Владивостокийг өөрчилсөн түүх

Posted on Есдүгээр сар 18, 2012

0



Францын сэтгүүлч Марин Дюмержегийн бичсэн энэхүү нийтлэлийг Оросын уншигч, сэтгүүлч нар мэргэжлийн өндөр түвшинд бичсэн бүтээл хэмээн үнэллээ. Уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

150 жилийн өмнө энэ нутагт захгүй их ойгоос өөр юу ч байгаагүй. 100 жилийн тэртээд энд Транссибирийн шугамын сүүлчийн өртөө бий болсон. Харин 25 жилийн өмнө уг хот цэргийн хаалттай боомт байв. Ердөө таван жилийн өмнө Владивосток хот мафийнхны гарт байсан. Харин өнөөдөр Алс Дорнодын нийслэл болсон энэхүү хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АНДЭЗХА) дээд хэмжээний чуулга уулзалт явагдлаа. Тивийн хамгийн захад орших Владивосток хот энэ хүртэл маш урт түүхийг туулж иржээ…

Хэдхэн жилийн дараа Владивостокт ирэхэд энэ хот бүхэлдээ өөрчлөгдсөн нь илт байлаа. Өмнө нь хотын төв рүү хүрэх ганц шороон зам байдаг байсан бол өдгөө цоо шинэ хар замтай болсон байна. Саяхан л энэ хот ус, цахилгаанд хязгаарлалт тавидгаараа ОХУ-даа алдартайд тооцогддог байсан бол өдгөө маш том санаа өвөрлөн хөгжих болжээ. Хоёр том гүүр барьж, шуурхай галт тэрэгтэй болж, Холбоот улсын их сургууль, ус цэвэршүүлэх станц, хог хаягдлыг боловсруулах үйлдвэр зэрэг бүтээн байгуулалттай болсныг нь харвал том санал, санаачилга хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа нь батлагдана… Хотын захиргаа нь 10 тэрбум долларын төсөвтэй болж, үүний ихэнх хувийг нь Путиний засаг захиргаа санхүүжилт хэлбэрээр оруулж байгаа аж. Тэгвэл ингэтэл анхаарал тавих болсны учир юу вэ. Мэдээж хэрэг, АНДЭЗХА-ны дээд хэмжээний чуулга уулзалтыг хүлээн авч буйтай холбоотой. Өөрөөр хэлбэл, ОХУ Хятад, Япон, Америк гэсэн хөршүүдээ хуурах гэсэн оролдлого. Тэр бүү хэл, зургаадугаар сарын сүүлчээр тус мужийн захирагч Владимир Миклушевский гадаадын зочдод сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд байнга инээмсэглэж явахыг (!) иргэдээсээ хүссэн байдаг.

Владивосток бол тэнгисийн эрэгт орших сувиллын газар, энд амьдрал хөнгөн бөгөөд зугаатай өнгөрдөг мэт… Гэвч ил захидлаас л ингэж харагдана. Бодит байдал дээрээ инээд хүргэм байх юм. Толгодын цаана холимог барилгууд яраастай. Зөвлөлт улсын үед баригдсан аварга барилгуудтай зэрэгцэн орчин үеийн шилэн барилгууд баригдсаны улмаас эртний эзэнт гүрний үеийн байшин барилгууд сүр жавхаагүй харагдана.

1990-ээд онд цэцэглэсэн машины хууль бус наймаа

ЗХУ-ын үед цэргийн хаалттай бүст тооцогддог байсан энэхүү хотод 1990-ээд оноос хойш анархи дэглэм ноёрхжээ. Холбоот улс задарснаар Москвагаас 9000 км-ийн тэртээд орших Владивосток хот хаягдаж, ямар нэгэн байдлаар амиа бодохоос аргагүйд хүрсэн юм. Хотыг тэжээж байсан зэвсгийн үйлдвэрлэл нь дампуурсан тул иргэд ажилгүй хоцров. Чингэтэл хувиараа бизнес эрхлэгчид бий болж Хятадаас хувцас, бараа таваар зөөдөг боллоо. Хятадын мөнгөтэй эрхмүүдийг татах зорилгоор казино ч байгуулж амжив. Удалгүй энэ хот загас агнуур, мод, Япон машины хууль бус наймаа явагддаг төв болж хувирчээ. Японоос оруулж ирсэн “Honda”, “Toyota”, “Nissan” машинуудыг ямар ч татваргүйгээр борлуулдаг байлаа.

Хууль бус наймааны ачаар янз бүрийн компаниуд ч бий болж эхлэв. “Шинтоп” (машины төрөл бүрийн камерийн худалдаа, үйлдвэрлэл) компанийн Ерөнхий захирал Дмитрий Царёв тэр үед амжилт олсон нэгэн. Далайчны хүү, 39 настай энэ залуу өөрийн хүчээрээ амжилтад хүрсэн гэж ярих дуртай. Өдгөө түүнд санаа зовох зүйл байхгүй тул жийнсэн өмд, богино ханцуйтай цамц өмсөн өөртөө итгэлтэй амьдарч явна. Түүний ажлын байр нь “Ногоон булан” хэмээх автомашины захын ойролцоо байрладаг аж. “Бид 1990-ээд оны үед үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Тухайн үед хөлөг онгоцоор Японд очин хуучин камерууд худалдан авдаг байлаа. Тэгээд энд оруулж ирэн Орос улс даяарх агуулахуудад дамладаг байсан. Камер их эрэлттэй байсан л даа. Яагаад гэвэл, ЗХУ-ын үед таксигаас өөр хувьдаа унаатай хүн бараг байсангүй. Холбоот улс задарсны дараа бид замтай ч боллоо. Тэр хэрээр хүмүүс хувьдаа машинтай болж эхэлсэн. Ийм л амархан наймаа байв. Тухайн үед мөнгө олох амархан байсан хэдий ч энэ бизнес маань их замбараагүй, гэмт хэрэгтэй холбоотой явагддаг байлаа” хэмээн Дмитрий ярив. 1990-ээд онд олон гэр бүл сардаа хэд хэдэн машин худалдан аваад дамлаж зардаг байжээ. 30 орчим настай Алексей Горбунов тэр үед сэлбэгийн худалдаа эрхэлж байжээ. “Би энэ бизнесийг найман жил эрхэлсэн. Өмнө нь сардаа хоёр, гурван удаа Япон руу явж хуучин камеруудыг худалдаж авдаг байлаа. Гаалийнхан биднийг яадаг ч үгүй байсан. Оруулж ирсэн камеруудаа хар зах дээр худалддаг байв. Нэг явалтаараа би 8000 орчим доллар олдог байсан шүү” гэж ярьж байна.

2000 оны эх буюу ашгийн алдагдал

Тэгтэл 2008 онд Оросын төр засаг энэхүү наймааг журамлан татвар тогтоох шийдвэрийг гаргажээ. Ингэснээр машин ашиг багатай наймаа болж хувирав. Олон хүн гар хоосон хоцорсон гэж хэлж болно. Тийм учраас мянга мянган иргэн гудамжинд жагссан байдаг юм. Тухайн үед ОХУ-д жагсаал хийх үзэгдэл ховор байсан цаг. Уг жагсаал гэнэт л өрнөсөн. Үүнд зохион байгуулагч гэж байсангүй, янз бүрийн уриа лоозон ч барьсангүй. Ерөөс талхны мөнгөө алдсан иргэд л жагссан нь тэр. Хэдэн жилийн дараа Алексей болон бусад нөхөр энэхүү шинэ нөхцөлдөө дасан зохицож чаджээ. Улмаар Алексей үл хөдлөх хөрөнгийн компани байгуулсан байна. “Тэр үед ийм байдлаар удаан явж чадахгүй гэдэг нь ойлгомжтой байсан” гэж ярилаа. Харин Дмитрий машины бизнестээ үлдэж чадсан төдийгүй энэхүү бизнесээ хууль ёсны журмаар нь явуулдаг болжээ. Өдгөө түүний компани 43 салбар дэлгүүртэй, 640 ажилтантай болж бүхэл бүтэн сүлжээг бий болгосон байна. Түүний орлого жил бүр 50 хувиар өсдөг ажээ.

Зарим нэг нь компани байгуулж бизнесээ хөгжүүлсэн бол бас нэг хэсэг нь улс төрд хөл тавихаар шийдсэн байдаг. Владивостокийн хуучин дарга (2004-2008) Владимир Николаев өмнө нь хууль бус наймааны загалмайлсан эцгүүдийн нэгт тооцогдож “Винни-Пух” гэсэн хочтой байжээ. Түүнийг улсын хөрөнгө завшсанд буруутгасан учир ОХУ-аас зугтан гарахаас аргагүйд хүрч өдгөө Тайландын Паттайа хэмээх сувиллын хотод аж төрөн суугаа. Нэгэн цагт дээрэмчдийн нутаг гэгдэж байсан Владивосток хотод хуулиас гадуурх ёс ноёрхож мафи цэцэглэж байсан цаг саяхан… Москвагаас ирсэн эдийн засгийн газарзүйн мэргэжилтэн Степан Земцов тэр цаг үеийг дурсан ярихдаа “ЗХУ задран унасны дараа Япон, Хятад, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид Владивостокт өөрийн салбаруудаа нээх хүсэлтэй байсан. Гэвч тэднийг ирэх бүрт нь нутгийн дээрэмчид заавал “зочилдог” байв. Хөрөнгө оруулагчдыг хэн ч хамгаалж чаддаггүй байсан. Тиймээс энэ байдлаас залхаад бүгд явцгаасан” гэв. Харамсалтай л юм.

Япон тэнгисийн эрэг дээр орших энэ хот Номхон далайн бүс нутагт онцгой ач холбогдолтой. Мөс хагалагчдын ачаар Владивостокийн боомтод жилийн дөрвөн улирлын турш ачааны хөлөг онгоцууд явах боломжтой. Алс Дорнодын бүс нутгийн баяныг яана. Зах хязгааргүй ой нь модоор баялаг, Сахалин нь газрын тос, байгалийн хийгээр баянаас гадна энэ бүс нутаг үнэт чулуунуудаараа алдартай билээ. Өнөөдөр уг бүс нутгийн байгалийн баялгийг боловсруулах зорилгоор дэд бүтэц байгуулах төслүүд яригдаж байна. Мафийн шинжтэй системийг бараа таваар, үйлчилгээний салбаруудыг эрчимжүүлж чадах нэр төртэй эдийн засагт хувиргах төлөвлөгөөг боловсруулж байгаа ажээ. Дмитрий Царёв АНДЭЗХА-ны дээд хэмжээний чуулга уулзалт явагдаж буйг талархан хүлээн авч “Бид гадаадын хөрөнгө оруулагчдыг татах санаатай байгаа. Тийм учраас 10-15 жилийн дараа үр дүн нь харагдах байх” гэж хэлэв.

Владивостокт гэмт хэрэг ч бас буурчээ. Шөнө оройн цагаар гадаа гарахаасаа ч айдаг байсан үзэгдэл өдгөө ард хоцорсон байна. Далайчдаараа болон утаан хөшиг татуулсан цэнгээний газруудаараа алдаршиж байсан энэ хотод өнөөдөр япон, итали үндэстнүүдийн хоолыг зооглож, орой нь тоймгүй олон баар, цэнгээний газарт алжаалаа тайлах боломжтой болжээ. Гэхдээ орчин үеийн энэ ганган төрх нь бүхнийг нууж чадахгүй байна. Тухайлбал, авлигын асуудлыг. Төр засагт туйлын шүүмжлэлтэй ханддаг “Новая Газета” хэмээх сөрөг хүчний төв хэвлэлд ажилладаг Василий Авчёнок Владивостокийн талаар хэд хэдэн ном зохиосон нэгэн. “Өнгөрөгч гуравдугаар сард Дмитрий Медведев хотын даргыг сольсон. Тэр цагаас хойш бид өнөөх улигт “Шинэ удирдлага бүхнийг өөрчилнө” гэсэн үгсийг л сонсох боллоо. Тэр нь гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдгийг хэлээд байгаа юм. Гэтэл бодит байдал дээр өөрчлөгдсөн зүйл алга. Бид ОХУ-ын хамгийн их авлигатай бүс нутагт аж төрж байна. Иргэд бизнес эрхлэе гэхээр “арын хаалга”-гүй бол юу ч хийж чадахгүй. Хууль бус ан, загас агнуур, модны наймаа эрхлэгчдэд хүртэл “арын хаалга” үйлчилдэг… Тиймээс ганц хүн бүхэл бүтэн системийг өөрчилнө гэж байхгүй ээ” хэмээв.

АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалтыг угтан өрнөсөн бүтээн байгуулалтын ажлуудын эргэн тойронд янз бүрийн цуу яриа явах юм. Эдгээр ажлыг ямар гэрээ хэлэлцээрийг үндэслэн явуулж буйг иргэд маш их сонирхох болжээ. Тухайлбал, их сургууль барих ажил Арас Агаларов хэмээх тэрбумтанд ногдсон гэх. Энэ хүн бол Путины нэгдүгээр орлогч сайд Игорь Шуваловын хүрээлэлд багтдаг нэгэн. Бас нэг хэргийн талаар өмгөөлөгч, авлигатай тэмцэгч Алексей Навальнов rospil.info сайтдаа бичжээ. Их сургуулийг компьютержуулах тендерт өмнө нь тус сургуулийн ректороор ажиллаж байгаад энэ оны гуравдугаар сард хотын даргаар томилогдсон Владимир Миклушевскийн дотны анд ялсан гэх… “Улс төрийн хувьд энэ хотод юу ч өөрчлөгдөөгүй. Владивосток болон 2014 оны Өвлийн Олимпийг хүлээн авах Сочи зэрэг хотод холбооны төсвөөс мөнгө урсах болсон. Тэр утгаараа Москва хяналтаа чангатгасан” хэмээн Василий Авчёнок ярилаа. Тэгвэл уг асуудал нь олон иргэнд эмээх сэтгэлийг төрүүлж байгаа ажээ. Хүний эрхийг хамгаалагч Александр Самсонов ярихдаа “Сүүлийн сонгуулийн үеэр “Нэгдсэн Орос” нам Владивостокт харьцангуй бага санал авсан юм. Тэр утгаараа, АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалтын дараа аж байдал яаж эргэх бол гэдэг асуулт олон иргэний санааг зовоох боллоо” гэлээ.

Ийн санаа зовох шалтгаан ч цөөнгүй байгаагаас гадна эрх баригчдын өгсөн амлалт иргэдэд итгэл төрүүлэхгүй байгаа аж. “Дундад Азиас цагаачилж ирсэн ажилтнуудыг ямар хувь тавилан угтах вэ? Сарын 500 еврогийн цалинтай багш нар хувьдаа унаа ч худалдаж авч чадахгүй байхад яаж хаа байсан Орос арал дээрх ажилдаа очиж байх болж байна вэ? Тэгээд ч салхины аман дээр баригдсан энэ сургуульд өвлийг яаж өнгөрөөх вэ?” гэх зэрэг асуулт ундран гарч байна. Ийм энгийн бөгөөд өдөр тутмын асуудлууд л нутгийн оршин суугчдын санааг зовоож байгаа аж. Тэдэнд эрх баригчдын агуу том төлөвлөгөөнүүд сонин биш байна. Иргэдийн зовнилыг ойлгохын тулд аль нэг толгойн орой дээр гараад хотын захад орших орон сууцны хорооллыг харахад л хангалттай. Тэнд амьдрал шал өөр харагдана. Өнгө үзэмжээ алдсан байрууд, овоолгоостой хог хаягдал, огт ажилладаггүй цахилгаан шатууд, хийх юмаа олж ядан сэлгүүцэх ажилгүйчүүд тэнд л байна…

Залуус хотыг орхин явсаар байна

Владивостокийн уугуул оршин суугч Алексей Коропский мужийн хамгийн алдартай “ОТВ” телевизэд ажилладаг ажээ. Программын албаны захирал, 30 настай энэ залуу “Албан ёсны байр суурийг дамжуулах нь бидний гол зорилго. Тэр утгаараа, мэдээж хэрэг бид төр засаг, хотын даргаа шүүмжилдэггүй. Бидний зорилго ч улс төр биш” гэж ярьсан нь олон зүйлийг тайлж өгөв. Тэглээ гээд улс төрийн талаар ярихад нь түүнд тээг болох зүйл байхгүй аж. “Тийм ээ, үнэнийг хэлэхэд бидэнд мэдэх зүйлс хомс байна. Яахав, хотын дарга Орос арал руу нийтийн тээвэр явуулна гэж амалж байсан. Гэхдээ бид олж харахгүй л байна… Гэлээ гэхдээ би бүхнийг өөдрөг сэтгэлээр хүлээн авахыг хүсч байна. Владивосток хот 10 жилийн дотор шал өөр, нэлээд орчин үеийн хот болж өөрчлөгдлөө. Иргэдийн цалин ч өссөн. Гэхдээ татварын хэмжээг өндөр болгосон нь олон айл өрхийн амьжиргаанд нөлөөлж байгаа нь үнэн” гэж ярилаа. Нээрээ л АНДЭЗХА-ны дээд хэмжээний чуулга уулзалтын нууцгай нэг зорилго нь хүмүүсээ тогтоож чадахгүй байгаа бүс нутгийг хөгжүүлэхэд оршиж байгаа юм билээ. “Миний найзуудаас олонх нь Москва, Канад, Шинэ Зеланд, Тайландыг зорьсон… Үүнд улс төр, тогтворгүй байдал, өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдэд ажлын байр дутагдалтай байгаа зэрэг хүчин зүйл нөлөөлсөн. Тиймээс хойч үеийн маань ирээдүй бидний санааг зовоож байна” хэмээн Алексей хэлэв. Тоон үзүүлэлтүүд ч үүнийг илтгэнэ. 1992 онд тус хот 648 000 оршин суугчтай байсан бол 2010 онд 578 000 болж буурчээ. Владивостокт шинэ дэд бүтцийг бий болгож байж л хүн амын амьдрал сайжирна, гадагшаа гарах хүний урсгалыг тогтоон барьж чадна.

Гэсэн хэдий ч Кремль стратегийн ач холбогдолтой энэхүү бүс нутгийг 9000 км-ийн цаана оршиж буйг ч үл харгалзан хяналтаа тогтоохыг оролдож байна. Уг зорилгоор энэ оны нэгдүгээр сард Сибирь, Алс Дорнодыг хөгжүүлэх төрийн өмчит компанийг байгуулсан юм. Энэхүү компани бүс нутгийн байгалийн баялгийг боловсруулах хөрөнгө оруулагчдын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой. Үүнээс гадна энэ оны тавдугаар сард Алс Дорнодыг хөгжүүлэх яам хэмээх тусгай байгууллагыг бий болгосон. Тун удахгүй уг бүс нутагт хоолой тавьж Ази рүү газрын тос, байгалийн хийг дамжуулах болно. Удтал нойрсож байсан Алс Дорнод Москвагийн өглөгөөр сэрж байх шиг. Гэхдээ оросууд маргааш яах бол гэдгийг урьдчилж хэлэх арга алга даа…

 

 

 

http://inosmi.ru/russia/20120916/199131465.html