Үхэл ч тэднийг салгаж чадахгүй

Posted on Наймдугаар сар 15, 2012

0


picture

-“Google” корпораци нас барсан ажилтныхаа ар гэрт тэтгэлэг олгодог болжээ-

Аливаа компанийн үндсэн хөрөнгөд ажилчдыг нь багтаан үздэг явдал зүй ёсны хэрэг билээ. Тийм учраас удирдлагууд нь ажилчиддаа зориулан олон төрлийн тэтгэлэг, урамшуулал бий болгодогт гайхах юм алга. Гэтэл саяхнаас эхэлж зарим корпорацид “нас барсан хойноо” ажиллах нь илүү ч ашигтай байж мэдэхээр болсон байна.

Дан эерэг тал

Дэлхийн хамгийн алдартайд тооцогддог “Google” корпораци өөрийн зохиосон “perks”-ээрээ бас маш алдартай (англ. perquisite-компанийн удирдлагуудаас ажилтнууддаа олгодог нэмэлт урамшуулал). 1998 онд Стэнфордын их сургуулийн оюутан Сергей Брин, Ларри Пейж нарын үүсгэн байгуулсан уг компани эдгээр урамшууллынхаа ачаар “Fortune” сэтгүүлээс гаргадаг АНУ-ын шилдэг ажил олгогч байгууллагын жагсаалтад нэг бус удаа эхний аравт орж байв.

2007 болон 2008 онд “Google” дээрх жагсаалтыг бүр тэргүүлсэн, харин санхүүгийн хямралын үед доош “гулсан” дөрөвдүгээрт бичигдэж байсан бол 2012 онд эргээд тэргүүлэх боллоо. Тэр бүү хэл, энэ онд тус компанийг “урамшууллын хаан” гэж нэрлэх болсон юм (http://money.cnn.com/galleries/2012/technology/1201/gallery.best-companies-google-perks.fortune/index.html).

Тухайлбал, өнгөрөгч зун “Google” корпораци ажилтнууддаа зориулж цэвэр агаарт биеийн тамирийн аварга том цогцолборыг байгуулж өгсөн. Энэхүү цогцолбор хөл бөмбөг, сагсан бөмбөг болон хоккейн талбайгаас гадна теннисний хоёр талбайтай. Гүүглчүүд бас боулинг тоглож, бүжиг бүжих талбайтай ажээ. Түүнчлэн тэд хоолоо үнэгүй иддэг. Калифорнийн Маунтин-Вью гудамжинд байрладаг “Google” компанийн төв байранд сүүлийн жилүүдэд кафе, рестораны тоо 11-ээс 25 болтлоо олширсон байна.

Ажилтнууд нь мөн Андроид үйлдлийн системтэй ухаалаг гар утсуудыг бэлгэнд авч (баяр бүрээр биш л дээ), үсээ үнэгүй засуулахын зэрэгцээ ажлын байран дээрээ эмч дуудан үзүүлэх эрхтэй. Саяхан хүүхэдтэй болсон ажилтнууд нь гэхэд л хуулиар олгогдсон хүүхэд асрах үндсэн хугацаан дээрээ нэмж амралт эдлэх эрхтэй аж. Өөрөөр хэлбэл, залуу ээж нар 4.5 сарыг, аав нар 3 сарыг хуулиар олгогдсон хугацаан дээр нэмж эдлэх боломжтой. Үүнээс гадна “Google”-ын ажилтнууд ажлаа зогсоо хийх үү эсвэл сууж хийх үү гэдгээ сонгох эрхтэй аж (зогсож ажиллах нь эрүүл мэндэд арай бага хор учруулдаг гэж үзэх хандлага бий). Тэр бүү хэл, ажлын байран дээрээ гоо сайханч дуудан хөмсгөө засуулах эрх гүүглчүүдэд бий (http://money.cnn.com/galleries/2012/pf/jobs/1201/gallery.best-companies-unusual-perks.fortune/12.html).

Тэгвэл энэ сарын эхээр “Google”-ын хүний нөөцийн асуудлыг хариуцсан захирал Ласло Бокийн (Laszlo Bock) “Forbes” сэтгүүлд өгсөн ярилцлагаас олон нийт анх удаа тус корпорацийг аль нэг ажилтнаа нас барахад ар гэрийнхэнд нь тэтгэлэг өгөхөөр болсныг мэдэж авсан юм (http://www.forbes.com/sites/meghancasserly/2012/08/08/heres-what-happens-to-google-employees-when-they-die/). Энэхүү тэтгэлгийг өнгөрсөн жилээс нэвтрүүлж эхэлсэн гэх боловч өнөөдрийг хүртэл энэ талаар хаана ч мэдээлж байгаагүй билээ.

Мэдээллийг тодруулбал, “Google”-ын аль нэг ажилтан нь нас барвал тус компани эхнэр юм уу нөхөрт нь талийгаачийн цалингийн тал хувийг арван жилийн турш (!) олгох ажээ. Түүнчлэн тэд талийгаачийн нэр дээр байсан “Google”-ын хувьцааг өвлөн авах эрхтэй. Үүнээс гадна талийгаачийн хүүхэд бүрт сар тутам 1000 доллар төлөх аж. Тэдгээр хүүхэд 19 нас хүрмэгц энэхүү төлбөрийг дуусгавар болгоно. Хэрэв хүүхэд нь их, дээд сургуулийн өдрийн ангид элссэн бол дээрх тэтгэлгийг 23 нас хүртлээ авах юм байна.

Ар гэрийнхэн нь тэтгэлгийг хүртэхэд талийгаачийн тус компанид ажилласан жил огт нөлөөлөхгүй хэмээн Бок нэмж хэлсэн юм. “Google” компани 34 мянган ажилтантай. Хэдхэн сар ажиллаж буй нэгэнд золгүй явдал тохиолдвол ар гэр нь дээрх тэтгэлгээс бүрэн хэмжээгээр хүртэх эрхтэй гэнэ. Өнөөдрийн байдлаар, тус компанийн хамгийн ахмад ажилтан нь 83 настай ажээ. Бокийн тодруулж хэлснээр, “Google” энэхүү тэтгэлгээс өөртөө ямар ч ашиг унагахгүй. Төрөл төрөгсдөө алдсан гэр бүл талийгаачийн араас харамсан гашууддаг тул тэдэнд туслах шаардлагатай гэсэн ажилтнуудынхаа санаачилгад үндэслэн уг тэтгэлгийг олгохоор болжээ.

Ер бусын урамшууллууд

Одоогоор ажилтнууддаа өгдөг тэтгэлэг, урамшууллаараа “Google” бусад компаниа манлайлж байна. Гэхдээ тэд ч бас мөчөөгөө өгөлгүй чадах ядахаараа ажилтнуудаа урамшуулсаар байна.

Биеийн тамирын цогцолбор, иллэг барианы газар барьж байгуулах гэх зэрэг нийтлэг санаачлагуудын зэрэгцээ зарим пүүс компани ажлын байрны ойролцоох талбайд экологийн цэвэр ногоо, жимс тариалахыг зөвшөөрдөг болжээ. Ийм байгууллагын тоонд Өмнөд Охайо мужийн эрүүл мэндийн төвийг нэрлэж болно. Энэ байгуллагын вэбсайтад тусгай буланг бий болгож ажилтнууд нь гүзээлзгэнэ, цэцэгт байцаа тарих жороо хуваалцдаг болсон байна (http://money.cnn.com/galleries/2012/pf/jobs/1201/gallery.best-companies-unusual-perks.fortune/5.html).

Тэгвэл “PricewaterhouseCoopers” компанийнхан бага насны хүүхэдтэй ажилладаг эсвэл эх болох гэж байгаа эмэгтэйчүүдэд зориулан тусгай хөтөлбөр боловсруулжээ (http://money.cnn.com/galleries/2012/pf/jobs/1201/gallery.best-companies-unusual-perks.fortune/6.html). Харин “Four Seasons” зочид буудлын сүлжээ компанийн ажилтнууд компанид харьяалагддаг дурын буудалдаа (хамгийн үнэтэйд нь ч хамаагүй) үнэгүй байрлаж, 50 хувийн хөнгөлөлттэйгээр хооллох эрхтэй юм байна. Ингэхдээ ажилласан жилээс нь хамааран буудалд үнэгүй байрлах хоногийг тооцдог байна. Тухайлбал, “Four Seasons”-д 10 жил ажилласан хүмүүс дурын зочид буудалд 20 шөнийг үнэ төлбөргүй өнгөрөөх эрхтэй аж.

Домэн нэрийг бүртгэгч “GoDaddy” компани ажилтнуудынхаа хамт олонч, эвсэг уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор хийлдэг завиар аялуулах, хоол хийх тэмцээнд өрсөлдүүлдэгээс гадна бүр алт угаахыг санал болгодог ажээ (http://money.cnn.com/galleries/2012/pf/jobs/1201/gallery.best-companies-unusual-perks.fortune/10.html). Алт угаах санаачилгыг тус компанийн ажилтнууд хэрхэн хүлээж авдаг талаар дурдаагүй нь тоогүй.

Харин “National Media Brands” компанийн удирдлага хамт олноо нягтруулах ер бусын арга бодож олжээ. Тухайлбал, өнгөрөгч оны үр дүнг үндэслэн NMB компанийг үүсгэн байгуулагч нь ажилтнууддаа бэлэн мөнгө, iPhone авах эсвэл шүхрээр буух урамшууллыг санал болгожээ (http://www.siliconprairienews.com/2012/08/wednesday-whimsy-bonus-check-nah-i-ll-just-jump-from-a-plane). Харамсалтай нь, “тэнгэрээс буух” урамшууллыг хэдэн хүн хүртсэн талаар мэдээлээгүй байгаа ч энэхүү өвөрмөц урамшууллын талаар дурдахгүй өнгөрч боломгүй.

Ажилтнуудаа урамшуулах ер бусын аргуудыг Хятадын компаниуд ч бас санаачилдаг (http://english.cri.cn/6909/2012/07/24/3124s713341.htm). Тухайлбал, зарим компани эхнэр (нөхөр) эсвэл хайртай бүсгүй (залуу)-ээсээ салсан ажилтнууддаа гурав хоногийн чөлөөг өгдөг аж. Харин Хятадын хамгийн том онлайн дэлгүүр болох “Alibaba” мэтийн томоохон IT компаниуд ажилтнуудынхаа дунд үерхэл, хайр сэтгэлийн холбоо үүсгэхийг дэмждэг гэнэ. Тэр бүү хэл, “Alibaba”-г үүсгэн байгуулсан эзэн нь хамт олон дотроос гэрлэсэн хосуудыг жил бүр хүлээн авдаг уламжлалтай ажээ.

http://lenta.ru/articles/2012/08/10/perks/