САР, МӨСӨН УУЛ, “ТИТАНИК”…

Posted on Гуравдугаар сар 16, 2012

0


-Эрдэмтэд “Титаник”-ийн сүйрлийг Дэлхийн байгалийн дагуултай холбов-

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр алдарт “Титаник” хөлгийг 1912 онд Дэлхийд хэт ойртсон Сар сүйрүүлсэн гэх утгатай мэдээллүүд гарах боллоо. Гэвч Атлантын далайгаас хэдэн зуун мянган км-ийн дээр сансарт орших тэнгэрийн энэ биет агуу хөлөг онгоцны сүйрэлд хэрхэн нөлөөлсөн юм бол.

Сүйрэл

Помпейн эзэнт гүрний сүйрлээс (Манай эриний 79 онд галт уулын дэлбэрэлтээр сүйрсэн улс. Орч) хойш хамгийн их шуугиан тарьсан нь “Титаник”-ийн сүйрэл байлаа гэж хэлж болно. Энэхүү хөлөг онгоцны сүйрлийн талаар хэд хэдэн киног бүтээж тоймгүй олон номыг бичсэн байдаг билээ. Азгүй хөлөгт ингэтэл анхаарлаа хандуулж байгааг нэг талаас ойлгож болмоор. Тухайн үедээ зэрэглэл, тансаг байдлаараа дэлхийн хамгийн алдартай зочид буудлуудтай эн тэнцэх өөр хөлөг байсангүй. Үүнээс гадна зохион бүтээгчид нь “Титаник” хөлгийн хана тэргүүтнийг олон давхар, нийлмэл системээр хийсэн тул барагтай л бол живэхгүй гэж үздэг байсан юм. Тийм учраас хөлөг анхныхаа гараан дээрээ сүйрсэн, зорчигчдын 2/3 нь л аврагдсан (амь үрэгдсэн хүний тоог өөр өөрөөр мэдээлсэн байдаг ч ойролцоогоор 1500 хүн нас барсан гэдэг дээр судлаачид санал нийлдэг юм) гэх нөхцлүүд олны анхаарлыг хандуулахад нөлөөлсөн нь дамжиггүй.

“Уайт Стар Лайн” компанийн “Титаник” хөлөг онгоц 1912 оны дөрөвдүгээр сарын 10-нд Английн Саусгемптон боомтоос үдийн хавьд аяллаа эхлүүлсэн юм. Эцсийн зогсоол нь Нью-Йорк байх байлаа. Аялах замдаа хөлөг онгоц Франц, Ирландын нутаг дэвсгэрээр дайрч дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 2 цагт Куинстауны боомтоос Америк улсыг чиглэн хөдөлсөн байдаг. Дараагийн өдрүүдийн туршид бусад хөлөг онгоцоос “Титаник”-ийн чиглэн яваа замд маш олон мөсөн уул байгаа талаар сэрэмжлүүлэн анхааруулсаар байсан ч хөлгийн ахмад Эдвард Жон Смит хурдаа хассангүй. Тиймээс 23.40 цаг гэхэд “Титаник” их биеэрээ нэлээд том мөсөн уулыг шүргэв.

“Хөвдөг хот” гэгдэж байсан хөлгийн их биед олон тооны цуурал үүссэнээр 2 цаг 40 минутын дараа живсэн байдаг. Ингэхдээ хөлгийн хамар хэсэг түрүүлж усан дор орсны улмаас “Титаник”-ийн их бие дээш өргөгдөн жингээ даалгүй дундуураа хугаран усан дор далд оржээ. Зорчигчид нь нэмэлт завиудын тусламжтайгаар амиа аврахыг хичээж байсан ч суудлын тоо хязгаартай, мөн хөлгийн багийнхны зүгээс ёс бус үйлдэл гаргасны улмаас аврагдсан хүний тоо завинд багтвал зохих хэмжээнээс хавьгүй бага байсан юм. Аврах хантаазандаа найдан ус руу үсэрч орсон хүмүүс хүртэл аврагдаж чадаагүй. Учир нь далайн ус Цельсийн хэмжээсээр 0 хэмээс дээшгүй, маш хүйтэн байсан учраас осгож нас барцгаасан юм.

“Титаник” хөлгийн аймшигт сүйрлийг азгүй тохиолдол гэж үзэж болох боловч энэ түүхийн зарим нэг үйл явдал нь “тохиолдол” гэж дүгнэхэд хэтэрхий өрөөсгөл, сонин харагдаад байгаа юм. Юун түрүүнд, “Уайт Стар Лайн” компанийн хамгийн туршлагатайд нь тооцогдож Атлантын далайд хэдэнтээ аялсан ахмад Смит мөсөн уул ихтэй бүст орж ирэхдээ яагаад хурдаа хасаагүй юм бэ гэсэн асуулт гарна. Мөн яагаад Умард туйлаас өчнөөн хол Атлантын далайн өмнөд хэсэгт тийм олон мөсөн уулын бөөгнөрөл бий болов? 1912 онд хөлөг онгоцны маршрутыг зохиохдоо зориуд мөсөн уултай бүсээс нэлээд хэдэн км алсуур өнгөрч байхаар тохируулсан байсан шүү дээ.

Онолын тухай цөөн үгээр

Мөсөн уул бөөнөөрөө өмнөд зүгийг чиглэсэн үзэгдлийг Сартай холбон үзэж болох талаар анх Сан-Диегогийн далай судлаач, далайн түрлэг судлалын мэргэжилтэн Фергюс Вууд (Fergus J.Wood) дэвшүүлэн тавьсан юм. Түүний ухаан санаа эрүүл, домог болон зурхай судлалд итгэдэг нэгэн биш гэдгийг батлахын тулд ерөнхий боловсролын сургуулийн одон орон судлалын хичээлээ эргэн санацгаая (энэ хичээлийг өнөөгийн сургалтын хөтөлбөрт огт тусгахаа байжээ).

Сар бол Дэлхийн байгалийн дагуул бөгөөд зуйван тойргоор Дэлхийг тойрч байдаг. Гэхдээ гариг ба дагуулын уг систем тэгш хэмтэй биш. Учир нь Дэлхий зуйван тойргийн төвд бус харин зах хязгаарын аль нэг хэсэг рүү хэлтийсэн байдалтай байдаг http://upload.wikimedia.org/wikipedia/commons/e/e3/Apside_general_scheme.gif.

Үүний үр дүнд Сар нь соронз адил татаж буй Дэлхийд нэг ойртон, нэг холддог. Энэ хоёрын хамгийн ойр шүргэлцэх цэгийг перигей, хамгийн их алслагдах цэгийг апогей гэж нэрлэнэ.

Дэлхийг тэнхлэгээ тойрон эргэхэд Саранд дандаа өөр өөр тал нь харагддаг. Энэ эргэлтийн улмаас дэлхий дээр далайн түрлэг үүсэх эсвэл далайн ус татрах үзэгдэл явагддаг. Учир нь Сар өөрийн гэсэн масстай аливаа биетийн нэгэн адил  бусад масс бүхий биетүүдийг өөртөө татаж байдаг.

Байгалийн дагуулын татах хүч (гравитаци) тухайн үед Дэлхийн Сар руу хандсан хэсэгт хамгийн их нөлөөлдөг (Дэлхийд Сар руу хандаагүй хэсэгт нь түрлэг, татралт арай сул явагддаг). Сар нь уул, мод, агаар мандал, далай, нуур гээд бүхнийг өөртөө “татдаг”. Гэхдээ шингэн биетүүд энэхүү нөлөөлөлд илүү хүчтэй автаж түвшин нь нэмэгддэг. Харин Дэлхийн тойргийн ¼-тэй тэнцэхүйц хэмжээгээр Сарнаас алслагдсан газрын ус татарч эхэлдэг. 12 цагийн дараа энэ мөчлөг давтагдана.

Одоо энэ бүдүүвчиндээ Нарыг нэмье. Нарны таталцлын хүчний улмаас Дэлхий, Сар хоёр түүнийг тойрон эргэх бөгөөд үүнийг даган апогей, перигей цэгүүд мөн шилжин хөдөлж байдаг. Эдгээр цэгүүд сарны хөдөлгөөний адил зүг рүү чиглэн хөдөлсөөр жилийн дотор 40 орчим хэмийг туулдаг. Сарны тойрог замыг төмөр цагиргаар төсөөлбөл цэгүүд Дэлхийг алгуурхан тойрсоор 9 жилийн дотор бүтэн нэг тойрдог гэдэг нь ойлгогдоно. Өөрөөр хэлбэл, апогей, перигей бүрт Сар Дэлхий хоёрын харилцан байрлал өөр өөр байдаг байна.

Нар-Дэлхий-Сар гэсэн системийг нэг ёсны дээрээс нь харвал (“нэг ёсны” гэсэн үгийг хэрэглэсний учир гэвэл: сансарт од гаригсын таталцлын хүчнээс ангид газар жингүйдэж байгаа ажиглагчдад “дээр”, “доор” гэсэн ойлголт байдаггүй аж) энэ гурван биет үндсэндээ нэг хавтгайд оршиж байгаа нь ойлгогдоно. Энгийнээр тайлбарлавал, Сар Дэлхийг тойрон эргэхдээ нэг бол Дэлхий, Нар хоёрын хооронд, нэг бол Дэлхийн цаагуур орж Нарыг ч “харж чаддаггүй” гэсэн үг юм. Үүнийг доорх хүснэгтээс үзнэ үү.

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/8/85/Mond_Grafik.svg

Дээрх хүснэгтийн нэгийн тоо буюу I мөчлөг нь саргүй шөнө юм. Энэ шөнө нарны туяа Сарны “ар нуруу”-нд тусдаг учраас бид Сарыг олж хардаггүй юм. Гариг эрхэс болон тэдгээрийн дагуулууд нь ойсон гэрлийн хүчинд л харагддаг. Харин II мөчлөг нь тэргэл сартай шөнө бөгөөд энэ үед Нарны цацраг Дэлхий рүү харсан Сарны талд тусдаг юм.

Саргүй ба тэргэл сартай шөнө нь зөвхөн тэнгэрт харагдах Сарны хэлбэрүүдээрээ ялгардаггүй юм. Энэ үед Нар, Дэлхий, Сар гурав нэг шулуунд байрлах бөгөөд Нар, Сарны таталцлын хүч нь манай гаригт туйлын ихээр нөлөөлдөг. Тийм учраас саргүй ба тэргэл сартай шөнө (тодруулбал, ойролцоох өдрүүдэд) далайн түрлэг маш өндөр болдог ажгуу.

Сүйрэл дагуулсан Сар

Ингээд энэ хүрээд одон орны хичээлээ завсарлан 1912 онд эргэн очицгооё. Гэхдээ дөрөвдүгээр сарын тэрхүү эмгэнэлт шөнө бус сүйрэл болохоос гурван сарын өмнөх үе буюу тэр жилийн нэгдүгээр сард анхаарлаа хандуулъя. Нэгдүгээр сарын 4-нд Сар Дэлхийд маш их ойртож иржээ. Сүүлийн 1400 жилийн турш ийм үзэгдэл огт ажиглагдаж байгаагүй аж. Өөрөөр хэлбэл, Сарны перигей хамгийн бага зайг харуулжээ. Үүгээр үл барам, хоёр эрхсийн ойртох үзэгдэл нь тэргэл сартай шөнө гарахаас ердөө зургаан минутын өмнө тохиосон аж. Үүнээс гадна Дэлхий урд өдөр нь Наранд хэт ойртсон байдаг (Дэлхийн тойрог замын энэ цэгийг перигелий гэж нэрлэнэ). Астрономийн эдгээр үзэгдэл бие биеэсээ ямар ч хамааралгүйгээр болж өнгөрсөн бөгөөд ийн давхцаж тохиох нь тун ховор. Ийм давхцлын дүнд далайн маш өндөр түрлэг бий болдог.

Саяхныг хүртэл “Титаник”-ийн сүйрлийг судалж шинжилж байсан мэргэжилтнүүдээс нэг нь ч сүйрэл болохоос хэдэн сарын өмнө тохиосон тэнгэрийн эрхсийн хөдөлгөөнд анхаарлаа хандуулаагүй юм. Харин Доналд Олсон (Donald Olson) тэргүүтэй Техасын их сургуулийн хэсэг эрдэмтэн Вуудын таамаглалд хөглөгдөн энэ асуудлыг судалж үзжээ. Тэдний судалгааны ажлыг “Sky and Telescope” сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт нийтэлсэн байна.

Олсон ба түүний хамтрагчид 1912 оны нэгдүгээр сарын 4-нд манай гариг Нар, Сарны ер бусын хүчтэй таталцалд автсаны улмаас Дэлхий дээрх усны түвшин дээшилж Гренландын мөсийг цуулан олон тооны мөсөн уул бий болоход нөлөөлсөн байх магадлалтай гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Гэхдээ эдгээр мөсөн уул “Титаник”-ийн живсэн тэр бүст хүрэхэд (ялангуяа тухайн үед хөлөг онгоцуудын маршрутыг зориудаар өмнө зүгт зорчихоор тохируулсан байсныг харгалзан үзэхэд) нэлээд хэдэн сарын хугацаа зарцуулах учиртай байсан гэж тэдний тооцооноос харагджээ. Тиймээс дээрх эрдэмтэд мөсөн уулын нүүн шилжих хөдөлгөөнийг судалж үзэв. Чингэтэл ерийн үед ч мөсөн уулнууд бөөндөө хөвсөөр Канадын Ньюфаундлэнд болон Лабрадорын эрэгт тулдаг (түгжирдэг) гэдэг нь илэрчээ. Эдгээр мөсөн уул нэлээд хэмжээгээр хайлж байж л “аялал”-аа цааш үргэлжлүүлэх боломжтой болдог аж. Гэвч мөсөн уулнуудад аз таарах нь бий. Далайн маш өндөр түрлэг эд нарт “эрх чөлөөтэй” болох нөхцөлийг нь олгож өгдөг ажээ. Дээрх эрдэмтдийн үзэж буйгаар, 1912 оны нэгдүгээр сард тохиосон ер бусын өндөр түрлэг маш олон мөсөн уулыг задгай далайд түрж оруулахад хангалттай хүчтэй байсан аж. Хаврын эхэн сар гэхэд эдгээр мөсөн уул хөвсөөр өмнө зүгт хүрч амжсан ба тэдгээрийн нэг нь мөнөөх дөрөвдүгээр сарын 12-ны гайт шөнө “Титаник”-ийн чиглэн явсан яг тэр замд байж таарчээ. Тухайн оны нэгдүгээр сард Нар, Дэлхий, Сар гурав бие биедээ хэт ойртсон үзэгдлийн талаар ямар ч ойлголтгүй явсан ахмад Смит замд нь маш том мөсөн хэлтэрхийнүүд хөвж байгаа талаарх мэдээллүүдийг тоглоом шоглоом мэтээр хүлээж авсан бололтой.

Sky and Telescope” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ Олсоны багийнхан “Титаник”-ийн сүйрэлд Сарыг буруутгахгүй байгаагаа илэрхийлжээ. “Хөлгийнхөн олон тооны мөсөн уул хөвж байсан бүс рүү өндөр хурдтайгаар нэвтэрч орсон. Энэ л үйлдэл нь хөлөг онгоц сүйрэх нөхцөл нь болжээ. Харин “Титаник”-ийн замд яагаад тийм олон мөсөн хэлтэрхий байсныг Сар болон тэнгэрийн бусад эрхсийн байршил, харилцан хамаарлаар тайлбарлагдана” гэсэн дүгнэлтийг өгсөн байна. “Титаник” хөлгийн сүйрлийг Дэлхийн байгалийн дагуултай шууд хамааралтай гэсэн дүгнэлтийг сэтгүүлчид ч өгч байна. Харин бусад эрдэмтэн дээрх тайлбарт харилцан адилгүй хандав.

Чикаго хот дахь Адлерийн нэрэмжит Одон орон судлалын музейн Одон орны хэлтсийн захирал Жеза Жиук (Geza Gyuk) перигейн цэгийг саргүй болон тэргэл сартай шөнө давхцах үзэгдэл нь хэдэн жилд нэг удаа тохиох агаад манай гариг дээрх мөсөн уулын тоо хэмжээнд бодитой нөлөө үзүүлдэггүй гэж онцолж хэлжээ. Үүнээс гадна 1912 оны нэгдүгээр сарын 4-нд Сар “ердийн” перигейн явцыг бодвол Дэлхийд “ердөө” 6200 км-ээр ойртсон тул Сарны Дэлхийд нөлөөлөх таталцлын хүчид таваас илүүгүй хувийн өөрчлөлтийг үзүүлсэн гэж Жиук үзэж байгаа юм. Түүнчлэн эрэг хавийн усан дахь мөсөн уулуудыг задгай далай руу түлхэн хөвүүлэхэд тоймгүй өндөр түвшний бус жаахан л өндөр түрлэг байхад хангалттай гэв.

Ер нь эрдэмтэд энэхүү таамаглалд үл итгэсэн байдлаар хандаж байгааг ойлгож болох юм. “Титаник”-ийн сүйрэлд Сар нөлөөлсөн эсэхийг судалж буй энэ ажил нь уламжлалт суурь судалгаатай огт адилгүй. Олсон угаас уламжлалт бус гэмээр зүйлсийг сонгон судлах дуртай нэгэн гэдэг нь түүний нийтлэлүүдийн жагсаалтаас тодорхой харагдана. (http://ecommons.txstate.edu/do/search/advanced?q=author%3AOlson%20AND%20author%3ADonald&start=0&context=97289&sort=score)

Тухайлбал, тэрбээр нэг нийтлэлдээ Мунк (1863-1944 оны үед амьдарч байсан Норвегийн зураач.Орч) “Хашгираан” зурагтаа тэнгэрийг яаж тийм ер бусын улаавтар туяатай болгов гэсэн асуудлыг хөндсөн байв http://ecommons.txstate.edu/physfacp/23/. Харин судалгааны бас нэг ажилдаа Жойсийн (1882-1941 оны үед амьдарч байсан Ирландын алдарт зохиолч) “Улисс” зохиолд жил бүрийн солирын урсгал буюу лиридуудын талаар өгүүлсэн байгааг нотолжээ http://ecommons.txstate.edu/physfacp/24/.

Судлаачийн энэхүү өвөрмөц сонголтыг хараад олонх хүн энэ хүнийг чухал гэхээр зүйлсийг оролдох хүсэлгүй, хялбар аргаар алдаршихыг хүссэн нэгэн байна гэж бодох биз ээ (оргүй ч зүйл биш байх). Гэвч хэн мэдлээ. Магадгүй бүх юм хоорондоо холбоотой гэдгийг батлахын тулд иймэрхүү төрлийн эрэл хайгуул хийн хүрээлэн буй орчинд бидэнд өнөө хэр мэдэгдээгүй байгаа үл мэдэх хэмжигдэхүүнүүдийг нээхийг хэн байг гэх вэ. Нээхгүй гэдгийг ч үгүйсгэж үл болох. Гэсэн ч одон орон судлалын тухай хаяа ч атугай эргэн санаж байхад илүүдэх юу байх вэ.

http://lenta.ru/articles/2012/03/08/titanic/

PS: Одон орон судлалын онолын хэсгийг буруу зөрүү орчуулсан байх магадлал өндөр учраас мэргэжлийн хүнээр хянуулаад засварыг нь оруулчихлаа. Таалан уншаарай.