэрээний дагуу Палестин улс Гиладыг Израиль улсад нь шилжүүлэн хариуд нь 1027 хоригдол, тэр дундаа Израилийн түүхэнд урд өмнө нь үйлдэгдэж байгаагүй хамгийн аймшигт алан хядах ажиллагаануудыг зохион байгуулж 600 орчим израиль иргэний аминд буруутгагдсан 400 гаруй алан хядагчийг Израилийн шоронгоос суллахыг хүссэн юм. Харамсалтай нь Израиль энэ болзлыг хүлээн зөвшөөрч Гиладыг суллаж авав. Эх орондоо ирсэн өдөр нь түүнд ахлагч цол олгосон болно.

 

Ямар хүмүүс суллагдсан бэ

Эхний ээлжинд 477 алан хядагч суллагдсан гэсэн мэдээлэл байна. Энэ оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд Израиль гэрээ ёсоор дахин 550 хоригдлыг суллана. Одоогоор суллагдаад байгаа хүмүүсийн олонх нь маш хүнд ял сонссон хүмүүс. Ингээд нэрсийг нь толилуулъя.

Валид Анжис (Инжаз) нь

  • 2002 оны гуравдугаар сард Иерусалим дахь “Момент” кафед алан хядах үйл ажиллагаа явуулсан. Үүний уршгаар Израилийн 11 иргэн амиа алдаж, 54 хүн хүнд шархтсан аж
  • 2002 оны тавдугаар сард “Ришон ле-Цион” клубт алан хядах ажиллагаа явуулсан. Үүний уршгаар 16 хүн амиа алдаж, 60 гаруй хүн хүнд шархтсан аж
  • 2002 оны долоодугаар сард Иерусалимийн Еврейн их сургуульд алан хядах ажиллагаа явуулсан. Үүний уршгаар 9 хүн амиа алдаж (тэдгээрийн дунд Франц, Америкийн иргэд байсан), 85 хүн хүнд бэртэл авсан аж

Дээрх гэмт хэргүүдийг үйлдсэний улмаас бүх насаараа хоригдох 36 удаагийн ял аваад байсан энэ этгээд суллагдав.

“Ятаймэ” хочит Насер Сами Абд ар-Раззак Али ан-Насер. Аллагын олон гэмт хэрэгт хамтран оролцсон гэж буруутгагдан бүх насаараа хоригдох 29 удаагийн ял аваад байсан этгээд. 2002 онд Израилийн Нетания хот дахь “Парк” зочид буудалд болсон алан хядах ажиллагааг зохион байгуулагчдын нэг гэдэг нь тогтоогдсон. Уг хэргийн улмаас 30 хүн нас барж, 150 хүн шархтсан ажээ.

Хамис Заки Абдул Хади Акель (аллагын олон гэмт хэргүүдэд хамсч оролцсон гэж буруутгагдан бүх насаараа хоригдох 21 удаагийн ялтай байв) болон түүний том ах Уалид Абдул (“Изаддин аль-Касамагийн Батальонууд” бүлэглэлийг үүсгэн байгуулагчдын нэг, бүх насаараа хоригдох 16 удаагийн ялтай байв) нар суллагджээ.

Мажди Мухаммад Амр, бүх насаараа хоригдох 19 удаагийн ялтай байлаа. 2001 оны долоодугаар сард Израилийн Кирьяат-Арба хотын ойролцоо 28 настай Давид Коэн гэх залууг эхнэр, хүүхдүүдийнх нь нүдэн дээр буудан хороосон. Давид Коэн нь жирийн нэг барилгын даамал байжээ. Мөн 2003 оны гуравдугаар сард Хайфа хотын 37 дугаар маршруутын автобусанд алан хядах ажиллагааг зохион байгуулсан байна. Үүний улмаас 17 хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархтсан аж. Энэ этгээд мөн шинэ төрлийн дэлбэрэх төхөөрөмжүүдийг боловсруулж, үйлдвэрлэдэг байжээ.

Майэд Уааль Талиб Абу Шарах. Бүх насаараа хоригдох 19 удаагийн ялтай байв. Дээрх 37 дугаар маршруутын автобусанд гарсан алан хядах ажиллагааг зохион байгуулалцсан. Мөн алан хядах бусад ажиллагаануудад оролцсон аж.

Фади Мухаммад Ибрагим аль-Жааба. Бүх насаараа хоригдох 18 удаагийн ялтай байв. 2002 оны арваннэгдүгээр сард Өвгөдийн агуу гэдэг газрын орчимд израильчууд руу довтолсон этгээдүүдийн нэг. Энэ явдлын улмаас 12 хүн амь үрэгдэж, 15 хүн шархтсан аж. Мөн дээр дурдагдсан 37 дугаар маршруутын автобусанд алан хядах ажиллагааг хэрэгжүүлэгсдийн нэг байв.

Мусаб Исмаил аль-Хашлимун. Бүх насаараа хоригдох 17 удаагийн ялтай байжээ. 2004 оны наймдугаар сард Беэр-Шева хотод алан хядах хоёр ажиллагаа зохион байгуулсны уршгаар 17 хүн амь үрэгдэж, 100 орчим хүн шархтсан аж. Энэ хүн 2004 оны нэгдүгээр сард ялтан солилцох гэрээгээр суллагдсаны дараахан дээрх хэргийг үйлджээ. Тухайн үед Израиль улс нэлээд олон алан хядагчдыг суллан хариуд нь Эльханан Танненбаум гэх иргэнээ шилжүүлэн авч байжээ. Суллагдсан алан хядагчдын дотор энэ этгээд байсан аж.

Айман Хатим Афиф аш-Шахрир. Бүх насаараа хоригдох 16 удаагийн ялтай байв.

Ихлам Ариф Ахмад аль-Тамими. Иорданийн иргэн. Бүх насаараа хоригдох 16 удаагийн ялтай байжээ. ХАМАС-ын алан хядагчид нэгэн цагт энэ эмэгтэйг эгнээндээ элсүүлсэн авчээ. Тэрбээр жуулчны дүр эсгэн 2001 оны наймдугаар сард Иерусалимийн “Сбарро” зоогийн газарт алан хядах ажиллагаа хэрэгжүүлэхэд идэвхтэй тусалсан гэнэ. Үүний уршгаар 15 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархтсан ажээ.

Абд аль-Хади Рафа Раним. Бүх насаараа хоригдох 16 удаагийн ялтай байсан. Тэрбээр 1989 оны нэг өдөр Тель-Авив – Иерусалим чиглэлд явж байсан 405 дугаар маршруутын автобусны жолоог булаан авчээ. Жолооч нь автобусны явдлыг тогтворжуулах гэж хичээсэн ч түүнд дийлэгдсэн тул автобус замаас гарч жалга руу унаж шатжээ. Автобуснаас гарч чадаагүй зорчигчдын зарим нь амьдаараа шатсан аж. Алан хядах энэ ажиллагааны уршгаар Израилийн 16 иргэн нас барж, 25 хүн шархтсан байна.

Мухаммад Абдул-Рахман Салах Абу Аттайяа. Бүх насаараа хоригдох 16 удаагийн ялтай байв.

Мухаммад Уаиль Дуглас. Бүх насаараа хоригдох 15 удаагийн ялтай байжээ. “Сбарро” зоогийн газарт болсон алан хядах ажиллагааг зохион байгуулагчдын нэг аж.

Мухаммад Таэр Махмуд аль-Карам болон түүний дүү (ах) Юсуф. Хоёуланд нь бүх насаар нь хорих 15 удаагийн ялыг оноосон байв.

Ибрагим Абд ар-Рахман Мухаммад Жундияа. Бүх насаараа хоригдох 12 удаагийн ялтай байжээ. 2002 оны арваннэгдүгээр сард Иерусалимийн 20 дугаар маршруутын автобусанд алан хядах ажиллагаа зохион байгуулсан этгээд. Энэ хэргийн улмаас 17 хүн нас барж, 50 хүн шархтсан аж. Хохирогчид нь голдуу сургуулийн насны хүүхдүүд байжээ.

Исмаил Муса Хусейн Бахит. Бүх насаараа хоригдох 12 удаагийн ялтай байлаа.

Насер Гази Мухаммад Адаидар. Бүх насаараа хоригдох 11 удаагийн ялтай байжээ.

Хишам Абдул Кадр Хижааз. 10 хүний амь насыг авч одсон алан хядах ажиллагаануудад холбогдолтой гэж буруутгагдан бүх насаараа хоригдох 10 удаагийн ялтай байсан энэ этгээд суллагдсан байна.

Муужн Абд аль-Малик Мухаммад Ахмад. Бүх насаараа хоригдох 10 удаагийн ялтай байв.

Мазен Мухаммад Сулейман Фагха. Бүх насаараа хоригдох 9 удаагийн ялтай байжээ. 2002 оны наймдугаар сард Израилийн Цфат хотын ойролцоо явж байсан 361 дүгээр маршруутын автобусыг амиа золиослогч нэгнээр дэлбэлүүлсэн. Үүний уршгаар 9 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархтсан ажээ.

Ихие Санвар. Бүх насаараа хоригдох 4 удаагийн ялтай байв. Израилийн армийн бага дарга Нахшон Ваксманыг хулгайлан хороосон хэргээр дээрх ялыг сонссон аж. Суллагдсаныхаа дараа Израилийн цэргийн албан хаагчдыг үргэлжлүүлэн хулгайлахыг уриалсан байна. Түүнтэй хамт Жихад Ярмур хэмээх хамтрагч нь суллагдсан ажээ.

Крис Адель Ишад аль-Бандак. Бүх насаараа хоригдох 4 удаагийн ялтай байв.

Абд аль-Азиз Юсуф Мустафа Салахи. 2000 оны аравдугаар сард Вадим Нуржиц, Йосеф Авраами хэмээх Израилийн бэлтгэл офицеруудыг зэрлэгээр хорооход оролцсон гэх үндэслэлээр 2001 онд бүх насаараа хоригдох ял авсан этгээд. Арабчууд тэднийг бүлэглэн, зэрлэгээр хороосон юм. Ямар нэг шүүх засаглалын оролцоогүйгээр дур мэдэн өшөө авах, хүний амь нас хороохыг “лийнчлэл” гэх буюу Линчийн шүүх (Lynching) гэж дэлхий даяар нэрийддэг билээ. Энэ гэмт хэрэг тухайн үед дэлхий нийтэд асар их шуугиан тарьсан бөгөөд уг хэргийн гэрч болсон сэтгүүлч, зурагчид, операторчдын амь насыг хүртэл аюулд оруулсан юм. Дашрамд сануулахад, Ливийн эрх баригч Муаммар Каддафийг ч бас Линчийн шүүхийн аргаар хороосныг та бүхэн санаж байгаа биз ээ. Дээрх хоёр бага даргыг хэрхэн хороосныг харуулсан зургуудыг http://freeisraelnow.wordpress.com/2010/07/27/10-years-to-ramallah-lynch-october-2000-animalism/сайтаас үзнэ үү.

Салахи цусанд будагдсан гараа "гайхуулж" байгаа нь

Каддафигийн хувь тавиланг ч мөн Линчийн шүүхээр шийдсэн билээ

-1989 онд Илан Садон, Ави Саспортас хэмээх Израилийн хоёр цэргийг хулгайлж егүүтгэсэн бүлэглэлийн толгойлогч суллагдлаа. Энэ хэргийнхээ улмаас бүх насаараа хоригдох 3 удаагийн ялыг эдэлж байв. Түүнтэй хамт бүлэглэлийнх нь хэдэн гишүүн хоригдож байжээ.

-Йошуа Фридберг хэмээх ЦАХАЛ (ивритээр Цва hагана́ ле-Йисраэ́ль, товчилбол Ца́hаль. Израилийн батлан хамгаалах арми)-ын цэрэг, МАГАВ (хилийн цэрэг буюу Израилийн цагдаагийн байгууллагын цэрэгжсэн анги)-ын цагдаа Нисим Толедано нарыг хороосон этгээдүүд суллагдсан байна.

Хусаам Бадраан. “Сбарро” зоогийн газар, Тель-Авив хот дахь “Дольфи” диско клуб, “Парк отель” зочид буудал зэрэг газарт явуулсан алан хядах ажиллагаануудыг зохион байгуулагчдын нэг байжээ.

-Бейт Хагай тосгоны Йоси Шук хэмээх залууг хороосон алуурчдын нэг суллагдлаа

-Эфи, Ярон Юнгеров хоёрыг хороосон алуурчин суллагдав

Ибрагим Шмасана. Ронен Крамани, Лиора Тоболь хэмээх залуусыг болон Рафи Дорон хэмээх таксины жолоочийг хороосон энэ этгээд суллагдсан байна.

Идрис Ражааби. Израилийн 22 иргэний амийг авч одсон алан хядах ажиллагаануудад хамссан гэх энэ этгээд суллагдлаа.

Басам Снин ба түүний хамтрагчид. Шашны хүрээлэн гэгддэг йешива-ийн сурагч Хаим Карманыг хороосон энэ этгээдүүд суллагджээ.

Зид Килани. Израилийн Мей Ами тосгоны уулзвар дээр алан хядах ажиллагаа зохион байгуулсан этгээдүүдийн нэг суллагдлаа.

Саид Бадарна. 1994 онд Израилийн Тусгаар тогтнолын өдрөөр Хадера хотын автобусны төв станц дээр алан хядах ажиллагааг зохион байгуулсан гэгдэх энэ этгээд суллагдсан байна.

Абд Амро. “Гилель” зоогийн газар руу амиа золиослогч нэгнийг илгээсэн уг этгээд суллагджээ.

Амр Сархан. 1990 онд Израилийн гурван иргэнийг хутгалж хороосон энэ этгээд суллагджээ.

Фахеди Шалоди. ЦАХАЛ-ын цэрэг Ярон Хенийг хулгайлан хорооход хамссан энэ этгээд суллагдав.

-Дикштейний гэр бүлийн гурван гишүүнийг болон түрүүч Элиэзер Лейбовичийг хороосон этгээд суллагдсан байна.

Калькилия хот дахь ХАМАС-ын цэргийн жигүүрийн тэргүүн. Тэрбээр амиа золиослогч нэгнийг Бар Илан гүүр рүү илгээж алан хядах ажиллагааг зохион байгуулсан этгээд байв.

Амна Мун. 2001 оны нэгдүгээр сарын 17-нд 16 настай Офер Рахум хэмээх хүүг хороох ажилд хамссаны улмаас бүх насаараа хоригдох ял аваад байв.

Ирина Полищук. Украины иргэн. 2002 оны тавдугаар сард Ришон-ле-Цион хотод алан хядах ажиллагааг зохион байгуулахад тусалсан гэж буруутгагдан 20 жилийн ялаар шийтгүүлсэн байв. Тэрбээр нөхөр Ибрагим Сарханатай хамсан хэргийн газарт амиа золиослогчийг хүргэж өгсөн ажээ. Энэ аймшигт хэргийн улмаас 2 хүн амь үрэгдэж, 40 орчим хүн шархтсан аж. Түүний нөхрийг одоогоор суллаагүй байна.

Фуад Амрин. 1992 онд Бат-Ям хотноо сургуульдаа явж байсан 15 настай Елена Рап охиныг хутгалсан хэргийн улмаас бүх насаараа хоригдох ял сонссон энэ этгээд суллагдлаа.

Энэ мэтчилэн маш олон зуун аюултай этгээд хорвоогийн шар нарыг дахин харлаа. Удахгүй бас нэг иймэрхүү 550 хүн суллагдсанаар нийтдээ 1047 алан хядагч гэмгүй хүмүүстэй мөр зэрэгцэн алхах нь ээ.

Үргэлжлэл бий 

Posted in: Нийтлэл