КИМ ЧЕН ИР: ЧУЧХЕГИЙН ОНОЛООР ЗАМНАСАН АМЬДРАЛ

Posted on Арван хоёрдугаар сар 21, 2011

0


Энэ сарын 17-нд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир таалал төгслөө

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир нь дэлхий дахинд хаалттай оршиж байдаг хамгийн хатуу дэглэмтэй улс орныг жолоодож, албан тушаалаа үе залгамжлан авсан дэлхий ертөнц дээрх цорын ганц коммунист удирдагч байлаа.

Түүнийг хүний эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчиж бүс нутгийнхнаа цөмийн хөтөлбөрөөрөө айлган сүрдүүлдэгээс гадна үй олныг хөнөөх цөмийн пуужингуудыг туршдаг хэмээн шүүмжилдэг байсан билээ.

1944 оны долоодугаар сард эцэг Ким Ир Сенээс төрийн жолоог залгамжлан авах үед нь түүний талаарх мэдээлэл тун хомс, өөрөө ч олон түмний өмнө нэг их гарч ирдэггүй байв. Харин энэ оны арванхоёрдугаар сард таалал төгссөнийх нь дараа түүний талаарх мэдээлэл чамгүй арвин цугларчээ.

Дарс ба бүсгүйчүүд

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд түүнийг өвөрмөц маягаар үсээ засдаг, өндөр харагдахын тулд зузаан ултай гутал өмсдөг, алдар нэрэнд дуртай нэгэн мэтээр мэдээлдэг. Тэр бүү хэл, 1987 онд Өмнөд Солонгосын иргэний тээврийн онгоцыг буудан унагаах үүргийг Ким Чен Ир өөрийн биеэр тушаасан гэсэн таамаглалыг дэвшүүлж байсан юм.

Өөр эх сурвалжууд болохоор Ким Чен Ирийг өмнөд солонгосчуудын бодож байгаа шиг тийм ч амар хүн биш гэж мэдээлсэн нь бий. Юутай ч, тэрээр амттай хоол, гоё дарсанд тун дуртай байсан юм билээ. Тэр дундаа гамбургер хэмээх хачиртай талхыг тун их амтархан иддэг байсан гэлцдэг.

Ким Чен Ирийг ОХУ-д айлчлах үеэр нь дагалдан явсан Оросын дипломатч Константин Пуликовскийн дурсан ярьснаар, Хойд Солонгосоос онгоцоор өдөр бүр шинэхэн барьсан далайн хавчийг вагонд нь хүргэж өгдөг байсан ба Ким Чен Ир тэдгээр хавчийг мөнгөн савхаар амтархан иддэг байсан ажээ. Энэ зоогоо барихдаа Оросын дипломатчийг урьж гол төлөв сайхан эмэгтэйчүүдийн хүрээлэл дор далайн хавчаа оргилуун дарсаар даруулан иддэг байсан гэх. Ер нь Ким Чен Ир архи, дарсанд тун дуртай нэгэн байсан. Хойд Солонгосын удирдагч маань 2000 онд нэгэн хэлэлцээрийг байгуулахдаа лав л арваас доошгүй хундага дарс уусан гэцгээдэг. Ким Чен Ир “Хеннеси” шарзанд маш дуртай байсан бөгөөд уг шарзыг үйлдвэрлэгчид түүнийг хүндэт хэрэглэгчээрээ зарлаж байсан юм.

Ким Чен Иртэй биечлэн уулзаж байсан хүмүүс түүнийг маш сайн мэдээлэлтэй, дэлхийн улс төрд өрнөж буй үйл явдлуудыг ажиглах зуршилтай хүн байсан талаар ярьсан байдаг.

Зарим хүн түүнийг дэглэмээ чангатгахын тулд аз туршихаас эмээдэггүй ухаалаг зальт этгээд гэж хардаг байв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт ч “Ким Чен Ир бүгдийг хяналтдаа байлгаж байсан юм билээ” гэж хэлж байсан удаатай.

Давхар солонго

Хойд Солонгос даяараа түүнийг баатар гэж үздэг байв. Дунд сургуулийн сурагчид Ким Чен Ирийн тухай дуунуудыг цээжлэн, түүний цуутай амьдралыг магтан дуулдаг байлаа.

Тус улсын албан ёсны эх сурвалжуудад Ким Чен Ирийг Пэктусан хэмээх Хойд Солонгосын хамгийн өндөр ууланд байрлаж байсан партизанчуудын отгийн нэгэн модон овоохойд мэндэлсэн гэж бичсэн байдаг. Түүнийг мэндлэх үед тэнгэрт давхар солонго татаж, тод од гялалзаж байсан гэх.

Харин албан бус эх сурвалжуудад Ким Чен Ирийг ЗХУ-д, тэр дундаа Хабаровскаас холгүй Вятское тосгонд төрсөн гэж бичдэг. Энэ тосгонд түүний эцэг Агуу жолоодогч Ким Ир Сений бага нас өнгөрсөн ажээ.

Солонгосын дайны үед Ким Чен Ир Хятадад байв. Гэхдээ Хойд Солонгосын дээд зиндааныхны нэгэн адил Пхеньян дахь Ким Ир Сений нэрэмжит их сургуулийг төгссөн байна.

1975 онд түүнийг Хүндэт удирдагч хэмээн нэрийдэх болжээ. Харин таван жилийн дараа тэрээр Солонгосын ажилчдын намын Төв Хорооны бүрэлдэхүүнд багтан соёл урлагийн асуудлыг хариуцан ажилладаг байв.

1978 онд түүнийг өөрийн бодож явдаг санаагаараа кино бүтээлгэхийн тулд Өмнөд Солонгосын нэгэн алдартай кино найруулагчийг жүжигчин эхнэрийнх нь хамтаар хулгайлах ажлыг зохион байгуулсан гэсэн яриа байдаг. Эхнэр нөхөр хоёр бие биетэйгээ уулзалгүй таван жилийг өнгөрөөсөн гэдэг бөгөөд намын нэгэн үдэшлэг дээр тааралдсаныхаа дараа эргээд нийлсэн ажээ. Хулгайлагдсан хоёр маань хожмоо нэгэн ярилцлагадаа Ким Чен Ир тэднээс уучлалт хүсээд, өөрт нь зориулан кино бүтээж өгөхийг гуйсан хэмээн ярьсан байдаг. Хосууд Хойд Солонгост долоон кино бүтээж өгөөд 1986 онд баруун руу зугтан гарчээ.

Ким Чен Ир кинонд ухаангүй дуртай байсан гэдэг. Тэр бүү хэл, түүний цуглуулганд Холливудын 20 мянга орчим кино багтаж байсан бөгөөд кино урлагийн талаар ном бичсэн ч гэж ярьдаг. Гэрийнх нь ханан дээр Холливудын од Элизабет Тейлорын хөрөг зураг өлгөөтэй байдаг гэлцэж байв. Гэхдээ түүний хамгийн хайртай жүжигчин нь Холливудын од Мэл Гибсон байсан хэмээн Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байлаа.

Ким Чен Ир төрийн харьяа кино студийнхээ байнгын зочин нь байж, Хойд Солонгосын түүхийн талаарх эх оронч суртал ухуулгатай кинонуудын продюссерээр биечлэн ажиллаж байсан гэж ярьдаг билээ.

Ким Чен Ирийг түүнчлэн маш сайн гольфчин байсан гэж бичицгээдэг.

Өлсгөлөн

Ким Чен Ир 1991 онд эцгээсээ Солонгосын Ардын армийн Ерөнхий командлагчийн бүрэн эрхийг өвлөн авав. Ингэснээр эцэг нь Хойд Солонгосын удирдагчаар залгамжлуулах томилгоог эсэргүүцэх аливаа оролдлогыг боломжгүй болгож хүүдээ замыг нь чөлөөлж өгсөн гэж шинжээчид үздэг юм.

Тэр үед тус орны эдийн засаг гүнзгий хямралд орсон үе байв. БНАСАУ-ын худалдааны гол түнш болох ЗХУ задран унасан нь бүр нэрмээс болов. Хоёр орны хооронд худалдааны алив хэлэлцээр хэрэгжихээ больж тус орны үйлдвэр, төрийн байгууллагуудад шатахууны хомсдол үүсч эхлэв.

Ган гачигийн улмаас Хойд Солонгос бага хэмжээний ургац хураан авсан нь хүнсний гачаалыг үүсгэж иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэн хэдэн зуун мянгаараа үхэх болов. Төр засгийн удирдлагад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх гэсэн бүхий л оролдлогуудыг таслан зогсоосоор байлаа.

1994 онд Ким Ир Сенийг нас барахад байдал хүнд хэцүү хэвээр байв. Харин Ким Чен Ир олон улсаас, тэр дундаа Хятадаас тусламж гуйснаар хямралын үр дагаврыг амжилттай даван туулсан байдаг.

Тэрээр Хятадад хэд хэдэн удаа айлчлах үеэрээ тус орныг социалист үзэл санаагаа зах зээлийн эдийн засагтай хэрхэн тохируулсныг ихэд сонирхдог байжээ. Ким Чен Ирийн 2000, 2001 онуудад Бээжин, Шанхайд хийсэн айлчлалын дараа Хойд Солонгосын зарим нэг салбарт хувийн хэвшлийг бий болгох туршилтуудыг болгоомжтой хийж эхэлжээ. Энэ л үеэс Ким Чен Ир Өмнөд Солонгостой ойртох эхний алхмуудыг хийж эхэлсэн байдаг.

2000 оны зургаадугаар сард тэрээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дэ Жунтэй уулзсан билээ. Солонгосын хойгийг хувааж орхисон дайны дараа хоёр улсын тэргүүн нар анх удаа уулзсан нь энэ байв. Уулзалтын үр дүнд хоёр талын харилцаа зөөлөрч дайны уршгаар хоёр талд амьдарч байсан гэр бүлүүдийг нийлүүлэх шийдвэр гаргасан юм. Энэхүү зөвшилцөл сая гаруй солонгос иргэдийн амьдралд таатай өөрчлөлтийг авчирсан билээ.

Цөмийн зэвсэг ба цуу яриа

2008 оны наймдугаар сард Японы хэвлэлүүдэд Ким Чен Ир 2003 онд нас барсан, өдгөө олон түмний өмнө гарч ирээд байгаа хүн бол түүний ихэр юм гэж бичсэн байв. Үүнээс сарын дараа Америкийн тусгай албадын эх сурвалжууд Ким Чен Ирийг цус харвасан гэдгийг нотолж эхлэв. Үнэндээ ч тус орны 60 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын ажиллагаан дээр Хойд Солонгосын удирдагч байгаагүй юм.

2009 оны дөрөвдүгээр сард Хойд Солонгосын эрх баригчид 2008 оны арван нэг, арванхоёрдугаар сард Ким Чен Ир үйлдвэрүүдээ эргэж тойрч байгааг харуулсан видео бичлэгийг цуу ярианы хариу болгож тараав.

Үүний дараа 2009 оны наймдугаар сард буюу АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон эх орон нэгт сэтгүүлчдээ суллуулахын тулд тус улсад айлчлах үеэр Ким Чен Ир олны өмнө гарч ирсэн юм. Тэдгээр сэтгүүлч Хойд Солонгосын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтрэхийг оролдсон гэх хэрэгт буруутгагдан хоригдоод байсан билээ. Клинтонтой хийсэн уулзалтын дараа Ким Чен Ир эдгээр сэтгүүлчийн хэргийг өршөөсөн талаарх мэдээлэл гарсан бөгөөд тэд ч АНУ руугаа буцаж байлаа.

Амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг хүртэл Ким Чен Ир эцгийнхээ зохиосон Чучхегийн онолд үнэнч байж чадсан. Энэ нь марксизм-ленинизмийн нотлогдоогүй онолыг эртний солонгос философийн суурин дээр өөрчлөн хувиргасан онол юм.

Хүн төрөлхтний шүүмжлэлийг сөрөн цөмийн хөтөлбөрийг хөгжүүлж, үй олноор хөнөөх пуужингуудыг бий болгон турших болсон түүний шийдвэр нь Ким Чен Ирийг ч, түүний удирдаж байсан улсыг ч гадаад ертөнцөөс тусгаарлаж орхисон билээ.

Гэр бүл

Ким Чен Ирийг гурван удаа гэрлэж байсан гэлцдэг. Гэвч зарим эх сурвалжуудад үүнээс ч илүү олон удаа гэрлэсэн гэж бичсэн нь бий. Юутай ч, тэрээр гурван хүүтэй байсан. Том хүү Ким Чен Намыг нэлээд дэггүй залуу байдаг гэж бичдэг. Японы Диснейлэндэд зугаацах гэж яваад хуурамч бичиг баримттай байсны улмаас тус улсын цагдаа нарт баригдаж байв. Энэ үеэс хойш тэрбээр нутагтаа очилгүй өнөөг хүртэл Хятадад амьдардаг бөгөөд зарим эх сурвалжид бичсэнээр мөрийтэй тоглоом тоглон өдрийг өнгөрүүлдэг гэх.

Дараагийн хүү Ким Чен Чолын талаарх нарийн мэдээлэл ер байдаггүй. Тиймээс хэдэн онд төрсөн, хэдэн настай болохыг нь хэн ч мэдэхгүй. Юутай ч, тэрбээр Английн рок хөгжимчин Эрик Клэптоныг маш их шүтэн биширдэг тул тоглолт нь хаана ч болсон заавал үздэг аж. Ийм үед л сэтгүүлч, зурагчдын дуранд өртдөг ажгуу. Эцэг нь түүнд хангалттай зориг бий гэж үзээгүй тул залгамжлагчаараа зарлаагүй гэдэг.

Отгон хүү Ким Чен Уны хувьд төрсөн он нь маргаантай. Тэрбээр Ким Чен Ирийн гурав дахь эхнэрээс нь төрсөн хүү бололтой. Швейцари дахь олон улсын сургуулийг дүүргэж, дараа нь ганцаарчлан Ким Ир Сений нэрэмжит их сургуульд суралцсан гэсэн мэдээлэл байдаг. 2009 онд Ким Чен Ир энэ хүүгээ өөрийн залгамжлагчаар тодруулснаа зарласан билээ.

Нас барсан тухай мэдээлэл

Энэ сарын 19-ний даваа гаригт БНАСАУ-ын төв телевизээр Ким Чен Ирийг арванхоёрдугаар сарын 17-ны бямба гаригийн өглөө 8.30 цагт биеийн болоод оюуны хэт ачааллын улмаас нас барсан талаар албан ёсоор мэдээллээ. Тэрээр 69 настай байв.

Эмгэнэлийн мэдээг уншсан диктор эмэгтэй хар хувцастай байсан бөгөөд мэдэгдлийн турш уйлсаар байжээ. Хойд Солонгосын удирдагч вагоноор аялаж байх үедээ нас барсан хэмээн дээрх мэдэгдэлд дурдсан байна. Ням гаригт хийсэн задлан шинжилгээгээр Ким Чен Ир зүрхний хөдлөлөөр нас барсан нь тогтоогдсон аж. 2008 оноос хойш түүнийг цус харвасан, бие нь тааруу байгаа гэсэн мэдээллүүд их гарах болсон билээ. Сүүлийн жилүүдэд түүнийг чихрийн шижинтэй болсон гэж бичсэн нь ч бий.

2009 онд тэрээр өөрийн залгамжлагчаар отгон хүү Ким Чен Уныг томилсноо албан ёсоор зарласан бөгөөд сүүлийн үеийн мэдээллээр энэ залууд төрийн жолоог атгах бүрэн эрх шилжсэн байна. Хүү Ким Чен Ун нь Солонгосын ажилчдын намын Цэргийн төв хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хашиж байв.

Ким Чен Ирийг энэ сарын 28-нд БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо оршуулах ажээ.

Өмнөд Солонгос өндөржүүлсэн бэлэн байдалд байна

Хойд Солонгосын удирдагч нас барсан мэдээг хүлээн авсан даруйдаа Өмнөд Солонгосын эрх баригчид армиа өндөржүүлсэн бэлэн байдалд оруулснаа зарлалаа. Түүнчлэн хоёр улсын хил дээр байнгын хяналт шалгалт явуулж байгаа ажээ. Одоогоор ямар нэгэн зөрчил илрээгүй байгаа гэнэ.