Эзэнт гүрний эрдэнэс

Posted on September 13, 2012

1


Кох-и-Нор алмаазтай II Елизаветагийн титэм

-Махаража нарын үр сад алдарт “Кох-и-Нор” алмаазаа эргүүлж авахаар шүүхэд хандлаа-

Сикхийн эзэнт гүрний сүүлчийн махаражагийн үр сад Англид эзлэгдэх үедээ булаалгасан эрдэнэсээ эргүүлэн авахаар шийджээ. Тэд Английн хатан хааны титмийг өнөөг хүртэл чимж буй алдарт “Кох-и-Нор” алмаазаа, Сикхийн эзэн хаадыг өргөмжилж байсан алтан ширээгээ болон өсвөр насанд нь Шотланд руу цөлсөн сүүлчийн махаражагийн цогцосыг авахыг хүсч байна. Эдгээрийг эргүүлэн авч чадвал нэхэмжлэгч тал бүгдийг нь дэлхийн сикхийн шашны гол төв болох Энэтхэгийн Амритсар хот дахь Алтан сүмд хүлээлгэж өгөх хүсэлтэй байгаа ажээ.  

Амритсар хот дахь Алтан сүм

Өдгөө Амстердамд ажиллаж амьдарч байгаа 50 настай Жасвиндер Сингх Сандханвалиа (Jaswinder Singh Sandhanwalia)-гийн гэр бүлийнхэн шүүхэд хандаад байна. Эдгээр хүн түүхэн баримтыг түшиглэн сикхийн шашны сүүлчийн махаража асан Дулип Сингхийн удам мөн гэдгээ нотлохыг хүсч байгаа аж. Хэрэв үүнийг нь хүлээн зөвшөөрвөл Энэтхэг улс тусгаар тогтнолоо тунхагласан цагаасаа хөөцөлдөөд дийлэхгүй байгаа эрдэнэсээ эргүүлж авах боломж нээгдэх юм. Жасвиндер Сингхийн нэхэмжлэлийг Пенжаб мужийн нийслэл Чандигарх хотын шүүхэд авч хэлэлцэх аж. Энэтхэг улс Английн колончлолд орохоос өмнөх үед энэ мужийн нутаг дэвсгэр дээр Сикхийн эзэнт гүрэн оршиж байжээ.

Жасвиндер Сингхийг махаража нарын үр сад гэдгийг нь нотлох хамгийн гол бөгөөд цорын ганц баримт нь өвгөдөөс нь сүүлчийн махаража Дулип Сингхт хаяглан илгээж байсан захидал юм. 1889 оны нэгдүгээр сарын 7-нд бичсэн гэх уг захидлыг “Sunday Telegraph” сонины сэтгүүлчээр ажиллаж байсан Кристи Кэмпбелл (Christy Campbell) “Махаражагийн авдар” хэмээх түүхэн зохиолдоо ашиглах баримтуудыг хайж байхдаа архиваас олж илрүүлсэн юмсанж. Энэхүү зохиол нь 2002 онд олны хүртээл болсон байдаг.

Захидлыг Сандханвалиа удмын гурван хүн бичсэний дотор Жасвиндерийн элэнц өвөг байсан бөгөөд энэ хүн сүүлчийн махаража Дулип Сингхийн үеэл ах нь байжээ. Уг захидалд махаража нарын төр барих эрхийг сэргээн авах зорилгоор англичуудын эсрэг бослого гаргахаар бэлтгэж буй тухай өгүүлдэг байна. Үүнтэй холбоотойгоор, хуйвалдааныг зохион байгуулагчид Дулип Сингхийг хөлсний 20 мянган цэргийн хамт Энэтхэгт эргэж ирэхийг хүссэн байдаг ажээ. Учир нь 1857-1859 онд хийсэн сипайчуудын бослого амжилт олоогүйн улмаас энэтхэгчүүд шинэ бослого гаргах зүрх нь хүрэхгүй гэж хуйвалдагчид үзэж байв.

Харин Жасвиндер Сингхийн хувьд уг захидалд дурдсан ганц үг нь л их чухал байгаа аж. Захидлын эзэд махаражад хандан өөрсдийг нь өв залгамжлагчаараа томилсонд гүнээ талархаж буйгаа илэрхийлсэн хэсэг юм. Чухамхүү энэ хэсгийн ачаар Жасвиндер англичуудаас сикхүүдийнхээ эрдэнэсийг, тэр дундаа юун түрүүнд алдарт “Кох-и-Нор” алмаазаа эргүүлж авах найдлага тавьж байгаа аж. “Кох-и-Нор” гэдэг үгийг фарси (перс) хэлнээс орчуулахад “гэрлийн уул” гэсэн утгатай бөгөөд чухам аль улсын өмч болох тухай маргаан нь Англи, Энэтхэгийн албан уулзалтуудыг сүүдэрлэсээр ирсэн билээ.

Тэрхүү алмаазын гарал үүслийг баттайгаар нотлох баримт үгүй. Энэтхэгийн өмнөд мужид оршиж байсан Голкондын эзэнт гүрнээс олдсон гэж үздэг. Зарим хүн болохоор “Махабхарата” хэмээх эртний санскрит шастирт дурдагддаг агуу том үнэт чулуу нь энэ “Кох-и-Нор” алмааз мөн гэж үзээд тэр үүднээсээ уг чулууг судар төрөхөөс өчнөөн мянган жилийн өмнөх үед ч байсан болж таарч байгаа юм гэдэг. Бас нэг хэсэг хүн уг чулууг Малва ражаагаас хулгайлсан Ал-ад-дин султаны эрдэнэс мэтээр анх 1304 онд бичигдсэн шастирт дурдсан байгаа хэмээдэг. Дараагаар нь 1526 онд бичигдсэн “Бабурын ном” хэмээх бүтээлд “Кох-и-Нор”-ын талаар дурдсан байдаг байна. Энэ номонд Агуу Моголчуудын эзэнт гүрнийг байгуулсан Захир ад-дин Мухаммед Бабур Энэтхэгийг хэрхэн байлдан дагуулсан тухайгаа дурсаж бичсэн байдаг ажээ. Тэр цагаас хойш энэхүү алмааз Моголын эрх баригчдын малгайн чимэг болж явсаар хожмоо Агуу Моголын хаадын алтан ширээнд шигтгүүлсэн гэдэг.

Гэсэн хэдий ч дайн тулааны үеэр нэг эзлэн түрэмгийлэгчээс нөгөөд нь өмч болон шилжиж явсаар байв. Чулууны туулж ирсэн түүхтэй холбоотойгоор домог хүртэл гарсан байдаг байна. “Кох-и-Нор” чулууг өөрийн болгож чадсан хүн бүр дэлхийг эзлэн авах нигууртай ч хорвоогийн бүхий л гай, зовлонг туулах хараалыг эдэлдэг хэмээн дээрх домогт өгүүлдэг байна. Зөвхөн бурхад, эмэгтэйчүүдэд л тэр хараал нь хүрдэггүй ажээ.

Ингэж явсаар 1799-1849 оны үед өнөөгийн Энэтхэгийн хойд хэсэгт оршин тогтнож байсан Сикхийн

Дулип Сингх

эзэнт гүрний сүүлчийн махаража Дулип Сингхийн эзэмшилд 19 дүгээр зууны дунд үед очсон байна. Дулип нь түүнийг эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан “Пенжабын Арслан” хэмээгч домогт Ранжит Сингх эцгээсээ өвлөн авчээ. 1849 онд энэхүү эзэнт гүрэн нуран унаж газар нутаг, ард иргэд нь Английн Ост-Индийн компани хэмээх хувьцаат нийгэмлэгийн мэдэлд очжээ. Улмаар англичууд Христийн шашинг дөнгөж аваад байсан 15 настай Дулип Сингхийг Шотланд руу авч яван нутгийн язгууртнуудын дунд өсгөн хүмүүжүүлсэн түүхтэй. Гэхдээ англичууд Дулипийг нутгаас нь авч явахдаа “Кох-и-Нор” алмаазыг алтан ширээтэй нь хамт аваад гарсан юмсанж. Хожмоо Дулип Сингх эдгээр эрдэнэсээ хатан хаан Викторияд бэлэг болгон өгсөн хэмээн албан ёсоор мэдэгдэж байжээ.

Алмаазыг Англид авчрахад түүнийг тоох хүн байсангүй. Европчуудад нэг их гоёмсог санагдаагүй тул Голландын урчуудаар засуулж бриллиант болгуулсан байдаг. 186 караттай алмаазыг гоёмсог харагдуулахын тулд зорсоор 109 караттай болгож орхижээ. Ингээд энэ эрдэнэсийг нэг хаанаас нөгөөд үе уламжлуулан өвлүүлсээр 1937 онд Елизавета хатан хааны титэм дээр залж өнөөдрийг хүргэлээ. Хатан хааны титмийг Лондонгийн Тауэр цамхагт хадгалдаг билээ.

Энэтхэгчүүд 1947 онд тусгаар тогтнолоо зарласан цагаасаа л алмаазаа буцаан авах шаардлагаа тавьсаар ирсэн. Улмаар 1976 онд тэдний тавьж буй шаардлагад Пакистан нэгдэх болов. Учир нь англичууд Энэтхэгийг колончилж байх үед Пакистан нь Энэтхэгийн нутаг дэвсгэрт харьяалагддаг байжээ.

Гэвч англичууд татгалзаж энэ чулууны хууль ёсны эзэмшигч асан нь нэгэн цагт өөрийн биеэрээ хатан хаан Викторияд бэлэг болгон өгсөн гэсэн хариултаар амыг нь тагласаар ирэв. 2010 онд Английн Ерөнхий сайд Дэвид Кэмерон англичууд үнэт зүйлсээ эздэд нь буцааж өгөөд байвал Их Британийн Вант улсын музей тэр дороо л хоосорно. Египет гэхэд л Розеттийн чулуугаа, Грек улс Эльжиний гантигнуудаа авна гэвэл яах вэ гэсэн үндэслэлээр татгалзаж буй шалтгаанаа тайлбарласан юм. Мэдээж хэрэг, энэхүү тайлбар нь энэтхэгчүүдийн сэтгэлд нийцээгүй тул тэд Жасвиндер Сингх Сандханвалиагийн гаргаад байгаа хүсэлтийг баяртайгаар дэмжиж таарна. Тэр бүү хэл, Чандигархийн шүүх түүний талд шийдвэрээ гаргана гэдгийг үгүйсгэх арга алга. Харин Лондон тэрхүү шийдвэрийг үг дуугүй дагана гэдэг юу л бол доо.

 

 

http://www.lenta.ru/articles/2012/09/11/india/