Нууц баримтууд хаачив?

Posted on Наймдугаар сар 8, 2012

0


picture

-АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ) Мэрилин Монрог мөрдсөн талаарх баримтуудаа гээжээ-

АНУ-ын ХМТ-оос Мэрилин Монрог амьсгал хураах өдрийг нь хүртэл долоон жилийн турш мөрдсөн байдаг. Мөрдлөгийн талаарх тайлан мэдээг өмнө нь нийтэлж байсангүй. Хэнд, юунд ашигтай гэж ингэтэл нууцлах шаардлагатай байгаагаа ч ХМТ тайлбарлаж чаддаггүй. Харин тайлагдашгүй оньсогоор дүүрэн амьдралыг туулсан энэ жүжигчнийг нас бараад 50 жил болсонтой холбогдуулан сэтгүүлчид дээрх мөрдлөгийн талаар эргэн санаж түүний учир битүүлэг үхлийн талаар бага ч атугай сэжүүр олох үүднээс тусгай албадаас нууц баримтуудыг нэхсэн байна. Гэвч сэтгүүлчид олж авч чадсангүй. Учир нь ХМТ-ны ажилтнууд тэдгээрийг гээсэн ажээ.

 

Мэрилин Монро 1962 оны наймдугаар сарын 5-нд нойрны эмийн журмаар хэрэглэж байсан тайвшруулах эмийн тунг хэтрүүлснээс амиа алдсан гэдэг билээ. Гэвч өнөөг хүртэл Монро үнэхээр амиа хорлосон уу эсвэл түүнийг егүүтгэв үү гэдэг нь тодорхой бус хэвээр байна. Тиймээс нас бараад 50 жил болсонтой холбогдуулан мэдээллийн “The Associated Press” агентлагийн сэтгүүлчид Монрог мөрдөн мөшгиж байсан талаарх баримтуудыг ХМТ-оос нэхжээ. Тус агентлаг уг нэхэмжлэлээ 1966 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Мэдээллийн эрх чөлөөний тухай тунхаг (The Freedom of Information Act)-ийг үндэслэл болгосон байна.

Тусгай албад бараг есөн сарын турш ямар ч хариу өгөлгүй удаав. Энэ хугацаанд сэтгүүлчид хэд хэдэн удаа асуулга тавьж, нэг удаа бүр гомдол гаргаж ч үзжээ. Ингэсний эцэст ХМТ сая нэг ам нээв. Тэд дээрх мөрдлөгийн талаарх тайланг өгөх дургүйдээ бус хаана байгааг нь мэдэхгүй байсан учраас хариу өгөөгүй удсан гэж үнэнээ өчжээ. Өөрөөр хэлбэл, ХМТ-ны архивт эдгээр нууц баримт байхгүй байгаа аж.

Нууц баримтууд хадгалагдаж болох дараагийн байгууллага нь Үндэсний архивын газар (NARA). Энэ байгууллагад төрийн хамгийн чухал баримтуудын эх хувийг шилжүүлэн өгдөг юм. Гэтэл эднийд ч бас ийм баримт байхгүй гэж мэдэгджээ.

Гэтэл ХМТ-ныхон дээрх материалуудаа хураалгасан гэж зүтгээд байгаа. Харин хэзээ хураалгасныг нь мэдэхийн тулд сэтгүүлчид Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг үндэслэн дахин нэг хүсэлтийг илгээжээ. Өнөөдрийн байдлаар, ХМТ уг хүсэлттэй нь танилцаж байгаа юм байна.

Уг нь Мэрилин Монрог мөрдөн мөшгисөн талаарх 100 орчим хуудастай тайланг ХМТ өөрийн “The Vault” цахим архивтаа нийтэлсэн (http://vault.fbi.gov/Marilyn%20Monroe/). Гэхдээ олонх хуудаст нь их хэмжээний засвар оруулсан байгаа. Хэсэг газар бус бүтэн хуудас материалыг ч баллаж сохолсон нь бий. “The Associated Press” агентлаг өмнө нь ч гэсэн ХМТ-г хууль эрх зүйн үндэслэлгүйгээр архивын баримтуудыг засварлаж байгаа талаар нэг бус удаа гомдоллож байсан. ХМТ-ныхон хариуд нь засварлаагүй баримтуудыг олон нийтэд дэлгэснээр ямар хор учирч болох талаар тодорхой тайлбар хэлж чаддаггүй учраас баримтуудыг эх хувилбараар нь нийтлэх нь зүйд нийцнэ.

АНУ-ын ХМТ анх 1955 онд Мэрилин Монрог мөшгиж эхэлжээ. Тэд алдартай, нөлөө бүхий энэ одыг коммунистуудын талд орно гэдгээс эмээж байсан аж. Тиймээс тусгай албаныхан жүжигчнийг хаагуур аялж, хэнтэй танилцаж байгааг мөрдөн хянадаг байв. Монрог нас барахаас хэдхэн сарын өмнө тэрхүү мөрдлөгийг явуулж байсан нууц ажилтнуудын тайлан гарсан гэдэг. Чухамхүү тэр тайланд л өнөөг хүртэл бидний мэдэхгүй байгаа зүйлс багтсан байх учиртай. Магадгүй түүнийг Америкийн Засгийн газрын захиалгаар цааш харуулсан байж мэднэ. Америкийн зохиолч Норман Мейлер ийм таамгийг Монрогийн тухай номондоо дэвшүүлсэн байдаг. Дээрх тайланд үүнийг нотлох баримт агуулагдаж байж болох юм.

1962 оны наймдугаар сарын 5-нд Мэрилин Монрогийн гэрийн үүдэнд цугларсан цагдаагийн ажилтан, сэтгүүлч нар

Америкийн эрх баригчид Монрогийн үхлийн шалтгааныг олох зорилгоор хоёр удаа мөрдлөг явуулж байсан. Эхний мөрдлөгийг нас бармагц нь, нөгөөг нь 1982 онд Лос-Анжелесийн Прокурорын газраас явуулж байв. Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн Томас Ногучи эмч 1983 онд өөрийн дурсамж номондоо Монрогийн үхлийн шалтгааныг хэн ч, хэзээ ч мэдэж чадахгүй л болов уу гэж өгүүлсэн байдаг. Түүний бодлоор, ХМТ-нд хадгалагдаж буй баримтууд болон талийгаачийн найз нөхдийн нь мэдүүлэг үхлийн шалтгааныг олоход тус болох ажээ. Гэвч эдгээр баримтын аль алиныг нь хэзээ ч олон нийтэд дэлгэн харуулж байгаагүй билээ.

Эцэст нь ХМТ баримтуудыг гээсэн гэх хариуцлагагүй мэдэгдэл олон янзын таамаг дэгдээх таатай боломжийг олголоо. Зарим нэг нь алга болсон гээд байгаа нууц баримт дотор Монрог эрх баригчдын захиалгаар цааш харуулсаныг нотлох баримт бий гэж үзэж байна. Учир нь Монрог ах дүү Кеннеди буюу Ерөнхийлөгч Жон, Хууль зүйн сайд Роберт нартай хоёулантай нь дотно харьцаатай байсан гэсэн дам яриа байдаг. Жүжигчин бүсгүй анхандаа Ерөнхийлөгч Жон Кеннедиг эхнэрээс нь салгаж түүнтэй гэрлэн АНУ-ын тэргүүн хатагтай болно гэж тооцоолж байсан. Гэвч түүний мөрөөдөл нь Жон Кеннедийн санаатай эрс зөрчилдөж байсан учраас түүнийг элдэв юм чалчихаас нь урьтаж цааш харуулсан гэсэн таамгийг дэвшүүлээд байна.

Мэрилин Монро болон ах дүү Кеннеди. Бидний үеийг хүрсэн цорын ганц зураг

Монро ах дүү Кеннедитэй хайр дурлалын холбоотой байсан талаар ам дамжсан ярианаас цааш хэтэрч байсангүй. Цагаан ордныхон ч уг цуурхалыг нотолж чадах аливаа баримтыг гадагш гаргадаггүй байв. Тухайлбал, Кеннедиг Монротой байх үед нь зураг дарахыг хатуу хориглодог байжээ. Цагаан ордны албан ёсны зурагчинд ч энэ хориг үйлчилдэг байсан. Уг нь Цагаан ордны зурагчин 1962 оны тавдугаар сарын 19-ний өдөр буюу Ерөнхийлөгч Кеннедийн төрсөн өдрөөр Монрог ах дүү Кеннедитэй хамт байхад нь хэдэн зураг дарсан юмсанж. Гэвч ХМТ-ны ажилтнууд энэхүү арга хэмжээний үеэр авсан бүх гэрэл зураг, хальсыг нь хураагаад авчихсан гэдэг. Азаар хатаах шүүгээг шалгаагүй тул тэнд хоцорсон цорын ганц зураг өнөөдөр бидний үеийг хүрч чаджээ.

Монрог амиа хорлох үйлдэлд хүргэх санаатай ажиллагааг явуулж байсныг нотлох баримтуудыг 2007 онд ХМТ дэлгэсэн гэх яриа дэгдэж байсан. Эдгээр баримтад сэтгэл зүйч эмч болон Монрогийн дотны анд, жүжигчин Питер Лоуфорд нар түүнийг амиа хорлох бодолд хөтөлсөн, улмаар жүжигчин бүсгүйн хэвлэлийн төлөөлөгч болон гэрийн үйлчлэгч, Роберт Кеннеди нар энэ тухай мэдэж байснаар барахгүй эмч, найз хоёрт нь тусалдаг байсныг илчилсэн байсан гэх. Тодруулбал, Монрогийн дотно нөхөд гэгдэж явсан эдгээр хүн түүнийг ятгаж амиа хорлох үйлдлийг давтан гаргавал нэр хүнд нь өсч, олон нийт ч түүнд талтай болно гэж сэнхрүүлсэн юм байх. Тэр бүү хэл, амиа хорлосон даруйд нь Монрог сэхээх арга хэмжээ авч ходоодыг нь цэвэрлэж өгөхөө түүнд амласан хэдий ч үнэн хэрэгтээ тэд нүд анихад нь тусалсан бололтой. Тухайн үед Монрог Ерөнхийлөгч Кеннедитэй дотно холбоотой гэдгээ илчилнэ гэж эмээсэндээ ах дүү Кеннеди уг санаачилгыг гаргасан гэсэн таамаг яригдаж байсан юм.

Монро амиа хорлох шийдвэрийг өөрөө гаргасан гэх таамаглал бас бий. 1962 оны наймдугаар сарын 5-нд шилжих шөнө түүний гэрт Роберт Кеннеди ирж ах нь эхнэрээсээ салах бодолгүй байгаагаар барахгүй түүнээс бүх харилцаагаа таслахыг хүсч байгаа тухай ярьсан гэх. Улмаар энэ мэдээ Монрогийн сэтгэлийг ихэд хямраасан тул амиа хорлох шийдвэрт хүргэсэн байж болзошгүй гэж зарим хүн таамагладаг. Монрогийн сэтгэл санаа тогтворгүй байсан, өмнө нь ч амиа хорлохыг оролдож байсан зэрэг нөхцлүүдийг тооцон үзвэл дээрх таамаглал үндэслэлтэй байж болох юм.

Гэхдээ энэ таамаглалд хоорондоо авцалдаагүй зүйлс олон бий. Тухайлбал, задлан шинжилгээгээр талийгаачийн ходоодонд эмийн үлдэгдэл огт илрээгүй гэдэг. Тэгэхээр эм уугаагүй болж таарна. Хэрэв ходоодонд орсон эм шимэгдэж амжсан гэвэл Монро мэдээлж байсан хугацаанаас өмнө нас барсан болж таарах нь. Энэ бүхнийг олж мэдэхийн тулд талийгаачийн дотор эрхтнүүдэд шинжилгээ хийгээгүй нь сэжиг төрүүлж байна. Түүнчлэн зарим баримтад Монрог гэдэргээ харсан байрлалтайгаар нас барсан гэж дурдсан байдаг. Гэтэл Монрог олох үед түрүүлгээ харан хэвтсэн байжээ.

Монрог эмчийн буруугаас болж нас барсан гэх сонгодог хувилбар ч бас яригддаг. Тухайлбал, нембутал гэх эмийн араас хлоралгидратыг уусан бол тайвшруулах бодисын тунг санамсаргүйгээр хэтрүүлсэн байх магадлалтай. Тухайн үед Монрог үзэж байсан эмч нар нэгнийхээ бичиж өгсөн жорыг мэдээгүйн улмаас хамтад нь хэрэглэж болдоггүй уг хоёр эмийг дор бүрнээ бичиж өгсөн байдаг.

Монрогийн учир битүүлэг үхлийн талаар ийм олон таамаглал тэнүүчилдэг учраас ХМТ-ны нууц баримтууд л тэднийг няцааж, хэргийн зангилааг тайлахад туслах учиртай юм. Гэтэл Америкийн тусгай албад энэ баримтуудыг гээчихсэн гэдэгт итгэхэд бэрх байгаа хэдий ч гээснийг нь батлана гэдэг бүр ч боломжгүй боллоо.

 

 

http://lenta.ru/articles/2012/08/04/monroe/