Гэнэтийн таатай мэдээ

Posted on Наймдугаар сар 8, 2012

0


Юрий Мильнер

-Оросын иргэн шинжлэх ухааны салбарт дэлхийн хамгийн өндөр шагналыг бий болгожээ-

ОХУ-ын бизнесмен, хөрөнгө оруулагч Юрий Мильнер физикчдэд зориулан нэгэн шинэ шагналыг бий болгосон нь Нобелийнхоос хоёр дахин их, дэлхийн шинжлэх ухааны салбар дахь хамгийн өндөр шагналд тооцогдох боллоо. Уг шагналын болзол, сонгон шалгаруулалт болон хэтийн ирээдүйн талаарх мэдээллийг хүргье.

 

Юрий Мильнер

“DST Global”, “Mail.ru Group” зэрэг компаниудын хамтран эзэмшигч, Оросын интернет ертөнцөд хамгийн их хөрөнгө оруулж буй Юрий Мильнер бий болгосон шагналаа Fundamental Physics Prize гэж нэрлэжээ. Шагналын сан нь 27 сая доллар бөгөөд есөн нэр дэвшигч тус бүрдээ гурван саяыг авлаа. “Энэ мэдээг сонсоод би бүр хөшиж орхисон” хэмээн Америкийн иргэн Алан Гут (Alan Guth) ярьсан нь аргагүй юм (http://www.nytimes.com/2012/07/31/science/9-scientists-win-yuri-milners-fundamental-physics-prize.html?_r=1). Энэ эрдэмтэн гурван сая долларыг есөн нэр дэвшигчид хувааж өгнө гэж ойлгосон учраас ганцаараа ийм их мөнгө авна гэж огт санаагүй ажээ.

Энэхүү шагналыг санаачлагч Мильнер нь цагтаа эрдмийн ажил хөөж явсан нэгэн. 1985 онд Москвагийн улсын их сургуулийн физикийн тэнхимд онолын физикчийн мэргэжлээр суралцаж дараа нь аспирантурт элсэн орсон ч 1990-ээд оны үед судалгааны ажлаас илүүтэй бизнесийг сонирхох болсон тул АНУ-ын Уортоны бизнесийн сургуульд суралцахаар оджээ. Физикчийнхээ хувиар өөрийгөө голсон гэж сүүлд ярьсан байдаг.

Юрий Мильнер нээрээ л бизнес арилжаанд авьяаслаг нэгэн гэдэг нь харагддаг. Тэрбээр Дэлхийн банкинд хоёр жил ажилласны дараагаар “Альянс-Менатеп” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв. Улмаар 2000 онд интернет төсөл боловсруулах, тэдгээрийг Оросын зах зээлд нэвтрүүлэх зорилгоор “Нетбриж Сервисиз” (netBridge) ХХК байгуулав. Чухамхүү интернетээс л энэ хүн гол хөрөнгөө олжээ. Мильнер “Фэйсбүүк”, “ВКонтакте”, “Одноклассники” зэрэг олон нийтийн сүлжээ болон онлайн тоглоом боловсруулдаг “Zynga”, өдөр бүрийн хямдралыг зарлагч “Groupon” компаниудад хөрөнгө оруулалтыг амжилттай хийсний хүчинд өдгөө “Forbes” сэтгүүлийн жагсаалтад шилдэг 100 хөрөнгө оруулагчийн тоонд багтах болов (http://www.forbes.com/lists/midas/2011/midas-list-complete-list.html).

Шинжлэх ухааны салбараас төрөн гарч судалгааны ажилтай шууд холбоогүй төслүүдээс хөрөнгө босгож чадсан бизнесменүүд дуртай мэргэжлээ орхиж чаддаггүй нь цөөнгүй. Тэглээ гээд тэд цагаан халат нөмөрдөггүй, лабораторийн ширээний ард ч зогсдоггүй. Үүний оронд тэд мэргэжил нэгт андуудаа шагнал урамшлаар тэтгэнэ. Үгүй бол эрдмийн ажлын хажуугаар мөнгө олж болох ажлын байруудыг бий болгож өгдөг. Ийм хүний тоонд Норвегийн эрдэмтэн Фред Кавлиг нэрлэж болно. Кавли физикч болонгуутаа компани байгуулж сансар огторгуйд болон машин үйлдвэрлэлд ашиглагдах датчик үйлдвэрлэн олсон ашгаасаа янз бүрийн салбарын эрдэмтдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх санг бий болгосны зэрэгцээ дэлхийн томоохон их сургуулиудын дэргэд эрдэм шинжилгээний хэд хэдэн лаборатори, хүрээлэнг байгуулсан юм. Тэгэвч дэлхий даяараа түүнийг Нобелийн шагналтай өрсөлдөхүйц Кавлийн нэрэмжит шагналыг бий болгосноор нь сайн таньдаг билээ. Номинаци тус бүртээ нэг сая долларын урамшуулалтай уг шагналын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү http://lenta.ru/articles/2012/06/02/kavliprize/.

Мильнерийн нэрэмжит шагналыг ч бас дэлхийн шинжлэх ухааны гол шагналтай зүйрлэн ярих байх. Тэрбээр саяхан шинэ нээлт хийсэн, эрдмийн ажлаа үргэжлүүлэн хийж байгаа судлаачдыг урамшуулж, туслалцаа үзүүлэх зорилгоор уг шагналаа бий болгосон гэж ярьж байсан  (http://www.guardian.co.uk/science/2012/jul/31/prize-science-yuri-milner-awards). Үүнээс гадна шагналаа гол төлөв онолын физикчдэд зориулсан учир маш залуухан эрдэмтэнд ч гурван сая доллар авах боломж тун өндөр юм. Түүнчлэн шагнал хүртэхийн тулд дэвшүүлсэн онолоо туршилтаар батлах ч шаардлагагүй гэнэ. Эрдмийн зөвлөлөөс тухайн эрдэмтний санааг сайшаах ёстой гэж үзвэл шагнал ч эзнээ олох аж.

Мильнер үндсэн шагналаас гадна нэмж хоёр шагналыг бий болгожээ. “New Horizons” гэх нэртэй, 100 мянган долларын шагналыг ирээдүйтэй залуу физикчдэд олгох аж. Хоёр дахь шагналыг нарийн мэргэжлийн салбарт ажиллаж буй эрдэмтдэд зориулсан агаад олгохдоо тодорхой хугацаанд баригдахгүй юм байна. Өөрөөр хэлбэл, тухайн эрдэмтэн туршилтынхаа талаар нийтлүүлмэгц мэргэжил нэгт нөхөд нь үр дүнг нь үнэлбэл тэр даруйд олгох ажээ. 

Сонирхуулахад, Мильнер шагналын анхны эздээ олонд алдартай ахмад эрдэмтдээр шүүлгэсэнгүй, өөрөө биечлэн сонгожээ. Ингэхдээ юуг нь чухалчилж үзсэнээ хэлэхээс татгалзсан. Эдгээр есөн хүн өмнө нь янз бүрийн шагналд нэг бус удаа нэр дэвшиж байсан байна. Л.Д.Ландаугийн нэрэмжит Онолын физикийн хүрээлэнгийн орлогч захирал, физик-математикийн ухааны доктор Михаил Фейгельман шагналын сонгон шалгаруулалтын тухайд хэлэхдээ “Китаев, Уиттен, Зайберг, Концевич нар бол томоохон эрдэмтэд. Тэр утгаараа сонголт нь муугүй болжээ” гэсэн юм. ОХУ-ын ШУА-ийн харьяа Петербургийн Цөмийн физикийн хүрээлэнгийн хэлтсийн дарга Дмитрий Дьяконов ч бас түүнтэй санал нэг байна. Тэрбээр “Нэр дэвшигчдийн заримтай нь би биечлэн уулзаж явсан. Бусдынх нь эрдмийн ажлуудыг бас мэднэ. Эдгээр есөн хүн бол үнэндээ өнөөгийн онолын болон математикийн физикийн салбарт нэрээ өндөрт дуурсгаж яваа хүмүүс. Тиймээс ирэх жил тэдний дайны хүмүүсийг олж шагнана гэдэг амаргүй ажил болох байх аа” гэсэн тайлбарыг өглөө.

Энэ жилийн шагналтнууд ирэх жилийн ялагчдыг сонгон шалгаруулна. Шүүгчдийн бүрэлдэхүүн ийн олон нийтэд ил байгаа нь бас л Нобелийн шагналаас ялгарах нэг онцлог нь болжээ. Тэр бүү хэл, дурын хүн интернет ашиглан өөрт таалагдсан физикчийнхээ нэрийг дэвшүүлэх эрхтэй. Ялагчийн тоонд хатуу хязгаарлалт байхгүй юм байна. Зөвхөн шагналыг үүсгэн байгуулагчийн өгөөмөр сэтгэл л хязгаартай байж мэднэ.

Шагнал хүртэгсэд

Энэ онд шагналыг есөн хүнд гардуулсан. Харин эдгээр хүнийг “нийлүүлсэн” гол байгууллагаар Принстоны Тэргүүлэх судалгааны хүрээлэн тодорлоо (http://www.ias.edu/). Энэ байгууллага зөвхөн тэтгэлэг, хандиваар санхүүждэг учраас ажилтнууд нь хүчээр гаднаас өгсөн захиалга, эсвэл хялбар аргаар мөнгө олох өнөө цагийн хамгийн түгээмэл чиглэлүүдэд ажиллалгүй гагцхүү сонирхдог сэдэв дээрээ төвлөрч ажиллах бололцоог олж авдаг ажээ. Мильнерийн шагналын дээжээс хүртсэн эрдэмтэд Принстоны хүрээлэнд дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн байна. Тухайлбал, Нима Аркани Хамед (Nima Arkani-Hamed) нь Иранаас, Хуан Малдасена (Juan Maldacena) Аргентинаас, Натан Зайберг (Nathan Seiberg) Израилиас Принстонд иржээ. Эдвард Уиттен (Edward Witten) л ганцаараа Америкийн иргэн юм байна.

Нима Аркани Хамед

Аркани Хамед нь үндсэн (сул, хүчтэй ба цахилгаан соронзон) хамаарлуудын таталцал хэт сул байгааг огторгуйн боломжит нэмэлт хэмжигдэхүүнүүдийн тусламжтайгаар хэрхэн тайлбарлах талаар судалдаг. Түүнчлэн супер симметрийн онолын шинэ урсгал чиглэлүүдийг болон хар материйн талаар сонирхон судалдаг ажээ.

Хуан Малдасена нь квантын хэлбэлзэл, квантын талбайн онол болон утасны онолыг судалдаг байна. Өөрөөр хэлбэл, орчин үеийн физикийн хамгийн сонирхолтой бодлого болох “бүхний тухай онол” дээр ажилладаг. Физикийн энэ онол нь дотроо квантын физикийг болон харьцангуйн ерөнхий онолыг бүхэлд нь багтаах ажээ.

Натан Зайберг ч бас утасны болон квантын талбайн онолууд дээр ажилладаг. Түүний бүтээлүүд эдгээр салбарын судалгааны ажлыг мэдэгдэхүйц урагшлуулсны зэрэгцээ хийсэн дүгнэлтийн нь ачаар физик, математикийн салбарт хэд хэдэн шинэ чиглэл үүссэн байна. Үүнээс гадна Зайберг супер симметри дэх төрөл бүрийн доголдлуудын нөлөөллийг судалдаг. Энэ салбарт түүний дэвшүүлээд байгаа зарим таамгийг нь Адронны том коллайдер хэмээх төхөөрөмж дээр туршиж үзэхээр төлөвлөөд байгаа аж.

Принстоны Тэргүүлэх судалгааны хүрээлэнгээс шалгарсан дөрөв дэх хүн Эдвард Уиттен нь физикч бус математикч нэгэн юм. Тэрбээр утасны болон квантын талбайн онолын дагуу математикийн аппарат бүтээхээр зорьж байгаа. Уиттений судалгааны ажлуудын ачаар физикчид эдгээр онол болон бага хэмжээст топологийн боломжуудын талаар илүү өргөн төсөөлөлтэй болсон гэлцдэг.

Мильнерийн нэрэмжит шагналыг хүртсэн бас нэг математикч нь орос гаралтай Францын иргэн

Максим Концевич

Максим Концевич юм. “Математикчдын Нобель” гэж нэрлэдэг Филдсийн нэрэмжит шагналаас авахуулаад олон төрлийн шагналын эзэн болсон Концевич физикийн онолуудын яг таг тодорхойлолтуудыг боловсруулдаг нэгэн. Утасны онолоор тэргүүлэгч мэргэжилтнүүдийн нэг болох хатагтай Брайан Грин чухамхүү Концевич л олон жилийн турш мухардалд ороод байсан утасны онолыг байрнаас нь хөдөлгөсөн гэж нэгэнтээ тодорхойлсон байдаг. Үүнээс гадна энэхүү математикч Пауссоны олон хэлбэрийг дахин хэлбэржүүлэх квантчилал болон гомологийн толин симметрийн тал дээр явуулсан судалгааны ажлуудаараа алдартай нэгэн билээ.

Дараагийн шагналтан болох Америкийн иргэн Алан Гут (Alan Guth), ОХУ-ын иргэн Андрей Линде нар орчин үеийн орчлон судлалын ноёлох санаа болох инфляцийн таамаглалыг (тэлэлтийн онол) боловсруулах ажлуудаараа алдаршсан хүмүүс юм. Тэд Их тэсрэлтийн дараахан орчлон ертөнц хурдацтайгаар өргөжин тэлсний зэрэгцээ квантын осцилляци гэх зүйлс оршиж байгаад яваандаа сансар огторгуй, од, гариг эрхэс үүсэн бий болох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үздэг. 1970-аад онд Гутын анхлан санаачилсан инфляцийн таамаглалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү http://lenta.ru/articles/2011/05/30/universe/.

Энэтхэгийн иргэн Ашок Сен (Ashoke Sen) нь утасны онолыг боловсронгуй болгох тал дээр ажиллаж байгаа нэгэн. Түүний явуулсан судалгааны ачаар физикчид уг онолын олон янзын хувилбар нь угтаа нэгэн ижил загварын хязгаарлагдмал үзэгдлүүдийг илэрхийлж буйг нотолсон байдаг.

Шагналын ес дэх эзэн нь Оросын иргэн Алексей Китаев байлаа. Тэрбээр Калифорнийн технологийн хүрээлэнд ажилладаг. Китаев квантын компьютер хөгжүүлэх салбарт, тэр дундаа квантын топологи компьютерийг бүтээх зарчмуудын талаар хийсэн судалгааны ажлуудаараа Мильнерийн шагналыг хүртжээ.

Шагналын хэтийн ирээдүй

Мэдээж хэрэг, шагналын хэтийн ирээдүйн талаар өнөөдөр ярихад эрт байна. Мильнер гарамгай хэдэн эрдэмтнийг маш их хэмжээний мөнгөн шагналаар шагнаж томоохон ажлын эхлэлийг тавилаа. Гэсэн хэдий ч энэ шагналын тухай зарим асуултад хариулт алга. Шагналын эздийг тодруулах зарчимд Дмитрий Дьяконов сэтгэл дундуур байна. Учир нь “Уиттен, Зайберг, Малдасена, Концевич нарын судалгааны ажлын үр дүнг үеийн үед хүртэх боломжтой бол үлдсэн хүмүүсийн нь ажлууд сонирхолтой хэдий ч зарчмын хувьд бодит байдалд нийцэхгүй гэсэн утгаар хэсэг хугацааны дараа мартагдах эрсдэлтэй. Тэр утгаараа Нобелийн шагналыг гарцаагүй нээлтүүдэд олгодог бол Мильнерийн шагналыг батлахын аргагүй мөрөөдөлд олгодог гэж хэлж болох нь. Юутай ч, физикийн салбарынхан энэхүү шагналын талаар тодорхой ойлголт авч чадахгүй байна” гэж тайлбарлалаа.

Тэгвэл Михаил Фейгельман, Мильнерийн эхлүүлсэн ажил яваандаа ямар ч байсан үр дүнгээ өгнө гэж үзэж байна. Тэрбээр “Юрий Мильнерийн хувьд ч, физикийн салбарынхны хувьд ч энэ санаачилга хүчтэй сурталчилгаа болж өглөө. Асар их мөнгө эргэлдэж байгаа салбарыг л олон түмэн чухалд тооцдог шүү дээ” хэмээлээ. Гэхдээ энэ их мөнгийг шинжлэх ухааны хөгжилд зориулсан бол илүү өгөөжтэй ажил болох байсан гэдэгт дээрх хоёр эрдэмтэн хоёулаа санал нийлж байгаа юм.

Мэдээж хэрэг, шагнал урамшуулал бол судалгааны ажлуудад маш их түлхэц болж өгдөг хэдий ч шинжлэх ухааны аливаа салбарт хөрөнгө оруулахдаа ивээн тэтгэгч нар нэр төр горилолгүй “нүдэнд үзэгдэж, гарт баригдах” бага хэмжээний ч болтугай зүйлсийг бүтээн байгуулж байх нь зүйтэй. Тиймээс “Би өнөөгийн шагналтнуудтай эн зэрэгцэж чадах ажилтнуудыг бэлтгэх өчүүхэн жижиг хүрээлэн байгуулахад туслаач гэж Мильнерээс жил хагасын өмнө гуйсан. Уг хүрээлэн түүний шагналаас 100 дахин бага өртгөөр босох боломжтой байсан ч тэр надад огт хариу өгөөгүй” гэж Дьяконов гомдоллож байгааг буруутгах арга алга.

 

http://lenta.ru/articles/2012/08/01/prize/