БАЛГА РАШААН

Posted on Нэг дүгээр сар 16, 2012

2


Гүрж улс 69700 хавтгай дөрвөлжин километргазар нутагтай бөгөөд хүн ам нь 4.7 саяд шүргэж байгаа. ОХУ, Турк, Армени, Азербайжантай хиллэдэг, нутгийн баруун талаараа Хар далайд гарцтай. Оросын  эрх баригчид Гүржийг яагаад үзэн ядаж байгааг ойлгоход хэцүү /иррационал/ шалтгаан байдгийн зэрэгцээ ойлгоход төвөггүй шалтгаанууд ч бас байдаг. 1991 онд Гүрж тусгаар тогтнолоо олсны дараа энэ улсад үймээн самуун гаарах болж иргэдийн амьжиргааны түвшин буурч эхэлсэн. Ингээд 2003 оны сүүлээр шинэ, залуу улс төрийн хүчин төр, засгийн эрхэнд гарч ирэн өөрчлөлт шинэчлэлийн замыг сонгосон билээ. Гүржийн шинэ эрх баригчид өөрийн үлгэр дуурайллаар олон нийтийг дагуулснаар үл барам хүн амын сэтгэхүйг өөрчилж чадсан юм. Энэ орон манай улстай олон талаараа төстэй тул Гүржийн ололт, амжилтын тухай уншигчиддаа танилцуулахад илүүдэхгүй хэмээн үзлээ.

Тбилисийн оньсого

Гүржид гарч байгаа бодит өөрчлөлтүүд үнэхээр гайхашруулж, зарим талаараа атаархал төрүүлж байна. Юуны өмнө, тус улс маш богино хугацаанд авилга, гэмт хэргийг бодитойгоор үлэмж бууруулж, хувийн бизнес, хувь хүн жинхэнээр хөгжих орчинг бий болгож чаджээ. Олон улсын судалгааны байгууллагууд Гүрж улсыг энэ үзүүлэлтээр нь дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд оруулсан байна. Эдийн засгийн хяхалт, 2008 онд дайны гамшгийг амссан зэргээс үл харгалзан энэ улс эдийн засгийн болон хүн амын орлогын өсөлтийг богино хугацаанд хангаж чаджээ.

Зарим тоог иш татахад: 2004-2007 онд ДНБ-ий жилийн дундаж өсөлт 9 хувьд хүрсэн байдаг. ОХУ-ын зүгээс эдийн засгийн хориг тавьсны улмаас Гүржийн экспортод ОХУ-ын эзлэх хувь хэмжээ 1998 онд 28.7 хувь байсан бол 2009 онд 1.6 хувь болтлоо буурсан. Учир нь Гүрж дэлхийн зах зээлээс шинэ түншүүдийг олж улмаар 1994-2003 оны үеийн ДНБ-ий жилийн дундаж өсөлт болох 5.9 хувийг 2007 онд 9.3 хувьд хүргэж чадсан байдаг.

Мөн Гүржийн статистикийн байгууллагын мэдээнээс харахад, тус улс 2005-2010 оны хугацаанд хүн амины ноцтой гэмт хэргийн гаралтыг бараг 3 дахин бууруулж чаджээ. Харин социологийн албадын мэдээгээр бол хүчний байгууллагуудад итгэх хүн амын итгэлийн түвшин 87 хувьд хүрсэн нь хөгжингүй орнуудын хувьд хүртэл маш өндөр үзүүлэлтэд тооцогддог юм. Түүнчлэн Гүржийн хүн амын дунд явуулсан судалгаанд сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн 1 хувь нь л хахууль өгсөн гэдгээ мэдүүлжээ. Гэтэл хөрш Азербайжанд энэ үзүүлэлт 20 хувьтай байх жишээний.

Тулгын гурван чулуу

Гүржийн гайхамшигт хөгжлийг хүнд суртлаас ангижрах, либералчлах болон хувьчлах гэсэн гуравхан үгээр томьёолж болно.

Цөөн жишээ дурдъя. Эдүгээ Гүржид цаасан баримт материалын тоог цөөрүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд учрах чирэгдлийг багасгаснаар тэд хүссэн зөвшөөрөл, албан бичгээ авахад хэдхэн минут л зарцуулдаг болжээ. Хүнд суртлыг хумиснаар авилгын асуудал замхарч эхэлдэг байна. Үүний тод жишээ нь тус улсын Замын цагдаагийн газрын шинэчлэл юм. Цагдаа нар хахууль авсан нь тогтоогдвол 10 жил хоригдох ял оноодог болжээ. Авсан хахуулийн хэмжээ нь бага байсан ч ийм хэмжээний ял эдэлнэ. Хуулийн ийм орчинг бүрдүүлсний үр дүнд цагдаа нар нь хахууль авч болдоггүйг, харин жолооч нар нь хахууль өгч болдоггүйг ясандаа шингэтэл ойлгодог болжээ. Одоо Гүржид авлига, хээл хахууль үндсэндээ арилсан гэж хэлж болно. Үүний ачаар хүн амын дунд төр, засагтаа итгэх итгэл бий болон улам бэхжиж байна.

Гүржийн эрх баригчид бусад шинэчлэлийг ч амьдралд хэрэгжүүлэх таатай орчинг бүрдүүлсээр байна. 2004-2011 оны хугацаанд Гүржид эдийн засгийн 70 орчим арга хэмжээг нэвтрүүлэн хэрэгжүүлжээ. Эдгээр нь бүгд амжилт дагуулсан гэвэл хэтрүүлэг болно. Гэхдээ тус улс өөрчлөн шинэчлэх үйл ажиллагаануудаа цуцалтгүй явуулсаар л байна. 2001 онд амжиргааны түвшнээс доогуур амьдралтай иргэдийн тоо нийт хүн амын 54 хувийг эзэлж байсан бол 2006 онд энэ үзүүлэлт 34 хувь болтлоо буурчээ. Эдүгээ нэг гэр бүлийн сарын дундаж орлого 200 ам. долларт хүрсэн байна. Мөн 2007 онд тус улсын ДНБ 10.3 тэрбум долларт хүрч байснаас 65 орчим хувийг нь үйлчилгээний салбар бүрдүүлж байжээ.

Дээрх өөрчлөлтүүдээс гадна тус улс татварын хууль тогтоомжуудаа үндсэндээ бүхэлд нь шинэчлэн баталсан байдаг. Ингэхдээ татвар төлөлтийг аль болох хялбаршуулж, албан татварын баримт маягтуудыг татвар төлөгчдөд ойлгомжтой болгон татвар ногдуулах хувь хэмжээг аль болох доод түвшинд байлгах, нэр төрлийг нь цөөрүүлэхэд онцгой анхааржээ. 2004 онд Гүржид 22 төрлийн албан татвар байсан бол 2005 онд дээрх тоо 7 болтлоо, харин 2006 онд 6 болтлоо цөөрсөн байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын төслөөс тооцох элэгдэл, хорогдлыг тухайн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж эхэлсэн эхний жилд л тооцохоор хууль, тогтоомжиндоо тусгаснаас гадна төлсөн НӨАТ-ыг хурдавчилсан журмаар буцааж олгох асуудлыг журамлажээ. Ингэснээр хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын зардлаа бүрэн нөхөх хугацаандаа зөвхөн орлого болон эд хөрөнгөд ногдох албан татварыг л төлөхөөр болсон байна.

“Ухамсраас бусдыг зарж болдог” (Продаётся всё, кроме совести) гэсэн хэлц үг Гүржид өрнөж байгаа хувьчлалын үйл явцын уриа болсон гэж хэлж болно. Өнөөдөр газар, дэд бүтэц, үйлдвэр, үйлчилгээний газруудын олонх нь хувийн өмчид шилжиж байна. Тэр байтугай, эрүүл мэндийн үйлчилгээ ч нарийндаа төлбөртэй болсныг эрх баригчид хүлээн зөвшөөрч, системийг бүхэлд нь өөрчлөх замаар авилгаас ангижирч болохыг ухамсарлаж, тэр чиглэлээр бодлого боловсруулж байгаа юм билээ.

Гадаадын ажиглагчид 2004 оноос хойшхи Гүржийн эдийн засгийн ололт, амжилтуудыг иргэд төр засгийн итгэлцэл, эрх баригчдынх нь үлгэр дуурайллаар тайлбарлаж байна.

ОХУ нэгэн цагт эдийн засгийн хориг тавихдаа алдартай “Боржоми” рашааны импортыг хүртэл хориглосон билээ. Гүржид энэ нь үнэхээр хүнд цохилт болсон. Гэсэн хийдээ ч энэ улс өсөн дэвжих замдаа эргэлт буцалтгүй орж чадлаа. Авилгыг үл тэвчин өөрөө өөртөө итгэж, төр засгаа хүндэтгэх гэсэн хүчин зүйлс хүний сэтгэхүйг өөрийн эрхгүй өөрчилж чаддаг гэдгийг Гүрж улс нотлон харуулсаар байна. Оросуудын хүртэж чадахгүй байгаа “рашаан”-аас харин монголчууд бид балгыг ч атугай хүртчих юмсан.

Д.Буянтогтох

Posted in: Нийтлэл