В.Путин: Зөвхөн Оросын ард түмний ашиг сонирхол л шийдвэр гаргахад нөлөөлөх үндсэн шалтгаан нь байх ёстой

Posted on September 10, 2012

2


-Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш өгсөн анхны ярилцлага-

(Үргэлжлэл)

-Талийгаач Магнитскийтэй холбоотой хэрэг ямар шатандаа явж байгаа талаар тантай ярилцахыг хүсч байна. АНУ, хожим нь Их Британи улс Магнитскийн үхэлд сэжиглэж байгаа Оросын өндөр албан тушаалтнуудын нэрсийг жагсаагаад эхэллээ. Үзэгчиддээ сануулахад, Магнитский нь санхүүгийн алдартай зөвлөх, хуульч байсан бөгөөд Оросын шоронд нас барсан юм. Тухайн үед Оросын шүүх буруу зөвийг нь ялгаж чадаагүй, буруутай этгээдүүд нь зохих ёсны шийтгэлээ аваагүй гэх үзэл бодол өнөөг хүртэл хилийн чанадын орнуудад давамгайлж байна. Яагаад ийм үзэл түгсэн юм бол оо?

-Ийм үзэл төрүүлэхийг хүсдэг хүмүүс бий. Тэд нарт дайсан эсвэл дайсны дүр төрх л хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэд үргэлж хэн нэгэнтэй тэмцэхийг хүсч байдаг. ОХУ-ыг буруутгаад байгаа тэр орнуудын шоронг та мэдэх үү, тэнд нь хэчнээн хүн үхэж байгааг бас мэдэх үү. Маш олон хүн шүү. Тэр АНУ “Магнитскийн жагсаалт” гэсэн зүйлийг санаачилсан байна билээ. Тэгвэл ОХУ цаазын ялыг халсан гэдгийг та мэдэх үү. Энэ талаар сонссон уу? Гэтэл АНУ-д цаазын ял хүчинтэй хэвээрээ байгаа шүү. Энэ улсад эмэгтэйчүүдийг хүртэл цаазаар авч байгаа. Цаазын ялыг хэрэгжүүлэх явцад шүүхийн алдаа багагүй гарсан байдаг гэдгийг соёл иргэншилт нийгэм хэдийнэ ойлгочихсон. Би хэрэг хийсэн гээд буруугаа хүлээгээд байхад л сүүлд энэ хүн уг хэргийг хийгээгүй гэдэг нь тодорхой болох үе ч бий. Хүний амийг гагцхүү Бурхан Эзэн л булааж авах эрхтэй гэдгийг дурдахаа ч больё. Энэ бол бүр том хэмжээний, философийн мэтгэлцээн болно. Бид бусад оронд цаазын ялыг хэрэгжүүлж байгаа улсуудын нэг бус жагсаалтыг гаргаж чадах л байсан. Гэвч бид тийм зүйл хийддэггүй юм.

Магнитскийн талаар ярихад, шоронд нас барна гэдэг мэдээж хэрэг эмгэнэлтэй явдал. Тэр утгаараа маш сайн мөрдлөг явуулах нь зүйтэй. Хэрэв хэн нэгэн нь буруутай бол тэр хүн шийтгэлээ амсах ёстой. Гэхдээ би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Энэ хэрэгт улс төрийн ямар нэгэн, бүр ямар ч шалтгаан байхгүй юм билээ. Гэм буруу нь хуулийн агуулгаараа цэвэр эрүү, иргэний эрх зүйн шинжтэй. Энэ хэргийн цаана өөр юу ч байхгүй. Гэтэл хэн нэгэнд нь ОХУ-ын найрсаг харилцааг алдагдуулах хүсэл байх шиг. Тийм учраас манай өндөр тушаалын зарим албан хаагчийг ноён Магнитскийн үхэлд буруутай гэж үзээд хилээрээ нэвтрүүлэхгүй болсноо зарлаад ч байх шиг. Би түүнийг нас барсанд их харамсч байна. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. Гэхдээ энэ тохиолдолд ОХУ ямар арга хэмжээ авах ёстой вэ. Ухаалгаар хандана. ОХУ-ын эсрэг хийсэн үйлдэлд нь хариу болгож эсрэг талынхаа өндөр албан тушаалтнуудын нэрсийг зарлах л үлдлээ. Ингэх ч болно.

-Өөрөөр хэлбэл, ОХУ уг хэргийг эргэж харахгүй гэсэн үг үү?

-Юун хэрэг вэ. Бид юуг нь эргэж харах ёстой юм бэ. Тэр хүний үхэлд хэн нэгэн нь буруутай юу, үгүй юу гэдгийг л бид тогтоох ёстой. Хэрэв буруутай бол түүнийг хариуцлагад татна. Ингээд л гүйцээ. Энд улс төрийн ямар нэгэн шалтгаан байхгүй гэдгийг давтан хэлье. Энэ хэргийн учгийг мэргэжлийн ур чадвараар тайлах учиртай. Оросын Засгийн газар ч ийм хүсэлтэй байна. Прокурорын газар энэ хэрэг дээр ажиллаж байгаа.

-Баярлалаа. Харин одоо “Пусси Райот” хэмээх панк хамтлагийн талаар болон хамтлагийн гишүүдэд оноосон ялын талаар ярилцмаар байна. Их олон хүн тэдний үйлдсэн хэргийг ял авах хэмжээний биш байсан атал хүнд ял оноолоо гэж үзэж байна. Эцсийн дүндээ энэ бүсгүйчүүд алдаршиж олон нийтийн дэмжлэгийг хүртлээ. Мэдээж хэрэг, цаг хугацааг буцааж, хийсэн хэргээ эргүүлж болохгүй л дээ. Гэхдээ л таны бодлоор энэ хэргийг арай өөрөөр шийдэж болох байсан уу?

-Тэгвэл та энэ хамтлагийн нэрийг орос хэл рүү орчуулж чадах уу. Та чинь манай улсад нэг бус жил амьдарч байна шүү дээ.

-“Пусси Райот” гэдгийг оросоор юу гэхийг хэлж мэдэхгүй байна. Та хэлээд өгөхгүй биз?

-Та энэ үгийг орчуулж чадах уу, үгүй юу. Эсвэл ёс суртахууны үүднээс орчуулгыг нь хэлэхэд эвгүй байна уу. Ёс суртахууны үүднээс авч үзэхэд, энэ үгийг олны өмнө хэлэхэд эвгүй гэж би бодож байна. Англи хэлээрээ ч эвгүй сонсогдож байгаа биз дээ.

-Би “муужгай” гэж орчуулах байсан. Эсвэл би буруу ойлгоод байгаа юм болов уу. Юутай ч, хэргийг арай өөрөөр шийдэж болох байсан гэж та үздэг үү. Эсвэл энэ хэргээс ямар нэгэн сургамж авах ёстой юу?

-Та бүгдийг нь ойлгож байгаа. Бүр маш сайн ойлгож байгаа. Ойлгохгүй байгаа дүр бүү эсгэ. Энэ залуус хамтлагийнхаа нэрийг олон нийтийн бодол санаатай албаар уясан тул та бүхэн энэ нэрийг ил хэлдэг боллоо. Гэтэл энэ чинь эвгүй шүү дээ. За гэхдээ тэднийг Бурхан өршөөг.

Би энд нэг ийм юм хэлэх гэсэн юм. Шийтгэл нь хийсэн хэрэгт нь тохирч байх ёстой гэж би өмнө нь ч үздэг байсан, одоо ч тэгж үзэж байгаа. Оросын шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөхийг хүсэхгүй байна, би өөрөө ч бэлэн биш байна. Зүгээр л энэ хэргийн ёс суртахууны талд нь таны анхаарлыг хандуулахыг хүсч байна. Энэ хэсэгт нь юу багтах вэ?

Юун түрүүнд, хоёр жилийн өмнө эдгээр залуус Москвагийн хамгийн том супермаркетын нэгд нь гурван мануухай өлгөсөн гэдгийг та мэдэх үү. Дээрх хамтлагийн нэг бүсгүй Москваг еврей, ижил хүйстэн, гастарбайтер буюу гадаадын ажилчдаас цэвэрлэх хэрэгтэй гэсэн утгатай бичгийг гурван мануухай дээр хадан олон хүн хөлхдөг гаргаж тавьсан нь тэр байв. Миний бодлоор, бүр тэр үеэс л тэд төр засгийн анхааралд орчихсон. Үүний дараа тэд олон хөлийн газар бөөнөөрөө загас наадуулцгаасан. Хууль зөрчөөгүй л бол хүн юугаа хийнэ үү түүний эрх. Гэхдээ олон нийтийн газар ингэж загнасныг нь бодохоор яг тэр үед нь төр засаг шийдвэртэй алхам хийхгүй яав аа гэж боддог. Тэд сүүлд интернетэд тэрхүү бичлэгээ тавьсан байсан. Зарим нэг хэрэг дурлагчид нь ганц хүнтэй бус олуулаа загас наадуулахыг илүүд үзсэн байна билээ. Хамт олноороо ажиллахад ажил цалгардуулж болдогтой ижил гэж санадаг шиг байгаа юм. Хувь хүн юугаа хийнэ түүний хувийн асуудал гэдгийг дахин хэлье. Гэхдээ тэрийгээ интернетэд байршуулах нь миний бодлоор их маргаантай асуудал, ямар нэгэн хууль дүрмээр зохицуулж явахад болохгүй зүйлгүй гэж үздэг.

Сүмд үйлдсэн хэргийг нь ярилцъя. Тэд эхлээд Елоховскийн сүмд үймээн дэгдээж орхиод, дараа нь өөр сүмд очиж бас л эмх замбараагүй явдлыг үүсгэсэн юм билээ. ЗХУ дөнгөж байгуулагдаж байх үеийн гашуун түүх бидэнд бий. Тэр үед маш олон номлогч амь биеэрээ хохирсон. Үнэн алдартны шашны номлогчдоор тогтохгүй исламын болон бусад шашны төлөөлөл ч бас хомрогонд нь өртсөн. Зөвлөлт засаг дөнгөж байгуулагдаад байхдаа шашны урсгалуудын төлөөлөгчидтэй ширүүхэн аргаар тэмцэж эхэлсэн. Маш олон сүмийг үгүй хийснээр шашны урсгалууд маш том гарз, хохирлыг амссан. Тиймээс өнөөгийн төр засаг сүсэгтнүүдийн итгэл, сэтгэлийг хамгаалах үүрэг хүлээж яваа.

Дээрх хамтлагийн залууст тохирсон ялыг нь өгсөн эсэх, тэр нь хэр үндэслэлтэй байсан эсэх талаар би тайлбар өгмөөргүй байна. Энэ бүсгүйчүүд өмгөөлөгчтэй, тэд үйлчлүүлэгчдийнхээ ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөх ёстой гэж ойлгож байгаа. Өмгөөлөгчид шүүхийн дараагийн шатанд өргөдөл гаргаж хэргийг дахин авч хэлэлцэхийг шаардаж болно. Гэхдээ энэ бол тэдний л хэрэг. Цэвэр хуулийн асуудал юм даа.

-Таны бодлоор, тэд хугацаанаасаа өмнө суллагдана гэдэгт найдаж болох уу?

-Тэдний өмгөөлөгчид шүүхийн дараагийн шатанд хандсан эсэхийг би мэдэхгүй байна. Энэ хэргийн явцыг үнэндээ сонирхдоггүй. Хэрэв шүүхийн дараагийн шатны байгуулага уг хэргийг дахин хэлэлцвэл ямар шийдвэр гаргахаа тэд өөрсдөө мэдэж байгаа. Би энэ хэрэгт огт оролцохгүй байхыг хичээдэг. Тэнд юу болж байгаа талаар мэдээлэлтэй байдаг ч би энэ асуудалд огт оролцдоггүй.

-ОХУ-д ч, хилийн чанадад ч олон хүн таныг Ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргээд очсоноос хойш сөрөг хүчнийхнийг “чангалдаг” болсон гэж үздэг юм билээ. Гүтгэлгийн тухай чанд хатуу хуулийг баталж, худал мэдээлэл тараасан этгээдэд тавих торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн, хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс интернетэд тодорхой хоригийг бий болгосон гээд нэрлэж болох байна. Энэ бүхнийг таны санаачилгаар хийсэн. Таны бодлоор, эрүүл сөрөг хүчин болон нийгмийн хэв журмыг сахиулах явдлыг дэмжих гэсэн хоёр ойлголтын тэнцвэрийг яаж олох вэ?

-Бусад оронд, ялангуяа интернетэд хүүхдийн хүчирхийллийг харуулсан бичлэгийг хориглосон хууль байдаггүй юм уу гэж өөрөөс тань сонирхож асуумаар байна.

-Мэдээж хэрэг, бий л дээ.

-Байдаг юм уу? Тэгвэл манайд өнөөдрийг хүртэл байгаагүй. Бид нийгмээ, өөрийн үр хүүхдээ ийм балмад үйлдлүүдээс хамгаалахыг хичээж эхэлтэл…

-Цаг үе нь тэгж таарсан болов уу. Тэр үед та эргээд Ерөнхийлөгчийн албан тушаалдаа томилогдоод удаагүй байсан. Тиймээс их л хатуу арга хэмжээ аваад байх шиг санагдсан.

-Танд л гэж хэлэхэд, би энэ талаар бодохгүй байхыг хичээж байна. Өөртөө зөв, улс орондоо хэрэгтэй гэж бодсоноо хэрэгжүүлэхийг хичээдэг. Цаашдаа ч тэгэх л болно. Мэдээж хэрэг, эргэн тойронд юу болж байна, дэлхий нийт хэрхэн хүлээж авч байна гэдгийг би харж байгаа. Гэвч миний мэдэрсэн бүхэн шийдвэр гаргахад нөлөөлөх үндсэн шалтгаан нь байх ёсгүй. Зөвхөн Оросын ард түмний ашиг сонирхол л үндсэн шалтгаан нь байх ёстой. Тэгвэл бидний үр хүүхэд ийм л хамгаалалтыг хүсч байна. Үүнийг интернеттэй тэмцэх, интернет дэх эрх чөлөөг боомилох хэрэгсэл болгож ашиглахыг хүссэн хүн алга. Бид үр хүүхдээ хамгаалах эрхтэй.

Харин “чангалдаг” болсон талаарх асуултад хариулахын тулд таныг яг юу хэлэхийг хүссэн юм бол гэдгийг ойлгож авах хэрэгтэй байна. “Чангална” гэж юуг хэлж байна вэ. Хэрэв сөрөг хүчний төлөөллийг тусгайд нь онцлолгүй бүх л хүмүүсийг хуулиа даган биелүүлэх шаардлага тавихыг хэлдэг гэвэл би тийм гэнэ. Энэ шаардлагыг цаашдаа шат дараатайгаар хэрэгжүүлэх болно.

Жил хагасын өмнө билүү, хоёр жилийн өмнө ч билүү Английн гудамжуудад олныг хамарсан үймээн дэгдсэнийг та бид сайн мэднэ. Эцэст нь олон хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон. Байдлыг ийм болтол нь хүндрүүлээд, дараа нь бүтэн жилийн турш буруутай этгээдүүдийг нь хайж олон, шоронд суулгаад явах нь зөв байсан гэж үү. Анхнаас нь ийм үйлдлийг гаргуулахгүй байх нь зөв байсан юм биш үү. Энэ бол эхний санаа.

Хоёр дахь санаагаа асуултын тань хариулт болгож хэлье. Би мужуудын удирдлагыг иргэдийн нь нууц санал хураалтаар сонгох системд шилжихийг идэвхтэй дэмжсэн гэдгийг та мэдэж байгаа байх. Гэхдээ жилийн өмнө үүгээр тогтохгүй бас нэг зүйлийг би санаачилсан. Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан Оросын Парламентын Дээд танхимийн сонгуулийн тухай хуулийн шинэ төслийг Парламентад өргөн барьсан. Энэ бүхэн нийгэм, улс орноо ардчиллаар замнуулахад бодитой алхмууд болж өгсөн.

Хууль тогтоох үйл ажиллагааны тухай хуулийн төслийг ч санаачилж байлаа. Жишээ нь Төрийн Думын ажлын тухайд. Бид Думын гишүүдтэй хамтарч манай орны хөгжилд хамгийн их тулгамдаад байгаа асуудлуудаар интернет-санал асуулга явуулах боломжийг судалж байна. Санал асуулгаар аль нэг төсөл нь 100 мянган хүний саналыг авбал түүнийг Төрийн Думд хэлэлцдэг болох. Өнөөдрийн байдлаар бид энэ саналаа хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг дээр ярилцаж байна. Өөр хэлбэрийн санаачилгууд ч бас бий. Бид нийгмээ хөгжүүлж, амьдрал ахуйд нь ардчиллын зарчмуудыг нэвтрүүлж явахыг зорилгоо болгож байгаа бөгөөд энэ замаасаа эргэлгүй цааш үргэлжлүүлэн замнах болно.

-Хоёулаа АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалтын талаарх яриагаар ярилцлагаа эхлүүлсэн. Та тэнд БНХАУ-ын дарга Ху Жинтаотой уулзана. Харин Барак Обаматай уулзаж чадахгүй юм байна. Яагаад гэвэл, түүний оронд Хиллари Клинтон энэхүү уулзалтад оролцоно гэж байгаа. Мэдээж хэрэг, Ерөнхийлөгч Обамагийн ажлын хуваарь шахуу байгаа гэдгийг ойлгож байна. Гэхдээ энэ үйлдэл нь АНДЭЗХА-нд хандаж байгаа түүний хандлагыг илэрхийлж байгаа юм биш биз. Эсвэл Хятад улс ОХУ-ын хувьд геополитик болон худалдааны салбарт илүү чухал түнш нь болж байгааг нотлон харуулж байна уу?

-Хятад улс үнэхээр дэлхийн улс төр, дэлхийн эдийн засгийн чухал төв болж эхэллээ. Ерөөсөө дэлхийн эдийн засаг, улс төрд нөлөө үзүүлдэг газрууд тодорхой хөдөлгөөнд ороод байгаа. Ингэх ёстой гэдгийг ч бүгд ойлгож байна. Одоо уг хөдөлгөөний хурд нь л чухал асуудал болоод байна. Хятад улс зөвхөн бидний хувьд ч бус, дэлхий даяарх түншүүдийнхээ хувьд ч улс төр, эдийн засгийн төв нь боллоо. Манай улсыг онцгойлж үзсэн юм байхгүй. Гэхдээ Хятад улс бидний хөрш, харин бид Хятадын хөрш гэсэн ойлголт л биднийг бусдаас ялгаж байгаа. Бид хоорондоо хэдэн мянган жилийн турш өвөрмөц харилцаатай явж ирсэн улс. Бидний хамтын ажиллагаанд маш эерэг, хоёр талдаа харилцан ашигтай ажиллаж ирсэн он жилүүд бий. Хоорондоо үл ойлголцож явсан хүнд үеүд ч бий. Харин өнөөдөр Орос-Хятадын харилцаа улс төрийн салбарт ч, эдийн засгийн салбарт ч зүйрлэшгүй өндөр түвшинд гарч, бие биедээ тун итгэлтэй хандах зарчмаар явагдаж байна. Ойрын жилүүдэд манай орны Хятад дахь бараа эргэлтийн хэмжээ 100 тэрбум долларт хүрнэ гэдэг нь маргаангүй. Европт манай улсын бараа эргэлтийн хэмжээ 51 хувьд хүрч 200 гаруй тэрбум долларт эргэлддэг бол Хятад улсад 100 тэрбумд хүргэнэ. Энэ бол ирээдүйгээ харсан чухал алхам.

Дээд хэмжээний уулзалт дээр Ерөнхийлөгч Обама ирэхгүй гэдгийг америк түншүүд маань бидэнд аль дээр мэдэгдсэн. Тэр нь улс төрийн дотоод үйл явдалтай нь болон сонгуулийн кампанит ажилтай нь холбоотой юм билээ. Үүнд өөр ер бусын зүйл байхгүй. Бид АНУ-ыг маш өндөрт төвшинд тавьж байгаа. Дахин хэлэхэд, бид энэ талаар хэдэн сарын өмнө мэдсэн, үүнийг нь ч ойлгож хүлээж авч байгаа.  АНДЭЗХА-ны дээд хэмжээнийуулзалтад өргөн бүрэлдэхүүн оролцоно. 20 орны төр, засгийн тэргүүн оролцохоо илэрхийлсэн байгаа.

Энэ удаагийн уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч оролцож чадахгүй болсон нь харамсалтай л хэрэг. Боломж нь гарсан бол тэр хүн ашиглах л байсан гэж би бодож байна. Яагаад гэвэл, АНУ-ын хувьд энэ уулзалт нь Ази, Номхон далайн бүс нутгийн нөхөдтэйгөө харьцах сайхан талбар болох байсан юм. Зөвхөн бидэнтэй бус бусад нөхөдтэйгөө уулзаж болох байсан. Харин миний хувьд гэвэл, саяхан бид хоёр Мексикт уулзсан гэж би дээр хэлсэн. Бидэнд хоёр талын харилцааны тодорхой асуудлуудаар болон дэлхийд өрнөж байгаа чухал үйл явдлуудын талаар ярилцах боломж олдсон. Тиймээс бидний харьцаа тасраагүй байгаа гэж хэлэх байна.

-Дотоод бодлогын асуудалдаа эргэж ороод авлигын талаар ярилцвал ямар вэ. Оросуудын амнаас энэ үг их унах юм. Та ч бас энэ талаар асуудал дэвшүүлж байсан. Гэхдээ таны өмнөх Ерөнхийлөгч үүнийг бүр чухалчилж үзсэн. Тэгсэн хэр нь Дмитрий Медведев Ерөнхийлөгчийн албан тушаалаа шилжүүлэхдээ авлигатай тэмцэх салбарт гаргасан дэвшлүүдээ чамлаж билээ. ОХУ-д өнөөдрийн байдлаар буюу яг энэ 2012 онд авлигын асуудал хэр хүндэрсэн бэ. Та авлигатай хэрхэн тэмцэх бодолтой байна вэ?

-Авлига бол аль ч орны хувьд том асуудал. Энэ далимд хэлэхэд, авлига бүх оронд бий шүү. Европын орнуудад ч, Америкт ч. Тэдгээр оронд их олон зүйлийг хуулиараа зөвшөөрсөн байдаг. Хувийн компаниудын ашиг сонирхолд хүчин зүтгэх нь авлига, хээл хахууль мөн үү, биш үү. Нэг талаас нь харахад, хуулийн хүрээнд ажилласан учраас ердийн үзэгдэл мэт. Гэхдээ хаанаас нь харж байна гэдэг чинь чухал юм шүү. Тийм учраас авлигын асуудал олон оронд бий гэдгийг давтан хэлье.

Мэдээж хэрэг, авлигын хэмжээ, зэрэг төвшин нь их чухал. Манай авлигын төвшин өндөр. Шилжилтийн эдийн засагтай бараг бүх оронд авлига бий. Энэ нь эдийн засгийн шинэ загварууд бий болсноор зохицуулалт алдагдаж, төр засаг бүхнийг хянаж чадахаа больсонтой холбоотой юм. Бас ёс суртахуунтай холбоотой. Ялангуяа төлөвлөгөөт эдийн засаг, социалист ёс суртахуунаас мөнхийн үнэт зүйлст суурилсан ёс суртахуунд шилжинэ гэдэг амаргүй. Энэ их хүнд явц, тэр дундаа зах зээлийн эдийн засгийн үед энэ шилжилт нь тодорхой бүлэг хүмүүсийн богино хугацаанд баяжиж байгаа явдалтай холбоотой бол бүр хэцүү. Нийгэм энэ үзэгдлийг их хүндээр бөгөөд сөргөөр тусгаж авдаг. Жишээ нь, ёс суртахуун болоод хуулийн хэм хэмжээнд тэр бүр нийцэхгүй байхад л “ийм аргаар хоёрхон жилийн дотор хэдэн тэрбумыг олж байхад би яагаад ийм, ийм зүйлийг хийж болохгүй гэж” хэмээн жирийн иргэн боддог байна л даа.

Энэ бүхэн авлигатай тэмцэх суурь хүчийг нэг ёсны тарамдуулаад байгаа юм. Их амаргүй явц л даа. Гэхдээ яриа байхгүй, авлигатай тэмцэх нь бидний чухал ажлын нэг. Энэ ажлыг цаашид ч үргэлжлүүлэх болно.

-Та багагүй шалтгааныг нь тоочлоо. Гэвч юунаас эхлэх вэ. Бодит үр дүнг нь хэдийнээс хүртэж эхлэх вэ?

-Юун түрүүнд, авлига хэмээх үзэгдлийг нийгмээрээ хүлээн зөвшөөрдөггүй болгож дөнгөх хэрэгтэй. Авлига, хээл хахууль гэх үйлдэлд дор хаяж хоёр тал оролцдог шүү дээ. Нэг тал нь хахууль өгнө, нөгөө нь авна. Олонх тохиолдолд хахууль өгөгч тал нь хахууль авдаг хүнээсээ илүү идэвхтэй байдаг. Тийм учраас авлига, хээл хахуультай тэмцэх гэдэгт хүмүүжлийн ажил явуулах, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, авлига, хээл хахууль үүсэх нөхцлийг багасгаж байдаг хууль, эрх зүйн орчныг бий болгох гэх зэрэг ойлголтууд багтана. Энэ ажлыг олон үе шаттайгаар хэрэгжүүлдэг, их эмзэг, амаргүй ажил. Бид дээр дурдсан чиглэлүүдийн дагуу ажлаа явуулна.

-Магадгүй авлигатай тэмцэх хамгийн бодит аргын нэг нь төрийн албан хаагчдыг гадаадын банкинд данс нээх, хилийн чанадад үл хөдлөх хөрөнгө худалдан авахыг хориглох тухай хуулийн шинэ төсөл байж болох юм. Гэвч өөр хүний нэрээр эдгээрийг авахад хууль саад болж чадахгүй л байх. Өөр арга бий юу?

-Байж болно. Хуулийн төслийг Төрийн Думд оруулсан, одоогоор батлаагүй байна. Уг хуульд төрийн ажил эрхэлж буй иргэдэд тодорхой хязгаарлалтуудыг л тавихаар тусгасан байгаа. Учир нь манай бусад хуулиар ОХУ-ын иргэн бүр гадаадын банкинд данс нээлгэх, гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдан авах эрхтэй байдаг юм. Тиймээс төрийн албан хаагчдад, тэр дундаа өндөр албан тушаалын ажилтнуудад зөвхөн тодорхой хязгаарлалт тавьж өгч болно. Амьдрал дээрх бодит байдлыг бодсон ч үүнд болохгүй зүйлгүй. Хамгийн гол нь Төрийн Думын гишүүд хуулийн төслийг боловсруулахдаа хязгаарлалт тавих үндэслэлээ маш сайн гаргаж, зүйл бүрийг нь нягтлан үзэх ёстой.

Бүхэлд нь авч үзвэл, дээрх хууль амьдралд хэрэгжих боломжтой, авлигатай тэмцэх асуудалд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж би бодож байна. Яагаад гэвэл, хэрэв хэн нэгэн өөрийн амьдралаа төр, ард түмнийхээ төлөө зүтгэх үйлст зориулахыг үнэн сэтгэлээсээ хүсч байгаа бол эндээ буюу Орос дахь гадаадын банкны салбарт данстай болохыг зөвшөөрөх л ёстой. Яагаад болохгүй гэж. Манайд гадаадын банкнуудын олон салбар үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс эндээ л дансаа нээ л дээ. Заавал Австри, Америк руу явж тэндээ данс нээлгэх хэрэг юу байна. Хэрэв чи амь амьдралаа Оростой холбон ойлгодог бол уучлаарай, та эндээ л өөрийн хүслээ, бас материаллаг сонирхлоо илэрхийл. Хаа нэг газар, орон доогуураа нууж юу хийнэ.

-Тантай уулзсан боломжоо ашиглаад Жулиан Ассанж болон Англи зэрэг улсад түүний эсрэг үүсгээд байгаа хэргүүдийн нь талаарх бодлыг тань сонсмоор байна. Ассанж ямар ч байсан Эквадор улсад улс төрийн орогнол авч чадсан гэдгийг та мэдэж байгаа байх. Гэвч энэ боломжоо ашиглаж чадахгүй Англи дахь Эквадорын Элчин сайдын яаманд түгжигдчихээд байна гэж хэлж болно. Энэ асуудал дээр баримталж буй Английн байр суурийг та хэрхэн тайлбарлах вэ? Англичууд нэг хэсэг Эквадорын Элчин сайдын яамны дипломат эрхийг нь эгүүлэн татаж, элчингийн байр руу нь нэвтрэн орж Ассанжийг баривчлана гэж хүртэл ярьж байсан удаатай. Энэ их сонин үйлдэл. Яагаад гэвэл, Орос улс ч гэсэн Англид амьдарч, тэндээ найдвартай орогнол авсан зарим нэг этгээдүүдээ эргүүлж авахыг хүсдэг шүү дээ…

-Орос-Английн харилцаанд үүссэн үл ойлголцол үнэхээр бухимдал төрүүлж байгаа. Энэ бол үнэн. Би одоогийн Засгийн газрын хүмүүстэй нь уулзаж явсангүй. Гэхдээ өмнөх түнш нөхөдтэйгөө уулзахдаа би хэлж байсан. “Манай нутаг дэвсгэр дээр буу агсан дайтаж явахдаа хүн алж, цусаар гараа угааж явсан нөхдүүд танайд нуугдаж амьдарч байна” гэж. Тэгсэн надад ямар хариулт өгсөн гээч! Үнэндээ би тэгэхэд “Тухайлбал, Ирландын Бүгд найрамдах армийн аль нэг дайчныг нь бид орогнуулаад нууж байна гээд төсөөл дөө” гээд нэмээд хэлчихсэн юм. Гэхдээ төр засагтаа буулт хийж, тохиролцоо байгуулах гээд зүтгэж яваа энэ армийн өнөөгийн удирдлагуудыг хэлээгүй юм. Бурхан тэднийг өршөөг, урт наслаарай гэж ерөөмөөр байна. Яагаад гэвэл, тэд их зөв, эрүүл бодолтой хүмүүс байгаа юм. Энэ армийн өмнөх удирдлагууд нь тэс өөр бодолтой хүмүүс байсан. Тэгээд би тийм хүмүүсийг бид нуугаад байсан бол яах вэ гэж тэд нараас асуусан л даа. Тэгсэн надад ямар хариулт өгсөн гээч? “ЗХУ өмнө нь тийм хүмүүст тусалж байсан түүх бий шүү дээ” гэдэг байгаа.

Нэгдүгээрт, би ЗХУ-ын үед тагнуулын ажилтан байсан. Манай улс тийм хүмүүст тусалж байсан эсэхийг мэдэхгүй юм байна. Яагаад гэвэл, би ийм асуудлыг огт сонирхож явсангүй. Тусалдаг байсан гэж төсөөлөхөд тэр цаг үе “хүйтэн дайны” үе байсан. Гэтэл түүнээс хойш нөхцөл байдал орвонгоороо эргэсэн, ЗХУ гэж өнөөдөр байхгүй, ОХУ гэсэн шинэ улс бий боллоо. Өмнөх айдастаа хүлэгдсэн чигтээ, олон улсын болон манай хоёр улсын харилцааны талаарх хуучин ойлголтоороо өнөөдөр амьдарч болно гэж үү. За тэр яахав гээд орхиё. Тэгвэл өнөөдөр Английн шүүхийн систем хараат бус гэж байнга ярьж байгаа. Энэ шүүх ямар шийдвэр гаргана, түүнийг нь хэн ч эсэргүүцэж чадахгүйд хүрсэн байна.

Тэгвэл тэр шүүх нь Ассанжийг Шведэд шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ чинь юу болж байна аа. Мэдээж хэрэг, давхар стандарт байна гэдгийг нь ойлгож л байна л даа. Гэхдээ би баримтгүй зүйл ярихгүй. Миний мэдэхээр, Эквадор улс Шведийн удирдлагад хандан Ассанжийг Америкийн талд хүлээлгэж өгөхгүй гэсэн баталгаа авах хүсэлтээ тавьсан юм билээ. Өнөөдрийг хүртэл тэд энэ баталгаагаа авч чадаагүй байна. Тэгэхээр энэ хэрэг улс төрийн агуулгатай гэж бодоход хүргээд байна (одоохондоо “бодоход хүргэж байгаа” юм шүү!).

-Бид энэ хэргийн явцыг үргэлжлүүлэн ажиглах болно. Та бид хоёр өнөөгийн Орос оронд тулгамдаад байгаа зарим нэг асуудлыг тусад нь авч ярилцлаа. Бас нэг чухал асуудал байна. Хар тамхины наймаа болон тэдгээрийг Афганистанаас оруулж ирдэг болоод удаж байгаа. Арав гаруй жилийн өмнө НАТО-ийн цэргүүд Афганистанд хүч түрэн орж ирснээс хойш энэ хууль бус наймааны хэмжээ хэд дахин өслөө. 2014 онд энэ цэргүүдийг Афганистанаас гаргачихаар юу болох бол. Ямар ч байсан та Орос руу орж ирэх гарцыг нь хааж чадна гэдэгт найдаж болох уу?

-Энэ асуудлыг одоогоор шийдэж чадахгүй л байна. Бид түншүүдтэйгээ, ялангуяа Афганистаны нутаг дэвсгэр рүү цэргээ оруулаад байгаа улсуудын удирдлагатай нь ч яриа, хэлцэл байнга хийж байгаа. Байдал сайжрахгүй байгаагаар үл барам эсрэгээрээ улам дордоод байна. Ноднин гэхэд л Афганистанд хар тамхины үйлдвэрлэл 60 хувиар өссөн үзүүлэлтийг харуулжээ.

Яг одоо би сайн санахгүй байгаа учраас буруу тоо хэлж байж магадгүй. Гэхдээ Английн зах зээл дээрх героиний 90 хувь нь байх аа, Афганаас гаралтай. Энэ үүднээс авч үзвэл, хар тамхины асуудал бол бидний хамтын айдас, бүгдийг маань нөмөрсөн аюул. Дөвийлгэлгүй хэлэхэд, ОХУ-ын хувьд үндэсний аюулгүй байдалд нь ч ноцтой эрсдлийг учруулаад байгаа үзэгдэл. Афганд үйлдвэрлэж байгаа нийт хар тамхины 20 гаруй хувь нь манай улсад орж ирж байна. Ноднин 70 тонн героин, мөн ойролцоогоор 56 тонн опийг хурааж авсан байна билээ. Яриа байхгүй, энэ бол манай үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа маш том тоо.

-Та манай үзэгчдэд ойлгомжтой болгох үүднээс нэг тайлбар хийж өгөхгүй юу. Яагаад НАТО-гийн хүчинг Афганистанд оруулсны дараа энэ асуудал ингэтэл хүндрэв ээ. Энд ямар нэгэн холбоо байна уу. Ямар учир шалтгаан байна вэ?

-Ойлгоход их энгийн хэлхээ бий. Эрүүгийн шинжтэй үзэгдлүүдийг нь энд дурдахаа больё. Ерөөс Афганистанд цэргээ оруулаад байгаа аль ч орон хар тамхитай тэмцэх асуудлаа хүндрүүлэхийг хүсэхгүй л байгаа. Гэвч Афганистан хар тамхиараа өөрийгөө “тэжээдэг” орон. Өөрөөр хэлбэл, энэ улсын ДНБ-ий 9 хувийг нь хар тамхины наймаанаас орж ирсэн орлого бүрдүүлж байна. Хар тамхийг болиулна гэвэл тэр есөн хувийг нь нөхөх хэрэгтэй болно. Гэтэл нөхөн төлбөр хийх орон ганц ч алга. Хар тамхинаас олж буй орлогыг нь өөр зүйлсээр орлуулж төлье гэхээр тэд нарт чамлалттай санагдана. Эдийн засгийн бодлого, санхүүгийн бодит тусламж л хэрэгтэй. Үүнийг нь хэрэгжүүлэхэд бэлэн орон алга шиг байна. Хүмүүсийг нь өлсгөн байж хар тамхитай тэмцэхийг хэн хүсэх вэ. Үүгээр амиа зогоодог хүмүүсийн орлогыг нь хааснаар тус улсын нутаг дэвсгэр дээр нэмж маш олон дайсантай болно гэсэн үг. Хар тамхины наймааг хориглосон хүмүүстэй дайтаж эхлэх хүн олон гарна. Асуудал үүнд л байна.

Мэдээж хэрэг, хар тамхи нь алан хядах ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй нягт холбоотой байдаг л даа. Хар тамхины наймааны тодорхой хувь нь алан хядах ажиллагааг дэмжих үйлст зарцуулагдаж байгааг бараг хүн бүр мэднэ. Энэ байдлыг ойлгосоор байж, мөн Афганистанд үйлдвэрлэгдсэн хар тамхи Европын зах зээлийг эзэлж байгааг мэдсээр байж түншүүдийг маань идэвхтэй ажиллахад нь дээрх нөхцлүүд ташуур болж өгөхгүй байна. Харамсалтай л хэрэг.

-Ингээд сүүлчийн асуултаа тавья, ноён Ерөнхийлөгч өө. АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалтаар та бүхэн мөнгө санхүүгийн асуудлуудыг хэлэлцэж дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлыг бүхэлд нь авч үзнэ. Таны бодлоор, биднийг дэлхийн хямралын хоёр дахь давалгаа угтах уу. Хэрэв тийм бол, ОХУ энэ асуудлыг өмнөх шигээ амжилттай шийдэж чадах уу. Та бүхэн бэлтгэлээ хангалттай базааж чадсан уу?

-Өмнөх хямралыг амжилттай давсан учраас энэ удаад илүү сайн бэлтгэлтэй байгаа гэж хэлэх байна. Хямрал гэж юу байдаг вэ, түүнийг хэрхэн давж гарах вэ гэсэн ойлголттой болсон учраас түүнтэй тэмцэх арга хэрэгслүүд ч бэлэн байгаа.

Түүнээс гадна би ноднингийн буюу Засгийн газрын өмнөх бүрэлдэхүүндээ амьдралд хэрэгжүүлээд амжилт олсон тэдгээр арга хэрэгслээ улам боловсронгуй болгож, холбогдох хууль журмын төслүүдийг нь боловсруулаад хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх үүрэг өгч байсан. Үүнтэй холбоотойгоор бид тухайн үед Парламентаас хөрөнгө мөнгө гаргаж өгөхийг хүссэн. Парламент ч зөвшөөрч Засгийн газрын нөөц санд 200 тэрбумыг шилжүүлж өгсөн байгаа. Ийм учраас бидэнд хямралтай тэмцэх арга хэрэгсэл ерөнхийдөө бий гэж ойлгож болно.

Манай эдийн засгийн өсөлт их дажгүй үзүүлэлттэй байсан. Дэлхийн хамгийн том эдийн засагтай Хятад, Энэтхэг улсуудын дараа 4.2 хувь гэсэн үзүүлэлтээрээ бусад том эдийн засагтай улсуудын дээр жагсч байсан. Гэтэл Европт буюу еврогийн бүст эдийн засгийн дундаж өсөлт нь 3.9 хувьтай байлаа. Харин манайх 4.2 хувь. Дашрамд хэлэхэд, Олон улсын валютын сангийн таамаглалаар ч, Дэлхийн банкны таамаглалаар ч ирэх онд еврогийн бүсийн эдийн засгийн өсөлт 0.3 хувиар буурах магадлалтай юм билээ. Бидний хувьд ямар ч байсан нэмэх үзүүлэлттэй, тэр дундаа 4-5 хувиар өссөн үзүүлэлттэй гарна гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр ОХУ хямралтай нүүр тулбал түүнтэй тэмцэх арга хэрэгсэл нь хангалттай байгаа гэдгийг эндээс ойлгож авч болно.

Үүнээс гадна манай алт, валютын нөөц өссөөр байна. Өссөөр бүр хямралын өмнөх үе шигээ болсон гэж хэлж болно. Алт, валютын нөөцийн хэмжээгээрээ бид Хятад, Японы дараа дэлхийд гуравт бичигддэг. 500 гаруй тэрбум долларт хүрдэг. Үүнтэй зэрэгцэн Засгийн газрын нөөц хөрөнгийн хэмжээ ч сэргэж байна. Манай Засгийн газар нөөцийн хоёр сантай. Үндэсний чинээлэг амьдралын төлөө санд (долларт шилжүүлбэл) 80 тэрбум бий. Мөн 60 орчим тэрбум доллар Нөөцийн санд байна. Төсвийн хомсдол үүссэн тохиолдолд энэ сангаас санхүүжилт авдаг. Гэхдээ бидэнд төсвийн хомсдол байхгүй. Төсөв маань бага зэргийн ч гэсэн илүүдэл орлоготой явж байгаа. Өмнөх төсвийн тайлан тэгж гарсан. Манай улсад ажилгүйдэл маш бага хувийг эзэлдэг. Еврогийн бүст дунджаар 11.2 хувьтай байгаа бол Испани зэрэг улсад ажилгүйдэл 25-26 хувьтай байна. Залуусын дунд бол бүр 70 орчим хувийг эзэлж байна. Харин манай улсад хямралын өмнөх үеэс ч бага буюу 5.1 хувьтай байгаа шүү.

Гэлээ гэхдээ бид энэ тоонд хууртахгүй байгаа. Дэлхийн эдийн засаг таамаглахын аргагүйгээр хөгжиж байдаг учраас ярвигтай асуудал их гардаг, аль салбарт нь ямар хүндрэл, эрсдэл учрахыг урьдчилж хэлэх аргагүй байдаг гэдгийг бид сайн ойлгож байгаа. Тийм учраас хөрш орнуудад болж буй үйл явдлуудыг анхааралтай ажигладаг.

Бид хөрш орнууддаа, түншүүддээ амжилт хүсч чин сэтгэлээсээ туслахыг хичээдэг. Учир нь аль ч эдийн засагт, тэр дундаа еврогийн эдийн засагт учирсан аливаа саадыг манай эдийн засаг их хүнд, эмзэг тусгаж авдаг. Манай бараа эргэлтийн үндсэн хувь нь энэ бүс нутагт ногддог. Хэрэв энэ хувь багасвал манай үйлдвэрүүд зогсонги байдалд, уналтад орно. Тиймээс еврогийн бүс хадгалагдан үлдэх нь бидний сонирхолд нийцнэ. Энэ бүс нутаг дахь түншүүдийн маань эдийн засаг эрчимтэй ажиллаж, “амьсгалж” эхлээсэй, Европын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон ХБНГУ, Франц, Англи зэрэг орны байдал сайн байгаасай гэж хүсдэг. Эдгээрийг бид үргэлж анхаарч, ажиглаж байдаг. АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалтаар ч юун түрүүнд энэ талаарх ярианд анхаарлаа хандуулна гэдэг нь дамжиггүй.

-Танд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Их баярлалаа.

-Та бүхэнд бас их баярлалаа.   

 

 

http://www.kremlin.ru/news/16393