Чингис хааны тухай товч тайлбар толь-13

Posted on Арван хоёрдугаар сар 9, 2011

0


-“Чингис хааны тухай товч тайлбар толь” номоос үргэлжлүүлэн нийтэлж байна-

 

 

ЧИНГИС ХААН – Монголын тулгар төрийг үндэслэгч нь Тэмүжин хэмээх Чингис хаан билээ. (Чингис хааны бага, залуу насны тухай Тэмүжин хэмээх гарчгаас үзнэ үү. http://bit.ly/tE2rkX)

Тэмүжинг Цэнхэрийн голын Хар Зүрхэний Хөх нуур гэдэг газар буудаллаж байхад нь Хотула хааны хүү Алтан, Жүрхэн аймгийн толгойлогч Сача бэхи нар зөвлөлдөн Хамаг Монголын ханд өргөмжилж Чингис хаан хэмээх болжээ.

Чингис гэдэг нь “Тэнгис” гэсэн үг гэж эрдэмтэд үзэж байна. Чингис хааны дараа Монголын их хааны ширээнд суусан түүний гуравдугаар хөвгүүн Өгөдэй өөрийгөө “Далай хаан” гэж өргөмжилж байв.

Чингис Хамаг Монголын хаан болоод ордон өргөөндөө зарим ёс дэглэмийг тогтоожээ. Үүнд:

Хоромсого саадаг агсагчид, буурч, тогооч, тэрэгч, оторч, ордны боол шивэгчдийг захирах черби гэдэг тушаал бий болгожээ. Ордны бүх хэргийг нөхөрлөгчдийн дотроос бүхний өмнө ирж түүнд хүчээ өгсөн Боорчи Зэлмэ хоёрт захируулжээ.

Чингис хаан Онон, Хэрлэн, Туулын сав газрыг захирсан хаанаас нийт монгол овогтныг захирсан хаан болохын тулд ханлигууд болон хуучин овог аймгийн толгойлогчдын эсрэг шургуу тэмцэл явуулав. Эхлээд Чингис өөрийн анд Жамухтай мөргөлдлөө. Жамухын харьяат нараас Чингист дагаж орох нь олширсоор байжээ. Тухайлбал, Жамухын харьяанд байсан уруд, мангуд аймгууд Чингист дагаж орсон байна. Жамух Чингист халдаж, тэр хоёр хоорондоо цэрэглэн байлджээ. Уг байлдааныг түүхийн сурвалжит бичигт “Арван гурван хүрээний байлдаан” гэж тэмдэглэсэн байдаг.

Чингис 1198 онд Хэрэйдийн хан Тоорилтой хамт Татар аймгийг даран сөнөөжээ. Тоорил хан Чингис хоёр 1199 онд Найманы Буйруг хантай байлдав.

Буйруг цэргээ цуглуулж амжилгүй Ховдын орчим Чингис, Тоорил хоёрт бутцохигдов. Түүний дараа Чингис Буйр нуурын орчим тайчууд, дөрвөн татарыг, Хөлөн нуурын орчим хатагин, салжиуд нарыг тус тус цохив. Чингис Тоорил хоёр Буйр, Хөлөн нууруудын хооронд Хүйтэн гэдэг газар Жамухын цэрэгтэй байлдаж дийлсэн байна.

Жамуха 1203 оны үед Алтан, Хучир нарыг биедээ татан Чингисийн эсрэг шинэ эвсэл хуйвалдаан байгуулжээ. Тэд Тоорил ханы хүү Сэнгүмтэй холбоо тогтоов. Сэнгүм бол Тэмүжин Чингис хааныг хэзээнээс үзэн ядаж түүнтэй тэмцэхийг эцэгтээ үргэлж ятгаж иржээ. Тоорил эхлээд цааргалж байснаа сүүлдээ Чингистэй байлдахыг арга буюу зөвшөөрөв. Чингис хаан Тоорил хантай байлдахын өмнө Ван хан, түүний хүү Сэнгүм болон Жамуха, Алтан, Хучир нарт тус бүрт нь элч зарж, тэдний гэм бурууг тоочиж, өөрийн биеийг үнэнч шударга ямар ч гэм осол гаргаагүй гэж өгүүлжээ. Чингисийн эсрэг хуйвалдагчид түүний илгээлтийг эс тоомсорложээ.

Учир иймд 1203 оны намар Чингис цэргээ бэлтгэж, Тоорил ханыг санамсаргүй Зэгзгэр, Өндрийн Зээр хавцлын аманд бүслэн авав. Гурван өдөр, гурван шөнө үргэлжилсэн байлдаанд хэрэйдүүд ялагдав.

Хэрэйд улс мөхсөн нь Чингис, Найманы Таян хан хоёрыг шууд нүүр нүүрээр нь уулзуулжээ. Монгол, Найманы цэрэг 1204 онд Наху баяны цухал хөндийд өдөржин байлдаж, үдэш болоход найманууд ялагдаж зүг буруулав. Байлдааны үеэр Таян хан хүнд шархтаж, төдөлгүй үхжээ.

Чингис бүх монгол овогтныг 1189-1206 оны хооронд хорь хүрэхгүй жилийн хугацаанд нэгтгэв. Онон мөрний эхэнд 1206 онд ноёдын их хурилдай болж Монголын тулгар төр байгуулагдсныг албан ёсоор зарлан тунхаглажээ. Энэ үед Чингис хаан 45 настай байв.

Ийнхүү умард Байгалиас өмнөд Түмэн газрын цагаан хэрэм хүртэл, зүүн зүг Хянганы нуруунаас өрнө зүг Алтайн уулс өнгөртөл уудам нутаг дэвсгэр бүхий Монгол хэмээх шинэ хүчирхэг улс мандан тогтсон ажээ. Чингис хаан хожим хөвүүддээ захисан үгэндээ: “Би өөрөө улс байгуулахдаа ширүүн аргаар байгуулсан. Одоо улсыг тогтоож хөгжүүлэхэд ширүүн байж болохгүй, харин зөөлөн байх хэрэгтэй” гэж сургажээ.

Чингис хаан бүх улсаа зүүн, баруун, төвийн түмэн гэж нэрлэжээ. Энэхүү гурван түмэн нь дотроо мянгат, зуут, аравт гэсэн шаталсан зохион байгуулалттай байв.

Чингис хаан өөрийн нөхөрлөгчид хэмээх зэвсэгт эрсийн дотроос улс байгуулахад онцгой гавьяа байгуулсан 95 хүнийг нэр цохож, мянганы ноёноор өргөмжилжээ. Монголын бүх газар нутаг улсын өмчид байв. Бүх газрын дээд өмчлөгч нь Чингис хаан байжээ. Газар эзэмшил нь: а) улсын газар буюу мянгатын нутаг, б) дархалсан нутаг, в) соёрхлын газар гэж байв.

Монгол улсын цэргийн “их гол” нь хишигтэн гэдэг Чингис хааны шадар цэрэг байжээ. Чингисийн ордны ёс журам 1189 оныхтой зэрэгцүүлбэл их нарийн болжээ. Ордны дотоод хэргийг захирах 6 черби байв. Ордон гэрийн охид хүүхэд хэмээх эрэгтэй, эмэгтэй зарц, шивэгчин, хааны сүрэг мал хариулагчдын даамлууд, хааны шүүс бэлтгэх буурч, тэрэгч, оторч гэх зэрэг тушаалтнаас бүрдсэн ордны бараа болоочин нар байлаа.

Чингис хааны дэргэд сэцдийн зөвлөл байв. Шинэ хаан сонгох, байлдах, найрамдах онцгой чухал асуудлыг “Их хурилдай” хэмээх улсын ихэс ноёдын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж байжээ.

Чингис хаан монгол улсын төрийн цааз “Их засаг” хуулийг гаргав.

Чингис хаан хэлсэн нь: “Намайг хаан болохоос өмнө монголчуудын дотор ямар ч эмх замбараа байсангүй. Үр хүүхэд нь эцэг эхийнхээ үгэнд ордоггүй, нөхөр нь эхнэртээ итгэдэггүй, эхнэр нь нөхөртөө захирагддаггүй, баян нь ядуудаа тусладаггүй, дордос нь дээдсээ хүндэлдэггүй тэдгээр ард түмнийг миний улс гүрэнд нэгтгээд, миний хамгийн тэргүүнд санаа тавьсан нь тэдний дунд ёс журам, үнэн шударгыг тогтоох гэсэн явдал юм” гэжээ.

Чингис хаан төрийн үйл ажиллагаанд зарим нэгэн гадаадын бичгийн хүн, эрдэмтэн нарыг ашиглах бодлого явуулж байв. Мөн харь оронтой худалдаа хөгжүүлэх талаар Чингис хаан их анхаарч байжээ. Монголын нэгдсэн төв улс байгуулагдсаны дараа Чингисийн дүү Хасар, Хөхөчү бөө нарын зэрэг этгээд Чингисийн эсрэг тэмцсэн байна. Тэдний энэ бусармаг хэрэг өчүүхэн ч амжилт олсонгүй.

Монгол улс байгуулагдсаны дараа Чингис хаан гадны улс орныг байлдан дагуулах их аянд мордов. Чингис хаан Хятад орныг байлдан эзлэхийг гол зорилгоо болгож байлаа. Умард Хятадыг амжилттай довтлохын тулд эхлээд эргэн тойрных нь хөрш улс аймгуудыг байлдан дагуулж хүчээ зузаатгах хэрэгтэй гэж Чингис хаан үзэж байв. Киргизүүд 1207 онд Чингист бууж, дагаж оров. Уйгурын эзэн Идүүд Чингис хаанд элчээ илгээж дагаар орохоо мэдэгдэв.

Чингис хаан 1207 онд ахмад хүү Зүчийг явуулж, Сэлэнгэ, Енисей мөрний хөндийгөөр орших аймгуудыг эзлүүлжээ. Монголын цэрэг 1207-1209 онд Ёи-Ся буюу Тангуд улсыг гурван удаа уулгалан довтлов. Монгол цэрэг Тангудын цэргийн хүчийг газар бутцохиж, олон хотыг эзэлж, нийслэл Яргай хотыг бүслэн авч Шар мөрөн хэмээх хотын голын усны хаалтыг тавив. Тангудын хаан Ли Наньчуань улс орноо аюулд орсонд бачимдан сандран үнэтэй эд, үзэсгэлэнт эмсээр Чингис хаанд бэлэг өргөж, монголд жил бүр алба төлж байхаар болжээ.

Чингис хаан Алтан улсыг довтлохын тулд нэлээд их бэлтгэл хийв. Цагаан хэрэмийн захаар нутаглаж байсан Онгуд, Кидан аймаг болон Дундад Ази Хятадын хооронд нааш цааш үргэлж явж байдаг Уйгур худалдаачдаар дамжуулан Алтан улсын байдлыг Чингис хаан нарийн судалж мэджээ.

Чингис хаан их цэргээ авч 1211 оны хавар Хэрлэн голоос Алтан улсын зүг хөдөлжээ. Алтан улсын хаан Монголын их цэрэг айсуйг сонсож, элч илгээн хэлэлцээ байгуулахыг оролдсон боловч Чингис хаан зөвшөөрсөнгүй.

Чингис хааны цэрэг Алтан улсын цэргийг удаа дараа цохиж, хэд хэдэн бэхлэлт, боомт, хотыг эзлэн авав. Тангуд цэрэг 1213 оноос монголчуудад хүчин туслах болсон учир Алтан улс ганцаардмал байдалд орж, монгол цэрэгт нэг мөсөн эзлэгдэх аюулд учрав. Монгол цэрэг 1215 оны зун Бээжин хотыг эзэлжээ.

Чингис хаан Алтан улсыг хоёр удаа довтлон их хэмжээний олз омогтой буцаж ирсний дараа Дундад Ази руу зэвсгийн үзүүрийг хандуулав. Чингис хаан Дундад Азийн Хорезм зэрэг улстай байлдахаас өмнө Хар Киданыг 1218 онд эзлэн авчээ. Ийнхүү Монголын хил хязгаар Хорезм улстай шууд залгах болов. Хорезм тэр үед Хятад болон Газрын дундад тэнгисийн хооронд, Энэтхэг болон Өмнөд Оросын харилцах замын уулзвар дээр оршиж байсан олон улсын худалдаа, харилцааны чухал төв болж байв. Хорезм тэр үед Бухар, Перс, Афганистаны нутаг дэвсгэрийг багтаасан том гүрэн байлаа. Чингис хааны Дундад Азийг довтлох шалтаг нь Хорезмын захын нэгэн боомт Отрар хотын дарга монголоос худалдаа хийхээр очсон 450 хүнийг барьж алаад 500 тэмээ ачаа барааг хураан авснаас болжээ. Түүнчлэн Чингис хааны найрсаг илгээлтийг Хорезмын шах Мухамед доромжлон угтсан явдал бас нөлөөлжээ. Монголын цэрэг 1219 оны намар Хорезмын нутагт цөмрөн орж Отрар хотыг бүслэв. Чингис хаан, отгон хүү Тулуйн хамт Бенакент, Ходнеент, Зарнук, Нур, Зарежшан зэрэг том жижиг боомт хотыг эзлэв. Бухар хотод Чингис хаан 1220 оны эхээр хүрэлцэн очжээ. Монгол цэрэг Бухар хотыг бүслэн байлдахад тус хотын цэргийн захирагч Инанч хан амь зулбан оджээ. Бухар хотыг эзэлсний дараа Чингис хаан Самарканд хотыг эзлэхээр давшив. Хотыг хамгаалах ажлыг Мухамед шахын эх Туракина хатны дүү Тугай хан гэгч удирдаж байжээ. Монгол цэрэг бэхлэлт, хэрэм цайзыг эвдэх машин хэрэглэж, дариар дэлбэлж, хотыг галаар харваж байлаа. Самарканд хот Чингисийн цэргийн довтолгоонд удаан тэсч чадсангүй. Хорезмын шах Мухамед Самарканд хот руу Чингис хаан цэргээ авч ирж яваа сургаар амиа хаацайлж зугтан зайлжээ.

Чингис хааны хүү Зүчи, Цагаадай, Өгөөдэйн цэрэг Сыгнок, Дженд Хоженд, Ургенч зэрэг олон боомт хотыг эзэлжээ. Харин Мухамед шахын хүү Желал-ад-Дин Перван хотын орчим Шихихутаг ноёны цэргийг бутцохисон байна. Энэ байлдааны талаар Чингис хаан: “Шихихутаг дийлсэн байлдааныг л мэдэж байсан. Одоо дийлэгдсэний амтыг мэдрэх нь бас сайн юм” гэж сануулжээ.

Чингис хааны отгон хүү Тулуй Хорасаны Мерв, Нишапур, Рей зэрэг хотыг эзэлж, Афганистанд нэвтрэн оров. Тулуйн цэрэг Мерв хотыг эзэлж авснаар Хорезмын нутагт Чингис хааны хийсэн аян дайн ялалтаар дуусчээ.

Чингис хааны жанжин Зэв, Сүбээдэйн цэрэг Азербайжаны нутгаар нэвтрэн 1221 оны нэгдүгээр сард Гүржийн Лаша хааны цэргийг бутцохив. Зэв, Сүбээдэйн цэрэг 1223 онд Хар тэнгист цутгах Калка хэмээх голын хөвөөнд Оросын вангуудын цэрэгтэй тулалдаж ялалт байгуулжээ.

Чингис хаан 1225 онд баруун зүгийн байлдаанаас буцаж ирээд төдий л удалгүй Тангудын Ся улсын эсрэг дайтахаар шийдвэрлэв. Чингис хааны цэрэг Тангудын Ган Жоу, Ши-лян, Су Жоу, Лан Жоу зэрэг олон хотыг эзлэн авчээ.

Чингис хаан тийнхүү Тангуд улсын цэрэгтэй байлдаж яваад 1227 оны долдугаар сарын 12-ны шарагчин үхэр өдөр буюу нийтийн он тооллын наймдугаар сарын 25-ны өдөр 66 настайдаа таалал төгсчээ.

Чингис хааны нас барсныг нэг хэсэгтээ маш чанд нууж байв. Чингисийн шарилыг түүний төрсөн нутаг Хэнтий ханы өвөрт Их Өтөг гэдэг газар онголсон юм.

Чингис хаан бол Монголын нэгдсэн төр улсыг байгуулж, монгол үндэстэн бүрэлдэн тогтоход гарамгай гавьяа байгуулсан билээ. Чингис цэрэг, засаг захиргааны шинэтгэл хийж, монголын төрийн анхны үндсэн хууль “Их цааз”-ыг үндэслэжээ. Чингис хаан монголын нүүдэлчдийг дэлхий нийтийн түүхийн тавцанд гаргажээ.

Чингисийн байгуулсан Монголын их гүрэн дорно өрнийг холбож, аж ахуй, соёл иргэншлийн талаар харилцан хөгжих бодит нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм.

Чингис хаан цэргийн эрдэм, байлдах урлаг, байнгын армийн онол, сургаалийг боловсруулсан нь дэлхийн цэргийн ухаанд томоохон хувь нэмэр болов.

Чингис хаан төрийн нэрт зүтгэлтэн, ухаалаг сурган хүмүүжүүлэгч, авьяас билэгт яруу найрагч байлаа.

Чингис хаан Македонийн Александр, Наполеон Бонапарт нартай эн зэрэгцэхүйц гарамгай жанжин.

Монгол хүн бүрт Чингис хаан эрхэм эрдэнэ, дээд шүтээн мөн.

 

 

ЧИНГИСИЙН БАЙЛДАХ УРЛАГ – Чингис хаан байлдахын өмнө бүгсэн цэрэг байхаас болгоомжлон урьдаар шилдэг морин цэргийг дөрвөн тийш явуулан өндөр газраас холын бараа ажиглан харуулна. Тэр хайгуул цэрэг нэгээс хоёр зууны газар хүртэл явж дайсныг тагнана. Заримдаа энгийн иргэдийг баривчлан авч тэднийг ашиглана. Хотыг эзлэн авахын өмнө газар орны байдлыг сайтар ажиглан дайсны хүрээ болон хүнс хоол чухам хаа байгааг тагнан мэдэж байлдах аргаа боловмруулдаг.

Цэргийн хороог өндөр газар байрлуулна. Хааны цацрыг төв дунд нь зүүн өмнө зүг хандуулан байрлуулдаг бөгөөд торгон цэргээр ээлжлэн мануулна. Гол цацрын зүүн баруун ар гурван талд олон цэрэг ангийн дарга нарын хүрээг хоорондоо нэлээд зайтай байрлуулж хүрээ бүр шөнө турш эмээлтэй морийг бэлэн байлгаж яаралтай бачим үе гарахад хэрэглэнэ. Монголчуудын цэргийн жагсаал нь хээр талд явуулах байлдаанд зохимжтой. Шууд байлдан орохгүй. 100 морьтон түмэн хүнийг бүслэн хааж чадна. 1000 морьтон цэрэг бутран тархахдаа зууны газрыг дүүргэж чадна. Дайсан лугаа байлдахад юуны урьд хошууч ангийн хүчинд итгэнэ. Хошууч ангийн цэрэг байлдаанд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Бүх цэргийн аравны гурван хувь нь түүний мэдэлд байна. Монгол цэрэг дайсны цэрэгт бүслэгдэхийн аюулд тийм амархан ордоггүй. Дайсны цэрэгтэй байлдахдаа гурав гурав, тав таваараа саланги явах учир дайсан учрахад бүслэгдэхийн аюулгүй байдаг байна. Явган цэрэгт бөөгнөрөн явах нь ашигтай бол морин цэрэгт бутархай явах нь илүү ашигтай. Дайсан хэрвээ бутарвал бутрах ба бөөгнөрвөл бөөгнөрч монгол цэргийн довтлох дайрах нь тодорхойгүй. Заримдаа холоос заримдаа маш ойрхноос довтлон дайрна. Монгол цэрэг нэг ил гарч дахин нэг харахад хэдийнээ далд орж амжина. Хятад түшмэлийн хэлснээр монгол цэргийн гарах завхах нь тун ч итгэлгүй. Ирэхдээ агаараас бууж ирэх лугаа адил, гэв гэнэт зайлан одох нь цахилгаан цахих лугаа адил түргэн энэхүү аргыг цацсан одны жагсаал гэх бөгөөд бөөн байтал бутрахыг ташуурын дохиогоор гүйцэтгэх бөгөөд бутраад бөөгнөрөхийг хэнгэргийн дуунаар дохио болгодог ажээ. Хоромхон зуур мянганы газар зайлан явна. Шөнө цугларахдаа дэн гэрлээр мэдээ өгнө. Монгол цэрэг тэсгим хүйтэнд байлдахдаа дуртай, шөнө цэргийг галын гэрлээр дохио болгож дайсан ирвээс жад сэрээгээр сэрийлгэн жагсаалаа хамгаалахад тэргүүн ба хайгуул ангиуд дүгрэглэн зогсож байн байн харвахад дайсан аяндаа цөхөрч задрах бөгөөд хүнс дутан түлш ховордоход арга буюу хөдөлгөөн орж ирсэн тэр цагт цэргийг дайран байлдана. Дайсны жагсаалын байр хөдөлсөн боловч шууд дайран орохгүй харин дайсан хэзээ үнэхээрийн туйлдсан цагт сая дайран орно. Цэргийн тоо тэднээс дутуу бол зориуд шороо тоос хөдөлгөж холоос гэв гэнэт олон цэрэг айсуй мэт хуурмаг байдлыг гаргаж дайсныг цочоож тэднийг ухруулдаг байжээ. Дайсны цэргийн хүч үнэхээрийн давуу олон бол ачаа хөсгөө гээж буруулж зугтах байдал гаргах бөгөөд дайсан тэднийг лав зугтаав хэмээн итгэж хойноос нь нэхэж хөөхөд гэдрэг гэнэт эргэн дайрч байлдана. Хэрэв үнэхээрийн дарагдвал монгол цэрэг олон зүг бутран сарних учир тэднийг нэхэвч гүйцэхгүй гэх зэргээр монголчуудын цэргийн эрдмийн талаар хар татарын тэмдэглэлд дурдсан байдаг. Байлдаанд орохын өмнө урьдаар өндөр дээр холын бараа харж газрын байдлыг үзэн дайсны бодлогыг туршиж мэдэх болон зориуд дайсны ар тал уруу сундлан дайрах байдлыг үзүүлэн тэгээд жинхэнэ тулалдах үесэд эхлээд дайсны жагсаалыг дайрна. Дайсан сандран хөдлөх үеэр шууд шувтран орох бөгөөд дайсны цэрэг хэдийгээр арван түм боловч тэсвэрлэж чадахгүй. Хэрэв дайсан хөдлөхгүй нэг байрандаа байвал дайсны жагсаалыг дайран орсон цэрэг шууд дайран гарч өнгөрөх бөгөөд тэдний дараагаар өөр нэг анги дайран орно. Дайсан мөн л хөдлөхгүй бол дараа ангийг оруулна. Ийнхүү дайсныг зүүн, баруун, хойд талаас нь бүслэн авдаг байна. Тэгээд дайсны эргэн тойрон найман зовхисоос ухайлан хүчээ хамтатган дайсныг хумин дайрч устгана. Үүнээс гадна цэргийн зарим нь дүүрэг бамбайгаа мөрлөж мориноосоо буун явганаар харвалдана. Ийнхүү харваж дайсны хоёр жигүүрийг бутаргаж самууруулсны дараа дайсныг улам хүчтэй дайрна. Дайсан морьт цэргээр явгалсан цэргийг дарах гэж ирвэл явган цэргийн ар талыг хамгаалсан морьт цэрэг тэдгээрийг тосон байлдана. Дайсан хэрвээ жагсаалаа бэхэлсээр байвал эмнэг агсан морьдоо хөөж оруулж дайсны жагсаалыг сандруулах аргыг хэрэглэнэ.

Цэргийн манлай ангийг явуулж дайсны хүчийг тэнсэн тагнаж турших, эсвэл худалдаачин мэтийн хүмүүсийг ашиглаж эсэргүүцэл дайсны цэргийн хүч чадлыг тагнан турших, эсвэл янз бүрийн арга хэмжээнд санал сэтгэл алдагдсан хүн ардын хэсгийг биедээ татаж ашиглах гэх зэрэг аргыг хэрэглэнэ. Дайсанд өөрийн хүчийг буурай мэт харуулах зорилгоор туранхай морины арга, өөрөөр хэлбэл агт морь туранхай, хүчгүй гэсэн хуурамч ойлголтыг буй болгох, эсвэл түүдэг галыг шөнийн цагт олноор нь шатааж дайсанд тэнгэрийн од газар буусан мэт олон харагдуулж зүрхийг шимшрүүлэх гэх зэргийн олон аргыг хэрэглэж байсан байна. Үүнээс гадна Чингисийн цэрэгт урууд, мангууд хэмээх асар зоригтой аймгууд байсан бөгөөд тэдгээр аймгууд их төлөв байлдааны өмнө тэргүүлэн орж дайсны хүчийг бут цохиж сандралд оруулах зорилгыг хадгалдаг байсан байна. Жишээлбэл, Чингисийн гайхамшигтай зоригтой жанжингуудын тухай дурдахад Хуйлдар, Жорчудай, Хубилай гэх мэтийн баатрууд байсан бөгөөд тэдний талаар Чингисийн дөрвөн нохой хэмээх зоригт баатруудын тухай Нууц товчоонд тодорхой дурдсан байдаг билээ.

Чингисийн алдарт жанжин Сүбэдэй, Зэв нар дайсныг бүслэн хааж устгах талаар гарамгай мэргэжил чадвартай байлаа. Хэрэв дайсны хүчийг хялбархан сэтэлж болохгүй бол түр ухарч заримдаа хэдэн өдрийн газар холдон явж, дайсан, монголчууд цөхрөнгөө бараад явав бололтой гэж санаа амарч гэнэ сэрэггүй болоход нь гэнэт эргэж довтлон дайрч энэ удаа дайсны цэргийг сандралд оруулж эрхбиш ялна. Ийм аргыг монголчууд Алтан улс, Дундад Азийг байлдах үеэр олонтаа хэрэглэж байлаа. Монголын хөнгөн морьт цэрэг дайсныг цаг үргэлж дайран довтлох буюу нэлээд зайтай байж, нум сумаар харвах нь бороо орох мэт байдаг байжээ. Цэргийн хөдлөх, давшихыг дарга нар нь алсаас туг далбаагаар удирдах бөгөөд шөнийн цагт өнгө бүрийн бамбараар дохио өгч удирддаг байна. Дайсан цуцаж, эсэргүүцэх чинээгүй болмогц хүнд морин цэргийн анги дайны төв буюу хажуу талаас довтлон орно. Энэ нь дайсныг бүрмөсөн ялагдах асуудлыг шийдвэрлэнэ. Гэвч монголчууд шийдвэрлэх тулалдаанд ялавч зорилтоо бүрэн биелүүлэв гэж үздэггүй байна. Чингис хааны стратегийн нэг гол зарчим бол дайсны цэргийн үлдэгдлийг нэхэн хөөж дуустал хядан сөнөөх явдал юм. Туркестаныг байлдах үеэр дайсны цэргийн бэхлэлт бүхий хот боомтыг бүслэн авахдаа янз бүрийн байлдааны техникийг хэрэглэсэн байна. Хэрэв уул хотыг нэн даруй байлдан эзлэх боломжгүй гэж үзвэл модоор тойруулан хашаа барьж, хүнс хоол оруулахгүй өлсгөлөнгөөр буулгаж авах аргыг хэрэглэнэ. Оньст машин хэрэглэнэ. Хотыг жад, чулуу, галт сумаар тасралтгүй харвана. Хотыг тойруулж ухсан гууг элс чулуу шороо аль болох зүйлээр дүүргэж хотыг ойроос нь дөтлөн дайрах боломжийг бүрдүүлнэ. Чингэхдээ харь орноос олзлон авсан хүмүүсийг хотыг дайрах аль хүнд ажилд ашигладаг байв.

Монгол цэргийн асар хөнгөн шаламгай болон цэргийн эрдэмд тэсвэртэй хатуужилтай, зориг самбаа нь дайнд ялах гол хүчин зүйл байжээ.

 

Үргэлжлэл бий