ЦЭНХЭР ТОЛБОТ

Posted on Дөрөвдүгээр сар 16, 2012

3


тонино гуэрра

 ТОНИНО ГУЭРРА

Зохиолчийн тухай товчхон: ТОНИНО ГУЭРРА (Tonino Guerra, 1920-2012) нь Италийн яруу найрагч, зохиолч агсан. Түүний зохиолоор 100 гаруй кино бүтээсэн байдаг ажээ.

*****     *****     *****

Зарим үйл явдал тэгтэл ач холбогдолтой биш атлаа санаанд оромгүйгээр өрнөхийг яана.

Нэгэн золбин нохой үл таних нэгнээс салалгүй өдөржин дагасаар гэрт нь иржээ. Хэрэв энэ хүн баян хийгээд томхон байртай, хүүхэд цөөтэй байсан бол түүнийг өөртөө дуртайяа авах байсан биз ээ. Нохой ч их өхөөрдөм харагдана: цайвар ноосон дээр нь хачирхалтай цэнхэр толбонууд бий болсон нь будагтай сав шүргэж заваартсных бололтой. Гудамжинд таарсан дээрх хүнийг Мухаммед гэх агаад будсан даавуу хаяандаа өдөржин дэлгэн хатаадаг будгийн хуучин цехэд ажилладаг нэгэн юм.

Нохой түүний хүүхдүүдэд таалагдсан хэдий ч Мухаммед яадаг ч байсан тэрнээс салах нь зүйтэй гэж үзжээ. Гэр бүлээ арай ядан тэжээж байхад юун нохой. Тэгээд ч нохой байлгах газар алга. Өөрсдөө умгар хоёр өрөөнд арай ядан багталцаж байна шүү дээ. Ингээд маргааш өглөө нь Мухаммед урьдынхаас илүү эрт босч худалдааны захыг зорилоо. Энэ үеэр гудамжинд олон хүн сүлжилдэх тул Мухаммед тэдний дунд холилдон орж, нүд ирмэхийн зуурт л нохойноос салж чадав. Гэвч хэт эрт баярласнаа сүүлд ойлгожээ: бүрий болохын алдад нохой гэрийн нь үүдэнд эргээд ирсэн байлаа. Тэгэхээр нь Мухаммед нэг өдөр ажлаа алдан байж хотын зах газрыг зорин алхжээ. Яваад л, яваад л байв. Нөгөө нохой нэг бол хажууд нь, нэг бол хоцорсхийн шогшоод л байж. Ингэж явсаар Мухаммед нэгэн байшингийн сүүдэрт тухлаад авав. Нохой ч дэргэд нь ирэн түүнийг дуурайн хэвтлээ. Мухаммед жаахан дугхийгээд сэрээд хартал нөгөө гайхал унтаж байв. Нохойг сэрээхгүй гэсэндээ сэм холдсоор яваад өгөв. Мухаммед хөөрхий нохойг хэсэгхэн сүүдэрт, шороо пургилсан газар үлдээчихээд цээж дүүрэн амьсгаа аван хотын төвийг зорих нь тэр. Нэгэнт ажил хийх цаг үлдээгүй тул өдөржин энэ тэрүүгээр тэнүүчлэв. Түүнд байнгын ажлын байр байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Дээр дурдсан цехийнхэн будсан даавуунуудаа дэлгэж хатаах, хатсан хойно нь эвхэж хураах ажлууддаа л түүнийг хөлсөлдөг байсан юм. Учир ийм аваас амьтанд хандаж байгаа харгис хандлагыг нь тогтмол орлогогүй гэх шалтгаантай нь холбон зөвтгөж болмоор. Нөгөө талаар, түүний үйлдлийг харгис гэж хэлэхэд ч хаашаа юм. Мухаммед нохойг модоор зодож жанчин, өшиглөж хөөгөөгүй. Харин ч “Ойлгоорой, би чамайг тэжээж чадахгүй. Надад ийм ийм зовлон байна” гэхчлэн олон удаа тайлбарлаж ойлгуулахыг хичээсэн бөлгөө. Өөрөөр хэлбэл, түүнд нохой хэрэггүй гэдгийг л ойлгуулсан хэрэг. Магадгүй иймийн учир нохой түүнд илүү дасаад байх шиг. Эмэгтэйчүүд яг ингэж эрчүүдэд татагддаг даа. Зарим тохиолдолд эрчүүд ч гэсэн эмэгтэйчүүдэд ингэж татагдах нь бий.

Гэтэл хайр хайраа үгүйсгэдэг ажгуу. Зарим нь анхныхаа оролдлогоор буугаад өгчихдөг бол зарим нэг нь улам л зүтгээд байдаг. Сэтгэлээ барьж дийлэхгүй хойно ямар ч доромжлолыг тэвчин өнгөрөөнө гэж боддог уу эсвэл хатан зоригтой хүн хотыг ч эзэлнэ гэдэгт итгэж найддаг юм уу бүү мэд. Энэ нохой ч мөн адил юунд итгэж найдсан юм, орой болоход ахиад л Мухаммедийн гэрийн гадаа хүрээд ирсэн байлаа. Бүгд хоолны ширээний ард сууж байтал хэн нэгэн хаалга самардах шиг сонсогдов. Нээгээд хартал нөгөө нохой зогсч байх юм. Чингэтэл Мухаммедийн хоолойд бөөн юм зангираад ирэх шиг болжээ.

Маргааш өдөр нь Мухаммед илжгээ унан хотоос гадагш гарлаа. Цэнхэр толботой цайвар нохой араас нь шогшсоор л. Мухаммед үе үе эргэн харж нохойг шалавлуулангаа “Чамайг заавал би тэжээх ёстой гэдгийг чи яаж бодож олоо вэ? Ийм том хотод өөр хүнийг л сонгоно биз. Хачиг шиг наалдаад л… Чамайг яах учраа олохгүй байна шүү. Чөтгөртөө тонилбол таарна” гэж үглэнэ.

Энэ мэтээр цөлд өнөө хоёр урд хойноо орсоор явцгааж байв. Мухаммед үе үе зогсон хивсэнцрээ дэлгэж мөргөл үйлдэнэ. Ингэж явсаар нэгэн жижиг тосгонд дөхөж иржээ. Тосгоны эргэн тойронд хонь бэлчиж харагдана. Замд гараад хоёр хонож байсан тул Мухаммед алжаалаа тайлахаар шийдлээ. Өнгөрөгч өдрүүдэд нохой түүний аминд нэг бус удаа орж билээ. Тухайлбал, тюрбан малгай нь салхинд хийсэн элсэн дээгүүр өнхрөхөд Мухаммед яагаад ч гүйцэж чадаагүй юм.

Энэ удаад явсан хэрэг нь бүтэж мэдэхээр болоод эхэллээ шүү. Нохой хэдийгээр Мухаммедийг хараанаасаа салгахгүй байсан ч хонь малтай тааваараа хөөцөлдөн, үдэш бүрий болоход малчинд хонио хураахад нь хүртэл идэвхтэй туслав. Эцэст нь эзэндээ хэт итгэсэндээ гэнэ алдаж уулан дахь бэлчээрээ зорих хонин сүргийг даган алга болж өгөв. Мухаммед тэр агшныг ашиглан гэрийн зүг хөдөллөө.

Тэр явдлаас хойш хэдэн өдөр өнгөрөв. Энэ хугацаанд Мухаммед нэгэн шинэ дадалтай болсноо анзаарч эхэлжээ. Тухайлбал, гудамжинд явж байхдаа юм л бол эргэж харна. Яаж байгаа юм бол? Хэнийг хайв, ард хэн байгаасай гэж хүсэв? Гэртээ хоол идэж суухдаа ч үргэлж хаалга чагнадаг болсон байх юм. Хаалга тогших, самардах чимээ гарах шиг санагдвал өөрийн мэдэлгүй хаалга онгойлгон харах аж. Эцэст нь хаалгаа түгжихээ ч болив. Онгорхой завсраар нь ёлтойх нарийхан зурваст хэн нэгний сүүдэр өчүүхэн төдий тусахад зогтусан хоолоо идэж байснаа ч мартан гөлөрнө. Товчхондоо хэлэхэд, Мухаммедийг нохой хүлээж суугааг хүн бүр л гадарлаж байсан юм. Мухаммед тийм үнэнч занг оошойж үзээгүйдээ дотроо харамсаж суув. Тэр байтугай түүнд үнэхээр дасч орхисноо улам бүр ойлгох болжээ.

Мухаммед хамгийн өндөрлөг газар гаран хотын гудамж, талбайг дээрээс нь нарийн ажиглан харлаа. Нохойг төөрүүлж байсан газруудаа ч эргэв. Хотын захад нохойтойгоо цуг сүүдэрт нь унтаж байсан байшингийн дэргэд хүртэл очиж үзжээ. Аргаа бараад илжгэндээ мордон замд гарлаа. Хоёр хоногийн дараа нөгөө тосгонд ирж малчнаас нь нохойгоо сурав. Тэгсэн Мухаммедийг явсны дараахан нохой зугтчихсан ажээ. Хаашаа зугтасныг асуухад малчин балгасны тийш заалаа. Балгасанд дөхөөд очвол нэг эмгэн анар идээд сууж байх юм. Эмгэн нохой одсон зүгийг зааж өгөв. Ингээд Мухаммед эргээд замд гарав. Яваад л, яваад л байж. Эргэн тойронд улаан цөл. Сүүдэр татуулах ганц ч мод алга. Элс, анир чимээгүй байдал л ноёрхоно.

Энэ зуур тоос шороонд дарагдан ядарч туйлдсан цэнхэр толбот нохой хотод ирж танил үнэрээ дагасаар Мухаммедийн гэрийг олов. Хаалганд дөхөөд очиход нь энэ гэр бүл баяртайгаар угтан авлаа. Учир нь нохой эргээд ирсэн цагт эзэн нь заавал эргэж ирнэ гэдэгт тэд итгэл төгс байлаа.

 

http://lib.misto.kiev.ua/INPROZ/GUERRA/sandstrm.txt#46

Байгаль эх хүмүүнийг амьтадтай зэрэгцэн оршиг гэсэн нь цаанаа нэг учиртай биз ээ. Амьтай бүхэн үхдэг жамтай. Харин хөөрхий амьтдыг энэ ертөнцөд аль болох урт наслуулах бололцоог зөвхөн хүн л өгч чадах билээ. Боломжийнхоо хэрээр амьтдыг хайрлацгаая.

This slideshow requires JavaScript.