Дарангуйлагчдын эхнэрүүд буюу хөөрхийлөлтэй тэргүүн хатагтай нар

Posted on Наймдугаар сар 5, 2012

0


8

Аливаа улстөрчийн хувийн амьдрал нууцлаг байх тусам олон түмэн тэр талаар улам л мэдэхийг хүсдэг ажгуу. Тухайлбал, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Иний дэргэд харагдах болсон бүсгүйн талаар дэлхий дахин нэг хэсэгтээ л янз бүрийн таамаг дэвшүүлсээр байсан билээ. Зурган дээр: нөхөр И Сол Жу Хойд Солонгосын удирдагчийн хамт соёл амралтын хүрээлэнд зугаалж байгаа нь

Дарангуйлагчийн түшиг тулгуур болно гэдэг амаргүй ажил. Үүнийг Иосиф Сталиний хоёр дахь гэргий Надежда Аллилуевагийн туулсан амьдрал бэлхнээ нотолно. Энэ эмэгтэй түүнтэй 14 жил амьдарсан. Эцэст нь 1932 оны арваннэгдүгээр сарын 9-нд Надежда “Вальтер” буугаар зүрхэн тус газраа буудан амиа егүүтгэсэн билээ. Эмгэнэлт явдал болохын өмнөх өдөр нь тэрээр Сталинтай амьдрахад хэцүү байгаагаа гомдоллож цаашид энэ хэвээр үргэлжлүүлэлгүй салахаар шийдсэн талаараа ярьж байжээ. Зурган дээр: Надежда Аллилуева хүү Василийн хамт

Ева Браун, Гитлер хоёр нэг бодлын 13 жил, нөгөө бодлын ганцхан хоног хамт амьдарсан гэж хэлж болно. Учир нь Ева 1932 оны эхэн үеэс дарангуйлагч Гитлерийн нууц амрагаар, харин 1945 оны дөрөвдүгээр сарын 29-нд албан ёсоор эхнэр нь болсон байдаг. Гэтэл ердөө маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 30-нд эхнэр, нөхөр хоёр хамтдаа амиа хорлосон гэдэг билээ.

Дарангуйлагчтай 30 жил хамт амьдарсан Ракель Муссолиниг бусдыгаа бодвол илүү азтай гэмээр. Фашист дэглэм ноёрхож байсан үед түүнийг фашист айлын үлгэр жишээч гэрийн эзэгтэй, эх хэмээн өргөмжилдөг байв. Чингэтэл 1945 оны дөрөвдүгээр сарын 28-нд Италийн партизанууд Бенито Муссолиниг нууц амраг Клара Петаччийн нь хамтаар баривчлан хороосон юм. Ракель Муссолини Дэлхийн II дайн дуусмагц Италиас оргон зугтсан боловч 1945 онд Италийн партизанууд түүнийг Швейцарьт баривчлан улмаар америкчуудад шилжүүлэн өгсөн байдаг. Гэвч америкчууд Ракелийг хэдэн сарын дараа сулласан юм.

Испанид Франсиско Франкогийн дэглэм ноёрхож байсан үед Кармен Поло тус улсын нийгэм-улс төрийн амьдралд чухал үүргийг гүйцэтгэж явжээ. Уг дарангуйлагчид жинхэнэ утгаараа нөлөөлж чаддаг цорын ганц хүн нь Кармен байв. Хуучинсаг үзэлтэй, хатуужилтай, туйлын шүтлэгтэй тэгсэн атлаа их зантай, биеэ тоосон Кармен хатагтай Испанид хатуу хяналттай дэглэмийг нэвтрүүлэх санаачлагч нь байсан гэдэг. Франсиско Франког бие барсны дараа тэрээр дарангуйлагчийн үзэл баримтлалыг дэмжигчдийн “El Moviemento” хэмээх байгууллагыг үүсгэн толгойлж байв. Кармен амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрүүлэхдээ ах дүү, хамаатан садан болон бусад хүмүүстэй харьцалгүй, сэтгүүлчдээс хол, улс орны амьдралыг огт сонирхохгүй байсаар бие барсан гэдэг.

1943 онд Аугусто Пиночет 20 настай Люсия Ириарт Родригестэй гэрлэв. Чилийн дарангуйлагчийн эхнэр гэгдэх энэ эмэгтэйн талаарх мэдээлэл хомс байдаг. Пиночетийг нас барсны дараа буюу 2007 онд 84 настай энэ эмэгтэйг төрийн өмч болон 27 сая долларыг хувьдаа завшсан хэрэгт буруутган таван хүүхдийн нь хамтаар баривчилсан талаар хэвлэлийнхний бичсэн мэдээ түүний тухай дурдсан цорын ганц баримт болон үлджээ.

Зян Цин гэх энэ эмэгтэй Хятадын коммунистуудын удирдагч Мао Зэдуны нууц амраг, дараа нь эхнэр нь болсон нэгэн билээ. Үе тэнгийн нь эмэгтэйчүүд түүнийг ёс зүйгүй, зальтай, аливаа зүйлийг тооцоотой хийдэг гэж цоллодог байв. Маог нас барсны дараа Зян Цин түүний улс төрийн халааг авахыг оролдсон ч бүтэлгүйтсэн юм. Түүний амьдрал тун эмгэнэлтэйгээр төгссөн. Зян Цинийг 1991 оны тавдугаар сарын 14-нд Бээжин дахь байрандаа дүүжлэгдсэн байхыг нь олсон байдаг.

Кхиеу Поннари (зурган дээр зүүн талд байна) нь улаан кхмерчуудын туйлын зүүний дэглэмийн удирдагч Пол Потын анхны эхнэр нь байв. Камбожийн улстөрчийн гэргий байсан уг эмэгтэйн талаарх мэдээлэл бараг байдаггүй. Тэр бүү хэл, Пол Потод хэдэн хүүхэд төрүүлж өгснийг мэдэх арга алга.

Сажид Тульфах (зурган дээр өвөр эгнээнд байна) нь Саддам Хусейний анхны эхнэр төдийгүй үеэл нь байв. Гэсэн хэдий ч дарангуйлагч Саддам Хусейнд хоёр хүү, гурван охин төрүүлж өгөхөд дээрх садан төрлийн холбоо нь саад болоогүй билээ.

Африкт дарангуйллын хамгийн хатуу дэглэмийг бий болгосон Угандын Ерөнхийлөгч Дада Уме Иди Аминий тав дахь эхнэр Сарагийн хувь заяа хамгийн эмгэнэлтэй нь байсан гэж хэлж болно. Энэ эмэгтэй ямаршуу айдас хүйдэс дор амьдарч ирснийг ойлгохын тулд дарангуйлагчийн өмнөх эхнэрүүдийн хувь заяаг санах хэрэгтэй. Эдгээр бүсгүйчүүдийн нэгийг нь мөчлөөд машиний тээшинд хийсэн байсан бол бас нэг бүсгүйг нь зориуд зохион байгуулсан машины ослын золиос болгосон байдаг.

 

 

http://inosmi.ru/photo/20120727/195559556.html