Цэргийн ардчилал

Posted on Арван хоёрдугаар сар 26, 2011

0


Пакистаны генералууд төрийн эргэлт хийхээр төлөвлөж байна-

Пакистан нь ислам шашинтай тэрс үзэлтнүүд цөөнгүй амьдардаг цөмийн зэвсэгтэй орон бөгөөд өдгөө ноцтой үйл явдлууд өрнөх төлөвтэй боллоо. Тодруулж хэлбэл, тус оронд дараагийн төрийн эргэлт болох үйл явц дуншиж эхэлжээ. Хэрэв төрийн эргэлт гарвал санаанд оромгүй үр дагавар гарах магадлалтай. Тэд бүгд бие биеийнхээ эсрэг дайтаж болзошгүй болоод байна.

Пакистаны улс төрийн амьдралыг сонирхох гэсэн хэн бүхэнд “аалзаар дүүргэсэн сав” гэсэн хэлц үг санаанд нь орох вий. Учир нь нэгд, энэ орны иргэдийн төлөөлөл хүчирхэг тусгай албад, армидаа үнэн сэтгэлээсээ дургүй учир харилцан итгэлцэл байхгүй. Хоёрт, албан тушаал хөөцөлдөгч улстөрчдийн нөлөө өндөр хэвээр оршиж байна. Гуравт, Пакистанд хувааж идэх зүйл багагүй байгаа учир генералууд нь хэзээ ч нэгддэггүй.

Бас болоогүй ээ. Улстөрчид нь авлига авах тун дуртай, нөлөө бүхий хөрөнгөтнүүдээр тэжээлгэдэг эсвэл өөрөө хөрөнгөтөн байдаг. Цэргийнхэн, тусгай албадынхан тэднийг хамгаалсаар өөрсдөө ч жаал юмтай болж авч хоцордог. Энэ бүхнээс гадна тус оронд ислам шашинтнууд маш их нөлөөтэй байдаг учраас улстөрчид, олигархууд, цэрэг тагнуулынхан өөрсдийн эрх ашгийн тулд тэд нарт нууцхан тусалдаг гэж байгаа. Тэгсэн атлаа бие биеэ авлига авсан, алан хядагчдад туслалцаа үзүүлсэн гээд олон хэрэгт буруутгадаг. Тэгж буруутгах үндэслэл ч байдаг бололтой. Учир нь өнөөгийн Пакистаны удирдлагад буй бараг бүх хүн нэгэн цагт шоронд суусан эсвэл ямар нэгэн хэмжээгээр байцаагдаж байсан хүмүүс байдаг. Пакистаны удирдлага авлигад бүрэн автагдсан гэдэг нь нууц биш.

Дээрх ерөнхий дүр зураг дээр нэмж хэлэхэд, тус орны нэг хэсэг нь Энэтхэгт эзлэгдсэн, харин баруун хойд хэсэгт нь “Талибан”-тай холбоотой овог аймгууд амьдардаг тул тэр хэсгийн хотуудад алан хядлага, захиалгат аллага зогсолтгүй гарч, оршин суугчдын нэлээд хувь нь туйлын ядуу амьдардаг билээ.

Өдгөө төрийн эрхийн төлөөх тэмцэл ганц хором ч зогсолгүй өрнөсөөр байна. Өнгөрөгч тавдугаар сараас энэ улсад улс төрийн бодит хямрал хүчээ авч эхлэв. Америкчууд Абботабад хотноо Осама бин Ладенийг устгах ажиллагаа явуулсан нь хямрал үүсэх гол шалтгаан болжээ. Тэр үед л хүн төрөлхтөн дэлхийн номер нэг алан хядагчийг олон жилийн турш Пакистаны цэргийн ерөнхий академиас холгүй байрших маш том өргөөнд амьдарч байсныг мэдэж авсан билээ.

Пакистаны Тагнуул хоорондын албаны (ТХА) удирдлага, армийн генералууд тухайн үед нэлээд таагүй байдлыг даван туулсан. Тухайн үед “Ямар сонин юм бэ, нээрээ бин Ладен мөн байна шүү дээ… Бид ёстой мэдсэнгүй” гэсэн утга бүхий тэдний мэдэгдэлд маш гэнэн хүн л итгэсэн байх. Юутай ч, тухайн үед ТХА болон цэргийнхэн нэгэн томоохон нууц ажиллагааг явуулж байгаа нь ойлгомжтой болсон бөгөөд уг ажиллагааны чухал хэсэг нь ислам шашинт тэрс үзэлтнүүдтэй холбоотой гэдэг нь тодорхой болов. АНУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн, адмирал Майк Маллен (өдгөө тэтгэвэрт гарсан) “найдвартай эх сурвалжууд”-д тулгуурласан гэдгээ тодотгоод Пакистаны генералууд талибчуудад чадах бүхнээрээ тусалж байна хэмээн бүх нийтэд зарласан явдал нь дээрхийг баталгаажуулж өгсөн юм. Харин энэ эх сурвалж нь Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари байсан гэдэг нь огт эргэлзээгүй байв. Энэ улстөрчийг хулчгар, нэр хүндгүй, шуналтай гэж ад үздэг. Угаас энэ хүн сөрөг хүчний удирдагч асан, 2007 онд хороогдсон Беназир Бхуттогийн нөхөр байсан бөгөөд эхнэрийнхээ нэр төрөөр анх улс төрд хөл тавьсан билээ. Энгийн иргэд түүнийг “10 percent” буюу “Арван хувь” гэж хочилдог нь авлигад хэр дуртайг нь илтгэж байгаа хэрэг юм.

Генералуудын төлөвлөсөн ажилд Зардари багтаагүй гэдгээ маш сайн мэдэж байлаа. Тэд түүнд албан тушаал бус шүүгдэгчийн сандал санал болгоно гэдгийг ч ойлгож байв. Хэрэв генералууд Зардариг шүүхэд өгвөл түүний эртний анд, Ерөнхий сайд Юсуф Реза Гиланид ч мөн ийм хувь ногдох байсан юм.

Байдал нэгэнт ойлгомжтой байсан тул яаралтай хөдлөх хэрэгтэй байв. Үүний тулд Пакистаны удирдлага АНУ-аас тусламж авахаар шийджээ. Адмирал Маллен Исламабадаас тавдугаар сард Пакистаны Засгийн газрын нэрийн өмнөөс бичсэн нэгэн захидлыг хүлээн авснаа нотлоод уг захидалд ойртон буй төрийн эргэлтийг таслан зогсоохыг хүсч, үүний хариуд америкчуудын хүссэн бүх зүйлийг өгнө гэдгээ амласан байжээ. Захидлын дор бичсэн хүний нэр байгаагүй учир Штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн тухайн үедээ энэ захидалд ач холбогдол өгөөгүй аж.

Гэтэл энэ оны аравдугаар сарын үед “биднийг генералуудаас авраач” гэсэн утга бүхий дээрх захидлыг хэвлэлийнхэн үл мэдэгдэх аргаар олж аваад нийтэлж орхив. Захидалд бичсэн эзнийх нь нэр байгаагүй ч арваннэгдүгээр сарын үед энэ захидлын эзэн хэн болохыг бүгд л гадарласан юм. Нэгд, “Wikileaks” сайтын ачаар Зардари бүр эрт буюу 2009 онд цэргийнхэн түүнийг огцруулах гээд байгаа талаар Жо Байденд ховлосон нь ил болов. Хоёрт, дээрх захидлыг Малленд гардуулж өгсөн хүн бол Пакистаны Ерөнхийлөгчийн ойрын хүрээлэлд багтдаг, Пакистанаас АНУ-д суугаа Элчин сайд Хусейн Хаккани байсан нь илчлэгдсэн билээ.

Ингээд Зардари хүндхэн байдалд оров. Ард иргэдийн нүдэнд тэрбээр үндэсний эрх ашгаасаа урвасан этгээд мэт харагдах болсны сацуу дээрх захидал маш тохиромжгүй үед ил болсон байлаа. Бин Ладенийг устгах ажиллагаа, адмирал Маллен, АНУ-ын (тухайн үеийн) Батлан хамгаалахын сайд Панетта нарын зүгээс хийсэн бухимдал бүхий мэдэгдлүүд, мөн хамгийн гол нь НАТО-ийнхан Пакистаны армид агаараас цохилт үзүүлсэн гэх үйл явдлууд нь тус орны дотор Америкийн эсрэг үзлийг хөөргөж орхисон үе байв. Өөрийгөө хүндэлдэг ямар ч улстөрч ийм тохиолдолд АНУ-ыг ямар их үзэн ядаж байгаагаа байнга илэрхийлэн хашгирах байсан биз ээ. Гэтэл юу юугүй “Эх нутгаа зарна. Хямдхан шүү. Америкчуудад бол хөнгөлөлт үзүүлнэ. Тодорхой мэдээллийг Пакистаны Ерөнхийлөгчөөс авна уу” гэсэн зартай дүйх захидал ил болж орхисон юм.

Энэ үеэс тус оронд жинхэнэ шуугиан дэгдэж эхэллээ. Тэгсэн Зардари гэнэт л өвдөн (олон хүн түүнийг худлаа баашилсан гэж үздэг боловч ийм хүнд байдалд орсон хэнбугайн ч мэдрэл хямарч болох л юм) Пакистаны улстөрчид өндөр албан тушаал хашиж байх үедээ цагаа нөгцөөдөг Арабын нэгдсэн Эмират улсад эмчилгээ хийлгүүлэхээр явж одов. Харин Ерөнхийлөгчийн хүрээллийнхэн түүнийг микроинфаркт авсан гэж тайлбарлаж билээ.

Ингээд Пакистан улс хэсэгтээ л удирдагчгүй болж хоцорсон. Үүнтэй холбоотойгоор тус орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг эргэж ирэх эсэх талаар олон таамаг дэвшүүлж эхэлсэн юм. Судлаач, шинжээчид цэргийн эргэлт болоод өнгөрчихөв үү, үгүй юу гэхчилэн тааварлаж ч эхлэв. Энэ бүхэн иргэдэд нь хүртэл ойлгомжгүй санагдаж байсан юм.

Энэ зуур тус улсын Ерөнхий сайд Гилани асар их идэвхийг гаргаж эхлэв. Тэрбээр цэнхэр дэлгэцээр болон сониноор дамжуулан АНУ-ыг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг тул НАТО-оос Афганистанд хүргэх гэж байсан ачааг нь нутгаараа дамжуулан тээвэрлэхийг хориглосон, Пакистаны цэргийн баазад байсан Америкийн нисгэгчгүй онгоцуудыг үлдэн хөөсөн гэх зэрэг “баатарлаг гавьяа” байгуулсан гэдэгтээ иргэдийг итгүүлэх болж, үүнтэй зэрэгцэн генералуудад гэнэт л “хайр” зарлан тэд нарт сайн ханддагаа илэрхийлэх болов. Үүний хажуугаар Зардаритай ямар ч найз нөхөд биш, шуугиан тариад байгаа тэр захидлын талаар өөрөө ч, намынхан нь ч юу ч мэдээгүй гэдгийг онцолсоор байх болжээ.

Цэргийнхэн түүний энэ “үзүүлбэрүүд”-ийг их л болгоомжтой хүлээж авав. Юуны өмнө, Төв штабын төлөөлөгчид Дээд шүүхэд хандан дээрх захидлын эзэн, холбогдогчдыг нь нарийн тогтоож өгөхийг хүслээ. Яг энэ үед тус орны нэгэн хэвлэлд ТХА-ны дарга, генерал Ахмад Шуджа Паша-г Пакистантай хөрш зэргэлдээ орших араб орнуудаар нууц аялал хийн тэдний удирдагчтай уулзаж Пакистанд дахин нэг цэргийн эргэлт хийх талаар санаа бодлыг нь сонсож явна хэмээн бичсэн байв. Мөн мэдээлэлд дурдсанаар, генерал энэ саналдаа эерэг хариу сонсч явсан ажээ.

Байдал ийн эргэсэн нь хачирхалтай үр дүнг дагуулав. Бараг л үхэх нь холгүй байсан Зардари гэнэт л цоо эрүүл болж эх орны зүг яаралтай жолоо мушгив. Гэхдээ нийслэл Исламабадад бус түүнийг олноороо дэмждэг Карачи хотод газардав. Энэ л хотод байхдаа тэрбээр Пакистаны тэргүүн байгаа хэвээрээ ч одоогоор нийслэлд очих хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн. Харин цэргийнхэнтэй бол Гилани-гаар дамжуулан утсаар холбоо барихыг одоогоор илүүд үзэж байгаа гэв.

Нээрээ л удалгүй тэдний дунд нэгэн хачирхалтай ярилцлага өрнөжээ. Ерөнхийлөгч Зардари тухайн үед Исламабад хотноо Төв штабын тэргүүн Ашфак Первез Каянитай хэлэлцээр хийж байсан Ерөнхий сайд руу утас цохиж. Ерөнхий сайд харилцуурыг аван Зардари ярихыг хүсч байна хэмээгээд генералд өгчээ. Төв штабын дарга “За, бие чинь яаж байна” гэж асуухад нь Ерөнхийлөгч “Баярлалаа, одоо дээрдсэн” гэж хариулсан аж. Албан ёсны мэдээллүүдээс үзвэл тэдний яриа ингээд өндөрлөсөн бололтой. Лав л улс төрийн талаар ямар нэгэн зүйл ярилцаагүй аж.

Дээрх яриаг үндэслэвэл эх орон нь хямралд гүнзгий автагдсан байхад энэ хоёр эрхэмд тэр бүхэн хамаагүй байгаа бололтой гэмээр. Нөгөө талаар мэнд уснаас цаашгүй байсныг бодоход хэн хэнд нь ярих зүйл байхгүй, асуудал нэгэнт ойлгомжтой болжээ гэдгийг нотлох шиг.

Пакистаны өнөөгийн байдалд сюрреалист хэв маяг илүүтэй зонхилох болж. Ерөнхийлөгч нь байгаа юм шиг мөртлөө өөр хотод амьдран улс орноо удирдахгүй юм. Ерөнхий сайд нь мөн л бүхнийг хийж байгаа юм шиг мөртлөө цэргийнхнийг удирдлагаа гартаа оруулаасай хэмээн мөргөн гуйж байх юм. Харин цэргийнхэн болохоор “Энэ хоёр нөхрийг одоо огцруулах болсон юм биш үү” хэмээн хилийн чанадын нөхдөөсөө асуусаар байгаа. Гэвч цаадуул нь тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаа бололтой. Ард түмэн нь энэ байдлаас улам бүр залхаж, гудамж талбай дахь эсэргүүцэл эрчээ авсаар байх боллоо.

Яг энэ үед Пакистанд өрнөж буй дээрх үйл явдлуудыг хараад Первез Мушарраф дуугарч эхэлсэн нь нэг их хачирхалтай зүйл биш юм. Первез Мушарраф бол 1999 онд иргэний Засгийн газрыг түлхэн унагаж 2001 оноос хойш есөн жилийн турш Пакистаныг удирдсан генерал асан билээ. 2008 оны наймдугаар сард сөрөг хүчний шахалтаар Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрон улмаар нутгаасаа хөөгдөн Арабын нэгдсэн Эмират улсад оршин сууж байсан юм. Пакистанд түүний нэр дээр эрүүгийн хэд хэдэн хэрэг бүртгэлтэй байгаа. Гэсэн хэдий ч Пакистаны олонх иргэн түүнийг дэг журам, тогтвортой байдал, хатуу засаг захиргааны бэлэг тэмдэг гэж үздэг хэвээрээ. Первез Мушарраф ирэх нэгдүгээр сард нутаг буцах болсноо зарлаад нэр дээр нь бүртгэлтэй байгаа эрүүгийн хэргүүдээс огтхон ч эмээхгүй байгааг мэдэгдлээ.

Первезийн толгойд юу эргэлдэж байгааг таамаглахад ядах юм алга. Төв штаб болон ТХА-ны хуучин нөхөд нь түүнийг нэгэнт суудал нь байдгаараа ганхаж байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын гарт тушаана гэж лав байхгүй. Түүнээс гадна түүнд муу юм учрахгүй гэсэн баталгаа өгөөгүй бол тэрбээр нутагтаа ирэх болсноо ингэж сүржин зарлахгүй л байсан болов уу. Өнөөдрийн нөхцөлд ийм баталгааг зөвхөн арми л гаргаж өгч чадна.

Мушарраф өнөөгийн улстөрчдийн нэр хүндийг унагаж, арми, тусгай албадын болон түүнийг энэ хугацаанд санагалзаж байсан ард түмний хэсэг бүлэг хүний дэмжлэгтэйгээр төрийн эрхэнд гарах боломж олдож магадгүй гэж найдаж л байгаа байх. Гэхдээ үүнд нэг саад бий. Хэрэв Пакистанд төрийн эрхийг хууль ёсоор авч, ардчилсан зарчмаар сонгогдохыг хүсвэл хугацаанаас өмнөх сонгуулийг явуулах шаардлага тулгарна. Гэтэл ийм сонгуулийг зөвхөн Ерөнхийлөгч л зарлах эрхтэй.

Өнөөдөр цэргийнхэн, улстөрчид, прокурорууд болон тэдний туслахууд Исламабад хотноо хэлэлцээр хийн амрах ч завгүй явна. Хэлэлцээрүүд хаалттай хаалганы цаана явагдаад байгаа учир хэлэлцэж байгаа асуудлуудын утга тун бүрхэг. Гадаад шинж байдлаас нь ажиглавал тус орны ирээдүйн улс төрийн системийн их наймаа явагдаж байна гэж таамаглаж болохоор. Хэрэв дээдчүүлийн хэлэлцээр нурах юм бол Исламабад хотноо цэргийн эргэлт гарцаагүй болно. Тэр үед Карачи хот болон түүний ойр орчмын газарт өнөөгийн Ерөнхийлөгчийг дэмжигсэд шинэ удирдлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал өндөр. Тэгсэн тохиолдолд таамаглахын аргагүй үр дүнг авчирах урт хугацааны тогтворгүй байдал энэ улсыг нөмрөх аюултай.

Нөгөө талаар, Пакистаны дээдчүүлийн дунд явагдаж байгаа хэлэлцээр зөвхөн тус орны иргэдэд ч бус дэлхийн бусад орны хувьд ч тун чухал байгаа юм. Учир нь цөмийн зэвсгийг хэн нэгний гарт оруулахыг хүн ч хүсэхгүй биз ээ.

http://lenta.ru/articles/2011/12/20/paki/