Серовын ойролцоох “Бермудын гурвалжин”

Posted on September 15, 2012

0


an2 онгоц

-“Ан-2” онгоцыг хайх ажил амжилт олсонгүй-

Эрэл явуулж буй газар

Свердловск мужийн Серов хотын онгоцны буудлаас 12 зорчигч, нисгэгчийн хамтаар хөөрсөн “Ан-2” онгоц алга болоод гурван сар өнгөрч байна. Онгоцыг өнөө хэр нь олж чадсангүй. Үүнтэй холбоотойгоор, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байж болох бүхий л хувилбарыг дэвшүүлж буйгаас гадна энэ бүс нутагт өмнө нь “Дятловын баг” ор сураггүй алга болж байсныг эргэн сануулах болов.

Серовын нисэх буудлыг хаагаад удаж байгаа билээ. Өдгөө энд Соболевийнх гэсэн ганцхан гэр бүл ажиллаж байна. Эхнэр Валентина нь нисэх буудлыг даргалдаг, харин нөхөр Юрий нь саяхныг болтол манаачаар нь ажиллаж байжээ. Чингэтэл энэ оны зургаадугаар сард Валентинад тайгыг түймрээс сэргийлэх судалгаанд явж байсан “Ан-2” онгоцыг хүлээн авах тушаал иржээ. Бороо орж, түймэр гарах эрсдэл байгаагүй учир нисгэгч ч бас бараг ашиглагдахаа больсон нисэх буудалд хэд хоногийг өнгөрүүлэх тушаал авсан байв.

Мөрдлөгийн явцад онгоцны нисгэгч болох 50 настай Хатиб Кашапов нисэх буудалд газардсаныхаа дараахан хэд арван цаас олохыг санаархсан нь тогтоогдсон юм. Учир нь Серовын оршин суугчид нисэх буудалд нь онгоц ирснийг ихэд сонирхож байжээ. “Ан-2”-ыг нүдээрээ үзэж, дэргэд нь зургаа татуулахыг хүссэн иргэд нисэх буудлыг олноороо зорьж ирэх болов. Хатиб тэдний тэрхүү хүсэл дээр нь дөрөөлөөд “хэдэн мянган рубль төлвөл онгоцоор нисч үзэж болно шүү” гэсэн санааг хүмүүст ойлгуулжээ. Ингээд эхний “зугаалга”-ыг зургаадугаар сарын 10-нд үйлдсэн байна. Харин хоёр дахь нь нисгэгч болон онгоцонд сууж явсан 12 зорчигчийн хувьд эмгэнэлтэйгээр төгссөн юм.

Онгоцонд нийтдээ 13 хүн суж явжээ. Хамгийн чухал зорчигч нь ОХУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах албаны Серов дахь салбарын дарга Дмитрий Ушаков байв. Бусад зорчигч нь түүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүс байжээ. Тухайлбал, 24 настай Максим Маевский нь түүний дор ажиллаж байсан замын цагдаа байв. Улмаар Маевский өөрөөсөө гадна гурван хүнийг дагуулж ирсэн аж. Үсчин мэргэжилтэй, 23 настай Оксана охин дүү нь нөхөр болох 23 настай Максим Глинских, худалдагчаар ажилладаг 20 настай Людмила Гагарина нарыг дагуулж ирсэн байна. Тэднээс гадна уг онгоцонд Ушаковын эхнэрийн төрсөн дүү, 26 настай Иван Чикишев байрны засварын ажлыг хамт хийдэг байсан 29 настай Григорий Шаадтай цуг сууж явжээ. Ушаковын эхнэрийн үеэл дүү, Серов хотын Дулааны цахилгаан станцад ажиллаж байсан 26 настай Евгений Тренихин ч бас хоцорсонгүй. Хамт ажилладаг 30 настай Денис Барановтой ханьсжээ. Эцэст нь “Уфалейникель” компанийн хамгаалагч, 31 настай Антон Сафонов эхнэр болох 33 настай, эмнэлгийн лаборант Юлиягийн хамт уг онгоцонд суусан байна. Онгоцыг өнөөх Кашапов жолоодож явжээ. Харин манаачаар ажиллаж байсан Соболев, нэгд, Серов орчмын бүс нутгийг сайн мэддэг, хоёрт, тэтгэвэрт гартлаа гал сөнөөгч-шүхэрчнээр ажиллаж байсан гэсэн шалтгаанаар зам зааж, туслах санаатай хамт явжээ.

Онгоцонд сууж явсан зарим хүн нь харьцангуй залуу эцэг эхтэй, харин зарим нь маш том болсон хүүхдүүдтэй аж. Эдгээр төрөл төрөгсөд нь ямар ч хамаагүй аргаар онгоцыг олж өгөхийг төр засгаасаа шаардсан юм. Тэдний олонх нь сайн дураараа эрлийн ажилд оролцжээ. Серов хотын төв хэвлэл болох “Глобус” сонин эрлийн явцыг цаг алдалгүй онлайнаар мэдээлж мэргэжлийн өндөр чадвартайгаа нотлон харуулав. Серов хотын тэнгэрийг онгоц, нисдэг тэрэгнүүд бүрхэж, шумбагчид хотын ойролцоох гол усанд эрж хайв. Янз бүрийн байгууллагын ажилтан, сайн дурынхнаас бүрдсэн явган баг ойг бүтэн самнажээ. Гэвч ямар ч амжилт олсонгүй.

Эрлийн явцад сонирхол татахуйц цөөн боловч мэдээ ирж байсан. Тухайлбал, олон жилийн өмнө сүйрсэн хоёр онгоцны сэгийг олсон талаар мэдээлж байлаа. Гэвч энэ нь шинэ сонин зүйл байсангүй. Учир нь тухайн үед тэр онгоцуудыг осолдсон талаар бүгд мэдэж байснаар барахгүй амьд үлдсэн хүмүүсийг нь аварч, нас барагсдыг нь зөөж гаргасан байдаг. Харин онгоцууд нэгэнт хэнд ч хэрэггүй болсон учраас ойд үлдээсэн нь тэр байжээ.

Григорий Шаадын гар утаснаас мессеж хүлээн авсан гэх мэдэгдэл ч бас нэлээд шуугиан дэгдээв. Гэтэл тэр нь гар утасны оператороос илгээсэн “хэрэглэгчийн үйлчилгээний хугацаа дууссан” гэх агуулгатай мессеж байсан нь хожим тодорхой болсон. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичлэгийн шинэ сэдэв гаргаж ирэх ажилд нь энэ зэргийн мэдээллүүд хангалттай байлаа.

Чингэтэл онгоцыг харсан, сэгийг нь олсон гэх иргэд олноор гарч ирэх болсноос гадна “зүүдэндээ талийгаач эмээгээсээ (өвөөгөөсөө, нохойноосоо, онгоцны нисгэгчээс) онгоц байгаа газрыг олж мэдсэн” гэх хүн ч гарч ирэв. Хүчний байгууллагууд аргаа барахдаа ийм тэнэг мэдээллүүдийг хүртэл орхилгүй, боломжоороо шалгасан байгаа юм.

Тэгтэл долоодугаар сарын үед Ханты-Мансийск автономит мужийн ойгоос гарч ирсэн туйлдаа хүртэл турж эцсэн эрэгтэй хүнийг яагаад ч юм бэ, нөгөө золгүй онгоцны зорчигч гэж үзжээ. Тэр эр дотуур өмднөөс өөр хувцасгүй байсан бөгөөд шавжид айхтар хазуулсан байжээ. Эмч нар түүнд үзлэг хийгээд уушгины хатгалгаа, зүрхний өвчтэй болохыг нь илрүүлсэн аж. Хэд хоног ухаан орохгүй байсаар нөгөө эр хорвоог орхисон байна. Тэгтэл тун удалгүй талийгаачийг Свердловск мужийн Туринск хотын оршин суугч, өмнө нь ял эдэлж явсан нэгэн гэдгийг олж тогтоов. Эхийн нь хэлснээр, талийгаач мөнгө олох зорилгоор хойд зүгийг зориод удаагүй байсан бөгөөд сураг нь тасраад байжээ. Мэдээж хэрэг, талийгаачийн “мөнгө олох” ажил нь яагаад ойгоор нүцгэн тэнүүчлэх явдлаар эргэв гэдгийг сонирхож судлах л хэрэгтэй асуудал. Гэвч сэтгүүлчид ч, олон нийт ч энэ асуудлыг чухалд тооцсонгүй. Зөвхөн “Ан-2”-ын сэдэв л чухал байлаа.

Долоодугаар сарын сүүлчээр төр засаг “Ан-2” онгоцыг хайх агаарын эрлийг зогсоож буйгаа зарлав. Онгоцны нисгэгч нарт тайгыг түймрээс сэргийлэх судалгаанд оролцох бүртээ “Ан-2”–ыг давхар ажиглаж байхыг даалгасан бөгөөд “Ан-2” онгоцны байршлын талаар мэдээлэл ирэх бүрт тусгай нислэг хийж байхаар болсон талаар мэргэжилтнүүд хэлэв. Өөрөөр хэлбэл, “Ан-2”-ыг хайх зорилгоор өдөржин нислэг үйлдэж, ойг ажиглах ажлаа энэ хүрээд зогсоосон юм. Гэхдээ агаараас ажиглалт явуулахад тохиромжтойг бодолцон намар модны навчис унасан хойно эрлийн ажлыг дахин сэргээнэ гэдгээ үгүйсгээгүй.

Харин явганаар эрж хайх ажил үргэлжилсээр байгаа. “Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 3-ны өдрүүдэд цагдаа нар 85 суурин газарт ажиллаж, 192 эдлэн газрыг шалган 575 иргэнээс асууж сураглажээ. Мөн ойн бүсийн 120.3 шоо км газрыг самнасан байна” хэмээн “Глобус” сонин энэ сарын 6-нд мэдээлсэн байлаа.

Мөн өдгөө ангийн улирал эхэлсэнтэй холбогдуулан Серовт цувж ирж буй анчдад хандан ан гөрөө хийхдээ ойр орчмын газраа ажиглаж явахыг хүссэн утгатай ухуулах хуудас тарааж байгаа ажээ.

Тэгтэл есдүгээр сарын 9-нд “Глобус” сонинд, харин 10-нд нь холбоот улсын олонх хэвлэлээр ээлжит дуулиан дэгдэв. Энэ дуулианы эзэн нь Доод Тагилийн 42 настай иргэн Валентин Дегтерёв байсан бөгөөд “Твиттер”-т өөрийгөө “бизнесмен, бас бага зэрэг улстөрч” гээд “дарангуйлагч төр, тэнэглэлийг эсэргүүцдэг” нэгэн гэж тодорхойлсон байх юм. Түүний бичлэгүүд сөрөг хүчний бодлогыг дэмжсэн аястай. Харин хөтөлдөг блогийнхоо “Миний тухай” буланд өөрийгөө “Эмч мэргэжилтэй, гэхдээ одоо худалдаа эрхэлдэг” гэж танилцуулжээ. Ер нь ярилцлагыг нь уншиж байхад өөрийгөө байсхийгээд л эмч гэж нэрлэн, хүний амь аврах нь түүний туйлын зорилго гэж хэлэх дуртай нэгэн болох нь ойлгогдоно. Тэгвэл “Одноклассники” сайтад тавьсан танилцуулгадаа мань хүн Свердловск мужийн Анагаах ухааны коллеж төгссөн гэж танилцуулсан байх юм. Энэ сургууль эмч нарыг бэлддэггүй. Сувилагч, бага эмч, эх баригч, нийгмийн ажилтан, шүдний, нүдний болон лабораторийн техникчдийг төгсгөдөг сургууль билээ. Худалдаа эрхэлдэг гэдэг үгийнхээ тухайд Дегтерёв тайлбарлахдаа бизнес нь интернетийн орчинд явагддаг, үүнээс дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй хэмээн сэтгүүлчдэд ярьсан байдаг.

Түүний дэгдээсэн хэргийн талаар дэлгэрэнгүй тайлбарлая. Тэрбээр энэ сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө гар утсаараа богино долгионы радиог 96.0 үелзлэл дээр тааруултал тусламж хүссэн хүний дуу чимээ сонсогдож байсан хэмээв. Дегтерёв энэ чимээн дундаас баавгай ойрхон байгаа тухай, бас үл таних цагдаа нар үхсэн талаар болон тусламж хүссэн хүний байгаа газрын нэрэнд “хувьсгал” гэсэн үг орсон талаар ярьж байхыг сонссон гэнэ. Хачирхалтай нь, Дегтерёвоос өөр хэн ч тэр чимээнээс нь үг олж сонсч чадахгүй байна. Интернетэд тавьсан бичлэгт нь зүгээр л шуугиан сонсогдоод байгаа. Үүнтэй холбоотойгоор, сэтгүүлч нар мэргэжилтнүүдээс тайлбар авчээ. Тэд энэ бичлэгийг эрс шүүмжлэхийн сацуу богино долгионы үелзлэлийг ашиглаж хэн нэгэн тусламж хүслээ гэхэд чухамхүү “Ан-2”-ын зорчигч байсан гэж хэлэх аргагүй гэв. Учир нь тус бүс нутагт эрлийн найман ажиллагааг давхар явуулж байгаа аж. Ингэхдээ Доод Тагилд илүүтэй ойр газар явуулж буйг онцолсон юм.

Утгагүй зүйлтэй орооцолдож буйгаа мэдсэн хэдий ч мөрдөн байцаагч, цагдаа, онцгой байдлын ажилтнууд мэдээллийг шалгаж эхэлжээ. Тэд Дегтерёвийн бичлэгт фоноскопийн шинжилгээ хийлгүүлэх захиалга өгсөний сацуу орон нутгийн удирдлагуудад хандан нэрэнд нь “хувьсгал” гэсэн үг орсон газруудын жагсаалт гаргаж өгөхийг хүссэн байна. Мөн юмыг яаж мэдэхэв, ийм нэртэй хорих газар байж юуны магад гээд дээрх хүсэлтээ Холбооны шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ч тавьжээ.

Гэсэн хэдий ч Дегтерёвийн сэтгэл ханасангүй. Тэрбээр блогтоо “Хүчний байгууллагууд хүмүүсийг аврах сэтгэлгүй байна. Тиймээс тэд үхэх нь гарцаагүй боллоо” гэж бичсээр байв. Түүнчлэн өөрийг нь солиотой гэж үзэж байгаад гомдоллон хувиараа эрлийн баг цуглуулах юм болов. Гэвч сануулахад, бүр зургаадугаар сарын үед Дегтерёв “Комсомолын үнэн” сонины цахим хувилбар дахь сэтгэгдлийн хэсэгт нь “Ан-2”-ын зорчигчдын цогцсыг баавгайнууд идэж байгаа талаар ойлгомжгүй зүйлс бичиж байсан.

Энэ бүхнээс дүгнэхэд, Дегтерёвийн гар утсанд (эсвэл тархинд нь ч юм уу) сонсогдсон чимээ цаг хугацааны явцад бусад мэдээллийн адилаар мартагдаж замхрах биз ээ. Хэсэг хугацааны дараа хүмүүс “Ан-2” онгоцыг ч мартаж зөвхөн алга бологсдын төрөл садан хийгээд “Глобус” сонин, мөн өдөр бүр ой самнан онгоцыг хайж байгаа Онцгой байдал, Дотоод хэргийн яамны ажилтнууд л дурсдаг болох вий.

Энэ зуур хэвлэлүүд Игорь Дятлов тэргүүтэй цаначдын багийн үхлийн талаарх яриа, дурсамжуудыг олонтаа нийтлэх болжээ. 1959 онд амь үрэгдсэн эдгээр хүний үхлийн шалтгааныг өнөөг хүртэл тайлж чадаагүй байгаа юм. Тэдний цогцсыг олсон давааг хожмоо Дятловын нэрэмжит болгосон байдаг. Харин энэхүү даваа нь “Ан-2”-ын эрлийн ажлыг явуулж буй яг тэр бүс нутагт оршдог. Тиймээс энэ бүс нутаг “оньсгоор дүүрэн” гэсэн яриа эрчээ аваад байгаа юм.

 

 

http://www.lenta.ru/articles/2012/09/11/an2/