Нөхөр Ленин муу хүн

Posted on September 10, 2012

0


Английн түүхч Роберт Сервис Оросын хувьсгалын удирдагчийн тэс өөр төрхийг харуулахыг зорьжээ. Ленин хүмүүжил муутай, хаан мэт аяглаж шаралхуу байсныг нь 1917 онд цөллөгөөс хэрхэн эргэн ирсэн тухай түүх нь нотлон харуулдаг ажээ.

1870-1924 онд амьдарч байсан Лениний намтрыг Роберт Сервис 12 жилийн өмнө бичиж Англидаа хэвлүүлж байсан бол өдгөө франц хэлээр орчуулагдан гарлаа. Энэ зохиолоос өөрчлөн байгуулалтын үнэр ханхалдаг. Оксфордын профессор болох энэ эрхэм 1990-ээд оны эхэн үед эхлээд Михаил Горбачёвоос, дараа нь Борис Ельцинээс тус тус зөвшөөрөл авч Улс төрийн товчоо, Намын төв хорооны хурлуудын тэмдэглэлүүд болон Октябрийн хувьсгалын эцэг Лениний дурсамж, найз нөхөддөө илгээж байсан захидал зэрэг бичиг баримтуудтай танилцсаны үндсэн дээр Владимир Ильич Ульяновын хурц бөгөөд эрс тэс шийдэлтэй хөргийг нь бүтээж Лениний талаарх хэвшмэл ойлголтыг эвдэж чаджээ.

Түүний бодлоор Ленин ямар хүн байв. Амьжиргаа сайтай айлын хүмүүжил муутай хүү. Газар тариаланг эн тэргүүнд тавьдаг социализм болон терроризмаар өсвөр насандаа өвчилсөн хүү. Ээж, эгч нар гээд ер нь л эмэгтэйчүүдийг боол мэт үзэн захирч явсан нэгэн. Өвчин тусах вий гэхээс сүнс нь гарчих шиг шахдаг аймхай. Хэзээ ч дэлбэрч мэдэх мэдрэлийн эсийн бөөгнөрөл. 1887 онд хааны биед халдсан гэмт хэрэгт буруутгагдан дүүжлэн хороогдсон Александр ахынхаа үхлийг насан туршдаа мартаж чадаагүй хүн. Харандааг сайн үзүүрлээгүйн төлөө дотны хүнээ хөнөөж чадах сэтгэцийн өвчтэй нэгэн…

Хэрэв Ленин энгийн нэг хүн байсан бол дээрх шинж чанарууд нь олны анхаарлыг тэгтэл татахгүй байсан биз ээ. Гэвч энэ хүн коммунизм хэмээх шинэ байгууллын эх үүсвэрт баттай зогсч байсан агуу нэгэн. Түүний дотор хүн, хувьсгалч гэсэн хоёр шинж чанар хослон оршиж байжээ хэмээн Роберт Сервис бичсэн байдаг. 1917 онд ясны хувьсгалч Ленинийг үймээн самуун дэгдээд байсан Петроград руу саадгүй хүрэхэд нь туслах зорилгоор германчуудын илгээсэн битүүмжилсэн галт тэргэнд болсон явдал түүний тэрхүү зан чанаруудыг нь нотлон харуулдаг ажээ.

Номын хэсгээс товчхон

“Д” өдөр болов (1917 оны гуравдугаар сарын 27-ны өдөр). Ленин хамсаатнуудын хамтаар “Царингерхоф” зочид буудлыг орхин Цюрих хотын галт тэрэгний буудалд хүрэлцэн ирж Шаффхаузен хотыг зорьжээ. Энд тэднийг Германы галт тэрэг угтан зогсч байв…

Тэдний аяллын маршрутыг нарийн төлөвлөсөн байлаа. Галт тэрэгний шалан дээр шохойгоор “Германы хил”, “Оросын хил” гэсэн зааг зурсан байсан тул Германы хоёр офицер уг хилийг үл зөрчин галт тэрэгний сүүл хэсэгт зогсч явав. Галт тэргэнд орох хаалганы гурвыг нь битүүмжилж, офицерүүдийн амралтын өрөөний дэргэдэх хаалга л түгжээгүй байв. Өөрөөр хэлбэл, галт тэрэгний зорчигчид ертөнцөөс бүрмөсөн таслагдчихаагүй байснаар үл барам тэд зам тосон суусан бусад зорчигчтой заримдаа ярьж хөөрч явжээ…

Бүх зүйл төлөвлөсний дагуу явж байсан ч амгалан тайван байдал гэдгийг огт мэддэггүй Ленин хамт явж байсан нөхдийнхөө ааш, аяганд дургүй нь хүрч явав. Уг нь нөхөд нь Ленинийг юмаа тайван бичиг гэж бодон Надятай цуг тусдаа өрөө авахыг ятгаж дийлсэн боловч хажуу өрөөнд нь Радек (Большевист намд байгуулагдсан өдрөөс нь эхлэн зүтгэж, 1937 онд хэлмэгдлийн золиос болсны улмаас Уралын нэгэн хорих газарт гал хамууддаа зодуулан нас барсан), Инесса Арманд (Москва хотноо хөрөнгөтний гэр бүлд өссөн энэ франц бүсгүй нэгэн цагт Ленинтэй дотно харилцаатай явсан, 1920 онд 46 насандаа булчин задрах тахлын улмаас өөд болсон http://rus.ruvr.ru/2011/02/24/45987852.html) болон Григорий Сафаров (Большевист намд идэвхтэй зүтгэж Туркестаны Коммунист намыг үүсгэн байгуулахад гар бие оролцож явсан) залуухан эхнэр Ольга Равичийн хамт байрласан байсан тул нэлээд шуугиантай явцгааж байжээ. Хоолойныхоо чадлаар дуу дуулж, заримдаа Радекийн ярьсан онигоонд хөхрөлдөн явав. “Боож үхэхэд” бэлэн байсан Ленин цаг орой болсон хойно тэдний өрөө рүү шагайн Ольга руу баахан хашгирчээ. Хувьсгалч большевикийн зүгээс шударга бус явдал гаргасан анхны тохиолдол нь энэ байлаа. Учир нь инээд, наргианыг эхэлж үүсгэсэн хүн нь Ольга бус Радек байсан юм шүү дээ. Гэвч Ленин улс төрд ямар ч хамааралгүй энэ залуухан бүсгүйд л хамаг сүр хүчээ харуулж орхив. Ленин Инессатай бол ам мурийхаас зайлсхийдэг байсан. Зүрхний гүнд нууж яваа сэтгэлийн шархаа сэдрээхээс эмээдэг байсан болоод тэр. Юутай ч, Ольгаг хамгаалахаар босч ирсэн залуусыг хараад Ленин арай ч гар хүрэлгүй гарч оджээ.

Харин бие засах газрын тухайд тэрбээр ёстой бууж өгсөнгүй. Радек болон бусад тамхичид хамт яваа хүмүүсээ хүндлэн бие засах газарт тамхиа татдаг байв. Үүний улмаас галт тэрэгний хонгилд урт дараалал бий болж хүмүүсийг хэцүүхэн байдалд оруулдаг байсан аж. Тиймээс Ленин санаачилга гарган бие засах газар орох оновчтой хуваарийг гаргажээ. Цаасыг хувааж олон ширхэг сугалаа болгоод өөрөө биечлэн явж сугалуулсан байна. Энэхүү аргын ачаар тамхичид өдөрт татах тамхины тоогоо ч цөөрүүлсэн, урт дараалал ч бий болохоо болив. Хэнийг нь ч гомдоогоогүй, хөгжилтэй гэмээр энэ явдлаас Лениний ажиллах зарчим их тод харагддаг. Большевикуудын тэргүүн байсан энэ эрхэм нийгмийг социалист байгууллаар замнуулахад юуны өмнө хэрэглэгчдийн үнэлгээний төвлөрсөн систем, бараа таваар, үйлчилгээний хуваарилалт, тэдгээрийг хэрэгжүүлэх зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг байсан юм. Октябрийн их хувьсгалын дараа Ленин бүр давран өөрт нь таалагддаггүй бүх үйлдлийг хориглосон гэж хэлж болно. Харин Германаар аялж байх тэр үед Ленин ямар ч байсан биеэ барьж чаджээ.

Галт тэргэнд болсон дээрх явдлаас чухалчилж үзэх бас нэг зүйл бол Лениний тушаал өгч буй байдал. Тэгэхэд Ленин хувьсгалт засгийг удирдаж чадах бүрэн боломжтой гэдгээ нотлон харуулсан гэдгийг Радек галт тэргэнд болсон явдлаар жишээ татан ярьж үлдээсэн байдаг…

Тэнгисийг гатлан Швед рүү хүрэх аялал амаргүй байсан. Хөлөг онгоц найгах бүрт олон зорчигчийн дотор муухайрч явав. Зиновьев (Лениний найдвартай анд, гэхдээ ажил хэргийн тал дээр түүнтэй байнга маргалддаг байсан. 1936 онд Сталины тушаалаар хороогдсон), Радек нарын ярьснаар зөвхөн Ленин тэр гурав л бөөлжсөө барьж чадсан аж. Нэг талаасаа онгирсон байж болох ч нөгөө талаас нь авч үзвэл үнэн байх магадлал өндөр. Энэ гурав хөлөг онгоцны тавцан дээр улс төрийн талаар ширүүхэн маргалдаж бүхий л цагаа өнгөрөөдөг байсан тул далайн өвчнийг ч анзаарах сөхөөгүй байсан байж мэднэ.

Треллеборгт хүрэлцэн ирэхэд нь Ханецкий Ленин тэргүүтэнд зориулан хүндэтгэлийн зоог барьжээ. Зочид идээ шүүс рүү улайран дайрцгаав. Ганхцан Ленин л биеэ барьж Орос орны өнөөгийн байдлын талаар сонирхон Ханецкийтэй ярилцаж байсан гэдэг. Маргааш өдөр нь Ленин тэргүүтнүүд галт тэргээр Стокгольмд хүрч очиход мөн л зоогонд уригджээ. Ленин тэгэхэд л анх удаа гадаадын улстөрчдийн дунд хүндтэй байр суурь эзэлдэг болсноо ойлгосон юм билээ. Стокгольм хотын дарга Карл Линдхаген түүнд хүндэтгэлийн зоог барьсан бол “Politiken” сонин эх орон руугаа буцаж яваа эдгээр цагаачийн талаар нийтлэл бичиж Лениний зургийг анх удаа олонд толилуулсан юм.

Шведүүдийн хүндэтгэл нь Большевикуудын намын нөлөө хэрхэн өсч явааг харуулсан таатай явдал болсон билээ. Радек ч гэсэн Ленинг аятайхан хувцаслаж явах хэрэгтэй болох нь гэдгийг дор нь ойлгож нэлээд зэвүүхэн өнгө аясаар “Магадгүй швед анд нөхдийн сайхан хувцаслалт нь Ильичийг ч бас хүн шиг харагдуулах юмсан гэсэн сэтгэлийг бидэнд бадраасан байх. Бид юутай ч ядаж шинэ гутал авахыг нь ятгаж дөнгөлөө. Ленин аяллын туршид аймшигтай том дэгээнүүд бүхий уулын гуталтай өнгөрөөлөө. Швед хэмээх хөрөнгөтөн улсын ой гутам хотуудын нь засмал замыг эвдэхийг санаархсан байж болно. Тэглээ гээд ийм хэрцгий тоноглолтой гутлаараа Петроградаар явна гэдэг хүн чанаргүй хэрэг гэж бид түүнийг шүүмжилж байсан. Тэртээ тэргүй өнөөдөр Петроградад засмал зам бараг үлдсэнгүй шүү дээ” гэж хэлсэн байдаг. Ингээд нөхөд нь дуун дээр нь өлгөн аваад Ленинийг дагуулан их дэлгүүр орж хувцас худалдан авч өгчээ. Түр Засгийн газартай ил тод тэмцэл явуулахад Лениний цоо шинэхэн хувцас тун тохирно гэж нөхөд нь үзсэн аж. Ийнхүү 1917 оны дөрөвдүгээр сарын 2-оос 3-нд шилжих шөнө Ленин тэргүүтэн Петроградын төвд орших “Финский” галт тэрэгний буудалд хүрэлцэн ирэв ээ…

 

http://rus.ruvr.ru/2012_08_30/Plohoj-tovarishh-Lenin/