М.ГОРБАЧЁВ: ОРОСЫН ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭХ БОЛНО

Posted on Арван хоёрдугаар сар 23, 2011

0


ЗСБНХУ-ын удирдагч асан Михаил Горбачёв удахгүй 81 нас хүрнэ. Түүний үгийг одоог хүртэл анхааралтай сонсдог хүн цөөнгүй. Ялангуяа өөрийн орны улс төрийн асуудлуудыг тэрбээр хүчтэйхэн шүүмжлээд авдаг нэгэн. Тиймээс Францын L’Express сонины сэтгүүлч түүнтэй сүүлийн үед ОХУ-д өрнөөд байгаа асуудлуудын талаар ярилцжээ.

-Энэ сарын 4-нд болсон Төрийн Думын сонгуулийн дараах жагсаал цуглаануудыг эрх баригчид дарсангүй. Танд ОХУ “зөөлөн дарангуйллын” замд оржээ гэж санагдахгүй байна уу?

-Захиргааны дарамт бол их байсан. Эрх баригчид төрийн байгууллагууд руу тушаал явуулсаар, бизнес эрхлэгчдэд дарамт үзүүлсээр, тэтгэврийн хөгшчүүлийн саналыг худалдан авсаар л байсан. Товчоор хэлбэл, Путины нам болох “Нэгдсэн Орос” намыг ялуулахын тулд бүх боломжуудаа ашигласан. Үүнд санаа зовохгүй байж болохгүй нь. Хэрэв Путин сонгуулийн үйл ажиллагааг өөрчлөхийг хүсч байгаа бол нэлээд нухацтай ажиллах хэрэгтэй болох нь дээ.

-Араасаа ноцтой үйлдлүүдийг дагуулсан будлиантай сонгуулийн дараах энэ үед та Кремлийнхэнд болон Путин, Медведев нарт хандаж юу хэлэхсэн бол?

-Маш олон зөрчил илэрч, хэтэрхий олон башир аргыг хэрэглэснээс гадна олонд зарласан сонгуулийн дүн нь сонгогчдын эрх ашгийг төлөөлж чадаагүй гэдгийг эрх баригчид хүлээн зөвшөөрөх ёстой. Өдөр ирэх тусам улам олон хүн сонгуулийн дүнг шударга бус гэдэгтэй санал нийлэх болж. Олон түмний санаа бодлыг үл ойшоох нь цаашдаа удирдагч нартаа итгэл алдрах, улс орныг тогтворгүй байдалд оруулах эрсдэлтэй. Ард түмний тавьж буй шаардлагыг сонсохоос татгалзах нь улам их бухимдлыг төрүүлнэ. Ардчиллыг байгуулж байгаа явцаа үргэжлүүлэхийн тулд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр түрүүлж санаачилга гаргах хэрэгтэй гэж би боддог. Тэд удахгүй илүү хүнд шийдвэрүүдийг гаргах шаардлагатай тулгарна. Ноцтой бөгөөд тойрч гарах аргагүй өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх шаардлага гарна. Энэ өөрчлөлтүүдийг иргэдийн оролцоогүйгээр буюу тэдний хүсэл зоригийн эсрэг хэрэгжүүлэх боломжгүй юм. Гэтэл сонгуулийн булхай нь эрх баригчдад итгэх итгэлийг алдагдуулах боллоо. Тийм учраас энэ удаагийн сонгуулийн дүнг хүчингүй болгож шинэ сонгууль явуулах шаардлагатай.

-Путиныг өнөө цагийн Брежнев гэж үзэж болох уу?

-Мэдээж үгүй. Ингэж харьцуулах үндэслэл одоогоор алга. Гэхдээ нөгөө талаар, хэрэв Путин төрийн толгойд хэтэрхий удаан ажиллах юм бол Брежневээс ялгаагүй нэгэн болж хувирна.

-Тэгвэл Путиныг “өнөө үеийн хаан” гэж нэрлэвэл яах бол?

-Та тоглож байгаа байлгүй дээ… Магадгүй өөрөө тэгж хүсдэг байж болох юм. Гэвч санаснаар болохгүй л дээ. Оросуудын хүсэл буцалж байна, тэр утгаараа юу ч тохиолдож болно. Гэхдээ хаантай болохыг хэзээ ч хүсэхгүй байх аа. Юутай ч, нийгмийн дунд ширүүн хэлэлцүүлэг өрнөж байгаад баярлах хэрэгтэй. Үг дуугарах ч эрхгүй үе бидэнд байсан. Тухайлбал, Сталины үед яг ийм байв. Харин өнөөдөр ард түмэн маань ардчиллын ололтуудаасаа татгалзахыг хүсэхгүй байна. Оросын иргэд эсэргүүцэх болно.

-Владимир Путин, Дмитрий Медведев хоёрын албан тушаал солигдох явдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Нэгэнт манай иргэд эхнээсээ л энэ хоёр хамтарч ажиллана гэдэгтэй нь аргагүйн эрхэнд эвлэрчихсэн байсан учраас өнөөдөр үүнд гомдоллоод нэмэргүй. Хууль, эрх зүйн талаас нь авч үзвэл энэ хоёр эрхмийн албан тушаал солигдох явдал нь ардчиллын дүрмийг зөрчихгүй. Гэтэл үнэн хэрэгтээ энд төрийн эрхийг тогтоон барих оролдлогын талаар яригдаж байна шүү дээ. Тийм учраас удирдагчдаа солилгүйгээр хүмүүсийн шаардаад байгаа тэр өөрчлөлт шинэчлэлүүдийг хийх боломжгүй юм. Улс төрд шинэ хүчин оруулалгүйгээр өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх боломжгүй. Өнөөдөр албан тушаалыг мөнгөөр худалдан авдаг болжээ. Энэ бол ардчиллын хамгийн адгийн арга.

-Хэрэв Путин 2012 оны гуравдугаар сард сонгогдож чадвал (ялах боломж өндөр байгаа) дараагийн сонгуульд дахин орж 2024 он хүртэл төрийн эрхэнд байх болно. Оросын ирээдүй энэ мөн үү?

-Путин Ерөнхийлөгчийн албыг анх удаа хашиж байхдаа улс төр дахь олон амжилтаараа гайхуулдаг байлаа. Тэрбээр ОХУ-ын нэгдлийг хадгалж үлдэн ард түмэнд цээж дүүрэн амьсгалах боломжийг олгож өгсөн юм. Тэр утгаараа улстөрчийнхөө хувьд түүнд ирээдүй байхгүй гэж хэлэх боломжгүй. Гэвч ирэх зургаан жилийн дотор улс оронд ардчиллыг хөгжүүлж, шинэ дүр төрхтэй болгох хэрэгтэй байна. Хэрэв Путин ОХУ-ыг энэ чиглэлд замнуулан явж чадахгүй бол тайван замаар шийдвэрлэх аргагүй маш том асуудлуудтай тулгарах болно. Яах вэ, өөрийн арга барилаа өөрчилж чадах нь уу, өнгөрснөөсөө сургамж авч уу гэдгийг нь харъя.

-Путин гурав дахь удаагаа сонгогдох гэж байгаа явдал нь Үндсэн хуулийн амин сүнсийг зөрчсөн үйлдэл мөн үү?

-Тийм ээ, тэр хүн Үндсэн хуулийг бус таны хэлдгээр амин сүнсийг нь зөрчсөн. Их зөв тодорхойлолт байна шүү. Хэдэн сарын өмнө би өөр нэг шинэ Ерөнхийлөгч гарч ирвэл их сайн байна гэж мэдэгдэж байсан. Энэ тохиолдолд өөрчлөлт шинэчлэлийг хүсч буй хүмүүст дардан зам нээгдэх юм. Удирдах хүрээний гишүүд өөр хоорондоо болоод өмч хөрөнгийн асуудлаараа хэтэрхий холбоотой болсон байна. Ийм хүмүүс жинхэнэ өөрчлөлт шинэчлэлүүдийг хийж чадахгүй. Сөрөг хүчнийхний хэвлэлд нийтлэгдсэн төрийн дээдсүүдийн дунд ноёлж буй авлигын талаарх нийтлэлүүдийг уншихаар хэлэх үг ч олдохоо байчих юм. Онолын хувьд Путин өөрчлөлт шинэчлэл хийхийг санаачилж болох ч би үүнд нь тун итгэлгүй байна.

-Оросын олонх иргэдийн царайнд Путинээс залхсан байдал ажиглагдаж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Асуудал үүнд байгаа юм биш ээ. Путины эрин ард түмэнд амьдралын наад захын шаардлагатай зүйлс, тогтвортой байдлыг өгсөн тул тэд үүнийгээ алдахаас айдаг. Гэвч шинэчлэл зайлшгүй хэрэгтэй гэдгийг аажмаар мэдэрч эхлээд байгаа.

-Ирэх гуравдугаар сар хүртэлх хугацаанд юу ч өөрчлөгдөхгүй бол та элэг нэгтнүүддээ сонгуульд оролцож саналаа өгөх нь зүйтэй гэх үү эсвэл хууль ёсны мэт хуурамч ардчиллаас татгалз гэж зөвлөх үү?

-Би бол хувьдаа очиж саналаа өгнө. Иргэд маань ч миний жишгийг дагаасай гэж уриалж байна. Яагаад гэвэл, саналаа өгөөгүй хүмүүсийн хуудсыг санал тоолох үед аймшигтайгаар ашигладаг. Тиймээс эрх баригчдаас эмээлгүй сонгуулийн үйл явцыг хянах зайлшгүй шаардлага бий. Эрх баригчид “Путин ялахгүй бол та бүхэн нийгмийн халамж, энэ тэрээ авч чадахгүй” гээд л ард түмнийг сүрдүүлээд байсан. Гэвч энэ бол худлаа шүү.

-Тэгэхээр сонгуульд хэний төлөө саналаа өгөх ёстой вэ. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нь ялаасай гэж та хүсч байна?

-Харамсалтай нь, сонголт бага байна…

-1991 онд төрийн тэргүүнээсээ татгалзан ЗСБНХУ-ыг дэндүү амархан шилжүүлэн өгсөн гэж саяхан Путин таныг буруутгасан байна лээ?

-Тэр үед яг юу болсныг Путин сайн ухаж ойлгох хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд арай өөр дүгнэлтэд хүрэх байх. Юутай ч, түүний шүүмжлэлийг би хүлээж авахгүй. Энэ шүүмжлэл үндэслэлгүй.

-Путин нэгэн ярилцлагадаа ЗСБНХУ-ыг “Агуу Орос орон” байсан гэж хэлсэн байна лээ. Та түүнтэй санал нийлэх үү?

-Нийлнэ ээ. Би өөрөө яг ийм үгсийг зуун удаа хэлсэн хүн. Гэхдээ энэхүү агуу Орос оронд үндэстнүүдийн онцлог талуудыг тооцох, олон үндэстнийг агуулсан аварга том ертөнцөд амжилттай ажиллах, ардчилал, эрх чөлөөний зарчмуудыг мөрдөх боломжийг олгож өгч чадах хэмжээний тийм дотоодын байгууллага хэрэгтэй байв. Түүнийг байгуулах боломж ч байсан. Бид уг нь зөв чиглэлд явж байсан юм. 1991 онд Холбооны шинэ гэрээ бэлэн болж үүний ачаар холбоот улсууд маань холбоо дотроо Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөтэй байх, бие даах эрхээ олж авах учиртай байсан юм. Гэвч… 1991 оны наймдугаар сард болсон төрийн эргэлт энэхүү гэрээг үзэглэх боломжийг олгоогүй. Үүнээс улбаалж гарсан үр дагавруудыг хүн бүр мэдэж байгаа шүү дээ.

-Путин ЗСБНХУ задарсан явдлыг “20 дугаар зууны геополитикийн хамгийн том сүйрэл” байсан гэж үздэг. Зөвлөлт холбоот улс байхгүй болсонд та харамсдаг уу?

-Харамсдаг. Би нэг бус удаа үүнийг давтан хэлж байгаа. Угаас би ганцаараа ингэж боддог хүн биш юм байна гэдгийг санал асуулгууд ч харуулдаг. Манай иргэдийн олонх нь надтай санал нэг юм билээ. Тэгсэн атал “Та ЗСБНХУ дахин сэргээсэй гэж хүсдэг үү?” гэж асуухаар ердөө 9 хувь нь “Тийм” гэж хариулдаг. Энэ юуг хэлээд байна вэ. ЗСБНХУ-д амьдарч байсан иргэд өдгөө тусгаар тогтносон орнуудад амьдарч байгаа бөгөөд хэдийгээр эдийн засгийн нэгдмэл орчин нь байхгүй болж тэр хэрээр амьдрахад хүнд болсон ч тэд оршин буй улсынхаа тусгаар тогтнолыг, өөрийн эрх чөлөө, шинэ эрхүүдээ үнэлдэг болжээ гэдгийг харуулж байна. Үүнийг ойлгох нь маш чухал. Тийм учраас би холбоот улсаас салсан орнуудад юуны өмнө эдийн засгийн интеграци явуулахыг дэмждэг.

-Интеграцийг амжилттай явуулахын тулд Украин улс юунаас ч чухал. Та Ерөнхийлөгч Януковичийн талаар ямар бодолтой явдаг вэ. Мөн эдийн засгийн шинэ орчинг бий болгох боломж бий юу?

-Кучмаг Ерөнхийлөгч байх үед Орос, Украин хоёр ойртож эхэлсэн бөгөөд хамтдаа 70 гаруй хуулийг баталж байв. Ющенкогийн үед энэ ажил зогссон. Харин Януковичийн хувьд гэвэл тэр намайг үнэхээр гайхашруулж байгаа. Тэрбээр төрийн эрхийн төлөө тэмцэж байхдаа ОХУ-тай улам дотно харилцаатай байх хэрэгтэй гэдэг байв. Харин Ерөнхийлөгч болсон хойноо шал өөр юм яриад эхэлсэн. Уг нь украинчууд Оростой дотно харилцаатай явахыг дэмжсэндээ түүний төлөө санал өгсөн юм шүү дээ. Нөгөө талаар, Украиныг оролцуулалгүйгээр ОХУ, Белоруссь, Казахстан гэсэн улсын дунд эдийн засгийн нэгдмэл орчин бүрэлдэж эхэлж байна. Бусад улс орон ч цаашдаа үүнд нэгдэх хүсэлтэй байгаа. Энэ бол зөв зам.

-Энэ сарын сүүлчээр ЗСБНХУ нуран унасны 20 жилийн ой тохиох гэж байна. Энэ олон жилийн дараа эргээд санахад та юун дээр алдсан гэж боддог вэ?

-Би ЗСБНХУ-д ардчиллыг хөгжүүлэх явцыг түргэтгэж амжаагүй, мөн өөрчлөн байгуулалтын эсрэг тэмцлийг оройлсон ЗХУ-ын Коммунист намыг өөрчлөн шинэчлэж чадаагүй. Бид холбоот улсуудынхаа тэргүүнүүдтэй хамтран ЗСБНХУ-ыг тусгаар улсын нийгэмлэг болгох бодолтой байсан. Гэвч амжаагүй.

-Тэгвэл таны хамгийн гол ололт юу байсан бэ. Өөрөөр хэлбэл, Горбачёвын эринээс түүхэнд яг юу нь үлдэх бол?

-Бид ЗСБНХУ-ын иргэддээ шашин шүтэх эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, аажмаар зах зээлийн эдийн засагт хүргэх хувийн хэвшлийн эрх чөлөөг олгож ардчиллын үйл явцыг эхлүүлсэн. Энэ хэдийг тоочиход л бага биш байгаа биз дээ, тийм үү. Харин олон улсын тавцан дээр бол бид цөмийн зэвсгийг хорогдуулах замаар цөмийн заналхийллийг сулруулж чадсан.

-Европын нутаг дэвсгэр дээр Пуужингаас эсэргүүцэн хамгаалах системүүдийг суурилуулсан явдал Владимир Путиний санааг зовоож байна. Тэрбээр америкчуудад хандан өөрийн байр сууриа ширүүхэн илэрхийлээд цөмийн зэвсгийн салбарт хүлээсэн үүргээ эргэж харна гэж сүрдүүлээд байгаа. Путин энэ асуудалд үнэнээсээ санаагаа чилээв үү эсвэл сонгуулийн кампанит ажилдаа ашиглаж байна уу?

-Аль аль нь байгаа л байх. Нөгөө талаар түншээ том маргааны эцэст буулгаж авахад түлхэц болж чадах сайхан арга. Ямар нэгэн аюултай зүйл болохгүй. Миний үед ч нэг иймэрхүү явдал болж байлаа. Нэг өдөр Америкийн Ерөнхийлөгч надад хандан “Би сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж байна. Энэ үед ярих зүйлсийг маань бүү тоогоорой, миний ярих зүйлс гадаад бодлогыг бодитойгоор өөрчлөх утга агуулаагүй шүү” гэж анхааруулж л байсан.

-Та ОХУ-д ардчиллыг хэрэгжүүлэх боломжтой гэж үздэг үү?

-Хэрэв би иргэдээ ардчилсан тогтолцоонд амьдрах чадваргүй ард түмэн гэж үзсэн бол өөрчлөн байгуулалтыг хэзээ ч эхлүүлэхгүй байх байсан. Тэгсэн бол би хуучин дүрэм журмаар нь улсаа удирдаж Каддафитай өрсөлдөх байсан болов уу.

-Сэтгүүлч Анна Политковскаягийн аллагын шалтгаан хэзээ нэгэн цагт илрэх болов уу?

-Найдаж л байна. Путин болохоор Политковскаяг нэг их ач холбогдолтой хүн байгаагүй, гойд хийсэн зүйлгүй нэгэн байсан гэж мэдэгдсэн байна билээ. Би түүнтэй огт санал нийлэхгүй байгаа.

-Оросын хууль сахиулах байгууллагууд яагаад захиалагчийг нь олж чадахгүй байгаа юм бол?

-Оросын дэглэм сул, түүнийг олох сонирхолгүй байгаагаа л харуулж байгаа хэрэг. Үнэн хэзээ нэгэн цагт илэрвэл тэр үнэн нь их л гашуун байх болов уу.

-Энэ жилийн хамгийн чухал үйл явдлуудын нэг нь “Арабын хавар” байлаа. Исламизмаас үүдэх аюулыг та хэрхэн үнэлдэг вэ?

-Үйл явдлууд буруугаар эргэх нь ардчиллаас бус түүний хомсдлоос үүдсэн байдаг юм. Тэмцэл өрнөсөн тэдгээр орнууд эхэндээ өөрийн нийгмээ аажмаар ардчилалд шилжүүлэхээр шийдсэн байв. Гэвч энэ замаараа тууштай явж чадалгүй бүлэг хүмүүсээр удирдуулан дарангуйллын дэглэмтэй орон болж хувирсан. Арабын олонх орны ард түмэн өөрсдийнх нь эрхийг хүндлэхийг бүх нийтээрээ шаардсанд би их баяртай байдаг. Мөн ард түмнийг дарах, өөрсдийн булхайт үйлдлүүдээ үргэлжүүлэн явуулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн оролдлогыг нураасанд баярлаж суудаг. Сири улсын тухайд бол дайтахаас зайлсхийж чадна гэж найдаж байгаа. Цэрэг армиар дарж асуудлыг шийдэхгүй ээ. Дайн бол үргэлж улс төрийн ялагдал байдаг.

-“Арабын хавар”-т барууны орнууд оролцох нь зөв байсан уу?

-Каддафи ард олны жагсаалыг харгис аргаар дарсан тул агаараас цохилт үзүүлэх нь зайлшгүй байсан. Энэ бол форс-мажор буюу давагдашгүй хүчин зүйл байсан юм. Гэхдээ цаашдаа асуудлыг ингэж шийдэх хэрэгтэй гэж зөвлөж чадахгүй нь. Учир нь Ливид бөмбөгдөлтийн уршгаар үй олон барилга сүйдэж, маш олон хүний амь үргэдсэн. Аливаа асуудал дээр үргэлж улс төрийн шийдэл гаргахыг эрхэмлэх хэрэгтэй. Европыг ардчилсан аргаар үйл ажиллагаагаа явуулж, хориг тавих гэх зэргээр улс төр, эдийн засгийн хөшүүргүүдийг ашиглана гэдэгт хүмүүс найддаг.

-Сирийн Ерөнхийлөгч огцрох ёстой юу?

-Башар Асадыг зайлуулах, Сирийн дэглэмийг унагахад асуудлын гол нь байгаа юм биш. Хэрэв ийм санаа агуулсан бол НАТО оролцох байсан. Гэхдээ одоо хангалттай шүү дээ. Болгоомжтой л байцгаая.

-ОХУ-д “Арабын хавар” өрнөх боломж бий юу?

-Арабын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудаас сургамж авах нь л бидэнд чухал байна. Манайд өдөөн хатгагчид хангалттай бий. Гэхдээ Сири, Ливи зэрэг улсад өрнөсөн загвараар Оросод үймээн дэгдэнэ гэж надад нэг л төсөөлөгдөж өгдөггүй юм.

-2012 он бол олон зүйлийг тодорхойгүй болгож байгаа жил. АНУ, Франц, Мексик, ОХУ зэрэг оронд Ерөнхийлөгчийн сонгууль явагдахаас гадна БНХАУ-ын төрийн эрхэнд шинэ баг гарч ирнэ. Европын хувьд ч шийдвэрлэх он байх болно. Ийм тайван бус ертөнцийн ирээдүйг та хэрхэн төсөөлдөг вэ?

-Би сэтгэлээр огт унадаггүй. Бусдад ч мөн тэгж зөвлөе. Дэлхий ертөнцөд өрнөж байгаа үйл явдлууд айгаад байхаар зүйл биш. Энэ бол ердөө л “хуучин нийгмээс” шинэ, глобал, харилцан хамааралтай нийгэмд шилжихэд дагалдан гардаг шилжилтийн хүндхэн үе шат. Хуучин хана нурж байгаа нь эрүүл үзэгдэл юм.