МОНГОЛЫН ТҮҮХИЙН ОН ТООЛЛЫН ХЭЛХЭЭС

Posted on Арван хоёрдугаар сар 12, 2011

1


-“Чингис хааны тухай товч тайлбар толь” номоос иш татав-

 

200 000                      Жилийн тэртээ монгол нутагт хүн оршин сууж байжээ.

12 000                        орчим жилийн өмнөөс Монголын шинэ чулууны үе эхэлжээ.

МЭӨ                           II мянган жилийн түрүү хагасаас анхны төмөрлөг эдлэл гарсан

МЭӨ                           II мянган жилийн хоёрдугаар хагасаас монгол нутагт мал аж ахуй үүссэн

МЭӨ                           IV-III зуунд монгол нутагт хүннү, дунху нарын аймгийн холбоо байгуулагдсан

МЭӨ                           III зуунд Хүннү гүрэн байгуулагдсан

МЭӨ                           209-176 – Модун, Хүннүгийн шаньюй байсан

МЭӨ                           57-55 Хүннү гүрэн ар өвөр болон салсан

МЭӨ                           I зууны үе – Сяньби улс байгуулагдсан

МЭӨ                           85-93 Ар Хүннү Сяньбид цохигдож, түүний холбоонд нэгдсэн

141-181                     Таньшихуай, Сяньбийн их захирагч байсан

220(?) – 235              Кэбинын их захирагч байжээ

III зуун                        Сяньби улс унаж, тоба, муюн нар ялгаран гарсан

318 – 410                  Муюн улс

318 – 333                  Муюн-хой Муюн улсын шаньюй байжээ

386 – 581                  Тоба аймаг умарт Хятадыг эзлэн захирч түүний нутагт феодалын түрүү үеийн улс байгуулжээ

398 – 409(?)              Тоба Гүй, Тоба улсын эзэн хаан байжээ

466 – 470                  Тобагийн хаадын эсрэг 2 удаа ардын бослого гарчээ

535                             Тоба улс баруун, зүүн болон салсан

402 – 555                  Жужаны хаант улс

552                             Жужаны эсрэг түүний харьяанд байсан Түрэгчүүдийн “Төмөрчдийн их бослого” гарсан

552 – 558                  Түрэгийн түрүү үеийн улс

572                             Тоба түрэгийн хаан ширээнд суусан

583 – 586                  Түрэгийн язгууртны эсрэг гарсан их бослого

590                             Түрэг улс баруун, зүүн болон хоёр салсан

616                             Хятадын түрэмгийллийн эсрэг түрэгчүүдийн хийсэн тэмцэл

680                             Хятадын Тан улсын түрэмгийллийн эсрэг Кутулугийн толгойлон хийсэн тэмцэл

690 – 745                  Түрэгийн хожуу үеийн улс

693 – 716                  Можо хаан төр барьсан

709 – 715                  Киргиз, тургейш, харлагуудыг эзэлсэн

732                             Куль Тегины бичигт хөшөө босгосон

716 – 734                  Могилян түрэгийн хаан суусан

744                             Пэйло-уйгурын хаан сууж, түрэгийн эсрэг бослого эхлүүлсэн

745                             Уйгур аймаг Түрэг улсыг бут цохиж, Монгол нутагт уйгарын хаант улс байгуулсан

VII – VIII зуун            Монгол гэдэг нэр түүхэнд гарах болсон

747 – 759                  Моюнчур, уйгарын хаан суусан

751                             Уйгурын Балыклык (хар балгас) хотыг байгуулсан

840                             Уйгурын хаант улс Енисейн киргизүүдэд автагдав. Х зууны эхний хагаст кидан нар киргизийг бут цохиж умард, зүүн умард Хятадыг байлдан эзлээд, феодалын түрүү үеийн улс Ляо гүрнийг байгуулсан

1113 – 1215              Зүрчид бослого гаргаж, Ляо гүрнийг унагааж, Зүрчидийн Алтан улсыг байгуулсан

Нийтийн он тооллын 1162 он (хар морин жил): дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Чингис хаан мэндлэв. Нэр Тэмүжин.

1163 он (харагчин хонин жил): Тэмүжин хоёр настай (хий насаар тоолов) байв.

1164 он (хөх бичин жил): Тэмүжин гурван настай байв. Тэмүжиний дүү хавт Хасар төрөв.

1166 он (улаан нохой жил): Тэмүжин таван настай байв. Тэмүжиний хоёр дахь дүү Хачиун төрөв.

1168 он (шар хулгана жил): Тэмүжин долоон настай байв. Тэмүжиний отгон дүү Тэмүгэ-отчигин төрөв.

1169 он (шарагчин үхэр жил): Тэмүжин найман настай байв. Ганц охин дүү Тэмүлүн гуа төрөв.

1170 он (цагаан барс жил): 1.Тэмүжинг есөн настай байхад Бөртэ үжинтэй сүй тавьжээ. 2.Есүхэй баатар татар аймагт хорлогдон нас барав.

1171 он (цагаагчин туулай жил): Тэмүжин арван настай байв. Есүхэй баатар нас барснаас түүний захиргаанд байсан овгууд бутарч, түүний гэр бүлийг гаргуунд нь хаян нүүдэллэв.

1172 он (хар луу жил): Тэмүжин арван нэгэн настай байв. Тэмүжин Онон мөрний мөсөн дээр наадаж байгаад Жамухтай танилцан анд бололцов.

1173 он (харагчин могой жил): Тэмүжин арван хоёр настай байв. Тэмүжин Хасартай нийлж эх өөр дүү Бэгтэрийг харван алав.

1177 он (улаагчин тахиа жил): Тэмүжин 16 настай байв. Тэмүжин тайчуудад баригдаж, Сорхон шартай танилцав. Найман шарга агтаа дээрэмдүүлж Боорчитой нөхөрлөв.

1178 он (шар нохой жил): Тэмүжин 17 настай байв. Тэмүжин Бөртэ үжинтэй хуримлаж, Бөртэгийн эцэг Тэмүжинд инж болгон хар булган дах бэлэглэжээ. Энэ дахыг Тэмүжин хэрэйдийн хан Тоорилд бэлэглэв. Тэмүжин Бэлгүүдэйг томилж Боорчийг урин ирж нөхөрлөв. Урианхай овогтны Жарчуудай өвгөн хөвгүүн Зэлмээ дагуулан ирж Тэмүжинд тушаан, Тэмүжин Зэлмэтэй нөхөрлөв. Мэргидүүд Бөртэ үжинг олзлон аваачив. Тэмүжин цэргийн нөхөрлөл байгуулав.

1179 он (шарагчин гахай жил): Тэмүжин 18 настай. “Буур хээрийн байлдаанаар” мэргидийг ялж Бөртэг олзноос чөлөөлөв. Бөртэ үжин ахмад хөвгүүн Зүчийг төрүүлэв. Энэ онд Тэмүжин Жамухтай хамт өвөлжив.

1181 он (цагаагчин үхэр жил): Тэмүжин 20 настай. Хаврын эхнээр Жамух Тэмүжингээс салан явав.

1183 он (харагчин туулай жил): Тэмүжин 22 настай. Бөртэ үжин хоёрдугаар хөвгүүн Цагаадайг төрүүлэв.

1186 он (улаан морин жил): Тэмүжин 25 настай байв. Бөртэ үжин гуравдугаар хөвгүүн Өгөөдэйг төрүүлэв.

1189 он (шарагчин тахиа жил): Тэмүжин 28 настайдаа Хамаг Монгол улсын хаанаар өргөмжлөгдөж, Чингис цолыг хүртэв. Анхны төрийн зохион байгуулалтын суурийг тавив.

1190 он (цагаан нохой жил): Хаан 29 нас хүрэв. Жамухын өдөөсөн “Арван гурван хүрээний байлдаан” явагдав.

1193 он (харагчин үхэр жил): Хаан 32 нас хүрэв. Бөртэ үжин дөрөвдүгээр хөвгүүн Тулуйг төрүүлэв.

1194 он (хөх барс жил): Хаан 33 настай байв. Монголын хатагин, салжууд зэрэг аймгууд Алтан улсад халдав.

1195 он (хөхөгчин туулай жил): Хаан 34 настай байв. Алтан улсаас цэрэг томилж зүйн цэрэг ба татар цэрэгтэй хамтран хатагин, салжууд зэрэг аймгийн дөрвөн хүрээг эзлэн авсан бөгөөд татар аймаг ба Алтан улсын хооронд зөрчил гарав.

1196 он (улаан луу жил): Хаан 35 насыг зооглов. Алтан улс татарыг дайлав. Чингис хаан Тоорил хантай хамтран Алтан улсын хүчийг ашиглан Татар аймагтай байлдаж ялав. Хэрэйд улсад хямралдаан болж Ван хан Хар Киданд зугтан одов.

1197 он (улаагчин могой жил): Хаан 36 настай байв. Чингис хаан Жүрхин аймгийг дарав. Жалайрын Мухулай ирж нөхөрлөв. Ван ханы дүү Жаха Хомбуу дагаар ирэв.

1198 он (шар морин жил): Хаан 37 настай. Ван хан намар тангуд газраар дамжин буцаж ирэхэд Чингис хаан үнэнчээр туслав. Чингис хаан Мөрөц сүүл гэдэг газар мэргидийн Тогтоа Бэхийг байлдаж дийлэв. Татар Хятад зүрчид хоёрын хооронд дайн дэгдлээ.

1199 он (шарагчин хонин жил): Хаан 38 настай байв. Чингис хаан Ван хантай хамтран умард наймантай байлдав. Өвөл найманы Хөгсэү Сабрагтай байлдах гэтэл Ван хан Чингисийг орхин дутаав. Хөгсэү Сабраг Ван ханыг нэхэн байлдаж Ван хан дийлэгдэв. Чингис хаан Боорчи, Мухулай нарыг томилон Ван ханд туслав. Мэргид Тайчууд Чингист халдахаар сүлбэлдэв.

1200 он (цагаан бичин жил): Хаан 39 настай. Чингис хаан Ван хантай хамтран Онон мөрний элсэнд тайчуудтай байлдав. Буйр нуурын орчим Чингис хаан хатагин, салжууд зэрэг 11 аймгийн язгууртнуудтай байлдаж ялав. Ван хан Чингисээс дахин салж явав. Чингис татарын 4 овгийг дийлэв.

1201 он (цагаагчин тахиа жил): Хаан 40 настай байв. Хонгирад, ихрэс, горлос зэрэг аймгууд Жамухыг “Гүр хаан” өргөмжилж, Чингисийн эсрэг аян дайн хийв.

1202 он (хар нохой жил): Хаан 41 настай байв. Далан нөмөргөст гурав дахь удаа татар аймагтай байлдаж мөхөөв. Намар өвлийн үеэр “Хүйтэн” гэдэг газар Жамухтай дахин байлдаж ялав. Тайчуудыг дарав. Энэ байлдаанд Чингис хаан шархтаж, Зэвтэй нөхөрлөв. Сорхон шар ирж нийлэв.

1203 он (харагчин гахай жил): Хаан 42 настай байв. Хавар Жамух, Ван хан, Нялх Сэнгүм нар хуйвалдаж Чингисийг хорлох арга үүсгэв. Бадай Хишилиг хоёр Ван ханы хуйвалдааныг Чингист мэдэгдэж туслав. Ван хантай анх “Муу өндөрийн байлдаан”-д хоёр тал их хохирол амсав. “Балжууна” нуурын тангарагийг байгуулав. Ван хантай байлдаж Хэрэйдийг мөхөөв.

1204 он (хөх хулгана жил): Чингис хаан 43 настай байв. Онгуд аймаг ирж нэгдэв. Цэргийн зохион байгуулалтыг өөрчилж “аравт, зуут, мянгат”-ын дүрмийг тогтоожээ. 4 сард наймантай байлдаж мөхөөв. Уйгур бичгийн хүн Тататунгыг олзолж, уйгаржин монгол үсгийг бүх монголд дэлгэрүүлсэн бөгөөд тамгыг эхлэн хэрэглэжээ.

1205 он (хөхөгчин үхэр жил): Хаан 44 настай байв. Умард найман ба мэргидийн үлдэгдлийг дарав. Тангуд улс Нялх Сэнгүмийг далдалсан учир тангудыг анх дайлав. Жамухыг цаазаар авав. Монголын эл аймгуудыг бүрэн нэгтгэв.

1206 он (Чингисийн тэргүүн он, улаан барс жил): Хаан 45 насыг зоогложээ. Хаант Монгол улсыг тунхаглан байгуулж, Чингис хаан их ор суув. Наян найман төрийн гавьяатныг шагнав. Цэрэг засаг нэгдсэн дөрвөн түмэн ба ерэн таван мянган түмэн хишигтэнг шинээр цэгцлэн байгуулж, хаант Монгол улсын төрийг цогцлов. “Их засаг” хууль тогтоов.

1207 он (Чингисийн 2 дугаар он, улаагчин туулай жил): Хаан 46 настай байв. Ахмад хөвгүүн Зүчийг томилж ойн иргэдийг нэгтгэн авав. Тангуд руу хоёр дахиа дайлаар мордов. Чингис хааны “Алтан ураг”-ийнханд харьяат ард, газар, эд хөрөнгө хуваажээ.

1208 он (Чингисийн 3 дугаар он, шар луу жил): Чингис хаан 47 настайдаа алтан ордондоо саатжээ.

1209 он (Чингисийн 4 дүгээр он, шарагчин могой жил): Хаан 48 настай байв. Тангуд улсыг гурав дахиа дайлав.

1210 он (Чингисийн 5 дугаар он, цагаан морин жил): Хаан 49 настай байв. Хааны эрхэд халдсан бөө Тэв тэнгэрийг хороов. Алтан улсыг дайлах бэлтгэл хийгдэв.

1211 он (Чингисийн 6 дугаар он, цагаагчин хонин жил): Хаан 50 насыг зооглов. 2 дугаар сард хаан биеэр их цэргээ аван, Алтан улсыг гурван замаар дайлав. Монголын цэрэг анх удаа Алтан улсын баруун нийслэл Дадүн хотыг эзлэн авав. Чингис хаан Алтан улсын цэргийн гол хүчийг сөнөөв. 9 дүгээр сард монгол цэрэг Цавчаал боомтыг эзлэн авч Жүндү хотыг шахан хүрэв. Монголын гол цэрэг Жүндү хотыг довтлоод авч чадсангүй, өвөл Алтан улсын хил дагуу орноор өвөлжин цэргээ цэгцлэв.

1212 он (Чингисийн 7 дугаар он, хар бичин жил): Хаан 51 настай байв. Хаврын тэргүүн сар Жүндү хотыг ахин довтлов. Хавар монгол цэрэг Алтан улсын жанжин Хушахын гучин түмэн цэргийг Хуй хе Буу-д бүрэн сөнөөв. Чингис хаан Алтан улсын баруун нийслэл Дадүнг дахин довтолж, шархдаж цэрэг ухрав. Киданчууд “Зүүн Лиюу улсыг” байгуулж Монголд дагаар оров.

1213 он (Чингисийн 8 дугаар он, харагчин тахиа жил): Хаан 52 настай байв. Хаврын тэргүүн сар Чингис хаан Алтан улсын зүүн нийслэл Лиюу Янг эзлүүлэхээр Зэв ноёныг томилов. 10 дугаар сард Чингис хаан элч томилж Алтан улсыг бууж өгөхийг шаардав. Чингис хаан цэргээ гурван замаар хувааж, Алтан улсын дотор газар довтлон, Шандүн, Шаньси, Лхэбэй, Лиюуис зэрэг газрын ерээд хот балгасыг эзлэв.

1214 он (Чингисийн 9 дүгээр он, хөх нохой жил): Хаан 53 настай байв. Алтан улс найрамдахыг хүсч өршөөл эрсэнд Чингис хаан зөвшөөрөв. 6 дугаар сард Алтан улсын хаан Жүндү хотоо орхиж, өмнөд нийслэл Биянлиян хотдоо нүүж нийслэлэв. 7 дугаар сард Алтан улсын итгэл алдав гэж монгол цэрэг гурав дахиа Жүндү хот өөд довтлов. 10 дугаар сард Мухулай ноёныг томилон Лиюушийг дайлуулав.

1215 он (Чингисийн 10 дугаар он, хөхөгчин гахай жил): Хаан 54 настай байв. Хавар монголын цэрэг Лиюушийн газрыг бүрэн эрхшээн авав. 3 дугаар сард Жүндү хотод туслахаар ирсэн Алтан ханы цэргийг устгав. 5 дугаар сард Алтан улсын нийслэл Жүндү хотыг эзлэн авав. Бичгийн эрдэмтэн Кидан хүн Елүй Чуцайтай Чингис хаан биеэр ярилцав. Ойн иргэд бослого гаргав. Улсын дотоод явдлаа шийдвэрлэхийн тулд Чингис хаан Хэрлэнгийн их ордондоо буцав.

1216 он (Чингисийн 11 дүгээр он, улаан хулгана жил): Хаан 55 настай. Түмэд зэрэг ойн иргэдийн бослогыг дарангуйлахаар цэрэг томилов. Найманы Хүчүлүгийг устгахаар Зэв ноёныг хар Кидан өөд томилов. Хорезмд элч томилж, арилжааны гэрээ тогтолцжээ.

1217 он (Чингисийн 12 дугаар он, улаагчин үхэр жил): Хаан 56 настай байв. Ойн иргэдийн бослогыг дарав. Сүбээдэй баатар мэргидийн үлдэгдлийг нэхэж Цүй мөрөнд хүрч бүрмөсөн устгав. 8 дугаар сард Мухулай ноёнд гоо ван цол, алтан тамга, есөн хөлт туг өгч Алтан улсыг дайлах үүрэг өгөв. Ухуна түрүүтэй 450 хүнээс бүрдсэн худалдаачдыг Хорезмд томилов.

1218 он (Чингисийн 13 дугаар он, шар барс жил): Хаан 57 настай байв. Монголын худалдаачид ба элч нарыг Хорезмд алж, худалдааны жинг олзлов. Зэв ноён хар Киданыг мөхөөв. Хорезмыг дайлахад бэлтгэв. Тангудыг дөрөв дэх удаагаа дайлав. Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоов. Өгөөдэйг их хааны залгамжлагчаар гэрээслэв. Зэв, Сүбээдэй, Тогуучар нарыг монголын их цэргийн хошуучаар томилов.

1219 он (Чингисийн 14 дүгээр он, шарагчин туулай жил): Хаан 58 настай байв. 4 дүгээр сард Чингис хаан их цэрэг авч Хорезм улсыг дайлаар мордов. Хорезмыг дайлах хорин түмэн их цэрэг Эрчис мөрөнд цугларав. Сүн улсын бумбын шашны бясалгаач Чан Чунь аршийг залахаар Лиу Жүн Лү, Жэбэр нарыг томилжээ. 9 дүгээр сард Отрар хотыг бүслэв. Чингис хааны захирсан гол цэрэг Бухар, Самаркандыг дайлах замд Зарпуг, Нуур хотыг эзлэв.

1220 он (Чингисийн 15 дугаар он, цагаан луу жил): Хаан 59 нас хүрлээ. 3 дугаар сард Чингисийн их цэрэг Бухар хотыг эзлэв. Мөн сар Хорезмын шинэ нийслэл Самаркандыг эзлэв. Хорезмын султан Мухамед дутаасан тул Чингис хаан Зэв, Сүбээдэй, Тогоочараар нэхүүлэв. Цагаадай, Өгөөдэйн захирсан цэрэг Отрар хотыг эзлэв. Энэ зун Чингис хаан Нахшабын талд зусав. Намар Чингис хаан Тирмиц хотыг эзлэн авав. Зэв, Сүбээдэй нарын цэрэг Азербайжаны төв Тбилис өөд довтолж, Каспийн тэнгисийн эрэг дагуу өвөлжив. Зэв, Сүбээдэйн цэрэг өвлийн хүйтэнд Грузины хилд гэнэт цөмрөн орж цэргийг нь устгажээ. Мухамед султан Каспийн тэнгисийн нэгэн бяцхан арал дээр хоргодов. Өвлийн эхээр Ургенч хотыг дайлсан байлдаан эхэлж, өвөл туж үргэлжлэв.

1221 он (Чингисийн 16 дугаар он, цагаагчин могой жил): Чингис хааны нас сүүдэр 60 хүрэв. 1 дүгээр сард Хорезмын султан Мухамед нас барж, түүний хөвгүүн Желал-ад-Дин орыг залгамжлав. Хавар Чингис хаан Амударьяа мөрнийг гаталж Балаг хотыг эзлэв. Желал-ад-Дин султан Бараан хээрд монголын хушууч цэргийг дайрж мянган хүн алсан бөгөөд туслахаар очсон Шихихутагийн цэргийг байлдан дийлэв. Ургенч хотыг эзлэв. Балиан цайзын байлдаанд Цагаадайн хөвгүүн алагджээ. 10 дугаар сард Чингис хааны их цэрэг Шин мөрний хөвөөнд Желал-ад-Дин султаны цэрэгтэй ширүүн байлдаж дийлэв. Зэв, Сүбээдэйн цэрэг Армен, Грузины зүүн өмнө хэсэг өөд довтолжээ.

1222 он (Чингисийн 17 дугаар он, хар морин жил): Хаан 61 настай байв. Хавар Чингис хааны гол цэрэг Балаг хотыг дахин байлдав. 4 дүгээр сарын 5-ны өдөр Сүн улсын эмч Чанчунь арштай анх удаа уулзав. Хорезмын эл хотуудад захирагч нарыг томилов. 8 дугаар сард Чингис Чанчунь арштай хоёр дахиа уулзав. Зэв, Сүбээдэйн цэрэг Кипчакт гүнзгийрэн довтолжээ.

1223 он (Чингисийн 18 дугаар он, харагчин хонин жил): Хаан 62 настай байв. Хаврын эхээр монгол цэрэг энэтхэг, төвдөөр дайран Монголдоо буцах гэсэн боловч уур амьсгал тараагүй тул буцаж уул замаараа Монгол орон өөд буцав. Тус оны 3 дугаар сард Чан Чунь арш Чингисээс салж нутаг буцав. Мөн сар Гоо ван Мухулай хятадын Шаньси мужид өвчнөөр нас барсан тул түүний хөвгүүн Борыг Дундад Азиас буцааж, орыг нь залгамжлуулав. 5 дугаар сард Зэв, Сүбээдэйн цэрэг Калка гол дээр орос, кипчакийн холбоот цэргийг бут цохив. Өвөл нь Чингис хаан их ав хийв. Чингис хаан хар Эрчис гол орчимд буудаллан байхад Тангуд улсын цэрэг Монгол нутаг руу довтлов. Тус оны сүүлчээр Зэв, Сүбээдэйн цэрэг Болгар аймгийг эзлэн авч Зүчийн гадаад харьяат болгож, цэрэг буцав.

1224 он (Чингисийн 19 дүгээр он, хөх бичин жил): Хаан 63 настай. Хавар Шихун мөрний орчим хаан эцэг хөвгүүд цугларч хуралдай хийв. 5 дугаар сард Мухулайн хүү Бор ван тангудын цэргийг дийлж, тангудын эзний хөвгүүнийг барьцаа болгохоор тогтов. Намар их цэрэг эх нутгаа зорив. Тангуд улс ба Алтан улс эвслийн гэрээ байгуулав. 10 дугаар сард хааны ач Хубилай, Үлэх (Тулуйн хөвгүүн) хоёр Эмил голд ирж хааныг угтав. Зэв жанжин, цэрэг буцах замд нас барж, Сүбээдэйн цэрэг их цэрэгт нийлэв. Тус оны сүүлч буюу 1225 оны эхээр Эрчис мөрний эх орчмын Буга Сочигай гэдэг газар их хурим хийж, Есүнгэ мэргэн сур харваж 335 алд газар харвасан тул чулуун хөшөө босгов.

1225 он (Чингисийн 20 дугаар он, хөхөгчин тахиа жил): Хааны нас сүүдэр 64 хүрэв. Хаврын эхээр Чингис хаан сартуул иргэнийг дайлж, Туул голын Хар Дөн дэх ордондоо морилов. Намар Чингис хаан арван түмэн их цэрэг дайчилж Тангуд улсыг дайлаар мордов. Чингис хаан их ав хийж байгаад мориноосоо унаж бэртэв.

1226 он (Чингисийн 21 дүгээр он, улаан нохой жил): Хаан 65 насыг зооглов. Хаврын тэргүүн сар монгол цэрэг Эзнэй голын зүгээс Тангуд улс өөд довтолж, Хар балгас хотыг эзлэн авав. 7 дугаар сард Тангудын эзэн Ли Дэ ван үхэж, түүний ач хөвгүүн Ли Шиян эзний орыг залгамжлав. Намар Монголын их цэрэг Ганжу, Ши Лиян Фү, Цүлү, Лхелу, Сүжү зэрэг хот балгасыг эзлэн авчээ. 11 дүгээр сард Чингисийн их цэрэг түрэмгий балгасыг эзлэв. Өвөл монголын цэрэг тангудын нийслэл Иргай хотыг бүслэн байлдав.

1227 он (Чингисийн 22 дугаар он, улаагчин гахай жил): Хаан 66 настай байв. Хаврын тэргүүн сар, хаан хатан голыг гаталж, тангудын зэргэлдээ Алтан улсын балгасыг довтлов. Жи Ши Жү хотыг эзлэв. 2 дугаар сард Лин Дууг эзлэн авав. 3 дугаар сард Дуу Жиү, Лхэ Жиү, Шинин Шиян зэрэг хотыг эзлэн авав. 4 дүгээр сард Чингис хаан Лүгдэ хотыг эзлэв. 5 дугаар сард Чингис хаан Тан Чинг Алтан улсад элчинээр томилов. 6 дугаар сард Алтан улс найрамдахыг хүсэв. Чингис хаан Чин Шүйд буухад Тангуд улсын элчин ирж, нэг сарын дараа бууж өгөхөөр тохиров. 7 дугаар сарын шинийн 5-ны хар морин өдөр (буюу аргын улирлын 8 дугаар сарын 18-ны өдөр) Чингис хаан халуун өвчнөөр хүнд чилээрхэж, тус сарын 12-ны шарагчин үхэр өдөр (буюу аргын улирлын 8 дугаар сарын 25-ны өдөр) 66 настайдаа Чин Шүй Шияны Жиянд таалал төгсөв.