Чингис хааны тухай товч тайлбар толь-12

Posted on Арван хоёрдугаар сар 9, 2011

0


-“Чингис хааны тухай товч тайлбар толь” номоос үргэлжлүүлэн нийтэлж байна-

ХЭВТҮҮЛ – Чингис хаан Хэрэйдийн Ван ханыг сөнөөсний дараа Найманы Таян хаантай байлдахынхаа өмнө “Цэргүүдээ арван, зуун, мянган болгон хуваарилж дуусаад бас наян хэвтүүл, далан торгууд, хишигтэн нарыг тусгайлан томилж, үүнд мянганы ноёд, зууны ноёдын хөвгүүд дүү нар ба сул ардын хөвүүд дүү нарын дотроос эрдэм чадалтай, бие бялдар сайтайгий нь ялган оруулав” гэж нууц товчооны 191 дүгээр зүйлд өгүүлдэг. Мөн 192 дугаар зүйлд “Бас Чингис хаан зарлиг болруун: “Хорчин, Түргууд, Хишигтэн, Буурч, Үүдэнч, Агтач өдөр хишиг орж наран шингэхийн урьд хэвтүүлд зайлж агтастаан гаран хонотугай. Хэвтүүл шөнө гэр орчин хэвтэхүүнийг хэвтүүлж үүдэнд байхыгаа хэсэглэн байлгатугай” гэж тэрхүү хэвтүүлийн үүрийг тодорхойлжээ. Академич Ц.Дамдинсүрэн “Монголын нууц товчоо”-г орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлэхдээ дээр дурдсан хэвтүүл гэдэг үгийг шөнийн манаач, торгуудыг торгон цэрэг, хишигтэнийг ээлжийн харгалзагч, ээлжтэн, Хорчин гэдгийг нум сум агсагчид, буурчинг тогооч гэсэн утгатай гэж тус тус тайлбарлажээ.

Эсгий туургатан улс энх шударга болж, барс жил (1206 он) Онон мөрний эхэнд хуралдаж есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүжинд Чингис хаан цол өргөснөөс хойш дахин “Урьд би наян хэвтүүл манаачтай, далан шадар хишигтэнтэй байв. Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч аугаа нэмэгдэж гүрэн их улсыг хамтатгаж ганц жолоонд оруулсан тул надад мянган шадар хишигтэнг ялгаж өг. Хэвтүүл, Хорчин, Торгуудын хамт бүгд түмэн хүн болгож өгтүгэй” гэж зарлиг буулгасан байна. Ийнхүү хэвтүүлийнхээ тоог мянга болгож Их нэүринг (их нүүрт) мянганы ноён болгосон бөгөөд хэвтүүлд ихээхэн үүрэг хариуцлага, эрх мэдэл оногдуулжээ. Тухайлбал, 229 дүгээр зүйлд өгүүлснээр “…хэвтүүлээс дээр сууринд хэн ч бүү суутугай. Хэвтүүлээс хэл үгүй хэн ч бүү ортугай! Хэвтүүлийн дэргэдүүр хэн ч явж үл болно. Хэвтүүлгийн тоог асууж үл болно. Хэвтүүлгийн дэргэдүүр явсан хүнийг барьтугай” гэсэн зарлигтай байсан тул хэвтүүлийн дэргэдүүр үдэш явсан мянганы ноён Элжигэдэй баригдаж байсныг сануулан дурдсан байна. Ийнхүү Чингис хааны ордонд хэвтүүл хэмээн нэрлэгдсэн итгэлтэй, эрх дархтай хэсэг хүн хаант төрийн орд өргөө, эзэн хааны амь биеийг шөнийн цагт сахин хамгаалах хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байв.

Ц

ЦАГААДАЙ – Чингис хааны хоёрдугаар хөвгүүн Цагаадай харагчин туулай жил буюу 1183 онд төрсөн бололтой. Тэр эцэг хааныхаа их үйлсэд осолдолгүй зүтгэж байжээ. Цагаадай шулуун шударга, зоригтой эрэлхэг жанжин байсан боловч түүний нэг дутагдал нь хэрцгий догшин зан байжээ. Эцгийн дараа хаан ширээнд санаархах хүмүүсийн нэг учир тэр өөрийн ах Зүчитэй үргэлж зөрчилдөн маргалддаг байсан юм. Хорезмын нийслэл Ургенч хотыг байлдахад Цагаадай Зүчитэй санал эс нийлэн маргалдан байжээ. Чингисийн ахмад хөвгүүн Зүчи түүний өмчинд ирэх тэрхүү тансаг сайхан хотыг эвдэлж нураалгүй авахаар шийдэж элч явуулан сайн дураар буулган авахыг оролджээ. Цагаадай Зүчийн саналыг эс зөвшөөрөн хотыг ямар ч үнэ цэнээр хамаагүй эзлэн авах гэжээ.

1211 онд Чингис хаан Зүрчидийг байлдахад Цагаадай, ах Зүчи, дүү Өгөдэйн хамт баруун жигүүрийн цэргийг захирч явжээ. Мөн 1219 онд Хорезмыг дайлахад Цагаадай Өгөдэйн захирсан цэрэг Отрар хотыг эзэлсэн билээ.

1211 онд Бамиан цайзын байлдаанд Цагаадайн ахмад хөвгүүн Муутогоон алагдсан билээ. Чингис хаан Цагаадайг дуудан ирүүлж энэ уйтгарт мэдээг түүнд сонсгожээ. Цагаадай эцгийнхээ дэргэд гашуудлаа гаргалгүй, гадаа гараад сая уй гашуудлаа чингээрээ илтгэлээ гэсэн нэгэн домог байдаг.

Цагаадай ах дүү нараас Өгөдэйд их дотно байдаг байсан. Тэгээд ч тэр Өгөдэйг эцгийн хойно хаанд өргөмжлөх санал гаргасан. Мөн Өгөдэй ч хаан болсны дараа төрийн хэргийг явуулахдаа юуны урьд Цагаадай ахтайгаа зөвлөдөг байжээ. Өгөдэй Цагаадай ахтайгаа зөвлөөд Чингис хаан эцгийн дуусгаагүй Багдад улсын аян дайныг дуусган Хятад улсын Алтан хааныг эзлэхээр өөрөө цэрэг удирдан явжээ. Бас урьд Сүбэдэй баатрыг Ханлин, Кипчак, Багижид, Орос, Агу, Сасу, Матар, Кэшимир, Чэркэс, Болгар, Кэрт улсуудад хүртэл, Ижил Янк мөрнүүдийг гэтлүүлэн, Мэкэтмэн, Хэрмэн, Кэйбэ тэргүүтэн хотыг байлдан эзлүүлэхээр явуулсан нь тэдгээр улсын эсэргүүцэл үлэмж гэм мэдээг аваад Сүбэдэйн хойноос Бат, Бүри, Мөнх, Гүюг тэргүүтэн хаан төрлийн ахмад хөвүүдийг морилуулав. Хөвүүдийн ахмадыг ингэж аян дайнд явуулах саналыг Цагаадай гаргасан билээ.

1236 онд Өгөдэй хааны төрөөс Дундад орны өрх амыг дансалж, Цагаадайд Дайюан, Түгийн харьяат 47330 өрхийг өгсөн байна. Дараа нь бас Шэн Жүгийн түмэн өрхийг өгчээ. Цагаадайн харьяат газар бол Хар Киданы хуучин нутаг ба баруун Уйгарын нутаг болно.

Зах хязгаар нь зүүн тийшээ Иль голыг тулан, баруун тийшээ Сырдарьяа мөрний эхээс цааш гарч, өмнө зүгээс Аму мөрөн хүрч, хойшоо Чүй мөрний саваар Сибирьт тулж байв. Цагаадайн хаант улс нь Алимарт төвлөж байжээ.

Цагаадай 1242 онд өвчнөөр нас баржээ. Түүний орыг Муутогооны хоёрдугаар хөвгүүн Хар Үлэх Наймалжин хатны зарлигаар залгамжилжээ.

ЦАГААН – Олон жилийн өмнө Тангудын нэгэн хотын дарга хөвгүүнгүй учир нэгэн эмийг татвар эм болгон авчээ. Удалгүй тэр эмэгтэй жирэмсэн болж хотын дарга эрх мэдлээ алдахаас айж нөгөө татвар эмийг нэг цэргийн даргад нууцаар эм болгон өгчээ. Тэр эмэгтэйгээс нэг хөвүүн төрж зүс царай сайхан, хүч чадал ихтэй сайхан залуу болжээ. Нэг өдөр мал хариулан явахад нь Чингис хаан түүгээр авлан явж байгаад учирчээ. Тэр хөвгүүн малгайгаа газар тавьж сөгдөн мөргөж байв. Чингис энэ байдлыг харж ихэд гайхан юунд малгайдаа мөргөж байгааг асуухад хөвгүүн өгүүлрүүн:

-Ганцаар байхад малгай ах болохын тулд ийнхүү хүндэлж байна. Хоёулаа явбал би насаар ах хүнийг хүндэлнэ. Одоо би ганцаар байгаа тул малгайгаа ийнхүү хүндэлж байна. Манай энд их хүн ирнэ гэж сонсоод төр ёсонд суралцан байна гэж хариулав.

Чингис хаан тэр хүүхдийг хатандаа авчирч өгч асруулжээ. Тэр хөвгүүнд Цагаан гэдэг нэрийг өгчээ. Мөн хонгирад аймгийн нэгэн охиныг гэргий болгон өгчээ.

Цагаан нэгэн өдөр хээр явж байгаад алжаан ногоон дээр хэвтээд унтжээ. Нэгэн ууль шувуу дэргэд нь ирээд донгодоход Цагаан түүнийг жигшиж гутлаараа цохив. Гэтэл гутал дотроос нэг могой гарч иржээ. Цагаан гэртээ ирээд энэ тухай Чингис хаанд айлтгажээ. Хаан түүнийг сонсоод уулийг хүн бүхэн жигшдэг билээ. Гэтэл чамд ач тус хүргэжээ. Чи хойч ач үрдээ уулийг бүү алагтун гэж захигтун гэсэн гэдэг. Чингис энэхүү Цагааныг хөвгүүчлэн авсан нь 1205 оны Тангудын довтолгооны үеэр болсон бололтой. Цагаан сүүлд хишигтэн цэрэгт багтаж, Чингисийн аялан явсан газар бүхэнд түүнд бараа болон явжээ. 1226 онд Монголын цэрэг ирэхэд Кан Чоу хотын дарга нь өнөөх татвар эм авсан Цагааны эцэг байжээ. Чингис үүнийг мэдэх тул Цагааныг явуулж бууж өгөхийг шаарджээ. Цагаан Чингисийн зарлиг дор бууж өгөхийг тулган шаардсан бичгийг суманд уяж хотын хэрэм рүү харважээ. Хотын дарга Монголын элч төлөөлөгчидтэй учран бууж өгөх талаар болзлыг хэлэлцэн эхлэхэд хотын орлогч дарга үүнийг мэдээд, хотын дарга ба түүний бага хөвгүүнийг Монголын элчийн хамт алж, гучин таван цэргийн дарга нарын хамт хотыг бууж өгөхгүй гэж зарлан мэдэгджээ. Чингис хаан сарын турш маш ширүүн байлдан Кан Чоуг эзлэн авав. Чингис хотын бүх хүмүүсийг хүйс тэмтэрхийг тушаахад Цагаан Чингисийг ятган зөвхөн хотын орлогч даргатай нийлсэн хүмүүс буруутай буй заа. Хотын бусад гэмгүй номхон хүний амийг уучлан хэлтрүүлэх болов уу хэмээн хүчлэн ятгасанд Чингис түүний гуйсан ёсоор болгосон гэдэг.

ЦОТАН – Чингис хааны хадам эх, Бөртэ хатны эх, Хонгирадын Дай Сэцэний гэргий болно. Цэгцэр Чихургу хоёрын завсар Дай сэцэнийхийг нутаглаж байхад Тэмүжин сүйт бүсгүй Бөртийг авчрахаар тэднийд очив. Тэгээд Дай сэцэн ихэд баясан:

-Ах дүү тайчууд нар чамд атаархан хорсохыг би мэдэх тул чиний төлөө сэтгэл зовсоор цөхрөхөд хүрэв. Одоо чамтай уулзлаа гээд Бөртийг Тэмүжинд өгчээ. Дай сэцэн охиноо үдэж, Хэрлэн хүртэл ирээд, халуунд ядарч байна гэж гэдрэг буцжээ. Зарим түүхэнд бие өвчилж буцсан гэдэг. Амбагай хаан охиноо хүргэж очоод татаруудад баригдаж, Алтан улсад хүргэгдэн цаазлуулснаас хойш монголчууд эцэг нь охиноо хадамд хүргэхийг цээрлэдэг болсон ажээ.

Тийм учраас Бөртийн эх Цотан охиноо үдэж, Хүрэлх дотор Сэнгүр горхинд хүрч иржээ. Бөртийн эх Цотан монгол заншлаар Тэмүжинд хар булган дах бэлэглэсэн байна.

ЦҮҮЦЭН БАЙЛДАХ АРГА – Энэ арга бол дайсны голд цөмрөн орж, улам дотогшлон гүн нэвтэрч дайсны цэргийн гол төвийг дотроос нь цүүцлэх мэт цохиж шахамдуулан дайсны самгардсан далимыг ашиглан хиар цохих явдал юм. Нуур байт байлдах арга нь дайсныг бүслэн авахад оршдог бол цүүцэн тулалдаан дайсны гол хүчийг дотроос эвдлэн бусниулах зорилго агуулдаг.

Чингис хааны байлдах эдгээр урлагийг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны эрдэмтэн Чингэлтэй, Хан шэн нар нарийн судалжээ.

Ч

ЧАН ЧУНЬ БУМБА – Хятадын гүн ухаантан. Чан Чунь гэдэг нь номын нэр. Чухам нэр нь Цю Чи Жи, өргөсөн нэр нь Түн Мэй. Чан Чунь Бумба 1148 онд Шандунь мужийн нэгэн бяцхан хотод төржээ. Тэрээр 19 настайдаа гэрээсээ гарч хуврага болжээ. Бумбын ёсонд ихээхэн мэргэжиж, багшийнхаа нас барсны дараа ууланд бясалгал үйлдэж, тэр үеийн алдарт долоон аршийн нэг хэмээгдэж, нэр цуу нь их дэлгэрчээ.

Чингис хаан Чан Чуний нэрийг Алтан улсад дайлаар явахдаа сонсож, түүнийг монгол газар урьсан зарлигийн бичгийг тусгай элчид авахуулан мордуулжээ. Чингис хаан Чан Чунь Бумбыг урьсан нь улсыг жолоодох, иргэнийг засах талаар хятадын гүн ухаантан эрдэмтэнтэй харилцан санал солилцож, зөвлөлдөх гэсэн хэрэг байлаа. Тэгэхдээ монголынхоо ард олныг хэрхэн удирдах, өөрийнхөө орны аж ахуйг хэрхэн хөтлөхийг түүнээс асууж мэдэх гэсэн хэрэг огтхон ч биш. Чингис хаан Монголын нүүдлийн нийгмийн тухайд бол хэнээс ч илүү мэдлэгтэй байлаа. Гагцхүү эрхэндээ орсон олон аймаг овог ястны суурин ард түмнийг хэрхэн захирч байх талаар Чан Чунь Бумбын саналыг сонсох нь Чингис хаанд хэрэгтэй байжээ. Түүнээс гадна мөнхжүүлэх эм гуйх хүсэлтэй байв.

Чингис хаан 1222 онд Чан Чунь Бумбатай Гиндикуш ууланд аяны ордондоо уулзжээ. Чан Чунь хаанд бараалхахдаа сөгдсөнгүй. Өчүүхэн бөхийсхийж, таягаа тулж зогсоход Чингис түүнд суудал өгч суулгажээ. Тэрхүү өтгөс арш суух нь цэх, зогсох нь ургаа мод мэт шулуун, хөдлөх нь шаламгай хурдныг Чингис хаан ажиглаж, жирийн хүн биш болохыг мэдрэв.

Чингис хаан Чан Чунь Бумбад өөр хаад урихад очсонгүй атлаа миний урилгыг хүлээн авч түмэн бээрийн тэртээгээс алжаах зовохыг үзэж, уулзахаар ирсэнд талархсанаа илэрхийлэв. Чан Чунь Бумба Чингис хаанд:

-Мөхөс би уул завын хөдөөх хүн. Тэнгэрийн тааллаар эзэн танд бараалхахаар ирэх нь зүйн хэрэг гэж хариу өчив. Чингис хаан ихэд баярлан түүнийг дайлах зуур,

-Та над мөнхрөх эм авчрав уу гэж асуухад Чан Чунь Бумба:

-Биеийг тэжээн засах эм бий. Насыг уртатгах арга байна. Харин мөнхрүүлэх эм надад байхгүй гэж айлтгав. Төрөх үхэх гэдэг ертөнцийн их ёс. Хэн ч өөрчилж чадахгүйг Чингис хаан сайн мэдэх тул Чан Чуний ийнхүү эрс шулуун хариу хэлснийг сонсоод өчүүхэн ч урам хугарсангүй. Харин түүнийг шударга үнэн үгтэй хүн хэмээн их л сайшаав.

Чингис хаан хэлмэрчээр дамжуулан

-Таныг тэнгэрийн заяасан мөнх хүн гэж дууддаг гэнэ. Энэ нэрийг та өөрөө өгөв үү, бусад хүн ийнхүү нэрлэв үү гэж асуухад,

-Миний энэ нэрийг бусад хүн надад өгсөн юм. Би өөрөө хаанаас өөртөө ийм нэр өгөх вэ? гэж Чан Чунь хариулжээ. Чингис хаан:

-Та урьд ямар нэртэй байсан бэ гэхэд Чан Чунь

-Хүмүүс намайг Сян Сан гэж нэрлэдэг юм гэв. Чингис хаан түүнийг сонсоод Чингай сайдаас:

-Чан Чунь Бумбыг хэрхэн дуудаж нэрлэж байх вэ? гэж асуухад:

-Гэгээн багш гэж нэрлэвэл ямар бол гэж Чингай айлтгав. Чингис хаан тэр саналыг сайшаан зөвшөөрч

-Тэгвэл Гэгээн багш гэж нэрлэе гэв.

Гиндикуш уулнаас Чан Чунь бумбыг Самаркандад очиход Чингис түүнийг мянган цэргээр хамгаалуулан явуулжээ. Чингис хаан ч өөрөө Самаркандад иржээ. Чингис хаан Чан Чунь Бумбатай гурван удаа уулзаж түүний ном тавихыг сонссон байна. Чан Чуныг номлоход заримдаа хөвүүн Тулуй болон бичиг хэргийн хэргэмтэн нарыг суулгадаг байжээ.

Чингис хаан нэг удаа уулзахдаа:

-Улсыг засахад тун хүчир бэрх. Миний сэтгэл хүчийг их зовоож байна гэхэд:

-Их улсыг засах нь бяцхан жараахайг шарах лугаа адил. Хэт чанга үрвэл мах нь үлдэхгүй унана. Бага шарвал түүхий. Хэт шарвал түлэгдэнэ. Улсыг засах нь үүн лүгээ адил. Ямагт хэрсүү хичээнгүй болгоомжтой байх нь чухал хэмээн айлтгав. Чингис хаан Чан Чунь бумбын энэ үгийг ихэд ойшоожээ.

-Нэгэнт байгуулсан их улс гүрнийг тогтоон барих ямар арга байна гэж Чингис хааныг асуухад, Чан Чунь баахан бодолхийлснээ,

-Догшин салхи өдөр турш үргэлжилдэггүй. Аадар бороо ч өдөр турш ордоггүй. Тэнгэр газар ч салхи бороог цагаар захирч чадахгүй байтал хүн яахан өөрийн дураар байж чадах билээ. Аливаа юмс тэнгэрийн тааллаас шалтгаална хэмээн айлтгав.

Нэг өдөр Чингис хааныг ав хомрогод явахад унасан морь нь зэрлэг гахайнаас үргэж бусган хааныг санамсаргүй хөсөр унагажээ. Зэрлэг гахай хааныг дайрсангүй. Шадар бараа бологчид нь сандарч мэгдэн хааныг босгож, ордонд нь авчирчээ. Энэ явдлын дараа Чан Чунь Чингис хаанд бараалхаж,

-Хаан та аливаа зүйлийг тэнгэрийн таалалд нийцүүлж байх болов уу. Үүнээс хойшид хаан ав гөрөө хийхийг цөөлнө үү. Хаан мориноос шилжсэн нь тэнгэр сэрэмжлүүлэн ятгасан хэрэг гэж айлтгахад, Чингис хаан тэргүүнээ дохиж,

-Би үүнийг сайн мэдэв. Таны ийнхүү хэлэх нь туйлын зөв. Бидний монголчууд хар багаасаа харвах намнах алавхийн давхих дуртай. Нэгэт сурч дадсан зүйлийг орхиход хялбаргүй. Гэвч аршийн хэлсэн үгийг зүрхэндээ шингээн авъя хэмээн айлдлаа.

Чингис хаан нэг удаагийн уулзалтаар Чан Чунь бумбаас газар хөдлөх, тэнгэр дуугарах тэргүүтэн гамшиг зовлон тохиолддогийн учрыг асуув. Чан Чунь:

-Та тэнгэрийн хилэнгээс зайлсхийхийн тулд зуны цагт гол усанд хувцас угаах, талд мөөг түүх, шинэ эсгий хийхийг цаазалсан байх нь чухал. Энэ бол тэнгэрийг сүслэх учир биз ээ. Гэвч гурван мянган нүгэл хилэнцийн дотроос хамгийн хүнд нь эцэг эхээ гомдоох доромжлох явдал мөн. Би бодвол таны албат харьяат нарын дотор тийм нүгэл хилэнцтэй хүн лав олон байх. Эзэн та үлэмжийн нэр хүндтэй тул ард иргэдээ соён засах болов уу гэсэн утгатай үгийг айлдахад хаанд аршийн үг гүнээ нийцэж гэгээн багшийн үг туйлын зөв. Би мөн ингэж боддог гэж хэлээд дэргэдийн бараа болоочдод аршийн айлдсаныг уйгур үсгээр тэмдэглэж ав гэж зарлиг болгож байжээ.

Чан Чунь бумба Чингис хаанд хэдэн удаа бараалхахдаа насан хутгыг хэрхэн уртатгах тухай нарийн нууц аргыг хэлж өгсөн ажээ. Чингис хаан ч арш надад маш чухал зүйлийг хэлж өглөө гэж баярлаж байжээ.

Чан Чунь бумбыг нутаг буцахад Чингис хаан ихэд хүндэтгэж бэлэг сэлт өгч, мянган цэргээр хамгаалуулан, буцаасан байна. Чан Чунийг мордоход хааны ордны сайд түшмэд цэргийн дарга нар хэдэн газрын үзүүрт хүртэл үджээ.

ЧИЛЭГЭР БӨХ – Тэмүжин Бөртэ үжинтэй хуримлан, Сэнгүр гороханаас нүүж, Хэрлэн голын эх Бүрхи эрэгт нутаглаж байв. Гэтэл удуйд мэргидийн Тогтоа бэхи, увас мэргидийн Дайр усун, Хаатай-Дармала нар эрт өдөр Тогтоа бэхийн дүү Их Чилэдүгээс Есүхэй баатар Өэлүн эхийг булаж авав хэмээн түүний өсийг авахаар гурван зуун хүн дагуулж гэнэт дайрчээ. Тэмүжинийг эрж Бурхан Халдуныг гурвантаа бүслээд Бөртэ үжинг олзолж Чилэдүгийн дүү Чилэгэр бөхөд асруулсан ажээ. Ийнхүү Бөртэ үжин мэргидийн Чилэгэр бөхийн гэрт хэсэг хугацаанд байжээ.

Тэмүжин Ван ханаас тусламж авч мэргидийг довтолж Бөртэ үжинг аварсан билээ. Чилэгэр бөх зугтахдаа өгүүлрүүн:

Хар хэрээ

Хальс хөрс идэх заяатай бөгөөтөл

Галуу тогорууг идсүү хэмээн санах ажгуу

Хатиар муу Чилэгэр би

Хатан үжинд халдаж

Хамаг мэргидэд хөнөөл болов

гэж гэмшин өгүүлжээ.

ЧИНГАЙ ЧИНСАН – Хэрэйд ястай монгол хүн юм. Чингайг зарим түүхэнд мусульман гаралтай гэж бичсэн нь үнэндээ андуу ташаа зүйл мөн.

Чингай олон хэл мэддэг, тухайн үедээ боловсролтой хүн байжээ. Чингай урьд цэргийн бага тушаалын дарга байхдаа Чингисийн хамт Балжун арлын байлдаанд оролцож, Балжун голын уснаас уулцаж, гавьяат сайдын тоонд орсон хүн билээ.

Чингисийн үед Чингай монгол газар албан тариа тариулах ажлыг эрхэлж, Завхан голын орчим хот балгас бариулан сууж байв. Тэр нь хожим Чингайн балгас гэж алдаршсан байжээ.

Өгөдэй хааны үед Ерөнхийлэн захирах яамны баруун этгээдийн их сайд Чинсан Чингай гэж нэртэй байв. Өгөдэйг үхсэний дараа Дөргөнэ хатан түүнийг албан тушаалаас нь халсан билээ. Харин Гүюг хаан Чингай Чинсанг дахин албан тушаалд нь томилсон түүхтэй.

Үргэлжлэл бий