Чингис хааны тухай товч тайлбар толь-11

Posted on November 19, 2011

0


-“Чингис хааны тухай товч тайлбар толь” номоос үргэлжлүүлэн нийтэлж байна-

ХОТУЛА – Амбагай хаан татаарт баригдаад байхдаа Хабул хааны хүү Хотулаг хаан өөрийн хүү Хадааныг улсын тайшийн тушаалд хэвээр үлдээхээр гэрээсэлжээ. Гэтэл Амбагай хааны хөвүүдээс хааныг залгамжлах гэсэн оролдлого гарч, хоёр этгээд хоорондоо тэмцэлдэв.

Тэгэхэд Худай сэцэн:

            -Та Амбагай хааны арван хөвүүн сонс:

                        Атираат уулыг авлам та

                        Аргал угалзыг алам та

                        Аргал угалзын махыг

                        Хувилан хуваахаас улам

                        Алалдан тэсхилдэн хагацам та

                        Будант уулыг авлам та

                        Буга согоо алам та

                        Бугын махыг

                        Хувилан хуваахаас улам

                        Бутралдан тэсхилдэн хагацам та

                        Чулуут цөлийг авлам та

                        Чихтэй зээрийг алам та

                        Чихтэй зээрийн махыг

                        Хувилан хуваахаас улам

                        Цавчилдан гөвшилдөн хагацам та.

Тэр Хабул хааны долоон хөвгүүдийн ая явдал нь ийм буюу:

                        Гурбихан газрыг авлам тэд

                        Гуларайхан янзгыг алам тэд

                        Гуларайхан янзгын махыг

                        Хувилан хувааж авахдаа

                        Хуримлалдан тахилдъя хэмээгээд

                        Хутагт буянт болтугай хэмээн тархалдам тэд.

                        Хүдэнт уулыг авлам тэд

                        Хүдэр гөрөөсийг алам тэд

                        Хүдэр гөрөөсний махыг

                        Хувилан хувааж авахдаа

                        Хүндлэлдэн дайлалдъя хэмээж

                        Хүсэх мэт сайхан үгээ өгүүлэлдээд тархалдам тэд

                        Давалгаат голыг авлам тэд

                        Туулай хяруулыг алам тэд

                        Туулай хяруулын махыг

                        Хувилан хувааж авахдаа

                        Тахилдан хүдлэлдье гэж

                        Таалалдах мэт сайхан үгээ өгүүлэлдээд тархалдам тэд

                        Та Амбагай хааны арван хөвгүүд

                        Авир зан тань муу

                        Аху албат харцас болох та

                        Тэд Хабул хааны долоон хөвгүүд

                        Эе эвтэйн хүчинд

                        Хамгийн хаан

                        Улсын эзэн болмуй за

                        Та намайг муу

                        Өтөг өвгөнийг хэлэв гэж бүү аймс (хилэгнэ)

                        Та ах дүү нар

                        Амгалан сайхан явагтүн

хэмээн өгүүлсэн ажээ.

Хамаг Монгол Дайжиуд Ононы Хорхоног  Жубурт хуралдаж Хабул хааны хөвүүн Хотулыг Хамаг Монголын хаан өргөмжилжээ. Хотула хаан болоод Хадаан тайжтай хоёулаа өшөө авахаар татаарын Хотон бараг, Жали буха хоёртой арван гурван удаа байлдаад Амбагай хааны гэрээсийг биелүүлж эс чадав.

Хотала хааны үед Хамаг Монгол улсын бүрэлдэхүүнд дарлиган хэмээх “Өтгө боол” 16 аймаг, нирун хэмээх “Алтан ураг” 16 аймаг, Жалбир хэмээх “Онгу боол” 10 аймаг, Дайжиуд хэмээх олон аймаг багтаж байв.

Хотула хаан хүч чадалтай, ухаантай хүн байсан тул түүний нэр сүр ихэд алдаршжээ.

Хотула хаан төдий л удаан төр барьсангүй, нас нөгцжээ.

 

ХӨХӨЧҮ – Ван ханы хүү Сэнгүмийн хөтөч. Чингис хааны эсрэг Сэнгүм, эцэг хан, Жамуха нарын хамт довтлоод дийлэгдэн зугтжээ. Тэгэхэд түүний хөтөч Хөхөчү, эхнэрийнхээ хамт бараа болж явав. Тэд зугтсаар говийн нэг шандны дэргэд иртэл сүрэг хулан байв. Сэнгүм ус уулгүй хөтөч Хөхөчүд морио бариулаад хулан харвахаар мярайн гэтэж холдов. Хөтөч Хөхөчү түүний морийг хөтлөн Сэнгүмээс буруулан одоход эхнэр нь: “Алттыг өссөхөд амттыг идэхэд амраг Хөхөчү минь гэж хайрлаж асран санаж билээ. Одоо чи Хан Сэнгүмийг орхиж, хаяж дутаах буюу” гэж хоцрохыг завдвал Хөхөчү өгүүлрүүн:

-Чи Сэнгүмийн эхнэр болох гэв үү гэжээ. Тэгэхэд эм нь:

-Чи намайг нохой мэт ичгүүргүй амьтан гэх буюу. Чи ядахдаа алтан хундгыг нь орхитугай. Ядахдаа ус уух савтай үлдэг гэвэл хөтөч Хөхөчү хундгыг хойш хаяад хатируулан одов.

Хөтөч Хөхөчү Сэнгүмийг цөлд хаяад ирэв гэж Чингис хаанд айлтгавал,

-Гагцхүү эмийг нь өршөөе. Хөхөчү эзнээ хаяад ирсэн учир итгэж болохгүй гэж зарлиг буулгав.

Хөтөч Хөхөчүг цавчиж алжээ.

 

ХӨХӨЧҮ БӨӨ –  Хөхөчү бол Мэнлиг эцгийн долоон хөвгүүний нэг, алдартай зайран бөө байжээ. Хөхөчү бөөг тэнгэр газартай шууд харилцан ярилцдаг аугаа хүчтэй ид шидтэй хүн гэж жирийн нүүдэлчин шүтэн биширдэг байснаар үл барам Чингис ч түүнээс ширвээдэн айдаг байжээ. Тэв тэнгэр хэмээх Хөхөчү бөөг их ид шидтэй гэж хүмүүс хүндэлдэг байжээ. Түүний бие өвлийн хүйтэнд харз усанд орж нүцгэлэн суухад уур савсдаг, цагаан морь унаж, дээд тэнгэрт очиж ярилцдаг гэж цуурхан хэлэлцдэг байжээ. Хөхөчү бөө Чингисийг тэнгэрийн тааллаар хаан болох ёстой хүн гэх зэргээр олны дунд алдаршуулан ярьж Тэмүжинг хаанд өргөмжлөгдөхөд Чингис цолыг өргөж байсан гэдэг.

Нэгэн өдөр Мэнлигийн долоон хөвгүүн нийлж, Чингис хааны дүү Хавт Хасарыг элбэж занчсан байна. Тэгээд Хасар энэ тухай ах Чингист гомдол мэдүүлсэн тухай дурджээ. Чингис Хасарт өгүүлрүүн:

-Амьтанд дийлэгддэггүй хүн гэдэг биш билүү. Яагаад дийлэгдэв хэмээхэд Хасар нулимс унагаж гарч яваад гурван өдөр ирсэнгүй гэж “Нууц товчоонд” дурджээ. Энэ явдлын дараа Хөхөчү бөө Чингист өгүүлрүүн:

-Мөнх тэнгэрийн сахиус нэг удаа Тэмүжин улсын эрхийг барина. Нэг удаа Хасар улсын эрхийг барина гэж зөн мэдэгдэв. Хасараас болгоомжлохгүй бол болохгүй гэж айлтгаж, ах дүү хоёрыг эвдрэлцүүлж, хооронд нь яс хаяж байжээ. Түүний дараа Хөхөчү бөөгийн нөлөө улам нэмэгдэж есөн хэлтэн улс Хөхөчү бөөд хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос олон хүн очиж захирагджээ. Мөн Чингисийн дүү Отчигин ноён Тэмүгэгийн харьяат иргэн Хөхөчү бөөд очиж захирагдах болжээ. Отчигин өөрийн харьяат иргэнийг буцаан өгөхийг шаардахад Хөхөчү бөө ах дүү нарынхаа хамт Отчигиныг доромжлон Тэв Тэнгэрийн араас сөгдүүлжээ. Отчигин тэр явдлын тухай маргааш нь Чингис хааныг босоогүй орон дотроо байхад ирж мэдүүлэхэд Бөртэ үжин орон дотроос өндийн сууж нулимс унагаж: “Тэд хонхтон нар яасан хэцүү хүмүүс вэ? Урьд Хасарыг бүслэн жанчив. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сөгдүүлэв. Энэ ямар ёс вэ? Чамайг амьд байхад ойн нарс мэт олон сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна. Нас барсны дараа үлдсэн их улсыг чинь үр хүүхдээр чинь мэдүүлэх үү, яасан хэцүү хонхтон нар вэ?” гэж нулимс цувруулав.

Чингис үүнийг сонсоод: “Тэв Тэнгэр одоо ирнэ. Өшөөгөө яаж авахыг чи өөрөө мэд” гэж зарлиг болгов. Отчигин нулимсаа арчин гараад, гурван бөх хүнийг бэлтгэж Тэв Тэнгэр эцэг, ах дүү нарын хамт орж ирэхэд Отчигин Хөхөчү бөөгийн дээлийн заамнаас барьж өчигдөр чи намайг наманчлуулсан билүү, одоо хүчээ үзэлцэе гэхэд Тэв Тэнгэр мөн Отчигины дээлний захаас барин авав. Чингис өгүүлрүүн:

-Та нар гадагш гарч хүчээ тэмцэлдэгтүн.

Тэгээд гадагш гарахад нөгөө гурван бөх очиж Тэв Тэнгэрийг барьж нурууг нь хугалан алав. Тэв Тэнгэрийг угсарсан тэрэгний адагт нурууг хугалж алаад дээр нь нэгэн бор гэр бариулаад, өрхийг нь бүтээж, үүдийг нь хүнээр сахиулж байсан гэдэг. Гурав дахь өглөө босоход өрх нь нээгдэж, Тэв Тэнгэрийн хүүр нь үгүй болсон байлаа. Чингис хаан өгүүлрүүн “Тэв Тэнгэр миний дүү нарт гар хүрсэн ба миний дүү нарын хооронд оргүй хов үгийг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, түүний амь бие хоёулыг тэнгэр авч одов” гэж хэлсэн байна. Энэ явдал 1210 онд болсон бололтой.

Ард олны дунд нөлөө нь ихэссэн Тэв Тэнгэр ихэмсэг болж, Чингисийн өөдөөс илүү дэлүү үгийг аймшиггүй хэлж, аливаа хэрэгт хутгалдан оролцдог болжээ. Түүгээр ч үл барам Чингисийн дүү нарыг дарлан доромжлох болсон учир Чингис түүнийг үгүй хийхээр шийджээ.

 

ХУБИЛАЙ – Хубилай монгол угсааны барлас овгийн хүн. Тэрээр Чингис хаанд хүчээ өргөхөөр эрт ирж үйлчлэн, хэвтүүл (манаач) илдэч байжээ. Илдэч гэдэг нь шөнийн манаанд илд зүүж явдаг хүнийг хэлнэ. Чингис хааны монголын олон аймгийг нэгтгэх дайнд үргэлж манлайд явалцсан хүний нэг бол Хубилай юм. Хубилай 1206 онд мянгатын ноён болжээ. 1211 онд Хубилай Харлагуудыг дайлахад их гавьяа байгуулсан байна.

 

ХУЙЛДАР БААТАР – Хуйлдар баатар бол мангууд овогтон болно. Мангууд овогтон бол Тэмүжиний наймдугаар үеийн өвөг Мэнэн Тудуны долдугаар хөвгүүн Начин баатар, Начин баатрын хөвгүүн Манхугийн үр хойч болно. Үүний долдугаар үеийн ач Хуйлдар цэцэн гэгч нь алдартай баатар хүн байсан бөгөөд Чингис хаанд шударга зүтгэж байжээ.

Мангуудын Хуйлдар нь урууд аймгийн Жүрчидэйтэй хамт Жамухыг даган нүүдэллэж байгаад “Арван гурван хүрээний байлдаан”-ы дараа Жамухаас салан Чингист дагаар иржээ. Жамухаас эдгээр хүмүүсийг ирэв гэж Чингис хаан баясаж Ононы шугуйд хурим найр хийжээ. Урууд мангууд нар их алдартай дайчин аймгууд бөгөөд

                        Тойрохуй тутам той зохиож

                        Дэрэлхэхүй тутам дэм зохиож

                        Өчүүхэн багаас ил жаданд дадсан

                        Иргэн тэд учир Чингис хаан баяссан ажгуу

Харагчин гахай жил (1203 он) Жамуха Ван хантай цуг хаваржиж Ван ханыг Тэмүжиний эсрэг турхирч Муу өндрийн хярд Чингис хаан Ван хан хоёрын хооронд томоохон тулалдаан болжээ. Тулалдааны өмнө Чингис хаан Жамухаас хэл аваад өгүүлрүүн: “Уруудын Жүрчидэй эбин чи юу хэмээмүү? Чамайг манлайд явуулъя” хэмээв. Тэгээд Жүрчидэй Хуйлдар нар урууд мангуудаа засаж, манлайд байлдахаар болжээ. Тэгж байтал Жирхинээр манлайлуулсан дайсан хүрч ирэв. Урууд мангууд нар Жирхинийг дарахад Түмэн түбэгэний Ачиг ширүүн довтлон оров. Ачиг ширүүн Хуйлдарыг хатгаж мориноос унагажээ. Мангууд нар Хуйлдарын дээр бөөгнөрөв. Жүрчидэй Хори Шилэмүн тайжийн мянган шадар цэргийг дарж, шингэх нар гүвээний дээгүүр ташин бүхүйд цэргүүд шархтаж унасан Хуйлдарыг авч харьж Чингис хаан цэргээ авч хатгалдсан газраас нүүж Далан нөмөргөсд буужээ. Тэндээс Чингис хаан Халх гол руу хөдөлжээ. Замдаа ан авлан явахад Хуйлдар шархаа эдгэрээгүй байхад Чингис хаан ятгасаар байтал үл болон гөрөөс хөөж яваад үгдэрч нас нөгчив. Чингис хаан түүнийг Халхын Ор нугын хэлтгий хаданд оршуулжээ.

Ван ханыг дарсны дараа Чингис хаан Жирхиний Хадаг баатрыг зуун хүний хамт Хуйлдарын эхнэр хүүхдэд нь өгчээ. “Нуган хөвүүн төрвөөс Хуйлдарын ургийн ураг хүртэл дагаж хүч өгтүгэй. Охин хүүхэд төрвөөс эцэг эх нь өөрийн дураар бүү ураглатугай! Хуйлдарын эхнэр хүүхэд нь өмнө хойноо зартугай” хэмээн зарлиг болгов. Хуйлдар сэцний ам урьд нээсний тул Чингис хаан соёорхож зарлиг болруун: “Хуйлдарын ургийг уран хүртэл Хуйлдарын тусын тул өнчдийн авлаг хишиг аван атугай” хэмээжээ. 

Урьд Хуйлдар Жамухаас салж Чингист ирэхэд хаан: “Ах чинь Жамухын тэнд байх атал, чи ганцаар ямар учраас энд үлдэх аж?” гэж асуусанд Хуйлдар хэлэх үгээ олж ядан, нэгэн сумыг авч хугалаад: “Энэ биеийг эцэслэтэл хаанд эс үйлчилбээс энэ сум мэт болтугай!” гэж хэлэв. Чингис хаан түүний үнэнч шударгыг биширч, “цэцэн” цол өгч анд бололцжээ. Хуйлдар, Жүрчидэй хоёрыг Чингис хаан “Хатгалдах өдөр хамгийн тэргүүнд урууд, мангуудын цэргийг Жүрчидэй, Хуйлдараар толгойлуулан мордуулбаас сая миний сэтгэл бүрнээ амардаг бөлгөө” гэж үнэлж байсан бөгөөд  

                        Алалдах өдөр

                        Амиа хайрлалгүй

                        Ачийг хүргэж

                        Байлдах өдөр

                        Байраа алдахгүй

                        Баатарлан зүтгэсэн

гэж магтаж байсан юм.

1206 онд улс байгуулахад Хуйлдарын гавьяаг дурсан, наян найман гавьяатны хорин нэгдүгээрт өргөмжлөн түүний хөвүүд Мөнх, Халз нарыг тавин хоёрдугаар гавьяатнаар шагнажээ.

 

ХУЛАН – Чингис хааны хоёрдугаар хатан. Мэргэдийн толгойлогч Дайр-Усуны охин. Хулгана жилийн намар Хар талын үзүүр гэдэг газар мэргидийн Тогтоа бэхитэй Чингис хаан байлдаж дийлэв. Тийнхүү мэргид иргэнийг эзлэгдэхэд увас мэргидийн тэргүүлэгч Дайр-Усун гэгч би байлдах хүсэлгүй хэмээн өөрийнхөө охиныг Чингис хаанд үзүүлэхээр явж байв. Гэтэл замд нь монгол цэргүүд саатуулаад байжээ. Тэгэхээр нь Дайр-Усун Бааридайн Наяа ноёнд хандан:

-Би охиноо Чингис хаанд үзүүлэхээр явж байна гэвэл,

-Охины чинь бид хамт аваачиж үзүүлье. Чи ганцаар одвол тохиолдсон цэргүүд чамайг хорлож мэднэ. Чиний охинтой ч самуурах тул хоёулаа хамт очьё. Чи намайг гурав хоног хүлээ гэж Наяа ноён эцэг охин хоёрыг гурав хоног хүлээлгэжээ. Тэгээд Наяа ноён, Дайр-Усун хоёр Хулан охиныг дагуулж Чингис хаанд хүргэв. Наяа ноён Хулан охиныг гурав хоног хүлээлгэснийг Чингис хаан сонсоод

-Чи энэ Хуланыг ямар учиртай хүлээлгэж байсан бэ? гэж чанга тулган асууж засаглан шийтгэх гэж байтал Хулан охин Чингис хаанд хандаж,

-Наяа ноён надад ингэж хэлсэн. “Би Чингис хааны их ноён билээ. Бид хамт хаанд бараалхаж очьё. Замын зуур цэргүүд самуурч болзошгүй” гэж ятгав. Хэрэв Наяа ноён дайралдаж туслаагүй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох биш үү. Хай энэ Наяатай учирсан минь сайн болов. Одоо энэ ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн махбодийг минь шалгаж үзтүгэй гэжээ.

Чингис хаан Хулан хатны үгийг зөвшөөрч, мөн өдөр тэр даруй сорьж үзвэл, Хулан хатны өчсөн үг үнэн байсан тул Чингис хаан Хулан хатныг соёрхож таалав.

Чингис хаан Хулан хатантай хээр дэр нийлүүлсэндээ Бөртэ хатнаасаа зовж, Аргасун хуурчийг явуулж түүнээс уучлал гуйсан тухай домог байдаг.

Чингис хаан 1219 онд Сартаул улстай байлдахаар мордохдоо Хулан хатныг дагуулж явжээ. Тэр үед Хулан хатнаас төрсөн хүү Хүлгэн балчир байв. Хулан хатан балчир хүүгээ бусдад хорлогдчихвий гэж цаг ямагт сэрэмжилж байжээ. Хулан хатнаас бас Гөлүгэ гэдэг охин төржээ.

Хулан хатны ордон Саарь хээрийн Харилт гэдэг газар байжээ.

 

ХУТУГ БЭХИXII-XIII зууны үед Байгал нуураас баруун тийш ихээхэн нөлөөтэй монгол хэлтэн аймгуудын нэг ойрад аймаг нүүдэллэн байжээ. Энэ үед ойрадын түрүү Хутуг-бэхи гэгч байжээ.

Цагаан бичин жил (1200 онд) тэрслүү арван нэгэн аймгийн хуйвалдаанд ойрадын Хутуг бэхи оролцож явжээ. Гэвч Чингис хаан, Ван хан хоёр хамтран тэдний хуйвалдааныг бут цохисон билээ. Хар нохой жил буюу 1202 оны намар болсон “Хүйтэний байлдаанд” Хутуг бэхи мөн Чингисийн эсрэг байлджээ. Жамухын цэргийн манлайд тайчуудын Агучу баатар, найманы Буйруг хан, мэргидийн Тогтоа бэхийн хөвүүн Хуту, ойрадын Хутуг бэхи нар явж байлджээ. Энэ байлдаанд Жамухын цэрэг ялагдаж, ойрадын Хутуг бэхи ой тэмцэн Шисгис зорин хөдөлжээ.

1203 онд Муу өндрийн байлдааны дараа Чингис хаанаас урван тэрсэлсэн Даридай отчигин, Алтан Хучар болон Жамуха, Хулбари, Сүхэхэйжэүн, Тоорил, Тахайхорхай, ойрадын Хутуг бэхи нийлэлдэн Ван ханыг хорлохоор сүлбээлджээ. Гэвч хэрэг нь илрэн Ван ханд цохигдсон байв. Даридай отчигин, Хулбари нар Чингист дагаар очиж, Алтан, Хучар, Хутуг бэхи, Жамуха нар Таян ханыг түшихээр явжээ. Тэд найманд ирж Чингисийн эсрэг ахин шинэ эвсэл байгуулжээ. Энэ эвсэлд Таян ханаас гадна мэргидийн Тогтоа бэхи, хэрэйд ноён Арин тайж, ойрадын Хутуг бэхи, жадараны Жамуха болон дөрвөн, татар, хатагин, салжууд аймгийн үлдэгдлүүд орсон байна. Гэвч тэд Наху гүний зүүн хормойд Чингисийн цэрэгтэй байлдан бут цохигджээ.

Улаагчин туулай жил буюу 1207 онд Чингис хаан ахмад хөвгүүн Зүчээр баруун гарын цэргээ захируулж, ойн иргэдийг эзлүүлэхээр томилсон билээ. Их цэрэг ойрадад хүрмэгц Чингис хааны сүрийг сонссон ойрадын түрүү Хутуг бэхи аймгаа дагуулан дагаар ирсэн бөгөөд Зүчийн цэргийг замчилж, түмэн ойрадын нутгаар явж, Шишгид гол хүрч түмэн ойрадыг оруулан авчээ. Чингис хаан Ойрадын Хутуг бэхийг урдаас угтан түмэн ойрадаа дагуулан элсэж ирэв хэмээн соёрхож, түүний хөвгүүн Иналчид өөрийн охин Чэчийгэн гүнжийг өгөв. Бас Иналчийн ах Төрөлчид Зүчийн охин Олуйхан гүнжийг өгчээ. Үүнээс үзэхэд ойрад аймаг нь XIII зууны монгол аймгуудын дундаас нөлөө ихтэй нэгэн аймаг байжээ.

Ойрадын Хутуг бэхи Чингисийн зарлигаар хорь түмэд иргэний бослогыг дарахаар томилогдсон боловч түмэд иргэнийг мэдэж байсан Ботохуй Тарган түүнийг барьсан билээ. Дөрвөдийн Дөрбэй догшин гэгч жанжин Чингисийн зарлигаар хорь түмэд иргэний бослогыг цэргийн хүчээр даржээ. Түмэд иргэний Дайдухул-сохор ноёны эхнэр Ботохуй-тарганыг ойрадын Хутуг бэхэд өгчээ.

Хутуг бэхи нь тэнгэртэй шууд харилцан, цас бороо оруулдаг ид шидтэй хэмээгддэг билээ. 1202 онд явагдсан “Хүйтэний байлдаан”-д найманы Буйруг хан, ойрадын Хутуг бэхи хоёр салхи урьж бороо цас оруулсан боловч тэр цас бороо нь өөрсөнд нь хор болж тэд ялагдсан гэж түүх шастирт тэмдэглэсэн байдаг.

 

ХУЧАР – Бартан баатрын ач билээ. Нэгүн тайжийн хөвгүүн Хучар нь Тэмүжинтэй үеэл ах дүү болно. Арван хоёрдугаар зууны сүүл үед Хучар нь монголын нөлөөт ноёдын нэг байжээ. Тэр мөн л Хамаг Монголын хаан ширээнд санаархдаг байсан нь илэрхий билээ.             

Тэмүжин, Жамуха хоёр салж, Тэмүжин Химурга горхины Айл-харгана гэдэг газар бууж байхад Нэгүн тайжийн хөвгүүн Хучар нэгэн хүрээ болж ирэн нийлжээ. Шарагчин тахиа жил буюу 1189 онд Хучар, Алтан болон Охин Бархагийн ач хөвгүүн Сача бэхи нар Тэмүжинг Хамаг Монголын хаанд өргөмжилж, хаанд үнэнчээр зүтгэхээ тангаргалжээ. Тэмүжин ёсоо санаж ахмад үе болох Даридай отчигин, Хучар, Алтан, Сача бэхи нарт дараалан Хамаг Монголын хан болохыг найр тавьсан боловч тэд хүлээж аваагүй билээ.

1190 онд Далан балжууд гэдэг газар болсон “Арван гурван хүрээний байлдаан”-д Хучар, Даридай отчигины хамт нэгэн хүрээ болж Жамухтай байлдсан билээ. Мөн нохой жил (1202)-ийн намар Чингис хаан Татаарыг дайлжээ. Энэ тулалдаанд Алтан, Хучар, Даридай отчигин нар хууль цааз зөрчин, олзонд хоргодон, байлдаанаа зогсоосон байжээ. Үгэндээ эс хүрэв хэмээн Зэв, Хубилай хоёрыг илгээж тэдний олзлон авсан эд юмсыг хураалгав. Үүнд Алтан, Хучар, Даридай отчигин нар Чингист дургүйлхэж Жамухад очиж нийлсэн билээ.

1203 онд Алтан, Хучар нар Жамухтай хуйвалдан Ван ханы хүү Нялх Сэнгүмийг Тэмүжиний өмнөөс турхирч байжээ. Алтан, Хучар нар хэлсэн нь:

                        Бид Өүлэн эхийн хөвгүүдийг

                        Ахыг нь алж

                        Дүүгий нь тэвчиж өгсүгэй

хэмээжээ. Гэвч энэ хуйвалдаан илэрч хуйвалдагсад Чингис хааны цэрэгт бут цохигджээ. Хэрэйд улс мөхсний дараа Найманы Таян хан, Жамух, Алтан, Хучар, Мэргидийн Тогтоа бэхи, ойрадын Хутуг бэхи нар болон Хатагин, Салжууд аймгийн ноёд Чингисийн эсрэг шинэ эвсэл хуйвалдаан байгуулж тэмцэж байсан боловч амжилт олоогүй билээ.

Хучар, Алтан нарыг хааны эсрэг хуйвалдаанд оролцож явсан тул Чингисийн зарлигаар цаазалсан болно.

 

ХҮРЭЭ ТУЛАЛДААН – Тэрэг хөсгөө хүрээ мэт дүгэргийлэн байрлуулж, тэр хүрээн дотроо гэр орон, мал сүрэг, эмс хүүхдээ оруулан давхар давхар бэхэлдэг. Тэр хүрээн дотор орсон аймаг нь бэхлэлтээсээ гарч байлдах буюу эсвэл түүгээр хориглолт хийж тулалдахыг хэлдэг.

 

ХҮЧҮЛҮГ – Хүчүлүг нь найманы Таян ханы хөвгүүн билээ. Тэр эцэг Таян хан болон Жамухтай нийлэн Чингис хааны эсрэг Наху гүний байлдаанд оролцож байжээ. Хүчүлүгийн төрсөн байдал гоё сүрлэг, энгийн хүнтэй адил бус, байлдаанд зоригтой нэгэн байжээ. Наху гүний байлдааны өмнө тэр эцэг Таян ханыг монголчуудаас айлаа гэж зэмлэж байсан гэдэг. Наху гүний байлдаанд ялагдаж, Хүчүлүг цөөхөн хүн авч дутаан, Тамир гол хүрч нэхсэн цэрэгт гүйцэгдэн, тэндээ хүрээ бэхлэлт барин эсэргүүцсэн боловч ялагдал хүлээжээ. Тэндээс цааш дутааж Буйруг хан авгадаа очив. Гэвч Буйруг хан Сохог усны орчим Чингисийн цэрэгт бут цохигдон, Хүчүлүг түшиг тулгуургүй болж, мэргидийн Тогтоа бэхийн хамт баруун тийш зугтсан байна. Гэвч мөн л Чингисийн цэрэгт гүйцэгдэн Тогтоа бэхи алагдаж, Хүчүлүг Хар Кидан өөд зугтжээ.

1206 онд Чингис хаан Хүчүлүгийг нэхүүлэхээр Зэв ноёныг томилсон боловч Хүчүлүг Уйгар, Харлагийг дайрч Хар Кидан өөд дутаасан тул Зэв буцаж иржээ. 1208 онд Хүчүлүг Хар Киданы Жүрүхү ханыг түшихээр очив. Тэнд Жүрүхү ханы хатан Гэрбэстэй учирч үнэн байдлаа ойлгуулж итгэлийг олжээ. Ингээд Жүрүхү хан Хүчүлүгийг эрхэм зочноор хүндэлсэн бөгөөд журмын хөвгүүн болгож өөрийн охиноо өгч хүргэнээ болгожээ. Ингэж Хүчүлүг Жүрүхү ханы итгэл хайрыг олж, дотно хүн нь болжээ.

Гэвч Хүчүлүг Жүрүхү ханы эсрэг төрийг булаах далдуур оролдлого хийжээ. Тэр Жүрүхү ханы жанжнуудыг өөртөө татан, найман, мэргидийн үлдсэн хүмүүсийг цуглуулан, Жүрүхү ханы харьяат улс Хорезм, Самарканд, Осман зэргийг мэхлэн өдөөж 1212 онд бослого гаргаж, Хар Киданы төрийн эрхийг булаан авсан байна. Гэвч тэр харьяат улс ба ард иргэд, ялангуяа исламын шашинтанг хэрцгий харгисаар дарангуйлж байв. Тэр эзлэн захирсан хотон ардыг албадан, исламын шашныг орхиулж, христосын шашин болон буддын шашинг шүтүүлэхээр оролджээ. Хүчүлүг нэгэн өдөр исламын шашны хэргэмтэн нарыг хотын гаднах талбайд цуглуулж “Хэрэв энэхүү шашны ёсыг маргалцах хүн байвал гарч ир” гэж зарлиг буулгасан гэнэ. Тэгэхэд исламын шашны имам (тэргүүлэгч) Ала-Үд-Дин Мухамед гэгч урагш гарч Хүчүлүгтэй маргалдахуйяа, Хүчүлүг зарлигийг эсэргүүцэв хэмээн Мухамедыг харааж зүхсэн ажээ. Ингэхлээр “Эзэн тэнгэрийн дайсны хэл нь шороонд булагдтугай!” гэж имам их дуугаар хашгирчээ. Хүчүлүг түүнийг эрүүдэн тамлаж, шашнаа өөрчил гэсэнд имам дагасангүй гэдэг. Дараа нь Хүчүлүг имамыг сүмийнх нь үүдэн дээр хадаж алсан гэдэг.

1218 онд Чингис хааны томилсон Зэв ноёны захирсан хоёр түмэн их цэрэг Хар Киданд Хүчүлүгийг дайлаар хүрэхэд Хүчүлүг Кашгар өөд дутаажээ. Зэв ноён хотод ормогц зарлиг болоруун “Ямар шашныг боловч өөр өөрийн дураар шүттүгэй!” гэжээ. Ийм аргаар Зэв хотын оршин суугчдын дэмжлэгийг олж, тэд ч Хүчүлүгийн цэргийн өөдөөс бослого гаргаж, монгол цэргийг угтан дагажээ.

Зэв ноёны цэрэг Хүчүлүгийн хойноос нэхэж Бадаман гэдэг газар гүйцэн Хүчүлүгийг алсан байна.

 

  

Үргэлжлэл бий