ИМПОРТЫН ШАТАХУУНЫ ҮНИЙН АСУУДАЛД

Posted on Нэг дүгээр сар 25, 2012

0


Би саяхны нэгэн нийтлэлдээ шатахууны дотоодын үнийн өсөлтийн асуудлыг хөндөж өөрийн санал бодлоо илэрхийлсэн билээ. Өнөөдөр би илүү өргөн асуудлыг буюу ОХУ-аас импортолж буй шатахууны хилийн үнэ яагаад ийм өндөр байна вэ гэсэн асуудлыг хөндмөөр байна. Энэ асуултандаа ч хариулт авмаар санагдлаа.

Дэлхийн зах зээл дээр өдгөө нэг баррель түүхий нефтийн үнэ 100 орчим доллар байна. Түүнийг литрт шилжүүлбэл нэг литр нефть 0.63 доллар буюу 880 орчим төгрөг болно. Гэтэл өнөөдөр дотооддоо жижиглэн худалдах нэг литр шатахууны үнэ 1650-1850 төгрөгт хүрлээ. Ийм их зөрүүнд ямар учир байна вэ?

ОХУ голчлон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, түүхий эдийн экспортыг хязгаарлан нэмүү өртөг бий болгодог дотоодын боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг зорилгуудаа хангахын тулд эрчим хүч, хөдөө аж ахуй, эрдэс баялгийн салбарын бүтээгдэхүүндээ экспортын татвар (хураамж) ногдуулдаг нь хэнд ч нууц биш. Паркер ба Торнтон хэмээх эдийн засагчдын 2007 онд хийсэн тооцоогоор, ОХУ-ын төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг экспортын бүтээгдэхүүнд ногдуулсан татвар хураамж (голчлон эрчим хүчний салбарын бүтээгдэхүүнд ногдох экспортын татвар)-ийн дүн ОХУ-ын ДНБ-ий 8 хувьтай тэнцэж байсан аж. Түүнчлэн 2006 онд дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 60 гаруй доллар байхад Оросын Засгийн газар экспортын хураамж болон байгалийн баялгийг олборлосны татвар гэх нэрийн дор экспортолсон нэг баррель нефть тутмаас 38 долларыг нэмж авдагийг дээрх хоёр эдийн засагч илрүүлжээ.

Одоо нэг баррель түүхий нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр 100 орчим доллар байхад Оросууд литр нефть тутмаас 0.40 доллар буюу 560 орчим төгрөгийг экспортын татвар хэлбэрээр авч байна. Ингэж тооцоход импортоор орж ирж буй нэг литр нефтийн хилийн үнэ 1440 орчим төгрөг (880₮+560₮) болох бөгөөд түүн дээр боловсруулалт, тээвэр, хадгалалт г.м. зардлыг нэмбэл өнөөгийн үнийн ойролцоо дүн гарна.

Харин энд зүй ёсоор анхаарал татаж байгаа чухал асуудал бол шатахууны хилийн үнийн 60 гаруй хувийг эзэлж байгаа Оросын экспортын татвар юм. Энэ асуудлыг зөвхөн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд ОХУ-ын хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах замаар л шийдвэрлэх боломжтой. Үүнтэй холбогдуулан манай улсын зүгээс элдэв хөнгөлөлт, урамшуулал олгох тухай хүсэлтээ ОХУ-ын Засгийн газарт тавьж байсан эсэхийг Засгийн газраасаа асуухыг хүсч байна.

Манай улс 1997 оны нэгдүгээр сард Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-ын гишүүн болсон. Харин ОХУ гишүүн болох хүсэлтээ аль 1993 онд тавьсан хэдий ч 18 жилийн турш үргэлжилсэн гишүүнчлэлийн хэлэлцээрийн үр дүнд өнгөрөгч оны эцсээр арайхийж элссэн билээ. ДХБ-ын дүрмээр бол гишүүн орнууд санал нэгтэй зөвшөөрсөн тохиолдолд л энэхүү байгууллагад элсэх боломж бүрддэг. Тиймээс Оросууд энэ байгууллагад элсэхийн тулд гишүүн орнуудын удирдлагуудтай нэг бүрчлэн уулзаж, харилцаанд нь оршиж байсан зөрчилтэй асуудлуудаар ямар нэгэн тохиролцоонд хүрэх гэж бүхэл бүтэн 18 жилийг зарцуулжээ. Эцсээ хүртэл хориг тавьж байсан орон бол Гүрж байсан юм. Энэ хоёр улсын харилцаанд худалдааны гэхээс илүү улс төрийн асуудал байсан. Гэвч эцсийн эцэст хоёр тал (бодвол харилцан буулт хийх замаар) тохиролцоонд хүрч Орос улс ДХБ-д гишүүнээр элсэх боломжтой болсон. Ийм учраас л би Засгийн газраасаа иймэрхүү боломжийг ашиглаад ч болтугай ямар нэгэн давуу тал олж авах талаар оролдлого хийсэн эсэхийг асуугаад байгаа юм. Хэрэв бид ямар нэгэн давуу талаа ашигласан бол өдгөө нэг литр шатахуун тутмаас 560 орчим төгрөгийг хэмнэх боломжоор хангагдах байсан юм. Энэ нь манай эдийн засаг, нийгмийн хөгжилд ч маш том нэмэр болох байлаа. Гэтэл бид өнөөдөр жилд ойролцоогоор 600 сая доллар (манай жилийн нийт импортын 50 шахам хувь) буюу 850-иад тэрбум төгрөг (манай улсын төсвийн жилийн нийт орлогын 1/4)-ийг Оросын холбооны төсөвт оруулж байна гэсэн үг.

Бас нэг зүйлийг дурдахад илүүдэхгүй байх. ОХУ-ын удирдлага Киргизстаны хувьд үйлчилж байсан нефть бүтээгдэхүүний экспортын татвараа 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан. Нэг талаар энэ нь хуучин байр суурь, нөлөөгөө сэргээх гэсэн Оросын санаархалтай холбоотой байж болох хэдий ч нөгөө талаар оросуудтай харилцан ашигтай хэлэлцээр хийх бүрэн бололцоо байдгийг гэрчилж байгаа юм.

Эцэст нь, “Энэ асуудлыг судлая” гэх улиг хариултаар өнгөрөөсөөр байх уу, эсвэл түлш, эрчим хүчээр хангах асуудалд илүү бодитоор хандаж, тодорхой алхмуудыг хийх үү гэж Засгийн газраасаа асуухыг хүсч байна.

Д. Буянтогтох

Posted in: Нийтлэл