НАЙЗ ЗАЛУУГ БАЯРЛУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ АЖЭЭ

Posted on Нэг дүгээр сар 6, 2012

20


“Хүслийн шинэ жил” хэмээх гэгээлэг нэртэй, хөгжилтэй, басхүү сонирхолтой нэгэн судалгааг “Спүүнмедиа” ХХК-ийн залуус явуулжээ. Гар утсаар авсан энэхүү судалга маш сонирхолтой үр дүнг харуулсан тул та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ.

“Хүслийн шинэ жил” судалгаанд нийтдээ 16-66 насны 400 хүн оролцсон бөгөөд тэдний 58 хувь нь Улаанбаатарт, 42 хувь нь хөдөө, орон нутагт амьдардаг хүмүүс байжээ. Нийт оролцогсдын 61 хувь нь эмэгтэй, 39 нь эрэгтэйчүүд байсан аж. Тэд эхлээд “Та шинэ жилээр ямар бэлэг авахыг хүсдэг вэ” гэсэн асуултад хариулжээ.

Хариултуудыг ангилж үзэхэд хүмүүс бэлгэндээ материаллаг зүйлс авахыг хүсдэг болох нь тод харагдлаа. Тухайлбал, нийт оролцогсдын:

-9 хувь нь буюу 36 хүн шинэ жилийн бэлгэндээ гар утас авахыг хүссэн нь энэ судалгааны хамгийн өндөр үзүүлэлтийг харуулжээ.

-7 хувь нь (28 хүн) нөүтбүүк авахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.

Бас 28 хүн зүгээр л сайхан үг, ерөөл сонсохыг хүссэн ажээ. Тэд энэ судалгааны гуравдугаар байрыг эзэлсэн нь сайшаалтай байлаа. Нээрээ л сайхан урмын үг, чихэнд чимэгтэй ерөөл сонссон хүн ямар их урамшдагийг бид мэднэ. Онож хэлсэн ганц үгнээс мянган мэргэн ухаан цацарна гэж ярьдаг даа…

Чихмэл тоглоомтой зэрэгцэж барианд орсон нэг ангилал бол энэ судалгааны хамгийн гайхалтай зүйл нь гэж хэлж болмоор. Бэлгэндээ чихмэл тоглоом авахыг нийт оролцогсдын 6 хувь нь буюу 24 хүн хүссэн бол яг ийм тооны хүн халуун ам бүлээрээ элэг бүтэн байхыг хүсчээ. Хэрэв энэ судалгааны багийнхан хүсэл биелүүлэгч Өвлийн өвгөд байсан бол мөн гоёо оо. Энэ бол зөвхөн дээрх 24 хүний бус нийт хүн төрөлхтний нандин ганц хүсэл нь биш гэж үү.

Үүнээс хойшхи хариултууд бүгд материаллаг сонирхлыг илтгэсэн байна. Та бүхэн доорх графикаас дэлгэрэнгүй үзнэ үү.

Дээрх графикт зөвхөн давхцсан хариултуудыг нэгтгэсэн байгаа нь мэдээж юм. Судалгаанд оролцсон хүмүүсийн зарим нь шинэ жилийн бэлгэндээ тун өвөрмөц зүйл авахыг хүсдэгээ илэрхийлсэн байна. Тухайлбал, амьтан, бөмбөг, булган шуба, гацуур, оргилуун дарсны хундага (бодвол Сваровски байх!), проектор, хөргөгч, хүүхдийн тэрэг, шар куртка, бүр уран дархны багаж гэхчилэн олон төрлийн зүйлсийг нэрлэжээ. Бас аяллаар явахыг хүссэн нэгэн байхад “Univision” тавиулахыг илүүд үзсэн хүн ч байв. Түүнчлэн том хайрцагтай цочоодог бэлэг, зефир авахыг хүсдэг гэсэн хөгжилтэй хариултууд ч энэ судалгааны нэг чимэг нь байжээ.

Хүний хүсэл мэдээж хязгааргүй. Гоё бэлэг сэлт авахыг хэн ч хүснэ. Харин бид өөрсдөө хүнд юу бэлэглэдэг вэ, найзууддаа эргэж ямар хариу барьдаг вэ. Энэ үзүүлэлтэд дараах асуулт бэлхнээ хариулт өгнө. Оролцогсдод тавьсан “Та шинэ жилээр хэнийг баярлуулахыг хүсч байна вэ” гэх дараагийн асуултын хариулт тун өвөрмөц үр дүнг харуулсан байна.

Юуны өмнө нийт оролцогсдын 37 хувь нь буюу 148 хүн гэр бүлийнхнээ баярлуулахыг хүсдэг гэдгээ илэрхийлсэн байв. Шинэ жилийн баяр бол үнэндээ гэр бүлийн баяр байдаг. Гэр бүлээрээ баярын ширээний ард суун ирээдүйгээ сайхнаар төсөөлөн ярьдаг гэгээлэг баяр мөнөөс мөн билээ.

Судалгаанд оролцогчдын 26 хувь нь зөвхөн аав ээжийгээ, харин 20 хувь нь зөвхөн үр хүүхдээ баярлуулахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Мөн хүмүүс ачийгаа, эхнэрээ, нөхрөө, найз охиноо, бүр өөрийгөө ч баярлуулахыг хүссэн нь мэдээж. Харин найз залуугаа баярлуулахыг хүсдэг хүн хэд байсан гэж та бодож байна. “0”. Найз залуугаа баярлуулахыг хүсдэг бүсгүй байхгүй аж. Найз залуу баярлана уу байна уу сонин биш, тийм үү. Өөрөө л авч байвал боллоо гэсэн үг үү. Ингэж бодохоор бүсгүйчүүд маань жаахан амиа бодсон зантай болчихоо юу даа гэж санагдсаныг нуух юун. Энэ үзүүлэлт үнэхээр сонирхол татсан. Судалгаанд оролцогсдын 61 хувь нь буюу 244 нь эмэгтэйчүүд байсан гэж байгаа. Бүгд нөхөртэй байгаагүй нь лавтай. Ганц нь ч гэсэн найз залуутай байсан байж таараа. Тэгэхээр гагцхүү эрчүүд л мөнгөөр “шатах” ёстой гэсэн бодол давамгайлаад байгаа юм биш биз. Эрчүүд маань хэзээнээс нааш бүсгүйчүүдээ чадлынхаа хэрээр баярлуулсаар ирснийг мартаж боломгүй. Бүсгүйчүүдэд зориулан тансаг аялгуу зохиож, тэр л дууны аян дор гэрлэх саналаа хүртэл тавьж байсан цаг ингэтэл холдлоо гэж үү.

Бүсгүйчүүд ээ, эрчүүдээ хайрлаарай. Хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж чадвал тэр хайр өөрт чинь заавал эргэж ирдэг нь орчлонгийн жам. Хайраас бусад зүйлсийг бол бид худалдаад авчихна шүү дээ.

Дээрх судалгааг явуулахад ашигласан аргачлалын талаар цөөн үг хэлсү. Зарим байгууллага судалгаа явуулж байгаа нь энэ гээд анкет шиг маш олон асуулттай цаас бөглөж өгөхийг гуйн хүмүүст ямар их тээр болдог билээ дээ. Тэгвэл техник, технологи хөгжсөн өнөө үед орчин үеийн “CUP” программаар судалгаа явуулах нь хүмүүст тээргүй, цаад байгууллагынхаа ч ажлыг нь хөнгөвчилж, цагийг нь хэмнэсэн аятайхан хэлбэр байна. “CUP” программын тусламжтайгаар зах зээлийн, нийгмийн, улс төрийн судалгааг явуулж мониторинг ч хийх боломжтой юм. Энэ программыг “Спүүнмедиа”-ийн залуус өөрсдөө хийж улам хөгжүүлсээр байгаа ажээ. Өмнө нь сар дамнан гардаг байсан судалгааг ердөө 2-3 хоногт багтааж хийнэ гэдэг үнэхээр дэвшил. Би сайн судалж чадаагүй ч монгол инженерүүдийн ухаанаар бүтсэн энэ программ дэлхийд цорын ганц байх магадлал өндөр байна. Тиймээс бахархууштай санагдлаа. “Спүүнмедиа”-ийн залуус энэ программынхаа тусламжтайгаар санамсаргүй түүврийн аргыг ашиглан “Хүслийн шинэ жил” хэмээх дээрх судалгааг явуулжээ. Энэ аргаар түүвэрлэлт хийхэд хүн амын 95 хувийг төлөөлөх чадвартай гэж үздэг. Харилцаа холбооны зохицуулах хорооноос монголчуудын 92 хувь нь (давхардсан тоогоор) гар утастай гэж мэдээлээд байгаа. 2000 онд 52 104 хүн гар утас ашигладаг байсан бол 11 жилийн дотор даруй 4024 хувиар өсч өдгөө давхардсан тоогоор 2 097 092 хүн гар утастай аж. Гэтэл Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор манай улс 2 754 685 хүн амтай гэж гарсан. Ингээд бодохоор гар утсаар авсан “Спүүнмедиа” компанийн судалгаанд итгэхгүй байхын арга алга. “Хамгийн үнэн үр дүн, хамгийн шуурхай байдал” гэсэн уриа энэ л компанид бүрэн утгаараа хэрэгжиж байна.

Ер нь судалгааг юуны тулд хийдэг вэ. Хамгийн товчоор бөгөөд энгийн үгээр хэлэхэд, аливаа нэг зүйлийг шинжлэх ухааны аргачлалаар шинжлэхийг л судалгаа гээд байгаа юм билээ. Аливаа судалгааны ажил хүмүүст заавал ямар нэгэн мессежийг хүргэж байдаг гэж би боддог. Сэдвийг нь сонсохоор ач холбогдол багатай мэт санагдах судалгаа зөндөө бий. Гэхдээ тэд хэний ч санаанд оромгүй чухал мессежийг хүн төрөлхтөнд өгч байдаг юм.

Хамгийн энгийн жишээг хэлэхэд, саяхан Британийн Колумбийн их сургуулийн хэсэг эрдэмтэд судалгаа явуулсны үндсэн дээр хүмүүс захидал болон гар утасны мессеждээ өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй, гол төлөв худал ярьдаг болохыг баталжээ. Өнгөц харвал энэхүү судалгааны сэдэв нь тэгтлээ анхаарал татахуйц зүйл биш мэт. Гэвч хүмүүс захидлаар бус биечлэн уулзаж байвал хэн хэндээ зөв ойлголтыг төрүүлж чадна гэх чухал мессежийг бидэнд хүргэж байгаа нь энэ.

Мөн саяхан хэсэг эрдэмтэн халим загас яагаад олноороо амиа хорлодгийг судалжээ. Манайх шиг далайд гарцгүй оронд энэ бас л тийм ч чухал судалгаа биш байж болно. Гэвч судалгааны гол мессеж нь хүн төрөлхтнийг хүрээлэн буй орчноо, гол мөрнөө хайрлах хэрэгтэй гэдгийг ухааруулж өгч байгаад оршино.

Цаашлаад хүнсний бүтээгдэхүүн, жимс ногоог яах гэж судалдаг вэ. Мэдээж хэрэг, хүмүүст урт наслах аргачлалыг олж өгөхийн тулд шүү дээ. Бүр хамгийн сүүлийн жишээ бол ДОХ-ын вирусны судалгаа байна. Энэ судалгаанд түшиглэн ирээдүйд эрдэмтэд ДОХ-ыг эмчлэх олон аргуудыг нэмж нээж олох нь гарцаагүй. Тиймээс ч “Scince” сэтгүүлээс энэ жилийн дэлхийн анагаах ухааны хамгийн тод үйл явдлаар ДОХ-ын вирусны судалгааг нэрлэснийг бид мэдэж байгаа.

Тэгэхээр судалгаа хийх нь тун ашигтай зүйл гэдэг нь олон талаараа батлагддаг. Хүрээлэн буй орчин-хүн, нийгэм-хүн гэсэн харилцаа холбоог үндсэндээ судалгаагаар л илрүүлэх боломжтой. Харин харамсалтай нь, соц үетэй харьцуулахад манай өнөөгийн залуус судалгаа шинжилгээний ажилд бие сэтгэлээ зориулах хүсэл эрмэлзлэл тун бага байх шиг харагддаг. Уг нь манай улсад огт судлагдаагүй болон бүрэн судлагдаагүй сэдэв маш олон байдаг. Буурал эрдэмтэд энэ тухай үргэлж ярьж, анхааруулж байгаа. Нэн түрүүнд түүхийн салбарт судлагдаагүй маш олон сэдэв бий. Социологийн судалгаанууд ч бас дутагдалтай байна. Орчин үед аливаа судалгааг явуулахад хөрөнгө мөнгө их ордог тул үүнээс улбаалан хэн нэгний нөлөөнд автах нь элбэгшсэн гэдгийг хэн ч нууж чадахгүй. Харин “Спүүнмедиа”-ийн залуус үнэхээр зоригтой юм. Тэд өөрсдийн чадлаараа судалгааны байгууллагыг босгон ард түмэндээ жаахан ч атугай тус нэмэр болохын төлөө гэгээн хүсэл эрмэлзлэлээ зориулан яваа залуус юм билээ. Бие даасан байгууллагынхаа хувиар хийсэн дээрх судалгаа нь манай өнөөгийн нийгмийн төрхийг тод томруун илтгэсэн зүйл болжээ. Энэ судалгаа бидэнд “Бие биенээ хайрла” гэх чухал мессежийг өгч байгаа бус уу.

PS: “Спүүнмедиа” компанийн судалгааны аргачлалын талаар http://www.spoon.mn сайтаас нь үзээрэй.

Posted in: Нийтлэл