ЕРТӨНЦИЙН ШИНЭ ДОЛООН ГАЙХАМШИГ

Posted on Арван хоёрдугаар сар 18, 2011

7


Швейцарийн “New Open World Corporation (“Нээлттэй шинэ ертөнц корпораци”, NOWC) хэмээх ашгийн бус байгууллагаас Швейцарийн иргэн Бернар Веберийн санаачлагаар “New7Wonders Foundation” санг байгуулан 2001-2007 оны хооронд Ертөнцийн шинэ долоон гайхамшиг (New7Wonders of the World)-ийг тодруулж байсан юм. Энэхүү төслийн хүрээнд дэлхийн хамгийн алдартай архитектурын барилга байгууламжуудаас Ертөнцийн шинэ долоон гайхамшгийг тодруулж байлаа. 2001 оноос эхлэн 6 жилийн турш хүмүүс утас болон интернетээр саналаа өгч байсан бөгөөд 2007 оны долдугаар сарын 7-нд буюу “Гурван долоогийн өдөр” энэ төслийнхөн Португалийн Лиссабон хотноо ялагчдыг зарласан юм. Үүнд Хятадын Цагаан хэрэм, Италийн Колизейн балгас, Перугийн Мачу-Пикчу хотын туурь, Иорданийн Петра хотын туурь, Энэтхэгийн Таж Махал, Бразиль дахь Христосын хөшөө, Мексикийн Чичен-Ица хэмээх маяачуудын хот, Египет дахь Гиза Пирамидуудын цогцолбор (эртний нийгмээс хоцорсон цорын ганц гайхамшиг гэж үзэн тусгай байрт оруулсан) тодров.

Энэхүү төслийг хүлээн зөвшөөрөх байгууллага, улс гүрэн байхад зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа хүмүүс ч бий. Юутай ч, дурын хүн санал өгч болдог учраас энэхүү шалгаруулалт шинжлэх ухааны үндэслэлгүй хэмээн шүүмжилдэг нь буруу биш л байх. Тиймдээ ч ЮНЕСКО хүртэл энэ байгууллагаас жийрхэж явдаг. “Энэ шалгаруулалтад зөвхөн интернетэд холбогдож чадах хүмүүс л саналаа өгсөн” гэж буруушаав.

Египетчүүдийн хувьд энэхүү шалгаруулалтыг анхнаас нь эсэргүүцэж пирамидуудыг нь дэлхийн албан ёсны долоон гайхамшигт багтдагийг буруушаасан, хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл мэтээр үзэв. Тиймдээ ч “мөнгө олох зорилгоор явуулж буй шалгаруулалт” гэж гоочилсных нь хариуд уралдааны зохион байгуулагчид пирамидуудыг нь шалгаруулалтаас хасч орхисон юм. Гэвч яалт ч үгүй дэлхийн ховор “эрдэнэс”-ийн нэг мөн учир тусгай байрт оруулж египетчүүдийн амыг хаасан түүхтэй.

Бразильчууд эсрэгээрээ туйлын идэвхтэй оролцсон. Христосын хөшөөгөө дэлхийн 7 гайхамшгийн нэгд оруулах гэж бүх аргаа ашиглаж байв. Уралдааны хаяг уруу үнэгүй мессеж явуулах бололцоог хангаж өгөн, гудамжны сурталчилгааны самбар, дэлгэцээр санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байсан нь эцэстээ иргэдийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж, бухимдуулахад хүргэж байлаа. Ингээд шалгаруулалт болохын өмнөхөн буюу долдугаар сарын эхээр 10 сая орчим бразиль иргэн саналаа илгээж тус байгууллагын амжилтын түүхийг баяжуулжээ.

Перучууд мөн л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг идэвхтэй ашиглан иргэдээ санал хураалтад оролцохыг уриалсны хүчинд Мачу-Пикчугээ долоон гайхамшгийн нэгд оруулж чадав. Нутгийнх нь нэгэн “сувд” шалгарсны баярыг орон даяараа нижгэр тэмдэглэсэн байдаг.

Иордани улсын хатан хаан нутгийнхаа гайхамшгийг багтаах үйлсэд өөрийн биеэр идэвхтэй хүчин зүтгэсэн. Хамгийн гайхалтай нь энэ улс 7 сая орчим хүн амтай атлаа уралдааны комисст Иорданиас 14 сая санал ирсэн байв.

Тэгвэл Мексикт иргэдээ энэхүү шалгаруулалтад оролцохыг уриалсан нэвтрүүлгийг хүртэл бэлдэж явуулдаг байжээ. Хамгийн харамсалтайгаар “хожигдсон” газар бол Чили байлаа. Энэ улсаас нэр дэвшсэн Моаи хэмээх хүн чулуунууд наймдугаар байрт шалгарсан юм.

Хэл ам багагүй дагуулсан ч энэхүү шалгаруулалтаар тодорсон Шинэ долоон гайхамшиг үнэхээр гайхалтай. Цагаан хэрэм, Колизейн задгай театрын балгас, Таж Махал зэрэг газруудын талаар уншигчид лавтайяа сайн мэднэ. Тиймээс энэхүү нийтлэлдээ үлдсэн дөрөв болон финалд шалгарсан Моаи хүн чулуунуудын талаар товч боловч танилцуулъя.

 

Перугийн Мачу-Пикчу хотын туурь

“Machu Pikchu” гэдэг нэр нь “Эртний (хуучин) оргил” гэсэн утгатай бөгөөд өнөөгийн Перу улсын нутаг дэвсгэрт орших эртний Америкийн хот ажээ. Энэ хот далайн түвшнээс 2450 метрийн өндөрт, Урубамба голын сав газарт оршдог.

Мачу-Пикчуг “тэнгэрийн хот”, “үүлэн дундах хот”, мөн зарим тохиолдолд “инкуудын гээгдсэн хот” гэх зэргээр нэрлэсэн нь бий. Зарим археологич энэ хотыг инкуудын агуу удирдагч Пачакутекийг орогнуулахад зориулан босгосон гэж үздэг бөгөөд ойролцоогоор 1440 онд барьж 1532 он хүртэл буюу инкуудын нутагт испанчууд довтолсон үе хүртэл оршин тогтнож байжээ гэж үздэг байна. 1532 онд энэ хотын оршин суугчид жигтэй байдлаар ор мөргүй алга болсон түүхтэй аж.


 

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд орсноосоо хойш Мачу-Пикчу жуулчдад дарагдаж эхэлсэн байна. Өдгөө өдөрт 2000 орчим жуулчин энэ гайхамшгийг үзэж сонирхохоор зорин ирдэг болсон учир туурийг энэ хэвээр нь хадгалан хамгаалахын тулд ЮНЕСКО-оос жуулчны тоог бууруулж өдөрт дээд тал нь 800 жуулчин зорчуулах шаардлагыг тавих болжээ. Харин энэ оны зургаадугаар сард болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 35 дугаар чуулган дээр 2012 оны нэгдүгээр сараас эхлэн Мачу-Пикчуг “аюул заналхийлж буй дэлхийн өв” гэсэн ангиллаас хасах шийдвэрийг гаргасан байна.

Иорданийн Петра хотын туурь

Энэ эртний хот нь Палестины өмнөд хэсэгт оршиж байсан Идумея хэмээх түүхт газрын нийслэл байжээ. Хожмоо Набатейн хаант улсын нийслэл байсан аж. Харин өдгөө Иорданийн нутаг дэвсгэрт багтаж, далайн түвшнээс 900 метрийн өндөрт оршдог байна.

Петра нь худалдааны маш чухал хоёр замын уулзварт байрладаг байжээ. Тиймээс худалдаачид, аялагчид Петра хотод ирж хүнс, ундтайгаа золгодог байсан аж. Тэр утгаараа Петра хот худалдаа наймаа болон худалдаачид, аялагчдын ачаар их хөгжин дэвжиж байжээ. Харин ромчууд дорно зүгт далайд гарах гарцуудыг нээснээр хуурай замын худалдаа зогсонги байдалд орж улмаар Петра хотыг зорих хүмүүсийн тоо багасан удалгүй элсэн дунд орхигдсон хот болон хувирчээ.

“Петра” гэдэг үг нь хад гэсэн утгатай ба үнэндээ ч энэ хот бүхэлдээ хаднаас бүрддэг аж. Өөрөөр хэлбэл, хадыг цоолборлож энэ хотыг бүтээжээ. Ромын хаант засгийн үед өөр ийм хот ер байгаагүй аж. Набатейчүүд хаднуудыг маш тэвчээртэйгээр цоолборлон бүхэл бүтэн хот босгожээ. Тэгээд терракотон хоолойнуудын тусламжтайгаар ус хангамжийн нүсэр системийг бий болгосон учраас хотын оршин суугчид ундны усны гачаалд орж байгаагүй аж. Хот даяар 200 орчим ус хураагуурыг бий болгосны ачаар борооны усыг цуглуулж, хадгалах боломжтой болгожээ. Үүнээс гадна терракотон хоолойны тусламжтайгаар 25 км-ийн дотор орших булаг шанд, гол гээд усны бүхий л эх үүсвэрээс ус татдаг байсан байна.

Петра хот нэлээд хэдэн км газар үргэлжлэн маш том талбайг эзэлдэг аж.

Өнөө үед жил бүр хагас сая орчим жуулчин Петра хотыг харахын тулд Иорданийг зорьдог болжээ. Петрад очоод Сикийн сэрүүхэн хавцлаар нэг км орчим явсны дараа “Эрдэнэсийн сан (агуулах)” хэмээх маш том байгууламж угтдаг аж. “Эрдэнэсийн сан” нь I зууны үеийн байгууламжуудаас хамгийн сайн хадгалагдан үлдсэн барилгад тооцогддог байна. Энд алт эрдэнэс хадгалагддаг байсан учраас ийн нэрлэсэн бололтой. Энэ сангаас хойш хавцал өргөсөж хаданд цоолборлосон бунхнууд харагдаж эхэлнэ. Тэр хавийн газрын өндөр баганууд, дугуйруулан барьсан шатлаг суудлууд нь I, II зууны үед энэ хотод ромчууд амьдарч байсныг илтгэдэг аж.

Мөн хотод арабчуудын нэрлэдгээр “Фараоны эрдэнэсийн сан” гэх агуу хадан байгууламж байдгаас гадна Эд-Дейр хэмээх сүмийн барилга байдаг ажээ. Энэ сүмийн хананд загалмайн дүрс олноороо байдаг нь нэгэн үе Христийн шашны сүм байсныг гэрчилдэг байна.

Археологичид хожмоо уг сүмийн доод хэсгийг ухаж Набатейн нэгэн хааны бунхныг илрүүлсэн байдаг.

Аврагч Христийн хөшөө

Рио-де-Жанеро дахь Корковаду уулын орой дээр гараа алдлан зогсож буй Христийн алдартай хөшөө. Бразиль улс болон Рио-де-Жанейрогийн бэлэг тэмдэг болсон энэ хөшөөг төмөр бетон, савантай чулуугаар хийсэн ажээ. Хөшөөний өндөр нь 38 м (үүнээс тавцан нь 8 м), 1145 тонн жинтэй, алдалсан гарын урт нь 30 м.

Жил бүр дор хаяж 1.8 сая жуулчин энэхүү хөшөөг зорьж ирдэг гэнэ. Энэ газар Бразильдаа анхныхад тооцогдох цахилгаанжуулсан төмөр зам барьсан байдаг ба түүгээр нь жижигхэн галт тэрэг явдаг байна. Энэ төмөр замыг Перейрой Пассос, Терсейрой Соареш нар Христийн хөшөөнөөс өмнө буюу 1882-1884 онд барьсан ба хожмоо хөшөөг барих явцад барилгын материалуудыг өндөрлөг газар уруу зөөвөрлөхөд маш чухал үүрэгтэй байсан ажээ.

Хөшөөг барих ажил 1922-1931 он хүртэл есөн жилийн турш үргэлжилсэн байна. Ингээд 1931 оны аравдугаар сарын 12-нд албан ёсны нээлтийг нь хийн аравнайлжээ. 1965 онд VI Павел хамба уг хөшөөг дахин аравнайлсан аж. Харин 1981 онд хөшөөний 50 жилийн ойн ажиллагаан дээр нь II Иоанн Павел лам хүрэлцэн ирж байжээ.

Хөшөөний анхны загварыг Карлос Освальд хэмээх зураач гаргасан аж. Энэ хүний гаргасан загварын дагуу Христийг гараа алдалсан байдалтай бүтээсэн нь холоос загалмай шиг харагддаг байна. Харин хөшөөний суурийг анхандаа дэлхийн бөмбөрцөг хэлбэртэй хийхээр төлөвлөж байжээ. Гэвч арай өөрөөр шийдэн өдгөө гантигаар чимсэн суурь дотор мөргөлийн сүм байдаг аж.

Хөшөөний суурь хэсэгт хүргэдэг шат нь 220 гишгүүртэй. Бразильчууд энэ шатыг “Караколь” буюу дун хорхой гэж хочилдог ажээ.

2010 оны дөрөвдүгээр сард энэ хөшөө түүхэндээ анх удаа зандалчдын бусармаг үйлдэлд өртсөн байна. Тэд Христийн нүүр, гар дээр нь “Муурыг гэрээс хөөхөд хулганууд бүжинэ” гэсэн өгүүлбэрийг хар будгаар бичсэн байжээ. Бичээсийг тэр дор нь арилгасан байна.

Чичен-Ица

Chichén Itzá (испаниар) нь Мексикийн Юкатан хойгийн өмнөд хэсэгт оршдог ба эртний маяа омгийнхны улс төр, соёлын төв газар нь байжээ. Нутгийнхны хэлээр энэ хотын нэр нь “Ица омгийн худаг” гэсэн утгатай аж.

Чичен-Ица хотыг манай эриний VII зуунд босгосон гэж үздэг байна. Туурийг нь хоёр хэсэгт хуваадаг аж. Эхний хэсэгт нь манай эриний VI-VII зуунд, маяачуудын үед харьяалагдах барилга байгууламжуудыг багтаадаг. Үлдсэн бүлэгт нь манай эриний Х-ХI зууны тольтекчуудын үед харьяалагдах барилга байгууламжуудыг багтаадаг юм. X зуунд энэ хотыг тольтекчууд эзлэн авч улмаар XI зууны үед нийслэлээ болгожээ. 1178 онд тухайн үеийн индианчуудын толгойлогч байсан Хунак Кеелийн удирдлага дор нэгдсэн Маяапан, Ушмаль, Ицмаль улсуудын дайчид Чичен-Ица хотыг эзлэн авч бусниулжээ. Ингээд XVI зууны дунд үе гэхэд Чичен-Ица хэдийнэ балгас болж хувирсан байсан бөгөөд үлдсэн оршин суугчид нь 1194 онд хачирхалтай байдлаар энэхүү хотоо гэнэт орхин явсан байна. Үүний нууцыг одоо болтол тайлаагүй байгаа ажээ. Мексикийн нутаг дэвсгэрт цөмрөн орсон Испанийн түрэмгийлэгчид маяа омгийнхны судруудыг шатааж, лам нарыг нь егүүтгэсэн тул тэр хэсгийн түүхэн үе өнөөг болтол нууц хэвээрээ байгаа билээ.

Чичен-Ицагийн нутаг дэвсгэрт олон удаа малталт явуулсны үр дүнд маяа-тольтекчуудын үеийн архитектурын дараах гайхамшигт байгууламжуудыг илрүүлсэн байна. Үүнд:

Кукульканы сүм (Эль Кастильо).

Энэ нь 24 м өндөртэй, бүх талдаа 9 өргөн шаттай пирамид юм. Орой дээр нь сүм бий. Пирамидын доод хэсэгт могойн толгой бүхий баримал байдаг байна. Хавар, намрын өдөр шөнө тэнцэх өдрүүдэд буюу гуравдугаар сарын 20, есдүгээр сарын 21-ний ойролцоогоор өдрийн 3 цагийн үед нарны туяа пирамидын гол шатны баруун хашлагыг гэрэлтүүлэхэд адил талт 7 гурвалжин бүхий сүүдэр үүсдэг нь шатны суурь дахь толгой руугаа мөлхөж буй 37 метрийн урттай могойг санагдуулдаг ажээ. 9 өргөн шатнуудын голд 91 ширхэг нарийн шат бий. Хэрэв сүм байгаа тавцанг бас нэг шат гэж үзвэл 91х4+1 буюу 365 шат болно. Энэ нь нэг жилд байдаг хоногийн тоо билээ.

4 шаттай пирамид дээрх Дайчдын сүм.

Ягуарчуудын сүм болон Караколийн одон орон судлалын төв.

Ягуарчуудын сүм

Караколийн одон орон судлалын төв

Бөмбөгт тоглоомын долоон талбай – Эдгээрийн нэг нь маяачуудын байгуулсан хамгийн том талбайд тооцогддог. Уэго де Пелота гэх тэр талбайн урт нь 96.5 м, өргөн нь 30 метр (The playing field of the Great Ballcourt at Chichen Itza, by far the largest, measures 96.5 meters long by 30 meters wide. http://en.wikipedia.org/wiki/Mesoamerican_ballgame). Бөмбөгт тоглоомын дүрэм нэлээд харгис байсныг нотлох зарим нэг баримт байдаг ажээ. Тухайлбал, тоглогчдын хамрыг цоолж аймшигт хэрэгслүүдийг өлгөдөг байсан, тоглоомонд хөл гарын алиныг нь ч ашиглаж болохгүй, тоглолтын дараа талбай дээр хожигдсон багийн ахлагчийн толгойг нь авч цусаар нь газрыг мялаадаг байсан гэх мэт.

Резинэн бөмбөгөө энэ цагирганд оруулдаг байжээ

Маш том тэгш өнцөгтийг бүрдүүлэх багануудын туурь. “Мянган баганын бүлэг” гэж нэрлэх нь ч бий.

Ариун сенот. Энэ нь байгальд өөрөө бий болсон 50 орчим метр гүнтэй худаг бөгөөд тахил өргөхөд ашиглагддаг байжээ. Ариун сенотыг ихэвчлэн “Үхлийн худаг” гэж нэрлэдэг байна.

Дээрх байгууламжуудас гадна янз бүрийн дүрстэй бурхан шүтээн гэх зэрэг урлагийн бүтээлүүд олноороо хадгалагдан үлджээ. Тухайлбал, хур борооны бурхан Чак-Моолийн баримал энэ байна.

2009 онд Юкатан мужийн засаг захиргааныхан Чичен-Ица хот оршиж буй газрын эзэнтэй нь хэлэлцээр хийн 2010 оны гуравдугаар сарын 30-нд 83 га газрыг нь 220 сая песогоор буюу 17.8 сая доллараар худалдан авч чадсан байна. Мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнчлэн, уг газрын эзэн Ханс Юрген Тиес Барбачано нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй Чичен-Ица хотыг хамгаалалтад оруулахын тулд худалдах санаачлагыг анх өөрөө гаргасан ажээ.

Моаи хүн чулуунууд

Моаи (Moai) хүн чулуунууд нь Easter Island буюу Улаан өндөгний баярын арал (Пасха) дээр орших агаад хөшөө тус бүрийг нь нэг том чулуунаас сийлбэрлэн хийсэн байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, наасан, тогтоосон эд анги гэж байхгүй гэнэ. Моаи хөшөөнүүдийн зарим нь 20 орчим тонн жин татдаг, 6 гаруй метрийн өндөртэй аж. Эдгээрээс гадна археологичид 20 метрийн өндөртэй, 270 тонн жинтэй дуусгаагүй баримлыг олсон байдаг. Арал дээр нийтдээ 997 моаи бий. Долоон моаигаас бусад нь арлын гүн рүү харсан байрлалтай. Харин дээрх долоо нь арлын эрэг дагуу бус дотор нь байрладгаараа ялгаатай ажээ. Хүн чулуунуудын нүдний ухархайг шүрээр дүүргэсэн байсан гэдгийг сүүлийн үед нотлоод байна.

Моаи хүн чулуунуудыг хийх, байрлуулахад их хэмжээний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарлагадсан нь ойлгомжтой. Харин эдгээр хөшөөнүүдийг хэн бүтээсэн, ямар багаж ашигласан, мөн хэрхэн нүүлгэж байршуулсан зэргийг европчууд удаан хугацааны туршид мэдэж авахыг хичээсэн билээ.

Арлын тухай нэгэн домог оршин суугчдынх нь дунд нэлээд түгсэн байдаг аж. Уг Хоту Мату’а хааны удмынхны тухай гардаг аж. Хоту Мату’а хаан ордноо орхин шинэ бүхнийг эрэлхийлэх замд гарснаар Улаан өндөгний арлыг олжээ. Түүнийг нас барсны дараа уг арлыг зургаан хүү нь хуваан авав. Дараа нь ач, гуч нарт нь ч хуваарилагдсан гэх. Арлын оршин суугчид хааны удмынхны хүч чадал энэхүү хүн чулуунуудад шингэсэн байгаа гэдэгт итгэдэг ажээ. Энэ хүч нь арвин их ургац, хур бороо, хөгжлийг дууддаг гэж үздэг байна. Дээрх домог цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж, яваандаа нутгийн ард олон домгийг олон хэсэг болгон салгаж амнаас ам дамжин тараасаар байсан тул бүгдийг нь нэгтгэж нэг түүх болгох боломжгүй байв. Харин 1956 онд Норвегийн алдарт аялагч Тур Хейердал моиа бий болсон нууцыг тайлсан гэж үздэг байна.

Уг нутагт амьдарч байгаад устан үгүй болсон “урт чихт” омгийнхон эдгээр моаиг босгосон ажээ. Энэ хүмүүс чихээ цоолон хүнд юм дүүжилж чихнийхээ омгийг сунгадаг уламжлалтай байсан учир түүхчид тэднийг “урт чихт” гэж нэрлэсэн аж. “Урт чихт” омгийнхон моаи бүтээж байгаагаа “оготор чихт” омгийнхноос маш их нууцалдаг байжээ. Моаи бүтээж байгаа энэ нууцлаг байдал нь “оготор чихт” омгийнхныг моаигийн тухай олон янзын домгийг бий болгоход хүргэсэн аж. Энэ л домгууд нь европчуудыг олон жилийн турш төөрөгдөлд оруулж байжээ.

Ноён Хейердал хүн чулуунуудыг судлаад Өмнөд Америкийн овог аймгуудын бүтээлүүдтэй төстэй байгааг олж мэджээ. Тэр дундаа Перугийн индианчуудын бүтээлтэй төстэй байсан тул “урт чихт” омгийнхон перучуудаас гаралтай байжээ гэсэн таамгийг дэвшүүлсэн байна.

Тур Хейердалын хүсэлтээр энэ арал дээр амьдарч буй “ур чихт” омгийн сүүлчийн удмынхан омгийн ахлагч Педро Атаны удирдлага дор моаи бүтээх бүх шат дамжлагыг хийж үзүүлжээ. Тэд чулуун алхаар хадыг сийлбэрлэн бэлэн болсон 12 тонн жинтэй моаиг тусгай чирэгч ашиглан хэвтээгээр нь зөөвөрлөсний дараа мод, чулуунаас бүрдэх нэгэн төхөөрөмжийн тусламжтайгаар босгож тавьсан аж. Гайхширсан аялагч маань урьд өмнө энд ирж байсан Европын судлаачдад энэ аргынхаа тухай яагаад хэлдэггүй байсныг омгийн ахлагчаас нь асуухад “Надаас хэн ч ЭНЭ ТУХАЙ асууж байгаагүй” гэж хариулсан гэдэг. Судалгаанд оролцсон нутгийн оршин суугчдын хэлснээр, өвөг дээдэс нь моаиг хийлгүй хэдэн зууныг үдсэн ч хэрхэн хийдэг талаар үр удамдаа цээжлүүлэн, дахин дахин давтуулсаар, цээжилсэн гэдэгт нь итгэлтэй болсон үед л санаагаа амраадаг байсан гэнэ. Тиймээс моаиг хийх аргыг нутгийн оршин суугчид бүр хүүхэд байх үеэсээ эзэмшсэн байдаг ажээ. Доорх видеод моаиг хэрхэн байршуулж байсан талаар тодорхой үзүүлсэн байна.

Моаиг бүтээхэд багаж хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг байна. Хөшөөг хийх ажил эхэлмэгц чулуун алхны нөөцийг бэлтгэх ажил зэрэгцэн өрнөдөг ажээ. Учир нь моаиг бүтээхдээ чулуун алхаар ойр ойрхон цохин сийлбэрлэдэг учир алхнууд нь амархан бутардаг байна.

Моаигийн нууцыг тайлсан хэдий ч “оготор чихт” омгийнхон яагаад моаиг одоогийн байрандаа “хүрээд ирсэн” гэж домогнууддаа өгүүлж байсан нь нууц хэвээр байв. Тухайн үед Чехийн судлаач Павел Павел моаиг “явдаг” байсан гэсэн таамаглал дэвшүүлж байжээ. Ингээд 1986 онд Тур Хейердалын хамтаар нэгэн туршилтыг явуулсан байна. Туршилтад оролцсон 17 хүн олс, уяа ашиглан 20 тонн жинтэй баримлыг босоо чигээр нь зөөвөрлөж чадсан ажээ. Доорх видеод харуулсан шиг зөөвөрлөсөн байж болох юм.

2007 оноос эхлэн “New7Wonders of Nature” хэмээх төсөл хэрэгжиж дэлхийн байгалийн долоон гайхамшгийг тодруулж эхэлсэн билээ. 2009 оны долдугаар сарын 7-ны өдөр эхний шалгаруулалтыг явуулан 77 гайхамшгаас бүрдсэн жагсаалтыг гаргасан юм. Харин энэ оны долдугаар сарын 21-ний өдөр шинжээчдийн баг эдгээрээс 28-ыг нь цааш өрсөлдүүлэх шийдвэр гаргаж интернетээр санал асуулгыг явуулж эхлэв. Ингээд энэ оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр санал асуулгын дүнг үндэслэн ялагчдаа зарласан юм. Үүнд:

Амазонк ба Амазонкийн ширэнгэн ой (Боливи, Бразиль, Венесуэл, Гайана, Колумби, Перу, Суринам, Францын Гвиана, Эквадор)

Халонгийн булан (Вьетнам)

Игуасугийн хүрхрээнүүд (Аргентин, Бразиль)

Чежү арал (Өмнөд Солонгос)

Комодогийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн (Индонези)

Пуэрто-Принсеса хэмээх газар доорх гол (Филиппин)

Ширээт уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэн (Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс)

зэрэг байгалийн гайхамшигт газрууд тэргүүлжээ. Дараагийн нийтлэлдээ дээрх газруудын талаар товч танилцуулах болно.

Сонирхуулахад, “New Open World Corporation ирэх жил дэлхийн хамгийн гайхамшигтай долоон хотыг тодруулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.