Аравдугаар сарын бэлэг

Posted on September 6, 2012

0


Израилийн нисэх хүчний бүрэлдэхүүнд багтдаг “F-15” байлдааны онгоц

Израилийн нисэх хүчний бүрэлдэхүүнд багтдаг “F-15” байлдааны онгоц

-АНУ Израилийг Иранд дайн зарлахгүй байхыг ятгаж байна-

Намар болсоор АНУ-Иран-Израиль гэсэн гурван талт харилцаа эргээд эрс ширүүслээ. Учир нь Тегераны удирдлага Фордо дахь газар доорх цөмийн байгууламжийнхаа баяжуулах хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн байгаа хэмээн Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг мэдээлжээ. Үүнээс болж Иранд дайн дэгдээх зайлшгүй шаардлага тулгарч байгаа талаар энхийг дэмжигсэд хүртэл ярих боллоо. Иймээс АНУ арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулиас нь өмнө агаарын цохилт үзүүлэхгүй байхыг Иерусалимд анхааруулсан бололтой.

 

Израилийн Ерөнхийлөгч, Нобелийн Энхтайвны шагналтан, хэлэлцээ хийж харилцан зөвшилцөх талыг баримтлагч гэдгээрээ алдаршсан Шимон Перес энэ сарын 5-нд хийсэн мэдэгдэлдээ “Иранд байлдааны бус дарамт үзүүлэх үе удахгүй төгсөх тийшээ хандах нь” гэлээ. Олон ажиглагч энэхүү мэдэгдэлд цочирдсон. Учир нь Перес өмнө нь Тегераны цөмийн байгууламжуудад байлдааны цохилт өгөхийг эсэргүүцдэг хүмүүсийн талд ил тод дуугардаг байсан юм.

Израильд Ерөнхийлөгч нь бодит эрх мэдэлгүй байдаг (тус орныг Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн

Батлан хамгаалахын сургалтын явц. Израилийн Кирьят-Гат хот

газар удирддаг) ч гэлээ түүний санаа бодол их жинтэй тусдаг. Тодруулбал, тус улсын зүүн либерал үзэлтэй сэхээтний давхарга Пересийн үгийг дагадаг. Тэд Ерөнхий сайд Биньямин Нетаниягуг болон түүний дайнч бодлогыг эсэргүүцдэг хүмүүс. Мөн энэ сэхээтнүүд шашнаас ангид амьдардаг израильчуудын олонхид нь нөлөөлж чаддаг юм. Тийм учраас Ерөнхийлөгч нь “энхийн цагаан тагтаа”-аас “харцага” болж хувирснаас өгсүүлээд батлан хамгаалахын сургалтууд ойр ойрхон явагдах болсон зэрэг нөхцөл байдлаас Израилийн сэхээтнүүд байдал бишдсэнийг ойлгож эхэллээ.

Пересийн амьдрал сайжирсан учраас түүний байр суурь өөрчлөгдөхөд хүрсэн юм биш. Энэхүү жинтэй мэдэгдлийг гаргахаас хэд хоногийн өмнө Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг улирлын тайлангаа толилуулсан. Үүнд Ираны цөмийн хөтөлбөр зогсох нь бүү хэл, үйлдвэрлэл нь хурдацтайгаар хөгжсөөр байгаа гэх Израильд үл таалагдах баримтыг цөмийн шинжээчид нийтэлсэн байв (http://www.nytimes.com/interactive/2012/09/02/world/middleeast/growth-of-irans-nuclear-program.html?ref=middleeast). Энэ оны тавдугаар сараас наймдугаар сар хүртлэх хугацаанд Фордо дахь газар доорх цөмийн байгууламжийн ураан баяжуулдаг центрифугийн тоо 1064-өөс 2140 болж хоёр дахин нэмэгдсэн байна.

Израилийн эрх баригчдад дээрх мэдээ олон талаараа мууд тооцогдоно. Иранчууд цөмийн түүхий эдийг боловсруулах хүчин чадлаа нэмээд зогссонгүй, түүнийгээ газар доорх байгууламжид баяжуулж байгаа нь дэндүү муу мэдээ. Дайтлаа гэхэд тэрхүү байгууламжид хүрэх амаргүй байх болно.

Чингэтэл жижиг боловч бардам Израилиас дайн эхлүүлэхэд бэлэн хэмээн бөмбөрийн дуу хадааж эхэлсэнд Барак Обамагийн засаг захиргаа түргэн авч барууны хэвлэлүүдийн нэршлээр бол “тогтоон барих” зайлшгүй арга хэмжээ авч эхлэв. Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга буюу АНУ-ын Ерөнхий штабын тэргүүн Мартин Демпси Лондонд айлчлах үеэрээ Израилийн зүгээс Иран руу довтлох ажиллагаанд Америк оролцохыг хүсэхгүй байгаа гэж мэдэгдлээ. Хэрвээ Израиль дайн эхлүүлэх асуудлыг дурмэдэж шийдвэл “Иранд дарамт үзүүлэх, хүлээлгэх хариуцлагыг нь чангатгахад чухал нөлөө үзүүлдэг олон улсын эвслийг задрахад” хүргэнэ гэж тайлбарлалаа.

Энэ дипломат мэдэгдлийг энгийн хэлнээ орчуулбаас “Хэрэв та нар дайн эхлүүлбэл хохь нь болно шүү. АНУ болон бусад орны харьцаа муудах вий” гэсэн үг. “Демпсийн мэдэгдэл зарим нэг нөхцөл байдлыг өөрчиллөө. Иранд агаарын цохилт үзүүлэх явдлыг АНУ сайшаахгүй ч маргааш өдөр нь хүлээн зөвшөөрч л таарна гэж Нетаниягу бодож байсан. Харин одоо энэ бодлоо дахин эргэцүүлж үзэх байх” гэж Израилийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн асан Гиора Эйланд ярьжээ.

Вашингтон “заналхийлэл”-ээ баттай болгохын тулд дотоодынхыгоо алгасан шууд Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Цагаан ордноос Ираны удирдлагад албан бус мэдэгдлийг илгээсэн талаарх мэдээллийг цацуулав. “Едиот Ахронот” сонинд бичсэнээр, америкчууд Тегераныг хүлцэнгүй байж, тус “бүс нутаг дахь Америкийн сонирхлыг довтлоод байхгүй” бол хоёр орны хооронд үүсээд буй нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ Иранд ойлгуулсан гэх. Тэрхүү “сонирхол”-д багтах зүйлсийн жагсаалт ч байна. Үүнд цэргийн бааз, хөлөг онгоц, нисэх онгоц, элчин сайдын байрууд гэх зэрэг багтжээ. Томъёоллынхоо хувьд энэ жагсаалтад мөн Ормузын хоолойгоор хөлөг онгоц чөлөөтэй зорчих эрх багтах учиртай (http://www.guardian.co.uk/world/interactive/2012/mar/01/strait-of-hormuz-iran-gulf-interactive). Яагаад гэвэл, дэлхийд олборлож буй газрын тосны ¼ нь үүгээр дамжин дэлхийн зах зээлд нэвтэрдэг юм.

Америкчууд ийм утгатай мэдэгдлийг үнэхээр илгээсэн үү, үгүй юу гэдэг нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь АНУ-ын зүгээс арваннэгдүгээр сарын 6-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Иерусалим ямар нэгэн гэнэтийн “бэлэг” барих учиргүй шүү гэдгээ ойлгуулсан нь чухал. Барак Обамад өнөөдөр амаргүй байна. Өрсөлдөгч Митт Ромни нь нэр хүндээрээ Обамаг байсгээд л гүйцэд түрүүлээд байгаа (http://lenta.ru/news/2012/09/03/ipsos/). Ядаж байхад Чак Норрис хүртэл түүний эсрэг үг хэлчихсэн (http://lenta.ru/news/2012/09/04/endofobama/). Ийм үед Обамад эдийн засгийн хямрал, дайн зэрэг нь ёстой илүү.

Харин Нетаниягу бодлоосоо ухрах аргагүйд хүрсэн хэдий ч дайны талаарх мэдэгдлүүдээ хийсээр л байна. Энэ сарын 2-нд болсон Сайд нарын зөвлөлийн хурал дээр Нетаниягу үг хэлэхдээ дэлхийн улс орнуудын эвсэл (мэдээж хэрэг, америкчуудыг л хэлж байгаа нь тодорхой) Иранд тодорхой хязгаар тавих ёстой хэмээв. Тэрхүү хязгаарыг давбал Ираныг дайн угтах болно гэдгийг ойлгуулах ёстой аж. “Асуудалд шийдэмгий хандаж, тэрхүү хязгаарыг хэдий чинээ тодорхой болгох аваас хүч хэрэглэн асуудлыг шийдэх магадлал төдий чинээ бага байх болно” гэж Нетаниягу мэдэгдлээ. Асуудлыг дипломат хэрэгслээр шийдэх хугацаа нэгэнт өнгөрсөн гэж өмнө нь мэдэгдэж байсан Нетаниягуд нөөцөнд нь зарим нэг арга хэрэгсэл байгаа л юм байна.

Иран улс цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхээс сайн дураараа татгалзахгүй бол НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган дээр Барак Обама үг хэлэхдээ шууд л Иранд дайн зарлана гэж заналхийлэх хэрэгтэй гэсэн санааг Нетаниягу илэрхийллээ хэмээн израильчууд хүлээн авчээ. Гэтэл Барак Обама (дашрамд сануулахад, бас л Нобелийн Энхтайвны шагналтан) НҮБ-ын индрээс Иранд заналхийлэхийг хүсэхгүй бол яах вэ гэдгийг Израиль бодолцсон эсэх нь тодорхойгүй. Харин үйл явдал хэрхэн өрнөж болох хэд хэдэн хувилбар байна.

Нетаниягуд дурмэдэн дайн эхлүүлэх гэхээр хүндрэлтэй. Дор хаяж хоёр саадтай учирна. Эхнийх нь техникийн, нөгөө нь улс төрийн саад тотгор. Израилийн байлдааны нисэх хүчний боломж нь техникийн сааддаа орно. Иранчууд агаарын довтолгоог хамгийн бага хүчээр эсэргүүцлээ гэж бодоход Фордо дахь газар доорх цөмийн байгууламжийг устгана гэдэг бараг боломжгүй зүйл. Хадан дотор байгуулсан тэрхүү үйлдвэрийг устгах чадвартай бөмбөг Израильд байхгүй. Тийм бөмбөгүүдийг тээвэрлэж чадах байлдааны онгоц ч бас алга. Учир ийм аваас нэг бол тактикийн цөмийн цэнэгт найдах, нэг бол тусгай албадаар асуудлыг шийдүүлэх гарц бий. Гэхдээ аль аль нь амжилт дагуулна гэх баталгаа байхгүй, олон тооны эрсдэл дагуулах нигууртай.

Улс төрийн саад тотгорт нь Израилийн Ерөнхий сайд өөрийн дураар дайн эхлүүлэх эрх зүйн чадамжгүй гэсэн үндэслэл багтана. Тус улсын Аюулгүй байдлын зөвлөл бараг санал нэгтэйгээр дэмжсэн тохиолдолд л дайн зарлах эхний боломж нээгдэнэ гэсэн үг. Энэхүү зөвлөлд хүчний болон дипломат байгууллагуудын дарга нараас гадна тусгай албадын дарга нар, өндөр албан тушаалын цэргийн дарга нар багтдаг аж. Эдгээр хүн санал нэгтэйгээр баталлаа гэж үзэхэд байлдааны ажиллагаа эхлүүлэх асуудлыг дараагийн шатанд нь Засгийн газар нь санал нэгтэйгээр дэмжсэн байх учиртай. Одоогоор аль нэг нь дэмжсэн талаар сураг алга. “Ядаж байхад яр” гэгчээр Аюулгүй байдлын зөвлөлийнхөн хоорондоо огт санал нийлэхгүй байгаа хэмээн гишүүд нь хэвлэлийнхэнд баяртай нь аргагүй мэдээлж байгаад Ерөнхий сайдын сэтгэл гонсгор байгаа (http://www.ynetnews.com/articles/0,7340,L-4277510,00.html). Олон нам, бүлэглэлээс бүрдсэн Эвслийн Засгийн газарт ч байдал илүү хүнд байгаа бололтой.

Энэ тохиолдолд Нетаниягу шүдээ зуун арваннэгдүгээр сарыг хүлээж болох юм. Тэр үеэр америкчууд нэг бол шинэ, үгүй бол хуучин Ерөнхийлөгчөө эргээд сонгочихсон байна. Америкийн толгойд хэн ч гарсан бай Нетаниягуд дайн эхлүүлэхэд хялбар байх болно. Хэрэв Обама эргэж сонгогдвол сонгуулийн дараа нэлээд тайвширч үүрэгт ажлаа үргэлжлүүлэн явуулах боломжтой болчихно. Харин Ромни Ерөнхийлөгчөөр сонгогдвол бүр амар. Тэртээ тэргүй боломж олддог л юм бол Ираныг бөмбөгдөнө гэж ам гарсан хүн.

Дараагийн хувилбар нь Америкийн шинжээчдийн дунд “аравдугаар сарын бэлэг” гэсэн нэршил аваад байгаа. Тодруулбал, Нетаниягу ямар нэгэн байдлаар дурмэдэн Иранд агаарын цохилт үзүүлэх хувилбар юм. Нетаниягу өөрийгөө “Израилийг шинэ холокостоос аврагч” гэж харуулах хүсэлтэй байгаа, үүнд нь оюутан цагийн анд Митт Ромни зарим талаараа туслана гэх шалтгаанууд нөлөөлж болох. Аль эсвэл Нетаниягу “Хизбалла” бүлэглэлийн тэргүүн Хасан Насралла шейхэд итгэл үзүүлэхийг хүсч болох юм. Хэрэвзээ Израиль улс дайн эхлүүлбэл Хасан шейх Иран дахь Америкийн “сонирхол” гээч зүйлсийг бүсэлж авна гэдгээ амалсан юм билээ (http://lenta.ru/news/2012/09/04/response/). Энэ тохиолдолд Барак Обама хүссэн, хүссэгүй тэрхүү дайнд татагдан орохоос аргагүйд хүрнэ.

Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлын засаг захиргааг толгойлж байсан Лоуренс Уилкерсон илүү сонин таамаглалыг дэвшүүлжээ. (Яриаг нь эндээс сонсоно уу bbriefing-2012-08-29b-lawrence) Түүний бодлоор, Израиль улс Обамаг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулахын тулд сонгууль болохоос долоо хоногийн өмнө Иранд агаарын цохилт өгөх аж. Дэлхийн эдийн засаг тэр хэдхэн хоногт сонгогч жирийн иргэдэд мэдрэгдэхүйц хэмжээгээр доройтож амжихгүй бөгөөд дайнд оролцох тухай шийдвэр гаргасан удирдагчийн нэр хүнд ахархан хугацааны турш ч гэлээ өсдөг жамтай гэнэ.

Нетаниягу Ираны эсрэг дайнд АНУ хүч хавсран оролцох болзолтойгоор Обамад өрсөлдөгчөөсөө хол тасархай түрүүлэхэд нь тусална хэмээн Уилкерсон үзэж байна. Хэдийгээр дайныг ийм маягаар эхлүүлэх нь жинхэнэ ухаангүй үйлдэл болно гэдэгтэй тэрбээр санал нийлж байгаа ч тэртээ тэргүй энэ түүх санаанд багтамгүй ухаангүй үйлдлээр дүүрэн байгаа нь түүний санааг ихэд зовоож байгаа ажээ.

Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтад Обама ч, Нетаниягу ч хүрэлцэн очно. Чуулганы үеэр хоёр эрхэм нүүр тулж уулзах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ямар нэгэн тэмдэглэлт зүйлийн талаар санал бодлоо солилцох аж. Уг хэлэлцээрийн үр дүнгээс л аравдугаар сард “бэлэг” барих эсэх шалтгаалах бололтой.

 

http://www.lenta.ru/articles/2012/09/05/threat/