Ливи, Египетэд хүчирхийллийг өдөөсөн кино найруулагчийг эрэн сурвалжилж байна

Posted on September 14, 2012

0


Элчин сайд Кристофер Стивенс агсан

-Энэ хэргийн улмаас Ливи дахь АНУ-ын Элчин сайд амь үрэгдлээ-

Ислам шашны эсрэг суртал ухуулгын шинжтэй богино хэмжээний киног бүтээсэн найруулагч амиа хоохойлон зугтсаар байна. Түүний бүтээсэн кино нь Египет болон Ливи улсуудад эсэргүүцлийн жагсаал гарахад нөлөөлж улмаар Америкийн дөрвөн иргэний аминд хүрлээ. 

Өөрийгөө Сэм Бэсайл (Sam Bacile) гэдэг, үл хөдлөх хөрөнгийн компанийн ажилтан гэж танилцуулсан уг этгээд цахим ертөнцөд “Мусульманчууд буруугүй” хэмээх нэртэй 13 минутын киног байршуулсан байв. Үүнийг нь Египетийн телевизүүд хүртэл цацаж, интернетэд англи орчуулгаар нь дуу оруулсан хувилбар гарч ирсний дараа томоохон шуугиан дэгдэж эхлэв.

“Мусульманчууд буруугүй” киноны хэсэг

Учир нь энэхүү кинонд Мухаммед зөнчийг гэр бүлийн гадна төрсөн хүүхэд байснаас гадна өөрийн хүсэл зорилгодоо тохируулж шүлэг тэрлэдэг байсан нь исламын ариун номонд тусгалаа олсон мэтээр дүрслэн харуулсан байв. Түүгээр барахгүй, энэ хөгийн хүн эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаатай байсан хэдий ч үнэндээ эр хүнийг сонирхдог байсан гэдгийг киногоороо ойлгуулахыг зорьсон байжээ.

Мусульманчуудын хувьд Мухаммед зөнчийг муулах нь жинхэнэ доромжлолд тооцогддог.

Бэсайл гэж танилцуулсан нэгэн “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэ бол улс төрийн агуулгатай кино” хэмээгээд хүмүүс киног нь ингэж хүлээж авна гэж бодоогүй гэв. “АНУ Ирак, Афганистанд их ч мөнгө зарцуулж, олон ч хүнээ алдсан. Харин бид үзэл бодлын дайн хийж байна” гэсэн тайлбарыг өгчээ.

Хэд хэдэн газар өгсөн ярилцлагадаа Бэсайл өөрийгөө Израильд төрсөн еврей үндэстэн, Калифорнид үл хөдлөх хөрөнгийн компанид ажилладаг хэмээн танилцуулсан байна. Бодит байдал дээр тэр хүн хэн бэ гэдэг нь оньсого хэвээр. Бэсайлтай хамт ажилладаг Стив Клайн гэгч “Atlantic Monthly” сэтгүүлд хэлэхдээ Бэсайл гэдэг нь нууц нэр гэж тайлбарлажээ. Үнэндээ ч түүний нэр бүртгэлийн газар ч алга, энэ нэр дээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө ч байхгүй байгаагаас гадна Калифорнид үл хөдлөх хөрөнгийн агентаар ажиллах лиценз ч эзэмшдэггүй юм байна.

Израилийн эрх баригчид ч мөн Бэсайл гэсэн нэр дээр ямар ч мэдээлэл алга гэдгээ “Associated Press” агентлагт мэдэгджээ.

Энэ кино Ливид хүчирхийлэл газар авах шалтгаан нь болсон гэж хэлэхэд эргэлзээтэй. Учир нь эх сурвалжуудын мэдээлж буйгаар, энэ улсад болсон жагсаал цуглаануудыг Египеттэй харьцуулж үзвэл илүү сайн зохион байгуулалттай, өмнөхөөсөө илүү харгис өрнөсөн байна. Каирт ойролцоогоор 2 мянга хүн Америкийн Элчин сайдын яамны үүдэнд цугалж эсэргүүцлээ илэрхийлсэн бол Ливид “Аль-Каида” бүлэглэлээс өндөр албан тушаал хашиж байсан ливи иргэний амийг нэхэмжлэх уриалга гаргасан даруйд алсын тусгалтай буу барьсан хүмүүс олноороо цугалж эхэлсэн байдаг.

Эдгээр үйл явдал “Есдүгээр сарын 11”-ий 11 жилийн ойтой давхцсан билээ. Энэ өдрүүдэд америкчууд халдлагын золиос болсон гурван мянган хүнээ дурсан санаж байсан үе. Гэвч энэ өдрүүдэд Ливийн жагсагчид Бенгази дахь АНУ-ын Элчин сайдын яам руу довтолсны улмаас Элчин сайд Кристофер Стивенс гурван ажилтныхаа хамт амь насаа алдлаа.

Вашингтонд төвтэй Америк-Исламын шашинт орнуудын харилцааг эрхлэх зөвлөлийн Гүйцэтгэх захирал Нихад Авад (Nihad Awad) аллагыг болон дээрх киног эрс шүүмжилжээ. Түүний өгсөн мэдээлэлд “Арабын ертөнцийн мусульманчуудын шашинлаг сэтгэлийг өдөөх гэсэн энэхүү болхи үйлдлийг шүүмжлэх ёстой хэмээн бид уриалж байна. Энэ бүхнийг зохион байгуулснаар өөрсдийн зорилгодоо хүрэхийг хүссэн тэрс үзэлтнүүдэд боломж бүү олго” хэмээсэн байв. Нихад Авад цааш ярихдаа “Энэ муухай киног бүтээсэн хүмүүс нь Америкийн иргэд биш. Христийн шашинтнууд ч биш. Энэ киног хоёр шашны хоорондох үл ойлголцлыг дэврээхийг хүссэн тэрс үзэлтнүүдийн бүтээл гэж хэлэх нь цорын ганц зөв хариулт болно” хэмээн онцолсон байв.

Флорида мужийн “алдарт” номлогч Терри Жонс “Мусульманчууд буруугүй” киног олны хүртээл болгоход тусалсан хүмүүсийн нэг аж. Уг киног 5 сая доллараар бүтээсэн гэдэг бөгөөд гол дүрд нь мэргэжлийн бус хүмүүсийг тоглуулсан байдаг. Жүжигчдийг бараан арьстай болгож харагдуулахын тулд будаг түрхсэн нь илт байв.

Тэгвэл Бэсайлын хэлснээр, энэхүү киног Европын 100 орчим байгууллага ивээн тэтгэсэн аж. Тэдний дунд Америк дахь Египетийн христ шашинтнуудын үндэсний чуулганы тэргүүн Моррис Садек болон исламын эсрэг туйлын үзлийг баримталдаг жижиг бүлэглэлийн удирдагч Терри Жонс номлогч нар байсан байна.

Өнгөрөгч мягмар гаригийн өглөө Терри Жонс хэвлэлийн мэдээ гаргасан байв. Уг мэдээнд киног эсэргүүцсэн мусульманчуудад бүх бурууг тохсон байснаас гадна тэр оройноо киноны хэсгээс үзүүлэх ажлыг зохион байгуулахаа амалсан байлаа.

Гэтэл оройны ажиллагаан дээр есдүгээр сарын 11-нд Гейнсвилл дэх ажлын өрөөнөөсөө хийсэн Терри Жонсын мэдэгдлийн хэсгүүдийг толилуулсан ажээ. Энэ талаар түүний “Америкчууд босцгоо” хэмээх байгууллагын ажилтан Фрэн Ингрэм мэдээлсэн юм. Олонд толилуулсан тэр хэсгүүдэд сахлаа дожтой янзалж “Үнэнч бус” гэсэн үгтэй ханцуйгүй хар цамц өмссөн номлогч Жонс цагаан тюрбан малгайтай “чөтгөр”-ийн өмнө зогсож буйгаар харуулсан байжээ. “Америкчууд босцгоо” байгууллагын зүгээс энэ үйлдлийг нь “Мухаммедийг шүүх олон улсын өдөр”-ийг харуулж байгаа юм гэж тайлбарласан.

Сүүлийн жилүүдийн турш Коран судрыг шатаана гэх заналхийллээрээ дэлхийн анхаарлыг өөртөө татаж чадсан Терри Жонс “Мусульманчууд буруугүй” гэх киног Ливи, Египетэд эсэргүүцлийн жагсаал өрнөхөөс өмнө сурталчилж байсан уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Тэрбээр энэ киног бүтээх ажилд ямар нэгэн байдлаар хамаатай юу гэсэн асуултад түүний ажилтан Фрэн Ингрэм хариулт өгөхөөс татгалзсан юм.

 

 

 

http://www.washingtonpost.com/politics/decision2012/anti-muslim-film-director-in-hiding-following-libya-egypt-violence/2012/09/12/72a6eda0-fcdc-11e1-8adc-499661afe377_story.html?hpid=z2