Чингис хааны тухай товч тайлбар толь-14

Posted on Арван хоёрдугаар сар 12, 2011

1


-“Чингис хааны тухай товч тайлбар толь” номоос үргэлжлүүлэн нийтэлж байна-

 

ЧИНГИСИЙН БИЛЭГ – Их хаан өөрийн хүүхэд, дүү нар болон өрлөг сайд нартаа хандан сургаж хэлсэн үгийг Чингисийн билэг гэж нэрлэдэг ажээ.

Энэ билэг сургаалд ганц Чингисийн ч биш тэр үеийн ухаантан мэргид, цэргийн өрлөгүүд, төр улсын томчуудын хэлсэн үг нэлээд хувийг эзлэх бизээ.

Рашид-ад-Дин “Судрын чуулган”-даа энэхүү билэг сургаалиас гучаад зүйлийг перс хэлнээ орчуулан оруулжээ.

Нийт хүмүүст хандан эзэн Чингисийн сургасан нь:

“Омог хүчийг тарааж

Олныг аргаар барь

Олны эзэн болох буй

Арга билгийг сайтар мэдвэл

Аливаа хүчтэнийг

Эрхээр болгох хялбар

Арга билэггүй бол

Алган дахийг

Тогтооход бэрх

Биеийн бөхөөр ганцыг ялъюу

Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу

Үгэнд ижилдвэл цэцэн болох

Илдэнд ижилдвэл баатар болох

Нийт хэдий олон боловч аргатан цөөн бол тусгүй

Аливаа үйлнээс аялах хүн дээр биз ээ

Түмэн хүнээс төр ёсон мэдэх хүн дээр

Эр хүн биеэ эдээр чимсэнээс, эрдмээр чимсэн дээр

Өндөр уулын хөтөл зорь, өргөн далайн гарам зорь

Хол гэж бүү цөхөр, явбал хүрнэ

Хүнд гэж бүү цөхөр, өргөвөл даана…”

“Сумын мөсөн хэдий шударга боловч өд онигүй бол

харваж үл болох

Хөвгүүн хэдий сайн төрөвч эцгийн сургаальгүй

цэцэн үл болох”

гэжээ.

Чингисийн билэг сургаалийн нэг онцлог бол хаан өөрөө бусдад тодорхой асуудал тавьж одоогийн бидний хэлдгээр шалгалт авч дүгнэлт өгдөг байсан явдал юм.

Чингис хаан ч өөрийгөө хүний 35 эрдмээр шүүлгэж байсан гэдэг.

Чингис хаан хөвгүүдээсээ хуримын дээд хурим, жаргалангийн дээд жаргалан аль вэ гэдэг асуулт тавихад Цагаадай, хуучин би хуучирч, шинэ би шилжин ирэв гэж хутаг өлзийтэй хуримлан жаргавал хуримны дээд тэр буйзаа гэх утгатай үг хэлэхэд хаан “Тэр тань хуримын дээд бус: нярайгаас хагацаад нэр эс өгвөл, хэвлийгээс унаад, гэгээн эс үзвэл хэнийг шинэлэх та…” “Үүнээс хойшид эцгээс үүдэж, эхээс төрсөн өдрөө хуримлавал дээд хурим тэр буй” гэжээ.

Цагаадай “Дайсан хүнийг дарж булхаа өрийг бурчиж, богтотыг булгалж, богтготыг буйлуулж ирвээс жаргалын сайн энэ” гэдэг.

Зүчи “Олон адуугаа адуулан, олон даагаа уралдуулж орд гэрээ байгуулан хуримлан, дайлан, наадан явбал жаргалын сайн энэ аж” гэдэг.

Өгөөдэй “Эцэг бидний зонхилсон их улсыг жаргуулан, гары нь газар, хөлий нь хөсөр тавиулж, улс иргэнээ уртдаа агуулж, төр ёсоо төвшин барьж өтгөс ихсийг жаргуулж, өсөх залуусыг амруулбал жаргалангийн сайн энэ ажгуу…” хэмээсэнд Чингис хаан, Зүчи, Тулуй хоёр өчүүхэн хүний үг өгүүлэв. Цагаадай надтай хамт дайн байлдаанд явдаг тул тэгж хэлсэн биз.

Харийг өчүүхэн хэмээн бүү сэтгэ! Харийг басаад хатад охидыг уйлуулсан олон бий! Хадран загасыг өчүүхэн хэмээн бүү сэтгэ! Хадран загасыг басаад гараа хагалсан олон.

Өгөөдэйн үг маш зөв гэж айлджээ.

Чингис хаан:

Цэцэн сайн түшмэл улсын эрдэнэ

Цэцэн хатан гэрийн эрдэнэ

Үйл хэдий хялбар боловч эс хичээвэл үл бүтэх

Хүн хэдий сайн төрөвч эс сургавал цэцэн үл болох

Хүндлэгдэх, хөнгөлөгдөх хоёр өөрийн биеэс болно

гэжээ.

Чингис хаан бас:

Төрийн эзэн хаан мэргэн цэцэн болбол

Төр ёсоо төвшин байвал

Төрүүлсэн эцэг, эх бүтэн болбол

Төрөлдсөн ах дүү төгс болбол

Түүрэтгэлгүй дайсныг дарах цэрэгтэй бол

Түмэн бид гэргий хөвгүүн, ач үр мэнд байвал

Дэлхийн эрхт мөнх тэнгэр ивээх бол

Тэнсэлгүй их жаргалан тэр буй

хэмээн зарлиг буулган бусдад тавьсан асуудлаа хариулжээ.

Чингисийн билэг сургаалд гарч буй цэцэн цэлмэг үгтэй, утга төгөлдөр шүлэг сургааль бол манай залуу хойч үеийн амны уншлага, оюун санаа, зүрх сэтгэлийн дуудлага болж монгол хүний амьдралынхаа турш мөрдөх зарчим, зүг чиглэл, ёс суртахууны эрхэм дээд хэмжүүр байх учиртай.

Чухамдаа үүх түүхээ, үндэс угсаагаа мэдэж хүний нийгмийн түүхэнд өвөг дээдсийн хүрсэн газар, харилцсан соёл, байгуулсан төрт улс, оруулсан хувь нэмрээрээ бахархах нь цаашдын дэвшлийн эх буюу.

ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАШДИР – Нууц товчооноос эхлээд Оюун түлхүүр хүртэл бидний мэдэх зохиолууд бүгд Чингис хааны нэртэй холбоотой билээ.

Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвүүний цэцэлсэн шашдир Лу.Алтан товч, Рашипунцагийн Болор эрх зэрэг зохиолоор дамжин бидэнд хүрч иржээ. Өнчин хөвүүний шашдир гэдэг энэ зохиол Чингисийн нэртэй холбоотой бөгөөд бусад зохиолоос ялгаатай нь гэвэл уг зохиолын гол баатар нь өнчин хөвгүүн юм.

Өнчин хөвгүүний үгээр ард олны саруул ухаан авьяас билэг, мэдлэг чадварыг харуулж буй зохиол юм.

Бас нэг тэмдэглэх ёстой зүйл бол Чингис хаан хэргэм цол зэрэг зиндааг хардаггүй, эрүүл ухаан, мэдлэг чадварыг үнэлдэг хосгүй хүн гэдэг нь энд тодорхой гардаг.

Уг зохиолын гол агуулга гэвэл Чингис хаан есөн өрлөгийн хамт хурим найр хийж архины тус хүч, хор хоёрыг шүүмжлэн хэлэлцдэг.

Зарим өрлөг нь архийг идээний дээж, найр хуримд байх ёстой, уух учиртай гэж үздэг, тухайлбал:

Сорхан шар

“Дээд хаан эзэн минь айлдан соёрх

Дэлгэр энэ хурал чуулганд

Унд дарсгүй болбол

Үтэл (үзтэл, сул) уулгүй болно”

гэхэд

Чуу мэргэн

“Санасан үгий маань илрүүлдэг биш үү

Сайн муу хоёры маань мэдүүлдэг биш үү

Доторх үгсий маань гаргадаг биш үү

Дор дээр хоёры маань ялгадаг биш үү

Эртнээс нааш рашаан биш үү

Энэ ертөнцөд жаргал биш үү

Үүнээс хойно дуртгал биш үү

Эдүгээ үүнийг тэвчвэл

Энэ хурим уулгүй болох зөв буюу”

гэх зэргээр архийг магтахад

Мухулай өрлөг хэлэхдээ:

“Барилдсан үгсий маань байлгадаг биш үү

Бардам дээрэнгүй сэтгэлийг төрүүлдэг биш үү

Чуулсан үгсий маань цуцалдаг биш үү

Цугласан биеий минь тэмцүүлдэг биш үү

Улигт муу унд дарсыг тэвчвэл

Үг маань бэх, бие маань исэл (батсайн, эрүүл) бид”

гэхэд Арладын хүлэг Боорчи:

“Аманд орохдоо алтан шумуул мэт

Амнаас гарахдаа арслан заан боссон мэт

Хэлэнд амсахад хэдгэнэ шумуул мэт

Хэлнээс гарахдаа хэдэр заан боссон мэт

Оюун билэг хоёры маань мартуулдаг биш үү

Өлсөн зөөсөн хоёры маань баруулдаг биш үү

Биеийн сүлдий маань бууруулдаг биш үү

Бэхлэн хэлэлцсэн үгий маань мартуулдаг биш үү

Сархдад бүү шамдан согтоё л

Сайн муу хоёрыг ялган хэлэлцье л

Архинд бүү амтшин согтоё л

Аливаа үйлсээ хэлэлцэж тархъя л”

гэх зэргээр архины хорыг тов тодорхой гарган хэлдэг.

Чингисийн өрлөгүүдийн харилцан ярилцаж байхад үүдэнд суусан өнчин хөвгүүн босч ирээд хэлэхдээ:

“Балай их уувал өвчин биш үү

Бага зэрэг уувал жаргал биш үү

Бахархаж шунавал эргүү биш үү

Балмад их согтвол галзуу биш үү

Үргэлж уувал улиг биш үү

Өсөд үүнийг тэвчвэл билэг биш үү

Учиртай сайхан уувал жаргал биш үү

Унатал их согтвол мунхаг биш үү”

гэх зэргээр ярьж Чингисийн таашаал хүртдэг.

Манай нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “Энэ зохиолыг чухам үнэн түүхт явдал гэж үзэж болохгүй. Уран зохиолч, шүлэгч хүн, эмээлийн дуу хуурын дуу болгож зохиосон шүлэглэл гэж үзэх хэрэгтэй” гэжээ.

ЧУЛУУНБААТАР – Чулуунбаатар нь Тайчуудын Сүлдэс овгийн хүн. Түүний эцэг нь Чингисийн багын ачтан Сорхон шар болно. 1200 онд Онон мөрний байлдаанд Тайчуудыг сөнөөхөд Чингис хаанд хүчээ өргөн нийлсэн ажээ. Чулуунбаатар Чингис хаанд шадарласнаас хойш цэрэг дайнд байгуулсан гавьяагаараа Боорчи, Мухулай, Борохул, нартай тэнцэхүйц болжээ. Чулуунбаатар бусад өрлөгүүдээс урт насалж Өгөөдэй хааны үе хүртэл улс, төрд зүтгэсэн байна. 1230 онд Алтан улстай хийсэн дайнд тэрбээр ялагдсан боловч баатарлаг алдар нь мөнхөд үлджээ.

Ш

ШИ МО МЯНГАН – Чингис хааны цэрэг Алтан улсад цөмрөн ороход эзэн хаан нь кидан угсаатны Ши Мо Мянган гэгчийг найрамдах элчээр томилон явуулжээ.

Гэтэл Ши Мо Мянган Чингисийн талд оржээ. Ши Мо Мянган бол монгол хэл сайн мэддэг байв. Чингис хаан түүнд монгол цэрэг захируулж, Зүндү (одоогийн Бээжин) хотыг байлдахад оролцуулжээ. Тэр байлдаанд Ши Мо Мянган зориг баатарлагаараа шалгарч Чингис хаанд ихэд үнэлэгджээ.

ШИХИХУТАГ – Шихихутаг бол Татаар аймгийн хүн. 1190 онд Чингис хаан татаар аймагтай байлдахад олдсон гээгдмэл хүүхдийг Өэлүн эхэд асруулан хүмүүжүүлсэн нь алсдаа улсын заргач (шүүгч), төрийн зүтгэлтэн Шихихутаг ажээ. Ийнхүү Шихихутаг бол Чингис хааны дээлтэй төрсөн дүү, Өэлүн эхийн тэжээсэн хүү нь болсон байна. Шихихутаг ухаан сэргэлэн, эрдэм номд дуртай, хууль их мэддэг хүн байсан тул Чингис хаан түүнийг улсын заргач болгосон байна. Чингис хааны их засаг хуулийг зохиох ажилд Шихихутаг голлон оролцжээ. Бас “Монголын нууц товчоо” хэмээх алдарт зохиолыг Шихихутаг бичсэн ч гэдэг.

Э

ЭРХ ХАР – Эрх хар гэгч бол хэрэйдийн Хурчахус Буйруг хан эцгийн хүү бөгөөд Тоорилын дүү нь билээ. Эцгийн хойно, хэрэйдийн хан орыг эзлэхийн тулд Тоорил Хурчахус Буйругийн дүү нар болон өөрийн дүү нарыг алаад, авга Гүр хантайгаа эвдрэн тэмцэлджээ. Тэр Есүхэй баатраас туслалцаа аваад, Гүр ханыг Хашин оронд дутаалгажээ. Ван ханы дүү Эрх хар гэгч ахдаа алагдахаас айж, найманы Инанч ханд очив.

1196 онд Ван хан Тэмүжиний хамт татарын Мэгүжин сүүлт лүгээ байлдахаар морилжээ. Энэ хооронд найманы хан Инанча билгэ Ван ханы дүү Эрх харыг цэргээр дэмжин Хэрэйдийг эзлүүлжээ. Ван хан Тэмүжинтэй хамтран Татарыг мөхөөгөөд аураг нутаг хэрэйддээ ирэхэд Найманы Инанча хан түүний дүү Эрх хартай тосон байлдаж, Ван хан бүх цэрэг морио устгуулж Хар Киданы зүг зугтжээ. Ингээд Хэрэйдийн ханы ордонд Эрх хар түр хугацаанд суусан бололтой. Эрх харын тухай өөр мэдээ сурвалж бичгүүдэд гардаггүйг энд дурдах хэрэгтэй.

Я

ЯРГАЙ – Тангудын нийслэл, Чингис хаан цэрэгтээ 1227 оны нэгдүгээр сард Алаша уулыг давж, Тангудын нийслэл Яргай хотыг бүслэн эзлэх тушаал өгчээ.

Монголын цэрэг Яргай хотыг эзлэхээр мөдхөн ирэх нь гэдгийг Тангудын хаан мэдэж, нийслэлээсээ зайлан гарч Алаша уулыг давж, Урхай хотод очихоор хөдөлсөн байна. Тангудын хаан замдаа монголын цэрэгтэй тохиолдож бут цохигдож, арга буюу нийслэлдээ буцаж иржээ. Түүнээс хойш удалгүй Тангудын хаан Ли Сянь бууж өгч, нийслэл Яргай нь монголын цэрэгт эзлэгдсэн байна. Чингис хаан Яргай хотын захирагчаар Толун Чэрбийг томилжээ.

PS:   Уншигчиддаа сануулахад энэхүү тайлбар толь нь 1992 онд хэвлэгдсэн билээ. Тиймээс зарим баримт нь өнөө цагт илэрсэн баримтуудаас зөрж болохыг анхаарна уу.