2012 оны Олимпийн наадмын хамгийн гоёмсог хувцастай баг тамирчид

Posted on Долдугаар сар 27, 2012

0


Дөрвөн жил тутам болдог спортын хамгийн чухал наадмыг хувцасны үзүүлбэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Загвар өмсөгчдийг тамирчид, харин гоёмсог загварын цуглуулгыг тэдний биеийн тамирын хувцас орлодог билээ. Ижил хувцсаар жигдрэн гоёх санаа 1936 оны Берлиний Олимпоос эхлэлтэй бөгөөд Дэлхийн II дайны дараа уг уламжлалыг Олимпийн Харти (Олимпийн хөдөлгөөн, Олимпийн наадмын үйл ажиллагаанд зайлшгүй мөрдөн ажилладаг эрх зүйн тулгуур баримт бичиг. Олимпийн Үндсэн хууль ч гэж нэрлэдэг)-д албан ёсоор оруулжээ. Барууны орнууд тамирчдын нь хувцсыг урлах ажлыг гол төлөв алдартай загвар зохион бүтээгчдэд даатгадаг уламжлалтай байсан бол ЗСБНХУ-ын үед тамирчдын хувцсыг Бүх холбоотын Загварын ордонд хийдэг байжээ. Цаг хугацаа өнгөрсөөр өдгөө Олимпийн хувцсыг ёслолын, өдөр тутмын, тэмцээний гэсэн гурван ээлжийнхийг хийдэг болов. Өнөөдрийн байдлаар, Олимпт оролцох зарим орон тамирчдынхаа хувцсыг нууцалсаар байна. Гэсэн хэдий ч “Форбс” сэтгүүл тэдгээрээс хамгийн гоёмсог, тод өмсгөлтэй 10 багийн хувцсыг толилуулжээ. Зарим багийн хувцасны иж бүрдэлд хэдэн арван зүйлс багтсан аж.

 

1.Австралийн алтан имжнүүд 

Ногоон болон алтлаг өнгүүд нь австраличуудын сонгодог өнгө юм. Тиймээс тус улсын загвар зохион бүтээгчид тамирчдынхаа хувцсыг урлахдаа эдгээр өнгүүдийг онцолжээ. Энэ оны тавдугаар сард Австралийн баг тамирчдын хувцсыг албан ёсоор танилцуулсан юм. Хамгийн сонирхолтой нь усанд сэлэлтийн төрлөөр Олимпийн гурван удаагийн аварга болсон Либби Трикет загварыг үзүүлснээс гадна уг загварыг хамтран зохиосон хүний нэг ажээ. Лондонгийн Олимпийг Австралийн 400 гаруй тамирчин зорьж очно. Наадмын нээлтийн ёслол дээр эмэгтэйчүүд нь банзалтай, эрчүүд нь цагаан өнгийн, сонгодог загварын ажил хэрэгч өмд өмсөх юм байна. Ингэхдээ алтан утсаар шагалсан хоёр имжний дүрс бүгдийн нь хүрэмний халаасан дээр байх аж. Олимпийн өмсгөлөөс татгалзах нэг хүн бий. Австралийн байт буудлагын тамирчин Рассел Марк мөрийгөө алдсан тул амласан ёсоороо Лондонгийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд манкини хэмээх усны хувцастай гарах дээрээ тулаад байгаа юм.

 

2. Канадчуудын нөхөөстэй гоёл

1670 онд байгуулагдаж Хойд Америкт бүү хэл, дэлхийн хамгийн эртний худалдааны корпорацид тооцогддог Hudson’s Bay Company энэ удаад ч бас Канадын тамирчдын Олимпийн өмсгөлийг даажээ. Өнгөрсөн оны сүүлчээр дээрх компани тамирчдын өмсгөлийг олон нийтэд танилцуулсан. Хувцасны иж бүрдэлд 31 зүйлсийг багтаасан байв. Үүнд жинсэн хүрэм болон Канадын тамирчдад Лондонд үнэхээр хэрэг болохуйц юүдэнтэй дулаан цув хүртэл багтжээ. Hudson’s Bay брэндийн хувцаснууд нөхөөстэйгээрээ алдартай тул дээрх компани уламжлалаа эвдэлгүй энэхүү иж бүрдэлд зориулан нөхөөсийн олон төрлийн загварыг боловсруулсан аж. Мэдээж хэрэг, Канадын тамирчдын хувцсыг агч модны навчны дүрсгүйгээр төсөөлөх аргагүй. Иж бүрдэлд багтсан хувцас, эдлэлүүд тус бүртээ 15-100 долларын үнэтэй. Тамирчдын хувцасны талаарх хүмүүсийн бодол хуваагдаж орхисон. Нэг хэсэг нь Олимпийн өмсгөлийг дэндүү энгийн болсон гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь алаг эрээн нөхөөсүүдийг нь илүүдсэн маяг гэж буруутгаж байна.

 

3. Хятадууд дээгүүрээ улаан, доогуураа цагаан 

Улаан өнгө бол ялалтын өнгө. Тийм ч учраас Олимпийн тоглолтод хүндтэй зочид болж оролцох Хятадын баг тамирчид улаан хувцастай ажээ. Нээлтийн ёслолын ажиллагаан дээр Хятадын тамирчид дээгүүрээ улаан, доогуураа цагаан өнгийн хувцсаар ижилсэнэ. Харин тэмцээн дээр лууны дүрс бүхий хувцастай гарч ирэх ажээ. Тэрхүү лууны дүрсийг 8000 гаруй жилийн настай эртний уран зургаас санаа авч бүтээсэн гэнэ. Сарны хуанлигаар 2012 он нь луу жил тул загвар зохион бүтээгчид энэхүү бэлгэ тэмдгийг Хятадын тамирчдад аз авчирна гэдэгт итгэлтэй байна. Тамирчдын хувцсыг урлахдаа даавуунд нь онцгой анхаарлыг хандуулжээ. Эцэст нь Хятадын баг тамирчдын хувцасыг Лондонгийн “хаврын тэнгэр шиг” цаг агаарт зохицуулан нордоггүй ч агаар нэвтрүүлж чадах материалаар хийсэн байна. Тамирчдын хувцасны загварыг гаргах ажил дээр зохион бүтээгчид 1.6 жил хөдөлмөрлөсний дүнд эцсийн хувилбараа БНХАУ-ын Эрүүл мэнд, биеийн тамирийн асуудлыг удирдах газраар батлуулжээ.

 

4. Эстоничуудын хээ хуар

Эстонийн тамирчид Олимпийн үеэр медалийн тавцан дээр тэр бүр гараад байдаггүй ч байр эзэлсэн тохиолдолд бусдаасаа гоёмсог өмсгөлөөрөө үргэлж ялгарч байдаг. Олимпийн сүүлийн дөрвөн наадамд оролцсон Эстонийн багийнхны хувцас бусад тамирчдын болон сэтгүүлч, Олимпийн зочдын анхаарлыг зүй ёсоор татаж сайшаал, магтаал хүртэж байв. Тиймээс уламжлал ёсоор Олимпт оролцох эстоничуудын ёслолын болон өдөр тутмын гоёлыг үндэсний нь брэнд болсон “Monton” компани урлажээ. Загвар зохион бүтээгч Кайры Кивари тамирчдын цэнхэр, цагаан, мөнгөлөг болон улбар шар өнгөтэй иж бүрэн хувцсыг зохион бүтээхдээ Кихну арлын оршин суугчдын үндэсний хувцсан дээрх хээ угалзаас санаа авсан аж. Түүнчлэн хувцсыг урлахдаа өндөр технологи ашигласнаас гадна байгальд ээлтэй материалыг сонгосон байна. Тухайлбал, богино зайн гүйлтийн тамирчдын хувцсыг хоёрдогч түүхий эдээр бүтээж, харин гутлын жинг нь энгийнээс 19%-иар хөнгөн болгож чаджээ.

 

5. Испанийн “Ретро” загвар

Испанийн тамирчид нээлтийн ажиллагаа, Олимпийн тэмцээнүүдэд ч оролцож амжаагүй байхад тэдний өмсөх хувцасны талаар ширүүн маргаан өрнөөд байна. Испанийн төрийн түшээд, загвар зохион бүтээгчдийн олонх нь энэ удаагийн Олимпт өмсөх тамирчдынхаа хувцсанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсний  сацуу ийм чухал асуудалд эх оронч бусаар хандан иж бүрдэл хувцсыг гадаадын “Bosco Sport” компаниар хийлгүүлснийг буруутгажээ. ОХУ-ын уг компани Испанийн Олимпийн хороонд тамирчдын нь хувцсыг үнэ төлбөргүй хийж өгөх гэрээ байгуулсан ажээ. Энэхүү гэрээний ачаар “Bosco” компани олон улсын зах зээлд гарах, харин Испанийн хувьд санхүүгийн хямралтай үед ойролцоогоор 8 сая еврог хэмнэх таатай боломжийг олж авсан. Испанийн тамирчдын улаан, шар болон хөх өнгөтэй хослолуудыг 1980-аад оны ретро загвараар бүтээсэн байна. Харин ёслолын болон өдөр тутмын хослол дээрх хээнүүд нь Оросын тамирчдын хувцсан дээрхтэй тун төстэй болжээ.

 

6. Оросын Грифон ба Пегас

Лондонгийн Олимпт Оросын тамирчид ямар гоёлтой ирэх болсноо энэ зуны эхээр толилууллаа. Оросын баг тамирчдын хувцсыг есөн жилийн турш “Bosco” загварын ордон хариуцан бүтээж байгаа бөгөөд энэ удаад ч уг уламжлалаа хадгалсан байна. Иж бүрдэл хувцасны өнгөөр урьдын адилаар цагаан ба улаан өнгийг сонгосон ч бэлгэдлийн тэмдгээ өөрчилжээ. Тодруулбал, загвар зохион бүтээгчид уламжлалт Галт шувуунаас татгалзан Оросын үндэсний хээ угалзыг ашиглан Грифон болон Пегас хэмээх домгийн амьтдыг шигтгэн хийсэн латин хэлний R ба U үсгүүдийг урласан байна. Иж бүрдэл хувцсанд нийтдээ 60 гаруй зүйл багтсаны дотор усны шаахай хүртэл бий. Харин ёслолын ажиллагаан дээр оросууд далбааг нь илтгэсэн гурван өнгө бүхий зуны хослол, сүрлэн малгайгаар гангарах ажээ.

 

7. “Армани”-гээс илгээсэн тээш

Италийн баг тамирчдын хувцсыг урлах хүндтэй үүргийг дэлхийн загварын салбарын хамгийн алдартай хүн гэгддэг загвар зохион бүтээгч Жоржио Арманид даалгажээ. Армани тамирчдын хувцсыг урлах туршлагатай нэгэн. Хөл бөмбөгийн “Интер” болон “Челси” клубын тамирчдын хувцас бол Арманигийн бүтээл. Энэ удаад тэрбээр “EA7 Olympics” хэмээх спортын хувцасны цуврал иж бүрдлийг бүтээсэн бөгөөд дотроо 50 нэр төрөлтэй. Эдгээрийн дотор ёслолоос гадна бэлтгэлийн хувцас, тэр бүү хэл аяны тээш хүртэл багтжээ. Италийн багийнхан хар хөх болон цагаан өнгөөр гангарах аж. 1970 оны Олимпт италичууд мөн л ийм өнгөтэй хослол өмсч байсан. Хамгийн сонирхолтой нь, “EA7 Olympics” цувралд багтсан хувцаснуудын дотор талд Италийн сүлд дууллын эхний мөр бичээстэй байгаа. Харин далбаат завины тамирчдын хувцсыг Миучча Прада хэмээх загвар зохион бүтээгч бүсгүй урласныг дурдах нь зүйтэй.

 

8. Америкчуудын China шошготой гоёл

Америкийн тамирчид Лондонд Ральф Лорений хувцсаар гоёх ажээ. Энэ загвар зохион бүтээгч 2008 оны Бээжингийн Зуны Олимп болон 2010 оны Ванкуверийн Өвлийн Олимпт оролцсон Америкийн баг тамирчдын хувцасыг бүтээж байсан туршлагатай нэгэн. Ральф Лорен энэ удаад өнгөрсөн зууны загваруудад анхаарлаа хандуулсан байна. Тэрбээр 1948 онд мөн л Лондонд болсон Олимпийн наадмаар америкчуудын өмссөн хувцасны загварыг чиглэлээ болгожээ. Ингээд 1930-1940-өөд оны загваруудыг орчин үеийн шийдэлтэй болгож хувцасны бүтэн иж бүрдлийг бүтээсэн аж. Баг тамирчдын өмсөх хувцас нь хар хөх, цагаан, улаан өнгөтэй. Үүнээс гадна хувцасны иж бүрдэлд ноосон цамц, захтай футболк буюу поло цамц, малгай, цүнх, нүдний шил болон нүүр гарын алчуур хүртэл багтсан байна. Америкчууд бараг бүгдээрээ тамирчдынхаа хувцаст сэтгэл ханамжтай байгаа хэдий ч Хятадад үйлдвэрлэсэн гэдэг нь олонход, тэр дундаа Сенат, Конгрессийн гишүүдэд огт таалагдаагүй ажээ.

 

9. Английн “Юнион Жек”

Наадмын эзэд болох Английн баг тамирчид бэлтгэлээ маш сайн хангаж байгаа. Тэд нарын адил загвар зохион бүтээгч Стелла Маккартни ч бас ажилдаа дарагджээ. Энэ бүсгүй “Адидас” пүүстэй хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд Английн тамирчдын хувцсан дээр ажилласан. Стелла хөх, оюу ногоон, цагаан өнгөтэй хувцсуудыг бүтээхдээ Нэгдсэн Вант улсын далбаа болох “Юнион Жек”-ийг чиглэлээ болгон ажиллажээ. Иймээс баг тамирчдын хувцас бүр дээр түүний дүрс бий. Тамирчдын хувцасны график зургийг анх олонд толилуулахад багагүй шуугиан дэгдэж байв. Английн далбааны үндсэн улаан өнгийг тамирчдын хувцсанд хэт бага хэмжээтэй оруулсан нь Английн үндсэрхэг үзэлтнүүдэд доромжлол мэт санагдаж Стеллаг элдвээр дайрч давшилж байсан юм.

 

10. Ямайкчууд Боб Марлигийн охины загвараар гоёно

Олимпт оролцох Ямайкийн баг тамирчдын гол ивээн тэтгэгч болох “Puma” компани 2011 онд алдарт Боб Марлигийн охин Сиделлаг Олимпийн хувцасны загвар зохион бүтээгчээр сонгон авчээ. Учир нь тус улсын Олимпийн хороо тамирчдын хувцасны загварыг Ямайкийн хамгийн нэр хүндтэй уугуул иргэдийн нэг бүтээх ёстой гэсэн шаардлагыг тавьсан байна. Сиделла 1970-1980-аад оны Ямайкийн дуу хөгжим, урлагаас санаа авсны зэрэгцээ тус орны африк гарлыг тодотгосон загварыг зохион хувцсаа урласан ажээ. Тиймээс Сиделла Марлигийн бүтээсэн иж бүрдэл нь шар, ногоон, хар гэсэн үндсэн гурван өнгөтэй. Гэвч загвар хийцийн хувьд спортод үл зохицох гэж тодорхойлмоор. Энэхүү иж бүрдэлд даашинз, дэрвэгэр банзал болон гитель маягийн хүрэм хүртэл багтжээ. Дашрамд сонирхуулахад, дэлхийн хамгийн хурдан хүн болох Ямайкийн гүйлтийн тамирчин Усейн Болт Олимпт зориулан урласан Сиделлагийн хувцсыг өмсч олонд толилуулсан юм.

 

 

http://www.forbes.ru/stil-zhizni-slideshow/hobbi/84550-10-samyh-yarkih-sportivnyh-form-olimpiady-2012