В.Путин: Үймээн самуун дэгдээд байгаа бүс нутагт зэвсэг нийлүүлэх явдлыг зогсоох ёстой

Posted on September 10, 2012

2


-Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөс хойш өгсөн анхны ярилцлага-

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АНДЭЗХА) дээд хэмжээний уулзалтыг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Russia Today” сувагт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Цаг гаргаж биднийг хүлээн авч буйд маш их баярлалаа. Эхний асуулт маань гараагаа эхлээд буй АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалттай холбоотой. ОХУ анх удаа уг ажиллагааг зохион байгуулж байна. Гэвч АНДЭЗХА, “Их найм”, “Их 20” гэсэн иймэрхүү байгууллагуудын уулзалтууд амьдрал дээр ямар үр дүн өгдөг юм бэ гэсэн асуулт үргэлж гардаг. АНДЭЗХА бол олон талаараа эдийн засгийн байгууллага мөн ч гэлээ үүнд улс төр тодорхой хэмжээгээр оролцдог. Гол оролцогдын олонх нь, тэр дундаа ОХУ, АНУ хоёр олон тооны чухал асуудал дээр тохиролцож чадахгүй байгаа. Үүнд би Сирид үүсээд буй нөхцөл байдал, ПРО буюу Пуужин эсэргүүцэх хүчний систем, Ираны асуудал зэргийг хэлж байна л даа. Энэ бүхнийг дүгнээд улс төр гээч нь эдийн засагт дарамт учруулж, уг салбарт хийх гэсэн томоохон гэрээнүүдийг хаахад хүргэх юм биш биз гэж асуух гэсэн юм. Гол оролцогчид нь энэхүү дээд хэмжээний уулзалтаар л тэрхүү гэрээнүүдээ байгуулж авах, чадахгүй юм гэхэд ядаж л хэлэлцээд авахыг зорьдог шүү дээ. 

-Тэр үнээн. АНДЭЗХА-г анхнаас нь л эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зорилгоор байгуулсан байдаг. Тийм учраас энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч орныхоо хувьд бид чухамхүү энэ зорилгод нь буюу эдийн засаг, нийгэм-эдийн засгийн шинжтэй асуудлуудад анхаарлаа хандуулахыг зорьсон. АНДЭЗХА-г байгуулахдаа ирээдүйд дэлхийн эдийн засгийг либералчлах зорилго тавьсан юм билээ. Владивостокт болж буй энэ арга хэмжээн дээр бид уг асуудлыг голчлон хэлэлцэх санаатай байна.

Энэ асуудал манай улсын хувьд үнэнхүү чухал гэж үзсэний үндсэн дээр би таван жилийн өмнө энэхүү уулзалтыг манай улсад буюу ОХУ-д явуулахыг санал болгож байлаа. Учир нь манай улсын нутаг дэвсгэрийн 2/3 нь Ази тивд оршиж байна. Тэгсэн атал манай бараа эргэлтийн 50 гаруй хувь нь Баруун Европт, харин Ази тивд ердөө 24 хувь ногдож байна. Гэтэл Ази бол асар хурдтай хөгжиж буй тив. Үүнийг бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас бид юуны өмнө, эдийн засагт тулгамдаж буй асуудал буюу дээр миний хэлснээр, дэлхийн эдийн засгийн либералчлалд болон зам тээвэр, хүн төрөлхтний хүнсний аюулгүй байдлын асуудлуудад гол анхаарлаа төвлөрүүлэх зорилготой байна. Өнгөрөгч онд өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо 200 саяар эрс нэмэгджээ. Ингэснээр дэлхий дээр хүнсний хомсдолтой нүүр тулж буй хүний тоо тэрбумд хүрлээ. Хүмүүс өлсч байна. Тийм учраас эдгээр болон хүн төрөлхтний хамгийн чухал, эмзэг асуудлууд энэ уулзалтын ярианы гол сэдэв байх болно гэж бодож байгаа.

Сири болон бусад “халуун цэг”-ийн тухайд гэвэл дээд хэмжээний уулзалтын туршид эсвэл хоёр талын уулзалтаараа ч юм уу ямар нэгэн байдлаар энэ сэдвийг зайлшгүй хөндөж ярилцана. Энэ асуудлыг орхигдуулахгүй.

-Гэхдээ ямар нэгэн бодит үр дүнд хүрэх ёстой юм биш үү. Иймэрхүү уулзалтын үеэр үр ашиггүй хоосон ярианд олон цаг үрдэг юм биш байгаа даа?

-Би саяхан Мексикт “Их 20”-ийн уулзалтад оролцоод ирлээ. Ер нь ийм төрлийн арга хэмжээг туслахууд, сайдууд, өндөр төвшний мэргэжилтнүүд бэлддэг. Гэлээ гэхдээ нэлээд олон асуудал уулзалтад оролцож буй төрийн тэргүүд, төлөөлөгчдийн ахлагч нарын анхаарлын төвд ямар нэгэн байдлаар орчихдог. Сая Мексикт ч бас тэглээ. Хүмүүсийн санал бодол хэрхэн зөрчилдөж буйг анхааран ажиглалаа, мэтгэлцээнд нь ч оролцлоо. Владивостокт ч бас иймэрхүү мэтгэлцээн өрнөх байх. Хамгийн гол нь урт хугацааны туршид буюу албаны хэллэгээр бол өдөр тутмаа байг гэхэд жил бүр, улирал бүр ярьж хэлэлцсэний эцэст худалдааны либералчлал гэх зэрэг эмзэг салбаруудад хэрэгжүүлж болох тодорхой шийдвэрт хүрдэг. Худалдааны либерачлал гэхэд л сая, сая хүнд хамааралтай асуудал шүү дээ.

Дэлхийн худалдааны байгууллагын танхимд ямархуу мэтгэлцээн өрнөдгийг та мэдэх байх. Манай улс ДХБ-ын бүрэн эрхт гишүүн болсонтой холбоотойгоор энэ удаагийн АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалт бидний хувьд маш чухал. Өнгөрсөн хугацаанд бид ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж явсан Беларусь, Казахстан улсуудтай хамтарч Гаалийн холбоог байгууллаа. Мөн Эдийн засгийн нэгдмэл орчинг бий болгосон тул үүнийг түншүүддээ ойлгуулах нь чухал байна. Өмнөх харилцаа, холбоон дээрээ түшиглэн ийнхүү нэгдэх нь бидний хамтын ажиллагаанд ямар давуу талуудыг бий болгож байгаа талаар бид тайлбарлахыг хүсч байна. Дээрх байгууллагуудыг ДХБ-ын зарчмууд дээр суурилан байгуулсан гэдгээ хэлмээр байна.

-Дэлгэрэнгүй тайлбарласанд баярлалаа. Хоёулаа АНДЭЗХА-ны талаарх сэдэв рүүгээ хожим эргэж орно. Өдгөө дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд буй бас нэгэн чухал асуудлыг та хөндлөө. Сүүлийн жил хагасын хугацаанд Сири улсад аймшигт явдал өрнөөд байна. Энэ хугацаанд ОХУ-ын байр суурь өөрчлөгдсөнгүй. Сирийн ард түмэн дотроо хэлцэл, тохироо байгуулж өөрсдөө ирээдүйгээ тодорхойлох хэрэгтэй, гадаадын улс орон тэдний асуудалд оролцох ёсгүй гэж та хэлж байсан. Уул санаа нь сайхан боловч энэ улсад хүмүүс өдөр алгасахгүй амиа алдаж байна. Тэгвэл одоо үгээ хойш тавьж ажил хэрэгтээ орох цаг болсон юм биш үү. Магадгүй, ОХУ байр сууриа эргэн харах хэрэгтэй болсон юм биш биз? 

-Яагаад зөвхөн ОХУ өөрийн байр сууриа эргэн харах ёстой гэж. Энэ асуудал дээр хэлэлцээ хийж байгаа түншүүд маань харин өөрийн байр сууриа эргэн харж болохгүй юу. Сүүлийн хэдэн жилийн дотор өрнөсөн үйл явдлуудыг эргэн харахад түншүүдийн маань санаачилгууд тэр бүр өөрсдийн нь хүсч байсан үр дүнг харуулаагүй л байдаг шүү дээ.

Үймээн самуун дэгддэг орнуудыг авч үзье. АНУ дангаараа, хожмоо холбоотнуудтайгаа Афганистанд хүч түрэн орж байлаа. Өдгөө тэндээс яаж гарах ухаанаа бүгд л олохгүй байна. Тиймээс бид өнөөдөр энэ улсаас хүн болоод техникийг нь яаж гаргах вэ гэдгээр л ярилцдаг боллоо.

Энэ улсад байдал тогтворжино гэсэн итгэл танд байна уу. Юутай ч, хэнд ч ийм итгэл алга.

Тэгвэл Арабын орнуудад яаж байна. Тийм ээ, Египет, Ливи, Тунис, Йеменд юу болсныг бид цөм мэднэ. Тэглээ гээд өнөөдөр эдгээр газар хэв журам тогтож, сайхан аж төрөл бий болов уу. Иракт гэхэд л бас юу болж байна, тийм биз дээ.

Ливийг хар. Өнөөг хүртэл овог, аймгуудын нь хооронд бараг зэвсэгт тэмцэл өрнөж байна. Ливид төр засаг нь яаж солигдсоныг энд ярихаа больё. Энэ бол тусдаа яриа. Тэгвэл бидний санааг юу хамгийн ихээр зовоож байна вэ. Би үүнийг дахин хэлье. Мэдээж хэрэг, Сири улсад хүчирхийлэл газар аваад байгаа нь бидний сэтгэлийг ихэд зовоож байна. Гэлээ гэхдээ тодорхой шийдвэр авч хэрэгжүүлсний дараа юу болох бол гэсэн асуудал түүнээс дутуугүй санаа зовж байна.

Бидний бодлоор, хүчирхийллийг нь зогсоож үймээн дэгдээгч талуудыг (ЗГ, босогчид буюу зэвсэглэсэн сөрөг хүчинг) хэлэлцээрийн ширээний ард суулгаж дөнгөх, дотоодын улс төрийн амьдралд нь оролцож буй бүх оролцогчдын аюулгүй байдлыг хангаж чадахуйц ирээдүйг тодорхойлж өгөх нь нэн тэргүүний асуудал бөгөөд эдгээр арга хэмжээг авсны дараа л энэ улсын дотоод зохион байгуулалтын тал дээр бодитой алхмуудыг хийх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Эдгээр оронд өөрчлөлт шинэчлэл явуулах хэрэгтэй гэдгийг бид сайн мэдэж байгаа. Гэвч цус асгаруулж байж тэрхүү өөрчлөлтийг авчирна гэсэн үг биш шүү дээ.

-Тэгвэл Сирид үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл, дараагийн алхам нь юу байх ёстой вэ. Үйл явц хэрхэн өрнөнө гэж та таамаглаж байна вэ?

-Бид түншүүддээ Женевт цугларч энэ асуудлаар хэлэлцэх тухай саналыг тавьсан. Тэд саналыг хүлээж авмагцаа шуурхай цуглацгаасан. Ингээд Сирид энх тайван тогтоож, хөгжлийн замд нь оруулах ам зургийг боловсруулсан. Ерөнхийдөө бүгд бидэнтэй санал нийлсэн учраас бид тэдгээр арга замаа Сирийн Засгийн газарт танилцуулсан. Гэтэл босогчид сүүлдээ дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхийг хүсээгүй учраас түншүүдийн маань олонх нь яваандаа байр сууриа өөрчилсөн.

Миний бодлоор, асуудлыг шийдэх эхний алхам нь үймээн самуун дэгдээд байгаа энэхүү бүс нутагт зэвсэг нийлүүлэх явдлыг зогсоох ёстой. Гэтэл энэ явдал үргэлжилсээр байна. Тус улсад өрнөж буй үйл явдалд нийцэхгүй, аль нэг талын нь хүсэлтийг давууд үзсэн шийдвэрийг огт гаргахгүй байх ёстой гэдгийг би давтан хэлье. Ингэх л хэрэгтэй байна. Энийг хэрэгжүүлэхэд онцгой хэцүү юм огт байхгүй. Бурхны авралаар, бид Арабын орнуудтай найрсаг харилцаатай улс. Тиймээс ислам шашнаас үүдэлтэй дотоодын асуудалд нь хошуу дүрж, суннит, шиит, алавит гэх зэрэг бусад шашинтнуудын дунд үүсээд буй үл ойлголцолд хөндлөнгөөс оролцох сонирхол алга. Бид хэн хэнд нь ч ижил хэмжээгээр хүндэтгэлтэй харьцдаг. Саудын Арабтай ч бас бид их сайхан харилцаатай. Исламын хоёр шүтээнийг хадгалагч (Саудын Арабын ван.Орч)-тай болон бусад орны удирдагчтай би хувийн сайхан харилцаатай хүн. Бид олон жилийн туршид эерэг хөгжлийг бүрдүүлж чадахуйц таатай нөхцлийг бий болгох гэсэн нэг ижил хүсэлтэй хүмүүс.

-Та НҮБ-ын талаар, тэр дундаа Сирийн асуудлаарх НҮБ-ын байр суурийн талаар ямар бодолтой явдаг вэ? Нэгдмэл байр суурийг илэрхийлэх боломжоор хангаагүй учир нэр төдий байгууллага болж хувирлаа хэмээн олон хүн шүүмжилж байна. Та энэ шүүмжлэлтэй санал нийлэх үү?

-Би үүний эсрэг бодолтой явдаг. Миний бодол таны хэлснээс тэс өөр. Хэрэв НҮБ болон Аюулгүйн зөвлөл нь аль нэг талын ашиг сонирхлыг дэмжин тамга дардаг байгууллага болж хувирсан бол оршин тогтнож чадахгүй байх байсан. Үндэстнүүдийн Лиг нэгэн цагт ийм л байдалд орсны улмаас задарсан. Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон ер нь НҮБ бүхэлдээ харилцан зөвшилцөх арга замыг эрэлхийлэхэд зориулагдсан байгууллага. Энэ их хүнд ажил, гэвч чухамхүү ийм урт хугацааны, няхуур ажлын эцэст л бид амжилттай үр дүнд хүрч чадна.

-Таныг ойлгож байна. Бас нэг асуулт байна, ноён Ерөнхийлөгч өө. Арабын зарим нэг улс өнөөдрийг хүртэл Сирийн чөлөөт армид нууцаар дэмжлэг үзүүлсээр ирсэн. Өдгөө зарим нь бүр ил цагаан үзүүлдэг боллоо. Гэвч Сирийн чөлөөт армид “Аль-Каида” бүлэглэлийн дайчид хүчин зүтгэдэг гэсэн сэжиг байгаа нь байдлыг өөр өнцгөөс харахад хүргэж байна. Өөрөөр хэлбэл, алан хядах ажиллагааны аймшигт хор хохирлыг мэдэрсэн улс орнууд өөрсдөө Сирид алан хядах ажиллагаа явуулах ажлыг нэг ёсондоо дэмжээд байгаа юм биш үү. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хэн нэгэн нь тухайн нөхцөл байдалд хамгийн зөв гэж үзсэн аргаа хэрэгжүүлэхдээ мөнгө хөрөнгөндөө гар татаад байдаггүй гэдгийг та мэдэж байгаа биз ээ. Хэрэгцээтэй үр дүндээ хүрэхийн тулд бүх боломжоо ашиглахыг хичээдэг. Хэрэгжүүлэх арга замынхаа явцад дараа нь юу болох бол гэдгээ огт тооцоолдоггүй. Афганд байдал хурцдаж ЗХУ өөрийн Зэвсэгт хүчнээ Афганистанд оруулах үед ийм явдал тохиолдож байсан. Өнөөгийн манай түншүүд уг улсад босогчдын хөдөлгөөнийг дэмжсэнээр “Аль-Каида”-г үүсгэхэд нэг ёсондоо нөлөөлсөн. Сүүлд АНУ руу өөр рүү нь тэрхүү бүлэглэл довтолсон шүү дээ.

Өнөөдөр хэн нэгэн нь “Аль-Каида”-ийн дайчдыг эсвэл өөр бас л ийм туйлын үзэлтэй байгууллагын хүмүүсийг Сири дахь ашиг сонирхолдоо ашиглахыг хүсч байж болох юм. Тийм бол Гуантанамогийн хаалгыг нээгээд бүх хоригдлыг нь Сири рүү аваачаад хаячихаач. Хоорондоо байлдаж л байг. Бодит амьдрал дээр ийм л явдал өрнөөд байна шүү дээ. Эдгээр иргэн хожмоо эргээд өөрийн ивээн тэтгэгчид рүүгээ чулуу нүүлгэнэ гэдгийг л хэзээ ч мартаж болохгүй. Харин чулуу нүүлгэсэн этгээдүүд өдгөө Кубын ойролцоо байгуулагдсан шоронтой ижил нөхцөлтэй хорих газар ачигдана гэдгээ мартаж болохгүй. Дахин хэлэхэд, энэ бол хэтийн ирээдүйгээ харж чадаагүй бодлого. Асуудалд ингэж хандах нь маш хортой үр дагаварт хүргэдэг жамтай.

-Тэгвэл асуудлыг ганц Сири улс дээр ярилгүй илүү өргөн хүрээтэй авч үзье. Сирид иргэний дайн болж байна. Бахрейн, Саудын Арабт үймээн намжихгүй байна. Тийм ээ, таны хэлснээр Египет, Ливи, Тунист байдал арай намжмал байгаа. Гэвч Ойрхи Дорнодод өрнөсөн энэ олон эх захгүй явдлыг нэгтгэж үзвэл сайны ёр уу, муугийн ёр уу. Энэ бүс нутгийн ирээдүй цаашдаа ямар байх бол?

-Энэ асуудлын талаар үүр цайтал ярьсан ч багадах байх. Миний хувьд, энэ үйл явдлуудыг тэдгээр орны хөгжил, түүхийн нь явцад бүрэлдэн бий болсон асуудал гэж үздэг. Эдгээр орны удирдагчид өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болсныг олж харж чадаагүй байсан нь илт. Улс оронд нь болон дэлхий дахинд өрнөж буй үйл явдлуудыг мэдэрч чадсангүй. Тийм учраас цаг тухайд нь шаардлагатай шинэчлэлтүүдийг явуулсангүй. Ийм л шалтгаануудын улмаас дээрх нөхцөл байдал үүссэн. Харин энэ нь сайны ёр уу эсвэл маш том асуудалд хүргэх үү гэдгийг одоогоор хэлэхэд хэцүү байна.

Ийм бүдүүлэг аргаар, тэр их хэмжээний хүчирхийллээр асуудлыг шийдсэн нь лав л өнөөдрийн байдлаар тэдгээр улсын эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдэж чадах улс төрийн тогтвортой бүтцийг бий болгоход хүргэж чадсангүй. Үүний улмаас асуудал цаашдаа хэрхэн өрнөх бол гэхээс асар их айдас, түгшүүр бий болоод байна. Учир нь эцсийн эцэст, өмнөх дэглэмээсээ залхсан ард иргэд шинэ засгаасаа нийгэм, эдийн засгийн асуудлыг нь шийдэж өгнө гэж хүлээж байгаа. Гэвч улс төр нь тогтворжоогүй цагт эдгээр асуудал шийдэгдэхгүй болов уу.

-Хоёулаа АНУ болон удахгүй болох гэж буй Ерөнхийлөгчийн сонгуульд нь анхаарлаа хандуулбал ямар вэ. Энэ сонгуулийг бид сэтгэл догдлон хүлээж сууна. ОХУ, АНУ-ын хоорондын харилцааг “шинээр ачаалах” товчийг Барак Обама дарсан нь яах аргагүй үнэн. Тиймээс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд энэ харилцаанд уналт, хөгжил аль аль нь байлаа. Гэсэн хэдий ч ОХУ-ын санааг зовоож буй ПРО буюу Зүүн Европт Пуужин эсэргүүцэх хүчнийг байршуулах асуудал шийдэгдэхгүй удаж байна. Хэрэв Обама Ерөнхийлөгчөөр эргэн сонгогдвол Орос-Америкийн харилцааны түүхэнд ямархуу байр суурь эзлэх бол. Мөн та бүхэн түүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхийлөгч Обама болон Ерөнхийлөгч Медведев нар Орос-Америкийн харилцааг бэхжүүлэх тал дээр олон зүйлийг хийсэн гэж би үздэг. Довтолгооны чанартай стратегийн зэвсгийг хязгаарлах тухай гэрээ байгуулсан, АНУ-ын дэмжлэгтэйгээр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагын бүрэн эрхт төлөөлөгч болсон гээд манай хоёр орны хоорондын харилцаанд олон эерэг үзүүлэлт бий болсон. Ингэснээр алан хядах ажиллагаа болоод зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үйлст, мөн үй олноор хөнөөх зэвсгийг хорогдуулахын төлөөх хамтын ажиллагаагаа бэхжүүллээ. Энэ мэт багагүй олон эерэг үр дагавар бий болсон. Гэвч таны дурдсан ПРО буюу Америкийн пуужин эсэргүүцэх хүчний тухай асуудал нь өнөөг хүртэл шийдэгдээгүй гол асуудлын нэг болоод байна. Учир нь энэ нь ОХУ-ын амин чухал ашиг сонирхлыг хөндөөд байгаа юм. Шинжээчдийн төвшинд авч үзвэл, нэг талыг баримталсан шийдвэр нь олон улсын тогтвортой байдлыг сайжруулж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Нэг ёсны стратегийн тэнцвэрийг алдагдуулахыг зорьж байна гэж ойлгогдоно. Гэтэл энэ чинь маш аюултай. Бусад орнууд ч бас өөрийн батлан хамгаалах чадвараа хөгжүүлэхийг зорих болно. Ингээд зэвсэг хөөцөлдөж эхэлнэ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр Обама хоёр дахь удаагаа сонгогдвол уг асуудлыг шийдэж чадах уу. Зарчмын хувьд бол тийм. Гэхдээ асуудлын гол нь зөвхөн Ерөнхийлөгч Обамад байгаа юм биш. Миний бодлоор, Обама энэ асуудлыг шийдэхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа.

Саяхан Мексикийн Лос-Кабост болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд бид хоёрт уулзах боломж олдсон юм. Үнэнийг хэлэхэд, гол төлөв Сирийн тухай ярилцсан хэдий ч би түншийнхээ сэтгэлийг мэдэрч байсан. Надад Обама юманд чин сэтгэлээсээ ханддаг, олон зүйлийг үнэхээр эерэг тал руу нь эргүүлэхийг хүсдэг хүн шиг санагдсан. Гэвч тэр хүн санасан бүхнээ хэрэгжүүлж чадах уу, түүнд ийм боломжийг олгох болов уу. Түүний дор цэргийн бүлэглэл болон хангалттай хүчтэй бүрэлдэхүүнтэй Төрийн департамент байна. Дашрамд хэлэхэд, Америкийн Төрийн департамент нь манай Гадаад хэргийн яамнаас цөөн зүйлсээрээ л ялгардаг. Уг байгууллагад хэдэн арван жилийн дотор мэргэжлийн олон бүлэглэл үе дамжин бүрэлдсэн. Гэтэл Пуужин эсэргүүцэх хүчний асуудлыг шийдэхийн тулд бие биедээ найдвартай түнш, холбоотон нь болж байна гэдгээ дотроо ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Учир нь ПРО-ийн асуудлыг шийднэ гэдэг чинь өөрөө юу гэсэн утгатай вэ. Энэ чинь пуужингийн аюулаас хамгаалах асуудлыг хамтдаа шийдэж, энэхүү системийг удирдах ижил хэмжээний эрхтэй болно гэсэн үг. Батлан хамгаалахын тун мэдрэмтгий салбар нь энэхүү ПРО юм. Харин түншүүд маань ингэж хамтарч ажиллахад бэлэн байгаа эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна.

-Хоёр талд харилцан ашигтайгаар шийдвэр гаргахын төлөө ОХУ ямар нэгэн тодорхой алхам хийж чадах уу. Буулт хийх үү?

-Бид чадах бүхнээ хийсэн. Энэ саналаа ч хэлсэн. Гэвч түншүүд маань татгалзсаар байна. Цаашдаа бид юу хийж чадах вэ. Яриа хэлцлээ үргэлжлүүлж болох юм. Угаасаа ч хэлцлээ явуулсаар байх болно. Гэхдээ Америк нөхөд маань пуужин эсэргүүцэх хүчнээ хэр зэрэг хөгжүүлж байгаагаас хамааран тэр хэмжээнд нь ярилцах болно. Учир нь үүнтэй холбоотойгоор өөрийгөө яаж хамгаалах вэ, стратегийн тэнцвэрээ хэрхэн хадгалах вэ гэдгээ бодолцох шаардлага бидэнд тулгарна.

Харин Европ түншүүдийнхээ талаар зөв ойлголт өгөхийн тулд хэлэхэд, европчууд энэ асуудалд ямар ч хамаагүй юм шүү. Европ хүнийхээ хувьд та үүнийг сайн ойлгож байгаа байх. ПРО бол цэвэр Америкийн пуужин эсэргүүцэх систем. Тэр дундаа стратегийн чанартай бөгөөд тив алгасан Европт байршуулах гэж байна. ОХУ-ын нэгэн адил европчууд энэ системд нэвтрэх эрхгүй, аюулыг нь тодорхойлох боломжгүй байгаа. Бид энэ асуудалд ядаж гурван тал болж оролцъё гэсэн саналыг цагтаа тавьж байсан ч түншүүд маань зөвшөөрөхгүй байсаар байна.

-Өөрөөр хэлбэл, Барак Обама эргэж сонгогдвол та бүхэн түүнтэй хамтарч ажиллаж чадна гэж ойлгож болох нь. Харин Митт Ромни сонгогдвол яах вэ. Сүүлийн нэг, хоёр сарын дотор түүний хэлсэн үгсийг би цуглуулж үзлээ л дээ. Цагаан ордонд ажиллаж магадгүй гэх энэ эрхэм “ОХУ бол яриа байхгүй манай геополитикийн номер нэг дайсан. Энэ дэлхийн хамаг муу бүхнийг хамгаалдаг улс” гэсэн байх юм. Мөн “ОХУ олон улсын тавцан дээр найрсаг бус байдлаа харуулж байна” гэж онцолсон байна. Та ийм хүнтэй хамтарч ажиллаж чадах уу? 

-Чадна. Америкийн ард түмэн хэнийгээ сонгоно, түүнтэй нь бид ажиллах л болно. Гэхдээ түншүүдийнхээ хүсэлтэд нь тааруулан тэр хэмжээний үр ашигтай ажиллах болно.

Харин ноён Ромнигийн илэрхийлсэн байр суурийн тухайд гэвэл, сонгуулийн үеэр хэлсэн үгс учраас сонгуулийн шинж чанартай гэдгийг бид ойлгож байна. Гэхдээ түүний бодол яриангүй буруу гэж бодож байна. Учир нь олон улсын тавцан дээр ийн загнах нь эх орныхоо дотоод улс төрд үндсэрхэг үзлийг дэлгэрүүлэх, хүмүүсийг ялгаварлан гадуурхах үрийг тарьсантай ижил зүйл юм. Үүнийг ингэж жишин ойлгох хэрэгтэй. Аливаа орны, тэр дундаа АНУ шиг агуу улсын тэргүүний суудалд горилж буй хүн эсвэл улстөрч нэгэн тэрхүү суудалдаа тухлаа ч үгүй байж хэн нэгнийг дайснаараа зарлана гэж байх уу. Ингэхэд үүнтэй холбоотойгоор нэг бодол орж ирлээ.

Бид пуужин эсэргүүцэх хүчин гэж яриад байна. Харин америк түншүүд маань “Энэ чинь та нарыг эсрэг биш” гэж хэлдэг. Гэтэл манай улсыг номер нэг дайснаа гэж үзэж байгаа ноён Ромни АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол яах вэ. Хэрэв тэгвэл тэрхүү пуужин нь бидний эсрэг болж таарна аа даа. Учир нь технологийн талаасаа бүгдийг нь тэгж зохион байгуулсан байгаа.

Тэгээд ч ПРО-г ганцхан жилийн хугацаанд бус хэдэн арван жилийн туршид ажиллуулахаар бэлтгэсэн байгаа гэхээр ноён Ромни шиг үзэл бодолтой хүн төрийн эрхэнд гарах магадлал өндөр байгаа биз дээ. Тэр тохиолдолд аюулгүй байдлаа хангахын тулд бид яах ёстой болж байна вэ?

 

Үргэлжлэл бий