“ХАЙР”-ыг СУУЛГАХ АРГАЧЛАЛ (Installation of Love)

Posted on Хоёр дугаар сар 29, 2012

0


Техникийн зөвлөгөө өгөх төв: -Сайн байна уу. Таныг сонсч байна.

Хэрэглэгч: -Ммм… Сайн байна уу. Би нэлээд бодож тунгаасны эцэст “Хайр”-ыг дахин инстоолдохоор шийдсэн юм аа. Та надад тусалж чадах уу?

-Тэгэлгүй яах вэ. Одоо шууд эхлэх үү?

-Би энэ үйлдлийг яаж хийхээ сайн мэдэхгүй байсан юм. Юутай ч, би бэлэн байна. Юунаас эхлэх үү?

-Юун түрүүнд, та “Зүрх”-ээ нээ. “Зүрх” хаана байдгийг мэдэх үү?

-Мэднэ ээ. Гэхдээ олон программ зэрэг нээчихсэн үед “Хайр”-ыг инстоолдож болох уу?

-Та ямар ямар программ нээчихээд байгаа юм бэ?

-Юу л даа… “Гомдол”, “Өөрийгөө дутуу үнэлэх”, “Харамсал, харуусал” гээд программууд нээлттэй байна.

-“Гомдол” асуудал үүсгэхгүй байх аа. Бусад программуудад саад учруулахгүйн үүднээс “Хайр” аяндаа түүнийг санах ойгоос арчина, гэхдээ түр хугацааны файл хэлбэрээр хадгалчихна. “Хайр” мөн “Өөрийгөө илүү үнэлэх” гэсэн модулийнхээ тусламжтайгаар “Өөрийгөө дутуу үнэлэх”-ийг шахаад гаргачихна. Харин “Харамсал, харуусал”-аа та өөрөө устгахгүй бол “Хайр”-ыг инстоолдоход бэрхшээл учирна.

-Би яаж устгадгийг нь мэдэхгүй шүү дээ. Та надад зааж өгч чадах уу?

-Тэгэлгүй яах вэ. Эхлээд Старт цэс рүү ороод “Уучлал”-ыг нээ. Тэгээд “Харамсал, харуусал”-ыг арилтал нь дараад бай.

-Ок. Болчихлоо. Их баярлалаа… Хүүе, яана аа… “Хайр” өөрөө автоматаар сууж эхэллээ. Ингэх нь зөв үү?

-Зөв өө, зөв. Гэхдээ энэ бол ердөө л үндсэн программ нь гэдгийг санах хэрэгтэй.. Бүрэн upgrade хийхийн тулд “Бусад зүрх” хэрэг болно гэдгийг анхааруулъя.

-Яана аа… Алдаа заагаад байна. “Алдаа: Уг программ дотоод холбоосуудыг хүлээн авахгүй байна” гэнэ ээ. Энэ юу гэсэн үг юм бэ?

-Санаа зоволтгүй ээ. Энэ чинь техникийн хэллэг биш. “Хайр” программ гадаад холбоосуудтай ажиллаж эхэлсэн ч “Таны зүрх”-нд суугаагүй байна гэсэн үг. Гүйцэд ажиллуулахын тулд эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй.

-Тэгэхээр би одоо яана гэсэн үг вэ?

-“Өөрийгөө хүндлэх” гэдэг товч дээр дар. Дараа нь “Өөрийгөө уучлах”, “Өөрийнхөө давуу талуудыг олж харах”, “Өөрийнхөө сул талуудыг хүлээн зөвшөөрөх” гэсэн файлуудыг нээ.

-За, нээчихлээ.

-За тэгвэл одоо “Миний зүрх” рүү коопийдоод хий. Ингэхээр уг систем өөртөө тохирохгүй байгаа бүх файлуудыг устгана. Харин “Өөрийгөө хэт шүүмжлэх”-ийг өөрөө хайж олж устгаарай. Тэгээд тэр дор нь “Хогийн сав”-аа цэвэрлэ. “Өөрийгөө хэт шүүмжлэх” бүрмөсөн устсан эсэхийг сайн шалга. Цаашдаа ямар ч нөхцөлд энэ программыг дахин хэзээ ч бүү татаж аваарай.

-Болчихлоо шүү. “Миний зүрх” шинэ файлуудаар дүүрч эхэллээ. Дэлгэц дээр “Инээмсэглэл”, “Сэтгэл санааны тэнцвэрт байдал” гэсэн файлууд гараад ирлээ. Дандаа ингэдэг юм уу?

-Дандаа ч биш л дээ… Энэ программыг суулгахад заримдаа үүнээс ч илүү хугацаа ордог… Юутай ч, та “Хайр”-ыг амжилттай суулгаж чадлаа. Аа, бас нэг анхааруулах зүйл байна. “Хайр” бол үнэгүй программ хангамж юм. Хэвийн ажиллагааг нь хангахын тулд та түүнийг бусдад тараах ёстой. Тэд ч бас таны “Хайр”-ын хариуд өөрсдийн “Хайр”-аа бэлэглэх болно.

-Ойлголоо, их баярлалаа.

http://goodstories.ru/story/628/installyaciya_%22lyubvi%22