2013 он хямралтай жил байх уу

Posted on September 10, 2012

0


Дэлхийн бараа, түүхий эдийн бирж дээрх үнийн индекс л энэ асуултад хариу болж чадах биз ээ. Харин тэрхүү индексийг урьдчилан тооцоолоход найдвар төрүүлэх зүйл тун бага харагдаж байна.

 

2013 оныг дэлхийн хямралын хамгийн хүндхэн жил байх болно гэсэн урьдчилсан таамаг гараад байна. Хямралын эхний үе нь хэдийнэ эхэлжээ. Тиймээс АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч хүндхэн асуудалтай нүүр тулах нь ойлгомжтой боллоо. Сонирхолтой нь, Тампа хотноо болсон Бүгд найрамдах намын их хурал дээр айсуй хямралын талаар огт дурдсангүй. Яах вэ, демократууд энэ асуудлыг хэрхэн шийдэхийг ирээдүй харууламз.

Энэ зун тохиосон цаг уурын онцгой үзэгдлийн улмаас хямрал үүсэх нөхцөл бүрэлдсэн билээ. АНУ-ын нутаг дэвсгэрийн бараг 80 хувьд нь ган боллоо. ОХУ, Австралийг ч бас ийм гамшиг нөмөрсөн.

Ган гачиг нь хөдөө аж ахуйн үндсэн ургамлуудын ургацад сөргөөр нөлөөлдөг. Урьдчилсан мэдээнээс үзэхэд, энэ онд үр тарианы ургацын гарц 1995 оноос хойшхи хугацаанд хамгийн бага нь байх нь. Тэр утгаараа үр тарианы үнэ өсч байна. Зөвхөн долоодугаар сард гэхэд л эрдэнэшиш, буудайн үнэ ойролцоогоор 25 хувиар, харин буурцагных 17 хувиар өсөөд байна.

Үр тарианы үнэ өссөнөөр тэдгээрээр хийдэг бүтээгдэхүүний өртөг өснө. Хөгжингүй орнуудын хэрэглэгчдийн хувьд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт илүү зардал төдийд тооцогддог. Тухайлбал, америкчууд татварын дараах орлогоосоо аравхан хувийг нь хүнсэндээ зарцуулдаг учраас тэр. Үүнд ресторанд зоог барих, баглаа боодолтой хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах зэрэг бүгд багтаад шүү дээ.

“Gallup” агентлагаас явуулдаг санал асуулгын дүнгээс үзэхэд, Америкийн дундаж гэр бүл 1969 онтой харьцуулбал орлогынхоо 1/3-ээс ч бага хувийг хүнсэндээ зарцуулж байгаа ажээ. Мэдээж хэрэг, үүнд инфляцийн төвшинг бодолцсон байгаа.
Харин хөгжингүй орнуудыг орхин гарахад нөхцөл байдал тэс өөрөөр харагдана. Хүнсний бүтээгдэхүүний өртөг нь бусад орны эдийн засгийн амьдралд ямар чухал үүрэгтэй болохыг бэлхнэ харж болно. Ядуу орны хүмүүс орлогынхоо тэн хагасыг “идэх юманд” үрж байгаа нь жам мэт. “Идэх юм” гэдэг ойлголтод юун түрүүнд талх орно.
“Financial Times” сонины мэдээлж байснаар, 2007-2008 онд үр тарианы үнэ өссөний уршгаар Гаитигээс өгсүүлээд Бангладеш зэрэг гуравдагч ертөнцийн 30 оронд “талхны (төлөөх) бослого” дэгдэж байлаа. Мөн 2010 онд ОХУ-ыг нөмөрсөн ган гачигийн улмаас тус улс үр тарианы экспортоо түр хугацаагаар зогсооход хүрч байсан нь магадгүй “арабын хавар” өрнөж эхлэх нэг шалтгаан болсныг үгүйсгэх аргагүй юм.
Ерөнхийлөгч Гамаль Абдель Насерийн үед Египетийн Засгийн газар иргэддээ талхны үнэ гэх мөнгөн тусламжийг хүртээдэг байлаа. Тэр үед томхон гамбир нь 1 орчим пеннигийн үнэтэй байв. Гэвч 2000 оны эцсээр Мубаракийн Засгийн газар үр тарианы үнийн өсөлтийг хүчирхэхээ больсон юм.

Учир нь 1950-1980 оны хооронд тус улсын хүн ам 20-иос 40 сая болтлоо өсч тэр хэрээрээ Египет нь буудайг ихээр импортолдог орнуудын жагсаалтыг тэргүүлдэг болов. Гэтэл 2007-2010 онд ажиглагдсан үр тарианы үнийн өсөлт нь Мубаракийн Засгийн газрын мэдлийн нөөц хөрөнгөөс давсан үзүүлэлтийг харуулжээ. Хямд үнэтэй талх нүдний гэм болж ард түмэн бухимдаж эхэлсэн. Харин цааш юу болсон талаар сэтгүүлч Жон Брэдли ийн өгүүлжээ. Тэрбээр Египетэд олон жил амьдарсан, араб хэлтэй нэгэн бөгөөд өнгөрөгч наймдугаар сарын 18-нд Английн “The Spectator” сэтгүүлд бичсэн өгүүлэлдээ “Хүн амын өчүүхэн хувийг нь эзэлдэг Каирын сэхээтний давхаргын англи хэлтнүүд барууны андуудтайгаа аяга тагш юм хуваан уухдаа ярьдаг сэдвүүд нь ард түмнийн нь бухимдан дуугарч буй сэдвээс эрс ялгарч байв… Тунисст хувьсгал өрнүүлсэн хүмүүсийн адилаар богино хугацаанд шинэчлэлийг явуулснаар хүнсний бүтээгдэхүүнтэй золгоно гэсэн итгэл найдвардаа хөтлөгдсөн хүмүүс Тахририйн талбайд цугалсан байлаа” гэж бичжээ.

Тэгвэл хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэр тултал өсвөл яах вэ. Энэ тал дээр Хятад улс хамгийн өртөмтгийд тооцогддог. Зөвхөн 2011 оны долоодугаар сард гэхэд л энэ орны амьжиргааны өртөг 6.5 хувиар өссөн байв. Аз болж 2012 он гарсаар инфляцийн төвшин нэлээд буулаа. Хятадын Төвбанк АНУ-ын хаврын тариалалтад найдвар тээн зуны эхэн сард зээлийн хүүгээ бууруулсан. Хятадын эрх баригчид өдгөө хүндхэн сонголтын өмнө ирээд байгаа бөгөөд цаашдаа яах вэ гэдгээ эргэцүүлж сууна.

2011 оны “Арабын хавар”-ыг зарим тохиолдолд 1848 оны хувьсгалуудтай жишин үзэх нь бий. Тухайн зууны “өлсгөлөнгийн” гэх 40-өөд онд Европ даяараа олигтой ургац хураан авч чадаагүй учраас дээрх харьцуулалт оновчтой байж болох юм. Өлсгөлөн хүмүүс л ихэвчлэн бухимддаг, энэхүү бухимдал нь төр засгаа огцруулахад нөлөөлөх чадвартай байдаг билээ.

Энэ бүхний эцэст 2013 онд Бразиль, Хятад, Пакистан зэрэг оронд ард түмний бухимдал, эсэргүүцлийн жагсаал, хувьсгал болох уу гэдэг асуулт босч ирнэ. Дэлхийн бараа, түүхий эдийн бирж дээрх үнийн индекс л энэ асуултад хариу болж чадах биз ээ. Харин тэрхүү индексийг урьдчилан тооцоолоход найдвар төрүүлэх зүйл тун бага харагдаж байна.

http://rus.ruvr.ru/2012_09_05/Pochemu-2013-budet-krizisnim-godom/