ИРАКТ ЮУНЫ ТӨЛӨӨ ТУЛАЛДАВ АА

Posted on Арван хоёрдугаар сар 27, 2011

0


Америкчууд Иракаас цэргүүдээ гаргаснаар тус оронд хагарлын их үүдийг нээж өгөв

Иракаас Америкийн цэргийн анги нэгтгэлийг гаргаснаар тус оронд хүсэн хүлээгдэж байсан энхтайван, зөвшилцөл бий болсонгүй. Бүр эсрэгээрээ. Гадаад дарамт алга болсноор дарангуйлал (авторитаризм), шашны үндсэрхэг үзэл, хүчирхийлэл гэгч Иракийн хуучин “чөтгөрүүд” гэрэлт ертөнц рүү зүтгэн гарч ирлээ.

Энэ сарын 22-ны өглөөний оргил цагаар буюу Багдадын оршин суугчид ажилдаа явахаар гудамж талбайг дүүргэж, хүүхдүүд нь сургуулийн зүг явж байх тэр үед 16-н хүчтэй дэлбэрэлт хотыг доргиож орхив. Машин олноороо зорчиж байсан замын уулзвар, зах, автобусны зогсоол, эмнэлэг, сургууль, төрийн байгууллагуудын үүдний өмнө минжуулсан автомашинууд болон хогийн савнуудад нуусан гар хийцийн бөмбөгнүүд агаарт ээлжлэн хөөрсөөр байв.

Хотын оршин суугчид байдгаараа сандарч нуугдахыг оролдсон боловч нэмэр байсангүй. Хоёр цагийн турш хотын хаа нэг газар дэлбэрэлт болж байсан тул дараагийн бөмбөг хаана дэлбэрэхийг хэн ч үл мэднэ. Эцэст нь энэ өглөө 72 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархтсан юм. Шархдагсдын олонх нь маш хүнд гэмтэл авсан учир амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх магадлалтай байгаа.

Өнгөц харвал, сүүлийн 30 жилийн дотор гурван дайныг үзэж, гадаадын гүрнүүдэд “эзлэгдэн”, алан хядах үйл ажиллагааг цэцэглүүлж чадсан “хал үзэж халуун чулуу долоосон” Ирак улсад жирийн нэг явдал өрнөсөн мэт санагдаж болох юм. “Харамсалтай л юм болж. Мэдээж хэрэг, хүмүүс нь өрөвдөлтэй л байна. Гэвч тэр улсад ийм явдал болж л байдаг шүү дээ” гэх вий. Гэтэл 22-ны өдөр болсон тэр явдал арай өөрөөр харагдаж байна. Бүр тодруулж хэлбэл, тэр өдөр болсон алан хядах ажиллагаанууд Иракийн түүхэн дэх хамгийн гунигтай гэж хэлж болох нэгэн шинэ хуудсыг нээж өглөө.

Сүүлийн жилүүдэд энэ улсад болсон алан хядах ажиллагаанууд дэндүү өөгүй үзэл суртлыг түшиглэн хөгжиж байв. Алан хядагчдын үүднээс авч үзвэл шүү дээ. Эх орон нь буруу номтнуудад эзлэгдсэн учраас ямар ч аргаар хамаагүй тэд нартай тэмцэх учиртай хэмээн өөрсдийн үйлдлээ зөвтгөж байв. Гол төлөв хөрш зэргэлдээ Персийн буланд орших баян орнуудын олон тооны “буяны” сангууд энэхүү Америкийн эсрэг ариун дайнд (жихад) хөрөнгө оруулалт хийж байлаа. “Итгэл үнэмшил”-ийнхээ төлөө байлдахыг хүсэгчид олноороо байсан учраас алан хядагчдад хөлсний цэрэг авах шаардлага ч гардаггүй байв.

Гэтэл америкчууд нутгийг нь орхин гарсны дараа ариун дайныг явуулах гол шалтгаан үгүй болох нь тэр. Энэ сарын 22-нд Багдадад болсон дэлбэрэлтүүд бол эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг явуулсан үйлдэл биш байсан юм. Гадаадын нэг ч иргэн энэхүү дэлбэрэлтүүдэд өртөөгүй. Харин үнэн шалтгааныг нь одоогоор олон нийтэд хэлэх хориотой. Учир нь энэ орны ирээдүй дэндүү хүнд төсөөлөгдөхөөр байгаа юм. Өдгөө энэ оронд өрнөж байгаа үйл явдлуудаас үзвэл дайн биш юм гэхэд иргэд олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн мэт харагдах боллоо.

Ингээд асуудал аль чиглэлд өрнөж байгааг мэдэхийн тулд сүүлийн үед тус оронд өрнөсөн улс төрийн үйл явдлуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэнд юу болж байна гэж санана.

Иракийн Ерөнхий сайд, шиизм шашинтан (шиит) Нури аль-Маликиг АНУ сүүлийн жилүүдэд “хариуцлага үүрэх чадвартай, хүчтэй удирдагч” хэмээн өргөмжилдөг байсан нь худал үг биш байж. Тэрбээр үнэхээр ийм хүн гэдгээ харуулж чадав. Гэхдээ улс төрийн зорилго, удирдан захирах арга барилуудыг нь америкчуудын нэрлэдгээр ардчилсан гэж хэлэх боломжгүй юм. Америкийн судлаач, шинжээчид хүртэл Иракийн энэ удирдагчийг цаашлах тусмаа … Саддам Хусейнтэй төстэй болоод байгааг дуртай дургүй ч хүлээн зөвшөөрч байна.

2010 онд Викилийкс сайтын ачаар энэ орны Засгийн газрын тэргүүн суннизм шашинтнуудыг (суннит) алан хяддаг, өөрт таалагдаагүй улстөрчдийг буудан хороодог “үхлийн морьт суман” хэмээх эвсэлд оройлох үүрэг гүйцэтгэдэг байсан нь илэрсэн юм. Мөн онд явагдсан сонгуульд Малики ялагдсан хэдий ч урт хугацааны улс төрийн тоглолтыг явуулсны эцэст Батлан хамгаалахын яам, Дотоод хэргийн яамыг ганцаараа хууль бусаар хянах болсноос гадна албан бусаар шүүхийн байгууллагыг хяналтдаа авчээ. Ингээд америкийн сүүлчийн цэргийн анги гарах тэр тэмдэглэлт өдөр ирэхэд Ерөнхий сайд Арабын дарангуйлагч нар шиг бүрэн эрхтэй, Иракийн сөрөг хүчнийхний эзлэх байр суурийн талаар тодорхой төсөөлөлтэй нэгэн болсон байлаа.

Тиймээс америкчууд Иракийг орхин явмагц Ерөнхий сайд хөдөлж эхлэв. Төлөвлөгөө нь ч бэлэн байсан бололтой. Юун түрүүнд, Ерөнхий сайдын тойрон хүрээлэгчид “үхлийн морьт суман”-г дэд Ерөнхийлөгч Тарик аль-Хашеми удирддаг байсан гэж зарлаж эхлэв. Нотолгоо гэх нэгэн видео бичлэгийг ч телевизээр цацуулав. Энэхүү бичлэгт дэд Ерөнхийлөгчийн айж балмагдсан бие хамгаалагчид олон тооны аллагад буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөд төр хэмээх “завь”-ийг ганхуулж төрийн эрхийг гартаа оруулахыг санаархаж байснаа ярьжээ. Мэдээж хэрэг, Ерөнхий сайдын тойрон хүрээлэгчид нэмж өөр нотолгоо харуулсангүй. Харин Иракийн олонх иргэнд тэр үед нэг л танил мэдрэмж (déjà vu) төрсөн байдаг. Учир нь дээр үед телевизээр нэг иймэрхүү нэвтрүүлгүүдийг цаг агаарын мэдээний адил давтамжтайгаар орон даяар цацдаг байсан юмсанж.

Ингээд дэд Ерөнхийлөгчийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж гэрийнх нь гадаа хуягт техник байршуулж орхив. Иракчуудад бас л танил дүр зураг. Нэгэн цагт Хусейн ч бас арцалдагчиддаа ингэж ханддаг байсан юм.

Засгийн газар, парламент дахь суннитүүд эсэргүүцэл зарлан энэ эмх замбараагүй байдлыг зогсоохгүй бол ажлаа хийхгүй хэмээхэд ноён Малики “орлуулж болдоггүй хүн гэж байдаггүй юм” гэх утгатай мэдэгдэл хийн эсэргүүцэл зарлаад байгаа эдгээр хүнийг хална гэж заналхийлэв.

Гэхдээ Иракийн Ерөнхий сайд Хусейний түвшинд хүрэх өдий байна. Түүнд туршлага байхгүй тул дээрх ажиллагаанууд нурж унасан юм. Дэд Ерөнхийлөгч Тарик аль-Хашеми ямар ч байсан түүнээс зугтан Курдистан руу нисээд явчихав. Курдистан бол Иракийн хойд хэсэгт орших муж бөгөөд өөрийн гэсэн хууль дүрмээр аж төрдөг бараг тусгаар тогтносон газар юм. Курдистаны нийслэл Эрбиль хотод албан ёсны орогнох эрх авсан дэд Ерөнхийлөгч нутагт нь болж буй бүхнийг дарангуйлал тогтоох явц гэж нэрлэн харин өөрт нь тохиолдсон явдлыг муухан найруулсан хошин үзэгдэл гэж тайлбарлав. Мөн тэрбээр “Манай оронд үндэсний эв нэгдлийг бий болгох гэсэн бүх чармайлт үнс болон хийслээ” хэмээн онцлоод тийм ч амар бууж өгөхгүй, өөрийнхөө төлөө болоод түүнийг дэмжиж байгаа хүмүүсийн төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ гэв.

Уур хилэн нь бадарсан Малики түүнийг нэн даруй нутагт нь шилжүүлж өгөхийг курдүүдээс нэхэх болж эс биелүүлсэн тохиолдолд курдүүд “том асуудалтай” тулгарах болно гэж заналхийлэв. Мөн үетэй зэрэгцүүлэн Малики улс орны удирдлагад нөлөө бүхий бас нэг суннитийг оролдох ажиллагаандаа оров. Парламентад ч дэд сайд Салех аль-Мутлакийг огцруулах ажиллагаа хэдийнэ эхэлсэн байлаа. Учир нь Салех нь олон нийтэд Маликиг дарангуйлагч гэж доромжилсон дараагийн хүн нь байсан юм. Парламент Маликигийн үгэнд үг дуугүй ордог учир энэ ажиллагаа нэг их сунжрахгүй биз ээ.

Энэ орны улс төрийн тогтолцоог ерөнхийд нь дүрслэхэд, улсын удирдлагад курд, суннит, шиитүүдийг хувь тэнцүүлэн ажиллуулна гэсэн хэлэлцээр хогийн сав руу орчихсон. Учир нь өнөөгийн Ерөнхий сайдад түнш, замын хань хэрэггүй. Хэлэлцээр биелэх боломжгүй болсон тул суннитүүд олноороо амьдардаг Иракийн мужууд (суннитууд гол төлөв Иракийн төв болон баруун хэсэгт амьдарч байгаа) Курдистан шиг автономит эрх мэдэлтэй болохыг шаардах болжээ. Эдгээр мужийг төлөөлж байгаа улстөрчид эх орныхоо эмх замбараагүй байдалд хууль ёсны аргаар нөлөөлөх эрхгүй болсон тул аргагүйдэн шахагдаж эхэлсэн. Эцсийн дүндээ энэ хүмүүс дайчдыг оройлох удирдагч болж хувирах л үлдлээ.

Харин курдүүдийн хувьд одоогоор дундыг баримталсан шигээ байгаа хэдий ч Иракаас тусгаарлах бодлогоо хүчтэй явуулж эхлэх нь ойлгомжтой. Хэрэв суннит, шиитүүдийн дунд жинхэнэ дайн дэгдвэл курдүүдэд өөрийн тусгаар тогтнолоо зарлах аятайхан шалтаг болно. Гэвч тэд ажиглагчаар удаан байж чадахгүй. Учир нь энэ орны газрын тосны үндсэн ордууд Иракийн хойд хэсэгт буюу курдүүдийн нутаг дэвсгэр дээр оршдог юм. Цэргийн эсвэл улс төрийн аргыг ашиглан Багдадад хэн нь ч ялсан байлаа гэсэн газрын тосны араас хэзээ нэгэн цагт ирэх нь тодорхой. Малики “том асуудалтай” тулгарна гэж хэлсэн нь дэмий ч нэг үг байгаагүй гэдэг нь үүнээс харагдана.

Эцсийн эцэст, Иракт ардчилал өрнөж эхэлнэ гэсэн Барак Обамагийн найдвар биеллээ олоогүй бөгөөд эсрэгээрээ энэ улс хагарал бутрал, иргэний дайныг чиглэн итгэл төгс явж байна. Энэ сарын 22-нд болсон дэлбэрэлтүүдийн хариуцлагыг ч одоогоор үүрсэн хүн алга. Гэхдээ хэн нэгэн (суннит дайчид болов уу) нь Маликийн засаг захиргаа энэ улсыг хянаж чадахгүй байгаа гэдгийг харуулахыг зорьсон нь лавтай. Тиймээс суннитүүдэд дарамт өгөх тусам алан хядах ажиллагаа тэр хэрээр ихсэх магадлал өндөр. Талууд нэгэнт дайны халуун шугам дээр тулан ирсэн тул тэднийг зогсоох амаргүй байх болно.

Харин Вашингтоны зүгээс тус оронд өрнөж буй үйл явдлуудыг ёстой л алмайран ажигласаар байна. Америкийн улстөрч, цэргийнхэнд Иракийн кампанит ажил нь бүрэн нурж байгаа талаарх мэдээллүүд хөвөрсөөр. “Хөгшин, муухай, хүнийрхүү” гэгдэж байсан нэг дарангуйлагчийн оронд энэ улсад өөр нэг шинэ дарангуйлагч “өсөн торнижээ”. Энэ шинэ дарангуйлагч нь өөрсдийнх нь “арчилж ургуулсан” хүн мөн тул түүний хийж байгаа үйлдэл бүрийн төлөөх хариуцлагыг америкчууд үүрэхээс аргагүйд хүрнэ. Үндэсний баялгаа дуртайяа зардаг харьцангуй тогтвортой байсан энэ улсын оронд Ойрхи Дорнодод удахгүй бие биетэйгээ дайсагналцсан, газрын тосоо булаацалдсан гурван улс бий болох эрсдэл өндөр байна. Басхүү Ирак өдгөө Тегераны (Иран) бүрэлдэхүүнд багтдаг мэт харагдах боллоо. Учир нь Иракийн Ерөнхий сайд Нури аль-Малики нь Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын дотны найз бөгөөд хоёул нэг шашинтай хүмүүс юм.

Иракт одоо ганцхан зам л үлдлээ. Сири эсвэл бүр Ливийн замаар замнах. Сүүлийн есөн жилийн хугацаанд америкийн цэргүүд юуны төлөө амь насаа зориулсан хийгээд америкчууд хэдэн их наяд долларыг юунд зарцуулав гэдэг асуулт оньсого хэвээр үлдэж байна. Оньсогыг таах хүн ч алга. Учир нь дэлхийд хамгийн томд тооцогддог Багдад дахь Америкийн Элчин сайдын яамны 20 000 ажилтны олонх нь Зул сарын баяраа эх орондоо тэмдэглэхээр мордоцгоожээ.

Харин буцаж ирэхэд нь яамны байр нь аль улсын нутагт харьяалалтай болсон байх бол.

http://lenta.ru/articles/2011/12/22/dissolve/