“КАБУЛЫГ ТЭЖЭЭХЭЭ БОЛЬЁ”

Posted on Гуравдугаар сар 22, 2012

0


дана рорабахер

-Америкчууд Афганистан руу илгээсэн тусламжийн мөнгөө юунд зарцуулагдаж байгааг судлана-


Америкийн Конгрессийн гишүүн Дана Рорабахер АНУ-ын Ерөнхий хянагч Юүжин Додарод хандан татвар төлөгчдийн тэрбум доллараар хэмжигдэх хөрөнгө Афганистанд тусламжийн нэрээр очсон хойноо юунд, хэрхэн зарцуулагдаж байгааг шалгаж өгөхийг хүслээ. Энэхүү хүсэлтдээ үнэн хариулт авч чадвал Парламентын гишүүд огтоос баярлахгүй нь ойлгомжтой.

 

Афганистан бол энэ дэлхийн хамгийн баян улс биш ээ. Харин ч эсрэгээрээ. Гэсэн ч энэ нөхцөл нь афганы зарим давхрагын иргэдэд энд тэндхийн арлууд дээр тансаг харш, алмаазан шигтгээтэй цаг болон гоёл чимэглэлийн бусад зүйл (зарчмын хувьд бол эдгээрийг заавал авах шаардлага байхгүй байлтай) худалдан авахад огт нөлөөлдөггүй бололтой.

Харин эдгээр азтан ямар нэгэн байдлаар тус орны Ерөнхийлөгч Хамид Карзай болон түүний тоймгүй олон төрөл садантай холбогдсон байдаг нь хамгийн хачирхалтай. Магадгүй энэ л нөхцөл байдлын улмаас Конгрессийн ажигч гярхай гишүүн өөрийн хүсэлтэндээ “Ерөнхийлөгч Хамид Карзай болон түүний гэр бүлийнхэн… хэдий хэмжээний мөнгийг өөрийн болгосон, буруу зарцуулсан, дансандаа хийсэн, хулгайлсан эсэхийг шалгаж өгнө үү” хэмээн шулуухан бичээ биз ээ http://rohrabacher.house.gov/UploadedFiles/Afghan_Karzai_Request_Letter_from_Rep._Rohrabacher.pdf. Рорабахерийн санаа зовж буйг ойлгох нь зүйн хэрэг. Учир нь АНУ 2013 онд Афганистанд тусламж маягаар ахиад 2.5 тэрбум ам.доллар шилжүүлэх гэж байгаа бөгөөд энэ мөнгөний хувь заяа хэрхэх бол гэсэн асуулт хэнд ч гарна.

Юүжин Додаро багийнхантайгаа энэ асуудлыг судлах ажилдаа дөнгөж ороод байгааг далимдуулан нэг зөвлөлгөө өгмөөр санагдлаа. Та бүхэн Афганистаны “Кабул” банкинд анхаарлаа хандуулаарай. Энэ банкны нэг эзэмшигч нь (хөрөнгө оруулагч нь) Ерөнхийлөгчийн ах Махмуд Карзай юм шүү.

Энэ банкийг үүсгэн байгуулсан түүх тун сонин. 2004 онд санхүүгийн энэ байгууллагыг Халилулла Ферузи (Khalilullah Ferozi), Шерхан Фарнуд (Sherkhan Farnood) хэмээх хоёр найз байгуулсан бөгөөд 1990-ээд оны үед ОХУ-д нэгэн хачирхалтай бизнес хийж баяжсан хүмүүс болой. Тэр бүү хэл, Фарнудыг “банкны хууль бус ажиллагаа явуулсан, гэмт хэрэгтнүүдийн мөнгийг угаасан, гэмт хэргийн бүлэглэл үүсгэсэн гэм буруутай” учраас ОХУ-д эрэн сурвалжилж байгаа билээ. Гэвч энэ байдал огт нөлөөлөөгүйгээр үл барам Афганистан дахь цөөн банкны нэгийг байгуулж маш хурдан хугацаанд өсч дэвжсэнээр тус улсын хамгийн том банкны нэг болгож чаджээ.

Тус банк богино хугацаанд алдар хүндэд хүрсэн нь Афганистаны төртэй холбоотой. Афганистаны эрх баригчид төрийн албан хаагч, зэвсэгт хүчин, цагдаагийн ажилтнуудын цалингийн тооцоог “Кабул”-аар гүйцэтгүүлдэг байжээ. Энэ хүмүүсийн цалингийн дийлэнх хувийг Америкийн тусламжийн мөнгөнөөс гаргадаг. Үүнээс гадна тус банк улс орондоо, тодруулбал дээдсийн хүрээлэлдээ байдаг чадлаараа тусалж байсан юм. 2009 онд Махмуд Карзай болон Афганистаны Дэд Ерөнхийлөгчийн дүү Абдул Хасин Фахим (Abdul Haseen Fahim) огт хүүгүй олон саяын зээлийг олж аван “Кабул”-ын тодорхой хувийг худалдан авсан (энэ үгэнд анхаарлаа хандуулна уу!) байдаг. Мөн онд банкны захирлууд Ерөнхийлөгчид хандан дэмжлэг үзүүлж байгаад нь талархан сонгуулийн сурталчилгааг нь санхүүжүүлж байсныг дурдах нь илүүц биз ээ.

2011 оны эхэн үед “Кабул” банк санхүүгийн хүндрэлүүдтэй тулгарснаар үлгэр шиг амьдрал нь замхарч эхлэв. Барууны сонинуудад дурдсанаар, банкны эзэд болон тэдний найзууд, төрөл төрөгсөд нь “Кабул”-ыг хувийн түрийвч шигээ үздэг болоод удаж байсан ажээ. Энэ эрхмүүд хилийн чанадад тансаг харш худалдан авах туйлын дуртай хүмүүс гэнэ. Тиймээс банкны эзэд Персийн булангийн орнуудын болон Арабын нэгдсэн Эмират улсын (АНЭУ) дээдсийн хүрээлэл амьдардаг үл хөдлөх хөрөнгийн аз туршсан наймаанд байнга оролцож маш их хэмжээний мөнгийг үрдэг байжээ. Гэтэл дэлхийн санхүүгийн хямралаас болж байрны үнэ салам унасны гайгаар тус банкны тайлан тэнцэлд 900 сая ам.доллар сох дутах нь тэр. ДНБ нь ердөө 12 орчим тэрбумаар хэмжигддэг Афганистан улсын хувьд энэ бол агуу том тоо.

“Кабул” нь Афганистаны санхүүгийн тогтолцоог үүсгэгч гол банк тул түүний сүйрэл нь тус оронд санхүүгийн систем доголдох, олон төрлийн эмх замбараагүй байдал үүсэх эрсдлийг дагуулах байлаа. Тиймээс Афганистаны Төвбанк “Кабул”-ыг аврахаар шийдэж өөрийн нөөц хөрөнгөө юу ч үгүй шавхаж орхив. Тэр утгаараа өнөөдөр Төвбанканд өөрт нь тусламж шаардлагатай болоод байгаа бөгөөд үүнд америкчууд л тусалж чадах юм.

Дашрамд сонирхуулахад, Ферузи, Фернуд хоёр цаасан дээр бол хэдийнэ өргөст торны цаана байгаа гэдэг ч үнэн хэрэгтээ хэнээс ч нуугдалгүй Кабулаар чөлөөтэй зугаалж явна. Тэр бүү хэл, банкныхаа хямралд өөрсдийгөө бус “бүх ажиллагааг нураасан” барууны сэтгүүлчдийг буруутгаж явна. Харин төр засаг нь сэтгүүлчдээс гадна энэ бүхэнд Төвбанкны дарга асан Абдул Кадир Фитрат (Abdul Qadeer Fitrat)-д буруутай гэж үзэх болжээ. Абдул Кадир Фитрат “Кабул”-ын хувь заяа ийн эргэсэн нь Ерөнхийлөгчийн ах Махмудын үрэлгэн зантай холбоотой гэж мэдэгдэж байсан учраас тэр. Байдал ингэж эргэсэн тул Фитрат Америк руу яаралтай зугтаж гарлаа. Энэ л хүн Юүжин Додарод афганы санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар олон сонирхолтой зүйл ярьж өгч чадна даа.

“Кабул” банкны хууль бус үйл ажиллагаанууд хамгийн их шуугиан тарьсан нь гэж хэлж болох ч цорын ганц тохиолдолд тооцож болохгүй. 2010 онд америкчууд афганы зэвсэгт хүчний ерөнхий эмчийг бараг л үйлдэл дээр нь барьж авсан. Ахмад Зия Яфтали (Ahmad Zia Yaftali) генерал Америкаас афганы эмнэлгүүдэд илгээсэн тусламжийн эм тариаг бөөн бөөнөөр нь хулгайлж байжээ. НАТО-ийн командлагчид генералын гэм буруутайг нотолсон олон тооны баримтуудыг Карзайд дамжуулж өгсөн байдаг. Карзай бүтэн жил энэ асуудлыг ойшоохгүй байснаа 2011 оны арванхоёрдугаар сард америкчуудаас генералын гэм буруутайг нотлох баримтуудыг хүлээлгэн өгөхийг шаарджээ. Америкчууд тэр үед чихэндээ ч итгээгүй. Нотолгоонуудыг нь аль хоёр жилийн өмнө түүнд өгсөн шүү дээ! Харин эмч-генерал маань Кабулд танил тал сайтай нэгэн гэдэг нь ойлгомжтой боллоо. Тэрбээр өнөөг хүртэл эрх чөлөөтэй явна.

НАТО-оос Афганистанаар дамжуулан хийж байгаа ачаа тээвэрлэлтийн үеийн төлбөрийн зардал ч асуудалтай байгаа. Энэ бизнест маш олон гүйцэтгэгч байгууллагууд оролцдог бөгөөд тэд ачааг чадлынхаа хэрээр хамгаалдаг. Чадлынхаа хэрээр хамгаалах хамгийн түгээмэл арга нь ачааг отож байдаг талибын бүлэглэлүүдэд болон нутгийн дээрэмчдэд хахууль өгөх явдал юм. Эцсийн дүндээ америкийн цэргүүд талибуудад ойролцоогоор 360 сая ам.долларыг АНУ-ын төсвөөс төлсөн гэдгийг тооцоолон гаргажээ. Албан ёсны баримтуудад үүнийг “тээврийн дэд бүтцийг дэмжих зорилгоор” гаргасан зардал гэж тусгасан байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ энэ мөнгө “Талибан” хөдөлгөөнийг дэмжих зардал шиг харагдаж байна. Дэлхийн аль ч террорист байгууллага үүнд нь атаархаж суугаа даа.

Америкийн (өргөн утгаараа гадаадын) тусламжаас Афганистанд аль боломжит салбарт нь чадлынхаа хэрээр хулгайлцгааж байна. Вашингтоны Стратеги төлөвлөлт, олон улсын харилцааны төвийн Афганистаны асуудлыг хариуцсан мэргэжилтэн Энтони Кордесман (Anthony H.Cordesman) тус улсад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тайлбар өгөхдөө “Афганистаны авлигатай тэмцэнэ гэдэг нэгэнт хожимдсон хэрэг. Авлигад орооцолдоогүй хүн бол хулгай хийж амжаагүй л гэсэн үг” гэж хэлсэн юм.

Ерөнхийдөө түүний зөв. Афганистанаас цэргүүдээ гаргах үе дөхөөд ирэхээр тус оронд гадны тусламжаас хулгайлах явдал улам л нэмэгдэх болно. Афганистаны эрх баригчид талибуудыг 2014 онд засгийн эрхийг гартаа авахаар бэлтгэж байгааг сайн мэднэ. Тиймээс боломж байгаа дээр нь амжаад халаасаа түнтийлгээд авахыг эрмэлзэж байна. Яг ийм үед үнэнч шударга, тэгсэн атлаа гэнэн ядуу нэгэн байхыг хэн ч хүсэхгүй. Зугтъя гэсэн ч ядуу хүн хаа холдох вэ. Тиймээс Афганистанаас гадаадын иргэд олноороо дүрвэн гарч, талибуудын нэр хүнд улам өсөх болсон зэрэг нөхцөл байдлыг тооцож үзвэл афганы дээдсийн хүрээнийхэн өндөр албан тушаал эрхэлж буй хугацаандаа АНЭУ-д ганц нэг харш худалдан авахад илүүдэхгүй биз ээ.

Афганистанд үүсээд байгаа нөхцөл байдлын тухай мэдээлэл мэдээж хэрэг америкчуудад таатай санагдаагүй нь ойлгомжтой. 2013 онд төсвөөсөө илүүчилж өгөх тэдний тусламжийн ихэнх хэсэг нь хулгайн замаар орно гэдгийг ойлгохын тулд заавал Юүжин Додаро шиг албан тушаалтай байх ч хэрэггүй. Тэгэвч америкчуудад өөр арга алга. Цэргүүдээ тус улсаас гаргатал Хамид Карзайн Засгийн газрыг ямар ч үнээр хамаагүй тогтоон барих шаардлага америкчуудад бий. Үгүй бол 11 жилийн турш дайн явуулах ямар хэрэг байв. Өнөөдрөөс эхлэн Вашингтонд “Кабулыг тэжээхээ больё” гэсэн үгс ойр ойрхон сонсогдох болно. Харин Барак Обама эдгээр уриалгыг чихнийхээ хажуугаар өнгөрөөн дүлий царайлна. Эс бөгөөс муу засаглалтай, хуурамч, авлигад нэвт идэгдсэн афганы Засгийн газар нуран унавал Барак Обама Америкийн түүхэнд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн дайнд ялагдсан Ерөнхийлөгч гэсэн нэрээр мөнхрөх эрсдэлтэй ажгуу.

http://lenta.ru/articles/2012/03/12/enough/