Хариултыг нь олоход тун бэрх бодлого

Posted on September 17, 2012

0


“Штази”-н архивд бүтнээрээ үлдсэн баримт бичиг олон бий. Эдгээрийг цэгцлэх том ажил өрнөөд байна

Берлиний ханыг нурааснаас хойш 20 гаруй жил өнгөрч буй тул “Штази”-г түүх болон үлдсэн гэж олон хүн бодож байгаа байх. Гэвч Германы шинэ үеийн төлөөлөл Зүүн Германы цагдаагийн нууц байгууллагаас тэдний эцэг эхийн хувь тавиланг хэрхэн эргүүлснийг мэдэхийг хүсч байна. Үүнд нь хамгийн сүүлийн үеийн тооцоолон бодох төхөөрөөмж тус хүргэх бололтой.

“Штази”-ээс 16 мянган шуудай цаасны хог үлдсэн байна

БНАГУ болон түүний тусгай албад Берлиний хана нурснаас хойш ч үйл ажиллагаагаа явуулсаар байв. Тодруулбал, “Штази”-ийн офицерүүд ханыг нураасны дараах хэдэн долоон хоногийн туршид өөрсдийг нь шоронд суулгаж, хилийн чанадад байгаа нууц ажилтнуудыг нь илрүүлэхэд хүргэж мэдэх нууц баримтуудаа устгах ажлыг явуулж байв. Гэвч тэдний ажилд техникийн саатал гарсан байдаг юм.

“Штази” нь баримт бичиг хадгалдаг байгууллага байсан” гэж БНАГУ-ын Аюулаас хамгаалах яамны архивийг судлах газрын ажилтан Йоахим Хаусслер хэлэв. “Штази”-д Зүүн Германд үйлдвэрлэсэн цаас зүсэгч хэдэн төхөөрөмж байсан хэдий ч чанар муутай хийгдсэний улмаас тэр дороо эвдэрсэн аж. Тиймээс ажилтнууд нь мянга мянган нууц баримтыг гараараа урж тасдан шуудалж байжээ. Шуудайтай хогуудыг хожим нь химийн бодис ашиглаж устгах эсвэл шатаах төлөвлөгөөтэй байсан гэнэ.

Гэвч уг төлөвлөгөө биелэх хувьгүй байжээ. Бүлэг жагсагч нууц албаны байр руу дайрч орсноор “Штази” нуран унаж, архив нь шинэ удирдлагуудын мэдэлд шилжсэн аж.

Ийнхүү урж тасдсан баримтуудыг сэргээх ажил хариултыг нь олоход тун бэрх бодлого болоод байна. Өөрөөр хэлбэл, ямар утгатай баримт бичиг байсныг мэдэхийн тулд 400-600 сая ширхэг цаасны өөдсийг нэгэн зэрэг нийлүүлэх хэрэгтэй болоод байгаа ажээ. Гэтэл зарим өөдөс нь их томдоо л хумсны толионы чинээ гэнэ.

Эхэндээ уг хүнд бодлогын хариултыг олохын тулд Баварийн цөөн шинжээчтэй баг гараараа нийлүүлэх гэж оролдсон байна. Гэвч өнөөх туйлын жижиг өөдсүүдийг нийлүүлэхэд багагүй хүндрэл учирч, ийм маягаар ажиллавал хэдэн зуун ч багадаж мэдэхээр байв.

Тиймээс баримт бичгүүдийг сэргээх ажилд компьютерийн технологи л тус болно гэдэг нь ойлгомжтой болов. “Компьютерүүд хурдан бөгөөд хямд. Бас хүнийг бодвол энэ төхөөрөмжүүд олон тооны жижиг хэсгийг ялгаж салгах, санах чадвартай” хэмээн Йоахим Хаусслер тайлбарлалаа.

Ингээд mp3 тоглуулагчийг зохион бүтээгчид болон Берлин дахь Франугоферийн хүрээлэнгийн ажилтнууд уг ажилд зориулан “ePuzzler” хэмээх компьютерийг тусгайлан бүтээжээ.

Үүний дараа сэргээх багийн ажилтнууд шуудайн дахь янз бүрийн хэлбэртэй өөдсүүдийг нямбай гэгч нь дэлгээд дүрсийг нь компьютерт оруулах болов. Ингэхдээ өөдөс бүрийг файл хэлбэрээр хадгалж авч байгаа юм байна. Тухайн өөдсийн өнгө, түүн дээр байгаа бичгийн хэв, тамга дардас болон бүтэн баримт бичиг нь “Штази”-ийн аль хэлтэст хамааралтай байж болохыг зааж өгч чадах товчилсон үгнүүдийг ч бас тэрхүү файлд нь тэмдэглэсэн байгаа ажээ.

Ингээд олон сая хэсгийг хооронд нь харьцуулж, тохирох хэсгийг нь олдог тусгай программаар дүрсүүдийг тооцоолон гаргаж байна.

“ePuzzler”-ийн ажиллах горим

Фраунгоферийн хүрээлэнгийн багийг даргалж буй Бертрам Николайн хувьд эдгээр баримтыг сэргээх ажилд оролцох хувийн шалтгаан бий гэнэ. Юрген Фукс хэмээх найзыг нь “Штази”-ийн хорих газар цацрагт нэрвэгдснийн нь дараахан Зүүн Германаас цөлж орхижээ. Үүний улмаас найз нь цусны цагаан эсний ховор төрлийн өмөнгөөр өвчлөн нас барсан аж.

“Цацрагт нэрвэгдснээр тэр маань харьцангуй залуугаараа хорвоог орхисон. Тиймээс энэхүү төсөлд оролцох бас нэг шалтгаан нь энэ байсан” хэмээн дээрх эрдэмтэн ярилаа.

Тусгай албадын нууц зөвхөн цаасан дээр бичигдээгүй аж. Берлин дахь “Штази”-ийн хуучин байранд сурвалжлага хийж явахад нууц байгууллагын хэдэн мянган дуу бичлэгийг (аудио) тоон системд хувиргах багийн ажилтнуудтай таарсан юм. Тэдний хэлснээр, энэ байгууллагын мэдэлд байсан соронзон хальснууд ямар ч тэмдгэлгээгүй байгаа учраас доторх агуулгыг олж мэдэхэд их түвэгтэй байгаа ажээ.

Гэвч зарим нэг бичлэгийг нь тайлж чадсан байна. Тухайлбал, нэг бичлэгт нь БНАГУ-ын Аюулаас

“Штази” маш олон нууц баримт цуглуулсан байсан учир офицерүүд нь устгаж дийлээгүй ажээ

хамгаалахын сайд Эрих Мильке нэгэн нууц зөвлөлгөөн дээр залуус маань панк, скинхед болон рок хөгжмийн нөлөөгөөр элдэв хэрэг мандаах эрсдэл бий болсон талаар илтгэж байх юм гэнэ.

Бас нэг бичлэг дээр нууц албаны хоёр ажилтан айлын байранд чагнах төхөөрөмж тавихдаа ваар хагалж байгаа нь сонсогддог байна. Гэтэл тэр хоёроос өрсөөд нууц албаны өөр ажилтнууд уг айлд чагнах төхөөрөмж суулгаад тэдний болхи үйлдлийг ажиглаж байсныг тэд мэдээ ч үгүй аж.

Ер нь Зүүн Германд бүх хүнийг тагнадаг байсан юмуу даа гэх сэтгэгдэл төрж байлаа. Эмгэнэлтэй явдлыг бичиж авсан хуурцаг ч байгаа юм байна. Тухайлбал, 1950-иад онд хийсэн нэг бичлэг дээр “Штази”-н нууц шүүхээс цаазын ял сонсгоход аргаа баран хашгирч байгаа эмэгтэйн дуу сонсогддог аж.

Дууны операторуудын багийг ахалж буй Кэтри Юрихийн хэлснээр, зарим тохиолдолд эдгээр аудио бичлэгүүдийн утгыг тайлахад бэрх байдаг гэнэ. Үүнийг шийдэхэд ямар ч компьютер тус болж чадахгүй. Учир нь тухайн бичлэгт хэн гэдэг хүн яриад байгааг мэдэхэд бэрх. Хэн нэгний гэрт хийсэн байж болох бичлэгийг бол зурагтаар гарч буй нэвтрүүлгээр нь эсвэл хөлбөмбөгийн тайлбарлагчийн дуу хоолойгоор нь тогтоохыг оролддог аж. Үүний тулд ямар хоёр баг тоглож байгааг ялгаж сонсоод уг хоёр баг хэдэн онд хаана учирч байсныг тогтоох ажил өрнөдөг байна.

Бичлэгт дуугарч буй сүмийн хонхны дуугаар тодорхойлох тохиолдол ч гарч байгаа аж. Тэрхүү хонхыг аль сүмийн болох, сүм нь аль хот, тосгонд оршдог вэ гэх зэргийг судалж тогтоох шаардлага тулгарч байгаа гэнэ.

Цаг хугацаа л шаардлагатай

“Штази”-н хуучин байранд Катрин Бертэй тааралдлаа. Энэ эмэгтэй Зүүн Германд албадлагаар бусдад үрчлэгдсэн хүмүүст туслах агентлагийн дарга ажээ. Социализмийн үед “Штази” улс төрийн хувьд тогтворгүй гэх эцэг эхчүүдийн хүүхдийг хүчээр булаан авдаг байсан юмсанж.

Ээжийг нь авч явахад Кэтрин дөрвөн настай байжээ. “Ээж маань хаалга тайлтал хэдэн хүн гэрт дайрч орж ирсэн. Тэд биднийг гадаа хөөж гаргаад Зээлийн талбайд очсон хойно ээжийг минь аваад явчихсан” хэмээн Кэтрин дурсан ярилаа.

Тэр цагаас хойш Кэтрин ээжийгээ дахин олж хараагүй гэнэ. Тиймээс “Штази”-н нууц баримтуудаас энэ хэргийн учиг гарч ирнэ гэдэгт найдаж яваа юм байна.

“Эдгээр баримтуудаас хүн бүр өөрт хэрэгтэй мэдээллүүдээ олж авна гэж найдаж явна. Мэдээж хэрэг, энэ ажилд хэдий хэр хугацаа зарцуулагдахыг хэн ч хэлж мэдэхгүй. Компьютерүүд ажлаа маш хурдан гүйцэтгэж чадах хэдий ч архивийн баримтуудыг цэгцлэхэд хугацаа их орно. Гэхдээ л би маш их найдаж байгаа” хэмээн Кэтрин хэлсэн юм.

Үр дагавраас нь айж байсан

Нээрээ “Штази”-д ажиллаж байсан хүмүүс хаачив. Тухайлбал, “Штази”-д ажиллаж байсан Готхольд Шрамм хурандаа цагдаагийн нууц ажилтнуудын хийсэн бүх хэргийн төлөө уучлалт гүйхгүй юм болов уу.

Тэгвэл хурандаа буруугаа хүлээхгүй байгаагаар барахгүй “Хамт олноор нь хариуцлагад татна гэж байдаггүй юм. Тодорхой хүмүүс л үүнд буруутай” гэж хэлж байна. “Ийм агуу сүлжээ байгуулах хэрэг байсангүй гэдгийг би одоо л ойлгож байна. Үүдэн гарах үр дагавраас нь айж байсан учраас л ийм байгууллагыг бий болгох шаардлага тулгарч байсан байх. Бид иргэддээ илүү их итгэх ёстой байжээ” хэмээн Улсын Аюулаас хамгаалах яамны хурандаа асан Готхольд Шрамм ярилаа.

Гэхдээ хурандаа нар тухайн үед иргэддээ огт итгэдэггүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Олон мянган хүний амьдралыг эвдэж, өдгөө хэдэн сая ширхэг өөдөс болон хувирсан нууц баримтууд нь тусгай байгууллагын ажилтнууд нийгмийн бүх өнцөг булан руу “шагайж” явсныг гэрчлэх чухал нотолгоо болж байгаа ажгуу.

Зохиолч Бригитта Хайнрих өөрийн нь талаар “Штази”-д мэдээлж байсан баримтын хуулбарыг олж үзжээ

 
http://www.bbc.co.uk/russian/international/2012/09/120914_stasi_jigsaw_puzzle.shtml