Япон улсын “сонголттой” хүсэл

Posted on September 14, 2012

0


Япончууд маргаантай арлуудын нэг дээр нь төрийн далбаагаа зоосон байна

Энэ сарын эхээр Япон улс хөрш орнууддаа хандан нутаг дэвсгэрийн асуудлыг тавих болсон. Тэгсэн атал өчнөөн олон жил болоход Номхон далай дахь 600 гаруй (!) арлаа АНУ-д алдснаа огт дурсахгүй байгаа нь хачирхалтай.

Япон улс БНХАУ, Тайваньтай Сенкаку буюу Тиаоюй бүлэг арлын эзэмшлээр маргаан үүсгэсний зэрэгцээ саяхан Өмнөд Солонгосын Токто буюу Такешима бүлэг арлын асуудлаар НҮБ-ын Олон улсын шүүхэд хандах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Япончууд аль аль арлыг нь өөрийн эзэмшилдээ авах хүсэлтэй байгаагаа 1960-аад дунд үеэс илэрхийлсээр ирсэн. Гэтэл 1951 онд байгуулсан Сан-Францискогийн энхийн гэрээгээр болон 1946 онд Япон дахь Хамтын удирдлагын захиргаанаас гаргасан 677 дугаар тушаалаар Япон улсыг аль аль арлаас нь татгалзахыг шаардсан юм. Тухайн үед энэ улс уг саналыг хүлээн зөвшөөрсөн түүхтэй.

Харин өнөөдөр япончууд өгсөн амлалтаасаа буцаж энэ арлууд дахь газрын тос, байгалийн хийн ордуудыг өөрийн болгохыг эрмэлзэх болсноос гадна Номхон далайн сав газарт ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ зэрэг улс хоорондын тээвэр, эдийн засгийн харилцаанд хяналт тогтоохыг хүсэх болжээ.

Үнэндээ ч, Сенкаку бүлэг арал нь Номхон далай–Зүүн Хятадын боомт хоорондын замд оршдог. Хоёрдугаарт, энэ арлууд дээр газрын тос, байгалийн хийн ихээхэн нөөц илэрсэн байгаа. Харин Япон улс эдгээр түүхий эдээрээ гадаад орноос 100 хувь хараат байдаг гэдгийг бид мэднэ.

Харин Өмнөд Солонгосоос нэхэмжилж буй бүлэг арал нь Япон тэнгис (Өмнөд болон Хойд Солонгосын албан ёсны нэршил нь Дорнод тэнгис)-ийн дунд хэсэгт оршдог. Тэр үүднээсээ бас л Номхон далай дахь тээврийн замыг хянаж болох газарт тооцогддог. Мөн эдгээр арал дээр ч бас газрын тос, байгалийн хийн нөөц илэрсэн гэж байгаа.

Оросуудтай маргаан үүсгээд байгаа Өмнөд Курилийн арлууд нь бас л Номхон далай болон Сахалиний боомт дундын хоолойд оршдог. Газрын тос, байгалийн хийн чамгүй нөөцтэй газар.

Ингээд Японы зүгээс хийсэн мэдэгдэлд Өмнөд Солонгос удалгүй хариу барьсан. “Түүх, газар зүй болон олон улсын эрхзүйг үндэслэсэн ч Токто бол анхнаасаа л Солонгос улсын нутаг дэвсгэр байсаар ирсэн. Тийм учраас энэ бүлэг аралд газар нутгийн маргаан үүсгэж Олон улсын шүүхэд хандах ямар ч үндэслэл алга… Япон улс өөрийн нь эзэмшилд багтдаггүй эдгээр арлуудыг ямар ч баримтгүйгээр, хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр хараат хэсгээ болгох гэж буй нь буруу” хэмээн Токиогийн явуулж буй бодлогыг эрс шүүмжлэв. Сонирхуулахад, Сөүлийн энэ байр суурийг БНАСАУ ч дэмжиж, япончууд Токто арлыг эзлэн авсан тохиолдолд цэргийн тусламж үзүүлэхээ илэрхийлжээ.

Тэгвэл түүхийг нэхэн дурсъя. Япон улс 1919 онд Үндэстнүүдийн лигээс хүлээлгэн өгсөн Марианы, Маршаллын, Каролиний болон Палаугийн (Номхон далайн төвд болон баруун хэсэгт нь орших) бүлэг арлаасаа 1945 онд хагацсан байдаг юм. Эдгээр бүлэг арал нь Номхон далайн нийт сав газрын бараг тэн хагасыг нь (!) эзэлдэг гэдгийг дуулгая.

Энэ арлуудыг хэн авав? АНУ шүү дээ. Бүр 1947 оноос эхлэн эзэмшиж байна. НҮБ-ын нэрийн дор АНУ эдгээр арлыг “харж хандах” үүрэгтэйгээр өөрийн болгож авсан. Улмаар 1986 оноос хойш Вашингтон эдгээр арлыг “Микронезийн Холбоот мужууд”-аар өргөмжлөх болсон билээ.

Хачирхалтай нь, Японы эрх баригчид ч, үндсэрхэг бүлэглэлүүд нь ч илүү “том жинтэй” алдагдлаа огт дурсахгүй байна. Гэвч үүнд ойлгож ядаад байх юм алга. 1950 онд байгуулсан хоёр орны цэрэг-улс төрийн холбоо болон Япон улсын нутаг дэвсгэр дээрх Америкийн олон тооны цэргийн баазууд нь энэ орныг тэдгээр аралд санаархах хүслийг нь боомилоод байгаа. Үүнээс гадна АНУ Оросын Өмнөд Курил, Хятадын Сенкаку арлуудыг авах япончуудын эрмэлзлэлийг хөхиүлэн дэмжиж байна.

Эдгээр шалтгааны улмаас Япон улс “алдсан” нутаг дэвсгэрээ эргүүлж авах хүсэлтээ огт гаргадаггүй юм. Бусдаас нь л шаардаад байх нь тэр…
http://oko-planet.su/politik/politiklist/137489-vyborochnye-prityazaniya-yaponii-pochemu-tokio-ne-pretenduet-na-ottorgnutye-amerikoy-ostrova.html